Categories
мэдээ улс-төр

Чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган 9.40 цагт эхэлж 10.40
цагт УИХ дахь МАН-ын бүлэг тав хоног завсарлага авах санал гаргасан. Энэ
үед УИХ-ын дарга Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно гэж үзээд
нэг цагийн завсарлага өгсөн. Завсарлага авсан нэг цагийн хугацаандаа
МАН-ын бүлэг хуралдаж, төсвийн хэлэлцүүлэгт оролцохоор болсон тухайгаа
хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Ийнхүү УИХ-ын үдээс хойших чуулган эхэлж санал
хураах ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ромео Жульетта” жүжгийн дууг Ц.Сарнай, Б.Замбалгарав нар дуулжээ

Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” шинэлэг өнгө төрхтэйгээр хоёр хоногийн дараа тайзнаа амилах гэж байгаа билээ.

Тэгвэл тус жүжгийн дууг Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, “Бид4” хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгарав нар хамтран дуулжээ.

Хөгжмийг СТА Б.Чинбат, Шүлгийг Р.Эмүжин бичсэн бол Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулжээ. 19 жилийн дараа УДЭТ-ын тайзнаа амилж буй “Ромео Жульетта” жүжгийн дуугаар сонсогч таны сонорыг мялааж байна.

Categories
мэдээ спорт

Жудогоос зодог тайлсан Х.Цагаанбаатар самбо бөхийн ДАШТ-д барилдах нь

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа жудо бөхийн спортын тамирчны замналаа орхисноо мэдэгдсэн билээ. Тэрбээр зодог тайлж, дасгалжуулагч болохоор Үндэсний шигшээ багт ажиллаж эхэлсэн. Тэгвэл Хөдөлмөрийн баатар маань хэдийгээр жудогоо орхисон ч самбо бөхөд хүч үзэхээр болжээ. Марокко улсын Касабланка хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо морджээ. Улсаа төлөөлөн ДАШТ-д хүч үзэх багийн бүрэлдэхүүний 74 кг-ын жинд Х.Цагаанбаатар Женко клубээ төлөөлөн барилдахаар мордсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн миссийн интернэт санал асуулга энэ сарын 20-нд дуусна

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп хэмээгддэг “Дэлхийн мисс 2015” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх “Miss World Mongolia 2015” үндэсний ялагчыг тодруулах тэмцээний ялагчаар Мисс Н.Ану тодорсон. Тэгвэл дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх их аянд тэрбээр хэдийнээ гарсан билээ.

Дэлхийн миссийн тэмцээнд сошиал орчин маш чухал байдаг. Энэ тухай мисс бүсгүй маань: “Энэ жил шинээр нэмэгдэж буй шалгаруулалтын талаар тайлбар өгье! Та бүхэн энэхүү https://www.facebook.com/Miss-World-Mongolia-38376… фэйсбүүк хуудсыг хуудсыг маш идэвхитэй дэмжин өөрт таалагдсан видео, зураг, постуудыг лайк, шайр хийж, коммэнт үлдээхэд л хангалттай. Миний зүгээс аль болох сонирхолтой олон пост, зураг, видео хийж монгол ард түмнээ байлдан дагуулах гээд 2 талаас хийгдэж буй нөлөөллийг харж дүгнэх юм. Олон нийтийн сүлжээ энэ жилээс үнэлгээнд нөлөөлдөг болсон нь миний хувьд боломж гэж олж харсан. Учир нь монголчууд олон нийтийн сүлжээнд маш идэвхитэй, бусад улс оронтой харьцуулахад хэрэглэгчдийн тоогоор их байдгийг бид мэдэх билээ! Бид хүчтэй гэдгээ энэ мөчид л харуулж чадна ” хэмээжээ.

Иймд дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа бахархалтайгаар дуурсгахыг эрхэм зорилгоо болгон яваа мэдлэг ухаант, үзэсгэлэн төгөлдөр бүсгүйгээ идэвхитэй дэмжицгээе. Энэ дашрамд дуулгахад олон нийтийн санал хураалт энэ сарын 20-нд дуусах тул та амжиж дээрхи фесбүүк хуудсаар зочлоорой.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлнэ

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. Энэ жил 2015 оны 11 дүгээр сарын 15-нд тохиож байна.

Тус арга хэмжээг Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд үйл ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11.00 цагт “Чингисийн талбай” дээр зохион байгуулагдана.

Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын нурмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Цогтгэрэл Хөгжлийн банкийг АТГ-д өгчээ

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Хөгжлийн банкийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан талаараа мэдээлэл хийв. Хөгжлийн банкны Н.Мөнхбат захиралтай холбоотой олон ноцтой баримт дурдав. Тус банкны захирал ОХУ-д аялахдаа Санкт-Петербург хотод нэг хоногт 3.900.000 төгрөг зарцуулсан, онгоцны тийзэнд 8.900.000 төгрөг, Хөгжлийн банкны ажилтнууд өөрсдөө тэрбум төгрөгийн зээл авсан, 90 саяар шинэ жил тэмдэглэж, 14 саяар гадаад явсан зэрэг олон баримтыг үндэслэсэн байна. Мөн “Худалдаа Хөгжлийн Банк”-ны шинэ барилгын 11, 12 давхарт нийт 3400 м2 талбай, 10 зогсоолын хамт 27.500.000.000 төгрөгөөр хэт өндөр үнээр худалдан авсан, Цагаан сарын золголтод хамгийн сайхан үндэсний хувцас өмссөн захирлыг 3.500.000 төгрөгөөр шагнасан зэрэг үйлдлүүд нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн тус банкны доорхи гүйлгээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа аж..

