Categories
мэдээ спорт

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Чингис хааны одонт Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан П.Очирбат, дөнгөж саяхан Чингис хааны одонгоор шагнагдаад буй СГЗ Г.Мэнд-Ооёо тэргүүтэй хүндэт зочид үзэж сонирхсон юм.

Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Д.Батболд, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосон. Тэднээс шөвгийн дөрөвт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, улсын начин Л.Цэрэнтогтох, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн начин Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм.

Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрийг, улсын начин Л.Цэрэнтогтох улсын заан Б.Батмөнхийг давснаар үзүүр түрүүнд үлдэв. Ингээд үзүүр түрүүг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Л.Цэрэнтогтох нар булаалдлаа. Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс шуурхай шийдэмгий барилдаж түрүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мэнд-Ооёо: Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршдог

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Энэ 2015 оны “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн билээ.

Г.Мэнд-Ооёо нь уг эрхэм шагналыг хүртсэн ес дэх эрхмээр тодорсон. Өнөөдөр болсон төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь“ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

Ингээд ёслолын ажиллагаан дээр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Эрхэм хүндэт Улсын их хурлын дарга аа!

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа!

Улсын Их хурлын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүд ээ!

Эрхэм үзэг нэгт уран зохиолчид оо!

Эрхэм хүндэт зочид оо!

Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.

Хүмүүн төрөлхтний буурал түүхэнд Монгол түмний буй болгосон үлэмж их өв уламжлал, эрдэм соёл, үнэт зүйлс он цагийн тоосон дунд нэгэн үе бүдэгшээд, өнөө үед дахин тодрон гэрэлтэх түүхэн хувь тохиожээ. Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулсанаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ хэмээн Дэлхий бидний зүг чих тавьж, ажааран ширтэж эхэллээ. Дэлхийн тайзнаа монгол дуурийн дуучид шагшигдаж, морин хуураа залсан ардын урлагийнхан өрнө дорныг бахархуулж, ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг монгол хүн ахиулж, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн сураг сонсогдож, монгол тамирчид ч од нь гийсээр байна. Санаандгүй давхцал гэж бодохгүй байна. Монголчуудын оюуны энэхүү сэргэлт нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний анхаарлын төвд орж ирлээ.

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан нэгэн хосгүй гайхамшигт дурсгалын тухай та бид сайн мэдэх билээ. Эзэн Чингис хаан Хорезмын аян дайнаас эх нутагтаа буцах замд 1224 онд Бух Сочигай хэмээх газарт цэнгэл наадам дэглэх үеэр Есүнхэ мэргэн 335 алд газар дах байг мэргэн оносон тухай чулуунд гэрэлтүүлэн сийлсэн энэ бичээс түүхийн онцгой зөн совинг шивнэдэг юм. Дайнд баатарласан үйл явдлыг бус, цэнгэл наадам; өнөөгийн хэллэгээр бол соёлын үйл явдлын гэрч болсон энэ бичээс монгол хүний эрч хүч, хурд, цэц мэргэн байхын бэлгэдэл, холыг зөгнөсөн илгээмж буй заа. Их эзэн хаан маань энэхүү бичээсийг гэгээн оюунаараа таалж, холч мэлмийгээрээ болгоож, халуун мутраараа илж тэмтэрч байсан болов уу хэмээн бодогдох бүрийд өвгө дээдэсийнхээ зөн билигтэй нь холбогддог юм.

Түүхийн алтан агшин, дээдсийн оюун санааны эрчисийг агуулж байдаг учраас л хойч үеийнхэн нь өв соёлоо нандигнан хамгаалж, үеийн үед уламжлуулан дамжуулахын учир утга бүрддэг билээ.

Миний бие Дарьгангын хээр талд төрж, Алтан-Овоо, Шилийн Богд тэргүүт эртний домогт уулсын эрчимтэй тал нутгийн дөрвөн улиралд аян нүүдэлд агсагдаж, мал сүргийн захад хүн хүлэг болсноороо бахархдаг юм аа. Бидний үед айл гэрийн бурхан шүтээн ил байгаагүй. Хойморт Алтан-Овооны чулуу, аавын морин хуур хоёр л байдаг сан. Ингэж би нэгэн ширхэг чулуунд ч нутаг ус, эх орон минь бүтнээрээ багтаж болдгийг их л багадаа мэдэрсээн. Аавын морин хуурын аялгуу намайг зөөлөн намуун уянганд дуртай болгож, улмаар яруу найргийн минь хэм хэмнэлийг хөглөсөн юм. Ээжийн ярьдаг үлгэрүүд, нутгийн өвгөдийн домог хууч ертөнцийг ер бусаар дүрслэн, ургуулан бодоход сургаж, ардын цэцэн цэлмэг үгс шүлэг зохиолын минь хэлийг уян налархай болгож өгсөн юм. Ингээд би зөөлөн намуун уянгын дуучин болох замыг эх орныхоо хээр талаас сурсан юмаа. Хурга тугал хариулж, худгаас мал хунараа усалж явахад өнө эртний хүмүүсийн шүтлэгийн хүрэл онго, сумын гилбэр их олддог сон. Холын бэлчээр отор нүүдлийн замд хүн чулуун хөрөг таарна. Уяан дээр Дарьганга мөнгөн эмээлийн, гэрт ороод мөнгөн аяганы хээ чимэглэлийг шохоорон харсаар би бээр өчүүхэн багаасаа өөрийн эрхгүй, үл тасалдан үргэлжлэх үндэснийхээ соёлоор тэтгэгдэн, уран бүтээлийн минь эх ундарга монгол язгуураасаа үндэслэж эхэлсэн гэж боддог юмаа.

Чингисийн чулууны бичиг бүтээгдсэнээс яг 400 жилийн дараа өөр нэгэн гайхамшиг Монголын хээр талын чулуун элгэнд ассан байна. Монголын эх оронч, яруу найрагч Цогт тайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн арын ууланд гараад ихэд уяран нэгэн шүлэг хайлсныг Эрх хиа тэмдэглэн тогтоож, гурван жилийн дараа буюу 1624 онд Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунд сийлсэн нь “Цогтын чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Цээжнээс ундарсан цэцэн билгийг хад чулуундаа хадгалуулаад, бичиг соёлынхоо тиг зурлагын гайхамшигийг илтгэн цоолборлож, хээрийн салхины үлээлтээр шүлэг нь хөг аялгуу орон эгшиглэдэг ийм дурсгал дэлхийд ганцхан буй. Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар бүтээх санааг бодож олоод хойч ирээдүйнхэндээ илгээсэн өвгө дээдсийнхээ холч мэргэн билиг оюуны ийм эх ундаргыг асгаж цалгиалгүй бас ширгээлгүй арвижуулан цогцлоож авч явахын эрхэмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм.

Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтээсэн соёлын дурсгалууд эх орны өргөн уудамд тархан нутагшиж, ан гөрөөс шувуу жигүүртэн, уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог оо. Монголчууд уул усаа амь сүнстэй хэмээн дээдлэн хүндэтгэж, хүнчилэн харьцаж ирсэн нь учиртай. Уул болгон оройдоо мэлмийтэй, эх орны бүх уулс бие биеэ харж байдаг. Дов болгон дотооддоо зүрх сэтгэлтэй, нутгийн бүх дов толгод биднийг ажиглан ширтэж байдаг. Сансар хорвоо, од эрхис хийгээд гараг дэлхий, хүмүүн амьтан бүгд ертөнцийн нэг л хуулийн дотор шүтэлцэн оршдог билээ.

XIX зууны сүүлчээр говь нутагт аж төрж байсан ерөөлч Гэлэгбалсангийн тухай олон домог бий. 1890-ээд оны сүүлчээр хошуу нутаг ихэд гандсан үед залан Цэдэнсамбуутай зөвшилцөн “Тэнгэрээс хур бороо гуйх ерөөл” хэмээх найраг бичиж бэлдээд нутгийн овоон дээр ширгэсэн булгийн эхэнд ард олныг цуглуулан, цагаан эсгий дээр сөхөрч суусаар тэнгэрт хандаж дуудсан гэдэг. Тэгтэл удалгүй гангийн униартай тэнгэрт үүл хуралдаж бороо орж ган тайлжээ. Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзлэл нь газар дэлхийд хадгалагдаж буй байгалийн эрчимтэй ижил хэм хэмнэлд зохилдож, олон хүний хүсэл сэтгэлийн догдлолоор тэтгэгдэн хур бороо орсон гэж ойлгож болно. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм. XIX зууны суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Данзанравжаа

Бие гэвч бие биш

Гэгээн хоосон солонго

Үг гэвч үг биш

Очирын гүн эгшиглэн…хэмээн шүлэглэснийг энгийн утгаар нь харахад хүний бие мөнх бус, солонго мэт замхарна. Харин үг бол очир эрдэнэ мэт бат бөх, утга санаагаа илэрхийлэн үл эвдрэн оршино гэжээ. Бидний өвгө дээдэс үгийн үнэ цэнэ, хүч чадал, совин билгийг өнө эртнээс сайтар мэдэж “амны бэлгээс ашдын билиг” хэмээн; үг гэгч хэлэгдсэнээсээ хойш утга санаагаа хэзээ ч үл алдан үргэлжилнэ гэж сургажээ. “Агт алдвал барьж болно. Ам алдвал барьж болохгүй” билээ. Иймээс үг хэлнэ гэдэг; үгээр ном соёл, судар шастир, уран зохиол бүтээнэ гэдэг бол маш том хариуцлага. Хэлсэн үг бүхэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг. Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ. Өнөөдөр мэдээллийн уудам орон зай дотор элдэв гаж буруу цээртэй үг хэллэгүүд явган хов жив, атхаг хар санаа агуулсан гүтгэлэг харлуулалын бичвэрүүд тэнэж явах болжээ. Ийм үг хэллэгүүд нь өөрөөсөө хар бараан муу эрчим ялгаруулж, нийгмийн оюун санааг хорлоод, улмаар буртаглагдсан орон зайн хэрээр байгалийн гамшиг, өвчин турхан болж илэрдэг, тэр үр дагавар нь муу амлагчийн үйлийн үрийг бас нөхцөлдүүлж байдагтай өнөөгийн шинжлэх ухааны мэргэд санал нэгдэж байна.

Монголын шинэ үеийн уран зохиолыг түүчээлэгчийн нэгэн С.Буяннэмэх “Нэгэн дусал яруу үг мянган лантай таацна” гэж бичсэн нь чухам сайн үг ямар их үнэ цэнтэйг дуун өгүүлжээ. Мөн монголын өөр нэг шүлэгч Б.Хишигбат

Хүмүүн утга уянгыг ойлгож чадваас

Хөлчин чөтгөр хувилгааныг айлгаж чадмуйяахэмээн XIX зуунд шүлэглэсэн нь, түүнтэй нэгэн цаг үеийн суут зохиолч Ф.Достоевский тэргүүтний “Ертөнцийг гоо сайхан аварна” гэсэнтэй эн дүйцэх үг ажээ.

“Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү” хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм. Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм. Дээрх олныг дурдахдаа би нэг зүйлийг; тухайлбал үгийн увидас шидийг эзэмшигч, эзэмдэгч зохиолчийн үг өнөөгийн ертөнцөд ямар чухал болохыг онцлох гэсэн юмаа. Зохиолч яруу найрагч хүн эх хэлнийхээ үгсийн эрдэнэсийн сан хөмрөгийг барьж, түүнийг улам арвижуулан, үндэснийхээ үнэт зүйлийг хадгалагч, илэрхийлэгч нийгмийн оюуны санааны хөтөч нь байдаг түүхэн хувь тавилантай. Эртний Грекэд яруу найрагч нарт дипломат эрх олгож, дайн сөргөлдөөнийг эвлэрүүлэгч элч болгон илгээдэг байсан гэдэг. Монголын ихэс хаад сөргөлдөгчдөд хандах үгсээ шүлэглэн элчид цээжлүүлж “дуу бариулруун” хэмээн илгээгээд зэвсгийн хүчээс илүүтэй үгийн чадлаар ялалт олныг байгуулсан гэдэг билээ. “Монголын нууц товчоо” – г туурвисан бичээчид нь зохиолч яруу найрагчид байсан гэдэгт үл эргэлзэнэ.

Өнөөдөр зарим хэл мөхөж, зарим үндэстэн уусан алга болж байна. Азаар бидний аялгуу сайхан монгол хэл байгаллаг, увдислаг, язгуур эрчим долгионоо алдалгүй өнөөдөртэй золгосон байна. Гэвч даяаршилын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс ч зохиолч бидэнд үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага оногдож байна.

Монголын бүх цагийн уран зохиолын үнэт эрдэнэсүүд; аман зохиолын шүр сувд болох хос уянга, ертөнцийн гурав, их хөлгөн туульсууд, “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” тэргүүт үндэсний сонгодогууд, Чойжи-Одсэр, Данзанравжаа, В.Инжаннаши, Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ болон тэдний цаг үеийн, залгамж үеийн нэр бүхий олон зохиолч яруу найрагчдын бүтээлийг хүн төрөлхтний уран зохиолын эрдэнэсийн сангийн өргөөнд залахын төлөө бид ажиллах ёстой.

Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!

Өнөөдөр надад хүртээж буй эрхэм дээд “Чингис хаан” одонгийн утга учрыг би үүнтэй холбон ойлгож байна.

Эзэн Богд Чингис хаанаасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртлээ яруу найраг, цэцэн билгийг бүтээгч, тээгч, хэрэглэгч болсон Монголын ард түмний Төр нь хүчирхэг, хэл соёл нь тунгалаг, түмэн олон нь амгалан арвин байх болтугай!”

Categories
мэдээ спорт

Манай жүдочдын чансаа ямар байна вэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний дараагаар жүдочдын чансааг шинэчилсэн. Монголын жүдочдын чансаа дээшилж Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар хоёрдугаарт бичигдэж байна. Парисын Их дуулгын хүрэл медальт, Абу Дабигийн Их дуулгын алтан медальт Л.Отгонбаатар наймд, залуучуудын дэлхийн чансаанд гуравдугаарт бичигдэж буй Ц.Цогтбаатар насанд хүрэгчдийн ангилалд 30 дугаарт байрт орж ирсэн.

Дэлхийн чансаанд эхний 30-д эрэмблэгдсэн монгол жүдочид:

Эрэгтэй
-60кг нийт 327 жүдоч
Г.Болдбаатар-хоёрдугаарт-1868 оноо
Д.Амартүвшин-есдүгээрт-1422 оноо
Г.Хэрлэн-23 дугаарт-708 оноо
Ц.Цогтбаатар-30 дугаарт-583 оноо
-66кг нийт 386 жүдоч
Д.Төмөрхүлэг-хоёрдугаарт-2185 оноо
Д.Алтансүх-16 дугаарт-950 оноо
-73кг нийт 400 жүдоч
С.Ням-Очир-аравдугаарт-1226 оноо
Г.Одбаяр-16 дугаарт-1001 оноо
Х.Цагаанбаатар-28 дугаарт-616 оноо
-81кг нийт 367 жүдоч
О.Ууганбаатар-23 дугаарт-770 оноо
Н.Дагвасүрэн-28 дугаарт 658 оноо
-90кг нийт 281 жүдоч
Л.Отгонбаатар-наймдугаарт-1373 оноо
-100кг нийт 244 жүдоч
Н.Түвшинбаяр-17 дугаарт-951 оноо
+100кг нийт 197 жүдоч
Б.Тэмүүлэн-21 дүгээрт-801 оноо
Ө.Дүүрэнбаяр-29 дүгээрт-608 оноо

Эмэгтэй
-48кг нийт 184 жүдоч
М.Уранцэцэг-нэгдүгээрт 3178 оноо
-52 кг нийт 206 жүдоч
М.Бундмаа-16 дугаарт-952 оноо
А.Цолмон-21 дүгээрт-711 оноо
-57кг нийт 246 жүдоч
Д.Сумъяа-нэгдүгээрт-2451 оноо
-63кг нийт 212 жүдоч
Ц.Мөнхзаяа-долдугаарт-1759 оноо
Ц.Цэрэннадмид-13 дугаарт-916 оноо
-70кг нийт 174 жүдоч
Ц.Наранжаргал-17 дугаарт-1027 оноо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхжаргал: “Халх гол” чөлөөт бүс нь Монголын хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргах юм

ХХААЯ-ны харьяа “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн хоёр сарын хугацаанд Халх голын үржил шимт сайхан газар нутгийг “Халх голын чөлөөт бүс” нэрээр гадныханд өгөх гэж байна гэсэн мэдээлэл нийгэмд явлаа. Нэг хэсэг нь зөв, нөгөө хэсэг нь буруу… гэсэн маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Үүнд хамгийн бодитой хариулт өгөх хүн бол Та. Үнэхээр ХАА-н чиглэлийн Халх гол чөлөөт бүсийг байгуулахдаа ямар ч судалгаа тооцоо хийгээгүй, эрдэмтдийн санаа бодлыг ч тусгаагүй юм уу?

-Уг нь бол Халх голыг бүс нутаг болгон хөгжүүлэх суурь аль 1960-аад оноос тавигдсан юм билээ. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар социализмын үеэс эхлэн судалсан гэсэн үг. Тухайн үед Дорнод, Сүхбаатар аймгуудад нийт 14 сангийн аж ахуй байгуулах ТЭЗҮ хийгдэж, Халх гол суманд 270,000 га газарт тариалалт хийн, Дорнодын мухар улаан үүлдрийн 50,000 үхэр, 20,000 барга үүлдрийн хонь бордох цогцолбор байгуулах зорилт тавьсан байдаг. Энэ бүгдийгээ судлан, шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулсан. Анхны зорилт нь 1974 онд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигджээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 онуудад гэхчилэн өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдэж ирсэн.

Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгсөн байдаг юм.

-Яагаад заавал Халх голд чөлөөт бүс байгуулах болсон юм бэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХААИС-ийн судлаач, мэргэжилтнүүдийн багаас холбогдох судалгааг хийж, хагас эрчимжсэн мал аж ахуй бүхий хөдөө аж ахуйн бүс нутаг болгох боломжтой хэд хэдэн бүс нутгийг тогтоож, үнэлгээ хийсэн. Үүнээс Дорнод аймгийн Халх гол сумын нутаг нь нэгдүгээрт бэлчээрийн даац улсын дундаж түвшнээс 8-9 дахин бага, хоёрдугаарт байгалийн хадлан бэлдэх нөөц бололцоо өндөр, гуравдугаарт тариалангийн талбайн хүрэлцээ хангалттай, дөрөвдүгээрт усалгаатай тариалан эрхлэх боломжтой, тавдугаарт байгаль, цаг уурын нөхцөл тааламжтай, зургадугаарт байршлын хувьд зорилтот зах зээлтэй ойр зэрэг хагас эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжих угтвар нөхцөлүүд, шалгууруудад хамгийн ихээр нийцсэн нь юм.

-Халх голын орчмын нутгийг ХАА-н чөлөөт бүс болгосны ач тус, үр дүн гэж тусдаа яригдах байх?

