Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон зургаан хүний амь аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг нэгдүгээр хорооллын 11 дүгээр байрны 10 дугаар орцны нэгдүгээр давхарт өчигдөр гал гарчээ. Тодруулбал, нэгдүгээр давхарт байдаг айлд гал гарсан байна. Тэднийд 6-62 насны зургаан хүн байжээ. Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч галыг унтрааж 62 настай С, 32 настай Б нар түлэгдсэн байсныг аварч Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийнхөнд өгчээ. Мөн угаарсан 6-13 насны дөрвөн хүүхдийг гаргаж эцэг эхэд нь өгчээ. Гал өдрийн 15.40 цагийн орчимд гарсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Баялгийг хөгжил болгох “харти”-тай танилц

Сэр Пол Коллир, Даниэль Кафман, Майкл Спенс нар хамтраад “Байгалийн нөөцийн харти” гэдгийг гаргажээ. Оксфордын профессор Сэр Пол Коллирыг “Адагт үлдсэн тэрбум” номын зохиогч гэдгээр нь уншигчид андахгүй. Байгалийн нөөцтэй хэрнээ хөгжиж чадахгүй байгаа орнуудын асуудлыг тусгайлан ярьдаг эрдэмтэн. Даниэль Кафман болохоор Байгалийн нөөцийн засаглалын институцийн захирлаар ажилладаг. Майкл Спенс нь Нобелийн шагналтан. Энэ гурвын “Байгалийн нөөцийн харти”-г боловсруулах болсон зорилго нь их энгийн. Манай улс шиг байгалийн баялаг ихтэй орнуудыг Африкийн улсууд, Ангол, Венесуэл шиг болгохгүй гэсэн зорилгоор бичсэн харти. Анголын байгалийн нөөцийн орлогоос гуравхан жилийн дотор 32 тэрбум ам.доллар сох дутсан гэдэг. Латин Америкт газрын тосны нөөцөөрөө тэргүүлдэг Венесуэлийн иргэдийн гуравны хоёр нь ядуу амьдардаг. Ийм харамсалтай жишээнүүдийг бүхэл бүтэн улс орны байгалийн баялгийн өгөөж эрх мэдэлтэй цөөхөн хүний халаасанд орсон гэсэн тайлбар дагадаг. Чили, Норвеги, Ботсвана шиг баялгаа хөгжил болгохыг зорьж байгаа Монголын хувьд түрүүн хэлсэн гурван эрдэмтний боловсруулсан харти анхаарахгүй өнгөрч боломгүй зүйл. Нэг зүйлийг онцлоход тэд уул уурхайн чигийн ямар ч байгууллагаас санхүүждэггүй. Норвегийн хөгжлийн сан гэх мэт байгууллагаас санхүүждэг. Уул уурхайн салбараас хараат бус хүмүүс одоо тайлбарлах гэж байгаа харти-г боловсруулсан гэсэн үг.

“Байгалийн нөөцийн харти” 12 жортой. Улс орнуудын Засгийн газарт шийдвэр гаргахад нь тус болохоор жорууд гэж зохиогчид нь онцолжээ.

Засагт ажиллагсад улс төрөөс хамааралгүй байх хэрэгтэй (жор-1)

Эрдэмтэд уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулах эрх олгохоосоо өмнө хууль эрх зүйн орчинг нь аль болох бүрэн бүрдүүлэх учиртай гэж Засгийн газруудад зөвлөжээ. Засаг төлөөлсөн төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс мэргэшсэн, чадварлаг бол зөв хуулиуд гардаг гэсэн санаа эхний жороос анзаарагдав. Засгийн газраас хамаарах хүний нөөцийн шийдвэрүүд бие даасан, улс төрийн нөлөөнөөс ангид байх ёстой гэсэн эрдэмтдийн сануулга манайд бол эргэж харахаар л асуудал. Уул уурхайтай хамаатай засгийн байгууллагуудад ажилладаг хүмүүсийг харахад улс төрийн томилгоо голдуу нь нуух аргагүй үнэн. Мэргэжилтэн энэ тэр нь гээд ажлаа яг гардаж хийдэг хэсэгт нь чадварлаг, мэргэшсэн хүмүүс мэр сэр бий ч бас нэг зовлон тулгардаг гэж эрдэмтэд сануулжээ. Сайн хүмүүсээ хувийн компаниудад алдах эрсдэл өндөр байдаг аж. Монгол шиг хөгжих гэж байгаа орнуудын хөрсөнд буулгаад харвал цалин сайн биш, улс төрийн нөлөө илүү гэх мэт шалтгаан төрөөс чадварлаг, мэргэшсэн улсыг үргээдэг гэж учир мэдэх улс ярьдаг. Олборлох салбар ил тод байх ёстой гэсэн санаа нь ч бидэнд хамаатай. Манайд хэрэгжиж эхэлж буй олборлох салбарын ил тод байдлын санаачилга ер нь дэлхийн хэмжээнд тааруухан, сул байдаг гэж харти-г зохиогчид онцолжээ. Орлогын удирдлагын индексээр шинжсэн 58 улсаас ердөө арав нь л газрын тос, хий, бусад ашигт малтмалын гэрээ тусгай зөвшөөрлийг ил тод нийтэлдэг гэсэн дүн гарчээ. Гэхдээ Афганистан, Гана, Гвиней зэрэг улс сүүлийн үед зарим мэдээллээ ил болгож эхэлсэн учраас энэ тоо нэмэгдэж байгаа гэнэ.

Мөнгө зарцуулдаг төр нээлттэй байх үүрэгтэй (жор-2)

Төр бидний өмнөөс байгалийн нөөцийг захиран зарцуулах эрх эдэлдэг. Тэр утгаараа Засгийн газар иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж байж л баялгаасаа олсон мөнгийг хэдхэн эрхтэн дархтаны халаасанд биш бусад салбараа хөгжүүлэхэд зарах боломж нээгдэнэ. Хоёрдугаар жорын гол санаа нь энэ. Шийдвэр гаргах бүх түвшинд мэдээллийг ил тод байлгах ёстой гэсэн гарцыг эрдэмтэд санал болгожээ. Засгийн газар шийдвэр гаргах хэлхээний талаарх бүх мэдээллийг ил болгох ёстой гэнэ. Засаг зөвхөн төлбөр зардлын мэдээллээс гадна бүх түвшинд гаргасан журмаа хүртэл ил гаргахыг эрдэмтэд зөвлөжээ. Ихэнх тохиолдолд Засгийн газрууд ийм журмуудынхаа багагүй хэсгийг томоохон гэрээ хэлцлүүдэд оруулж олны анхаарлыг сарниулдаг аж. Гэрээнд нууцлалын нөхцөл, заалт оруулахаас зайлсхийвэл зүгээр, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцдог болоход чадварлаг, бие даасан шүүхийн тогтолцоо чухал гэсэн анхаарахаар зөвлөгөө, санамжуудыг энэ хэсгээс харж болно.

Тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар “арилж” (жор-3)

Сүүлийн жилүүдэд илрүүлсэн орд газрууд мөнгөн хөрөнгө болж хөрвөх бүрэн боломжтойг Гвинейн төмрийн хүдрийн Симандаоу төсөл, Либерийн төмрийн хүдэр газрын тосны төслүүдээр жишээлжээ. Энэ төслүүд улсдаа жилд дунджаар 1.6 тэрбум ам.долларын орлого оруулж, хоёр улсын ДНБ-ий 31, 147 хувьтай тэнцэж байж.

Зөвшөөрлийн эрх хуваарилах аргуудаас нь харах зүйл их юм. Төр ямар нөхцөлөөр хайгуул, олборлолт, үйлдвэрлэл явуулахыг шийдэхдээ хувийн хэвшлийнхний хувьд хоёр аргын аль нэгийг хэрэглэвэл зүгээр гэнэ. Эхнийх нь тусгай зөвшөөрөл-тусгай зөвшөөрөл нөхцөлөөр шууд гэрээ байгуулах. Хоёр дахь нь уралдаан шалгаруулалтын үндсэн дээр хэд хэдэн хэсэгчилсэн тусгай зөвшөөрөл олгох. Өрсөлдөөнд үнэ хаялцах арга нь улсад илүү ашигтай байх боломж өгдөг аж. Ингэхийн тулд сайтар төлөвлөсөн дуудлага худалдаа илүү чухал гэж эрдэмтэд онцолжээ. Шалгаруулалтад оролцох олон улсын компаниудын талаар Засгийн газрууд сайн мэдээлэлгүй үед энэ арга илүү өгөөжтэй юм байна. Дуудлага худалдаа нь шууд гэрээ хэлцэл хийхээс мэдээллийн хувьд илүү нээлттэй учраас хайгуул олборлолтын эрхийг шаардлага хангаагүй компани, хувь хүн авах эрсдэл буурдаг байна.

Дуудлага худалдааг амжилттай явуулахад дор хаяж гурван оролцогч санал ирүүлсэн байх шаардлагатай гэнэ. Дуудлага худалдаанд хангалттай үнийн санал ирэхгүй бол Засгийн газраас техникийн хатуу тогтоосон минимум шалгуур тавьсан сонгон шалгаруулалтын урилга хэрэглэвэл зүгээр гэж харти-г зохиогчид зөвлөжээ. Ер нь ямар арга ашигласан нь хамаагүй, тусгай зөвшөөрлийн эрх олгох явцад Засгийн газрын байр суурийг бэхжүүлэхийн тулд төрөөс ил болгох мэдээллүүдийг тэд жагсаажээ. Төрөөс тусгай зөвшөөрөл олгох явц, нийт лиценз эзэмшигчдийн өмчлөлийн байдал, тусгай зөвшөөрөлтэй хамааралтай аливаа санхүүгийн хариуцлага, татварын нөхцөлийн мэдээллийг ил болгох ёстой гэнэ. Тендерийн ялагч шалгарсны дараа тэдэнтэй хожим дахин хэлцлийн нөхцөлүүдийг тохиролцохгүй байх хэмжээнд ажиллахыг эрдэмтэд Засгийн газруудад зөвлөжээ. Манайд хөрөнгө оруулагчидтай байгуулсан, тохирсон гэрээ хэлцлээсээ буцсан жишээ бий. Ингэж эргэж буцахгүйн тулд тодорхой, ил тод нөхцөл тавих, загвар гэрээ ашиглах зэрэг аргуудыг хэрэглэвэл зүгээр гэнэ.

“Засгийн газар олборлолтын эрхийн хариуд хүлээн авах тохиролцооны нэг хэсэг болсон үйлчилгээ, дэд бүтцийн үнэ цэнийг анхааралтай үнэлэх хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөлүүдийг урьдчилан таамаглах боломжгүй тохиолдолд Засгийн газар энэ төрлийн тохиролцооноос зайлсхийх нь зүйтэй. Бартерийн хэлцлүүд угаас хаалттай бөгөөд авлигал үүсэх нөхцөл бүрдүүлдэг” гэсэн орхиж боломгүй зөвлөгөө ч энэ хэсэгт багтжээ.

Төр уул уурхайн төслүүдэд хувь эзэмшихээс татгалз (жор 4-5)

Уул уурхайн компаниудтай гэрээ хийхдээ Засгийн газар юунд анхаарах ёстойг тодорхой зөвлөжээ. Татвараа хөнгөлөхөөс аль болох зайлсхийх ёстой гэсэн санаа нь анхаарал татахаар юм билээ.

“Баялгийн нөөцийн харти”-д энэ талаар онцолсон хэсгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрдэмтэд “Хөрөнгө оруулагчид нөөц илэрсэн болон илрүүлэх боломжтой улс орнуудын Засгийн газраас татвараас хөнгөлөх, чөлөөлөх, капитал зардалд нэмэгдүүлсэн нөхөн төлбөр авах, ашгийн болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг бууруулах хэлбэрээр татварын тусгай нөхцөл олгохыг шаарддаг. Засгийн газрууд ийм хөнгөлөлтүүд санал болгохоос татгалзаж байх ёстой. Хэрэв аливаа төсөл байгалийн нөөц ашигласны төлбөр эхсүл оруулсан хөрөнгөндөө ногдох татварыг төлөх чадваргүй бол энэ нь тухайн улсын хувьд сайн хөрөнгө оруулалт биш юм. Түүхий эдийн үнэ өсөх, эсвэл шинэ технологи бий болох зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд, жишээ нь эдийн засгийн үр ашиггүй гэгдэж байсан төслүүд засгийн газрын дэмжлэггүйгээр хэрэгжих боломжтой төсөл болон хувирах боломж ч бий. Тиймээс бүхий л нөөц баялгийг нэг дор, нэг цаг хугацаанд ашиглах шаардлагагүй бөгөөд зарим байгалийн нөөц хэзээ ч хөгжлийн баталгаа болохгүй байх тохиолдол бий” гэж зөвлөжээ. Импортын татвар хөрөнгө оруулалтад саад учруулахаар хэмжээнд байж болохгүй, татвараас зайлсхийх сөрөг зүйл гаргахгүй гэвэл олон улсын татварын систем рүү анхаар гэсэн харж үзмээр санаанууд энэ хэсэгт цөөнгүй байна.

Эрдэмтэд уул уурхайн төслөөс Засгийн газрын хүртэх ашгийг нэмэгдүүлэхийн тулд төрийн эзэмшлийн хувийг ашиглахаас зайлсхий гэж зөвлөжээ. Яагаад ингэж зөвлөснөө тайлбарласан хэсгийг нь мөн үг, өгүүлбэр хасахгүйгээр хүргэе. Харти-г зохиогчид “Татварын дэглэм нь Засгийн газарт баялгаас ашиг хүртэх боломж бүрдүүлдэг боловч, Засгийн газрууд хэлбэрээс нь хамааран боломжтой төслүүдэд эзэмших хувиа нэмэгдүүлэхийг зорьсоор байдаг. Энэ нь төр хувь эзэмшигчийнхээ хувьд татварын дарамттай тулгарахад хүргэдэг. Засгийн газар өөрийн эзэмшлийн хувийг бусад зорилгоор ашиглаж болно. Мэдээллийн тэгш байдал хангагдаагүй, эсвэл хяналт тавих чадвар сул тохиолдолд байгалийн нөөцийн төлбөрийн хоёр дахь хувилбар хэлбэр гэх мэт хэд хэдэн арга бий” гэж онцолжээ.

Төрийн өмчиткомпани ямар ч тохиолдолд ашиггүй гэрээ хийж болохгүй (жор 6)

Уул уурхайн салбартаа төрийн өмчит компаниудтай манай улсын хувьд онцгой анхаарч харах хэсэг. Төрийн өмчтэй компани ямар ч тохиолдолд ашиггүй гэрээ хэлцэл хийж огт болохгүй гэж зөвлөжээ. Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компанийн Хятадын “Чалко” компаниас авсан зээлийг иргэддээ халамж болгож тараасан жишээ манай улсад бий. Уул уурхайгаараа зөв хөгжсөн орнуудын хувьд төрийн өмчит компаниудаа ийм ашиггүй хэлцэл хийхийг хуулиараа хорьдог юм байна. Засаглал нь сайн биш бол төрийн өмчит компани нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог аж. Төрийн өмчийн яг ийм шалтгаанаар баялаг бүтээхээс илүү баялгийг устгасан жишээ дэлхийд цөөн биш гэдгийг судлаачид сануулжээ. Сайн засаглалгүй цагт төрийн өмчит компаниудын хувьд бүтээмж сул, хувийн сонирхол бүхий төсөл хэрэгжүүлэгчдээр дамжин Засгийн газарт орох орлого хязгаарлагдах, эсвэл бүр алдагдал хүлээхэд хүргэдэг гэнэ.

Ирээдүйдээ хадгал, зөв зүйлд зарцуул (жор 7-10)

Баялгаасаа олсон орлогыг юунд зарах, хадгалах нь зөв эсэх зэрэгт зөвлөгөө өгчээ. Үргэлж үнийн савлагаан дунд байдаг уул уурхайн баялгаас олсон мөнгөний тодорхой хэсгийг сан байгуулж, ирээдүй үедээ хадгалсан улс элдэв хямралд өртдөггүй гэх мэт бидэнд хамаатай саналууд энэ хэсгээс олон харагдав. Норвегийн стратегийн нэг чухал хэсэг нь тогтворжилтын сан байж. Алмазаасаа өчнөөн мөнгө олсон Ботсвана “Муу өдрийн сан” гэгчийг байгуулж баялгийн үнийн савлагаанд өртөхгүй хөгжиж байгаа аж. “Баялгийн нөөцийн харти”-г орчуулж монголчуудад хүргэхэд гол нөлөөтэй Монгол Улсын сайд М.Энхсайхан гэхэд л “Зовох цагийн сан” гэж байгуулах санал гаргаж байсан гэдэг. Баялгийнхаа орлогоос ирээдүйдээ хадгалах агуулгатай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа сайн мэдээ бас бий.

Байгалийн нөөц нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг ч ядууст үр ашгаа өгөх нь ховор гэнэ. 2003-2010 онд Замбиа улсын нэг хүнд ногдох ДНБ 30 хувиар өссөн боловч нийгмийн доод давхаргын 20 хувьд ногдох орлогын хувь 6.2-оос 3.6 хувь болж буурсан статистикийг эрдэмтэд онцолжээ. Тэд баялгаас олсон мөнгөний тодорхой хувийг ядуу хэсгийн амьжиргааг дээшлүүлэхэд зарах ёстой гэж зөвлөжээ.

Баялгаас олсон мөнгийг тогтвортой хөгжилд зарцуулах хэрэгтэй гэж харти-г зохиогчид сануулж байна. Жишээ нь Нигер улс 1999 онд төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоондоо реформ хийж. Үүнээс өмнө жил бүр дунджаар 300 мянган доллар авлигын луйварт алддаг байжээ. Шинэчлэл хийснээс хойш буюу 2001-2007 оны хооронд Холбооны засгийн газраас үнийн зөрүүг багасгах замаар 1.5 тэрбум доллар хэмнэж чаджээ. Африкийн ихэнх улсын хувьд дэд бүтцийнх нь хангалтгүй байдал бизнес эрхлэхэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Сул дэд бүтцээс болж үйлдвэрлэлийнх нь бүтээмж 40 хувиар буурсан байна. Чад улсын төсөвт олборлох салбараас асар их орлого орж ирдэг аж. Засгийн газрын нийт орлогын 70 хувь нь газрын тосны салбараас орж ирдэг байна. Гэсэн хэдий ч энэ хөрөнгийг хүний хөгжилд зарцуулахын оронд төсвийн 18 хувьтай тэнцэх хөрөнгийг аюулаас хамгаалах салбарт зарцуулжээ. Үр дүнд нь өр зээл нэмэгдэж, Хүний хөгжлийн индексээр дэлхийн орнуудаас 184-т бичигдсэн байна. Манай хувьд уул уурхайн салбараас олсон мөнгөө дэд бүтэц хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбараа өөд нь татахад зарцуулбал ирээдүйн эдийн засаг өнгөтэй харагдана гэж судлаачид зөвлөдөг.

Хувийн хөрөнгө оруулалтад таатай орчинг бүрдүүлэх ёстой, байгалийн баялгаа ашиглахдаа хувийн компаниудыг түлхүү оролцуулбал өгөөж нь их гэх мэт тогтож хармаар зөвлөгөөнүүдийг энэ хэсгээс харж болно. Сүүлийн хоёр жорд олон улсын засаглалд тодорхой хариуцлага хүлээх олон улсын компани, улс орнуудын Засгийн газрууд болон бусад оролцогчдоос баялгаар баян орнуудад хэрхэн тусалж, яаж хамтрах талаар зөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Каталони улсыг 18 сарын дараа байгуулах гэнэ

Өнгөрсөн даваа гаригт Каталонийн
автономи парламент Испанийн бүрэлдэхүүнээс гарах тухай тогтоол гаргасан байна. Үүнтэй
холбогдуулан өчигдөр Испанийн Үндсэн хуулийн цэц уг тогтоолыг хэлэлцэж харин Ерөнхий
сайд Мариано Рахой Засгийн газраа яаралтай хуралдуулжээ. Каталониг тусгаар улс болгохыг
тууштай дэмжигч улстөрч Артур Мас үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ ямар ч шүүх,
ардчиллыг ашиглах гэсэн эрх баригчдын алхам хэдэн сая хүний хүсэл эрмэлзлийг үгүйсгэж
чадахгүй гэв. Каталониг тусгаар улс болгохыг дэмжигч улс төрийн хүчнүүд сонгуулийн
сурталчилгааны үеэр өгсөн амлалтаа биелүүлж, өрх тусгаарлах асуудлыг дахин хөндлөө.
Каталонийн автономит мужийн парламент уг асуудлыг хэлэлцэхэд 72 гишүүн дэмжиж,
63 нь татгалзсан. Ийнхүү тусгаар тогтнолыг баталсан байна. Энэ шийдвэр уг асуудлыг
дэмжигчдийн тоог нэмэгдэхэд нөлөөсөн. Ийм тогтоолыг гаргуулсан улс төрийн хүчин
Европт бас нэгэн шинэ улс ердөө 18 сарын дараа бий болно хэмээн мэдэгдсэн юм.

Каталонийн парламентаас тогтоол
гаргасны дараа улстөрч Армур Мас хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө Испанийн эрх баригчид
уг асуудлаар хэлэлцээ хийхээс зайлсхийж байна хэмээн шүүмжилсэн. Ерөнхий сайд Мариано
Рахой автономит мужийн төлөөлөгчидтэй уулзахаас зайлсхийгээд зогсохгүй хууль сахиулах
байгууллагад хандсаныг буруутгав. Испанийн эрх баригчид үүнээс өөр шийдвэр гаргаж
чадахгүй гэдгийг мэдэж байсан гээд ардчилсан маягаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж
байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад өгснийг буруутгав. Каталоничууд тусгаар улс
байгуулах бүрэн эрхтэй гэдгийг ч тэрээр дурдсан байна.

Испанийн Ерөнхий сайд Каталониг
тусгаарлах асуудлыг эрс эсэргүүцэж ямар ч тогтоол гаргасан асуудлыг шийдэхгүй гээд
Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд хандана гэжээ. Каталоничууд өмнө нь нэг бус удаа
Испаниас өрх тусгаарлана хэмээн мэдэгдэж байсан боловч зорилгодоо хүрч чадаагүй.
Тус улсын Үндсэн хуульд улс орныхоо бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна хэмээн заасан
байдаг гэнэ. Уг хуулийн 155 дугаар зүйлд зааснаар Каталонийн автономит эрхийг болиулж
болно гэж заажээ.

Испанийн Засгийн газар уг асуудлаар
Үндсэн хуулийн цэцэд хандахад бараг автоматаар тусгаар тогтнолыг болиулна. Гэтэл
тус автономит мужийн парламентаас гаргасан тогтоолд эрх баригчдын шийдвэрийг хүлээн
авахгүй хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хамаагүй
бөгөөд 30 хоногийн дотор шинээр байгуулагдах улсын Үндсэн хууль, нийгмийн аюулгүй
байдал болон Сангийн яамыг байгуулах төслүүдийг бэлэн болгоно хэмээн заажээ. Европт
Каталонийн бүгд найрамдах улс байгуулагдах эсэх нь тун удахгүй тодорхой болох байх.

Categories
мэдээ улс-төр

Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр лекц уншина

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг 2014 онд бий болгосон билээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ шалгарч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналтан болсон юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас жил бүр Бяраагийн Чимидийн нэрэмжит Улсын Их Хурлын шагналтны хүндэтгэлийн лекцийг уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хүндэтгэлийн анхны лекцийг 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 16.00 цагаас Төрийн ордны их танхимд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр унших гэж байна.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан төр, эрх зүйн онол, түүх, үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, эрх зүйн философи, улс төр судлалын чиглэлээр олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бичсэн манай улсын хууль зүйн салбарын нэртэй эрдэмтний нэг юм. Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд Д.Лүндээжанцангийн туурвисан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлийг үнэлж бичихдээ, “Доктор Лүндээжанцан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд түүнийг батлах, хэрэгжүүлэх зэрэг бүх асуудалд биечлэн оролцож ирсэн нэр хүнд бүхий улстөрчөөс гадна төрийн засаглах эрх мэдэл хуваарилах асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийж, хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан нэг сэдэвт зохиол туурвисан том эрдэмтэн юм. Учир иймд энэ асуудлаар доктор Д.Лүндээжанцангийн бүтээл онолын гүнзгий үндэслэлтэй, практикт эрхэм өгөөжтэй, үнэ цэнтэй болжээ” хэмээсэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номдоо “Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг Үндсэн хуульдаа тунхаглаж бататган тусгасан бол аяндаа хэрэгжинэ гэж үзэж болохгүй. Учир нь сайх зарчмын шаардлагууд “амьдралын бичигдээгүй хуулиуд”-аар зөрчигдөх нь цөөнгүй” хэмээн Д.Лүндээжанцангийн бичсэнийг ишилсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 1990 оноос хойш Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй долоон удаа сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээ бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга, намын бүлгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын албыг хашсан мэргэшсэн парламентч юм. Тэрбээр 1991-1992 онд Үндсэн хуулийг АИХ-ын хуралдаанаар хэлэлцэхэд Бяраагийн Чимид агсны хамт Үндсэн хуулийн эхийг баригчаар ажилласан бөгөөд одоо тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Самар түүхээр явсан иргэнийг хайх ажиллагааг зогсоолоо

Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, 30 настай Б өнгөрсөн сарын 26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон. Тэрбээр төв аймгийн Эрдэнэ сумын “Естийн рашааны Ар хоёр Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явсан гэдэг. Ар гэрийнхэн нь өнгөрсөн сарын 31-нд онцгойгийнхонд дуудлага өгсөнөөр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Гэвч Б-г олоогүй учраас өчигдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Зул өргөж байгаад гэрээ шатаажээ

Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 12-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 13-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4886 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1735, зам тээврийн ослын 299, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БЗД-ийн 17-р хороонд “ГССҮТ-д түлэгдэж түлэгдсэн хүүхэд хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад 10 сартай эрэгтэй Б нь цахилгаан тогоотой цайнд 2 хөлийн ар хэсэг, баруун гар бугуйнаас урагш түлэгдэж гэмтээд эмчлүүлж байгаа аж. Уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн СХД-ийн 13-р хороонд “13-р байранд айл шатсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд авч шалгахад, тус байранд оршин суух 32 настай эмэгтэй Б-ийн сууцанд зул өргөж орхиод гал алдаж гал тогооны өрөөний тавилга шатсан хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Замын түгжрэлийг утаснаасаа харна

Гурван гишүүнтэй “FlashDrive” баг замын түгжрэлийг харуулах аппликэйшн хийж байгаа аж. Онцлог нь замын хурд хэмжигч, камер, болон олон нийтийн мэдээллийг авч хүмүүст түгжрэлийг тойрох боломж олгож байгаа юм байна. Үүнээс гадна олон төрлийн эх үүсвэрээс мэдээллээ цуглуулсан тул илүү өргөн хүрээтэй байх аж. Тус аппликэйшний нээлтийг энэ сарын 17-нд хийхээр төлөвлөжээ. Цаашдаа Улаанбаатарын газрын зураг нэмж, олон мэдээплийг багтаан шинэчлэхээр зорьж буй. Сонирхуулахад, тус аппликэйшн нь энэ оны тавдугаар сард болсон “Ногоон хөгжлийн төлөө” уриан доор зохиосон “Code 4 Green UB” тэмцээнд шалгарчээ

Categories
булангууд мэдээ томилолт

АСЕМ-ийн хурлууд Монголын мэдэлд ирлээ

Ирэх жилийн долдугаар сард
манай улсад болох АСЕМ-ийн уулзалтын өмнөх
нэгэн чухал арга хэмжээ
энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембургийн
их гүнт улсад болж
өнгөрлөө. АСЕМ-ийн гадаад хэргийн
сайд нарын 12 дугаар уулзалтад манай
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон
бөгөөд ирэх жилийн Төрийн
тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах орон
гэдгээрээ энэ хуралд Монгол
Улс голлох үүрэгтэй байлаа.
Ази, Европын уулзалт буюу
АСЕМ-ийн ахлах ажилтнуудын
хурал, Гадаад хэргийн сайд
нарын уулзалт, Төрийн тэргүүнүүдийн уулзалт
гээд үндсэн гурван том
арга хэмжээ бий. Техникийн
бэлтгэл ажлыг хангадаг ахлах
ажилтнуудын уулзалтын өмнө агуулга, бодлогыг
бэлтгэдэг Гадаад хэргийн сайд
нарын уулзалт ийнхүү болж
өнгөрлөө.

Энэхүү Гадаад хэргийн сайд
нарын 12 дугаар удаагийн уулзалтад
Европын холбоо, АСЕАН болон
Ази, Европын гишүүн орнуудын
төлөөлөгчид, Гадаад хэргийн сайдууд,
дэд сайдууд мөн төрийн
нарийн бичгийн дарга нар
оролцсон юм. Европ хийгээд
Азийн улсууд хоорондоо уулзаж,
асуудлаа ярьдаг энэ хурлыг
дэлхийн хэмжээнд газар нутаг, хүн
амынх нь тоогоор аваад
үзвэл хамгийн нөлөөтэй, хамгийн
чухал цугларалт гэдэг нь хэнд
ч тодорхой. НҮБ-ын хурал харьцангуй
албан хүрээнд болж өнгөрдөг.
Харин АСЕМ-ийн хурлууд
аль болох албан бус
энгийн болдгоороо онцлогтой. Энгийнээр нэг нэгэнтэйгээ тулж
ганцаарчлан уулзаж ярилцах үеэр
асуудлыг шийдэх гарц гардаг
ч гэдэг дээ.
Хоёр жил тутам болдог
Гадаад хэргийн сайд нарын
уулзалт өмнө нь 2013 онд
Энэтхэгт болсон бол энэ
удаад Люксембургийн их гүнт улсад
боллоо. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй
ирээдүйн төлөө хамтын ажиллагаа”
сэдвийн хүрээнд үргэлжилсэн энэ
хурлын үеэр бүс нутгийн
олон асуудлыг хэлэлцсэн. Энэ дундаа уур
амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, олон улсын анхааралд
байгаа бүс нутгийн аюулгүй
болон тогтвортой байдлыг хангах талаар
нээлттэй ярилцлаа. Мөн дүрвэгсдийн асуудал,
хүний эрх, авлигын асуудлыг
ч хөндсөн нь
мэдээж. Ерөнхийдөө АСЕМ-ийн хурлыг
асуудал шийддэггүй гэж шүүмжлэнгүй хандах
нь их бий. 1996 онд
Бангкокт анхны хурлаа хийснээс
хойш 20 жил болох гэж
буй тус байгууллагын шүүмжлэгддэг
сул тал өдгөө сайн
тал нь болсон гэхэд
буруутахгүй. Учир нь олон
улсын тавцанд улс орнуудын
нөхцөл байдал, харилцаа холбоо
ч ихээхэн өөрчлөгдсөн.
Харин ийм цаг дор
хатуу шийдэлд хүрэхгүй ч
асуудлаа ярилцдаг, ний нуугүй үгээ
хэлж ойлголцдог ийм индэр байх
нь ихээхэн чухал гэгдэж
байна.

Мөн Америк-Ази, Европ
Америкийг холбосон чөлөөт худалдааны бүс
бий болчихоод байхад Ази, Европыг
холбосон сүлжээ байхгүй байгаад
анхаарах болсон гэдгийг тэнд
цугларсан Гадаад хэргийн сайдууд
онцолж байсан. Тэр тусмаа
АСЕМ гээд ийм хүчтэй
байгууллага байхад худалдааны томоохон
сүлжээг бий болгохоос хойш
суухын аргагүй хэмээн үзжээ.
Үнэндээ ч АСЕМ-ийн
гишүүн орнуудын нийлбэр хүчин чадлыг
аваад үзвэл дэлхийн тун
зангарагтай том холбоо гэдэг
нь харагдаж байдаг. Тийм ч
учраас уг чуулганыг нээж
хэлсэн үгэндээ Люксембургийн Их
гүн Хенри “АСЕМ-ийн
гишүүн орнуудын 11 нь Их 20-д
багтдаг. Энэ хоёр тивийн
улс гүрнүүд нийлээд дэлхийн
нийт GDP-ийн тэн хагасыг
бий болгож, дэлхийн худалдааны
60 хувийг бүрэлдүүлж байна. Мөн дэлхийн
нийт хүн амын 60 хувь
нь энэ хоёр тивийн
иргэд юм” гэж онцолсон
биз ээ.

Үнэндээ ч дэлхийн геополитикийн гол тоглогчид АСЕМ-ийн бүрэлдэхүүнд бий. Тэр ч утгаараа АСЕМ-ийн хүрээнд явагддаг бүхий л хурал цуглааныг нутагтаа хийх нь нэр төрийн хэрэгт тооцогддог. Харин монголчууд АСЕМ-ийн хурлууд дундаа хамгийн том нь болох бүх гишүүн улсын төрийн тэргүүнүүд оролцдог хурлыг зохион байгуулахаар болчихоод байгаа билээ. Ирэх долдугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орны хувьд Монгол Улс, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хурлын гол зочин нь байв. Хоёр өдөр болсон уулзалтын дараахь хэвлэлийн бага хурлыг ердөө гурван хүн хийлгэсэн нь Люксембургийн Гадаад хэргийн болоод Европын асуудал хариуцсан сайд Жин Асселборн, Европын комиссын Гадаад хэрэг, Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар байлаа. Ерөнхийдөө уг хэвлэлийн бага хурлын гол асуултууд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлуудын тухай байгаа нь анзаарагдаж байсан. Сэтгүүлчид АСЕМ-ийн улсууд хоорондын халуун сэдвээ хэрхэн шийдэж чадсаныг нь хурлын үеэр асууж байсан нь учиртай. Ямар нэг албан шийдвэр гаргадаггүй учраас улс орнууд энд л цуглаж, өөр хоорондоо байгаа асуудлаа ярилцаж авдаг ажээ. Уурлах нь уурлаж, хэлэлцэх нь хэлэлцсээр нэгнийхээ байр суурийг мэдэх учраас дагаад дараа нь албан шийдвэр гаргахад ихээхэн дөхөм байдаг байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Европын комиссын Гадаад хэрэг, Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Европын хөрөнгө оруулалтын банкны захирал Б.Хойер нартай уулзахаас гадна зарим улс орны Гадаад хэргийн сайдуудтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Манай сайдын хувьд ийшээ ч герман, тийшээ ч англиар ярих бөгөөд францаар бүрэн дүүрэн ойлгодог нь жинхэнэ Люксембургийнхний хэв маягт нийцүүлсэн гэлтэй. Люксембургийн хувьд хүмүүс франц, герман, англиар ярихаас гадна аль алийг нь багтаасан люксембургиш хэлтэй юм билээ.

Дэлхийд хамаарах нутаг дэвсгэрийн хувьд ч, хүн ам, улс орнуудын тоогоороо ч Ази, Европынхны уулзалтад хэлэлцэх асуудал их. Зөвхөн бүс нутгийн асуудлаар гэхэд л Сирийн дайн, Европ руу урсан орж ирэх дүрвэгчид, Украины зөрчил, аль эртний Израил Палестиний мөргөлдөөн, Ливийн хэрэг явдал, дуусдаггүй Солонгосын хойгийн асуудал дээрээс нь Өмнөд Хятадын тэнгисийн маргалдаан гээд ар араасаа цуварна. Тийм ч учраас дэлхий тэр чигээрээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ийш анхаарал тавих аж.

Дэлхийн хэвлэл мэдээллүүдийн анхаарах сэдэв байна гэдэг нь ирэх жил болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаагаараа Монгол автоматаар дэлхийн анхаарлын төвд очиж таарах нь гэсэн эхний бодлыг төрүүлнэ.

Ирэх жил Монголд болох 11 дэх удаагийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын асуудал энэ удаагийн сайд нарын уулзалтын ярилцах нэг сэдэв байлаа. Өнөө жил НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоо сүр дуулиантай хийж, ихээхэн анхаарал тавьж байгаа шиг АСЕМ-ийн хувьд ирэх жил 20 жилийн ой нь тохионо. Тэгэхээр зөвхөн төрийн тэргүүнүүд уулзаад зогсохгүй өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, Улаанбаатарын тунхаглалыг гаргахаас гадна, дараагийн 10 жилийн ажлаа төлөвлөх том зогсоол манай улс байх нь ээ.

Энэ жил анх удаа зохион байгуулсан Залуу лидерүүдийн анхдугаар уулзалтын дараагийнхыг нь АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы өмнө манайд зохион байгуулахаар болсон. Мөн худалдааны ахлах ажилтнуудын хурлыг зохион байгуулах үүргийг манайд өгсөн. Ер нь ирэх жил АСЕМ-ийн хүрээнд 15 орчим хурал болохын нэлээд нь зохион байгуулагч орны хувьд манайд болох юм. Энэ тоолонгоор мөнгө цаас урсах нь гэж үсээ үгтээх хэрэггүй болов уу. Манайхан АСЕМ хийгээд дампуурах нь гээд ярьж байгаа. Хүмүүсийн тэрхүү ойлголтыг тээсээр сониучирхан энэ хурлыг сурвалжлахаар очсоноо нуухгүй. Гэтэл ахлах ажилтнуудын хурлын зардлыг Европын холбоо, залуу лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцох залуусын зардлыг Ази, Европын сан (ASEF), манайд ирээд байрлах байрны зардлыг Швейцарь улс гаргахаар болсон байх жишээтэй. Бидний хувьд зохион байгуулалтыг нь сайтар хариуцах, хариуцлагатай байхаа л хичээчихмээр юм байна даа гэж бодогдсон. Саяын хурлын үеэр Монгол эдийн засгийн хувьд асуудалтай байгаа учраас улс орнууд хэрхэн тусалж дэмжиж, хамтарч ажиллах уу гэдгээ ярилцсан гэнэ лээ. АСЕМ гээд арван толгойтой атгаалжин хар мангас мэт ярих хүмүүс их бий. Тэгвэл Монгол Улсаа траншейны хүүхдүүд, Солонгост хараар ажиллагсад, Европын улс орнуудад дэлгүүрээс бараа хулгайлагч гэсэн муу имижээр нь бус ямар үндэстэн, ямар улс гүрэн гэдгээ батлах боломж АСЕМ юм байна. Гадаад сурталчилгаа хийх ёстой, гэтэл яаж гэдгээ мэдэхгүй байна, төсөв мөнгө муу байна гэхийн оронд АСЕМ-ийг улс гүрнээ сурталчлах том боломж гэж харах нь зөв юм. Дунджаар 300-500 орчим сэтгүүлч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах гэж очдог. Тэгвэл манайд болох 20 жилийн ойн хуралд 800 бүр цаашлаад 1000 хүрч магадгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм билээ. Бас ирсэн зочин бүр өндөр зэрэглэлийн зочид буудал, хэр тааруу буудал гээд олон газарт байрлана, бас иднэ, ууна. Тэр бүхэн манайд л үлдэнэ.

Ази, Европыг багтаасан АСЕМ гэх айлын дээд хэмжээний уулзалтыг өрхийн нэг гишүүний нь хувьд нэр хичээн сайтар зохион байгуулах нь чухал. Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараахь хэвлэлийн бага хурал дуусахад олон сэтгүүлч манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлсэн үгээс иш татан “13 дугаар зууны үеэс Ази, Европыг холбосон гол бүс байсан их эзэнт гүрний Монголд ирэх жилийн АСЕМ-ийн хурал болно” хэмээн мэдээнүүдээ төгсгөсөн байгаа харагдсан билээ.

Ямартай ч Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хурал өндөрлөснөөр АСЕМ-ийн дараагийн нэг цикл Монгол Улсын мэдэлд ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Халдварт өвчний эсрэг хамтран ажиллана

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж буй “ХҮНИЙ ТӨЛӨӨ-ХИЛИЙН ХЯНАЛТ” сарын аяны хүрээнд энэ сарын 11-нд “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилт, “Хилийн боомтод цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах нь” сэдэвт сургалтыг “МИАТ” ХК-ний хурлын зааланд зохион байгууллаа.

Боомтод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдварыг дамжин тархаахгүй ажиллах багийн ажиллагаанд албадыг дадлагажуулах зорилгоор тус сургалтыг Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зохион байгуулж, ДЭМБ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, олон улсын нислэг үйлддэг 8 авиа компани, НМХГ-ын Экспорт, импортын хэлтэс зэрэг байгууллагын 70 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулав.

Сургалтыг зохион байгуулснааролон улсын хөл хориот халдварт өвчин Монгол Улсын агаарын хилээр дамжин тархахгүй байхад чухал ач холбогдолтой бөгөөд Буянт-Ухаа боомтод хамтран ажилладаг байгууллагуудын багаар ажиллах чадвар сайжирч байгааг холбогдох байгууллагаас дүгнэлээ.

– See more at: http://zasag.mn/m/inspection/view/11395#sthash.hQM…

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төвтэй болллоо

Монгол Улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв нь 2013 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөгжил, оролцоог дэмжсэн үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан үзүүлсээр ирсэн. Тэгвэл өнөөдөр Өнөр бүл төвийн дэргэдэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төв нээлтээ хийлээ. Энэхүү төв нээгдсэнээр Өнөр бүл төв болон бусад асрамж халамжийн газруудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дараах үйлчилгээг үзүүлэх юм байна.