Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчлэх ажилтнуудыг сургана

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт ирэх зун Монголд болно. АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болжээ. Үүнийг баталгаажуулах Санамж бичиг үйлдэх ёслол өнөөдөр “Туушин” зочид буудалд болно. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ЕТГ-ын дарга, АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Гааль дээр дөнгөж буусан машинаар Улаанбаатар руу хүн тээвэрлэдэг болжээ

Автомашины ченж нар Замын-Үүдийн хилийн боомт дээр буусан машинуудаа буулгаад тэндээс нь жолооч хөлсөлж Улаанбаатарт авчирч худалдаалдаг зөрчил ихэсчээ. Гаднаас орж ирж буй автомашиныг Замын-Үүдээс нийслэл рүү чингэлэгээр тээвэрлэх ёстой. Гэтэл ченж нар жолооч хөлсөлж, хөлсөлсөн жолооч нар нь ямар ч үзлэг оношлогоонд ороогүй, сери дугааргүй машинаар Улаанбаатар руу халтуур хийж, 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхих болжээ. Тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь prius аж. Нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр хөлсөлдөг байна.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат хэлэхдээ “Тухайн тээврийн хэрэгсэл 72 цагийн дотор бичиг баримтаа авсан эсэхэд манайхаас хяналт тавьдаг. Түүнээс хүн тээвэрлэж байгаа эсэхийг хянах боломжгүй. Гэхдээ иргэд ийм төрлийн бичиг баримтгүй автомашинаар зорчихгүй байх хэрэгтэй” гэсэн байна.

Замын цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын дургааргүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн дүрэм байхгүй аж. Хотод ч мөн адил тухайн иргэн машин худалдаж аваад гэр рүүгээ, эсвэл Авто тээврийн оншилгоонд хамруулахаар дугааргүй явах тохиолдол байна. Харин 72 цагийн дотор бичиг баримтаа бүрдүүлээгүй замын хөдөлгөөнд оролцвол торгох, журамлах шийдвэрүүд хэрэгждэг байна. Иймээс иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж бичиг баримтгүй автомашинаар зорчихгүй байх шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Сүү, мах боловсруулах үйлдвэртэй боллоо

Технологийн дээд сургууль сүү мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лабораторитой боллоо. БНСУ-ын дэмжлэгтэйгээр энэ үйлдвэрийг байгуулжээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Технологийн дээд сургуулийг сонгон дээрх төслийг хэрэгжүүлсэн байна. Үйлдвэрийн нээлт одоо эхлэх гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Мөнгөний бодлогыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Мөн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодын хуралдаан болно. Ингээд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Өнөөдөр УИХ дахь Төсвийн болон эдийн засгийн байнгын хороо хуралдаж, 2016 оны улсын төсөв, мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.

1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар

-Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлнэ. Хуралдаанаар

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийнэ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Г.Ганчимэг, Г.Шийлэгдамба хоёрын хэрэг хоорондоо хамааралгүй ч, тэднийг авлига авсан хэмээн шалгаж байна

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэх хэргээр саатуулагдсан. Тэгвэл түүний араас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас уржигдар баривчилжээ. Түүнийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд тусдаа хэрэг боловч мөн л бусдаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. Г.Шийлэгдамбад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй адил зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг одоогоор 72 цаг саатуулсан гэх боловч цаашид үргэлжлүүлэн хорих бололтой. Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд ” төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулсан гэдэг. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан аж. Энэхүү том төслийн эхний шат буюу цахим эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд “HUAWEY” компани хамтран ажиллахаар болсон аж. Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагджээ. Үүнийг нарийвчлан шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хэрэг илэрсэн бололтой. Харин Г.Ганчимэгийн хувьд мөн л бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэж шалгаж байгаа ч энэ асуудал нь баримтаар тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгтэй холбоотой лавшруулан шалгах зүйл байгаа тул мөрдөн байцаалтын нууц задруулахгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгөхгүй байгаа юм байна.

