Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд үлдээх санал олонхийн дэмжлэг хүлээв. Байнгын хорооны хуралдаанд 12 гишүүн оролцсоноос 9 нь дээрх саналыг дэмжиж, гуравны хоёрын дэмжлэгийг авсан юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдан 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцээд Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар тусдаа ажиллах ёстой хэмээн үзэж, энэ санал нь олонхийн дэмжлэг хүлээв. Эл саналаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулж ирж санал хураалгасан нь олонхийн дэмжлэг авав.
Дээрх шийдвэр гаргахаас өмнө Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийх үед гишүүдийн олонхи нь Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн газрыг нэгтгэх нь зүйтэй” хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан. Тиймээс эл саналаар дахин санал хураалгах боломжгүй. Дэгийн хууль зөрчигдөнө” гэв.
Тиймээс Д.Оюунхорол, С.Бямбацогт нар горимын саналын утгыг өөрчилж, Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд хэвээр үлдээх гэсэн санал гаргасан нь гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг хүлээсэн билээ.
Харин эл саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төсвийн хуулийн төслийг тусгай дэгээр хэлэлцдэг. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр санал хураалгах боломжгүй” гэсэнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Би өмнө нь дэгийг сануулсан. Тамгын газрынхан болно гэсэн. Одоо тэгээд яах болж байна вэ” гэж байлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зүйтэй гэж үзсэн юм. Гэвч зарим нэр бүхий гишүүд Үндэсний статистикийн хороо нь УИХ-ын мэдэлд байх ёстой, хуулиараа ийм зохицуулалттай. Засгийн газрын харьяанд шилжүүлэх нь буруу гэж үзэн горимын санал гаргасан нь ийн маргаантай байдал үүсгээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Иргэний андгай” өргөнө

Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа маргааш 11:00 цагт Төрийн ордонд болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох андгай өргөх ёслол 13 дахь жилдээ болно. “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцоно. Мөн энэ арга хэмжээ орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулна.
Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг олгох журамд өөрчлөлт оржээ

Улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг “Оюутны 70 мянга”-ыг ирэх арван хоёрдугаар сард улирлаар нь олгоно гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ. Гэхдээ энэ жил эдийн засгийн хүнд байдалтай холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж, оюутны үндэсний тэтгэлэг олгохоор болжээ.

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ
-Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй,
-Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй,
-Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заасан.
УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГТ
-50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш,
-75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.
Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ. Тодруулбал, 14,16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орох нь.

Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15,16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БИЧЛЭГ: С.Эрдэнэ өөрийгөө шатаав

“Эдэнэс Тавантолгой”-н ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаав.

Өөрийгөө шатаав“Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаалаа
Posted by TV9 Mongolia on Thursday, November 12, 2015

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Тавантолгой”-н ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид өнөөдөр 12.00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаалаа. Тэрээр ундааны савтай бензин өөр дээрээ асгаж, улмаар шууд гал тавив.

С.Эрдэнийн хамт мэдээлэл хийх гэж байсан нөхөд нь хэлэхдээ “Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид бодоогүй. Тэр ч энэ тухай бидэнд юу ч хэлээгүй” гэсэн юм.

“Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” хэмээн С.Эрдэнэ хэлж, гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хэвлэлийн хурлын байрнаас гараад “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажлын байрандаа буцаж очжээ. Түүнд эмнэлгийн тусламж хүргэхээр 103 төв рүү аваад явсан юм.

Тус компанийн ажилчид “өөр компанид шилжүүлэхээр яригдсан 203 ажилтны талаар албан ёсны мэдээллийг 15.00 цагаас өөрийн байрандаа хийхээр болсноо энэ үеэр мэдэгдлээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын мэдээлж буйгаар тус компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин эдгээр ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлагын дор ажилладаг байжээ. Хэдийгээр Австралийн компанийн дор ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж урьд нь мэдээлж байсан.

Бичлэгийг хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх санаачилгыг дэмжиж байгаа гэв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Ж.Батзандан гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ “1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг иргэд олон түмэн, судлаачид олон удаа ярьж хэлж байгаа. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачилгыг дэмжиж байгаа. Харин яаж өөрчлөх процессыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байгаа субьектууд хуулийн хүрээнд ажиллах нь зүйтэй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцдаа Монгол Улсын тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг бодож хуулиндаа захирагдаж хуулийн дагуу ажиллаасай” гэв. Мөн тэрбээр ” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарим заалт журамтай зөрчилдөж байгаа. Жишээлбэл, парламентын бүрэн эрхийн хугацааг нэмэх, гишүүдийн тоог нэмэх Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Засгийн газрын бүтцийн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журамтай зөрчилдөж байна гэж үзэж байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засаад явах байх гэж бодож байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

В.Путин тамирчид, дасгалжуулагчдадаа анхааруулга өгчээ

ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэн гэх мэдээлэл түгж, чамгүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч В.Путин ирэх 2016 онд эх орноо төлөөлөн Рио де Жанейрогийн зуны олимпод оролцох баг тамирчдын дасгалжуулагчид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр уулзалтын үеэр мэдэгдэл хийж, анхааруулга өгсөн байна.

В.Путин Ерөнхийлөгч хэлэхдээ: “Спортын тэмцээнд сэргээш хэрэглэн амжилтад хүрч буй тамирчны хувьд дараа нь үүсэх бүх хариуцлагыг зөвхөн өөрөө хүлээнэ гэдгийг хатуу анхааруулъя. Түүнээс болж баг хамт олон болон бусад тамирчдын гаргасан амжилт хүчингүй болсон тохиолдолд тэрхүү хариуцлагыг сэргээш хэрэглэсэн тамирчинд мөн оногдуулах болно” гэжээ. Мөн тамирчид ямар аргаар сэргээш хэрэглэж байгааг болон энэ төрлийн бизнес эрхэлж буй хүмүүсийг илрүүлж хариуцлага тооцох үүрэг даалгавар өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн сарын орлого буурсан үзүүлэлттэй гарчээ

Үндэсний Статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын үзүүлэлтийг танилцууллаа. Улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар 67003 эх амаржсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн өнгөрөгч 10 дугаар сард улсын хэмжээнд 6489 эх амаржсан нь өмнөх үеийнхээс мөн л буурсан үзүүлэлт юм байна. Харин нялхсын эндэгдэл оны эхний 10 сард 1009 болсон өнгөрсөн оны энэ үеэс 0.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Үүнээс гадна Үндэсний Статистикийн хорооны мэдэгдсэнээр бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны 10 дугаар сард 31.5 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.7 мянган хүнээр өссөн байна. Харин өрхийн сарын дундаж орлого энэ оны гуравдугаар улирлын байдлаар 936.6 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх үеийн мөн үеийнхээс 25 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм байна.