Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр худалдааны төв, банкууд ажиллана

Их эзэн Чингэс хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг болох уламжлал тогтсон. Үүний дагуу жил бүрийн эл өдөр бүх амардаг болоод гуравдахь жилдээ золгож байна.

Өнөөдөр ихэнх худалдааны төв үйлчилгээний газрууд амардаг боловч дараахь зарим худалдааны төвүүд ажиллаж байгаа аж.

Тухайлбал, худалдааны төвүүдээс хуучин “Бөмбөгөр”, “Барс” худалдааны төв, “Меркури” худалдааны төв, “Sunday” плаза ажиллаж байна. Харин банк санхүүгийн байгууллагаас Голомт банкны Цамбагарав дахь “Соёмбо” кино театрын салбар, ХУД-ийн 120 мянгатад байрлах салбар, “Ард” кино театрын салбар, Сансар дахь салбарууд ажиллаж байна. Хаан банкны бүх салбар өнөөдөр амарч байгаа бол Төрийн банкны дараахь салбарууд өнөөдөр мөн хувиарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Архины хэрэглээ тогтмол өссөөр байна

“Архигүй Монгол” үндэсний чуулган өчигдөр болсон. Тус чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтнууд, аймгийн засаг дарга нар нийлсэн 100 гаруй хүн оролцов.ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд чуулганыг нээж хэлсэн үгэндээ архины хэрэглээ байнга өсч, хүн амын дунд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн түвшин буурахгүй байгааг онцолсон юм.

Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж буй аж.

Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10 000 хүн амд 2.09 хувь байсан бол 2013 онд 12.21 хувь болж 5.8 дахин өсчээ. Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 хувь байсан бол 2013 онд 37.4 хувь болж 2.9 дахин нэмэгджээ. Архины үүдэлтэй хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Арваннэгдүгээр сард Дэлхийн тархины харвалттай тэмцэх өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн эмч нар ард иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аян эхлүүлжээ. Аяны хүрээнд долоо хоногийн баасан гариг бүр 8.30-17.30 хүртэл мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч байгаа аж. Мөн бүх төрлийн мэдрэлийн зовиур шаналгаатай иргэдэд ч зөвлөгөө өгч буй юм байна. Иргэн та “Сонгдо” эмнэлэгт хандаж, нэрээ бүртгүүлээд үзүүлэх боломжтой бөгөөд тус аян арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Жилд дунджаар хоёр сая хүүхэд уушгины хатгалгаагаар нас бардаг

НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ныг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ өдрийн гол зорилго нь уушгины хатгалгаа болон сэргийлэх боломжтой хүүхдийн бусад өвчинг бууруулахад чиглэдэг байна. Энэ жил уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Шаргуу урагшилж-хатгалгаатай тэмцье” уриан дор тэмдэглэж байна. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө эрс хүйтэн утуу униар ихтэй байдаг нь уушигны хатгалгаа ихтэй орны тоонд багтахад нөлөөлдөг аж.

Дэлхийд 15 секунд тутам нэг хүүхэд, өдөрт 5500 хүүхэд, жилд дунджаар хоёр сая хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барж байна гэсэн тооцоо байдаг аж.

Хүүхдээ уушигны хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараахь зөвлөмжийг дагаарай:

1.Зургаан сар хүртэлх насны хүүхдийг хөхөөр хооллох
2.Дархлаажуулалтад цаг тухайд нь бүрэн хамруулах
3.Аминдэм илчлэг сайн хоолоор насанд нь тохирсон зөвлөмжийн дагуу хооллох
4.Цэвэр агаарт тогтмол гаргах
5.Цаг агаарын байдалд тохируулж хувцаслах
6.Эрүүл ахуйн дэглэм баримтлах
7. Гараа сайн угаах
8. Орчноо цэвэр байлгах
9. Тамхигүй орчинд хүүхдийг өсгөх

Уушигны хатгалгаа хүрсэн тохиолдолд ийм шинж тэмдэг илэрнэ:
1.Халууралт таван хоног үргэлжлэх
2.Амьсгал саадтай болох
3.Бие нь муудах

4. Цээж хэржигнэх
4.Хоол хөхөндөө дургүй болох

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр баруун бүсийн нутгаар цас орно

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, Өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-1 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Зөвшилцөл амжилттай болбол Сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө батлах боломжтой

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны
дарга Су.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн
барьсан. Уг хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн наймдугаар сард
МАН-ын дарга М.Энхболд санаачлан Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай
зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. Бүх намын төлөөлөлтэй зөвлөлдсөн тав дахь
уулзалт байлаа. Уг уулзалтаар Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар
ярилцсан. Парламентад суудалтай болон суудалгүй намууд Сонгуулийн тухай хуулийн
шинэчлэлийн хүрээнд ямар асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой вэ гэдгийг
хэлэлцсэн юм. Улмаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулан тэндээс гарсан
тодорхой саналуудыг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн МАН-ын
болон ИЗНН, “Шударга ёс” эвслийн нэр бүхий гишүүд хуулийн төслийг өргөн
барилаа. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан
Сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт хоёр
жил шахуу ажиллахдаа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой
олон асуудлыг хуульд тусгасан. Гэхдээ зарчмын хэдэн асуудлаар би санал
нийлээгүй. Санал нийлээгүй асуудлууд дээр хууль санаачилж өргөн барих маягаар
явна гэдгээ ажлын хэсэгт мэдэгдэж байсан.