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч сэжигтнээр байцааж эхэлжээ

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч гадуур сэжигтнээр байцаагаад эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сонгууль дөхсөнтэй холбоотойгоор намдаа хандив цуглуулах нэрээр бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэл байгаа гэнэ. Энд зөвхөн Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг ч төдийгүй түүний өмнө энэ салбарын сайд асан С.Удвалтай ч холбогдож буй зарим хууль бус явдал байгаа бололтой. Тэгэхээр энэ салбарынхныг лавшруулан шалгах уу эсвэл нэг намын нөхөд сайд байсан тул ингэсгээд хэргийг дуусгах уу гэдэг нь цаг хугацааны асуудал бололтой. Мөн С.Удвалын үед Төрийн нарийн бичгийн дарга явсан эмэгтэйн асуудал ч сөхөгджээ. АТГ-ынханд олдсон хэргийн баримт болон мэдээлэгч нарын тайлбар, гомдол Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах тохиромж бүрдсэнтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна.”Өгье гэсэн мөнгийг үгүй гэлгүй” олдсон дээр нь аваад байсан байж болохыг үгүйсгэх хүн байхгүй байгаа юм. Учир нь Г.Ганчимэг Г.Шийлэгдамба хоёр нэг намынх. Г.Шийлэгдамбыг баривчлагдсан орой МАХН-ынхан бужигнаж, хоорондоо цуглахдаа ч энэ тухай ярьсан гэдэг. Зарим нэг нь “Н.Энхбаярыг залуусыг намдаа мөнгө ол гэж дарамталснаас Г.Шийлэгдамба явлаа” гэж зэмлэх явдал ч гарчээ. Дараа нь Г.Ганчимэг бас л хээл хахууль авсан хэргээр хоригдлоо. Үүнээс үзвэл Г.Шийлэгдамба тэргүүтэн намынхаа золиос болжээ гэж харагдахаар байгаа юм. Энэ явдлыг батлах нэг зүйл нь Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахад амархан “өгөөш” болсон бололтой. Тэр “өгөөш”-ийг Г.Шийлэгдамбын ойрын, намынх нь урвагч нэгэн хуулийнханд өгсөн сураг ч гарч байна. Мэдээж Г.Шийлэгдамбыг хаана юу хийж, явааг гадны хэн нэгэн иргэн мэдэх боломжгүй. Түүнд гомдсон хүсэлтийг нь биелүүлээгүй, тендерт ялах боломж байсаар байхад тэр эрхийг өөр хүнд өгсөнд хамаг будлиан оршиж энэ хэрэг илэрсэн бололтой. Тийм ч учраас тус яамнаас зарласан сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох ажил хахууль, шангаар явагдсантай холбоотой гэж зарим эх сурвалж хэлж байна. Нөгөө талаас манай улс төрийн намуудын дунд тогтсон нэг муухай зүйл нь энэ. Намынхаа төлөө хандив мөнгө цуглуулж яваад золиос болсон хүн цөөнгүй байдаг. Анхных нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар байсныг хэн хүнгүй л мэднэ. Энэ хүн дараа нь анхны авлигын хэрэгтэн болоод үлдсэн. Намын буруу тогтолцоо,бусармаг арга барил хэн нэгнээ золиос болгодог түүх байсаар байхад Г.Шийлэгдамба ямарч хамгаалалтгүйгээр яваад орчихлоо гэх хүн хуулийнхан дунд цөөнгүй байна.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн бичгийн дарга Г.Ганчимэг гэж хэн бэ

Г.Шийлэгдамбын сайд болсныхоо дараа хууль зөрчин томилсон хүн нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг. Тэрбээр эрүүл мэндийн салбарт анхан шатнаас нь буюу сувилагчаар ажлын гараагаа эхлэн улмаар хэлтэс, албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Г.Ганчимэг 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байжээ. 2014 оноос тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг юм байна. МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбатай нэг нам. Мөн зарим хэвлэл Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын сайн найз Г.Ганзоригийн эгч гэж мэдээлж байна. Энэ нь ч ортой юм байна. Г.Шийлэгдамбаар дамжуулж С.Баярцогт өөрийн танилын хүрээний хүмүүсээ албан тушаалд томилсон байдаг аж. Тэдний нэг нь Г.Ганчимэгийн томилгоо гэнэ.

Г. Шийлэгдамба түүнийг ажилд авахдаа хууль бус тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэргэжилтэн байсан Г. Ганчимэгийг томилсон аж. Тухайн үед түүнийг “өөрийн” дуулгавартай хүмүүсийг яаманд шургалуулах, үүний тулд саад болж байгаа төрийн албан хаагчдыг замаасаа зайлуулах ажлыг Г.Ганчимэгээр хийлгэж байна гэж үзэх хүн олон байсан юм. Мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал бий.

Хууль зөрчин Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилжээ

Энэ тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээдэг. Тухайлбал дээрх хэргийн “4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, “4.7 албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэжээ. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь чөлөөлөгдсөн бусад яамдын энэ албан тушаалын албан үүргийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар нь түр орлон гүйцэтгэж байхад, Эрүүл мэнд, спортын яамны сайд гаргаж, мэргэжилтэн Г. Ганчимэгээр орлуулсан нь дээрх журмын 4.3.2-ыг зөрчсөн хэмээж байв. Ингээд хуучин ЭМЯ-ны төрийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ЭМСЯ-ны ТНБД-ын 2014 оны 389 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ ЭМСЯ-ны төрийн албан хаагчдыг байршуулсан 390 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг эргүүлэн томилоогүй нь дээрх журмын 4.7-г зөрчсөн гэж үзэх шалтгаан болсон байдаг.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтан биш гэж үзсэн байна

Ийнхүү Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот явуулж байсан байна. Энэхүү албан бичигт “ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэг, ТЗУГ-т ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б. Эрдэнэчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэжээ.

Гэвч сайд Г. Шийлэгдамба, энэхүү албан тоотыг үл тоосон бөгөөд өөрийн хүссэнээр шийдсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга болсон Г.Ганчимэг харин 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Г. Шийлэгдамба ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүстэй уулзаж “Би өөрийн удирдлагын багийг авчирч байгаа тул та нарыг халж байна” гэж хэлжээ. Мөн ЭМЯ нь Эрүүл мэнд, спортын яам болж спортын чиг үүрэг нэмэгдэж ирснээс биш дөрвөн газар (Төрийн захиргааны удирдлагын газар, Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар), гурван хэлтэс (Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс)-ийн даргын албан тушаал (ажлын байр)-ын чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад бүгдийг ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, АТГ-аас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хүмүүсийг нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод, эрх зүйн чадамжгүй Төрийн нарийн бичгийн даргаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг тохоон томилсон. Гэвч “Удирдлагуудыг нь сольж чадсан ч тэдний хууль бус үйлдэлд дургүйцэн алхам бүрийг нь хянах халагдсан хүмүүсийн удирдлага доорх ажилтнуудыг нь халж чадаагүй. Энэ нь хожим гай болохыг мэдээгүй л байх. Яамны бүх ажилтанг халж чадаагүй учраас сайдын үйлдэл нэг яаман дотор үйлдэл бүрээрээ хэн нэгний хараанд байж л байсан” гэх яриа яаманд гаргаад байна. Яамны бүхий л тушаал шийдвэрүүд харин Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр явагддаг. Гэвч Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар авилгын хэрэгт унасан нь намаа санхүүжүүлэхээр зүтгэснийх бололтой.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Бүхий л зүйл нь цогц “ГЭГЭЭНТЭН” хотхон

“Жигүүр гранд” группын сүндэрлүүлсэн “Гэгээнтэн” цогцолбор нийслэл хотод өнгө үзэмж, сүр жавхлан нэмж ихэмсгээр орших болоод жил гаруй хугацааг үдэж байна. Олон хүмүүсийн оюун ухаан, авьяас билиг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтсэн хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшнээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтын нэг нь яах аргагүй “Гэгээнтэн” цогцолбор хотхон юм.

Нэртэйгээ адил сүр жавхлан, гэрэл гэгээг илтгэх “Гэгээнтэн” хотхон нь Хан-Уул дүүргийн XV хороо Их тойруугийн гудамж буюу 120 мянгат”-ын уулзварын урд байрладаг. Гадаад, дотоодын зочдын ирж буй зам дагуу байрладаг тул Улаанбаатар хотын нүүр царайг илтгэсэн барилгуудын нэг гэж хэлж болно. Ихэнх компани томоохон бүтээн байгуулалт хийхдээ гадна, дотнын компаниудаар архитектур, загвар дизайнаа гаргуулах, барилгын чиглэлийн хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилладаг бол “Жигүүр гранд” групп барилгын зураг төсөл, загвар дизайнаасаа авахуулаад, барилгын ажил, дулаан, бохирын шугам сүлжээ хүртэл бүгдийг зуун хувь өөрсдөө хийдгээрээ онцлог. “Гэгээнтэн” хотхон ч мөн адил “Жигүүр гранд” группын ажилтан хамт олны сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөөр боссон юм. Тус цогцолборын барилгын ажил 2012 оноос эхэлж 2014 оны сүүлээр бүрэн баригдаж дуусчээ.

Бүх үйлчилгээний төв, оффис, орон сууц нь цогцоор сүндэрлэх “Гэгээнтэн” хотхон нь үндсэн дөрвөн цогц байртай. Тухайлбал, оффисын хоёр байр, Энтэртаймент төв болон дөрвөн орц бүхий орон сууцны нэг байраас бүрдэнэ. Оффисын хоёр байрныхаа дунд голлон байрлах энтэртаймент төв нь таван давхар бол оффисын байрнууд нь 16 давхар өндөр юм. Харин орон сууц нь зүүн талдаа буюу олны нүднээс далд оффис, энтэртаймент төвийнхөө цаана байхаар шийдэж өгчээ.

“Гэгээнтэн” цогцолборын барилгууд нь төмөр бетон, карказан барилга. Нийт талбай нь 11800 ам дөрвөлжин метр талбай эзлэн оршино. Үүнээс 5870 ам дөрвөлжин метр талбайд худалдаа үйлчилгээний зориулалттай төв байдаг. Энтэртаймент төв болон оффисын төв нь нүүрэн талдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалсан гурван давхар шилэн фасадтай. Германаас орж ирсэн нөөцийн цахилгаан үүсгүүр, орчин үеийн агааржуулалтын системтэй.

Энэхүү цогцолбор хотхоныг олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж байгуулсан хэмээн мэргэжилтнүүд үздэг юм билээ. “Жигүүр гранд” групп “Гэгээнтэн” цогцолбор хотхоныг барьснаар зөвхөн энтэртаймент төвдөө л гэхэд 100 гаруй ажлын байр шинээр бий болгожээ.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ

Энэхүү цогцолборт нийтдээ орон сууцны дөрвөн байр байна. Нийт 180 айлын, 2-4 өрөө бүхий орон сууцнууд юм. “Жигүүр гранд” группын хамт олноос оршин суугчдынхаа тав тухыг дээд зэргээр хангаж өгчээ. Харуул хамгаалалтын систем, агааржуулалтын систем, аваарын гарц, галын дохиолол, халаалт, гэрэлтүүлэг гээд иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүхий л үйл ажиллагааг хамгийн өндөр түвшинд авсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Мөн хүүхдийн аюулгүй тоглох орчинг бүрдүүлсэн иж бүрэн тоглоомын талбайтай.

“ГЭГЭЭНТЭН” ЦОГЦОЛБОРЫГ ТОДОТГОСОН ЭНТЭРТАЙМЕНТ ТӨВ

“Гэгээнтэн” цогцолборын бусад бүтээн байгуулалтаас онцлох зүйл нь орчин үеийн шийдэлтэй энтэртаймент төв юм. Улаанбаатар хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ орон зайг нэгээр нэмсэн газар нь “Гэгээнтэн”-ий энтэртаймант төв юм. Гэр бүл, найз нөхдөөрөө амьдралын алтан мөчөө энд өнгөрүүлж байг гэсэн хүсэл зорилго бүхий “Амьдралын алтан мөчийг” уриатай энэхүү төвийн нийт ашигтай талбай нь 8000 гаруй ам дөрвөлжин метр аж. Таван давхар барилга.Дотроо дөрвөн кино театр, караоке, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын төв, монгол, ази, европ зоогийн газрууд, дэлгүүр гээд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж.

“Гэгээнтэн” кино театр

“Гэгээнтэн” кино театр нь энэ оны наймдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тус кино театр дөрвөн танхимтай. Зуун хүний суудалтай нэг танхим, тус бүр 150 хүний суудалтай хоёр танхим, 28 хүний суудалтай VIP танхимаас бүрдэнэ. Энэхүү кино театр хамгийн сүүлийн үеийн дуу тусгаарлагч, кино дэлгэц, гэрэлтүүлгийг цогцоор шийдэж чадсанаараа онцлог. Кино театрын тохижилтыг Солонгосын алдарт “Кинотон” компанийн инженерүүдээр хийлгэжээ. Харин дизайныг “Warner bros”, “I max”зэрэг кино компаниудын дизайнераар ажиллаж байсан АНУ-ын архитектурч гаргасан байна. Кино театрын хамгийн чухал үзүүлэлт нь дэлгэц болоод дуугаралт байдаг. Тэгвэл энэхүү кино театрын танхимүүд нь “Dolby atmos” буюу дуу авианы бодит орчинг бий болгох төхөөрөмжүүдээр тоноглогдож дэвшил авчирчээ.

*Хүүхдийн цагийн цэцэрлэг

Хүүхдээ харуулах хүнгүйн улмаас гэртээ сууж буй ихэнх эмэгтэйчүүд болон залуу эцэг эхчүүд хэсэгтээ дэлгүүр хэсэх, кино үзэх, хөгжилдөх боломжоосоо татгалздаг. Тэгвэл “Гэгээнтэн”-ий энтэртаймент төв тэр асуудлыг шийдвэрлэх үүднээс цагийн цэцэрлэг нээжээ. Дэлгүүр хэсэх, кино үзэх, тоглох зуураа хүүхдээ түр энд үлдээж болох аж. Тус цэцэрлэг нь 100 ам дөрвөлжин метр талбайтай. Хүүхдийг зугаацуулах бүхий л төрлийн тоглоомтой юм байна.

*“Гэгээ” караоке

Энэхүү караоке нь дөрвөн янзын өрөөтэй. Өрөөний зай талбай, суудлаасаа хамаараад “Family”, “Friends”, “Party”, “Love” гэсэн дөрвөн төрөлтэй аж. Тохижилт нь харилцан адилгүй. Үнэ нь өрөөний төрлөөсөө шалтгаалан цагийн 40-100 мянган төгрөг аж. Мөн тухлаг лаунжаар үйлчлүүлж болно.

*Автомат тоглоомын төв

“Namco”, “Sega” тэргүүтэй трэнд болсон автомат тоглоомуудын 2011 оноос хойших хамгийн сүүлийн үеийнхийг нь оруулж ирсэн байна. Мөн тоглоомын төвийн загвар, дизайныг хүүхэд залуусын сонирхлыг татахуйц шийдлээр тохижуулжээ. Энэ тоглоомын төвөөр хүүхэдтэйгээ хамт цагийг сонирхолтой өнгөрүүлэхийг хүсвэл хоёрдугаар давхрыг зориорой.

*Зоогийн газрууд

“Гэгээнтэн” хотхоны энтэртаймент төвөөр зочилсноор хэд хэдэн орны хоолны амтыг мэдрэх боломжтой. Азийн томоохон улс, хотуудаар сүлжээгээ байгуулсан Японы “Ajisen” сүлжээ зоогийн газар, алдарт “Oishi” болон монгол “Hot Pot” тэргүүтэй дөрөв, таван зоогийн газар тус энтэртаймент төвийн 1-3 дугаар давхруудад байраа эзэлжээ.

*Дэлгүүрүүд

Энэ цогцолбор дотор дэлхийн болон дотоодын маш олон брэнд дэлгүүрүүд бий. Жишээ дурдвал пүүз, спорт хувцсаараа алдартай “Nike” брэндийн “Niketown” салбар, “AОF”, “Sergio Barone”, Австралийн нүдний шилний “ Le Specs”, хүүхдийн хувцасны “An no kids” болон “GUCCI” тэргүүтэй олон дэлгүүрүүд энд байрладаг юм.

*Оффисын байр

“Гэгээнтэн” хотхоны оффисын зориулалтын байрнуудад “Жигүүр гранд”-ын өөрийн болон бусад том, жижиг албан байгууллагууд бүхий л чиглэлээр үйл ажил­лагаагаа явуулдаг байна.

Тэр дундаас онцолбол “Худалдаа хөгжлийн банк”, “Төрийн банк” тэргүүтэй санхүүгийн байгууллагууд энд төвлөрчээ. Хэрэглэгчид хүссэн үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг энд бүрдүүлсэн нь таатай.