-Тэгэлгүй яахав, тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, шинжлэх ухааны багтаамж ихтэй ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд хамгийн чухал нь тэр бүс нутагт томоохон ур чадвар, мэдлэгийн сан бий болох юм. Шинээр 1000 гаруй ажлын байр бий болно. Хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөн бий болно. Энд би нэг жишээ дурдмаар байна л даа. Халх голын малчин залуус хил залгаа Хянган, Хөлөнбуйр аймгуудад тэдний малыг маллахаар явж байна л даа. Тэд төрсөн нутагтаа ажлын байргүйгээс, орлогын эх үүсвэр нь хангалтгүй байгаа учраас урд хөршид сарын 5000 юань буюу нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийхээр явж байгаа юм. Солонгост ажил хийхээр явлаа гэдэг шиг. Үүнийг нийслэлд мэддэггүй л байхгүй юу. Хэрэв бид Халх гол суманд ХАА-н чөлөөт бүсээ байгуулчихвал тэнд байгаа залуус аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхдийнхөө дэргэд нутагтаа байж, орлогын эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, чөлөөт бүсэд буй болох хүнсний үйлдвэрт ажиллаж, хангалуун сайхан амьдрах боломжтой. Хамгийн энгийн жишээ гэхэд зүүн гурван аймгийн 24,575 малчин өрхийн эдийн засгийн эргэлтэнд оруулж болох малыг эрүүл гэдгийг нь батлаад, үйлдвэрийн аргаар боловсруулаад, гадаад зах зээл рүү экспортлоход жилдээ 400 сая ам. долларын орлого олох боломжтой болж байгаа юм.

-500 мянган га газрыг бүхэлд нь хашиж нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн яриа хүчтэй явсан?

-Зарим хүмүүс ард иргэдэд санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгч байгаа бололтой. Чөлөөт бүсийг тэр чигээр нь хашна гэж. Тийм юм огт байхгүй. Тэнд амьдарч байгаа малчин иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржаандаа байдгаараа байж, амьдардгаараа амьдарна. Хэнийг ч тэндээс нүүлгэн шилжүүлэхгүй. 500 мянган га газрыг газрын зураг дээр зурчихаар шууд хашаа татаж, хашна гэж ойлгож болохгүй. Тэр бол зөвхөн газар зүйн хил хязгаарыг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Харин чөлөөт бүс байгуулснаар тэр 500 мянган га-д амьдран суугаа иргэдэд давуу байдал үүснэ. Жишээлбэл, манай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт зарчмаар бол нэг хониноос олох нийт ашиг шим нь 150 мянган төгрөг байгаа. Харин малчид малаа чөлөөт бүсийн хорио цээрийн хэсэгхэн газарт оруулж, сар гаруйн хугацаанд маш нарийн хяналтын дор эрүүлжүүлэн, импортлогч орны стандартад нийцүүлбэл нэг хонийг дор хаяж 250 мянган төгрөгөөр үнэлэх боломжтой болж байгаа юм.

-Яагаад заавал ХАА-н чөлөөт бүс гэж?

-Монгол бол мал аж ахуйн асар их нөөцтэй орон. Гэтэл бид өнөөдөр уул уурхайгаас хараат эдийн засгийн бүтэцтэй болчихсон. Газрын тосоо хүртэл боловсруулж чадахгүй хилийн дээс давуулж байна. Нэг салбараа хэт шүтсэн, хэт хараат байсныхаа үр дагаврыг үзэж байна. Харин ХАА-н бүтээгдэхүүн бол эргэн төлждөг бүтээгдэхүүн. Би энд нэг жишээ дурдъя. 2008 онд дэлхийн зах зээл дээрх нэг кг үхрийн махны үнэ 2,7 ам. доллар байсан бол өнөөдөр бараг 4,6 ам. доллар хүрч байна. Энэ бүх тоо юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс Эдийн засгаа маш яаралтай солонгоруулах шаардлагатайг хэлээд байгаа юм. Солонгоруулах гэж хэлээд байгаа бодлогын буюу солонгын нэг том өнгө нь НОГООН буюу хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл байх шаардлагатай болоод байна. Үүний тулд өнөөдөр манай салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн томоохон асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай. Нэгдүгээрт, өнөөг хүртэл бид олон улсын байгууллагаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван статус авч чадаагүй байна. Тийм ч учраас 2014 онд ердөө 480 тн үхрийн мах экспортолсон. Харин Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар бид тэр хэсэгхэн газарт хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, эрүүл хүнс үйлдвэрлэж, олон улсын мал амьтны хорио цээрийн байгууллага болон дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл хүнс үйлдвэрлэж чадна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт орох хөрөнгө оруулалт маш муу байна. 2014 оны байдлаар бүх банкны зээлийн 2.5%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04% нь тус салбарт орсон. Манай арилжааны банкуудын санал болгож буй зээл нь жилийн 24-31 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай байгаа. Мөн өнөөдөр тариаланч, малчдын даатгалд хамрагдах байдал тун тааруу байна. Иймд бид чөлөөт бүсийн нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг салбартаа татаж бусад асуудлыг шийднэ.

-Халх голын сав газрыг Монгол орны хүнс, буудайн стратегийн ач холбогдол бүхий нутаг гэдэг юм билээ?

-Халх гол сумын бүс нутгийн тариалангийн хөрсний чанар сайн хэдий ч салхины хүч, технологийн буруу горимд маш эмзэг хөрсөнд тооцогддог. Мөн газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлтээс үүдэн хөрс, бэлчээр доройтох, зэрлэг ан амьтан цөөрөх төлөвтэй байна. Ийм учраас л тариалангийн үүц газар гэх энэ нутгийг төр хамгаалалтдаа авсан. Улс өөрөө энэ газрыг хамгаалалтдаа авч нийтийн эрх ашгийн төлөө хадгалахгүй бол Дорнод аймагт буюу Халх гол суманд газрыг зөвшөөрөлгүй ашиглах явдлууд гарсаар байгаа. Монгол Улсад шинээр газар хагалахад заавал Засгийн газрын тушаал гаргах ёстой байдаг. Гэтэл 2010 оны Засгийн газрын 97 дугаар тогтоол гарснаас хойш нэг ч га газар нэмж хагалах тушаал, шийдвэр гараагүй байхад Халх гол сумын Засаг дарга дур мэдэн газар тариалан эрхлэх, тэжээлийн ургамал тарих, хадлан бэлдэх нэрийдлээр газрыг замбараагүй олгосон байж болох ноцтой баримтууд ил болсон. Тиймээс ХХАА-н сайд холбогдох газруудад нь шалгуулахаар өгсөн байгаа. Ер нь бол Халх гол чөлөөт бүсэд хоёр асуудлыг маш онцгой анхаарна. Энэ нь тус бүсэд тохирсон тариалангийн горимыг тогтоож, түүнийг мөрдүүлэх мөн хууль бусаар газар хагалах асуудал юм. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ тал дээр нэлээн ач холбогдол өгч 75 дугаар тогтоол дээр байнгын хороо хяналт тавьж ажиллахаар болсон байгаа. Өөрөөр хэлбэл 500 мянган га газрын 14,4 хувьд хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих тэжээлийн ургамал тариалах зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх. Тариалалтын технологийн хувьд заавал тэг элдэншүүлгийн технологийг ашиглана. Notill буюу элдэншүүлэлтгүй технологи гэдэг нь хөрсийг хагалахгүй, эргүүлэхгүй тариалалт хийхийг хэлдэг. 2006 оноос Монголд ашиглагдаж одоогоор нийт 20 хувь энэ технологид шилжсэн байна. Ихэвчлэн томоохон үр тарианы аж ахуй тус технологийг ашиглаж байгаа. Энэхүү технологи нь хөрсийг хамгаалах, чийгийг сайн хадгалах давуу талтай байдаг юм. Халх гол нутаг бол тал нутаг учраас хөрс нь салхинд туугдах эрсдэлтэй. Тийм учраас хөрсийг салхины эрсдэлээс хамгаалж, ойн зурвас байгуулна.

-Дэлхийн хаана ч ХАА-н чөлөөт бүс гэж байдаггүй хэмээн зарим хүн ярьсан байна лээ?

-/инээв/ Бразил, Турк, Энэтхэг, Филиппин… гээд олон оронд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгаа шүү дээ. Уг нь жаахан мэдээлэлтэй, мэдлэгтэй байж л ийм асуудал дээр дуугармаар байгаа юм л даа. Тухайлбал, Бразил улс 1967 онд Амазоны ширэнгэн ойгоо хадгалж авч үлдэхийн тулд нэг сая га газрыг тусгай хэрэгцээндээ авч хамгаалсан байдаг. Үүнээс 583 мянган га газрыг ХАА-н зориулалтаар буюу чөлөөт бүс хэлбэрээр хөгжүүлсэн. Бразил улс мал, амьтны өвчингүй бүсээр улсаа бүртгүүлж өнөөдөр дэлхийн махны импортын 20 хувь буюу 1.8 сая тонн үхрийн махаар таван тивийг хангаж байна. Италийн арьс ширний кластер, Чилийн салмон загасны кластер, Кенийн кофе гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөдөө аж ахуйн кластерууд байдгийг жаахан боловсролтой хүн бол нарийн мэдэхгүй юм аа гэхэд дуулж сонссон байгаа л даа. Кластерын нөхцөл бүрэлдсэн газарт түүний хөгжлийг хөшүүрэгдэх нэг арга нь чөлөөт бүс байгуулах юм шүү дээ.

-ХАА-н чөлөөт бүсэд гадны иргэд визгүй чөлөөтэй нэвтэрч, суурьшина гэсэн мэдээлэлд ямар хариу өгөх вэ?

-Чөлөөт бүсийн тухай хуулийн 11.1-д Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гэж заасан. Өөрөөр хэлбэл гаднын иргэд 30 хоногийн хугацаатай орох-гарах виз авч чөлөөт бүсээс 30 хоногийн дотор гарна. Ер нь бол Халх гол чөлөөт бүс нь хил дээр бус, нутгийн гүнд байгаагаараа онцлог. Тэнд гадаадын иргэн визгүй зорчих эрхгүй. Гадаадын иргэн харьяат хэн ч байсан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу виз авч, тус чөлөөт бүсэд нэвтэрнэ.

-500,000 га талбай гэдэг бол том газар нутаг. Яг ямар зориулалтаар төрөлжүүлж ашиглах вэ?

Дотроо хэд хэдэн бүстэй байхаар төлөвлөгдөж байгаа. Үүнд: Хяналт, Хорио цээр, Үйлдвэрлэлийн бүс нь тус 500 мянган га газрын 5,6 хувьд байна. Хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжин тэжээлийн ургамал тариалах зорилгоор 14,4 хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ. Харин үлдсэн 80 гаруй хувийг хадлан, бэлчээр, хөдөө аж ахуйн аялал жуулчлал, хагас эрчимжсэн аж ахуйн талбай байхаар төлөвлөсөн. Ихэнх талбайг бэлчээрт авч хамгаалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал хөгжүүлэх, улсын хадлангийн нөөц бүрдүүлэх зэрэгт ашиглана.

-Орон нутгийн иргэдийн санал бодлыг асууж тусгасан уу?

-Дорнод аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас чөлөөт бүс байгуулах тухай санал хэд хэдэн удаа гаргаж байсан. Тухайлбал, 2014 онд чөлөөт бүс хариуцсан Засгийн газрын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярт, 2011 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны дарга Х.Ганболд нарт албан бичгээр саналаа хүргүүлж байсан юм билээ. Ардчилсан нийгэм бол төлөөллийн ардчилал буюу иргэд өөрсдөө дундаасаа Иргэдийн хурлын даргаа сонгодог, түүгээрээ дамжуулан төр засгийн бодлогод оролцдог тийм л зарчим. Тиймээс аймаг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарч байгаа аливаа санал санаачилга бол ард иргэдийн санаа бодол байдаг. Тиймээс бид өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаа ирүүлсэн чөлөөт бүс байгуулах хүсэлт, албан бичгийг ард түмний санал тусгагдсан тэдний хүсэл гэж ойлгож байгаа.

-Сүүлийн үед таныг сошиал ертөнц, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичих болжээ. Гарал үүсэл, боловсрол гээд л… харж байгаа биз дээ?

-Хараад, уншаад л сууж байгаа. Наад нөхөр чинь хятад, хужаа гээд л. Хэн тэгж бичээд, түүнийг нь хэн өдөөгөөд байдаг нь тодорхой л доо. Дорнод аймагт ирэх жил сонгуульд нэр дэвших хүсэлтэй нэр бүхий нөхдүүд байгаа юм билээ. Одоо ч ийм аргаар улс төрийн замаар алхахгүй байх аа. Би уг нь тэдний л нэгэн адил эх орноо хөгжүүлэх, сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, сайхан амьдрахыг хүсэж, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн залуусын нэг шүү дээ.

-Тэр угсаа гарвалын талаар?

