Categories
мэдээ нийгэм

Ихэр нярайгаа хөнөөхийг завджээ

Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 27 настай Г.А гэх эмэгтэй 25 хоногтой хоёр ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ. Тэрбээр сувилалд нөхөртэйгөө хамт хэвтэж байсан аж. Нөхрөө түр гарах хойгуур ийм үйлдэл хийсэн гэнэ. Тухайн үед эмнэлэгийн эмч, сувилагч нар сувилуулж буй хүүхдүүдээ эргэж яваад Г.А-гийн эл үйлдлийг харж, болиулжээ. Тэд хүүхдүүдийн амийг аврахын тулд 30 гаруй минут яаралтай тусламж үзүүлсэн байна. Үүнийхээ дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ. Ихрүүдийн нэгийнх нь бие хэвийн болсон ч, нөгөө нь төдийлөн сайжрахгүй байгаа тул ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Сэжигтэн Г.А “Энэ хүүхдүүдийг өсгөх надад хэцүү санагдсан” гэж ярьсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн эмэгтэй ар гэрийн нөхцөл бололцоо сайн, эцэг эхийнхээ гэрт хамт амьдардаг аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр байнгын хорооны хуралдаан болон чуулганы хуралдаан болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэх юм. Эхэнд төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхлэх бол “Б” танхимд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэлнэ.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
энтертаймент-ертөнц

“Санта Клаус” шуудангийн салбараа нээжээ

Арваннэгдүгээр сар гарахтай зэрэгцэн дэлхийн улс орнуудад зул сар, шинэ жилийн уур амьсгал орж ирдэг билээ. Улаанбаатар хотод л гэхэд Зайсан явах зам дагуу байрлах Голомт банкны салбар энэ оны хамгийн анхны гацуур модыг зассан. Тэгвэл Санта Клауст хандаж бичсэн, дэлхийн улс орнуудын хүүхэд багачуудын шинэ жилийн захидлуудыг хүлээж авах зорилгоор Герман улсын Химмельпфорт хэмээх жижиг тосгонд Санта Клаусын шуудангийн салбарыг нээсэн байна. Түүнийг хүрэлцэн ирэх үеэр тус тосгоны Фурстенбергер Три Лэйкс ерөнхий боловсролын сургуулийн багачууд угтан авч, шинэ жилийн дуу дуулж өгчээ. Үүний дараа тэд хүслээ бичсэн захидлуудаа өгсөн байна. Хүүхэд багачуудын захидал нэг бүрт Санта өөрийн туслахуудын хамт хариу илгээх бөгөөд туслахууд нь 17 улсын хэлээр ярьж, бичиж чаддаг аж. Мөн хүүхэд, багачуудад буцааж илгээх захидал бүрт Сантагийн тусгай шуудангийн тамга дарах гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд Санта Клауст гэж хаягласан 312000 захидал дэлхийн 69 улс, орноос ирж байжээ. Санта Клаусын шуудангийн хаяг An Den Weihnachtsmann, Weihnachtspostfiliale, 16798 Himmelpfort, Germany юм байна шүү. Та бүхэн ч гэсэн захидлаа илгээгээд үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Чингис хаан” одон хүртлээ

Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэрт яруу найрагч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод гардууллаа. Төрийн дээд одонг хүлээн авсны дараа тэрбээр үг хэлсэн юм. Г.Мэнд-Ооёо “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, эрхэм хүндэт Ерөнхий сайд, Тамгын газрын гишүүд ээ, үзэг нэгт эрхэм ардын уран зохиолчид, үйлс нэгт урлаг соёлын зүтгэлтнүүд ээ, эрхэм хүндэт зочид оо, Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр Монгол үндэсний бахархлын өдөр Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд Их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монгол үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу тууштай чиглэж байгаагийн илрэл гэж ойлгож байна. Хүмүүн төрөхлтний буурал түүхэнд Монгол түмний буй болгосон үлэмж их өв уламжлал, эрдэм соёл, үнэт зүйлс он цагийн тоосон дунд нэгэн үе бүдэгшээд, өнөө цаг үед дахин тодрон гэрэлтэх түүхэн хувь тохиожээ. Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулснаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ хэмээн дэлхий бидний зүгт чих тавьж, ажааран ширтэж байна. Дэлхийн тайзнаа Монгол дуурийн дуучид шагшигдаж, морин хуураа залсан ардын урлагийнхан өрнө дорныг тахалж, ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг монгол хүн ахиулж, шинжлэх ухааны шинэ содон нээлтүүдийн сураг сонсогдож, монгол тамирчид ч од нь гийсээр байна…” гэсэн юм.

Төрийн дээд “Чингис хаан” одонг анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгаар, УИХ-ын 21 дүгээр тогтоолын дагуу олгохоор баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Улмаар эл тогтоолын төсөлд дахин өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан.

Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” одонг

-2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-2006 онд Төрийн соёрхолт,хөгжмийн зохиолч Б.Шарав

-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-2010 онд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

-2014 онд физикч,академич Х.Намсрай нар тус тус хүртжээ.

Энэ жилийн Үндэсний бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд,тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг ийн нэрт яруу найрагч,зохиолч Гомбожавын Мэнд-Ооёод ийнхүү хүртээлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Дорноговьд газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур сумын төвөөс баруун зүгт 76 км-ийн зайтай газар өнөө өглөөний 07.34 цагийн үед 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.

Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд газар хөдөлсөн байна. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-ын зайд өчигдөр үдийн 15:26 цагийн орчим У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Categories
мэдээ нийгэм

Есөн хөлт цагаан тугаа цэнгүүллээ

Их эзэн Чингэс хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас болж өндөрлөлөө. Үүний дараагаар 10.40 цгаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Чингэс хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

Categories
мэдээ соёл-урлаг

Америк сэтгүүлч Монголын хөгжмийн урлагийн тухай кино хийжээ

АНУ-ын “PBS” телевизийн сэтгүүлч Лорен Кнап Монголын рок поп хөгжмийн салбар, 1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийн тухай “Live from UB” баримтат кино бүтээжээ. Киноны Монгол дахь нээлтийг арваннэгдүгээр сарын 28-нд “Гандан” амьд хөгжмийн клубт хийхээр болсон байна.Тэрбээр анх 2007 онд Монгол руу аялснаар манай хөгжмийн урсгалын тухай сонирхож, кино хийхээр зорьжээ. Улмаар 2011 онд Монголд ирж, “Харанга”-ын Ц.Чулуунбат, “Чингэс хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүстэй уулзан ярилцаж бүтээлдээ оруулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Өүлэн эхийн хөшөөг нээнэ

Эзэн Чингэс хааны мэндэлсний өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингэс хааны эх Өүлэн эхийн хөшөөг өнөөдөр Дорнод аймагт нээхээр болжээ. Энэхүү ёслолын үеэр Дорнод аймгийн төвд сүү өргөх ёслол болох бөгөөд уг арга хэмжээнд 108 эх оролцох аж. Өүлэн хэийн хөшөөг босгох санааг ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, эх загварыг нь бурханч лам Г.Пүрэвбат хийсэн байна. Хонгирад аймгийн, Олхонууд овгийн удамт Өүлэн эх нь одоогийн Баян-Уул сумын нутагт төрсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Гэрэлтэх агшин бүр” хийгээд Гомбожавын Мэнд-Ооёо

Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг, соёлын академийн хүндэт доктор, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгохоор боллоо. Тэрээр Явуугийн­хаа “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх алтан гэрээсийг санаж, дэлхийн их утга зохиолд монгол найргийн зөөлөн ай, аялгуу эгшиг, дархан цэцийг тамгалахаар зүтгэж буй. Дэлхийн яруу найрагчдын их хуралд жилийн жилд уригдан бичгийн мэргэдээ түүчээлэн очдог нь нэгэнт уламжлал болж дээ. Энэ удаад ч ялгаагүй өнөө л их гүүш Ж.Гэндэндарам, Готовын Аким гээд нөхдөө дагуулан Тайванийг зорьж байна.

2006 онд талын нүүдэлчин Монголд дэлхийн яруу найрагчдын их чуулган болж, энэхэн бөмбөрцгийн эрхэмсэг гэгээн хүмүүс Монголын тэнгэр дор чуулж, шүлэг найргаа өөр өөрийн хэлээр уянгалуулан дуудсан. Тив дэлхийн найрагчдад эх нутгийнхаа салхи савирыг амсуулж, уншигч олонтойгоо уулзуулан яруу найргийн эрчимлэг долгионыг бүрэлдүүлсэн хүн нь Мэнд-Ооёо байлаа. Хоёр мянга есөн онд Унгарын Будапешт хотноо болсон их чуулганы үеэр “Поэт лауреат” алтан титмийг Монголын найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгосон нь манай утга соёлын ертөнцөд тохиосон томоохон баярын нэг байв. Уг шагналыг АНУ-ын Калифорнид бүртгэлтэй Дэлхийн урлаг соёлын академийн удирдах зөвлөлийн шийдвэрээр олгодог юм гэсэн.

Ерэн есөн онд буюу эдүгээгээс 16 жилийн өмнө тэрээр Токиод болсон дэлхийн яруу найрагчдын их хуралд “Яруу найраг дахь хувьсах ба үл хувьсах зүй тогтол хийгээд хүн төрөлхтний яруу найрагт монголчуудын оруулсан хувь нэмэр” хэмээх илтгэл тавьсан. Тэрхүү илтгэлдээ “Монголын утга зохиолын ноён оргилууд болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын зохиогч он жилүүдийн чанадад нууцлагджээ. Монголын яруу найрагт суу билиг төгөлдөр яруу найрагчийг XIX зуун авчирсан нь говийн ноён хутагт Данзанравжаа байлаа. Равжаа хутагт хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт зүй ёсоор өөрийн байр суурийг эзэлж, дэлхийн суу билигтний эгнээнд жагсах ёстой. Түүний араас хорьдугаар зууны яруу найргийн тэргүүн Нацагдорж, Монголын уянгын яруу найрагт шинэ үзэгдэл болсон Явуухулан нарыг дэлхийн яруу найрагт монголчууд бэлэглэсэн” гэж хүн төрөлхтний яруу найрагчдад дуулгасан юм.

Хоёр мянга таван онд Австралийн Сидней хотноо болсон дэлхийн яруу найрагчдын их хуралд “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” хэмээх илтгэл тавьж шуугиан тарьсан удаатай. “Гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам яруу найрагт буй. Ерөөс яруу найргаараа дамжин хүмүүний сэтгэлийг ариусгаж, дотоод ертөнцийн харанхуйд гэрэл гэгээ тусгаж, хүн төрөлхтний сэтгэл оюуныг гэгээрлээр ойртуулан найрсуулах, үл итгэлцэл, цаг хугацаа, орон зай, хил хязгаарын зааг, хана хэрмийг арилгах явдал” хэмээн дэлхий дахинд зарласан нь бий. Ингэж Мэнд-Ооёо Монголын яруу найрагчдыг дэлхийтэй холбох гүүр нь болж, өөрийн эрхэлдэг соёл, яруу найргийн академиар дамжуулан найрагчдынхаа бүтээлийг гадагш орчуулж, Монголын утга зохиолыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн юм. Өнөө жилийн Нобелийн энхтайвны шагналд түүний яруу найргийн бүтээлүүд нэр дэвшсэнийг ч дуулгахад таатай байна.

Түүний бүтээл туурвилын тухай үе үеийн яруу найрагч, эрдэмтэн мэргэд санал бодлоо хэлж, өөр өөрийнхөөрөө нээн тайлбарлаж ирсэн. Г.Мэнд-Ооёогийн яруу найраг бол монгол нүүдэлчдийн оюун сэтгэлгээний оршихуй гэж хэлж болно.

“Аав минь намайг өвөр дээрээ суулгаж, өмнө минь хуураа тавиад уртлаг тунгалаг аялгууг нь дуурьсгахад Дарьгангын “Жаахан шарга” үүрсэнхэн төвөргөж ирээд нутгийн уулс улам цэнхэртэж, ус булаг тунгалагшин, жигүүртэй шувуудын дуу яруусаж…энэхэн бие хуур болоод аав намайг хуурданхан суух бөлгөө. Хээр талын хойморт морин хуурын аялгуугаар яруу найраг минь хөглөгдсөн билээ…” гэж тэрээр бичсэн нь бий.

Дарьгангын домогт хуурчийн хүү Монголын их утга соёлын сан хөмрөгт Алтан-Овоо, Дарьганга, Шилийн Богдоо дархлан үлдээсэн. Түүний “Алтан-Овоо” хөлгөн судрын тухай ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнээс аваад олон хүн талархан бичсэн. Сэрүүн Галттайн Эрдэнэ баавай “Мэнд-Ооёо бээр яруу найраг болоод бусад нийтлэлүүддээ олныг нуршин улиглахыг чанд тэвчин гагцхүү хүн зоны оюун сэтгэхүйд гэрэл гэгээ авчрах тэр л нарийн шижмийг барьж авахыг хичээдгээрээ онцгой. “Алтан-Овоо” бол эх нутгийн дуулал мөн. Пантеист ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ” гэж дуу алдсан байдаг. Эрдэнэ баавай, Мэнд-Ооёо хоёр Мэгжид Жанрайсигийг бүтээн залахаас аваад соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн эрхмүүд юм. Тэдний улбаалан эхлүүлсэн “Сувдан сондор” аялал Монголын түүх, зан үйл, соёл, археологийн нэгэн давтагдашгүй зам мөр болсон билээ.