Categories
мэдээ цаг-үе

​Гадаадын шууд хөрөнгө оруулалтын сэргэлт ирэх оны эдийн засагт өсөлт авчирна гэв

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа гаргадаг эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Эдийн засаг таагүй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтын сэргэлт ирэх оныг өөдрөгөөр харах шалтгааны нэг гэж тэд харжээ. Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, гадаадын хөрөнгийн урсгал Монгол руу чиглэвэл ирэх жил эдийн засгийн идэвхжил аажмаар сэргэх гэнэ. Ийм өөдрөг зургийг бий болгоё гэвэл хөрөнгө оруулалтын урьдчилан таамаглаж болох бодлого зохицуулалтууд шаардлагатай гэсэн зөвлөмж гаргажээ. Хөрөнгө оруулалтын хуулийг зохистой хэрэгжүүлж байж ийм үр дүн гарна гэж сануулав. Оюу толгой, Таван толгойг орхисонгүй. “Гадаадын хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй холбоотой тодорхойгүй байдлыг түргэн шуурхай, ил тод замаар арилгах нь Монгол руу чиглэх хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй” гэж Дэлхийн банк тоймдоо онцолжээ. Тэдний үзэж байгаагаар Оюу толгой, Таван толгой зэрэг хөдөлж байж эдийн засагт эерэг өөрчлөлт гарах нь. Мөн эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр байгаа гэсэн байр суурь илэрхийллээ.

Дэлхийн банк Монголын эдийн засгийн талаарх энэ оны таамаглал, төсөөллөө бууруулжээ. Эдийн засгийн өсөлт оны эхний хагаст гурван хувь болж саараад байгаа билээ. Харин Дэлхийн банк Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 2.3 хувьд хүрнэ гэсэн таамаг гаргажээ. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тайхун Ли өсөлтийг бууруулж таамаглах болсон шалтгаанаа “Цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн ургац алдсан. Мөн гуравдугаар улирлын эцэст аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарлаа. Ийм шалтгаанаар ирэх онд эдийн засгийн өсөлт нэмж саарах эрсдэлтэй. Түүхий эдийн зах зээлийн идэвхжил муу байгаа учраас уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017 онуудад удаашрах төлөвтэй. Нэг боломж бий. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэг бусад салбарын идэвхжлийг дэмжихээр байна” хэмээн тайлбарлав.

Ирэх жил эдийн засаг ямар байх дээр Дэлхийн банк гэгээтэй үг унагасангүй. Уул уурхайн салбарын өсөлт саарах эрсдэл байгаа учраас ирэх жил эдийн засаг өснө гэж найдаад хэрэггүй гэнэ. Төсвийн орлого аажимдаа сэргэх ч хүндрэлээс салтлаа өдий бололтой. Дэлхийн банкны үзэж байгаагаар ирэх жилдээ лав төсвийн хүндрэл арилахгүй нь. Орлогоо хэтрүүлж биш, бодитой зөв төлөвлө гэсэн зөвлөгөө өгөв.

Байгалийн баялгийн үнэ ирэх онд унасан хэвээр байна, Хятадын эдийн засагт ирэх жил лав сэргэлт ажиглагдах найдлагагүй гэж Дэлхийн банк үзжээ. Ийм учраас гадаад эдийн засгаас сөрөг шок ирэх эрсдэл өндөр байгаа гэнэ. Байгалийн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр сэргэх янзгүйгээс болж сүүлийн саруудад экспорт хурдтай саарч эхэлжээ. Ирэх онд урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэх эрсдэлтэй гээд байгаагийн учир нь энэ аж. Уул уурхайн үйлдвэрлэл огцом багасах учраас ирэх онд эдийн засгийн өсөлт ердөө 0-8 хувьтай болж буурна гэсэн таамгийг тэд хэлэв. Дэлхийн банкны таамгаар олон улсын зах зээл сэргэж, Оюу толгойн баяжмалын агуулга сайжирсан 2018 оноос л эдийн засаг өнгөтэй болох нь. Ирэх оны хоёрдугаар сард уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалт сэргэснээр байдал арай наашлах бололтой.

Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тоймоос “АНУ мөнгөний бодлогын төлөвөө эргүүлж хэвийн түвшинд аваачих нь Монгол шиг үсрэнгүй хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн гадаад эх үүсвэрийн нөхцөлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дэлхийн банк суурь төсөөлөлдөө АНУ-ын мөнгөний бодлого хэвийн төлөвтөө шат дараатай шилжсэнээр гадаад санхүүгийн нөхцөл аажмаар, алгуур чангарна гэж тооцоолсон. Гэвч АНУ-д бодлогын хүү өсөхөд зах зээл гэнэтийн хариу үйлчлэл үзүүлж, улс орнуудад валютын ханш ихээр сулрах, бондын хүү огцом өсөх болон эх үүсвэрийн олдоц багасах эрсдэл бий. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс гадаад өрийн санхүүжилтийг ихээр авч ашигласан тул 2017 оноос хойш их хэмжээний өрийг дахин санхүүжүүлэх шаардлагатай болно. Санхүүгийн гадаад эх үүсвэрийн нөхцөлүүд чангарвал өрийн дахин санхүүжилт болон урсгал тэнцлийн алдагдалд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг босгоход хүндрэлтэй, зардал ихтэй байж болзошгүй“ гэсэн өгүүлбэр анхаарал татав.

Дотоод эрэлт, экспорт саарсныг Дэлхийн банк тоймдоо дурджээ. Шалтгаан нь хөрөнгө оруулалт огцом татарч хэрэглээ суларсантай холбоотой аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан нь нийт хөрөнгө оруулалт огцом агшихад нөлөөлсөн гэх дүгнэлтийг тэд хийжээ. Төсөв хүндэрч, айл өрхийн бодит орлогын өсөлт багассан учраас хэрэглээ суларсан гэнэ. Инфляци 4.9 хувь хүртэл буурч, урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий таван хувьд хүрэх төлөв ажиглагдаж байгааг дотоод эрэлт саарсантай холбожээ.

Ирэх оны төсвийн төсөлд зарим тодорхойгүй зүйлүүд агуулагдаж байна гэж Дэлхийн банкныхан ярив. Зарим төрлийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх өндөр магадлал байгаа аж. Тэд нүүрсийг жишээлжээ. Нүүрсний зах зээл муу, Хятадын байдал хэрхэх нь тодорхойгүй нөхцөлд нүүрсний экспортын хэмжээг өөдрөгөөр тооцсон гэсэн байр суурь илэрхийлэв. Хэрвээ төлөвлөснөөсөө олъё гэж байгаа бол хүчтэй, итгэл төрүүлэхүйц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Дэлхийн банкнаас зөвлөлөө. Дэлхийн банк тоймдоо “Засгийн газар нэмэлт орлогын дийлэнх хэсгийг төлөөгүй татварын авлагаас бүрдүүлнэ гэж тооцсон нь эрсдэлтэй. Төлөөгүй татварыг ирэх хоёр сарын хугацаанд багтаан барагдуулна гэж байгаа. Эдийн засгийн идэвхжил эрс саарсан өнөөгийн нөхцөлд орлогын төлөвлөгөө бодит биеллээ олоход бэрхшээл учирч мэднэ” гэж онцолжээ.

Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах гэж нэг тэрбум гаруй ам.долларын гадаад зээл авсныг ч онцлов. Монголын гадаад өр жилийн өмнө ДНБ-ий 162 хувь байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 180 хувьд хүрчээ. Тэднийхээр төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах гол зам нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм байна.

Валютын ханшийн талаар Дэлхийн банкны тоймд “Сүүлийн хоёр жилийн турш валютын ханшид томоохон тохиргоонууд хийгдсэн бол сүүлийн хэдэн сарын хугацаанд бодит үйлчилж байгаа ханш чангарах хандлагатай болоод байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаагаас болж төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 оны гуравдугаар сараас хойш хоёр жилийн хугацаанд 40 хувиар суларсан” гэж дурджээ. Төгрөгийн ханшийн сулрал импортын хэрэглээг хумьж, гадны бүтээгдэхүүнийг биш аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиг рүү эргэсэн нь сайн хэрэг гэсэн санааг тэд хэлж байлаа. “Гэхдээ төв банкны гадаад валютын дотоодын захад хийж буй интервенцээс шалтгаалж сүүлийн саруудад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хийгдэх тохиргоо бүрэн явагдахгүй байна. Өнгөрсөн зургаагаас аравдугаар сарын хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дөнгөж 1.4 хувиар суларсан нь түүхий эдийн экспортоос хамааралтай бусад эдийн засгуудтай харьцуулахад ханш нь багаар суларсан орон болж байна” гэсэн өгүүлбэр Дэлхийн банкнаас гаргасан тоймд бий.