Хөгжлийн банкны Шилэн данс дахь мэдээлэл:

– 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6.000.000 төгрөг.

– 2015-02-06-ны өдрийн “Euromoney Institutional Investor Limited”-д 50.956.102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр

– 2015-03-23-ны өдрийн “Pricewaterhouse advisory LLC”-д 55.711.880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.

– 2015-02-26-ны өдрийн “Интернэшнл инвестмент” банкинд 1.140.199.677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

– 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас “Эрдэнэс Оюутолгой” 192.591.000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ

– 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр

– 2015-04-03-ны өдрийн “Эрдэнэс Оюу толгой” ХХК 680.496.386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр

– 2015-06-08-ны өдрийн “International investment bank”-д 1.134.371.250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

– 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144.786.809.891 төгрөгийн Векселийн төлбөр

– 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1.944.353.401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги

– 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6.193.938.488 төгрөгийн Векселийн төлбөр

– 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55.000.000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээ

– 2015-08-05 Standart and Poor’s Limited – 168.938.813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал

– 2015-09-01-ний өдрийн “Маyer Brown”-д 123.594.797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр

– 2015-09-01 өдрийн “Эрдэнэс Оюутолгой” ХХК 622.888.979 төгрөгийн Зээл олголт

– 2015-09-22-ны өдрийн “Гранд мед” ХХК-д 22.124.500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-ийн урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд тавигдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаантай

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдөрт зориулж улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан болно.

Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах аж.

Бөхийн барилдаан маргааш өдрийн 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд орно

УИХ дахь
МАН-ын бүлэг чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр завсарлага аваад байсан.
Завсарлага авсныхаа дараа бүлгийн даргынхаа өрөөнд хуралдсан юм. МАН-ын бүлгийн
дарга С.Бямбацогт, МАН-ын дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
нар сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн
дарга Бямбацогт хэлэхдээ “Улс орны төсөв батална гэдэг нь УИХ-ын бүрэн эрх
байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого
зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс
эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал
өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын
даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн
хоёр дахь хэлэлцүүлэгт оролцъё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж
тогтсон” хэмээлээ. Мөн байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн
гишүүдийг үг хэлүүлэхгүй байна. Үг хэлэх гишүүдийн нэрс дунд манай бүлгийн
гишүүдийн нэр байхад ийм байдлаар үг хэлүүлэхгүй байвал УИХ-ын даргыг огцруулах
хүртэл шийдэлд хүрнэ гэв. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагаас
үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Баясгалан дахин сонгогдов

Швейцарь улсын Лозанна хотноо Олон улсын оюутны спортын холбооны (FISU) ээлжит Ерөнхий ассамблейн 34 дүгээр их хурал энэ сарын 7-9-ний өдрүүдэд болжээ. Хурлын үеэр тус холбоог 2015-2019 онд удирдах Гүйцэтгэх хороог байгуулах сонгууль явагдсан байна.

ОУОСХ-ны ерөнхийлөгчөөр Оросын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Олег Васильевич Матыцин олонхийн санал авч сонгогджээ. Түүнчлэн Гүйцэтгэх хорооны 23 гишүүнийг тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий санхүүч,гишүүдийн ахлагч болон 15 гишүүнийг тус бүрт нь санал хурааж сонгосон байна.

ОУОСХ-ны Ерөнхий санхүүчээр Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхийлөгч Данзандоржийн Баясгалан улиран сонгогджээ. Тэрбээр урьд нь 2003 онд Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007, 2011 оны Ерөнхий ассамблейн хурлаар ерөнхий санхүүчээр сонгогдож байжээ.

Түүнийг ОУОСХ-ны санхүүгийн үйл ажиллагааг амжилттай удирдан явуулж байгааг олон орны төлөөлөгчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч, дэмжин сонгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол ажил хаяна гэв

ҮЭ-ийн салбарын
ҮЭ-ийн холбоодын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Авто замчдын, Барилгачдын,
Эрүүл мэндийн ажилтны зэрэг 11 салбар холбоодын дарга нар оролцов. Тэд хөдөлмөр,
нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх
асуудлыг ирэх оны улсын төсөвт зайлшгүй тусгахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Улмаар
Засгийн газар шаардлагыг хүлээж авахгүй, ирэх оны улсын төсөвт цалин нэмэгдүүлэх
асуудлыг тусгахгүй бол бүх нийтийн ажил хаялтад хүрэх болно гэдгээ холбоодын удирдлагууд
хэлэв. Тэд ирэх оны улсын төсөвт тусгагдаад байгаа хойшлуулж болох хөрөнгө оруулалт,
урсгал зардлуудыг хасах замаар 160 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж үзэж
байгаа гэнэ. Тухайлбал, төрийн далбааны өндөрлөг байгуулах, угтах хаалганы засвар,
сонгуулийн санал тоолох машины зардал зэрэг ирэх ондоо тэвчиж болох арга хэмжээнээс
40 орчим тэрбум төгрөг, төрийн захиргааны барилга байгууламжийн засварын ажлыг хойшлуулснаар
20 тэрбум төгрөг хэмнэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.