Categories
мэдээ нийгэм

Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна

Өнгөрсөн шөнө Франц улсад болсон алан хядах
ажиллагаа дэлхий нийтийг цочирдуулж байна. Аймшигт халдлагын улмаас тус улс онц
байдал тогтоож, хилээ хаагаад байгаа юм. Францад манай улсын 4500 иргэн ажиллаж
амьдардгаас 2000 нь Парис хотод байдаг аж. Халдлага болсон 11 дүгээр дүүрэгт
цөөнгүй монгол иргэн амьдардаг байна. Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн
гэх мэдээлэл ирээгүй байгаа гэж Гадаад хэргийн яамны Консулын газраас мэдээлэв.
Тус улсад суугаа Монголын Элчин сайдын яам иргэдтэйгээ фэйсбүүк болон утсаар
холбогдож, монголчууддаа сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж. Нэн шаардлагатай
тохиолдолд Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768, 0651426149,
0783937554, 0146952812 гэсэн эдгээр утсаар холбогдож болох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Баттулга: Монголын жүдочид дэлхийд тэргүүлж буйг харахад бахдам сэтгэл төрдөг

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Намсрайн Баттулгатай ярилцлаа.

-Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн шилдэг жүдочдын чансааг саяхан гаргасан. Уг чансааг Монголын жүдочид жиндээ тэргүүлж эхэллээ. Дэлхийд нэг номерт бичигдэнэ гэдэг бас л бахдам амжилт даа?

-Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. 48 кг-ын жинд дэлхийн нэртэй 184 жүдочоос Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, 57 кг-д 246 шилдэг тамирчнаас ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа нар нэгдүгээрт бичигдсэн нь бахдам амжилт байлгүй яахав. Мөн гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг хоёрын хувьд өнгөрөгч сард Францын нийслэл Парис хотноо болсон “Их дуулга”-д тэргүүлсэн амжилт нь нөлөөлж байгаа. Тэр жил буюу 2010 онд Парисын “Их дуулга”-аас манайхан ганзага хоосон ирж байв. Тэгвэл саяны “Их дуулгад” үнэхээр өнгөтэй байж чадлаа. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар аваргалахаас гадна Д.Сумъяа мөнгө, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх нар хүрэл медаль хүртсэн. Монголын жүдо бөхийн холбоо сүүлийн хэдэн жил идэвх санаачилгатай, удирдлага зохион байгуулалттай ажилласны үр дүнг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Олимпийн аваргаас аваад шил шилээ дарж төрсөн дэлхийн аваргууд бичигдэх нь мэдээж?

-Монголчуудын зүрх сэтгэлийн дуудлага, хагас зуун жилийн мөрөөдөл болсон олимпийн алтан медалийг жүдогийн тамирчин авчирсан. Н.Түвшинбаяр аварга дэлхийн шилдэг тамирчин гэдгээ бататгаж, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд бас л дээд амжилт байлаа. Жүдогийн тамирчид жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа. 2013 онд Бразилийн Рио-де-Жанейро-гийн дэлхийн аваргаас М.Уранцэцэг маань Бразилийн шилдэг жүдоч, олимпийн аварга Сара Менезеийг нутгийнх нь дэвжээн дээр ялж шуугиан дэгдээсэн. Аваргын төлөөх барилдаанд Японы алдарт тамирчин, дэлхийн аварга Харуна Асамитай хүч үзэж цэвэр ялснаар Монголын жүдо бөхийн спортод анхны эмэгтэй дэлхийн аварга хэмээх түүхэн амжилтын эзэн болсон. Уранцэцэгийн аварга болдог тэмцээнд Д.Амартүвшин мөнгөн медаль хүртэж бас л биднийг баярлуулсан удаатай. Урнаа, Амараа хоёр тэр жилээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэгэн зэрэг гавьяат болж спортын хүрээнийхэнд өөрийн эрхгүй омогшил, бахархлыг бэлэглэж байлаа. 2014 оны Оросын Челябинск хотод болсон дэлхийн аваргаас Г.Болдбаатар мөн л алтан медаль хүртэж, аваргын буухиаг үргэлжлүүлсэн юм. Казахстаны Астанад болсон өнөө жилийн дэлхийн аваргад манайхан бас л түүхэн гэж хэлж болохоор амжилт тогтоосон. Жүдогийн шигшээ багийнхан өмнө нь ДАШТ-ээс гурван хос медальтай, багаараа хүрэл медальтай ирж байсан түүх байхгүй л дээ. Гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртсэн. Ням-Очирын хувьд олимп, дэлхийн аваргын хос медальтай жүдогийн хоёр дахь тамирчин болсон. Монголын жүдочдоос олимп, дэлхийн хос медалийг анх хүртсэн бөх бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар шүү дээ.

-Х.Цагаанбаатар гэснээс жүдогийн домог болсон тамирчин тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн. Цагаанбаатарын тухайд та юу хэлэх вэ?

-Цагаанбаатар бол Монголын спортын түүхэнд арилшгүй тод мөртэй, бахдам амжилтын эзэн мөн л дөө. Спортын, тэр дундаа жүдогийн “амьд архив” гэвэл Цагаанбаатар, Түвшинбаяр нарын аваргууд байна ш дээ. Үнэндээ тэднээс дэлхий чичирдэг. Жин тус бүртээ дэлхийд босоо явж ирснийг мянга мянган фэнүүд нь хэлээд өгнө. Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын нэрийн хуудас болж, Монголын спортын түүхэнд од мэт гялалзсан бахархалт хөвгүүдийнхээ тухай Монголын топ хэвлэл “Өдрийн сонин”-д ярьж буйдаа миний бие баяртай байна. Ер нь тэгээд Цагаанбаатар, Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргуудтай ах дүүгийн барилдлагатай, тэднийг удирдан манлайлж яваа Халтмаагийн Баттулгатайгаа анд нөхдийн барилдлагатай яваадаа үнэндээ бахархдаг юм. Жүдогийн тамирчдын тив, дэлхий, олимпод үзүүлж буй энэхүү бахдам амжилт бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай салшгүй холбоотой. Аливаа зүйлд эдийн засгийн хөшүүрэг гэдэг ямар чухал байдаг, гол эх суурь, үндсэн баталгаа нь болдгийг монголчуудад миний найз, миний амьдай Баттулга харуулсныг энд хэлэх нь зөв байх.