Нийгмийн халамжийг хавтгайруулж биш хэрэгтэйд нь өгөх, Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх, төв банкнаас хэрэгжүүлж буй төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож Засгийн газарт шилжүүлэх, банкны системийн эрсдэлд бэлэн байх чадварыг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарах, сонгуулийн нөлөөнд автахгүй зөв бодлого хэрэгжүүлэх зэрэг зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

Бурхан минь, манай засаг төр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугай зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.

Үүнээс болоод тэтгэвэр нэмэх, тэтгэвэр авагчдыг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээл олгох тухай салбарын сайд дарга нарын яриа амьд хүмүүст айдас төрүүлдэг болж эхлэв.

Жирийн хүмүүс дургүйгээ хүргэсэн нэгнийгээ “ална шүү”, “зодно шүү”, “хүч хэрэглэнэ шүү” гэж айлгаж сүрдүүлдэг. Харин тэд дургүйгээ хүрсэн этгээдийг “Тэтгэвэр авмаар байна уу” хэмээн заналхийлж, “Ингээд байвал тэтгэврийг чинь нэмнэ” хэмээн сүрдүүлж “Хүсээд байвал чинь тэтгэврийн зээлд хамруулна ” гэдэг үгээр чичрүүлдэг болсон бүлгээ.

Шөнө ганцаар явж байсан хүнийг харанхуй булан руу чирж оруулаад хутга гарган “мөнгө тэтгэвэр хоёрынхоо нэгийг сонго” хэмээн тулгасан явдал ч гарч.

Тэтгэвэр авахын тулд цонхоор үсэрсэн, амиа хорлож байж зээлээ бүтээсэн, нас бараад учиргүй баяжсан явдал ч бүртгэгдсэн аж.

Төр засгийн шагналын системд ч үүнтэй уялдуулан өөрчлөлт орж зарим нэг гавьяа бүхий этгээдийг нас барсны дараа өөрт нь тусгай тэтгэвэр олгох асуудал ч тусгагдаж байгаа гэнэ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас Тэтгэврийн ерөнхий газрын нэрийг засаж Бурхан болоочийн ерөнхий газар болгон өөрчилсөн байна.

Улмаар “Хүлгийн сайн нь хуушуураас амтагдана, хүний сайн нь тэтгэвэрт гарахдаа танигдана” гэсэн хэллэг гарсан байна. Үнэхээр ч амьддаа үр хүүхдэдээ хайртай, олсон болгоноо тэдэнтэйгээ хуваах царайны явсан олон бурхан болоочийн үнэн нүүр царай тэтгэвэр аваад эхэлмэгцээ танигджээ. Тэд нас барснаасаа хойш олон арван жил тэтгэвэр, зээл аваад ганцаараа хэрэглэж байсан нь тодорхой болж хамаатан садныхаа урмыг хугалсан ажгуу.

Сүүлийн үед “амьд хүмүүс гэж хэн юм бэ”, “амьд байх нь эзэндээ ашигтай юу”, “ерөөсөө амьд байх нь шударга явдал мөн үү” гэхчилэнгийн гүн ухааны асуудлууд урган гарсаар байна.

Улмаар манай улс амьд ба амьгүй хоёр төрлийн иргэнтэй бөгөөд эрх ашгийг нь их л зөрөөтэйгөөр хамгаалдаг болох нь харагдаж эхэллээ. Амьд хүний тэтгэвэр, зээл машид бүтэмжгүй байгаагаас эхлээд олон зөрөө энд харагдаж байна. Амьд хэлбэрээр бүртгэгдсэн иргэний эрх ашгийг хамгаалахгүй байгаад зогсохгүй тэднийг орон тоогоор цомхотгох, татварыг нэмэх, цалинг хасах зэргээр байнга хавчин гадуурхаж байгаа явдал ч харагдана.

Ингээд бодохоор манай төр засгийн удирдагчид оршихуйн аль төлөв байдалд байгаа нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцсийн эцэст “хүн өөрсөндөө л ашигтай юм хийдэг” гэдэг афоризмыг үндэслээд дүгнэлт хийхээр хачин хариу гараад байх аж.

Удирдагч нар төдийгүй ард бидний оршихуйн хэлбэрийн тухай бодол ч айдас төрүүлж байна….

Ер тэдний ертөнц бодитой юу, биднийх бодитой юу…аан?

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ

2015 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 11 дүгээр сарын 13-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

2015 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14,16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15,16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.