“Алтан-Овоо” хөлгөн судар гарсны дараа Шагдарын Уянга найрагч “Гэрэлт хүмүүний босгосон бодь Алтан-Овоо” гэж бичсэн бол Монголын яруу найргийн гэрэлт хөвгүүн Жамъяангийн Болд-Эрдэнэ “Гангын нэгэн сондор” хэмээн Ооёогийнхоо тухай халуун дулаанаар бичиж байлаа. Утга зохиолын наяад оныхны нэгэн төлөөлөгч, утга зохиол судлаач Ядамбатын Баатар “Мэнд-Ооёогийн яруу найраг, хөлгөн судар нь хүн төрөлхтөн тэр дундаа монгол хүний оюуны ертөнцийн эрхэмсэг оршихуйг нээн үзүүлсэн байдаг. Яруу найргийн өндөр соёл гоо зүйг уран зохиолын хэлний эрхэмсэг тансаг найруулга, шүлэглэх ур чадвар болон гүн сэтгэлгээний нэгдмэл чанарыг хангасан байдаг юм” хэмээсэн бол “Дарьгангын гурвал”-ынх нь нэг Очирбатын Дашбалбар “Орчлон ертөнц надад найрсан нуугднам”, “Ирээгүй үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм” гэж бидний үеийнхний яруу найргийн зорилгыг Г.Мэнд-Ооёо тунхаглаж, тэр замаар ч бид явсан бүлгээ. Түүний бичсэн “Сэтгэлийн байгаль” гэдэг тансаг шүлэг бидний бүх номын оршил, удиртгал болж, тэрхүү сэтгэлийн байгальдаа хүрэх гэж бид бүхэн өөр өөрийн замаар тэмүүлсэн юм гэж яруу тодоор илэрхийлсэн.

Мэнд-Ооёо яалт ч үгүй Монголын их утга зохиолын наяад оныхны түүчээ нь байлаа. Дагвадоржийн Цогт, Жүмбэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Ламзавын Мягмарсүрэн, Шагдарсүрэнгийн Гүрбазар, зураач Ц.Ойдов гээд “Гал” нэгдлийнхэн ирийтэл жагсана. Цаана нь Дамбын Төрбат, Даваасүрэнгийн Чинзориг, Долгорын Цэнджав, Доржзовдын Энхболд, Бямбажавын Цэнддоо, Данзангийн Нямаа, Жамсрангийн Оюунцэцэг, Цэрэнтулгын Түмэнбаяр гээд мөн л наяад оныхон ар араасаа давалгаалан ханарна. Тэр дундаас хамгийн түрүүнд номоо гаргаж “Бодлын шувуу”-гаа нисгэсэн нь Мэнд-Ооёо л доо. “Бодлын шувуу”-гийн араас Дашбалбарын “Оддын аялгуу”, Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал”, Д.Цогтын “Анхны шангийн дуу”, Бат-Очирын Сундуйн “Балжийн зулзаган монос”, Ж.Саруулбуянгийн “Хонгор зул”, Л.Мягмарсүрэнгийн “Урины шувуу” шил шилээ даран нисцгээсэн юм.

Эл найрагчийн тухай өгүүлэхүйд “Дарьгангын яруу гурвал” болох Дашбалбар, Нямсүрэнгийн тухай заавал ч үгүй дурсах болно.

Намрын шөнө тооноор тусах сарны туяа

Намайг чамтай хамт цаламдан цагаан гэрлээр ороов

Найргийн од сэтгэлд харвасан энэ бүдэгхэн туяанаар

Намуун шөнө чиний зүрхнээс шүлэг болон урсав

Хорин зургааны, саран тунгалаг энэ шөнө

Хорин таван нас, чиний мөрөн дээр

Гэгээн тэнгэрийн мөнгөн шувуухай болж

Гэрийн минь тооноор жиргэж буулаа…” хэмээн Балбар нь Баруун-Уртынхаа тэнгэр дор, тэртээ далаад оны дундуур Ооёодоо зориулан бичиж байжээ. Тэрээр Мэнд-Ооёогоо “Сарны шүлэгч” хэмээн тунхагласан. Үнэндээ түүний шүлгүүд сартай шөнийн намуухан аялгуу мэт сэтгэл зүрх рүү зөөлөн тунгалгаар гэгээ татуулан урсдаг бүлгээ.

“…Голын наана явахад тэнгэр дуугарч, цахилгаан гялбаад

Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг

Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад

Нойт даан харлаж, чийгтэй өвс үмхлэх ирж буй цаг

Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө

Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг

Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан

Харанхуйн чинад чиний зүг алсрах ирж буй… ” гэх гайхмаар гэгээн тунгалаг шүлгээ Нямсүрэн мөн л Ооёодоо зориулсан нь бий. Тэрээр

“…Шар бүрдийн зам шанзны утсан чичиргээтэй

Шаазан цахиур нь дууны аялгуутай

Шар бүрдийн нутаг Шамбалын орны туяатай

Шавилж суусан лам нь Мэнд-Ооёо” гэж бичиж байлаа. Мэнд-Ооёо найрагчийг бид

Эзэн бидний алтан хөмрөг

Энгүй тансаг байгальдаа хайртай

Эрин зууны наран дэнлүү

Эрдэнэт хүний бүтээлд хайртай

Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж

Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн

Дэлхий ээж тандаа бид хайртай

Дэлхий ээж тандаа хайртай болохоор

Дэлхий ээж та мөнх настай…” гэх дуу хийгээд олон бүтээлээр нь мэднэ. Түүний шүлгүүдээс ямар нэгэн нэмэр хачир, энээ тэрээ тодорхойлолтгүйгээр хүргэе л дээ.

Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.

Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд

Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад

Эвт шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд

Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод

Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад

Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад

Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэж он цаг яарсаар нисч одном.

Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч

Бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес

Цэргээс буусан залуу, болзоот хүндээ зориод

Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисч ирнэм.

Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд

Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд

Амьтай болгон нам гүм болж хайртай хосод найр тавиад

Айл саахалтаар төдхөн хуримын урилга тарааж он цаг нисч одном. ..” (Он цагийн хүрд),

Гурван цагаан тэмээ гуван гуван алхаатай

Гурвансайхан уул гүвэн гүвэн бараатай

Гурван залуу бүсгүй Гурвансайханд нутагтай

Хойно хойноосоо өвсөн толгой намалзаад

Хорол сарны мяндас туяа намилзаад

Холдож ойртох уулсын бараа шоволзоод

Цагаан шөнө урсана…

Амгалан шөнөөр тэнгэрийн гоо манлай нь

Арван тавны саран

Алиахан зантай говийн гурван бүсгүй нь

Арван тавны саран

Аялах дууны нь түвшин дүүрнийг хэлбэл ч

Арван тавны саран … (Цагаан шөнө урсана),

Сарны тусгал алтан гүүр мэт гол усыг нумлаж

Салхины үзүүрт голын харгиа үл мэдэг исгэрч

Хэрлэн их мөрөн түүхийн хөлгөн төвөргөөнөөр

Хэдэн зууныг гэтэлж бид хоёрын дэргэд ирвэй

Чамайг болоод намайг гол ус толиндоо үзэж

Чанадын хувь тавиланг алган дээрээ зурах мэт

Ажиглан ширтэж, анзааран сатаарахыг мэдрэх ахуйд

Аяа би, гол усаа үнэний гэрч хэмээн итгэмүй …” (Сарны сонат)

Чиний хөмсөг, нисч яваа шувууны далавч шиг …

Чиний, тэртээ холоос ирж яваа нь

Хүрхрэх далайн чанадаас нааш нисээд

Хүрэх газраа ирээгүй яваа шувуу шиг …” (Чиний хөмсөг нисч яваа тогорууны далавч шиг),

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршмуй

Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй

Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй

Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй

Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй

Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй

Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй

Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй ..” (Гэрэлтэх агшин бүр) гээд хичнээн ч үргэлжилж болно. Сүүлд “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан” тэргүүт уран бүтээлийн хоёр туурвил хэвлүүлсэн юм. Түүний эдгээр бүтээлүүдийн тухай дэлхийн нэртэй найрагч, утга соёлын зүтгэлтнүүд үгээ харамгүй хайрлажээ. Тухайлбал, Энэтхэгийн утга зохиол судлаач Шаалин Кумар Сингх “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн энэхүү номоороо дамжуулан нүүдэлчдийн амьдрал, уламжлалт ахуй заншлыг маш нарийн мэдрэмжээр нээн гаргаж чадсан байх тул түүний номыг “Номадизмын дуулал” хэмээн нэрлэж болмоор санагдана” гэсэн байна. Японы нэрт яруу найрагч, соёл, нийгмийн зүтгэлтэн Икеда Дайсаку “Миний бие таны гэгээлэг сайхан ном буюу сэтгэлтэй тань танилцаад гүнзгий сэтгэгдэл төрлөө. Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрч байгаа өнөө үед, “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх газар, амь насыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно” гэжээ. “Түүний шүлгүүд үнэхээрийн сэтгэл хөдөлгөм. Амьдралынх нь зорилго бол “Хуучин сүмийн дээгүүр саран мандахад” хэмээх шүлэгтээ хэлсэн шиг “Зүрх сэтгэлээсээ, бурхны гэрэл цацруулахын эгээрэл” хүсэл нь юм. Ямар агуу сэтгэлгээ вэ” хэмээн Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч асан Жастис Мохан хэлснийг нэмээд шигтгэе.

Г.Мэнд-Ооёо найрагч сүүлд Равжаа хутагтын тухай “Гэгээнтэн” хэмээх роман туурвисан нь утга зохиолын хүрээнд багагүй шуугиан дэгдээсэн юм. Утга зохиолын нэрт судлаач Чойжилжавын Билигсайханаас аваад олон мэргэд үгээ хэлснийг санаж байна. Уг бүтээлээ туурвисны дараахан тэр жилийн урин хавраар Хангайн нуруу Идэр их мөрнийг хамтдаа зорьж явсансан. Равжаа хутагтын авшигтай ногоон хашнаас рашаан хүртэж, мань хүн нэг л гэгээрлийг олсон мэт гэрэл цацруулан явж билээ. Өнөө жилийн босгон дээр “Шилийн Богд” романаа мөн л уншигчдын гар дээр тавьж утгын яруу нөхдөөсөө талархал хүлээсэн. Ийнхүү Монголын утга зохиолын нэгэн сод төлөөлөгч, эрхэмсэг ялдам найрагч, дэлхийн дэвжээнд монгол найргаа гаргахын төлөө зүтгэж яваа Гомбожавын Мэнд-Ооёогийн тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай тус тус уулзав. Талууд найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцон, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв.

Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж, агуулга нь илүү баяжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй өргөжиж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломжууд бүрдэж байна.

Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

Талууд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу хоёр улсын харилцааг хөгжүүлэх хүч чармайлт гаргана. 2014 онд гаргасан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал” нь Монгол, Хятадын харилцааны хөгжлийн шинэ үе шатыг нээж, хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлов.

Талуудын хамтын хүч чармайлтаар “Хамтарсан тунхаглал”-ын үзэл санаа хэрэгжиж, хоёр улсын бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол, Хятадын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэн, бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулна.

Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлийн нэг гэж үздэгээ дахин нотлов. Талууд нөгөө талын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал зэрэг язгуур эрх ашгийн асуудлаар харилцан тууштай дэмжиж, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ. Талууд газар зүйн ойр дөт байршил, эдийн засгийн харилцан нөхөх байдал зэрэг давуу талуудаа бүрэн ашиглан бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, хоёр улс болон хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө ажиллана.

Нэг.Улс төрийн харилцаа

Талууд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” болон 2014 оны “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д тусгагдсан харилцааны суурь зарчмууд болон харилцааг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн улсын онцлогийн дагуу сонгосон хөгжлийн зам, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэдгээ нотлов. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг баримталж, Тайвань, Төвд, Шинжаантай холбоотой асуудлаарх хятадын талын байр суурийг дэмждэгээ нотлов.

Талууд өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг цаашид ч хадгалж, хоёр улсын удирдагчдын олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ хийх уулзалтуудыг идэвхтэй ашиглан хоёр улсын харилцааг хөгжүүлэх илүү их боломжийг бий болгоно.

Талууд хоёр улсын хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн намуудын харилцааг бэхжүүлж, идэвхтэй хамтын ажиллагааны хандлагыг хадгална. Энэ хүрээнд хоёр улсын парламент байнгын уулзалтын механизм байгуулсныг талууд сайшааж, энэхүү механизм нь хоёр улсын улс төрийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд энэхүү механизмыг сайтар ашиглан хоёр улсын хууль тогтоох байгууллагын бүх шат, чиглэлийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цогцоор урагшлуулж, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн баталгааг нэмэгдүүлнэ.

Хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд Стратегийн яриа хэлэлцээний механизм амжилттай хэрэгжиж эхлээд байна. Талууд цаашид уг механизмыг үргэлжлүүлэн ашиглаж, хоёр талын стратегийн хэлхээ холбоо болон харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын бүх салбарын харилцааны хөгжлийг төлөвлөж, түлхэц үзүүлнэ.

