Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлжээ

Шүүх
байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт
гаргажээ. Шүүх байгуулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн
хэргийн давж заалдах шатны шүүхийг, хоёрдугаар зүйлээр дүүргийн иргэний болон
эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон
“дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг
шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлсэн байна.
Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын
зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж,
иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах
Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин
наймдугаар зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн
цэц үзжээ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль
зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01
дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн
цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд дурдсан байна. Тиймээс Үндсэн
хуулийн цэц дээрх дүгнэлтээрээ Шүүх байгуулах тухай хуулийн нэгдүгээр зүйлийн
Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт,
Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2
дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1,
2, 4 дэх заалт, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн
1, 2, 4 дэх заалтыг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн
түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Зорчигч тээврийн онгоц бүтээжээ

Япон улс хагас зуун жилийн дараа зорчигч тээврийн онгоц зохион бүтээсэн тухай “NHK” агентлаг мэдээллээ. “Mitsubishi Regional Jet” компанийн “MRJ” онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 9.00 цагт Айчи мужийн нисэх буудлаас амжилттай хөөрчээ.

Онгоц хуваарийн дагуу Номхон далайн дээгүүр нисч, эргэн Айчи мужид газардсан байна. Туршилтын нислэг 90 минут үргэлжилсэн аж.

“MRJ” онгоцыг эзэмшигч компани “Бид нислэгийн дүн шинжилгээг хийж байна. Тун удахгүй албан ёсны мэдээлэл өгөх болно” гэж мэдэгджээ. Онгоцыг бүтээхэд 150 инженер ажилласан байна.

2008 оноос тус улс түлшинд хэмнэлттэй онгоц үйлдвэрлэж эхэлсэн юм. Япон инженерүүд 50 жилийн өмнө арилжааны “YS-11” онгоцыг амжилттай бүтээж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн энэ оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 7.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -2.0 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.5 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.03 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 1.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар, оны эхэн үеэс -12.7, өнгөрсөн оны мөн үеэс -14.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

7.1%

18.7%

1.4%

Өмнөх сартай харьцуулахад

-2.0%

-0.03%

-2.2%

Оны эхэнтэй харьцуулахад

-10.0%

-6.3%

-12.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.5%

-6.6%

-14.1%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5124 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Угандад Монгол офицер амиа алдсан байна

Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдсон ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтсан гэнэ. Тэрээр унтаад сэрээгүй бөгөөд аль хэдийнэ нас барсан байжээ. Одоогоор түүнийг зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Дэд хурандаа Б.Сайнболор нь Уганда руу явахын өмнө эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт зайлшгүй хамрагдсан байна. Тиймээс гадны нөлөө байсан эсэхийг холбогдох хүмүүс судалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Барилгын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Өнөөдөр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих ажлын хүрээнд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд, салбарын ахмад ажилтнуудын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 2012 оноос хойш дөрвөн удаа шинэчлэн байгуулагдаж байна. Барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус 14 байгууллага, НЗДЕГ, салбарын эрдэмтэн, судлаачдаас 168 санал ирсний 122 санал буюу 73,5 хувийг хуулийн төсөлд тусгажээ.

Хууль батлагдсанаар:

– Барилгын салбарт, оролцогчдын үүрэг, хариуцлагын тогтолцоо тодорхой болгох,

– Барилгын салбарын стандарт норматив баримт бичгийг дэвшилтэт теник, технологийн шинэчлэлтэй нийцүүлэх,

– Барилга байгууламжийн төлөвлөлтийг газрын харилцааны асуудалтай нягт уялдуулан зохион байгуулах,

– Бизнес эрхлэх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх,

– Төрийн зарим чиг үүргийг ТББ гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, “Барилгын тухай хууль анх 1998 онд батлагдсан. Цаг үеэ даган хуулиа шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Одоогийн хууль 7 бүлэг 26 зүйлтэй, үүнийг 9 бүлэг 53 зүйлтэй болгон өөрчилсөн. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч, хэрэглэгч, иргэний эрх үүргийг тодорхой болгон бүхий л асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Түүнчлэн барилгын үйл ажиллагаа эхлэхээс дуусгах хүртэлх харилцааг зохицуулсан. Барилгын тусгай зөвшөөрөл авах шат дамжлагыг багасгасан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгээс мэдээлэл хийнэ

Өнөөдөр УИХ-ын
чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны
төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн
төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн билээ. Хуралдааны үеэр УИХ
дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг
хийж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгээр
тав хоногийн завсарлага авна” гэх санал гаргаж, улмаар нэг цагийн
завсарлага авсан юм. Сая МАН-ын бүлгийнхэн даргынхаа өрөөнд хуралдаж одоо 14.30
цагаас мэдээлэл хийхээр болсон байна. Тус намын бүлгийн мэдээллийн дараагаар
чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний тарвага авч явсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас өчигдөр их хэмжээний тарвага авсныг илрүүлжээ. Тодруулбал, хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг авч явсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар шуурхай ажиллаж илрүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шатахууны үнийг ижил түвшинд барихыг үүрэгдэв

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.

Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд “11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.

Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.

Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гоёл-2016” наадам энэ сарын 30-нд шилдгээ тодруулна

Энэ сарын 26-30-ны өдрүүдэд “Гоёл-2016” наадам болох гэж байна. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын “Загварын долоо хоног” “Blue Sky”-д болох юм. Харин энэ сарын 30-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд наадмын шилдгүүдээ тодруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчдийн цалинг бууруулахгүй байхыг гишүүд дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ үеэр Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Үүнд, бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжлээ. МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг мөн дэмжив. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт дэмжигдлээ. Түүнчлэн МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж чадахгүй байна хэмээн бухимдаж ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дарга цагийн завсарлага өгсөн юм.