Categories
мэдээ соёл-урлаг

Өнөө орой “Кармен сюит” тоглоно

Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Кармен сюит” тоглолтыг өнөөдөр 19:00 цагт эгшиглүүлэх гэж байна. Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, ХХ зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн билээ. Энэхүү гайхалтай тоглолт өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглэх юм. “Кармен сюит” тоглолтыг Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Д.Түвшинсайхан дохих бөгөөд Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн уран бүтээлчид тоглоно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдав

Монгол Улсын
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр орой
болжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн
талаарх товч мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өгсөн байна. Хоёр
талын хамтын ажиллагааны чиглэлээр 11 баримт бичигт гарын үсэг зурсан айлчлал
өндөр ач холбогдолтой болсон. Тухайлбал, нэг тэрбум ам.долларын зээл, Хятадын
талын 300 сая юанийн буцалтгүй тусламж, БНХАУ-д мах экспортлох зэрэг олон талт
хамтын ажиллагааг баталгаажуулсан байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий
сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын15-16-нд манай улсад төрийн айлчлал
хийх үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн. Энэтхэгийн “Эксим”
банкнаас 8 жилийн хугацаатай, эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх жилийн LIBOR+0,5 хувийн хүүтэй энэхүү зээлийг ямар салбарт хэрхэн
зарцуулах, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамрагдах талаар Сангийн яамнаас мэдээлэл
хийжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын онгоцнууд 289 байгууламжид цохилт өглөө

Оросын Агаар сансрын хүчний онгоцнууд сүүлийн хоёр хоногт 107 удаагийн байлдааны нислэг үйлдэн Сири дэх террористуудын 289 байгууламжид агаарын цохилт өглөө. БХЯ-ны албан ёсны төлөөлөгч , хошууч генерал Игорь Конашенков мэдэгдснээр агаарын цохилтуудыг Алеппо, Дамаск, Идлиб, Латакия, Хама, Дераа, Хомс, Дейр-эз-Зор мужуудад хийжээ.

Энэхүү довтолгооны улмаас Сирийн 34 командын байр, шатахуун, сум хэрэгслийн 16 агуулах, хоёр үйлдвэр, террористуудыг бэлтгэх хоёр лагерийг, мөн 50 бэхэлсэн байрлалыг устгажээ”.

Таният-Эр-Руджма районд (Хомс) Су-24 бөмбөгдөгч террористуудын бэлгээ, гурван минометын багийг зэвсгийн хамт устгалаа. Мөн хээрийн нэгэн агуулахыг бөмбөгджээ.

Жасим (Дераа) суурины ойролцоо Су-34 бетон цөмлөх бөмбөгөөр газар доорх агуулахыг бүрэн устгасан байв. Мөн Су-34 бөмбөгдөгч түүхий нефть ачиж явсан террористуудын авто цувааг сөнөөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Францын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ.


БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ЭРХЭМСЭГ НОЁН ФРАНСУА ОЛЛАНД ТАНАА

Парис хот

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод болсон террорист цуврал халдлагад олон зуун эрдэнэт хүний амь эрсэдсэнд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд хувиасаа болон Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд учирсан уй гашууг Монголын ард түмэн хуваалцаж байна.

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд тайван жагсаал боллоо

Өнөөдөр Чингисийн талбайд “Эх орны
дуудлага” нэртэй тайван жагсаал боллоо. Жагсаалыг Тусгаар тогтнол, Эв
нэгдлийн намаас зохион байгуулсан юм. Жагсагчид “Өнөөгийн төрд гурав дахь
хүчний дуу хоолой болон эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэх болно. Эх орон
газар шорооныхоо төлөө ард түмэн хаа хаанаа тэсэхээ байж амиа үл хайрлах
болсныг өчигдөр болсон С.Эрдэнийн үйлдлээс харж болохоор байна. Нэг нэгээрээ
биш нийлээд хамтдаа эвлэлдэн нэгдэж тэмцэх цаг болсон. Үг, үйлдэл, сэтгэлээ
нэгтгэцгээе” хэмээн уриалцгаав. Өчигдөр С.Эрдэнэ гэгч өөрийгөө шатаасан
хэрэг гарсан. Нийгмийг эмх замбараагүй байдалд уриалсан ямар нэгэн үйл явдлаас
сэргийлж, өнөөдрийн жагсаалын үеэр цагдаа нар хамгаалалтад гарсан байв.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяа хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй гэжээ

Зам тээврийн
яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн
дарга асан Б.Батзаяаг АТГ-аас баривчлан хорьсон. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун
сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг
С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг мөн баривчлан хорьсон билээ. Тэднийг
цагдан хорих хугацааг сунгах эсэхийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
өчигдөр хэлэлцэж батлан даалтад гаргасан. Тэгвэл Б.Батзаяа батлан даалтад
гарсан даруйдаа өөрийн фэйсбүүк хуудсандаа “Баярлалаа.. Эрхээ
хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын
үгтэй мессеж илгээж үлдээсэн нөхдөдөө чин сэтгэлээс талархаж байна. Өчигдөр
орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа
явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх
ёстой гэж байгаа… Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ,
удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ
ХУГАЦАА…” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мүн террорист халдлагатай холбоотойгоор мэдээлэл хийлээ

Францын нийслэл Парис хотноо урьд шөнө болсон террорист халдлага гарсантай холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн яаралтай мэдэгдэл хийжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Терроризмыг хүчтэй эсэргүүцэж байна. Хэргийг үйлдсэн этгээдийг хууль ёсны дагуу олж илрүүлхэд Францын эрх баригчид бүх бололцоогоо дайчлан ажиллана гэдэгт итгэж байна. Францын Засгийн газартай НҮБ хамт байгаагаа илэрхийлж байна” хэмээн өгүүлсэн байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дарга Могенс Луккетофт “Дэлхий нийт террорист халдлагыг эсэргүүцэн хүлээн авч байгаа энэ үед Францын Засгийн газар, францын ард түмэн эв нэгдэлтэй байх хэрэгтэй” гэжээ.

Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмний анхдугаар тэмцээн болж байна

Монголын туялзуур сэлэмний холбооноос энэ амралтын өдрүүдэд хотын аварга шалгаруулах тэмцээнүүдийг анх удаагаа зохион байгуулж байна. Тус тэмцээн нь өнөөдөр Эрдэнэт (Хангарьд спортын ордонд), Багануур (Уурхайчин спортын ордон) хотуудад зэрэг зохиогдох бол 11 дүгээр сарын 15-ны ням гарагт буюу маргааш Улаанбаатар (Хаан банкны театрт, 10.00 цагаас) хотноо болох юм. Хотын аварга шалгаруулах тэмцээнүүдээс шалгарсан Эрдэнэт, Багануур хотын тус бүр 4 эрэгтэй, 2 эмэгтэй, Улаанбаатар хотын 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин 12 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо болох оны төгсгөлийн “ГРАН ПРИ” тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг оролцуулан мэдээлэл хийж, санал солилцон, үүрэг даалгавар өглөө.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө Франц улсын Парис хотноо зэвсэгт халдлага, террорист үйл ажиллагаа болж, 150 гаруй хүний амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Францын ард түмэн, Францын Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлье гэлээ.

Тэрээр ардчилсан нийгмийн нэг онцлог бол асуудлыг тайван замаар шийдэж байх ёстой. Ямар нэгэн асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх нь бидний хувьд хүлээж авах боломжгүй зарчим гэдэг ойлголт руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэх шаардлага гарч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа, терроризмын энэ чиглэлийн үйл ажиллагаа руу турхирсан зүйлүүдийг нийгэм хүлээж авдаггүй, газар дээр нь үндсээр нь устгадаг нийгмийн сэтгэл зүй рүү орох зайлшгүй шаардлага байна. Хүчирхийлэлд уриалан дуудах, хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж хууль ёс өндөр хөгжсөн орнуудад үздэг учраас бид энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хүчирхийллийн эсрэг аян өрнүүлэх шаардлагатай байна. Хууль хүчний байгууллагууд өөрсдөөсөө шалтгаалах хууль, журмын шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр ажиллана. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол аль нэг улс төрийн хүчний юм уу улс төрийн асуудал биш, улс үндэстний, улс эх орны асуудал гэж харж байна гэлээ.

Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудад ирэх долоо хоногт энэ чиглэлээр хийх ажлын чиглэл өглөө. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулах, хүчирхийлэл гарсан үед яаж ажиллах, хүчирхийллийн үр дагаврыг хэрхэн арилгах гэсэн гурван түвшинд бодлого болон үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага байна гэж Ерөнхий сайд хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галаарид: Манай сэтгүүлчид онцгой нөхцөлд онц ажилласан

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан нь нийгмийн анхаарлыг татсан үйл явдал болоод байна.“Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” гэх буруутгал цахим орчинд нэлээд түгсэн. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай сэтгүүлчид уулзаж энэ талаархи байр суурийг нь тодрууллаа.

-Сэтгүүлчдийг буруутгаж, муу хэлж байхад МСНЭ яагаад дуугүй байгаад байгаа юм бэ?

-Иймэрхүү онцгой нөхцөл тэр бүр үүсдэггүй. Сэтгэлийн хөөрлөөр яарсан дүгнэлт хийж болохгүй. Манай Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг ийм асуудал гарсан тухай мэдээлэл гармагц газар дээр нь очиж ажилласан. Сэтгүүлчид, “Зууны мэдээ” сонины удирдлагууд, ТВ9 телевизийнхэнтэй уулзсан. Ингэж шуурхай ажиллахаас болохгүй. Яагаад гэвэл та бидний мэргэжил, манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Х.Батхишиг Дэд ерөнхийлөгч бид нар бодит байдал, гадуур тарж байгаа мэдээллийг харьцуулан зохих дүгнэлтээ хийчихсэн байгаа.

-Юу гэсэн дүгнэлт хийсэн бол?

-Манайхан онцгой нөхцөлд онц сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлье.

-Яагаад? Хүн үхэж байхад туслаагүй гээд буруутгаад байгаа шүү дээ?

-Харин ч эсрэгээрээ юм болсон. Манайхан хүний амь аварсан шүү дээ. “Зууны мэдээ”-гийн хэвлэлийн хурал хийдэг танхимыг та бид сайн мэднэ. Урт ширээ, арын хана хоёрын дунд олон хүн орохоор их зай байхгүй. С.Эрдэнийг шатаж байх үед унтраах гэж хамгийн түрүүнд оролдсонхүмүүсийн нэг нь манай хүн, телевизийн зураглаач залуу байсан. Тэр үед өөр өрөөнд байсан ТВ9 телевизийн бас нэг зураглаач хонгилд байсан галын хорыг авчирч шүршээгүй бол С.Эрдэнэ амь алдах аюул ойрхон байсан. Телевизийн ажилтан залуу галын хорыг ажиллуулах заавар журмыг мэддэг, “Зууны мэдээ” сонин, ТВ9 телевизийн хамт олонгалын аюулгүй байдлаа бүрэн сайн хангасан нь буруу болж байна уу? Хэвлэл мэдээллийнхэндээ онцгой нөхцөлд онц ажилласанд нь дахиад талархал дэвшүүлье. Бас аюултай орчноос бие биедээ саад бололгүй хурдан холдож, илүү уршигтайүр дагавраас зайлсхийх, мэргэжлийн техник хэрэгслээ хамгаалах үүргээ манайхан сайн биелүүлсэн. Өөрөөр хэлбэл манай сэтгүүлч, зураглаачид онцгой байдалд хэрхэн ажиллах талаар мэдлэг дадал сайтай байгаагаа харуулж чадлаа.

-Та тэгэхээр С:Эрдэнийн амийг манайхан аварсан гэдэгт итгэлтэй байна уу?

– Манайхан туслаагүй, ТВ9-ийн зураглаач галын хороор шүршиж унтраагаагүй бол С.Эрдэнэ газар дээрээ амиа алдаж болох байсан. “Зууны мэдээ” сонины газар галын аюулгүй байдлаа хангаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй. Тэгээд үүнийхээ төлөө элдвээр хэлүүлж байх шив дээ. Уншигчид өөрсдөө дүгнэлтээ хийг дээ.

Бас нэг зүйл хэлье. Хүн үхэх гэж байхад сэтгүүлч асуулт асуусан гэж буруутгаж байна. Сэтгүүлч хүн өөрөө үхэх гэж байхдаа ч асуулт асууж л байх, өрөөлийг үхэх гэж байсан ч үнэнийг мэдээлэхийн тулд асуулт асуух л ёстой онцгой мэргэжилтэй хүмүүс. Тэд ажлаа л хийсэн.

-Ингэхэд сэтгүүлчид онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаар МСНЭ анхаарал тавьж, ажил зохиодог уу?

-Бид 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж аван шат дараатай арга хэмжээ авч байгаа. Онцгой байдлыг хамгаалах газартай хамтран жил бүр сэтгүүлчдийн сургалт, онцгойгийнхны ажил байдлын онцлогийг сурталчлах ажил зохион байгуулдаг. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн хүний амь аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах талаар анхны мэдэгдэхүүнтэй болдог. Ийм хамтын ажиллагаа үр дүнгээ заавал өгдөг. Мөн онцгой нөхцөл байдалд хэрхэн аюулгүй ажиллах талаарх зөвлөмжийг МСНЭ хэд хэдэн удаа гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагад хүргүүлж байсан. Цаашид ч энэ чиглэлд илүү их анхаарал хандуулах болно.