Хятадын тал хөрш орнуудтайгаа харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч, өөрийн хөгжлийн үр шимийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал дэмжиж, энэ нь хоёр улсын харилцааны хөгжилд төдийгүй бүс нутаг, улмаар олон улсын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Талууд цаашид ч хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болон цэргийн өндөр түвшний харилцан айлчлалыг үргэлжлүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Талууд хоёр улсын терроризмын эсрэг анхны хамтарсан сургалт амжилттай болсныг өндрөөр үнэлж, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа, сургалтанд хамтран оролцох, терроризмын эсрэг хамтарсан сургалт зохион байгуулахыг үргэлжлүүлнэ. Талууд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон боловсон хүчин сургах төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлнэ.

Хил дамнасан гэмт хэрэг болон терроризмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхийг дээшлүүлэх, мөн хар тамхи, мансууруулах бодисын хууль бус ажиллагаатай тэмцэх чиглэлээр хоёр талын хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг талууд онцолж, хамтын ажиллагааны холбогдох механизмыг байгуулах нь чухал гэж үзэв.

Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд орон нутгийн харилцаа нь чухал бүрэлдэхүүн хэсэг болж ирснийг талууд тэмдэглэж, цаашид орон нутаг хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

Хоёр. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх гол тулгуур болохыг талууд дахин нотлов.

Талууд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд цаашид эдгээр санаачилгыг бүх талаар уялдуулахыг түргэтгэж, хоёр улсын засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах тухай хэлэлцээр байгуулахыг идэвхтэй судлан ярилцана. Талууд “Бүс болон Зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Улсыг бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбох томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан” зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулахыг дэмжинэ.

Талууд 2014 онд байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллаж, улмаар худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Хоёр улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц, ард иргэд үр ашгийг нь хүртэх томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг талууд онцлон тэмдэглэв. Талууд уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх чухал тохиролцоонд үндэслэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулна. Талууд Тавантолгой, Шивээ-Овоогийн төслүүд болон нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх, өмнөд чиглэлийн төмөр замын шугамыг барих, Эгийн голын усан цахилгаан станц барих төслүүдийг түргэтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглан, худалдааг хөнгөвчлөх бодлогыг дэмжих, Зүүн Хойд Азийн үзэсгэлэн яармаг, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг замаар хоёр талын бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд саяхан БНХАУ-ын Хөххотноо анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг болон сэдэвчилсэн хэлэлцүүлэг, хуралдаан нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг өндрөөр үнэлэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны механизмуудыг үр дүнтэй ашиглах, үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгох шаардлагатай хэмээн талууд үзэв. Талууд цаашид Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн гүйцэтгэх үүргийг сайтар ашиглаж, эдгээр хамтын ажиллагааны механизмын чиг үүрэг болон уялдааг бэхжүүлнэ.

Талууд Замын-Үүд-Эрээний хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах болон Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бэлтгэл ажлыг тохиромжтой үед эхлүүлэхийг судлана.

Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны цар хүрээ, худалдааны хэмжээ, харилцан зорчигчдын тоо зэрэг үзүүлэлтээр хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг харгалзан Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг дэмжих механизмыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд байгуулахыг талууд судлана.

Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй тэмдэглэж, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын сайн үүлдрийн үржил селекцийг бий болгох, тэргүүний технологийг ашиглан БНХАУ-д экспортлох байгаль экологийн цэвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.

Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хилийн бүсд мах боловсруулах үйлдвэр байгуулах, мөн мал, амьтны халдварт өвчинтэй хамтран тэмцэх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талууд тохиров. Энэ хүрээнд “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газар хооронд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв.

Талууд 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр” болон 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулж, аль болох эрт хэрэгжүүлнэ. Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт – Ганцмод, Шивээхүрэн – Сэхээ боомтыг олон улсын шинжтэй болгох асуудлаар аль болох эрт хэлэлцээ хийж, хэрэгжилтийг урагшлуулна.

Талууд хамтран ажиллаж Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

Талууд өөрийн улсын эрчим хүчний хөгжлийн стратеги болон бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулан, Хятадад эрчим хүч экспортлох болон холбогдох хэлэлцээрийг байгуулах зэрэг асуудлыг идэвхтэй судлана.

Хятадын тал Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг харгалзан монголын талд дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн таатай нөхцөл олгож, монголын талыг Хятадын хойд, зүүн хойд бүс нутаг дахь гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахыг дэмжинэ.

Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлж, хоёр улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх боломжийг зах зээлийн шаардлагын дагуу нэмэгдүүлж, хамтран ажиллана.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг талууд дэмжинэ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс БНХАУ-ын зүгээс Монгол Улсад олон жилийн турш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Гурав. Байгаль экологи, боловсрол, соёл, хүмүүнлэг, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагаа

Талууд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулахыг цаашид судалж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг боломжтой бүхий л талаар урагшлуулж, ард түмний найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ.

Талууд олон суваг, хэлбэрийг ашиглан хоёр улсын ард иргэдийн солилцоог нэмэгдүүлж, ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлнэ.

Талууд соёл, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн салбарын хэлхээ холбоог хөхиүлэн дэмжиж, спорт, хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд Монгол судлал, Хятад судлалыг өөрийн улсдаа хөгжүүлэхийг дэмжиж, хоёр улсын үндэсний соёл, хэл, уламжлал, түүх, урлаг, спорт, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Талууд соёлын өдрүүдийг үргэлжлүүлэн хоёр талдаа зохион байгуулж, хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжинэ.

Талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын холбогдох эмнэлгүүд шууд хамтын ажиллагаа тогтоохыг дэмжинэ. Хятадын тал Монголын эмч, мэргэжилтнүүдийг БНХАУ-д сургалтад хамрагдахыг урьж, алсын зайны сургалт явуулахыг дэмжинэ. Талууд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт анхаарна.

Залуучууд нь хоёр улсын харилцааны ирээдүй болохын хувьд тэдний солилцоо нь хоёр улсын ард түмнийг ойртуулж, найрамдалт харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр тал залуучуудын солилцоог цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулна.

Хятадын засгийн газраас Монголын оюутнуудад жил бүр тэтгэлэг олгож буйд монголын тал талархал илэрхийлэв. Талууд цаашид оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагаа, их дээд сургууль болон мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров. Талууд хамтран Монгол, Хятадын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлнэ. Мөн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны механизм тогтоохыг талууд дэмжинэ.

Хятад улс 2022 оны Өвлийн олимп, Азийн тоглолтыг зохион байгуулах эрх авсанд монголын тал баяр хүргээд цаашид спортын тодорхой салбарт хамтарсан бэлтгэл сургууль хийх, нөхөрсөг тэмцээн зохион байгуулах замаар тус салбарын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиров.

Талууд цаашид цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймэртэй тэмцэх, усны нөөцийг ашиглах болон хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Дөрөв. Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа

Талууд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хамтран ажилладаг уламжлалаа хадгалахыг санал нэгтэй зөвшөөрөв. Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/, Ази-Европын уулзалт /АСЕМ/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга /АРФ/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/, “Их Түмэн санаачилга” зэрэг бүс нутгийн олон талт бусад механизмын хүрээнд нэгдмэл эрх ашгийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Талууд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг томоохон асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох уламжлалаа хадгалан хамтран ажиллаж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал, дэлхий дахины энх тайван, шудрага ёсыг хамтран хамгаалахаа илэрхийлэв.

Талууд ШХАБ-ын Уфагийн дээд түвшний уулзалтын үеэр Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалт амжилттай болсныг сайшаан үнэлж, дээд түвшний энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь нэн чухал гэж үзэв. Талуудын хүч чармайлтаар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг дэмжиж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцоход бэлэн буйгаа илэрхийлэв.

Хятадын тал Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв.

Хятадын тал Монгол Улсыг олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэх, Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэх, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ.

Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйл хэргийн талаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа улам гүнзгийрүүлнэ. Монголын тал хятадын талын зохион байгуулагч орны хувиар Зургаан талт яриа хэлэлцээний үйл явцыг сэргээхийг идэвхтэй урагшлуулах чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжиж, хоёр тал болон олон талт түвшинд хамтран ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр хятадын талаас дэвшүүлсэн Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийг дэмжих, байгаль хамгаалах зэрэг чиглэлийн санаачилгыг монголын тал дэмжиж, зохистой хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

2016 онд Монгол Улсад болох Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад чухал дэмжлэг үзүүлж буй БНХАУ-ын Засгийн газарт монголын тал талархлаа илэрхийлж, БНХАУ-ын дээд удирдлагыг энэхүү уулзалтад оролцохыг урив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн талууд санал нэгтэй үзэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хятадын тал халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Си Зиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив. Си Зиньпин дарга үүнд талархал илэрхийлэв.

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, Бээжин хот