-Хэлье л дээ, миний өвөө бол Увс аймгийн Өндөрхангайн хүн. Аав маань Улаанбаатар хотод төрж өссөн 40 мянгатын хүүхэд. Ээж маань Завхан аймгийн Завханмандал сумын хүн. Миний хувьд өвөг дээдэс, удам угсаагаараа хамгийн их бахархаж, ярьдаг, ер нь бол үндэсний үзэлтэй хүн шүү дээ. Өвөөгийн маань аав Даян Намсрай гэж хүн байсныг нутаг усны ахмадууд одоо ч ярьдаг л юм. Өвөө, эмээ, аав, ээж маань тухайн нийгмийнхээ сэхээтнүүд. Яахав дээ, хотод төрж өссөн миний үеийнхний нэг төрх байна шүү дээ, цайвар царайтай, эрт нүдний шил зүүдэг болчихсон гээд. Тэр маань л хятад шиг харагдуулаад байгаа юм байлгүй.

-Таны төгссөн сургууль, олж авсан мэргэжлийг асуумаар байна?

-Ямар ч сургууль соёл төгсөөгүй ш дээ /инээв/. Наргиан, наргиан, би нийслэлийн Нэгдүгээр дунд сургууль төгссөн. Есдүгээр ангид байхдаа Монголын Идэрчүүдийн холбооны ерөнхийлөгч болж байлаа. Их сургуульд ороод ч бас зүгээр байж чадахгүй МУИС-ийн Оюутны холбоо-Оюутан конгрессыг үүсгэн байгуулалцаж явлаа. Их сургуулийг биологич-биотехнологич мэргэжлээр төгссөн, эмийн ургамал судлалын магистр. Дараа нь ХБНГУ-ын Мюнстерийн их сургуулийг Газар нутгийн экологич мэргэжлээр буюу хөрсний эвдрэл, нөхөн сэргээлтийн чиглэлээр төгссөн. Миний төгссөн сургууль соёл хэн нэгэнд тийм их чухал юм бол ийм л байна даа.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тарчиг түмний тансаг төсөв

Төсөв гэж юу вэ

Хүн төрөлхтөнд хүй нэгдлийн дараа үеэс төр гэсэн ойлголт үүсч түүнийг тэтгэх мөнгөн санг төсөв гэж нэрлэсээр иржээ. Төр нь хаант, нэг нам, олон намын засаглалтайгаас үл хамааран улс орны гадаад дотоод нөхцөлөөс хамааран аль болох их мөнгө цуглуулахыг хичээнэ. Төсвийн хамгийн гоё тодорхойлолт бол “төрийн ард түмэндээ үзүүлэх үйлчилгээний зардал”. Харин хамгийн муу тодорхойлолт нь “хулгай хийж чадвал хариуцлага хүлээхгүйгээр баяжих үзэгдэл”. Саяхан манай парламент 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Энэ нь ерөнхийдөө 2016 оны төсөв батлагдах замдаа орсон гэсэн үг юм. Сонгуулийн өмнөх жил төсвөөр овойж, оцойсон их бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тэр тусмаа өнөөгийн хямарсан эдийн засаг тийм боломж олгохгүй. Гэхдээ ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт хийх гэж байгаа дүр үзүүлэх нь эрх баригчдын араншин. 1990 онд байгуулагдсан Д.Бямбасүрэнгийн Засгийн газар төсөв дээр хамгийн зөв бодлого барьж байсан тухай гадны хэвлэлүүд бичсэн байдаг. Монголчууд Москвагаас хараат бус болсноо зарласан тэр үед угаасаа нурж байсан Оросын материал техникийн баазаас бидэнд ирдэг тусламж үгүй болсон гэдэг. Донор орнуудын жаахан тусламжаар улс орныг авч явах хүнд үүрэг 1990 онд байгуулагдсан Улсын бага хурал, Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт ноогджээ. Тухайн үед хувийн хэвшил хэмээх татвар төлөгч байсангүй. Улсын үйлдвэрүүд шил дараалан хаалгаа барьсаар. Манай улсын 1991 оны төсөв 5.3 тэрбум төгрөгөөр батлагдаж байжээ. Энэ нь ДНБ-ий 28 хувьтай тэнцэж байсан аж. 1992 онд төсвийн ДНБ-тэй харьцуулсан хувь 22 болтлоо буурчээ. Энэ үзүүлэлт 1993-1996 он хүртэл 36 хувь болтлоо өссөн ч 1996 онд дахин 22 хувь хүртлээ буурсан байна.

Төсвийн ДНБ-д эзлэх жин нэмэгдэх тусам л эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаа муудсан байдаг. 1990 оны хоосон лангууг жил хүрэхгүй хугацаанд гадаад паспортын бодлогоор чанар муутай боловч хэрэгцээ хангаад байхаар хятад бараагаар дүүргэжээ. Төсөвт татах мөнгө бага байх тусам толгойтой бүхэн төрөөс дайжиж, компани байгуулж байсан нь түүх болон үлджээ. Харин 18 жилийн дараа буюу 2008 оны төсвийн тухай хуулиар төсвийн орлого 2,4 их наяд төгрөг болж өсчээ. Энэ нь ДНБ-ий 44 хувьтай тэнцэнэ. Харин саяхан хоёрдугаар хэлэлцүүлэг болсон 2016 оны төсөв 7.8 их наяд төгрөг болж батлагдана. Энэ нь ДНБ-ий 30 шахам хувьтай тэнцэнэ. Өнөөдөр дэлхийд эдийн засаг нь хямарч байгаа орнууд төсвөө танах бодлогыг л эн тэргүүнд тавьж байна. Цомхон төсөвтэй орнууд дэлхийн ямар ч хямралыг ажрахгүй давж байгаа бол дэлхий эдийн засаг таатай үед ч баялаг ихтэй орнууд гуйлга гуйсаар л сууна.

