Categories
гадаад мэдээ

“Аlibaba” компани 1.7 сая хүргэлтийн ажилтан ажиллуулжээ

БНХАУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ныг “Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээн тэмдэглэдэг байна. Мөн уг өдрийг “Дэлхийн онлайн худалдааны хамгийн том хямдралын өдөр” болгохоор “Alibaba” компани санаачилсан байна. Ийнхүү цахим худалдааны хямдрал зарласнаар олон төрлийн худалдаа борлуулалтын дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Тус компаний эхний нэг цагийн дотор дөрвөн тэрбум ам.доллараас давсан борлуулалт хийсэн талаараа “тwitter” хуудастаа жиргэж байлаа. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн тэр нэг цагийн хугацаанд 130 сая хүн онлайн худалдааны “Taobao” аппликейшнээр зочилсон байна. Мөн гар утсаар хийсэн худалдан авалтын тоо 27 саяд хүрчээ. Мэдээж онлайн худалдаа нь захиалсан барааг шуурхай хүргэдэг байх дээр тогтдог. Тэгвэл энэ жилийн үйл ажиллагаанд зориулж “Аlibaba” компани 1.7 сая хүргэлтийн ажилтан, 400 мянган автомашин, 200 онгоц бэлтгэсэн байна.

Түүнчлэн 25 орны 30 мянган брэндийн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа ажээ. Олон улсын шинжээчид “Alibaba” компани энэ жилийн хямдралаар дунджаар 12-13 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж таамаглаж байгаа аж. Энэ дашрамд сонирхуулахад 2014 онд “Alibaba” компани арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хямдралаар 9.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж дээд амжилт тогтоож байжээ. Үүнийг АНУ-ын онлайн хямдралын өдөр болох Кибер даваа гарагийн борлуулалттай харьцуулахад зургаа дахин өндөр дүн болж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Тэмээний баяраар шилдэг тэмээчнийг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана гэв

Энэ
сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “Их говийн тэмээний баяр-2015”, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн болох
юм байна. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал
болгон хийж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил баруун аймгуудыг хамруулан
бүсийн хэмжээнд зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөнийг хамтатган хийхээр болжээ.

Арав
дахь жилдээ болох энэхүү арга хэмжээ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг
шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл,
зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах
зорилготойгоор орон нутагт хийгддэг аж. Их говийн тэмээний баярт Говь-Алтай
аймгийн 18 сумаас тэмээчид тус бүр нэг баг болон оролцох бол бусад аймгууд тус
бүр нэг баг болж оролцох юм байна. Их
говийн тэмээний баярын хүрээнд хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж нээлтийн арга
хэмжээ, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур
шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд
явагдахаас гадна хурдан ат болон торомны уралдаанууд зохион байгуулах юм байна.

Мөн тэмээний
гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа,
тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын
уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдах юм. Их говийн
тэмээний баяр-2015 наадмын хүрээнд баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн,
хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах аж.

Тоглолтод урилгаар
МУГЖ Л.Болдбаатар, СТА Г.Бямбажаргал нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна. Тэмээний баярын хаалтын
ажиллагааны үеэр 12 төрлийн уралдаан тэмцээний шагналаас гадна оролцсон
сумуудыг байр эзлүүлж багийн дүнгээр шагнах ба шилдэг таван тэмээчнийг
шалгаруулах гэнэ. Түүнчлэн
шилдгийн шилдэг нэг тэмээчнийг шалгаруулж 10 лангийн мөнгөн буйлаар шагнах аж.

Categories
мэдээ спорт

“Монгол бахархал”-ын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд монголчууд бид их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” нэртэйгээр тэмдэглэж улс даяар амарч байхаар болсон. Уг өдөрт зориулсан улс, аймгийн цолтой чансаа өндөртэй бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөөнөө эхлээдбайна.

Тэгвэл өмнөх онуудад “Монгол бахархалын өдөр”-т зориулсан барилдаануудад ямар бөхчүүд хэрхэн амжилт үзүүлж байсныг сонирхуулахаар бэлтгэлээ.

2014 оны 11 дүгээр сарын 24-нд 128 бөхөөс

Түрүү – Улсын харцага Ө.Бат-Орших

Үзүүр – Улсын аварга С.Мөнхбат

Их шөвөг – Улсын гарьд Б.Гончигдамба

У.лсын харцага Ц.Содномдорж

2013 оны 11 дүгээр сарын 04-нд 128 бөхөөс

Түрүү – Улсын заан Ч.Санжаадамба

Үзүүр – Улсын аварга С.Мөнхбат

Их шөвөг – Улсын арслан Х.Мөнхбаатар

У.лсын харцага Ө.Бат-Орших

2012 оны 11 дүгээр сарын 13-нд 256 бөхөөс

Түрүү – Улсын заан Ч.Санжаадамба

Үзүүр – Улсын харцага Ц.Содномдорж

Их шөвөг – Улсын арслан Г.Эрхэмбаяр

Улсын арслан П.Бүрэнтөгс

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга Э.Бат-Үүл Пхеньянд айлчилна

Нийслэлийн засаг дарга Э.Бат-ҮҮл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Чи Хий Римийн урилгаар энэ сарын 19-24-ний өдрүүдэд тус хотод айлчлахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд болсон “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”-д оролцохоор ирсэн Пхеньян хотын дарга Ча Хи Рим болон албаны төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм.

Улаанбаатар Пхеньян хотууд 2003 онд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол дизайнерын бүтээл шилдэгт багтжээ

Б.Эрдэнэчимэг хэмээх монгол загвар зохион бүтээгч бүсгүйн бүтээл Швейцарийн “Victorinox” компанис зарласан дизайны уралдаанд шилдэг 40 бүтээлийн нэгээр тодоржээ. Эдгээр шилдэг бүтээлүүдээс олон нийтийн онлайн санал асуулгаар дараагийн шатанд шилдэг 10 бүтээлийг шалгаруулах аж. Уг уралдаанд 1024 дизайныг ирүүлсэн байна.

Монгол загвар зохион бүтээгчийн бүтээл нь “Rainforest Walk” нэртэй аж. Дизайны санаагаа халуун орны ургамал, моддоос санаа авчээ. Хэрэв Б.Эрдэнэчимэгийн бүтээл эхний аравт шалгарвал “Victorinox” компанис 2016 оны “Limited edition” бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргах юм.

Швейцарийн “Victorinox” компани нь цэргийн хутга болон ахуйн, мэргэжлийн хутга, хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл гаргадгаараа дэлхийд алдаршсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Архангай, Улаанбаатарт машины хулгай их байна

Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өссөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна.

2014 онд ийм төрлийн гэмт хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машины хулгай их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт “Приус”, “Аксент”, “Кроун” маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Монголчуудаа, Өөртөө итгэцгээе

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

Улаанбаатар хот Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөө

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Чингис Хааны одонт Эрхмүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Өнөөдөр Монгол түмний бахархалт өдөр.

Монголчууд бахархалыг бүтээж, соёлыг түгээж, түүхийг эзэгнэж ирсэн аугаа ард түмэн.

Монголчууд бидний бахархал бол:

Монгол хүн,

Бидний эх орон,

Бидний өвөг дээдэс,

Бидний их түүх, гайхам соёл уламжлал,

Эх орны маань тусгаар тогтнол, эрх чөлөө юм.

Монгол түмний түүхийг олон бахархалт хүмүүн бүтээж ирсэн юм.

Тэр бүхний хаан бахархал нь Эзэн Чингис богд билээ.

Бид их хаанаараа бахархдаг.

Чингис хааныхаа амьдрал тэмцэл, бүтээсэн түүх, ухаан билэгээр бид бахархдаг. Их хааныхаа хэн ч давтаж хүч хүрээгүй гайхамшигт өвөөр Монгол хүн бүр бахархдаг.

Сайн хүн сайн өв бүтээдэг.

Суут хүн мөнхийн өв үлдээдэг.

Чингис хаан бол Монгол хүн бүрт хамаатай өв бүтээсэн юм.

Чингис хааны өв бол Монгол хүн бүрийн бүтээл юм.

Аугаа хүн амьд түүх үлдээдэг.

Түүний өвийг үр хойч нь үргэлжлүүлэн бүтээдэг.

Чингис хаан бидэнд шударга байхыг сургасан.

Чингис хаан хөдөлмөрч, бүтээлч хүнийг үнэлдэг байсан.

Чингис хаан атгаг муу санаа үйлдэл, авлига хулгайг цээрлэдэг байсан.

Чингис хаан андын үнэнч нөхөрлөлийг эрхэмлэдэг байсан.

Чингис хаан улс олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө мууг хашрааж, сайныг дэмжиж явсаан.

Чингис хаан Монголдоо сайн бүхнээ өвлүүлсэн.

Монголчууд бид их хааныхаа эрдэнэт өвийг цаг үргэлж санаж, түүнийг хүн бүр чадах бүхнээрээ баяжуулж өргөжүүлэхийг хичээх ёстой.

Монгол хүн бусдаас дутуу сэтгэнэ гэж үгүй.

Монгол хүн бусдаас дутуу урлана гэж байхгүй.

Монгол хүн бусдаас дутуу ажиллана, хөдөлмөрлөнө гэж үгүй.

Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй.

Бид гагцхүү их хөдөлмөрлөх хэрэгтэй.

Гойд хичээх хэрэгтэй.

Өөртөө итгэх л хэрэгтэй.

Өөртөө итгэсэн хөдөлмөрч хүн амжилтад хүрдэг.

Өөртөө итгэсэн үндэстэн хөгжиж дэвждэг. Оршдог. Үргэлжилдэг.

Эрхэм нөхөд өө,

Монголчууд өнөөдөр бахархалыг бүтээсээр яваа.

Түүний илэрхийлэл олон бахархалт хүмүүн энэ хүндтэй танхимд хүрэлцэн иржээ.

Монгол төр үндэснийхээ энэхүү бахархалт өдрийг даширлуулж Чингис хааны одонгоор Монгол түмнийхээ бахархалт хүмүүнийг өргөмжлөн шагнадаг уламжлалтай.

Энэхүү эрхэм дээд хүндэтгэлийг өнөөдөр зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мэнд-Ооёо бол манай бичгийн мэргэдийн дундаас Монгол Улсын төрийн дээд шагнал – тэргүүн зэргийн одон “Чингис Хаан” одонгоор шагнуулж байгаа анхны зохиолч, яруу найрагч юм.

Монголын гайхамшигт өв Монгол айл бүрт, манай эх орны газар бүр байдаг.

Мэнд-Ооёо бол Монгол түмний бишрэлт газар шорооны нэг Дарьгангын хээр талд төрж өссөн хүн.

Тэр Монгол язгуур өв соёл, уламжлал заншил, тэр хосгүй Монгол ахуйд өлгийдүүлж өссөн, түүнийгээ тээж, бүтээж, дэлгэрүүлж яваа хүн бол Мэнд-Ооёо юм.

Монгол хүн бол улсаа боддог.

Монгол хүн бол олныг сэддэг.

Монгол хүн бол уламжлал, соёлоороо бахархдаг.

Өөртөө итгэлтэй Монгол хүний хөл дор дэлхийн дэвжээ оршдог.

Монгол түмний уламжлал соёл, бүтээл туурвилыг дэлхийн дэвжээнд гаргаж олон хэлийн хүний гайхширал бахархлыг төрүүлж чадсан хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

Мэнд-Ооёогийн хийж, бүтээж, түгээж явааг Монголын уран бүтээлч бүр хийчихмээр санагдам болжээ. Нэг үе хол байсан дэлхийн соёл, яруу найргийн дэвжээг Монгол хүн бүрт ийм ойрхон болгож чадсан гавъяа зүтгэл бол яах аргагүй Мэнд-Ооёод ноогдоно.

Мэнд-Ооёогийн амжилтын нууц бол Монгол уламжлал соёлын, уран зохиолын арвин өв баялаг, бас хувь хүний бүтээлч, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, Монголоо гэх унаган зан чанарт оршиж байгаа юм.

Мэнд-Ооёо бол өнөөдөр бүтээж туурвиж байгаа манай зохиолч, яруу найрагчдаас гадаадын хамгийн олон хэлээр бүтээл нь орчуулагдан түгсэн авъяастан юм.

Мэнд-Ооёо бол Хятадаас Англи хүртэл, Грекээс Солонгос, Энэтхэг, Япон, Америк гээд олон орны нэр хүндтэй шагнал, зэрэг дэв хүртсэн уран бүтээлч юм.

Мэнд-Ооёо бол олон улсын яруу найрагчдын наадмаас “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” шүлгээрээ тэргүүн шагнал хүртсэн найрагч юм. Тэрээр Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, доктор.

Мэнд-Ооёо бол дэлхийн яруу найрагчдын дээд цол “Poet Laureate” буюу “Шагналт найрагч” насан туршийн цолыг Алтан титэмтэй нь хүртсэн хүн юм.

Лондон хотноо төвлөдөг олон улсын “Пэн” байгууллагын Урал-Алтай хэлтний төвөөс Нобелын шагналын уран зохиолын төрөлд албан ёсоор Монгол Улсаас нэр нь дэвшсэн хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

Мэнд-Ооёо утга зохиолын бараг бүх төрлөөр бүтээл туурвижээ. Сүүл үеийнхээс нь “Гэгээнтэн”, “Шилийн Богд” романыг нь нэрлэх ёстой гэж бодож байна.

Мэгзэд Жанрайсэг төслөөс эхлээд Монголчуудын түүх соёлын дурсгалыг судлах суртачлах “Монгол сувдан сондор” хүртэл, үндэсний бичгээ сэргээх, уран бичлэгийг суртачлах, морин хуурын өвийг судлах түгээхээс авахуулаад, Монголын соёлын сан, Монгол соёл, яруу найргийн академи, Соёл уран зохиол, яруу найргийн сэтгүүл гаргах гээд Мэнд-Ооёогий оролцсон, санаачилсан, үүсгэн байгуулсан, эрхлэн удирдсан олон сайн үйлс нь Монголд төдийгүй, олон улсад үнэлэгддэг юм.

Бөмбөрцөгийн уран зохиол, яруу найргийн оргил руу Мэнд-Ооёо ганцаар очоогүй. Тэрээр өөрийнх нь илэрхийлснээр тийш “Тэмээн жин”-тэй очсон юм. Энэ жингийн цуваа нэг яваад зогсоогүй. Үргэлжилсээр байгаа. Түүний хүндэт зочин, төлөөлөгч, удирдаж оролцсон Монголын болон олон улсын олон арван хурал, чуулган, үзэсгэлэн, уралдаан, уулзалт ч дээрхийн нэг нотолгоо юм.

Мэнд-Ооёогийн санаачлага, хичээл зүтгэл, дэмжлэгээр Монголын олон уран бүтээлч, зохиолч, яруу найрагчид дэлхийн уран зохиол, урлаг соёлын тавцан тийш замаа засаж байна. Мэнд-Ооёо бол Монголын бичгийн мэргэдийг дэлхийн түвшинд гаргах, дэлхийнхийг Монголд авч ирэх хос урсгалын нэр хүндтэй зохиогч нь юм. Дэлхийн олон хэлийн яруу найрагчид Мэнд-Ооёогийн санаачлагаар Монголд чуулж байсныг бас нэмж тэмдэглэе.

Дээр хэлсэн бүхнийг багтаагаад Монголын уран зохиол, бичиг, соёлыг судлах, олон улсад суртачлах түгээх их үйл хэрэгт оруулсан, оруулж байгаа хосгүй хувь нэмрийг нь онцгойлон үнэлж Монголын төр өнөөдөр Гомбожавын Мэнд-Ооёод “Чингис Хаан” одон хүртээж байгаа юм.

Мэнд-Ооёо эх орондоо ч, олон улсын тавцанд ч олонтой явж ирсэн, Монголынхоо сайн сайхныг, уламжлал, ахуй, соёлыг олонд хүртээж яваа буянтай уран бүтээлч.

Монгол уламжлал соёлоор бахархах бахархал, бас түүнийг нээж илэрхийлэх итгэл, чадвар, зориг бол Мэнд-Ооёогийн хувьд нийгмийн байгуулал, эсвэл маргаан атаархлаас ангид зүйл.

1977 оны өдий цагт л арван нөхдийн хамт уран бүтээлийн “Гал” нууц бүлгэмийг байгуулж, зохицуулж явсан хүн бол Мэнд-Ооёо. Тэр үед ингэж зөвшөөрөлгүй бүлгэм байгуулах нь амь, ажил, амьдралд хүртэл халтай байсныг одоо цагийнхан хүн үүсэхээс л эхэлж байсан эрх мэт аашлах нь, юу ч гэмээр юм дээ.

Тэр цагт хорин хэдтэй Мэнд-Ооёо “Дэлхий ээж Тандаа би хайртай” гэх шүлгээ бичсэнийг бодоход түүний хийж бүтээж, хүрч хүргэж, хүртэж хүндлэгдэж яваад нь хариу болох мэт.

Эрхэм хүндэт Монголчуудаа,

Монгол Улс авъяастнаар дутахгүй.

Харин зарим Монгол хүнд өөртөө итгэх итгэл, ажил хөдөлмөр хийх эрмэлзлэл сул байгааг Мэнд-Ооёогийн санаачилж сэдэж, хийж бүтээж байгаагаар нөхөх боломжтой гэж би харж байна.

Нэг сайн хүний үлгэр дууриал, бүтээл туурвил, үзэл санаа, үйл хэрэг олон сая хүнийг зоригжуулан дуудах нь бий.

Би дээрхи санаагаа дараахь жишээгээр онцолмоор байна. “Дарьгангын гурвал” гэх нэр манай орчин цагийн уран зохиолын ертөнцөд алдартай. Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Гомбожавын Мэнд-Ооёо. Зээрийн хондлой шиг тэр багахан газартай энэ гурав хүйн холбоотой.

Гэтэл Монгол хичнээн уудам нутагтай билээ.

Хичнээн олон хүнтэй билээ.

Хичнээн их боломжтой билээ.

Хийж бүтээх эрх чөлөөтэй билээ.

Тооноосоо олон санагдах Монголын ард түмэнд их ирээдүй бий.

Их боломж бий.

Монголчуудаа өөртөө итгэцгээе.

Хариуцлагатай, ёс зүйтэй байцгаая.

Хийж бүтээхийн төлөө дор бүрнээ зүтгэцгээе.

Зөвхөн уйгагүй хөдөлмөр, их ажил, сахилга хариуцлага л Монголыг сайн сайханд хүргэнэ.

Хөдөлмөрлөж байгаа, санаачилж байгаа, бүтээж байгаа бүхнийг дэмжье.

Монголын хөгжлөөс хойш нь чангааж байгаа, биднийг хагалж бутаргаж байгаа, Монголын сайн сайхнаас хулгайлж байгаа бүхнийг жигшье.

Монгол хүний бүтээл Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олимпын хөтөлбөрт орж болдгийг, Монголчуудын бичиг соёл, бүтээл туурвил, амжилт ололт олон хэлийн хүний бахархлыг төрүүлэх увидастайг, бүр Монгол хүн олон улс, дэлхийн авъяастнуудын оргил тэргүүнд нь оройлон хүрч болох боломжтойг Гомбожавын Мэнд-Ооёо Та бэлхэнээ харуулж байна.

Ингээд Мэнд-Ооёо Танд Монгол түмний бахархалт энэ өдөр Монгол Төрийн Тэргүүн Дээд Шагнал – “Чингис Хаан” одонг гардуулж өгье.

Монголын минь сайн охид, сайн хөвгүүд улам олон болох болтугай.

Монголын бичгийн мэргэдийн бүтээл улам холыг туулах болтугай.

Монгол Улс минь мөнхөд оршиг ээ.

2015 оны 11 дүгээр сарын 12

Categories
мэдээ нийгэм

Өүлэн эхийн хөшөөний нээлтийг хийлээ

Өнөөдөр өвлийн тэрүүн сарын шинийн 1-н, Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр Улаанбаатар хотод төрийн хүндэтгэлийн арга хэмжээ үргэлжилж байгаа бол Дорнод аймагт Өүлэн эхийн хөшөөний нээлт боллоо. Мөн нээлтийн ёслолтой холбогдуулж 108 эх сүүгээ өргөжээ.

Өүлэн эхийн хөшөөг босгох санааг ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, эх загварыг нь бурханч лам Г.Пүрэвбат бүтээсэн байна. Хонгирад аймгийн, Олхонууд овгийн удамт Өүлэн эх нь одоогийн Баян-Уул сумын нутагт төрсөн гэж түүхчид үздэг.

Categories
мэдээ улс-төр

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр /2015.11.12/ буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Бадрал “Большая Опера” тоглолтод оролцоно

ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академид суралцдаг, ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал энэ сарын 28-нд П.И.Чайковскийн консерваторийн Их танхимд болох “Большая Опера” тоглолтод оролцохоор болжээ. М.Глиник болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шагналтнуудын тоглолт болдог эл алдартай танхимд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өмнө нь мөн дуулж байсан. Харин Ч.Бадрал гурав дахь удаагаа танхимд дуулах гэж буй юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван уралдаанаас гран при, мөн тооны уралдаанаас дэд байрын шагнал хүртээд байгаа тэрбээр хамгийн сүүлд М.Глиникийн болон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрт шалгарсан билээ. Харин энэ удаагийн тоглолтод тэрбээр “Большая Опера” уралдааны амжилтаараа уригджээ.