Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Таван толгой”-н ажилчид ажил хаялтаа зогсоожээ

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд 2015
оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн “Эв санааны
нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан,
үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар
шийдвэрлэлээ.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв
санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал
тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани
болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, TTJVCO-той
байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс
Таван толгой” ХК-д тавьсан байна.

Уг уулзалтын дүнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн
уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21
ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай
хэвийн үйл ажиллагаанд шилжив. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс
С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг
эмчийн заавраар хангаж байна. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас
ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн
шийдвэрлэх болно гэж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн зүгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүлэг хулгайч нарыг баривчилжээ

Малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймагт малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан хоёр бүлэг этгээдийг Дорноговь аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Гэмт этгээдүүдийг саатуулан хэргийг шалгаж байгаа аж. Тэд өмнө нь ял шийтгэгдэж байсан 25-30 насны залуус байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл дарга Парис хотын даргад эмгэнэл илэрхийлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын дарга Анн Идалгод эмгэнэл илэрхийллээ.

Тэрээр, “Парис хотод болсон террорист цуврал халдлагад гэм зэмгүй олон хүн өртөж, аймшигт явдлын золиос болсонд гүнээ харамсаж байна. Амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд болон Парис хот, Франц Улсын Засгийн газарт хувиасаа болон Монгол Улсын нийслэл Уланбаатар хотын иргэдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Бидний олон жилийн хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлөөр дамжуулан бид хүчирхийлэл, терроризмийн эсрэг та бүхэнтэй хамтдаа нэгэн зүрх сэтгэлээр тууштай зогсоно гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Та бүхэнд тохиолдсон энэхүү уй гашууг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд хуваалцаж, эв санаа нэгтэй байгааг уламжилж байна” гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халдлага үйлдсэн бүлэглэлийн толгойлогчийг устгахаар АНУ-ын агаарын хүчин довтолжээ

АНУ-ын нисэх хүчин анх удаагаа Ливи дэх “Исламын улс” бүлэглэлийн лидер уржигдар агаараас довтолжээ. F-15 гэсэн хоёр сөнөөгч онгоц Дерна хотын зүүн хэсэг дэх тус бүлэглэлийн командлалын байр руу довтолжээ. “Довтолгооны зорилго нь олон жил Иракын “Аль-Каида”-д байгаа Ливи дэх “Исламын Улс” бүлгийг удирддаг Виссам Наджм Абд аль Зайда Зубайди нэрээр алдартай Абу Набилийг устгах байв” гэж АНУ-ын БХЯ-ны сайдын хэвлэлийн төлөөлөгч Питер Кук мэдэгдлээ. Гэхдээ агаарын довтолгоо Парисын хэрэг явдалтай холбоогүйг тэрбээр онцолжээ

Гэхдээ түүнийг устгасан мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна. Түүнийг устгаснаар Ливид ажиллагаа явуулах “ИУ” бүлгийн чадавхыг эрс сулруулна гэж үзжээ. Нисгэгчгүй онгоцоор Ракка хотын орчим довтолгоо хийн Жихади Жон буюу Мохаммед Эмвази гэгчийг машиндаа сууж байх үеэр агаарын цохилт хийжээ. Түүнийг устгасан нь бүрэн тогтоогдоогүй ч Пентагон түүнийг устгасан гэдэгт 99 хувийн итгэлтэй байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

​Японы эрэгт хүчтэй газар хөдөлжээ

Японы баруун өмнөд хэсгийн эргийн ойролцоо өчигдөр 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Кагошима хотоос баруун өмнө зүгт 190 орчим км зайтай, орон нутгийн цагаар үүрээр буюу 5:51 цагт болсныг Японы цаг уурын агентлагаас мэдээлжээ. Хүчтэй газар хөдлөлтөөс нэг цагийн дараа Японы өмнөд хэсгийн гол арал Кюшугийн эрэг дагуу нэг метр орчим өндөртэй далайн давалгаа үүссэн байна. Японы албаныхан газар хөдлөлтөөс хоёр цагийн дараа цунамигаас сэрэмжлүүлэх зөвлөмжийг цуцалжээ.

Categories
гадаад мэдээ

Халдлагаа зогсоохгүй гэдгээ мэдэгджээ

Арваннэгдүгээр сарын 14-нд шилжих шөнө Францын нийслэл болон түүний дагуул хотод “Исламын улс” цуврал алан хядах ажиллагаа хийснийхээ дараа видео дүрс бичлэг бүхий анхааруулгыг нийтэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Дүрс бичлэгт өгүүлэхдээ, “Франц бөмбөгдөлтөө зогсоохгүй бол бид халдлагаа зогсоохгүй” гэж мэдэгдсэн байна.

Прокурорын мэдээгээр, Парист хийсэн террорист довтолгооны хохирочдын тоо наад зах нь 128 хүн болж, 90 хүний биеийн байдлыг маш муу гэжээ. Франц улс Сирийн ерөнхийлөгч Ассадыг Москва шиг дэмждэггүй ч Ирак, Сирид “Исламын улс” бүлгийг бөмбөгддөг. Есдүгээр сарын 27-нд террористуудын лагерийг францчууд бөмбөгдсөний дараа ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” Францад занал хийж байна гэсэн юм. Аллагын хариуцлагыг “Исламын улс” гэх террорист бүлэглэл өөртөө авсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Худалдааны түншлэл-2015” үзэсгэлэн худалдаанд орон нутгуудаас зорин иржээ

Монголын Худалдаа Эрхлэгчдийн Бизнесийг дэмжих холбооноос г энэ сарын 14-нөөс 16-нийг дуустал “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдрийн турш зохион байгуулахаар өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар хамтран оролцсон юм. Улмаар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, хийгээд түншлэлийн журмаар хэрэглэгчид болоод үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнд бэлэн хувцас, гоо сайхан, сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйл худалдаалагдаж байсан юм. Хамгийн гол нь “Худалдааны түншлэл 2015” арга хэмжээ нь анх удаа зохиогдож байгаа төдийгүй олон нийтэд хэрэгтэй, хүртээмжтэй, сонирхол татахуйц болж байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш хэлэлцэх асуудлууд

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд.

Categories
гадаад мэдээ

Парисын террорист халдлагыг сүүлийн арван жил дэхь Европт гарсан хамгийн том алан хядах ажиллагаа гэдгийг CNN онцоллоо

Францын Парис хотноо болсон 153 хүнийг авч одсон аймшигт халдлагыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи тус бүс нутаг дахь хамгийн олон хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаа боллоо хэмээн CNN агентлаг онцолж байна. Францын Ерөнхий сайд тус террорист үйлдлийг дайнтай адилтгасан юм.

2004 онд Испанийн Мадрид хотын галт тэргэнд бөмбөг дэлбэрсний улмаас 191 хүн нас барсан. Тэгвэл энэхүү алан хядах ажиллагаа нь үүний дараагаар орох Европ тивд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн терроист ажиллагаа болжээ. Мөн Мадридад болсон энэхүү алан хядах ажиллагааны дараахан буюу хоёр долоо хоногийн дараа амиа золиослогч этгээд Оросын онгоцонд бөмбөг дэлбэлсний улмаас 224 хүн нас барсан. Тэгвэл Парист болсон тус алан хядах ажиллагаа нь амь үрэгдэгсдийнхээ тоогоор Оросын онгоцны ослын дараагаар орох аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол-БНСУ-ын тоглолт 20.00 цагаас эхэлнэ

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өчигдөр(XI.14) Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Энэ удаагийн зүүн бүсэд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Монгол Улсын шигшээ багууд багтсан юм.

Өчигдөр хоёр тоглолт болж, Монгол, Тайваны багууд эхний хожлоо авлаа. Тодруулбал Тайван-БНСУ 6:4, Монгол-ХонКонг 8:3-аар өрсөлдөгчөө хожлоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр БНХАУ-Хонконг, Монгол-БНСУ-ын багуудын тоглолт болно. Эхний тоглолт 17.00 цагаас, удаах тоглолт 20.00 цагаас эхэлнэ. Энэ тэмцээнд амжилттай оролцсон багууд ирэх онд Узбекистанд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах билээ. Тиймээс нийт хөгжөөн дэмжигч та бүхнийг Буянт-Ухаа спортын ордонд очиж, баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.