Төрийн бус тойргийн төсөв

Эндээс ДНБ-ий 30 шахам хувьтай тэнцэх их хэмжээний мөнгө хураасан төр бидний төлөө юу хийх вэ гэсэн асуулт гарна. Өнгөрч буй 2015 оны улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах урьдчилсан дүн гарчээ. Өөрөөр хэлбэл гэрийн эзэн энэ жил 100 сая төгрөг олно гэж тооцоод хамаг ажлаа төлөвлөчихсөн чинь ердөө л 75 сая төгрөг олж. Дутуу 25 сая төгрөг нь түлш түлээ, байшингийн дээвэр, хүүхдийн сургалт гээд олон талын амьжиргаа залгуулах мөнгө. Дутуу дээвэртэй, хүйтэн байшинд гэрийн эзэн эхнэр хүүхдээ өвөлжүүлнэ. Эхнэрийн “Яаж тооцохоороо олж чадахгүй 25 сая төгрөг төлөвлөдөг байна аа” гэж үглэхээс илүүтэйгээр хүйтэн өвөл ойртож буйг мэдэрсэн хүүхдүүдийн айдастай харц гэрийн эзнийг зовооно. Үнэхээр зарим эдийн засагчид “УИХ яаж алдахаараа төсвийг нэг их наядаар алдаж тооцдог байна аа” хэмээн дуу алдаж байна. Нэг их наяд төгрөг гэдэг бол 600 шахам сая ам.доллар. 20 мянган айлыг нэг өрөө орон сууцаар хангах хэмжээний мөнгө. Эдийн засагчийн хэлснээр өнгөрсөн жил Засгийн газар 500 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв УИХ-д оруулж ирсэн гэнэ. Харин УИХ маань алдагдлыг бууруулж батлахын оронд нэмээд 500 тэрбумын алдагдал баталчихаж. Өөрөөр хэлбэл өнөө жилийн төсвийн нэг их наяд төгрөгийн алдагдлын тал нь УИХ, тал нь Засгийн газрын алдаа болж таарч байна. Айлын авгай нөхрөө тэнэг мулгуугаар нь дуудах амархан. Харин төрийг төлөөлсөн УИХ,Засгийн газрыг хэн загнах вэ гэсэн асуулт гарна.

Сөрөг хүчин гэж хариулах хүн олон байх. Гэхдээ өнөөгийн эрх баригчид сөрөг хүчний шүүмжийг нэг их хүлээж аваад байхгүй нь 2012 оны сонгуулийн маргаашнаас тодорхой болсон. МАН-гүйгээр олонхио бүрдүүлээд хурлаа хийгээд явчихдаг жишиг аль хэдийнэ тогтсон. Ирэх жилийн төсвийг харвал нэг их олон барилга ашиглалтад орохгүй. Маш олон цэцэрлэг, сургуульд хаалга, цонх нэмэх хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл тойрог болгонд бүтээн байгуулалтыг дуусгах биш бүтээн байгуулалт явж байгаа шүү гэсэн мессэж өгөх жаахан хөрөнгө амсуулна. Тухайн тойргоос сонгуульд нэр дэвших намын гишүүдээ дэмжсэн бодлого. Энэ нь төсвийг улсын биш тойргийн төсөв болгон хувиргана. Өөрөөр хэлбэл улсын хэмжээний том асуудлыг шийдэх биш. Дов жалганы жижиг асуудлыг шийдэх зам руу хальтирна. Нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй ч намын эрх барих хугацааг сунгана. Сүүлийн 20 гаруй жил сонгуулийн өмнөх төсөв ингэж л батлагдсаар ирсэн. Өнөөдөр манай улсын хүн амын тал хувь нийслэлд амьдардаг. Тэд ДНБ-ий 70 хувийг үйлдвэрлэлдэг. Гэтэл төсвийн 30 хүрэхгүй хувь нь нийслэлд ноогдоно. 200 мянга шахам хүн амтай дүүргийн төсөв 20-30 мянган хүнтэй аймгийн төсвөөс бага байх жишээтэй. Төрийг тойргоос бүрдүүлдэг сонгуулийн хууль төсвийг тойрогт тараах л намыг Засгийн эрхэнд гаргана. Нэгэнт тухайн тойрогт оруулж байгаа хөрөнгө нь нийгмийн асуудлыг шийдэх боломжгүй тул олдсон жаахан хөрөнгөө сонгуулиар санал болгох хачин жигтэй саналуудыг эрхэм гишүүд бодож олно. Аймагтаа төрийн туг мандуулах суурь (Ховд аймгийн Жаргалант сум 200 сая төгрөг), аймаг руу орох хаалга, малын нүүдлийн хашаа гэх мэтийн хачин марзан юм бодож олсноор хэдэн тэрбумыг салхинд хийсгэх зам нээгдэнэ. Мэдээж энэ бүхнээ ард түмний хүсэл тачаал мэтээр тайлбарлана. Үнэн хэрэгтээ сонгуулийн санал цуглуулах ядмагхан оролдлого. Энэ нь манай төсөв улс орны нийгмийн асуудлыг шийдэх биш. Тойргийн санал авах хэрэгсэл болсныг батална. Үүний сонгодог жишээ бол энэ жил Өвөрхангай аймагт баригдсан 300 сая төгрөгийн үнэтэй шинэ хаалга. Хэдхэн жилийн өмнө ийм хаалга барьсан ч энэ жил сонгуульдах учраас дахиад нэмж барьсан бололтой юм. Эрхэм гишүүдэд чамлагдаад, бидэнд дааж давшгүй дарамт болоод байгаа ирэх жилийн төсөв нэртэй 7.8 их наяд төгрөг энэ мэтээр л тойргуудад цацагдана.

Ирэх жилийн төсвийн өнгө

Удахгүй хэрэгжиж эхлэх 2016 оны төсөвт сонин содон хөрөнгө оруулалт чамгүй олон байна. Жишээлбэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2012-2017 онд баригдах 4.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Хүнс худалдааны төвийн барилга. Ирэх онд тус барилгад 395 сая төгрөг оруулна. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хэзээ баригдах дуусах мэдээлэл алга.

Мөн Ховд аймагт 2012-2017 онд баригдах Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж таван тэрбумаар баригдаж дуусна. Ирэх жилд барилгад 1.4 тэрбум төгрөг хаяна. Таван тэрбум төгрөгийн цэвэрлэх байгууламж шаардах их хэмжээний түүхий эд боловсруулж байгаа гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг хөгжүүлэх таван тэрбум төгрөгийн төсөлд ирэх онд 50 сая төгрөг олгоно. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Угтах хаалганы их засварт 292 сая төгрөг зарцуулна. Зургаан тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй “Цэрэг спортын төв цогцолбор” төсөлд (Алдар спорт хороо) ирэх жил 52 сая төгрөг л оруулна.

Харин боловсролын сайдын багцад 200 шахам цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулахад 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ ирэх жилийн төсөвт энэ мөнгөний 25 хувь нь л суусан байна.

Олон нийтэд таатай нэгэн мэдээлэл бол ирэх жилийн наймдугаар сарын 1-нээс өнөөдөр байгаа найман яам хоёр яам болж нэгдэнэ. Үүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Хөдөлмөрийн, Эрүүл мэнд, спортын, Аж үйлдвэрийн яамдыг нэгтгэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эрчим хүчний яамдыг нэгтгэж Дэд бүтцийн яам байгуулахаар ирэх жилийн төсвийн төсөлд заажээ. Хэрэгжүүлж чадвал энэ бүтцээс багагүй төсөв хэмнэж мэднэ. Гэхдээ хэрэгжих магадлал тун бага тухай улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байгаа юм.

Х.Баттөгс

Categories
мэдээ нийгэм

Морин хуурын флаш моб болжээ

Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол хуур төвөөс хүндэтгэл үзүүлж Чингисийн талбайд флаш моб зохион байгууллаа. Тус төвийн 30 орчим хөгжимчид Монголын бахархал болсон морин хуур хөгжмөөр “Татлагын холбоо”, “Үүлэн бор”, “Монгол аялгуу”-г тоглож сонирхуулсан. Уг арга хэмжээ 15.00 цагаас “Хүннү Молл”-д үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд чансааг тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос 2015 оны үндэсний бөхийн барилдаануудад хүч сорьсон бөхчүүдийн чансааг шинэчлэн эрэмбэлэхэд Монгол Улсын арслан Э.Оюунболд 17 барилдаанаас 14-д нь хүч үзэж 23939 оноотой 78 давж 10 унасан амжилтаар чансааг тэргүүлсэн байна.

Энэхүү чансааг 2015 оны цагаан сар, наадам болон энэ намрын начин цолны хүндэтгэлийн барилдаан хүртэлх нийт 17 барилдаанд үзүүлсэн амжилтаар нь оноо өгч гаргасан байна. Тус часаагаар Улсын арслан П.Бүрэнтөгс 15 барилдаанд хүч үзэж 76 удаа давж, 12 удаа унасан амжилтаар 19195 оноогоор хоёрдугаарт эрэмблэгдлээ. Харин Улсын харцага Ц.Содномдорж 12 барилдаанд нийт 68 давж, 9 унасан амжилтаар 16754 оноотой гуравдугаарт бичигдлээ.

Д/д Нэр цол барилдаан чансаа даваа унаа

4. Н.Батсуурь у.арслан 13 14359 68 11
5. Б.Гончигдамба у.гарьд 8 11604 43 8
6. Э.Даш у.начин 12 11323 45 12
7. Г.Эрхэмбаяр у.аварга 6 11219 40 3
8. Р.Пүрэвдагва у.начин 11 11197 51 11
9. Ө.Бат-Орших у.харцага 12 9745 53 11
10. Б.Батмөнх у.заан 13 9200 57 13
11. Ч.Санжаадамба у.заан 8 9085 34 7
12. Б.Пүрэвсайхан у.харцага 11 8853 48 11

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Монгол бахархлын өдөр

Энэ өдрийг бүх нийтээр Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж байна. Өнөөдрийн онцлох үйл явдлыг гэрэл зургаар өгүүлэн хүргэе.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн далайд маргааш сансрын хаягдал унана

Хүн төрөлхтний олон жилийн турш үүсгэсэн сансрын хог хаягдал бөөгнөрөн хуримтлагдаж эргээд дэлхий унах аюултай талаар сансар судлаачид хэлдэг. Тэгвэл энэ арваннэгдүгээр сарын 13-нд Шри Ланка арлын өмнөд эрэг орчим “WT1190F” гэж нэрлэсэн хогны бөөгнөрөл дэлхий дээр унахаар айсуу талаар өмнө цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл баттай болсон байна. Тодруулбал, маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны 14.19 цагт “WT1190F” сансрын хог Энэтхэгийн далай орчим унана гэдгийг эрдэмтэд тодруулжээ. Эл биетийг судлаачид Аполло хөлгийн үлдэгдэл байж болзошгүй таамагласан байна. Энэхүү хаягдал нь Энэтхэгийн далайд, Шри Ланкагийн өмнөд эргээд 100 орчим километрийн зайд далайд унах тул ямар нэг осол эндэгдэл гарахгүй аж.

Энэ нь хүний үүсгэсэн сансрын хаягдал дэлхий дээр эргэн унаж байгаа анхны тохиолдол юм. Үүнийг эрдэмтдэд хэрвээ манай дэлхий дээр гадны нэг биет сансраас унавал агаар мандалд ямар үзэгдэл ажиглагдах, хэрхэн замыг нь урьдчилан тооцоолох зэргийг судлах том боломж гэж үзэж байгаа гэнэ.

Хоёр метр гаруй диаметр голчтой энэ биетийг чухам хаанаас гаралтай болохыг хэн ч мэдэхгүй байгаа. Гэхдээ эрдэмтэд 1960,70-аад оны үеийн NASA-гийн Аполло аялалын үеийн хаягдал пуужингийн хэсэг байх гэж таамаглаж байна.

NASA-гийн мэдээлснээр энэ бол АНУ-ын Сансрын Хяналтын Сүлжээний ажиглалтанд байгаа 10 см-ээс урттай 20 гаруй сансрын хаягдлын нэг гэнэ.

Тэдгээрийн 1,000 орчмыг пуужингийн үлдэгдэл гэдэг бол үлдсэнийг нь “тойрог замын хэлтэрхийнүүд” гэдэг аж.

Харин 10 см-ээс бага хэмжээтэй хаягдлуудын тоо хэдэн арван саяар тоологддог гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Victoria’s Secret”-ын загварын шоу рок концертыг санагдуулсан гэжээ

Дотуур хувцасны хамгийн нэртэй брэнд болох “Victoria’s Secret”-ын загварын шоу уржигдар Нью-Йорк хотноо болсон билээ. Энэ удаагийнх шоу гэхээсээ илүү рок поп концертыг санагдууллаа хэмээн “USA Today” сонинд онцолжээ. Дэлхийд алдартай загвар өмсөгчид шинэ загварын дотуур хувцсыг үзэгчдийн хүртээл болгож байхтай зэрэгцэн дуучин Селена Гомез, Элли Голдинг, The Weekend зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн энэ жилийн загварын шоунд Адриана Лима, Бехати Принслу, Кэндис Свейнпол, Алессандра Амбросио, Лили Олдридж нар уламжлалт ёсоороо оролцов. Мөн “Victoria’s secret” шоуны тайзнаа Fantasy Bra буюу хамгийн үнэтэй гоёлын чулуугаар бүтсэн дотуур хувцсыг жилийн онцлох сахиусан тэнгэр өмсөж танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хамгийн үнэтэй дотуур хувцсыг Лили Олдридж өмссөн байна. Сануулахад “Victoria’s Secret” загварын шоуг Америк даяар арванхоёрдугаар сарын 8-нд цацах юм байна.