-Таны өргөн барьж буй хуулийн
төсөлд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Үндсэндээ найман асуудлыг
өргөн барьсан. Нэгдүгээрт, сонгуулийн автоматжуулсан системийг халж гараар
тоолъё гэж байгаа. Хэсэгт санал тоолох ажиллагааг 22 цагт эхлүүлж санал тоолох
төхөөрөмжөөс гарсан саналын дүнг дахин гараар тоолж баталгаажуулах саналтай
байгаа юм. Ингэхдээ дэлгэц, видео камер ашиглан ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын
төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй тоолно. Иргэд, сонгогчид
автоматжуулсан тооллогын системд төдийлөн итгэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр
ингэж өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, Сонгуулийн тойрог хэсгийн бүрэлдэхүүнд
сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөлөгчдийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн.
Учир нь одоогийн төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнийг нэг намын төлөөлөл
бүрдүүлж байгаа. Тиймээс тойрог, хэсгийн бүрэлдэхүүнд сонгуульд оролцож байгаа
нам, эвслийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Дараагийн бас нэг өөрчлөлт нь нам,
эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлэх юм. Өөрөөр
хэлбэл, нэг тойрог нэг мандат гэх зарчмаар явна гэсэн үг. Үлдсэн 28 нь нам,
эвслийн жагсаалтаар нэр дэвших юм.

-Гадаадад байгаа иргэдийг
сонгуульд хэрхэн оролцуулах талаар өөрчлөлт хийсэн гэсэн. Хилийн чанадад байгаа
монголчууд саналаа цахимаар өгөх үү?

-Гадаадад байгаа иргэдийн
саналыг цахимаар авах өөрчлөлт орууллаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар
гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс анх удаа санал өгөх болсон. Ингэхдээ
тухайн улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж саналаа өгч
байсан. Сонгуульд ингэж оролцох нь хилийн чанадад амьдарч буй монголчуудад
хүндрэлтэй. Хэрэв цахим хуудсаар дамжуулан саналаа өгвөл идэвх сайжрахаас гадна
иргэдэд хялбар байх болно. Мөн Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн
этгээдэд тооцох хуулийн хариуцлагыг өндөржүүлье гэж байгаа. Тухайлбал, төрийн
албан хаагч Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол тухайн
хүнийг төрийн албанд ажиллах эрхгүйгээр ажлаас нь хална гэж хуулийн төсөлд
тусгасан. Улс төрийн намын төлөөллөөс сонгуулийн зохион байгуулалтад оролцож
байгаа хүн хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний хэмжээг 50 дахин нугалсантай
тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэж оруулсан.

-Маргаан шийдвэрлэх асуудлаар
ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-2012 оны сонгуулийн дараа хэд,
хэдэн маргаан гарсан шүү дээ. Тухайлбал, Өвөрхангайн тойрогт гарсан маргааныг
Хан-Уул дүүргийн шүүхэд шийдэж байх жишээтэй. Үүнийг болих ёстой. Тухайн нутаг
дэвсгэр дээр үүссэн маргааныг харьяа шүүх нь шийдэж байхаар өөрчлөлт оруулж
байгаа. Мөн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгох нь зүйтэй гэх өөрчлөлт
оруулж байна. Тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх маргааныг эрх, эрх
чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг
санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харьяалах
захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ гэж заасан. Хяналтын журмаар
гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх 21
хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэж хуулийн төсөлд тусгалаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх
үү?

-Сонгуулийн хууль тогтоомжийн
тухайд одоогийн тогтолцоог хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Тогтолцоог байсхийгээд өөрчилнө гэдэг тийм сайн зүйл биш. Учир нь сонгуульд улс
төрийн намууд оролцохоос гадна санал өгч байгаа иргэдийн эрхийн тухай
асуудалтай холбогддог. Дөрвөн жил болоод л сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөн
иргэд, сонгогчдод ойлгомжтой биш байх нь сайн хэрэг биш. Ядаж нэг тогтолцоогоор
гурваас дөрвөн удаагийн сонгууль явуулж байж иргэд дасдаг.

-Өргөн барьж буй хуулийн төсөлд
цаг хугацаанаас хамааралтай зайлшгүй оруулах өөрчлөлтийг багтаав уу. Эсвэл ийм
хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулахад хангалттай гэж үзэв үү?

-Сонгуулийн тухай хуулийн өмнөх
өөрчлөлтүүдийг хараад байхад арванхоёрдугаар сар гаргаж байж буюу хугацаа
тулсан үед батлагддаг онцлогтой. Энэ хууль олонхи хүч түрэн баталдаг хууль биш.
Парламентад суудалтай болон суудалгүй намуудын улс төрийн зөвшилцлийн үр дүнд
олонхийн хүслийг харгалзан баталдаг хууль. Хэрэв Сонгуулийн тухай хуулийг улс
төрийн хүчин дангаараа батлах юм бол сонгууль хүчин төгөлдөр байх, үр дүнг
хүлээн зөвшөөрөх асуудал дээр маргаан гардаг. Тиймээс кнопын олонхиор
шийдэхгүй. Улс төрийн намуудын хоорондын зөвшилцөл нэлээн хүчтэй явагдаж байж
батлагдана. Хэрэв зөвшилцөл амжилттай болбол арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө
батлах боломжтой гэж үзэж байгаа.

-Одоогоор Сонгуулийн тухай
хуулиар хэд, хэдэн хуулийн төсөл өргөн бариад байгаа шүү дээ?

-Хугацаа маш бага байгаа ч
гэлээ олонхийн зөвшилцлийг л барина. Надаас гадна ажлын хэсгээс, “Шударга ёс”
эвслээс хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Эдгээр хуулийг харгалзан үзээд
дундын хувилбар гарган зөвшилцлийн үр дүнд Сонгуулийн тухай хуулиа баталж
болно.

Categories
булангууд мэдээ эрэн-сурвалжлах

Лизингээр авсан утас барьцаалж зээл олгох нэрийдлээр залилдаг болжээ

Үүрэн холбооны “Юнител”,
“Мобиком” группуудээс иргэд гар утас лизингээр авах нь элбэг байдаг. Харин
сүүлийн үед гар утас зээлээр авсан иргэд зээлээ төлөхгүй байх тохиолдол ихэссэн
байна. Зээлээ төлөхийг сануулан ярихад өөдөөс нь “Танайтай гэрээтэй ажилладаг
гэх хүмүүст утас лизингээр авч өгсөн. Надад огт хамаагүй” гэсэн хариулт хэлдэг
гэнэ. Энэ нь тухайн лизингийн зээлийг ашиглан утас авахуулаад алга болдог
луйварчид гарч ирсэнтэй холбоотой аж. Зарын сонин, мэдээллийн сайтууд болоод
гудамж талбайд “Юнител болон Мобикомын дараа төлбөрт дугаар 12 сараас дээш
хугацаагаар ашигласан бол 300-900 мянган төгрөгийн барьцаагүй зээл шуурхай,
найдвартай олгож байна” гэсэн зарлал байх болсон. Ийм зарын дагуу зээл авах
гэсэн хүмүүс нь ч нэлээд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс байдаг аж.
Энэ нь луйварчдад олз болдог байна. Тэд зээл хүссэн хүнтэй уулзаад “Та энэ
дугаараа барьцаалаад утас лизингээр авчих. Бид урьдчилгаа 350 мянган төгрөгийг
нь төлье. Утсаа авч гарч ирээд 500 мянган төгрөг аваарай” гэдэг байна. Ингээд
1.5-1.8 сая төгрөгийн утас зээлээр аваад гарч ирэхэд нь 500 мянган төгрөг өгдөг
аж. Үүний ард утас зээлж аваад өгсөн хүн сая гаруй төгрөгийн гэрээгээр хүлээсэн
төлбөртэй хоцордог гэсэн үг.

Эдгээр зээл өгдөг хүмүүс нь
залилан хийхдээ хэд хэдэн төрлийн арга ашигладаг аж. Нас тогтсон хүмүүст “Бид
сар тутам лизингийнх нь мөнгийг төлнө. Танд бидний дугаар байгаа юм чинь яриад
байж болно. Ямар нэгэн асуудал гарахгүй. Харин биднээс зээлсэн мөнгөө та төлөөрэй”
гэж итгүүлдэг гэнэ. Мөн зарим хүнд шуудхан л “Энэ олон тоо орсон үнэ цэнгүй
дугаараа хаячих. 500 мянган төгрөгөөсөө шинэ дугаар авчихгүй юу. Бид танаас энэ
мөнгөө эргүүлж авахаа байя. Шагнал болгоод өгсөн гээд л ойлгочих” гэдэг байна.
Мөнгөний яаралтай хэрэг гарсан хүмүүс үгэнд нь орох тохиолдол байдаг аж.
Дугаараа барьцаалж зээл аваад дугаараа хэрэглэхээ больсон ч шүүхэд дуудагдаж
тодорхой хариуцлага хүлээх зэм нь хэвээрээ байдаг.

Харин хамгийн олон тохиолдол нь
аль нэг үүрэн телефоны салбарын гадаа уулзаад зээл сонирхож ирсэн хүмүүст “Бид
энэ компанитай гэрээтэй ажилладаг юм. Утас худалдах болгонд хувь авдаг. Та
зүгээр л лизингээр утас аваад бидэнд өгчих. Хамгийн гол нь дугаараа удаан
барьсан тохиолдолд өгдөг болохоор таны дугаар л чухал байна. Бид лизингийн
мөнгийг нь төлөх болохоор та дугаараа барьж болно. Утасны мөнгийг бөөнөөр нь
өгчихдөг юм. Байгуулсан гэрээ ч бий” гэдэг аж. Ингээд уулзсан хүмүүстэй
урьдчилгаа мөнгийг нь өгч оруулаад гарч ирэхэд нь 500 мянган төгрөг өгдөг
байна. Утас лизингээр өгсөн компаниас өрөө нэхэж залгахад нөгөө хүн мэдээж
утсаа өгсөн хүнтэй ярина. Гэвч энэ төрлийн залилан хийдэг хүмүүс нэг дугаарыг
сар орчим бариад л сольдог гэнэ.

Энэ талаар “Мобиком” группын
Олон нийттэй харилцах албаны дарга Э.Чинзориг “Тухайн мөчид мөнгөний хэрэгцээ
гарсан хүн лизингээр утас авч өгөөд ард нь өөрөө өртэй үлдэж байгаа юм. Өөртөө
л утас авч байгаа мэт харагддаг. Тэр үед бидний зүгээс та өөртөө авах гээд
байна уу. Өөр хүнд авах гэж байгаа юм биш биз гэж хэлэх боломж байдаггүй. Ийм
төрлийн залилангийн хэрэг байдаг шүү гэхээр хүмүүс “Бид өөрсдөө учраа олоод явж
байхад та нарт хамаагүй. Би өөрөө зээлж байна. Өөрөө барина уу. Хүүхдэдээ өгнө
үү хамаагүй” гэсэн байдлаар ханддаг. Уг нь хэрэглэгчид маань сэрэмжлэх л
хэрэгтэй байгаа. Өндөр үнэтэй утас аваад дараа нь төлбөрөө хийхгүй авлага
үүссэн тохиолдолд шүүх дээр очих болно. Харин шүүх энэ утсыг гарын үсэг зурж
авсан хүн нь барагдуул гэдэг. Нөгөө утсыг нь аваад мөнгө өгчихсөн хүн дээр ямар
нэгэн эрхзүйн байдал үүсдэггүй гэсэн үг. Нөгөө мөнгө өгч утас авахуулаад байгаа
хүн маш их ашиг олоод байгаа юм. Манайх нэг хэсэг үйлчилгээний зааланд
сэрэмжлүүлэг тавьж үзсэн. Өөртөө авч байгаа хүнд асуулт тавихад дургүйцдэг.
Дэлгүүрээс юм авч байхад өөртөө авч байна уу. Хүнд авч байна уу гэж асуудаггүй
шүү дээ” гэсэн юм.

Харин Юнител группын хуулийн
мэргэжилтэн Б.Ганбат “Хэрэглэгчдийг өрөнд оруулаад алга болдог хүмүүс байна.
Үүнээс шалтгаалж нэлээд их хохирол учраад байгаа. Манай ажилчид тухайн хүн
дугаараа нэг жилээс дээш барьсан бол утас лизингээр олгодог. Иргэдэд хандаж
хэлэхэд сошиал болон интернэтийн үнэгүй заруудад байгаа Мобиком болон Юнителийн
логог тавиад дараа төлбөрт дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зараар зээл авч
болохгүй шүү. Ингэвэл залилуулах магадлалтай. Нэг хэсэг салбаруудын гадна
хүмүүс ийм ажил хийж байхад нь мэдээд манай ажилтнууд утас авахаар ирсэн
хүмүүст “Та сар бүр ийм төгрөг төлнө. Танаас өөр хэн ч төлөхгүй шүү” гэж
тайлбарлахад нэлээд хэдэн хүн больсон. Тэгээд гараад нөгөө хүмүүстэйгээ зээл
авахаа болилоо гээд хэрүүл хийгээд буцсан тохиолдол бий” хэмээн ярьж байлаа.

Залилуулсан хүмүүс өөрт нь
мөнгө өгсөн хүний бичиг баримтыг үзээгүй байдаг аж. Тиймээс цагдаагийн
байгууллагад тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Мөн өөрсдөө гэрээ хийж утас
аваад дамжуулсан болохоор цагдаад хандах нь битгий хэл зугтаад байдаг гэнэ.
Хохирсон иргэдийн ярьж буйгаар залилагчид ихэнхдээ тухайн компанийн гар утас
зарагдахад хувь хүртдэг тул өөрийнх нь дугаар чухал байна гэж итгүүлдэг. Харин
утсаа авахаар ороход нь “Утсаа битгий задлуулаарай” гэж захьдаг гэнэ. Үүнээс үүдээд
уг хэргийг утас худалдаалдаг ченжүүд ч үйлдэж байх магадлалтай гэж үзэж байгаа
аж. “Теди” төвд зогсдог нэгэн гар утасны худалдаачин “Мөнгө багатай болон
гадуур утас худалддаг ченжүүд бол урагшаа явахгүй байгаа гэх юм билээ. Харин
хот дотор таны яриад байгаа шиг аргаар утас аваад зардаг талаар ярьцгаадаг. Нэг
хүнийг хулхидаад утас авахуулчихлаа гэхэд нэлээд их мөнгөтэй болчихож байгаа
хэрэг л дээ” гэв.

Нэгэнт ийм төрлийн хэрэг гараад
байгаа болохоор үүрэн телефоны компаниуд ч арга хэмжээ авахаар ярилцаж байгаа
гэнэ. Тухайлбал, утас лизингээр аваад гурван сараас дээш хугацаагаар зээлээ
төлөөгүй бол блоклох буюу сим карт хийсэн ч ажилладаггүй болгох аж. Нэг үүрэн
телефоны компани блок хийлээ гэхэд бусад төрлийн сим карт хийгээд ашиглаж
болно. Тиймээс хамтарч ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар “Мобиком”,
“Юнител”, “Жи мобайл” компаниуд хамтарч ажиллахаар болжээ. “Скайтел” хараахан
хариу өгөөгүй байгаа юм байна. Хэрэв энэ хэрэгжиж эхэлбэл иргэд утас худалдаж
авахдаа сим картаа хийгээд л буруу гараар олдсон эсэхийг нь мэдэх боломжтой
болох аж.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ эдийн-засаг