Цагаанбаатар 2004 оны Афины олимпийн хүрэл медаль хүртсэнээр амжилт ялалтынх нь он жилүүд эхэлсэн гэж хэлж болно. 2009 онд Нидерландын Роттердам хотноо болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, дэлхийд нэг номерын тамирчин гэдгээ тунхагласан. 2006 онд Катарын Дохад болсон Азийн наадмаас мөн л аваргалсан. Тэрээр 2003, 2005 оны Ази тивийн аварга, 2006 оны зүүн Азийн аварга бөхөөр тодорч байлаа. Жүдогоос гадна самбо бөхөөр дэлхийн хошой аварга болсон домогт тамирчин юм. “Баруун хязгаарын Баруунтуруун гэх жижигхэн сууринд мэндэлсэн эгэл ардын хөвүүн Цагаанбаатар дэлхийн дайдад од болон гялалзаж, бидний баяр бахдлыг тээж ирсэн билээ. Түүний бидэнд авчирсан анхны амжилт 2003 оны Азийн аваргын алтан медаль байв. Чухам энэ үеэс л Цагаанбаатарын гэх аатай омогтой, хяргасан хурц амжилтууд эхэлсэн. Дараа жил нь л тэр 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртсэн. Цагаанаагийн хүзүүнд гялалзсан энэ хүрэл тухайн үед Монголын багийн цорын ганц амжилт байлаа” хэмээн Б.Ганчимэг сэтгүүлч бичиж байсныг би мартдаггүй юм. Жүдогийн нэрийн хуудас болсон тамирчин зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Холбооны удирдлагууд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч гээд ойр тойрныхоо хүмүүстэй зөвлөлдөж байж гаргасан шийдвэр нь тэр юм.

-Жүдогийн шилдэг тамирчдын тухай, тэдний амжилт ялалтын тухай багагүй ярилаа. Харин одоо ярианыхаа сэдвийг тан руу хандуулъя. Та бага балчраасаа спорттой холбогдож, олон төрөлд хүч сорьсон байдаг. Тэшүүрийн өсвөрийн улсын аваргад удаа дараа оролцож, каратэгийн хар бүс хамгаалж, сонгомол бөхөөр ЗХУ-ын дэд мастер цол хүртэж байсан?

-Миний бие спортын гэр бүлд төрж өссөн. Ижий аав хоёр минь өнөөдөр зуу шахам настай хоёр сайхан буурай Увсын цэнхэр хязгаартаа аж төрж сууна. Бид бүхэн тэшүүрийн спортоор гэр бүлээрээ хичээллэдэг байсан. Би гэдэг хүн Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлж, улсын аваргад ирж оролцож байлаа. Манай гэр бүлд 12 тэшүүрчин байсан гээд бод доо. Манайхан аймгийн аварга шалгаруулах тэмцээний бараг бүх насны ангилалд түрүүлж, цагаан онгоцонд гэр бүлээрээ суугаад Улаанбаатарыг зорьдог байсан. Спортын буянг ингэж л бага балчраасаа хүртсэн хүн дээ, би. Улаанбаатарт ирж улсын аваргад оролцож байсан дурсамж дурдатгалаа эргээд санахад хачин сайхан санагддаг юм.

Төрсөн эгч Норжин улсын шигшээ багт гавьяат тамирчин Л.Цэнд багшийн удирдлага дор хичээллэж байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой. Миний тулааны спорттой холбогдсон түүх хүргэн ах Ш.Батаатай холбоотой юм. Ах маань цэргийн заан цолтой, бөхөд дуртай хүн бий. Улсын багшийн дээд сургуулийг Баянаа аваргын хамт төгссөн. 1983-1985 онд ахын зөвлөснөөр чөлөөт бөхөөр хичээллэж, хажуугаар нь күнфүгийн хичээл заалгасан. Күнфү, гимнастик, үшү чинь уян хатны дасгал шүү дээ. Күнфүг манай аймагт байсан хятад хүнээр заалгаж билээ.

Тулааны спортоор гучин жил хичээллэж байна. Наян таван онд дунд сургуулиа төгсч Беларусийн Городный хотын их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцахаар очлоо. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Городный хотын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болдог юм. Түүнд хүсэл сонирхлынхоо дагуу оролцтол түрүүлчихдэг байгаа. Ингээд ЗХУ-ын тусгай албаны багш нарын бэлтгэлд хамрагдах болсноор цахилгааны инженер мэргэжлээр суралцаагүй. Городныйд байхдаа каратэгийн хар бүсийг хүртсэн. Хүний хувь заяа гэдэг сонин юм шүү. Наян долоон онд Монголд ирээд цэрэгт татагддаг юм аа. Тэгтэл “Алдар” нийгэмлэгт хуваарилагдав. Монголын үе үеийн тамирчдын, спортын түүхийг бичилцсэн аваргуудыг төрүүлсэн “Алдар”-т ардын багш Солийн Магсар гэж аугаа хүний ивээлд багтсан. Армийн аваргын тэмцээнээс медаль хүртээд Маагаа багшаа баярлуулж л явлаа. Увсын Тулгаа зааны дүү Сумъяа начин бид онжавууд л даа.

-Спортын гэх тодотголтой танай удам угшил Монголын шилдэг жүдоч Тэмүүлэнгээр үргэлжилж байгаа. ОУХМ Б.Тэмүүлэн бол таны хүү. -100 кг-д Н.Түвшинбаяр аваргын гол өрсөлдөгч байсаар ирсэн. Та хүүгээ жүдогийн спортод уруу татсан уу?

-Би чинь спортоор ид амжилт гаргах насандаа айхтар бэртсэн хүн. Тиймээс өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүдээ өвлүүлсэн гэж хэлж болно. Аавынхаа бодож, санаж, зорьж тэмүүлж явсан тэр зүйлийг хүү минь үргэлжлүүлэн гүйцээх ёстой. Хүсэл мөрөөдлийг минь биелүүлж ч байна. Монголын спортод манай удам угшлын нэрийг хүү минь дуурсгаж явна. Хүүгээ таван настай байхаас нь өөрийн гараар бэлтгэж, 11 настайгаас нь бөхийн спортоор хичээллүүлсэн. Сумогоор барилдуулж, үндэсний бөхөөр цагаан сарын хүүхдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн удаатай. ОХУ-ын Саха хотод болдог Азийн хүүхдийн спортын наадмаас 2004 онд алтан медаль хүртэн анхны гараагаа эхэлсэн. Хүү минь 2014 онд Узбекстаны Ташкентад болсон жүдогийн гран-прид тив, дэлхийн шилдгүүдтэй хүч сорьж, аваргын төлөө Австрийн бөх Аллерсторферийг цэвэр ялахад нь өөрийн эрхгүй нулимс гарч билээ. Парис, Москва, Токиод болсон “Их дуулга”-аас мөнгө, хүрэл медаль хүртэн Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан. Түвшинбаяр аваргын гол өрсөлдөгч л гэдэг юм. Үнэндээ Түвшээ аваргын амжилт бүхний цаана Тэмүүлэн байсан. Лондонгийн олимпод Түвшээ аварга мөнгөн медаль хүртэж шагналын тавцанд зогсоход миний хүү бэлтгэл хангагчийн хувиар байж байлаа. Хүү минь үндэсний бөхөөр өндөр амжилт үзүүлэх боломж байсан. Гэвч их спортоор хичээллэн улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж буйд нь их баярладаг юм.

-Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. “Адидас ди ди монголиа” компанийг байгуулсан. Танайх дэлхийд алдартай “Адидас” брэндийн албан ёсны дистрибьютер байх шүү?

-Тулааны спортын хувцас хэрэглэлийг Азид худалдаалах зорилгоор 2011 онд энэ компанийг байгуулж байлаа. Тулааны спорт болох бокс, жүдо, самбо, чөлөөт бөх, таеквондо, каратегийн хувцас хэрэглэл худалдаалдаг. Буриад, Өмнөд Монголын шигшээ баг хувцас хэрэглэлээ манайхаас авч байна. Энэ бүст “Адидас”-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа нь ганц манайх болоод байна л даа. Ер нь “Адидас”-ын албан ёсны зөвшөөрлийг авах амаргүй. Жилд доод тал нь сая ам.долларын бараа авдаг байх хэрэгтэй. Спортоор бол норматив биелүүлэх ёстой. Түүнээс биш нэг удаа бараа авчихаад суугаад байж болохгүй.

Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Тэрээр 2012 оноос Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй. “Х.Баттулга бид ерээд оноос хойш нөхөрлөж байна. Жүдогийн холбоог ганцхан хүний нуруун дээр үүрүүлж болохгүй. Миний мэдэхийн түүний халааснаас жил бүр тэрбум гаруй төгрөг гарч байгаа. Бид энэхүү ачааг тэнцүү үүрэлцэж, хамтдаа зүтгэх ёстой” хэмээн хэлж байна. Ийм ч сэтгэлээр жүдогийн холбоотой холбогджээ. Олон улсын стандартад нийцсэн жүдо бөхийн ордон ашиглалтад орчихвол спортын амьдралд огт өөр орчин бий болж, талын нүүдэлчин Монголоос олимп, дэлхийн аваргууд олноороо төрнө гэсэн өөдрөг тэмүүлэлтэй явдаг нь ярианаас нь илт анзаарагдсан. Ийнхүү спортын гэр бүлд өсч хүмүүжсэн, өөрөө спортоор хичээллэж, хүүгээ мөн их спортын тамирчин болгон хүч хөдөлмөр, оюунаа зориулж яваа бадрангуй эрхэмтэй хөөрөлдсөн минь ийм учиртай.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Галбын говийн хүрэн тэмээд халдварт ботулизм өвчин туссан уу, цианитад хордсон уу гэдэг нь тодорхойгүй байна

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №272(5224), 273(5225)
дугаарт>>

Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Номгон багт арав гаруй тэмээ, таван үхэр ямар өвчний улмаас үхээд байгаа.
Өнөөдрийг хүртэл холбогдох газрууд тэмээ, үхэр ямар өвчин туссаныг эцэслэн
тогтоож чадаагүй байна. Өнгөрсөн сарын 14-нд Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн гэх
гурван айлын гэрийн гадаа байсан ингэнүүд үхэж эхэлсэн байдаг. Аравдугаар сарын
16-нд Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мал
эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн үхсэн тэмээнүүдээс шинжилгээ дээж
авч, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв
лабораторид явуулсан байдаг. Гэтэл Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв
лабораторийн мэргэжилтнүүд “Дээжээс халдварт өвчний ямар нэгэн шинж тэмдэг
илрээгүй” гэх утга бүхий урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл,
тэмээ юунаас болж үхээд байгааг өнөөдрийг хүртэл хэн ч тогтоож чадаагүй байна.
Энэ хооронд Номгон багийн айл өрхүүдийн тэмээ, үхрүүд толгой дараалан үхсээр
байна.

Хүн малгүй цианитад
хордсон ю
мбиш биз

Өмнөговь аймгийн Онцгой байдлын
хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг
ирж үхсэн тэмээнүүдийн сэг зэмээс дээж авч, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын
мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон тэмээний өвчин гараад байгаа
голомт газрын хөрс, ургамал, ус гээд өвчин тарааж болох бүх зүйлсээс шинжилгээ
авсан. Эх сурвалжийн хэлж буйгаар хөрс, ус, ургамал зэргээс авсан дээжнээс
тэмээ, үхэрт өвчин тараах хэмжээний химийн урвалд орсон зүйл илрээгүй гэнэ.
Тиймээс дахин өөр газраас шинжилгээ хийж байгаа аж. Холбогдох газруудын
мэргэжилтнүүд аргаа бараад сууцгааж байгаа гэсэн. Олон удаагийн сорил шинжилгээгээр
Монгол Улсад 60 гаруй жилийн өмнө гарч байсан ботулизм гэх өвчин үү, эсвэл
газрын хөрсөнд тархсан цианитаар хордсон байж магадгүй гэж таамаглаж эхэлсэн
байна. Ингэж үзэх тодорхой хэдэн шалтгаан байгаа гэнэ. Ханбогд сумын Номгон баг
Л.Отгондүү, А.Буд, Б.Өлзийбүрэн нарын намаржиж буй газраас холгүйхэн хэдэн
жилийн өмнө алтны судал олдож байсан гэнэ. Нинжа нар алт гарч байгаа сургаар
цугларч алт олборлох болжээ. Нинжа нар алт ухахдаа цианит ашиглаж байсан гэнэ.
Хууль бусаар цианит ашиглаж алт олборлож байгааг хууль хяналтынхан огт
анхаардаггүй байсан гэнэ. Үүнээс үүдэн Номгон уулын урд өврөөр цианит хэрэглэж
байгаад үлдээсэн хэд хэдэн шалаам буюу бохирдсон шороо байдаг юм байна. Өнөө
жил Ханбогд суманд сүүлийн арав гаруй жил орж байгаагүй хур бороо элбэгтэй жил
байсан гэнэ. Борооны улмаас газарт булаад орхисон байсан цианиттай бохирдсон
шороо ил гарч, ойр хавийн тэмээ, үхэр хордсон байж магадгүй гэж таамаглаж
байгаа гэнэ. Мөн 2008 оны үед тогтоол устай байх үед нь цианитаар
хордуулчихсан. Хур бороо ороогүйн улмаас ширгээд хатчихсан байсан. Гэтэл энэ
жил бороо их орж, тогтоол ус гарч ирсэн. Цианитаар хордсон усыг тэмээ, үхэр
ууснаас болж үхэж үрэгдээд байж магадгүй хэмээн таамаглаж байгааг эх сурвалж
онцолж байлаа. Гэхдээ эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж, ард
иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх ёстой.

Хэрэв Л.Отгондүү, А.Буд,
Б.Өлзийбүрэн нарын тэмээ, үхэр цианитаар хордсон нь тогтоогдох юм бол нутгийн
иргэд ч гэсэн хордсон гэсэн үг. Хэрэв цианитад тэмээ, үхэр хордож байгаа нь
тогтоогдох юм бол хорны нөлөө маш өндөр байгаа аж. Цианит нь маш хүчтэй химийн
хорт бодис юм. Өөрөө агаарт дэгдэмхий биш бөгөөд устай холилдсон үедээ цианы
хүчлийг үүсгэж, ус, хоол хүнсээр, амьсгалын замаар мөн арьсаар дамжин хүн, мал,
амьтныг хордуулдаг. Эх орны дайны үед фашистууд хоригдлуудыг үй олноор нь
устгахдаа цианы хийг ашиглаж байсан гэдэг. Агаарт байх хэмжээ багажны заалтаар
1ppm-ээс их буюу куб метр агаарыг сая хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнээс ихсэх
үеэс хордлогын шинж тэмдгүүд илэрдэг гэж судлаач нар хэлж байна лээ. Хүчтэй
хордлогын үед хүн болон амьтанд илрэх шинж тэмдэг нь амьсгаа бачуурах, хоолой
боох, татаж унах, толгой эргэх, муужрах, улмаар зүрх зогсох зэрэг үхэлд
хүргэдэг байна. Цианит нь өнгөгүй бараг үнэргүй учир таньж ялгахад төвөгтэй.
Мөн хүний биед орсон циан эд эрхтнүүдийг нь гэмтээгээд амархан задарч,
гадагшилдаг учир яг л ид хордлогын үед гэхээс биш дараа нь цус шээсэнд илрүүлэх
боломж тун бага байдаг аж. Гүний усанд ялангуяа худгийн усанд орсон бол цианыг
арилгаж цэвэрлэх боломж тун бага. Хөрсний гадарга, голын усан дахь циан бол
аажимдаа задарч багасч арилж болно. Харин хөрсөнд нэвчиж шингэсэн цианы хагас
задралын үе нь 1-3 жил байдаг аж.

“Манай намаржааны энэ
хавиар нинжа нар цианитаар алт олборлож байсан гэсэн”

Номгон багт алт гарч, нинжа нар
цианит ашиглаж алт олборлож байсан талаар малчин Л.Отгондүүгээс цөөн асуултад
хариулт авсан юм.

-Тэмээ, үхрийг цианитад хордсон
байж магадгүй гэж таамаглаж байгаа юм билээ?

-Манай намаржааны ойролцоо
хэдэн жилийн өмнө алт гарч нинжа нар ирж байсан. Тэд цианит ашиглаж алт
олборлож байгаа талаар хүмүүс ярьдаг байсан. Цианит ашиглаж алт олборлож
байгааг нүдээр үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэд хэдэн алт
олборлож байсан ул мөр бүхий газар одоо хүртэл байдаг. Найман жил орчим болж
байхад өмнө нь юу ч мэдэгдэхгүй байсан. Хор хөнөөл нь сүүлд илэрдэг гэж хүмүүс
ярьж байна лээ.

-Алт олборлож байсан ул мөр
бүхий газрын талаар холбогдох газруудад мэдэгдсэн үү?

-Энэ талаар хэлсэн. Хөрснөөс нь
дээж аваад л явцгаасан. Шижилгээний хариу нь гараагүй байна гэсэн гэв.

Цианитад хордсон бол Дархан-Уул
аймгийн Хонгор суманд гарсан шиг эмгэнэлт явдал Ханбогд сумынханд давтагдахгүй
гэх баталгаа алга. Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн
төв лабораторийнхон шинжилгээний хариуг ирэх долоо хоногт багтааж гаргах юм
гэнэ. Үүнээс шалтгаалан дараагийнхаа арга хэмжээг авна хэмээн хүлээж байгаа аж.

“УИХ-ын
гишүүнд тэмээ, үхэрт өвчин гараад байгааг хэлж болохгүй шүү”

Л.Отгондүүгийн 13 тэмээ
үхсэнээс гадна таван үхэр үхсэн гэдгийг холбогдох газрууд мэдээд Ажлын хэсэг
гаргаад байгаа. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
Дэмчигийн хийдийн тахилга хийхээр нийслэлээс очоод байхад нь Ажлын хэсэг
томилогдож таарсан юм. Түүнийг дагалдаж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын
газрынхан болоод Ханбогд сумын удирдлагууд ирцгээжээ. Ханбогд сумынхан “УИХ-ын
гишүүн ирчихээд байхад тэмээний өвчин гарсан нь хэнд хамаатай юм. Галбын говийн
хүрэн тэмээгээ уралдуулж, найр наадам хийгээд явуулах юм шүү. Айлын тэмээ, үхэр
үхээд байгааг УИХ-ын гишүүнд хэлж болохгүй шүү” гэж сумын иргэдэд сануулж
байсан гэнэ. Үүнийг Ханбогд сумын иргэд их дургүйцэн хүлээн авч байснаа дурсаж
байв. Түүнчлэн “Тэмээний халдварт өвчин гарчихаад байхад олон тэмээ цуглуулах
юм. Сумын дарга нарыг тэмээний уралдаан хийж, найр наадам хэсээд явж байх
хооронд бүх тэмээ нь өвчин тусаад үхчих вий дээ” гэж шүүмжлэх хүн олон байлаа.
Тэмээний өвчин гарсантай холбоотойгоор Өмнөговь аймаг даяараа тэмээний мах
борлогдохгүй болсон байв.

Ханбогд суманд гарсан тэмээний
өвчин үхэрт халдаж, холбогдох газрууд ямар өвчин болохыг бараг сарын хугацаанд
тогтоож чадахгүй сандралдаж байна. Бүгд л хотоос ирэх шинжилгээний хариуг
хүлээж байна. Харин лабораторийнхон нь тэмээ, үхэр ямар өвчин тусч үхээд
байгааг тогтоож чадахгүй, олны амыг “Шинжилгээний хариу гараагүй байна” гэх
үгээр тагласаар сууна.

Малд халдварласан өвчнийг
оношилж, тогтоож чадахгүй юм бол аймгийн битгий хэл улсын мал эмнэлгийн газар,
хэдэн зуун малын эмч, шинжилгээ, судалгааны ажилтан, лабораторитой байгаад ч
яах билээ. Шинжилгээний хариу хүлээх зуур Галбын говийн хүрэн тэмээд үл
мэдэгдэх өвчнөөр үхээд дуусах вий.

Categories
гадаад мэдээ

ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Францын нийслэл Парис хотод өнгөрсөн шөнө
террорист халдлага болж, ойролцоогоор 153 хүн амь үрэгдлээ. Буу, тэсрэх
бөмбөгөөр зэвсэглэсэн террористууд Парис хотын хүний хөдөлгөөн ихтэй зоогийн
газар, концертын танхим болон хөлбөмбөгийн стадианууд руу халдав. Үүнтэй
холбогдуулан Францад онц байдал зарлаад байгаа юм. Энэхүү зэвсэгт халдлагатай
холбогдуулж Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад буй монгол
иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал “Баасан гаригийг орон
Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парим хот, түүнтэй залгаа
дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил нартаа
сэрэмжтэй байхыг анхааруулж, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын
яамтай шуурхай холбоо барихыг мэдээлж байна” гэжээ. Нэн шаардлагатай
тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768,
0651426149, 0783937554, 0146952812.

Categories
гадаад мэдээ

Франц улс алан хядагчдын бүлэг халдлагад өртлөө

Өнгөрөгч шөнө Франц улс өөрийнхөө буурал түүхэнд учирч байгаагүй өндөр зохион байгуулалттай, асар харгис, цаг хугацааны хувьд сайн тооцоолсон алан хядагчдын цуврал халдлагад өртөж зуу хол давсан иргэдийнхээ амийг алдлаа. Парис хотын 10-р тойрогт орших ресторан руу террористууд довтоллоо гэсэн дуудлага цагдаагийн газар ирээд удаагүй байтал тэд үргэлжлүүлээд 11-р тойрогт байрлах “Батаклан” театрт жүжиг үзэж байсан үзэгчид рүү довтлов. Тэдний үйлдэл харгис гэхэд “зөөлдөхөөр” байв. Эхний мэдээллээр бол алан хядагчид гурвуулаа байсан гэх бөгөөд тэд элдэв болзол, шаардлага тавьсангүй, шууд л барьцаалагчдыг буудаж байсан бололтой. Жьюлен Пирс хэмээх сэтгүүлч үйл явдлын газар дээрээс бичихдээ “Алуурчдын хоёр нь лав АК-47 автомат буутай байсан. Тэд 10-15 минутын туршид завсаргүй галлаж хүмүүсийг буудсаныхаа дараа шархадсан хүмүүсийг шалгаж амьд байгааг нь хутгаар хэрчин гүйцээж байсан. Тэд нүүрэндээ элдэв баг зүүлгүй, нууж хаалгүй аллагаа үйлдэж байсан нь тэднийг шийдчихсэн алуурчид байсан гэдгийг батална” гэсэн байна. Энэ үед Францын Ерөнхийлөгч Олланда хөлбөмбөгийн тэмцээн үзэж байсан. “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт зохиогдож байсан бөгөөд энд ч бас халдлага боллоо. Цэнгэлдэхийн гадаа дэлбэрсэн гурван дэлбэрэлтийг эхний мэдээллээр амиа золиослогчид үйлдсэн байх магадлалтай бөгөөд багаар бодоход жар орчим хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байна. Ерөнхийлөгч Франсуа Оллландаг цэнгэлдэхээс хамгаалалтын дор шилжүүлэн ордон луу нь шилжүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч өнөөдрөөс эхлэн Франц даяар хөл хорио тогтоож хил хязгаараа хааж буйг зарлав. Хамгийн сүүлийн мэдээгээр театр руу довтолсон алан хядагчдын нэгийг нь цагдаагийнхан баривчилсан гэх ба тэр этгээд өөрсдийгөө ИГИЛ-ийн гишүүд гэдгээ хэлсэн гэх юм. Театрт халдсан алуурчдын гарт эхний баримтаар 111 хүн үрэгдчихээд байна. Парис хотын захирагч Патрик Клугман хэлэхдээ “Бид түүхэндээ үзэж байгаагүй харгис балмад халдлагад өртлөө. Харамсалтай нь амь үрэгдэгсдийн тоо цаашид ч ихсэх магадлалтай байна” гэжээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францад улсад хийх айлчлалаа цуцаллаа

Өнгөрсөн шөнө Францын нийслэл Парис хотод террорист халдлага болж, ойролцоогоор 153 хүн амь үрэгдлээ. Террористууд Парисын хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудыг сонгож, буу, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн алан хядах ажиллагаа явуулав. Концертын танхим, зоогийн газрууд, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг сонгож аллага үйлдсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус улсад онц байдал зарлаад байна.

Өнөөдөр Франц улсыг зорих гэж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Парист хотод болсон энэ алан хядах ажиллагааны улмаас айлчлалаа цуцаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийх айлчлал ирэх даваа гаригт эхэлж, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийх байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цаасан сонин хамгийн баталгаатай нь судалгаагаар нотлогджээ

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн судалгаа шинжилгээний
байгууллага өнгөрсөн сард нэг сонирхолтой тандалт хийжээ. Иргэд нь хэвлэл
мэдээллийн аль хувилбарыг түлхүү хэрэглэдгийг мэдэх гэж хийсэн судалгаа юм
билээ. Судалгаанд хамрагдсан солонгосчуудын 98.2 хувь нь өдөр тутмын сонинг
мэдээллийн гол хэрэгсэл хэмээжээ. Тэгэхээр ажилсаг хичээнгүй, юмны наад цаад
учрыг ухаж байж шийдвэр гаргадаг, боловсролын чанар нь дэлхийд дээгүүр үнэлэгддэг
солонгосчуудын мэдээллийн гол хэрэгсэл өдөр тутмын сонин байх нь. Өглөөг шинэ
сонин уншиж эхлүүлэхийг илүүд үздэгийг сая онцолсон судалгааны хариу бэлхнээ
хэлээд өгчихөж байна. Солонгосын хэвлэл мэдээллийн судалгаа шинжилгээний
байгууллагын ажилтан “Иргэдийн интернэтээс мэдээлэл авах хувь өндөр л дөө. Гэхдээ
мэдээллийн гол хэрэгсэл гэж үздэггүйг бидний судалгаа хэлээд өглөө. Үнэн зөв
мэдээллийг авах гол суваг нь өдөр тутмын сонин гэдгийг судалгаанд оролцсон бүх
хүн хүлээн зөвшөөрсөн. Бас тэд цаасан
сонин захиалж уншдаг шалтгаанаа үнэн зөв мэдээлэл хүргэдэг учраас гэж тайлбарласан” хэмээн ярьжээ.

Энэ байгууллагын судалгааг компаниуд хүлээн зөвшөөрч, бизнестээ
ашигладаг гэхээр бодитой, үнэн эсэх тал дээр нь элдвийг нурших илүүц байх.

Ер нь тийм л дээ. Компаниуд гэхэд реклам сурталчилгаагаа цаасан
сонин дээр тавихыг илүүд үздэг. Хэзээнээсээ
тийм байсан. Одоо ч ялгаагүй. Шалтгаан нь тодорхой. Цаасан сонин
телевиз, сайтаас өчнөөн талаараа давуу учраас тэр.

Манай улсад гэхэд л өчнөөн телевиз ажиллаж байна. Үй олон
телевизийн аль нэгэнд нь рекламаа өглөө
гэж бодъё. Өнөө рекламыг нь хүмүүс үзсэн эсэх нь эргэлзээтэй. “Хөдөөгийн энэ
олон замын алинаар нь явах вэ та минь ээ” гэдэг шиг телевизийн суваг дунд төөрсөн
энэ цагт цэнхэр дэлгэцээр бүтээгдэхүүнээ сурталчилна гэдэг аймаар том эрсдэл.
Компаниуд сонинд рекламаа нийтлээд байдгийн бас нэг шалтгаан нь энэ. Ажлаасаа
тарж ирээд телевиз ширтэж суугаа хүмүүс хэзээ реклам үзэж цагаа барж байлаа.
Тэтгэвэртээ гарсан хөгшчүүл, хүүхдээ асарч байгаа ээжүүд гээд гэртээ суудаг
хэсэг ч ялгаагүй. Дуртай сериал, шоу, нэвтрүүлгийнх нь дундуур цацагдах рекламыг тоож хардаггүй. Univision, Skymedia гээд нэвтрүүлэг, киногоо
нөхөөд үзэх боломж олгочихсон өчнөөн газар байхад хэн ч дуртай киногоо үзэх гэж
элдэв реклам ширтэж үйлээ барахгүй. Киногоо нөхөөд үзчихнэ, реклам таарвал гүйлгэчихнэ.
Телевизийн реклам нэг цацагдаад алга болдог сул талтай. Телевизээр цацсан
реклам хэчнээн хүнд хүрч, ямар үр дүн
гарсныг мэдэх, тандах ямар ч боломжгүй. Өнөөхийг
нь үзэх хүн байдаггүйг сая тайлбарласан учраас давтаад яахав.

Цахим сайт ч тийм оносон хувилбар биш. Хүмүүс хэрэгтэй мэдээллээ
л авах гэж сайт руу ордог. Орчин цагт интернэт рүү орчихоод реклам хараад
суудаг завтай хүн гэж байхгүй.

Харин цаасан сонины хувьд өөр. Сонинд нийтлэгдсэн реклам,
сурталчилгаа хүний ой тойнд тод үлдэж чаддаг. Телевизийн мэдээ шиг урсаад өнгөрөхгүй,
сайт шиг хүссэн үедээ устгаад засаад байх боломжгүй, хэвлэгдсэн л бол залруулах
ямар ч аргагүй учраас сонинд нийтлэгдсэн мэдээ нийтлэл, сурвалжлагууд буурьтай,
голтой, үнэн бодитой байдаг. Ийм онцлогтой учраас сониныхон сайт,
телевизийнхнээс илүү хариуцлагатай ажиллахаас аргагүй. Цаас бол мөнгө. Сониныг
хэдэн зуугаар нь хэвлэх ч хөрөнгө зарсан ажил. Тийм учраас сонинд хэрэггүй дэмий мэдээ, нийтлэл
хэвлэнэ гэсэн ойлголт байдаггүй. Хүн сонирхож уншихаар хэрэгтэй зүйлс нийтлэгддэг. Тэгэхээр ашиг олохыг хүссэн
ямар ч бизнес эрхлэгч сурталчилгаагаа цаасан сонинд хэвлүүлэхийг илүүд үзэх нь
тодорхой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллынхныг түрээсийн нөхцөлөөр байртай болгох төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлнэ

Гэр хорооллын орлого багатай иргэдийг түрээсийн нөхцөлтэйгөөр орон сууцжуулна гэж нийслэлээс төлөвлөж байна. Метр квадрат нь сая нэг зуун мянгаар үнэлэгдэх 10 мянган айлын орон сууц нийслэлд 2017 оноос баригдаж эхэлнэ. Энэ төслийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх юм. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманнтай энэ талаар ярилцлаа.

-Гэр хорооллынхныг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой энэ төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас яаж хийх вэ. Хөнгөлөлттэй зээлээр үү?

-10 сая орчим ам.доллар нь нийслэлийн санхүүжилтээс гарна гэсэн яриа бий. Азийн хөгжлийн банкнаас бусад санхүүжилтийг нь гаргаж байгаа. Гэхдээ Засгийн газарт олгож байгаа зээл гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих төсөл гэсэн үг. Нийслэлээс гарах санхүүжилтийг аль болох бага байлгахыг хичээж байна.

-Азийн хөгжлийн банкнаас засагт өгөх зээлийн давуу тал нь юу вэ?

-Хоёр төрлийн зээлийн эх үүсвэр орж ирнэ гэж яригдаж байгаа. Хөнгөлөлттэй болон хөнгөлөлттэй биш гэсэн ялгаатай. Гэхдээ энэ хоёр зээлийн нөхцөл нь нэлээд дөхүү. Эрс ялгаа байхгүй. Хоёр төрлийн зээлийн хувьд зээлийн гэрээ батлагдсанаас хойш эхний таван жилдээ зээлдээ юу ч төлөхгүй. Тодруулж хэлбэл үндсэн зээл, хүүгийн аль алийг нь төлөхгүй гэсэн давуу талтай. Бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Зээл эцсийн байдлаар яаж шийдэгдэх нь яг таг тодорхой биш байгаа. Гэхдээ хугацааны хувьд зээлээ 20-25 жилийн хугацаанд эргүүлж төлөх нөхцөл тавих байх.

-Хүү нь хэчнээн хувь байх талаар таамаг тооцоо бий юү?

-Жилийн 2-3 хувийн хүүтэй байх болов уу. Хөнгөлөлтгүй, ердийн эх үүсвэрээс гарч байгаа зээл нь зах зээлийн ханшаар, олон улсын санхүүгийн зах зээл дээр лайбор хувь хэд байна, түүгээр тооцогдоно байх.

-Энэ төсөлд хөрөнгө оруулах болсон гол шалтгаан юу байв?

-Тав тухтай орчинд амьдрах бол хүний зайлшгүй хэрэгцээ. Тийм болохоор Азийн хөгжлийн банк ийм төслүүд рүү илүүтэй анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаа. Улаанбаатар хотын дунджаас доогуур нөхцөлд амьдардаг иргэдэд хамгийн наад захын тулгардаг асуудал бол орон сууц, амьдрах орчин байдаг. Тэр утгаараа оролцохоос аргагүй төсөл. Эхлээд бид гэр хороололд гол дэд бүтцүүдийг байгуулах ажилд оролцсон. Одоо төсөл маань өргөжиж байгаа. Нэг тод илрэл нь гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад анхаарсан энэ төсөл.

Хотын дэд бүтцээс гадна нийгэм талаас нь давхар хөгжүүлэх шаардлага бий. Цэцэрлэгт хүрээлэн, сургууль гэх мэт амьдрах орчныг цогцоор нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бодлого барьж байна.

-Төслийн барилгын явцад 70-100 мянган ажлын байр бий болно гэсэн тоо дуулдсан. Барилга барих компаниудын хувьд үндэсний аж ахуйн нэгжүүдээс сонгох уу, эсвэл олон улсын тендер зарлах уу, тодорхой таамаг байна уу?

-Төсөл яг ямар байдлаар хэрэгжих нь нарийвчилж шийдэгдээгүй байхад яг төчнөөн ажлын байр шинээр бий болно гэж хэлэхэд эрт. Мэдээж энэ том төсөлд үндэсний компаниуд идэвхтэй оролцох байх. Олон улсын хэмжээний компаниуд тендер шалгаруулалтаар оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Урьдчилж хэлэх боломжгүй.

-Түрээсийн нөхцөлөөр өгөх орон сууцны метр квадратыг сая хоёр зуун мянган төгрөгөөр үнэлэх багцаа тооцоог нийслэлээс мэдээлсэн. Энэ тал дээр Азийн хөгжлийн банкны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний орон сууцаар хангахыг зорьж буй хэсгийн худалдаж авах чадвар тийм өндөр биш. Улаанбаатар хотын иргэдийн дундаас доогуур давхаргынхны хувьд орон сууц худалдаж авах чадвар нь сая хоёр зуун мянган төгрөг гэсэн баримжаа бий. Гэтэл зах зээл буюу барилгын компаниудын нийлүүлэх боломжтой үнэ нь сая дөрвөн зуун мянган төгрөг. Ингээд харахаар зөрөө гарах нь тодорхой болчихоод байдаг. Энэ зөрөөг татаас хэлбэрээр шийдэх үү, эсвэл барилгын компаниудад хямд өртгөөр барилга барих боломжийг өгөх гарц хайх уу гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Үүнийг төсөл хэрэгжих явцад шийдэх байх. Энэ төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлнэ.

-Азийн хөгжлийн банк олон улсад ийм агуулгатай төсөлд санхүүжилт хийж ажилласан байх. Монголд хэрэгжүүлэх гэж байгаа шиг ийм төслийг амжилттай хэрэгжүүлсэн улс байна уу?

-Азийн хөгжлийн банк орон сууцжуулах чигийн төслүүд рүү саяхнаас л орж эхэлж байна. Мэдээж өөр туршлагууд бий. Энэ төслийг Монголын нөхцөлд хамгийн сайнаар тохируулахад л анхаарлаа хандуулж байна. Жишээ нь Сингапурт орон сууцжуулах ийм төсөл амжилттай хэрэгжсэн байлаа гэхэд тэр улсын жишээ, туршлагаас авах ямар ч боломжгүй. Монголын онцлогт хэр нийцсэн бэ гэдэгт л анхаарлаа хандуулж байгаа. Азийн хөгжлийн банк өмнө нь өөр улсад Засгийн газраас нь хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрт оролцож байсан. Хувийн хэвшлийн оролцоотой орон сууцжуулах хөтөлбөрийг ч хэрэгжүүлж байсан юм. Монголд хэрэгжүүлэх гэж байгаа энэ төслийн хувьд онцлог, шинэлэг талтай. Засгийн газар, хувийн хэвшлийн аль алиных нь оролцоотой хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх гэж байна. Асуудлыг цогцоор нь шийдэх тал дээр их анхаарч байна.

-Нийслэлийн хувьд тодорхой байршлуудыг урьдчилж зарласан. Азийн хөгжлийн банкинд энэ тал дээр санаа оноо хэлэх сонирхол байгаа юу?

-Орон сууц барих байршлыг эцсийн байдлаар тогтоогүй байгаа. Нийслэл, иргэд, барилгын ажилд оролцох хувийн хэвшил гэсэн талуудын саналыг тусгаж байж эцсийн шийдэл гарна. Одоогоор тодорхой болсон мэдээлэл гэвэл 130 га газарт орон сууцны хороолол барина. Гэр хорооллыг барилгажуулах төсөлтэй уялдуулах боломжтой гэж харж байгаа.

Categories
мэдээ улс-төр

Ирэх 2016 оны улсын төсвийг баталлаа

УИХ Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 92.7 хувийн саналаар баталлаа.

Ингэснээр 2016 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ий 3.4 хувьтай тэнцүүллээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирсэн. Эдгээрээс УИХ Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн эрхлэх сайдын хүрээнд болгов.

Харин улс төрийн албан тушаалтнуудын цалинг нь 10 хувь бууруулах Засгийн газрын бодлогыг УИХ хүлээж авсангүй. Ингэснээр гишүүдийн туслахууд цомхотголд өртөхөөргүй боллоо. Мөн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар 9 яамтай ажиллах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар эл асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэхээр болж байна.

Ингээд ирэх онд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, сайд нарын зарцуулах төсвийг дараахь байдлаар баталсныг хүргэе.

Үүнд:

1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум

2.УИХ-ын дарга 18.637 тэрбум

3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая

4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум

5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум

6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая

7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум

8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум

9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум

10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум

11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум

12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая

13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум

14.Ерөнхий сайд 99.630 тэрбум

15.Шадар сайд 110.1 тэрбум

16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум

17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум

18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум

19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум

20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум

21.Зам тээврийн сайд 242.6 тэрбум

22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум

23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум

24.Батлан хамгаалахын сайд 17.945 тэрбум

25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум

26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум

27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум

28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум

29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум

30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум

31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс өнөөдрийн үйл явдалд ийм мэдээлэл хийв

П.ГЭРЭЛТСАНСАР: ШҮҮХЭД ХАНДАЖ АСУУДЛАА ШИЙДВЭРЛҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах гэсэн хэрэг гарч, улмаар Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч компанийн удирдлагыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Харин үүний дараа тус компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэд өнөөдөр болсон үйл явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдсэн гээд олон нийтийн газар олон хүнийг цочроосон, нөгөө талаар өөрийгөө хохироосон явдал болсонд харамсаж байна гэсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гадаад харилцаа Олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар хэлэхдээ: “С.Эрдэнэ “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ төлөө болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж хэлээд шатаасан байна.
“Эрдэнэс Таван Толгой” ХХК Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа бол “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийгөө шатаалгүйгээр эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Энэ тухай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч тэрбээр энэхүү хуулийн боломжийг бус харин эрүүл мэндээрээ хохирч нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдлийг сонгосонд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг зохих хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтоох биз ээ” гэлээ.

Б.ТҮМЭНДЭЛГЭР: С.ЭРДЭНЭЭ АХЫГ ТИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙХ ГЭЖ БАЙГААГ ОГТ МЭДЭЭГҮЙ

Мөн түүнчлэн тус компанийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр мэдээлэл хийж: “Эрдэнэс Таван Толгой” компани Цанхийн зүүн уурхай дээр 2011 онд Австралийн “Макмахон” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж олборлолтын үйл ажиллагаагаа хариуцуулж байсан. Тухайн үед хүний нөөц нь “Эрдэнэс Таван Толгой” компанид байсан. 2011 онд гэрээний утга нь “Эрдэнэс Таван Толгой” компаний уурхайг дэлхийн жишигт хүргэсэн боловсон хүчинтэй болгож, олон улсын стандартад нийцсэн уурхай болгох байсан. Тухайн үеийн удирдлагуудын хийсэн гэрээ ашиггүй гэрээ байсан юм.

Сүүлд 2015 онд гэрээгээ Сингапурт төвтэй Хятадын TTJVCo компанитай байгуулсан. Ингээд компанийн удирдлагууд “нүүрсний зах зээлтэй холбоотойгоор компани цаашид оршин тогтнох боломжгүй болсон учраас та бүхнийг Хятадын компанид шилжүүллээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Тэр гэрээнд нь ажилчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн хоёр заалт байна. Тухайлбал,
18-р зүйл Ажилтан шилжүүлэх тухай хүний нөөцийн бодлогын тухай
12-р зүйл Гэрээт компаниар ажил гүйцэтгүүлэх тухай юм.

“Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн ажилчдыг шилжүүлж, ажилтангүй болголоо. Мөн тоног төхөөрөмжөө “Макмахон” компанид шилжүүлж тоног төхөөрөмжгүй боллоо. Өөрөөр хэлбэл, энэ компанийг цаасны компани болгож, хувьчлах эхний үйл ажиллагаагаа хийж байсан. Тэрийг бид удаа дараа хэлээд удирдлагууддаа хэлсээр байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Өнөөдөр яригдаад гэнэт ийм болсон үйл явдал биш.

Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт зэрэг явж болох бүх шатны байгууллагуудад хандсан ч үр дүнд хүрээгүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ.
Өнөөдөр болсон энэ үйл явдлын дараа уурхайн ажилчид эсэргүүцлээ илэрхийлэн бидэнтэй санал нэгтэй байгаагаа мэдэгдэж өнөөдрийн 16 цагт ажил хаяж, тэг зогсолт хийжээ. Бид С.Эрдэнээ ахыг тийм үйлдэл хийх гэж байгааг огт мэдээгүй. Хамт ирсэн хүмүүс нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН