Categories
мэдээ нийгэм

Хятадад мах нийлүүлэх компаниудад гэрчилгээ гардуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байсан юм.

Одоогоор “Мах маркет”, “Монгол эко мах” гэсэн хоёр компани Хятадад мах нийлүүлэх эрхтэй болоод байгаа аж. Уг хоёр компанийн удирдлагуудад мах нийлүүлэх гэрчилгээг өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гардуулан өгчээ.

Ш.Раднаасэд хэлэхдээ: “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортод гаргах салхийг хагалж бусдаа түүчээлж байгаа хоёр компани болон цаашид бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуйн нэгжийн баримт бичгийн бүрдүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагийн дотор гаргаж өгч байх болно” гэсэн байна.

Үүнээс гадна таван аж ахуйн нэгжийн баримт бичгийг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнийн өргөдлийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин асгаж шатаахыг завдсан хэрэг гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

О.Баасанхүү гишүүний хэлснээр иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн юм байна. Уг өргөдөлдөө “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэнийг нь уншиж танилцуулсан юм.
Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулж өгөх хүсэлт ирүүлжээ.
Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг батлан даалтад гаргажээ

Өнгөрсөн сарын 30-нд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг АТГ-аас баривчлан хорьсон. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг мөн баривчлан хорьсон билээ.

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацааг сунгах эсэхийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл 13.00 цагийн үед батлан даалтад гаргасан байна. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж 17.00 цагийн үед батлан даалтад гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хүрээний мэдэгдлийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 62.7 хувийн саналаар дэмжин баталлаа.

Хуулийн төслийг батлахын өмнө нэр бүхий гишүүд Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт хандан төсвийн зардлыг нэмж ачаалал үүсгэлээ хэмээн шүүмжилсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ажлын хэсэг төсвийн зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр хасах санал оруулж ирэхэд гишүүд 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэх санал гаргаж, УИХ-аар баталсан. Цалинг бууруулах санал мөн дэмжигдээгүй. Ажлын хэсэг зардлыг бууруулж байсан, УИХ, байнгын хороодоор төсвийг хэлэлцэх шатанд зардал өссөн” гэдэг тайлбар хийлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаах гэсэн хэрэг гарсантай холбоотойгоор Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудыг яаралтай дуудаж, үүрэг даалгавар өгсөн байна. Энэ тухай Уул уурхайн сайд Р.Жигжид Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар хуулийн дагуу шинэ удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болжээ.

Мөн Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэж буй Ц.Оюунбаатар сайдад өөрийгөө шатаахыг завдсан С.Эрдэнийн эрүүл мэндэд анхаарахыг үүрэг болгосон байна. Мөн түүний эмчилгээнд гарах зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргахыг чиглэл болгосон тухай Р.Жигжид сайд дуулгалаа.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны мөнгөний бодлогыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2016 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа юм. Улсын төсөв мөнгөний бодлоготой уялдах ёстой. Төсвийн алдагдал 3.4 хувьтай буюу 800 хүртэл тэрбум төгрөг байхаар батлагдаж байгаа аж. Гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байлаа. Үүнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:

-2016 оны төсвийг хэлэлцүүлж байх явцад олон зүйл дээр асуулт гарсан. Бид бичгээр зөвлөмжөө хүргүүлсэн. Төсвийн орлогын талаар эрсдэл байгаа талаар дүгнэлтээ өгсөн. Төсвийн алдагдал дээр орлогын төсөөлөл эрсдэл дагуулах магадлалтай. Төсвийн хэрэгжилтэд эрсдэл байна. Нийт эдийн засагт энэ нь сөргөөр нөлөөлөх юм. ДНБ-ий энэ оны гуравдугаар улирлын дүн гарсны дараа төсөөлөл өөрчлөгдөх байх. Төсвийг ийм өндөр алдагдалтай батална гэсэн төсөөлөл байгаагүй. Тодорхой боломжууд хязгаарлагдах юм байна гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараа 2016 оны Мөнгөний бодлогыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Р.Жигжид сайд мэдээлэл хийнэ

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин асгаж шатаасан хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Уул уурхайн сайд Р.Жигжид яг одоо 16 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Ан Сан Су Чийн нам 348 суудал авснаар ялалт байгуулж байна

Мьянмарын сөрөг хүчний гол хүчин болох Ан Сан Су Чийн нам парламентын хоёр танхимд нийт 348 суудал авснаар ялалт байгууллаа. Ан Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентад олонх болохын тулд 329 суудал авахад хангалттай байв. Мьянмарын сонгуулийн хороо санал хураалтын нэгдсэн дүнг гаргаагүй байгаа ч Ан Сан Су Чийн нам ялалт байгуулсан нь тодорхой болж байна. Мьянмарын парламентын бүх суудлын дөрөвний нэгийг армиас нэрлэж, үлдсэнийг нь холимог системээр сонгодог юм.

Мьянмарт 25 жилийн дараа анх удаа өнгөрсөн ням гаригт ардчилсан сонгууль явагдсан юм. Сонгуульд улс төрийн 91 намын 600 мянга гаруй нэр дэвшигчид оролцжээ.

Өмнө нь 1990 онд болсон олон намт анхны сонгуулиар “Ардчиллын төлөөх үндэсний Лиг” үнэмлэхүй ялалт байгуулсан боловч цэргийн дэглэм ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Тавантолгой” компани хэвлэлийн хурлаа хойшлуулав

Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасан хэрэг гарч нийгэмд дуулиан дэгдээлээ. Түүний хувьд тус компанийн 203 ажилтныг өөр компани руу шилжүүлэх асуудлыг эсэргүүцэн, ийм тэмцлийг сонгосон гэж тайлбарласан юм. Түүний өөрийгөө шатаасан хэргийн талаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс 15.00 цагаас хэвлэлийн хурал зарласан байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс 203 ажилтантай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар энэ үеэр мэдээлэл хийнэ гэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон залуугийн цогцос Хөвсгөл нуураас олджээ

“Машинаа гараашдаа тавьчихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны долдугаар хорооллын … дүгээр байрны … тоотод оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагт УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа гараашдаа хийнэ гэж гараад сураггүй болжээ.

Түүнийг алга болсноос зургаа хоногийн дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт автомашиныг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О олсон байна.
Улмаар сураггүй болсон иргэн Л-ийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг тус өдрийн 19:03 цагт хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Харин өчигдөр өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.