Улсаа “Тасын сан”-д бариулахгүйгээр авч үлдэх боломжийг ярилцав

-Дэлхийн орнуудын Өрийг худалдаж авдаг тасын сангууд Монголд орж ирэх эрсдэл өндөр байна-

Манайх шиг гадаад өр ихтэй орнуудад “Тасын сан” орж ирэх эрсдэл өндөр байдаг гэнэ. Улс орнуудын өрийг худалдаж авдаг тусгай сангуудыг ингэж нэрлэдэг юм байна. Тас шувуу үхдэл иддэг амьтан. Тэр утгаар нь дэлхийд ийм нэршил гарчээ. “Тасын сан”-гуудыг оруулж ирэхгүйн тулд мөнгө олж өрөө төлөх боломжтой цорын ганц салбарынхаа засаглалыг сайжруулах хэрэгтэй гэсэн санааг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэв. Засаглал сайжруулах олон аргын нэг нь иргэд, шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангах юм, сэтгүүлчид энэ утгаараа уул уурхайн засаглалд гол үүрэгтэй гэсэн гаргалгаа нь анхаарал татав. Том орд дээр гэрээ, хэлэлцээрийг хэр ашигтай хийх нь мэдлэгээс хамаардаг, мэдээлэл бага тал нь молигодуулахад амархан байдаг, Оюу толгой дээр гэхэд л “Рио”-той ижил түвшний мэдээлэлтэй байж амжилттай хэлэлцээр хийнэ гэх мэт тогтож сонсохоор жишээнүүд цөөнгүй дуулдав.

М.Энхсайхан сайд өчигдөр “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. “Блю скай”-д болсон Хойд, баруун, өмнөд бүсийн сэтгүүлчдийн нэгдсэн уулзалтын үеэр лекцээ уншсан нь ийм учиртай аж. Уул уурхайн салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон уг арга хэмжээний зохион байгуулагчид нь “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакцийнхан. Өнгөрсөн хавраас аймаг, сумдын сэтгүүлчдийг хамруулан хэрэгжүүлж эхэлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийнх нь хүрээний ажил юм байна. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй төсөл аж. Ирэх жилээс Канадын UBC Их сургуулийн Уул уурхайн сургуультай хамтран орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтаа үргэлжлүүлэх юм байна.

М.Энхсайхан сайд лекцэндээ өмнө нь хэд хэдэн удаа ярьсан супер циклээ бас онцлов. Сүүлийн 200 жилийн циклийг харахад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе дунджаар арваад жил үргэлжилдэг аж. Сүүлийн супер цикл 2000-2012 онд дуусчээ. Тэгэхээр ирэх арван жилдээ лав өнгөрсөн жилүүдийнх шиг азтай үе Монголд тохиохгүй нь. Өөдрөгөөр төсөөлөхөд л 10-15 жил баялгийн үнэ гялалзтал өсөхгүй нь тодорхой болж. Улстөрчид өмнө нь иргэдэд өчнөөн гоё зүйл амлаад сонгуульд ялсныхаа дараа амлалтаа биелүүлж чаддаг байсан нь супер циклтэй холбоотой, одоо супер цикл дууссан учраас ирэх онд халамж амлах аргагүй, амлалаа ч бүтэх магадлал тэг хувь гэсэн санаа нь анхаарал татав.

Нэг талаас сэтгүүлчид Монгол ийм тийм баялагтай, төчнөөн тонн алт, зэстэй гэсэн мэдээлэл цацдаг, нөгөө талаас хөрөнгө оруулагчид хувьцаагаа өсгөхийн тулд дэвэргэсэн тоо хэлдгээс үүдсэн ташаа ойлголт популизмын амьдрах хөрс нь болдог гэж судлаач, эрдэмтэд үздэг юм байна. “Бид баян улс, баялгийнхаа мөнгөөр иргэдээ тэжээнэ, баялгийг минь ухаж аваад гарах нь” гэсэн популизм эндээс эхлэлтэй аж.

Нэг метр кв газрын доор байгаа байгалийн баялгийг үнэлгээнд оруулсан байдгийг илтгэгч сонирхуулав. Хөгжингүй орнуудын нэг метр кв газрын доорх байгалийн баялаг 125 мянган ам.доллар, хөгжиж буй орнуудынх 25 мянган ам.доллараар үнэлэгддэг байна. Харин Монголынх нэг ам.доллар. Нэлээд дээш татсан үнэлгээ гэнэ. Хайгуулаа сайжруулж, баялгаа баталгаажуулсан орнуудын л газрын доорх баялгийн үнэ цэн өсдөг байна.

Супер циклийн үе буюу 2012 он хүртэлх арав гаруй жилд нефть, хий худалдсан улсууд хамгийн их мөнгө олжээ. Орлогоороо тэргүүлсэн нь Ботсвани юм байна. Ботсвани улс дэлхийд алдартай компанитай сайн харилцаа үүсгэж алмазаа ашиглажээ. Ингээд нэг хүнд ногдох ДНБ нь 8000 ам.долларт хүрчээ. Энэ улсын иргэд манайхаас хоёр дахин илүү амьдралын боломжтой гэсэн үг. Ботсванитай адил алмазтай Угандад харин сүйрэл болжээ. Уул уурхайн менежмэнт буруу, буруу засаглалтай учраас тэнд юун их орлого, иргэний дайн л дэгджээ.

Манайх шиг байдалд орсон улс хэвтрийн эдийн засаг гэсэн нэр томъёонд багтдаг аж. Колумбийн их сургуулийн профессор Жефри Загсын гаргасан томъёолол бий. Ийм эдийн засгийн өвдсөн шалтгаан нь олон учраас онош тавихад хэцүү байдаг гэнэ. Тийм учраас эмнэлгийн нэр томъёо ашигладаг байна. Хэвтрийн эдийн засагтай орнуудын хувь заяанд эмчийн жор, зөвлөгөөнөөс гадна өөрсдийнх нь эмчлүүлэх сонирхол нөлөөлдөг юм байна. Өвчтөн асуудлаа зөв ойлгох ёстой, тэр асуудлын тайлбар нь сэтгүүлчдээр дамждаг гэсэн судлаачдын дүгнэлт байдаг аж. Бас системтэйгээр эмчлэхгүй бол бүрэн эдгэдэггүй байна.

Хөрөнгө оруулагчдын Монголыг орхисон том шалтгаан нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль баталсан явдал. Стратегийн орддоо төр хувь эзэмшинэ гэх хандлага ч хөрөнгө оруулагчдын эргэлзээний нэг нь. Баялгаа буруу ашиглаж хаширсан Африкийн орнууд стратеги гэдэг үгнээс татгалзаж эхэлсэн, Орос манай хоёроос бусад улсад стратегийн гэсэн ойлголт байхгүй, Америкт л стратегийн түүхий эд гэж бий гэх мэт стратегитай холбоотой жишээнүүд “Блю скай”-д болсон арга хэмжээний үеэр яригдав. Манай стратеги гадаадын хөрөнгө оруулагчдын стратегитай эвцэлдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулалт тасарсан, стратегиа эвцэлдүүлж байж гадаадаас мөнгө татна гэсэн хэрэгтэй санаа дуулдав. Уул уурхайд төрийн компани байгуулж илүү зардал гаргахын оронд компаниудаас авах татвар хураамжиндаа анхаарвал баялгаасаа дажгүй мөнгө олж бусад салбарыг хөгжүүлэх боломжтой гэж олон улсын судлаачид үздэг аж.

Чили улс зэсийн үнэ өссөн хэдэн жилд илүү олсон мөнгөө баялгийн санд хуримтлуулсан учраас өнөөдөр манайх шиг хямрахгүй байгаа. Уул уурхайн баялгаа ингэж бодлоготой ашигла цаг ирсэн гэж илтгэгч ярив. М.Энхсайхан сайд анх баялгаасаа хурааж хуримтлуулах санг “Зовох цагийн сан” гэж нэрлэх санааг гаргаж байж. Ингээд нэрлэчихээр Хүний хөгжил сан шиг авч үрээд байхгүй гэсэн гаргалгааг уулзалтад оролцогчид дэмжиж байв.

Үнэ нь хэзээ яаж өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй савлагаатай уул уурхайн зах зээл дээр тогтож үлдэх аргыг нэг бүрчлэн заагаад өгчихсөн “Байгалийн нөөцийн харти”-г орчуулсан гэсэн мэдээг илтгэгч энэ үеэр дуулгасан юм. 12 зарчимтай хартиг зөв ойлгоод бодлогодоо тусгачихвал уул уурхайгаа зөв хөгжүүлэх боломж байгаа гэнэ.

Ц.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархалын өдрөөр ямар арга хэмжээ болох вэ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж буй юм. Тус өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу өнөөдөр тохиож байна.

-10.00 цагаас Төрийн далбаа мандуулах ёслол, 10.40 цагаас Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол Чингис хааны нэрэмжит талбайд тус, тус болно.


-Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болно. “Чингис хаан” одонгоор энэ удаа зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёо хүртэж буй юм.


-Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.

Монгол бахархалын өдрийг 2012 онд анх удаа тэмдэглэхэд Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэсэн юм.

2013 оны энэ өдрөөр улсын заан Ч.Санжаадамба хоёр дахь удаагаа түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм.

2014 оны энэ өдөр Увс аймгийн Улаангом сумын харъяат, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэжээ.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд дээгүүр харагддаг Чингис хаан

(Түүхэн хөрөг тэмдэглэл)

Нэг. Бодлын замаар

… Хөх тэнгэрийн доор хөрст дэлхийн хүн ардын дундаас тодорч гарсан алдартан хэн хэн билээ гэж молхи бичээч би өөрөөсөө асуулаа. Түүх судлаач, эрдэмтэн, зохиолч биш ээ. Үзэг мохсож, цаасан дээр мөрөө гаргаж яваа нэгэн. Миний бодоход дал, наяад насны дөрөөн дээр хөлөө өргөж яваа өвгөд, хөгшид Ленин багш гээд дуулж явснаас биш Чингисийнхээ төрж өссөн Хан-Хэнтий Дадал сумын Дэлүүн Болдогийн хаяа тэрлэж Баян-Дадал суманд төрсөн миний өчүүхэн бор толгойд Тэмүүжин гэдэг нэр орж байсан ч гарах хаалгаа олохгүй “Цоожтой” цонхны цаана түгжээтэй байжээ. Миний А үсэг заалгасан цагаас ЗХУ-ыг үндэслэн байгуулагч Владимир Ильич Ленинийг манайхан төдийгүй бараг дэлхий даяар ярьж магтдаг байж. Хувь заяа, хөдөлмөр бүтээлээр улс төрд тодрон гарсан Карл Маркс, Фрийдрих Энгельс, Ленин гээд заадаг, бичүүлдэг ч байлаа.

Тэр үед бид 1162 онд тунгалаг уст Онон их мөрнийхөө Дэлүүн Болдогт төрж Дундад зууны үеийн монголчуудынхаа сэргэн мандалтын үндэс суурийг тавьж, монгол туургатныг, нэгэн өрх гэр дээврийн доор нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулж хаанд өргөмжлөгдсөн Чингисээ магтан дуулах байтугай ярьж, бичиж чаддаг байсан бил үү. 1990-ээд оноос Монголд ардчилал мандаж. Дэлхийд дийлдэж дарагдаагүй Чингис хааныг маань Америкийн Вашингтон Пост сонин мянганы хүнээр 1995 онд тодруулснаас хойш дэлхий даяар Монгол! Монгол! Чингисийн Монгол гэх болсон билээ. Биднийг гарах гарцаа олохгүй мунгинаж байхад Францын түүхэн домогт хаан Наполеон Бонапартын амьдрал, тэмцлийн талаар 200000 гаруй ном, нийтлэл, судалгаа шинжилгээний уран бүтээл, зохиолууд гарсан гэж эрдэмтэн судлаачид тоймлон гаргасан байдаг. Наполеон 1804 онд Францын хаан болсон. Европыг нэгтгэж, нэг улс болгох зорилт тавьж, Москваг шатааж 1812 онд 600000 цэрэгтэйгээ Оросыг эзэлж авахаар дайтаж ялагдсаныг түүх мэднэ. Тэгвэл Тэмүүжин 28 настайдаа Хамаг Монгол Улсын хаан болж, мөнх тэнгэр төгс соёрхсон Хамаг Монголоо бүтэн болгов би гэж тангараг өргөн андгайлсан. Түүнд 1206 онд “Чингис хаан” гэсэн алдар цол олгосон түүх бий. Гэтэл 13 дугаар зууны Чингисийн монголчууд Ази, Европыг булаан эзэлж, галдан шатааж байсан гээд гадаадынхан төдийгүй манай түүхийн “Түүхий” сэтэртнүүд, Чингисээ муулж байсныг мэдэх мэргэд манайханд бас байгаа. “Өстөн өрвөлзөөгүй бол өөрөө дайрахгүй” гэсэн тангараг Тэмүүжинд байсан. Тийм ээ! түүхийн цаг хугацаа хатуухан хуультай.

Түүх түүхийрдэггүй нь үнэн. Чингис хааны нүүдэлчин монголчуудын тэнгэр үзэл, Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан тэр цаг үеэс эхэлсэн гэдэг. Тэнгэр бол өргөн уудам, хязгааргүй, бүх газар нутгийг бүрхдэг. Тиймээс ч Монголын хаад тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэх гэсэн тэнгэр үзэл гадаад бодлого явуулж байжээ гэж эрдэмтэд үздэг байна. Түүгээр ч зогсохгүй одоогийн даяарчлал бол тэнгэрчлэх үзлийн эх үүсвэр гэж хэлсэн эрдэмтний үгийг сонсож явлаа. Даяарчлалыг дэлхийчлэл гэнэ.

Чингис хаан даяар Монголынхоо төлөө “Алд бие минь алжаавал алжаатугай ахуй төр минь бүү алдартугай” гэж андгайлж явсан Хамаг Монголын хаан байжээ. “Дэлхийн түүх-хөх чонын орон” гэдэг номын VII ботид Чингис хаантай эн зэрэгцэх баатар дэлхийд огт гараагүй гэж бичжээ. Английн эрдэмтэн У.Саудерс “Монгол орон-Чингис хааны орон гэдэг үхэшгүй мөнх алдрыг авсан юм” гэжээ. Нууц товчоонд Хан Хэнтий Бурхан Халдуны нэр 27 удаа гарсан байдаг.

Тэмүүжин Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол Улсын үр сад бид, дэлхийн хөгжилтэй уралдаж, ирээдүйгээ цогцлоон бүтээж урагшилсаар байна. Эзэн Богд Чингис хааныхаа мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол түмний бахархлын өдөр болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай боллоо. Бидний бахархал бол өвөг их дээдсийн маань үлдээж өвлүүлсэн, өвөрмөц сонин, түүх соёл билээ. Өнөөдрийн ололт амжилтаа цэгнэн дүгнэж, маргааш, ирээдүйгээ хол харж шинждэг өдөр бидний бахархал. Төр засгаас 2013 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр эхлэн Бурхан Халдуныг бахархалт хайрхан болгож өргөмжилсөн билээ.

Монгол түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”-нд олонтаа гардаг Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Хан Хэнтийн Бурхан Халдун хайрхан Монгол түмний бахархалт хайрхан мөнөөс мөн.

Хоёр. Бодох цаг

… Өнөөдөр дэлхий нийтээрээ Чингисийн байгуулсан Монголыг харж, сонжиж, 2016 онд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтыг сонирхож байна. Дэлхийн 193 улс орны 156 нь ардчилсан тогтолцоотой гэдэг. Ази тивийн ардчиллын анхны алтан хараацай Монгол Улс Ардчилсан замаар 25 жил замналаа. Мэдээж АСЕМ-ийн уулзалтыг сайн зохион байгуулбал Чингисийн Монголын нэр хүнд дэлхийн тавцанд өсөн бэхжиж, олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдэнэ. Энэ бол Монгол Улсын гурван сая иргэн бүрийн бахархал, анхаарах асуудал. Бодох цаг. Иргэн баян бол улс баян гэдэг. Нэр төрийн асуудал.

Чингисийн Монгол гэж дуулж сонссоноос биш нүдээр үзэж хараагүй, холын хүмүүс ирж мэдэх нь. Тэнгэрээс заяат төрсөн, тэр гайхамшигт их хаан Тэмүүжин Чингисийн тань төрсөн газар, тоонот нутаг Дэлүүн Болдогийг үзье гэвэл яах болж байна. Улаанбаатараас 700-гаад км-ын алсад байгаа Хэнтий аймгийн Дадал сум, Дэлүүн Болдогт ойрхон гэж үү. Хан Хэнтийн Бурхан Халдуны салбар их уулс Онон мөрний хойморт байгаа тэр гайхамшигт ариун дагшин газарт машин унаагаар очно гэвэл унтаж өнжөөд, ундуй, сундуй үзээд ирмээр газар нутаг биш ээ. Энэ цагийн удирдлагууд АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах комиссынхон эрх биш анхаарна гэдэгт итгэнэм.

1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн байхдаа “Монголчууд ардчиллаа дэмжиж, Азийн ардчиллын загварыг эхлүүлж, ардчилалд эргэлт буцалтгүй орсныг дэлхий дахинд баталлаа” хэмээн Чингисийн талбайгаас мэдэгдэж байсан нь сонин хэвлэлүүдэд мөнхрөн үлджээ. Энэ бол Тэмүүжин Чингисийнхээ төрсөн өдрөөр тэмдэглэдэг монгол түмний бахархал. Бахархах зүйлээр дүүрэн он жилүүд уралдан одож, угтан тосох сайн сайхан ирээдүй ирж байна.

Гурав. Шинэ он айсуй

Дэлхийн бүх хүнд нас нэмж бэлэг гардуулахаар шинэ он, шинэ жил айсуй.

Холын зорилго, бодлогогүй явбал хормойн доор зовлон хуримтлагдана гэж өвгөд захижээ. 2016 он! Хазаараа даран хурдлах хүлэг морь шиг “дөхөөд” довтлоод ирлээ. Өнгөрүүлснээ эргэн харж дүгнэлт хийх цаг тулаад ирлээ. Архивт орох 2015 оны ажил амжилт бүтээлээр маруухан байсан болохоор шуугиан, дуулиан, ихтэй болжээ. Үүнд бүх монголчууд дүгнэлт хийж 2016 оноо баяр баясгалангаар дүүрэн угтах цаг ирлээ. Их эзэн Чингисийнхээ нэр барьж “Чингис бонд” гээчийг босгож Шинэчлэлийн Засгийн газар унах нүхээ өөрсдөө ухсанаа ухаарах цаг. Энэ нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчийн жишээ болсон юм. Ногоон доллар хаданд гарч, ноолууртай ямаанд гүйцэгдэхгүйгээр жилийж одсон гээд яриад бичээд байвал үг олдож, үхэр холдох бололтой. Цэг хатгаж жолоогоо татъя.

Хүнийг амьдралд сургадаг агуу их “ачтан” гэж аав, ээжид сургажээ. Ажилтай хүн баян, ажилтай хүнд цаг минут бүхэн үнэтэй. Урган төрж байгаа залуучууддаа залхуурлыг хая гэж уриалъя. Оюутан сурагчдадаа ихийг унш гэж уриалъя! Оюуны залхуурал бол уураг тархийг “тураадаг” ухаан бодлын дайсан гэж мэргэдийн хэлсэн үг байдаг. Карл Маркс “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэж тунхагласныг сана. 2016 он сонгуулийн жил, иргэн бүхний бодох цаг, сонгуулийн дүрэм худлыг өөрчилнө, өөрчлөхгүй гээд мэтгэлцэх юм. Ардчиллын далавчин доор эхлүүлсэн чөлөөт сонголт маань чөдөр, тушаанд хүлэгдчих вий. Анхаарцгаая.

Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг. Маргаашаа танья гэвэл өнөөдрөө сайн шинжихтүн гэж эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв “Дал” сониноороо дамжуулан зөвлөсөөр байна. Маргааш 2016 он гарч шинэ жил ирэх нь гэж бодоцгооё. Өчигдрийг мартаж болохгүй. Яагаад гэвэл тэр маргаашийн багш гэдгийг сайд, дарга, цэрэг, сурагч цөмөөрөө анхаарцгаая.

Дашболхойн Дамбадаржаа

(Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч)