Categories
гадаад мэдээ

Нью-Йорк, Берлин зэрэг томоохон хотууд хамгаалалтаа чангатгаж эхэлжээ

Парисын халдлагатай холбоотой
дэлхийн томоохон хотуудад хамгаалалтаа чангатгаж эхэлжээ. Учир нь өчигдөр
Парист болсон халдлагыг үйлдсэн гэгдээд байгаа “Халифын улс” бүлэглэл өөрсдийн
твиттер хуудсаараа дамжуулан “Оросын дурсгалт газруудыг дэлбэлнэ”, “Бид халдлагыг үйлдсэн. Эргэн ирэх болно” гэх мэтээр бичиж видео бичлэг
зэргийг цацсан юм. Мөн “Америкийн Нью-Йорк хотод халдлага үйлдэж, олон мянган
америкчуудыг хохироох болно” гэж мэдэгджээ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама Нью-Йорк хотын хамгаалалтыг чангатгаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргасан
байна. Улмаар тусгайгийнхан хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явж,
иргэдийг албадан тарааж байгаа аж. Мөн тус улсын Тагнуулын байгууллагаас олон
нийтийн сүлжээгээр заналхийлсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа тухай CNN
агентлаг мэдээлэв. Түүнчлэн Германы Берлин зэрэг дэлхийн томоохон хотууд
хамгаалалтаа чангатгаж, болзошгүй халдлагаас сэрэмжилж байна гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд эмгэнэлийн захидал илгээлээ

Парис хотноо болсон террорист халдлагуудтай холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиуст эмгэнэлийн захидал илгээв.

Захидалд амь үрэгдэгсдийн гэрбүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, террорист хадлагыг буруушааж буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлал хийхээр өнөөдөр Франц улсыг зорих ёстой байсан.
Гэвч тус улсад болсон халдлагын улмаас айлчлалаа цуцлаад байгаа юм. Дэлхий
нийтийг цочирдуулсан энэ халдлагаар 153 хүн амь насаа алдаж, Франц улс онц
байдал тогтоон хилээ хаагаад байгаа. Энэ харамсалтай явдалд Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлж, өөрийн албан ёсны твиттер хуудастаа
бичжээ. Тэрбээр “Парисын алан хядлага-хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Халдлагад
өртөгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Бид Францын ард түмэнтэй
хамт” хэмээн жиргэсэн байв. Халдлага болсон Парис хотод 2000 монгол иргэн
амьдардаг бөгөөд Гадаад хэргийн яамнаас одоогоор халдлагад монгол иргэн өртсөн
гэсэн мэдээлэл ирээгүй байна гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монголчууд өөрсдөөрөө бахархаж байх юм бол олон хүнтэй улсаас дутахгүй хөгжиж дэвжиж чадна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уламжлал болгон 5 дахь жилдээ гаргаж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, эрдэмтэн мэргэд, монгол бичгийн мэргэжилтнүүд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Өмнөх жилүүдэд гаргасан үзэсгэлэнд монгол уран бичлэгийн үзмэрээр дагнан бүтээлийн үзэсгэлэн дэглэдэг байсан бол энэ удаа монгол бичгийн 1000 жилийн түүхийг харуулан үзэгчдэд хүргэсэн нь “Мөнх тэнгэрийн бичиг-2015” үзэсгэлэнгийн онцлог байв. Үзэсгэлэнд эртний монгол бичгийн дурсгалууд, зоос, бичиг сурвалжууд, 1985-2015 оныг хүртэл монгол бичгийн талаар төрөөс гаргасан тогтоол, шийдвэрүүд, цахим монгол бичгийн машин бичүүрүүд, “Хүмүүн бичиг” сонины түүх, Монголын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд, ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын 60 багшийн сургалтын бүтээлүүд зэргийг дэлгэн харуулсан байна. Мөн цахим монгол бичгийн галарейг анх удаа мэдрэгчтэй дэлгэцээр тайлбарлан хүргэж байгаа юм.

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийн түмэн амгаланг айлтгая. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр өнөөдөр ч үргэлжилж байгаа. Монгол бахархлын өдөр гэдгийн цаана хоёр гол агуулга байгаа юм.

Монголын хамгийн гол бахархал бол монгол хүн юм. Монгол эх орноороо, монгол түүхээрээ, уламжлал соёлоороо, монголчуудын сайн сайхнаар бахархаж , түүнийг бүтээдэг, тээж явдаг монгол хүн бол Монголын хамгийн том бахархал. Монгол хүмүүний хаан бахархал нь Эзэн богд Чингис хаан юм. Эзэн богд Чингис хаан бол хүний биед төрсөн, ээж ааваас заяасан хүн. Бид бүхэн ч хүний биед төрсөн, ээж ааваас заяасан хүмүүс юм.

Монголчууд хийж бүтээж байгаагаараа бахархая. Бие биенээрээ бахархая. Гэр бүл дотроо аав ээжээрээ бахархая. Ах дүүгээрээ бахархая.Танай гэр бүл дотор сайн үйлс бүтээж байгаа, сайн зүйл хийж байгаа хүмүүсээрээ бахархая. Тэднийхээ хөдөлмөр, бүтээлийг дэмжие гэдэг санаа Монгол бахархлын өдрийн ард байгаа юм. Ерөөсөө монголчууд өөрсдөөрөө бахархаж байх юм бол олон хүнтэй улсаас дутахгүй хөгжиж дэвжиж чадна. Монголчууд бусдаас дутуу бодно гэж байхгүй. Бусдаас дутуу сэтгэнэ гэж байхгүй. Монголчууд бусдаас дутуу урлана гэж байхгүй. Дутуу бүтээнэ гэж байхгүй. Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй. Бидэнд нэмж хэрэгтэй байгаа зүйл бол хөдөлмөрлөх хэрэгтэй. Залхуурахгүй байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж байгаа, ажил хийж байгаа, түүгээрээ өөрийнхөө амьдралыг авч яваа тэр хүмүүсээр, тэр иргэнээрээ бид бахархдаг байх ёстой. Хэрэв энэ бахархлыг бий болгож чадах юм бол монголчууд өөдлөн дэвжинэ. Өөртөө итгэдэг болно. Бид өөрсдөдөө маш их итгэх ёстой.

Ийм аугаа түүхтэй ард түмэн, аугаа зүйлийг бүтээж явсан ард түмэн, ийм аугаа соёлыг тээж яваа ард түмэн өөрөөрөө бахархах хэрэгтэй. Аугаа зүйлийг бүтээх боломжтой. Ийм учраас бид үүний төлөө явах ёстой. Үүнийг ухааруулах, ойлгуулах, мэдрүүлэх, тал талаасаа нийлж дэмжих өдөр бол Монгол бахархлын өдөр юм.

Хоёрдугаарт миний хэлэх гэсэн санаа бол өдөр болгон Монгол бахархлын өдөр болж байгаасайгэж бодож байна. Монгол бахархал айл бүхэнд өдөр болгон байж байгаа шүү дээ. Хүн бүхний сайн үйлээр, сайн бодлоор, сайн санаагаар, сайн хөдөлмөрөөр, сайн бүтээлээр хэрэгжиж биелж байгаа. Ийм учраас Монгол бахархлын өдөр гэж нэг өдөр байдаг биш, бүх өдөр байнга үргэлжилж байгаасай гэсэн ийм сайхан бодол байдаг юм.

Монгол хүмүүний бүтээсэн гайхамшигтай, дэлхийд хосгүй бүтээлүүдийн нэг бол монгол бичиг маань байгаа юм. Монгол хүн байя, монгол бахархалтай байя гэвэл монгол хүн бүхэн бичгээ хэрэглэдэг, бичдэг байх нь монгол хүнийг, Монгол Улсыг, монгол үндэстнийг тодорхойлох хамгийн гол тодорхойлолт юм. Тийм учраас энэ “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг монгол бичгийн үзэсгэлэнг жил бүхэн Монгол бахархлын өдрөөр гаргадаг, нийт ард түмэндээ таниулдаг, энэ соёлыг тээж, бүтээж яваа бүтээлч хүмүүсээ таниулдаг, ийм өдөртэй болсон.

Энэ жилийн үзэсгэлэн бол онцлогтой. Нэгд, өмнө нь монгол уран бичлэгийн авьяастнуудын бүтээсэн зүйлийг харуулдаг байсан. Энэ жилийн үзэсгэлэн дээр монгол бичиг яаж бий болсон тухай түүх, түүхэнд яаж уламжлагдаж ирсэн бэ гэдгийг харуулах эд өлгийн зүйлсийг дэлгэн харууллаа.

Хоёр дахь гол онцлог нь монгол бичиг орчин цаг үетэйгээ зохицож яваа. Цахим компьютерээр монгол бичгийг хэрхэн бичиж байна вэ. Зөвхөн хүн гараараа бичдэг биш, цахим орчинд яаж хэрэглэж байна, яаж хэрэглэж болж байна гэдэг ололтуудыг харуулсан үзэсгэлэн бас энд гарч байна. Гурав дахь онцлог нь монгол бичгийг зааж, түгээж явдаг дунд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд энэ үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж сургах арга зүй зэргээ олон нийтэд таниулж байна.

Хамгийн гол нь монгол бичгийн гарын авлага, хэл бичгийн холбогдолтой гарын авлагуудыг дэлгэн үзүүлсэн. Үүгээрээ энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг үзэсгэлэн агуулгын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хийж ирсэн ажил бүтээлийг толилуулан үзүүлж байгаагаараа их агуулгатай зүйл болж байна. Олон монголчууд, олон ард иргэд маань энэ үзэсгэлэнтэй ирж танилцаасай гэж бодож байна.

Одоо хэд хэдэн зүйл хэвшээд байна. Юм дээрээсээ эхэлж дадал болж байх ёстой. Монгол Улсыг төлөөлж гадаад улс орон руу явуулж байгаа бичгийг монгол бичгээр явуулдаг болсон. Үүнийг их сайн үзүүлэлт гэж бодож байгаа. Мөн монгол хүн үүсч, төрж, баяр бэлэглэж ирдэг үйл явдлыг баталдаг хамгийн гол зүйл болох төрсний гэрчилгээг кирилл, монгол бичгээр хослуулж бичиж өгч байгаа. Оюутан, сурагч залуучуудын сургууль төгссөн төгсөлтийн гэрчилгээг монгол бичгээр бичиж өгдөг болсон. Эдгээрийг энд хэлэх нь зөв байх. Ийм байдлаар монгол бичгийн хэрэглээ цаашаа нэмэгдэж байх ёстой.

Нэг ч гэсэн зүйл дээр монгол бичгийн хэрэглээ нэмэгдээсэй гэж бодож байгаа. Ямар зүйлүүд дээр нэмэгдэж байгааг та бүхэн энэ үзэсгэлэнгээс харах болно. Энд монгол бичгийн хань хамсаатнууд гэж хэлж болохоор монгол бичгийг насан туршийн зорилгоо болгосон сайхан буурлууд, алдартай хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Монгол бичгээрээ шимтэн бичиж байгаа, оролдож байгаа залуучууд, оюутан, сурагчид, залуу үеийн төлөөлөл ирсэн байна. Багш,сурган хүмүүжүүлэгчид ирсэн байна. Та бүхний хүчин зүтгэлээр монгол бичгийн тархалт, суу алдар улам цаашаа өргөжин дэвжих болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнд дэлгэн тавьсан үзмэрүүдийг үзэж сонирхов.




Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнийн биеийн 40 хувь түлэгджээ

“Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга
С.Эрдэнэ өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаахыг завдсан хэрэг
гарсан. Түүний биеийн 40 хувь нь түлэгджээ. Биеийн түлэгдсэн хэсгүүд нь битүү
боолттой байгаа бөгөөд мэдээ алдуулах тариа хийлгэж байгааг эмч нар хэлжээ.
Харин түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон хоёр иргэнийг СБД-ийн
цагдаагийн хэлтэст саатуулан байцааж байгаа аж. Өөрийгөө галдан шатаахыг
оролдсон С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь ирэх даваа гаригт тодорхой
болно гэж эх сурвалж мэдээлэв. Дашрамд дурдахад С.Эрдэнэ долоон хүүхэдтэй юм
байна. Түүнийг МоАХ-ны хүн гэдэг. Өмнө нь өлсгөлөн зарлаж байсныг нь хүмүүс
мэдэх байх.

Categories
мэдээ нийгэм

Нислэгүүд хэвийн явагдаж байна

Франц улс үндэсний хэмжээнд онц байдал зарлаж
хилээ хаан орох гарах бүх нислэгийг цуцлаад байгаа юм. Үүсээд буй энэ нөхцөл
байдлын хүрээнд одоогоор Францыг зорин ниссэн байж магадгүй монгол иргэдийн
талаарх мэдээлэл тодорхой бус байна гэж МИАТ компаниас мэдээлж байна.
Улаанбаатараас Франц руу шууд нислэг үйлддэггүй бөгөөд зорчигчид Истанбул,
Москва гэсэн чиглэлээр дамжин нислэг хийдэг юм байна. Өнөө өглөө 08:30 цагт
ОХУ-ын Аэрофлот компанийн нислэг Чингис хаан-Москва чиглэлээр цагтаа хөөрсөн
бол 08:40 цагт МИАТ компанийн Москва-Берлин чиглэлийн нислэг хөөрчээ. Мөн 11:45
цагт Туркиш Аэрлайн компанийн Чингис хаан-Истанбул чиглэлийн нислэг цагтаа
хөөрсөн байна.

Categories
гадаад мэдээ

Оросын хөнгөний тамирчдын тэмцээнд орох эрхийг түр хасчээ

ОХУ-ын хөнгөн атлетикийн баг тамирчид допинг
хэрэглэсэн асуудалтай холбогдуулан тудний олимпийн наадам, олон улсын тэмцээнд
оролцох эрхийг нь түр хугацаагаар хоригложээ. ОХУ допинг хэрэглэх асуудлыг
дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж Дэлхийн допингийн эсрэг агентлагийн бие
даасан зөвлөл мэдээлсний дараа Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ийм шийдвэрт
хүрсэн байна. ОХУ-ын олон улсын тэмцээнд оролцох эрхийг түр хасах эсэх тухай
санал хураалт явуулж, зөвлөлийн гишүүдийн 22 нь дэмжиж, нэг нь эсэргүүцсэн
байна. Оросын хөнгөн атлетикийн баг тамирчдад ийн хориг арга хэмжээ авснаар
тэдний олон улсын тэмцээнд оролцох эрх, тэр дундаа, ирэх жил Бразилын
Рио-де-Жанейро хотод болох олимпийн наадамд оролцохыг нь хориглож байна. Мөн
ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийг нь
хасжээ.

Categories
мэдээ нийгэм

16 настнууд иргэний андгай өргөв

Монголын залуучуудын холбоо арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарласан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа төрийн ордонд болж байна.

Төрийн ордонд болох “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцож байгаа бөгөөд Ооон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулах аж. Тус үйл ажиллагаанд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Батаа, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа, Б.Отгонтуяа, Л.Сөрөлт нар оролцож байна.

Мөн Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолд Монгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Боловсролын яам, нийслэлийн Боловсролын газар болон дүүргүүдийн Боловсролын хэлтэс оролцож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурна

Ойрын
өдрүүдэд хүйтэрч, цасан шуурга шуурна. Тодруулбал, энэ сарын 15, 16-ны өдрүүдэд
Монгол орны ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаар эрс хүйтрэхийг
онцгойлон анхааруулж байна. Иймд онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт
зорчихгүй байх, мөн малчид, тээвэрчид онцгой анхаарал сэрэмжтэй байхыг Онцгой
байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Оакланд хотод сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл

“Гэр” Хүүхдийн төвийн хамт олон

-АНУ-ын баруун эргийн нэгэн монгол сургуулийг сурвалжилсан тэмдэглэл-

2015 оны арваннэгдүгээр сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн хөвөөнд орших Сан-Франциско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан, Оакланд хотын Азийн соёлын төвийн байрнаа ирээд байгаа маань нэгд, тус хотын “Би монгол” сургууль, “Гэр” хүүхдийн төвийг сурвалжлах, хоёрт, тус төвөөс зохион байгуулж буй “Монгол бахархал- 2” арга хэмжээнд оролцох гэсэн зорилготой, өөрөөр хэлбэл, “нэг сумаар хоёр туулай буудан” яваа хэрэг билээ.

Азийн соёлын төвийн хоёрдугаар давхарт гарваас монгол хүүхдүүд бужигнан гүйлдэж, эцэг эхчүүд нь хэд гурваараа ярилцан зогсох их сонирхолтой монгол орчин угтан авав. Нэгдүгээр цагийн хичээл эхэлчихсэн, харин дараагийнх нь цагийн хичээлд бүртгэлтэй хүүхдүүд тийн наадаж байгаа аж. Ангиудынх нь хаалга босоо нарийхан цонхтой юм. Нэг хаалганы тийм цонхоор шагайн харваас Ю. Цогтчимэг багш бага ангийн хүүхдүүдэд монгол хэл зааж байна. Цогтчимэг багшийн нөхөр доктор Я. Баатар анги дундуур алхан, хүүхдүүдэд туслана. Утга зохиол судлаач Баатар ахтай миний бие бүр Монголд байхын сайн танил, нэг хүрээний улс тул энэ дүр зураг надад тун дотно буусан юм. Гэргийдээ туслан ингэж хичээл дээр нь ирдэг аж. Хаалга руу нэг хараатахвал толгой дохичих санаатай нэлээд харж зогссон боловч хүүхэд бүр дээр очин, наашаа огт харахгүй явах нь хичээлдээ тэгтлээ их анхаарсных биз ээ.

Цааш алхаж явтал “Нэг хоёр гурав, одоо бүгдээрээ баруун хөлөө… өө яг, нэг хоёр гурав” гэсэн тод цээл хоолой хонгилоор нэг цуурайтсан нь бүжгийн багш Д. Батзориг хичээлээ зааж байгаа нь аж. Батзориг багшийн анги харин зай ихтэй заал, бас бүжгийн хөдөлгөөн их, халууцах хөлрөх тохиол их гарах тул хаалга нь цэлийтэл нээлттэй, тиймээс багшийн дуу тэгж тод сонстдог юм байна.

Бүжгийн багш Д. Батзориг хүүхдүүдийнхээ хамт

Гадаа хүүхдээ хүлээн суугаа эцэг эхчүүдтэй хэд гурван үг солилоо. Тэд сургуулийн үйл ажиллагаанд, ялангуяа багш нарынх нь чанарт сэтгэл өндөр байдгаа хэлж байна. Тухайлбал бүжгийн багш Батзориг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, мэргэжлийн бүжиг дэглээч бол монгол хэлний багш Цогтчимэг Боловсролын тэргүүний ажилтан, олон жил ажилласан туршлагатай багш, шатрын багш Уянга гэхэд л шатрын спортын мастер цолтой, АНУ-даа нэлээд дээгүүр түвшинд өрсөлддөг тоглогч ажээ. Ийнхүү шатар мөн зургийн хичээл энэ сургуульд ордог тухай эцэг эхчүүдээс мэдэж авлаа. Залуу зураач М. Гансүх зургийн хичээл заадаг гэнэ.

Ингээд орой болох “Монгол бахархал-2” үйл ажиллагааг хүлээх зуураа хэд гурван хүнтэй уулзаж, сурвалжиллаа. Эхлээд “Гэр” хүүхдийн төв болон “Би Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Түйзэнгийн Эс-Олдохтой уулзаж ярилцав.

Түйзэнгийн Эс-Олдох: Монгол хҮҮхдҮҮд ӨсӨж томболсон хойноо монгол хэлээ мэдэхгҮй бол их харамсана

М. С: –Ийм сургууль, байгууллагыг байгуулах санаа анх хэзээ төрөв? Ямар бэрхшээл тулгарч байв?

Т. Э: -Анх 2007 оны хүүхдийн баяраар надад эндхийн хүүхдүүдийн дунд дууны тэмцээн явуулах үүрэг ноогдсон юм. Тэгэхэд ганцхан хүүхэд монгол дуу, бусад нь англи дуу дуулсан. Тэгэхэд өөрийн мэддэг монгол дуунаасаа эдгээр хүүхдүүдэд зааж өгөх юмсан гэдэг бодол төрж байв. Орой нь гэртээ ирээд охин Б.Урангоодоо бодлоо ярьсан юм. Охин маань санааг минь дэмжиж, дизайныг хийхээр болж бид хоёр хамтдаа “Би Монгол” гэдэг жижиг сэтгүүл бэлтгэж, түүндээ монгол дуу, шүлэг, аман зохиол, түүхийн талаар оруулан, улиралд нэг удаа хэвлээд үнэгүй тарааж эхэлсэн. Дараахан нь нэг айлд очоод хүүхдийнх нь нэрийг монголоор асуухад “Чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна” гэж англиар хариулсан. Багш хүний хувьд энэ бүхнийг хараад зүгээр сууж чадаагүй. Ингээд л сэтгүүлээ сургууль болгон өргөжүүлж нээлтээ 2009 оны аравдугаар сарын 11-нд хоёр багш (Д.Батзориг, П.Сэлэнгэ), 13 сурагчтайгаар хийж байлаа.

Ер нь бэрхшээл гэвэл “байхгүй юмыг бий болгох” гэж зүтгэж байгаад оршино. Хичээлийн хөтөлбөр боловсруулах, байр сав олох, сургууль, байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалт, маркетинг, санхүүжилт, бодлого боловсруулах зэрэг дотоод ажлуудыг бид өөрсдөө хийдэг. Өөрсдийнхөө боловсролыг дээшлүүлэх, тоглож наадах, амрах, гэр бүлдээ зориулах цагаасаа илүүчилж байж л эдгээр ажлуудыг амжуулдаг. Манай хамт олон их чадварлаг, тиймээс тэдэнд санаа өгч бүтээл хийхэд нь дэмжиж тусалдаг, бид хамтдаа үргэлж шинийг санаачилж ажилладаг. Бид хүүхдийн төлөө нэгдэж, хүчээ нэгтгэж чаддаг. Би хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Бас үр хүүхдэдээ эх хэл соёл, зан заншлаа өвлүүлэхийг хичээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа аав ээжүүд бол бидний бахархал.

Удирдаж байгаа хүний хувьд миний барьдаг гол зарчим бол “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байх явдал. Энэ нь нэгдүгээрт, сургалтын төлбөрийг хямд байлгах (цагийн 5-12 доллар), хоёрдугаарт, багш ажилчдаа урамшуулж, дэмжих (багш нарын цалин цагийн 25 доллараас дээш, туслах ажилчид, УЗ-ийн гишүүдэд сар бүр төлбөрийн хөнгөлөлт өгдөг) гуравдугаарт, сургалтыг чанартай хүргэх. Ийнхүү сурагч, багш, ажилчид, эцэг эхийн хоорондын харилцаа сайн, тэд нэгдэж ажиллаж чадсан цагт сургалт үр дүнтэй явагдана гэж үздэг.

М. С: –АНУ-д байгаа монгол хүүхдүүдийг яагаад монгол хэл соёлоо хадгалаасай гэж та хүсдэг вэ? Олон эцэг эх хүүхдээ зөвхөн англиар яриулж сургахаар чармайж байна. Тэдэнд юу гэж зөвлөхсөн бол?

Т. Э: -Ер нь хаана ч амьдарч байгаа монгол хүүхдүүд монгол хэл, соёлоо мэддэг, монголдоо сэтгэл ойр, монголоо хайрлаж хүндэтгэдэг хүмүүжилтэй болох нь зөв гэж би боддог. Энд төрж өсөж байгаа хүүхдүүд ирээдүйд өндөр мэргэжил эзэмшээд, том том компанид ажилладаг сэхээтнүүд болж өснө. Тэд англиар цэвэр сайхан ярина. Тэр үед удам судар, эх түүх, хэл соёлоо мэддэг байвал бусдыг бишрүүлнэ. Мэдэхгүй бол тэд харамсана. Хоёрт, гадаадад байгаа монгол хүүхдүүд монгол хэлээ сурах нь тэдний хувьд бас нэгэн гадаад хэл сурч байгаагаас ялгаагүй. Яагаад гэвэл тэднийг өлгийдөж авч байгаа хэл нь англи хэл. Хүүхдийг багаас нь хоёр хэлэнд сургах нь хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлдэг гэдэг. Хүүхдэдээ хэл сургая л гэвэл эрт эхэлсэн нь дээр, бүүр багаас нь, гурван настайгаас нь эхэлж сургах хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг юм билээ. Гурван настай хүүхэд юу ч ойлгохгүй гэж бодож огт болохгүй, яриад л байхаар тухайн хэлний өнгө аялга чихэнд нь хоногшдог гэдэг. Үүнийг орчин үеийн ээж, аав нар судалж үзээсэй гэж бодож байна.

М.С: –Та бүхний энэ үйл хэрэгт, Монгол Улс, Засгийн газар, Яам тамгын газраас хэр тусалдаг вэ. Бодитой дэм тус болсон жишээ байна уу. Бусад улсад бол маш тодорхой төсөв мөнгө байдаг.

-За, өнгөрсөн жилээс эхлээд Монголын Засгийн газар, Гадаад хэргийн яам, Боловсролын яамд гадаадад байгаа хүүхдүүд, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн, хэд хэдэн хурал зохиож, биднээс нэлээн их мэдээлэл авсан. Энэ бол эхлэл. Дараагийн таван жил гэхэд гадаад дахь сургуулиудад Монголын Засгийн газраас бодит туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидний саяхан хэвлэсэн Миний монгол хэл-1 сурах бичгийг Боловсролын яам анхааралдаа авна гэдэгт, ирээдүйд төсөв гаргаж, хэвлэлтийн асуудлыг шийдэн, гадаадад монгол хэл сурч байгаа 500 хүрэхгүй хүүхдээ үнэгүй сурах бичгээр хангана гэдэгт итгэж байна. Мөн тус сургуулиудад тулгарч буй хамгийн хүнд асуудал болох хичээлийн байрны түрээсийн төлбөрт зохих хэмжээний тусламж үзүүлэх боломжийг судалж хэлэлцэнэ байх гэж найдаж байгаа. Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын Газрын хамт олон манай сургуулийг ном сурах бичгээр хангах тал дээр анхаарал тавьж, дэмжиж ажилладаг.Ер нь төрийн бодлого Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол дээр гадаад дотоод гэж ялгалгүй анхаарах ёстой, гадаадад сурч, амьдарч байгаа хүүхдүүдээрээ гүүрлэж улс орноо сурталчлах, хөгжүүлэх ёстой гэж боддог.

М.С: –Ингэхэд та Монголд ямар ажил эрхэлж байв? Монгол дахь ажлын тань туршлага энэ Гэр хүүхдийн төвийг ажиллуулахад тус дэм болж байна уу?

Т.Э: -Би Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг төгсөөд Зүүнхараа хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр дөрвөн жил ажилласан. Сургууль шинэхэн төгссөн миний бие мэргэжил, мэдлэг өндөр, туршлагатай багш нарыг удирдаж, хамтран ажиллахдаа олон зүйл сурснаас нэг чухал зүйлийг бүр ч илүү ойлгосон юм. Тэр бол хүнийг буюу хүний хийсэн ажлыг дүгнэхдээ эхлээд сайн талыг нь харж сурах. Энэ зарчмыг мөрдлөг болгож ажиллахыг хичээдэг дээ.

Дараа нь Монголын Хүүхдийн ордонд англи хэлний багшаар ажиллахын зэрэгцээ Энх тайвны Корпусын сайн дурын ажилтнууд, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад монгол хэлний хичээл зааснаар гадаад хэлийг зааж сургах арга барилд суралцсан. Энэ туршлагаасаа саяхан хийсэн номдоо бас ашиглалаа. 2001 онд АНУ-д ирснээсээ хойш рестораны үйлчлэгч, орон сууцны менежер, ашгийн бус байгууллагад(АББ) нягтлан бодогч гээд олон төрлийн ажил хийж байлаа. Эндээс сурсан бүхэн маань монгол хүүхдүүддээ зориулсан байгууллага, сургууль байгуулж, түүнийг санхүүгийн хувьд тогтвортой болгох, хөгжүүлэх, өндөр мэргэжилтэй, чадварлаг багш нарыг удирдан, хамтран ажиллах зэрэгт ихээхэн нэмэр болж байна гэж бодож байна.

М.С: -За баярлалаа.

Үргэлжлэл бий>>