Categories
мэдээ спорт

Талын хөх чононууд хэсгээ тэргүүлж эхэллээ

“Узбекистан 2016” Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатна “А” хэсгийн тоглолтууд манай улсад болж байгаа билээ.

Энэ хэсгийн эхний тоглолт Тайвань болон БНСУ-ын шигшээ багууд хооронд болоход Тайваний баг 6-4 харьцаатай хожин хэсгээ 3 оноотой тэргүүлж эхэлсэн юм. Харин хэсгийн хоёр дахь тоглолт зохион байгуулагч орон, Монгол болон Хонконгийн багуудын хооронд болж манай шигшээ баг өрсөлдөгчөө 8-3 харьцаатай хожсоноор гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэхүү тоглолтонд манай багаас Н.Цэдэнбал 4 гоол оруулан тоглолтын шилдэг тоглогч болсон юм.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюшү башёгийн найм дахь өдрийн барилдаан эхлэх гэж байна. Өнөөдөр Хакүхо секиваки Мёокирютэй, Харумафүжи, озеки Котошогекү, озеки Кисеносато, маэгаширагийн 3-ээс барилдаж байгаа Тоёоношиматай, Какарю комосүби Точиношинтэй тус тус барилдана.

Өчигдөр Макүүчи буюу дээд зиндааний тэргүүн бөх 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-ээс барилдаж байгаа Окиномитэй барилдаж ягуранаги мэхээр долоо дахь учраагаа давж башёг ганцаар тэргүүлж буй. Харин 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж комосүби Точиношинтэй барилдаж ёрокири мэхээр давж зургаан даваа нэг унаатай болсон бол 71 дахь ёкозүна Какарю М.Ананд маэгаширагийн 3-ээс барилдаж байгаа Тоёоношиматай барилдаж давсан бөгөөд таван даваа хоёр унаатай болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Монгол Улсын иргэд дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг авч болох болсон. Гэхдээ одоогоор хэрэгжилт нь эхлээгүй, бэлтгэл ажил хийж байгаа юм. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны зохицуулах газрын дарга Ц.Жадамба “Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээний бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан. Одоо Харилцааны холбооны зохицуулах хороонд дөрвөн операторын дунд сонгон шалгаруулалт зарлаад байна. Дундын операторыг шалгаруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хувьд арван нэгдүгээр сардаа багтаад дуусна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

3.0-иос доошгүй голчтой оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ

Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг ирэх сард улирлаар нь олгохоор болсон. Тэгвэл ирэх сараас эхлээд тэтгэлгийн журмыг чангалж, голч оноог нэмэхээр болсон билээ. Тухайлбал, бакалаврын хөтөлбөрт суралцагч 2.0-иос дээш голчтой бол 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан. Тэгвэл үүнийг 3.0-иос доошгүй голчтой оюутанд олгохоор болжээ. Харин магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй байх. Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заажээ.

Тэгвэл үүнийг дагаад урамшууллын тэтгэлэг буюу 70 мянган төгрөг дээрээ нэмж 50, 75 хувийн урамшуулал олгох голчийг ч нэмжээ. Тухайлбал, 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ариунаа Сүригийн “Snow-2016” загварын шоу боллоо

Ариунаа Сүри брэнд болон “Дархан Минж” ХХК-ийн хамтын бүтээл “Snow-2016” шоу өчигдөр “Crocus Event Hall”-д боллоо.

Энэхүү загварын шоуны гол материал нэхий байсан бөгөөд өмсөхөд хүнд байсан нэхий уян зөөлөн болгосноороо онцлогтой.

Шоунд монголын чадварлаг загвар өмсөгчдөөс гадна “BAZAAR”, “ELLE”, “VOGUE” гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад танил болсон загвар өмсөгчид урилгаар оролцсон юм.

Ариунаа Сүри брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ Мазаалай баавгайг онцолж орчин үед нийцсэн шинэлэг дахин давтагдашгүй загвар гаргажээ. “Дархан Минж” ХХК монгол хонины нэхийг боловсруулах шинэ технологиор хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан байна.

Categories
гадаад мэдээ

Тэр хөлбөмбөгийн талбай руу тэсрэх бөмбөгтэй орохыг завдсан

Баасан гаргийн орой Франц-Германы
хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт зохиогдож байсан Стад де Франс
цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гурван ч удаа дэлбэрэлт болсон. Тэгвэл эдгээр амиа
золиослогчдын нэг нь лав цэнгэлдэх хүрээлэнд орохыг завдсан нь батлагдажээ.
Захирь хэмээх тасалбар шалгагчийн ярьснаар бол тэмцээн эхлээд 15 минут
өнгөрсний дараа амиа золиослогч жинхэнэ тасалбар үзүүлэн цэнгэлдэх рүү орохыг
завдсан ч метал илрүүлэгчээр биен дэх бөмбөг нь илэрсэн байна. Тэрээр хамгаалагчдаас зугтаж явах үедээ бөмбөгийг тэсэлсэн гэж Захирь
хэвлэлийнхэнд хэлжээ. Цэнгэлдэхэд нийтдээ 80 мянган үзэгч хөлбөмбөг үзэж байсан
бөгөөд тэд алан хядах үйл ажиллагаа стадионы гадна болж байна гэдгийг зөвхөн
хоёрдугаар үеийн төгсгөлд л мэдэж эхэлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Европ хоолны төрөлд Д.Октябрь түрүүлжээ

“Улсын аварга тогооч” шалгаруулах уралдаан МҮХАҮТ-д болж байна. Тус уралдаанд 21 аймаг, 3 хотын 130 гаруй тогооч оролцож байгаа бөгөөд Орчин үеийн монгол хоол, Европ хоол, Ази хоол, Нарийн боов, Багийн төрөл, Сургууль цэцэрлэг, эмнэлгийн хоол төрлүүдээр ур чадвараа сорьж байгаа юм.
Европ хоолны төрөлд нийт 32 тогооч ур чадвараа сорьсноос нэгдүгээр байранд 89.6 оноогоор “Жи ти фүүдс” компанийн тогооч Д. Октябрь, хоёрдугаар байранд 89.5 оноогоор “Up lounge” рестораны тогооч Г. Энхбаяр, гуравдугаар байранд “Esencia” рестораны тогооч Э. Энхбаяр нар шалгарлаа.
Орчин үеийн Монгол хоолны төрлийн Шилдэг тогооч нараар “Монет ресторан”-ы тогооч Э.Тэнгэр тэргүүлж, хоёрдугаар байранд “Zooloo star”ХХК-ний тогооч Ю.Базармаа, гуравдугаар байранд Эрдэнэт үйлдвэрийн тогооч Б. Байгалмаа, дөрөвдүгээр байранд “Модерн номадс” сүлжээ рестораны тогооч Б. Мөнгөншагай нар тодорсон байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд ялагчдаа тодруулах билээ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг дэлхий даяар авто тээврийн ослоор амь үрэгдэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч бас өнөөдөр “ХЭН Ч ЗАРЛАЖ ЗАВДААГҮЙ ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙН” сэдвийн хүрээнд авто тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж байна.

амын цагдаагийн газраас мэдээлж буй тоон мэдээллийг харвал энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 870 авто тээврийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс 367 нь орон нутагт, 502 нь нийслэлд гарсан бөгөөд ослын улмаас 554 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 141 хүн амь насаа алджээ. Мөн зам тээврийн ослын тоо, ослоор амь үрэгдэгсэд, гэмтэл бэртэл авч буй хүмүүсийн тоо буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

СУИС-ийг Алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн их сургууль /СУИС/- ийн 25 жилийн ойг нь тохиолдуулан Алтангадас одонгоор шагнажээ. Уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

Тус байгууллагыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэх, соёл, урлаг судлалыг хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын шилдэг технологи нэвтрүүлэх, үндэсний соёлыг өвлөн уламжлах, төрөөс баримтлах соёлын бодлогыг тодорхойлох үйлсэд манлайлал үзүүлэн ажилласан тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, хамт олны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж СУИС-ийг Алтангадас одонгоор шагнасугай” хэмээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийлэн, зул асаалаа

Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруйд хүрээд байна.

Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж, тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл өнөөдөр Монгол Улс дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ. Үүний дараа албан хаагчид Элчин сайдын яаманд орж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.