Categories
мэдээ цаг-үе

Гадаад худалдааны тэнцэл 763.4 сая ам.долларын ашигтай гарав

Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөвийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.

Монгол Улс энэ оны эхний арван сарын байдлаар дэлхийн 146 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7090.0 сая ам.доллар хүрсэн байна. Үүнээс 3926.7 сая ам.доллар нь экспорт, 3163.3 сая ам.доллар нь импорт.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны өдийд эхний 130.4 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ онд 763.4 сая ам.долларын ашигтай гараад байна.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 677.8 сая ам.доллар буюу 14.7 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 700.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Импортын хэмжээ өнгөрсөн жилийн өдийгөөс 29.3 хувиар буурсан аж. Нийт экспортын 87.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт, импортын 54.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлсэн байна.

Чанаргүй зээл жилийн өмнөхөөс дөчөөд хувиар өсөв

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 25.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 920.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 860.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн жилийн өдийгөөс 410.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 855.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төгрөг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 249.2 тэрбум төгрөг буюу 41.1 хувиар өссөн байна.

Хоёр саяас дээш орлоготой айл нийт өрхийн 5.7 хувийг эзэлж байна

Гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 937.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.6 мянган төгрөгөөр буурчээ.

Айлуудын орлого буурсны гол шалтгаан хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас үүджээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 893.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 68.4 мянган төгрөгөөр буурсан байна. Өрхийн зарлага ч орлогоо дагаад урууджээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны гуравдугаар улиралд 936.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.5 мянган төгрөгөөр багасчээ. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал буурсан гэж статистикийнхан хэлж байна. 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 12.3 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 9.8 хувийг, 300-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 47.5 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.9 хувийг эзэлжээ. Харин хоёр сая нэг зуун мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 5.7 хувийг, мөн хэмжээний зарлагатай өрх 5.7 хувийг эзэлсэн тоо гарчээ.

Нялхсын эндэгдэл буурчээ

Энэ оны эхний арван сард улсын хэмжээнд 67003 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 67362 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1355 буюу 2.0 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 1402 буюу 2.0 хувиар буурсан байна. Энэ оны аравдугаар сард 6489 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6513 болсон байна. Амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 300 буюу 4.4 хувиар, хүүхдийн тоо 326 буюу 4.8 хувиар буурчээ.Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 1009 болж, өмнөх оны өдийгөөс гурван хүүхдээр буурсан байна. Тав хүртэлх насандаа 1207 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхдээр цөөрсөн аж. Халдварт өвчнөөр өвчлөгсөд 51866 болж, түрүү жилийн өдийгөөс 23978 тохиолдол буюу 86 хувиар нэмэгджээ. Улаан бурхны өвчлөл огцом нэмэгдсэн нь халдварт өвчний хувь өсөхөд нөлөөлж. Вируст хепатитаар өвчлөгсөд 220 буюу 23.0 хувиар, гахайн хавдраар өвчлөгсөд 263 буюу 64.5 хувиар буурсан ч улаан бурхнаар 22254 хүн өвчилжээ.

Хүүхдүүдэд 204.8 тэрбум төгрөг тараав

Нийгмийн халамжийн сангаас 192.7 мянган хүнд 123.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өмнөх оны мөн үеэс тэтгэвэр, тэтгэмж авагчид 6.1 мянга буюу 3.1 хувиар буурсан бол олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 6.5 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар өссөн байна. “Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 1023.4 мянган хүүхдэд 204.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

Улаанбаатарт олон жилийн дунджаас дулаан байжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас Дархан-Уул аймгийн Шарын гол суманд оржээ. 17.2 мм-т хүрсэн байна. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн их температур 28 хэм, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд хамгийн бага температур -25.0 хэмд хүрчээ. Салхины хамгийн их хурд Увс аймгийн Улаангом суманд ажиглагдсан байна. Салхи минутанд 32 м/с хурдтай байж. Аймгийн төв болон Улаанбаатар хотын агаарын дундаж хэм олон жилийн дунджаас 1.7 хэмээр, өмнөх сарынхаас 1.4 хэмээр дулаан байсан гэнэ.

Таван хүн уулын ослоор амь эрсэджээ

Аюулт үзэгдэл, осол 4815 удаа гарч, 175 хүн амь насаа алдаж, 163.9 мянган толгой мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 4007 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 153 удаа бүртгэгдсэн байна. Ой хээрийн түймрийн улмаас 35.5 тэрбум төгрөг, объектын түймрийн улмаас 10.4 тэрбум төгрөг, хүчтэй салхи, шуурганы улмаас 5.3 тэрбум төрөг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 56.7 сая төгрөгийн хохирол учирчээ. Аюулт үзэгдэл, осолд нийт 682.4 сая төгрөг зарцуулсан гэж статистикийнхан мэдээллээ. 92 хүн усанд, 47 хүн объектын түймэрт, 18 хүн бичил уурхайн нурангины осолд, таван хүн уулын ослоос болж амь эрсэдсэн байна. Хүчтэй салхи, шуурганы улмаас гурван хүн, хүйтэн бороо, тарваган тахал, сум, галт зэвсгийн ослоор тус бүр хоёр хүн амиа алджээ.

Categories
мэдээ цаг-үе

Өвчин “үйлдвэрлэдэг” дотор өөх

Өвчин “үйлдвэрлэдэг” дотор өөх

Таны элэг өөхөлжээ, жингээ хасаарай гэсэн зөвлөгөөг маш олон хүн эмчээс сонссон байх. Гэсэн хэрнээ жингээ яаж хасах талаар тодорхой, яг таг зөвлөгөө өгдөггүй учраас ихэнх нь зөвхөн сонсоод л өнгөрдөг. Дотор өөхөө шатаахгүй, арилгахгүй бол алсдаа элэгний чинь ажиллагаа муудна, илүүдэл жингээ тээгээд яваад байвал хавдрын эрсдэлд ч хүргэж мэднэ гэсэн сэрэмжлүүлгийг ой тойнд нь ортол хэлж өгдөг эмч ховор байх шиг анзаарагддаг. Үүнээс болж хэчнээн хүн оройтсон хойно нь амаа барьж байгааг багцаалдах аргагүй. Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь жингийн илүүдэл гэдгийг эмч нар үгүйсгэдэггүй. Ганц элэг ч биш бусад төрлийн хавдар ч удаан хугацаанд жингийн илүүдэлтэй явснаас буюу биед хорт бодис хуримтлагдсанаас үүддэг. Таргалалт хорт хавдраас гадна чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин, зүрх судасны эмгэг, харвалт, үений эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг, церроз, амьсгалын архаг бөглөрөл зэрэг өвчний шалтгаан болдог.

Дотор өөх гэж юу вэ?

Дотор өөх гэдгийг энгийнээр хэлбэл хэвлийн хэсгийн эрхтний эргэн тойрны өөхлөлт. Дотор өөх ихтэй байх эрсдэл нь бүсгүйчүүдийн хувьд эрс өндөр гэж эмч нар хэлдэг. Эмэгтэйчүүд нас ахих тусам, жин нь хэчнээн хэвийн байсан ч дотор өөх ихтэй байх нь элбэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Дотор өөх буюу хэвлийн хэсгийн өөхлөлтийг багасгаснаар өмнө дурдсан өвчнүүдээс өөрийгөө сэргийлж чадна. Хэт туранхай хүнд бөөр чинь өөхгүй болжээ, жин нэм гэж зөвлөдөг нь бас учиртай. Дотор өөхийг гадны нөлөөнөөс дотор эрхтнийг хамгаалж хэвлийн гүнд байдаг өөхөн эд гэж тодорхойлох нь бий. Дотор өөх хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал тун аюултай гэж эмч нар сануулж байна. Дотор өөх арьсан доорх өөхийг бодвол их идэвхтэй. Өөхний хүчлүүд нь цусанд орж, элэгний тусламжтайгаар муу холестеринийг үүсгэдэг юм. Ер нь гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг гэдэг.

Тарган монголчууд

Насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тооцоо бий. Сүүлийн арван жилд л ингэж огцом нэмэгдсэн гэж байгаа. Насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдийн дунд илүүдэл жин буюу таргалалт тогтмол арван хувиас илүү ажиглагдах боллоо гэж эмч нар сэрэмжлүүлж байна. Өөр нэг анхаармаар статистик бий. Намхан, тарган хүүхдүүд нийт хүүхдүүдийн 10-15 хувь нь гэсэн тоог судлаачид гаргачихаж. Намхан байх нь оюуны чадавхийг бууруулдаг, тарган байх нь халдварт бус өвчний суурь шалтгаан болдог гэнэ. Таргалалт ганц Монголын ч зовлон биш, дэлхий даяар жингийн илүүдэлтэй тэмцэж байна. Америкчууд гэхэд л эрэгтэй, эмэгтэй хүний таргалалтаараа нэг, хоёрдугаар байранд орох жишээний. Ямар сайндаа л Америкийн Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх нь таргалалт бол манай улсын хувьд терроризмоос аюултай гэж мэдэгдэхэв. Эрдэмтэд таргалалттай тэмцэхийн тулд тураах элдэв арга хэрэглээд хэрэггүй, ерөөсөө л хөдөлгөөн, зөв хооллолтоор жингийн илүүдлээ шийдэж болно гэж хүн төрөлхтөнд зөвлөж эхэлж. Хүчээр хоолоо хорих, өөх соруулах мэс ажилбар хийх нь тархинд стресс үүсгэдгийг тоо баримттайгаар тогтоочихож. Жин ихтэй хүмүүсийн хувьд дотор өөхний үзүүлэлт өндөр гэсэн үг.

Дотор өөхтэйгөө яаж мэдэх вэ?

Эход харуулаад мэдчихэж болно. Дотор эрхтнээ харуулахаар элэг өөхлөлттэй гэдгээс эхлээд өөхлөлт чинь хэр байгааг эмч нар хэлээд өгнө. Фитнесс клубуудэд ашигладаг танита аппаратаар дотор өөхөө мэдэх боломжтой. Танита аппаратын хувьд дотор өөхний үзүүлэлтийг гаргаад ирдэг. Дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэдэг энэ аппаратан дээр дотор өөхний үзүүлэлтийг 1-59 гэсэн тоогоор хэмждэг. 1-12 бол эрүүл, 13-59 бол дотор өөхлөлт их гэж үздэг. Ази хүний хувьд есөөс их бол дотор өөх их байна, өндөр эрсдэлтэй гэдэг. Тэгэхээр танита аппаратаар дотор өөхний үзүүлэлтээ хэмжчихэд гэмгүй. Ийм аппаратыг фитнесс клубуудээс гадна жин зардаг дэлгүүрүүдээр ч худалдаалдаг. Үнийн хувьд 90-120 мянган төгрөг байдаг юм билээ. Танита аппаратаар дотор өөхнөөсөө гадна биеийнхээ өөх, булчингийн жин, кальцийн хэмжээ, усны хувь, биологийн нас гээд бүх үзүүлэлтээ мэдчих бололцоотой. Та 30 настай байсан ч биологийн чинь нас 52-ыг зааж мэднэ. Бие чинь бохирдож, илүүдэл жин тээж, бодисын солилцоо чинь хөгшин хүнийх шиг удааширсан гэдгийг сануулж байгаа хэрэг. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг гэж анатомийн хичээл дээр заадаг. Зүй нь эмэгтэй хүний биеийн усны хувь 45-60, эрэгтэй хүнийх 50-65 байвал эрүүл гэж үздэг аж. Танита аппаратанд ороход таны биеийн усны хувь энэ хэмжээнээс хамаагүй бага гарвал уух юмаа нэмэгдүүлэхгүй бол горьгүй нь гэсэн дохио. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэх үүрэгтэй зүйлсийн нэг нь ус. Тэгэхээр усны хувь багасна гэдэг таны бие хортой бодисоо гадагшлуулж чадахаа байж эхэлсэн гэсэн үг. Усаа нөхөхийн тулд цагт 250 грамм усыг бага багаар шимж уувал усаа нөхнө, тэр хэрээр бие чинь хортой бодисоо хэвийн гадагшлуулж эхэлнэ гэж эмч нар зөвлөдөг. Ер нь хүний биеийн ус, кальци багасч, бодисын солилцооны нас нь паспортын наснаас нь илүү гарч, танита аппаратан дээр биеийнх нь бүх л үзүүлэлт муу гараад эхэлбэл дотор өөхөө хайлуулж илүүдэл жингээ хас гэсний хамгийн том дохио.

Дотор өөхний “мангас”-ууд

Хортой өөхнөөсөө салах хамгийн үр дүнтэй арга бол хөдөлгөөн, эрүүл хооллолт гэж өмнө хэлсэн. Юуны өмнө гурван цагийн зайтай, бага хэмжээгээр хооллох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ингэж зөвлөдөг нь цаанаа учиртай. Гурван цаг бол хоол шингэхэд хангалттай хугацаа. Тэр үед нь хооллохгүй бол хүний бие өөхөө хуримтлуулж эхэлдэг аж. Тэгэхээр хоолоо сойно гэдэг тийм ч сайн арга биш гэсэн үг. Хүн өдөрт дор хаяж 2-3 литр шингэн уух ёстой гэж үздэг. Гэхдээ кофе, жүүсээ шингэний хэмжээнд тооцож болохгүй. Аль болох цэвэр ус ууж, шингэнээ нөхөхийг хичээгээрэй. Өөхний “мангас”-уудын нэг нь ногоон цай. Ногоон цай нь зөвхөн арьсан доорх өнгөн өөхийг хайлуулаад зогсохгүй хамгийн аюултай гэгддэг дотор өөхийг ч бас хөөдөг. Ногоон цайны найрлаганд байгаа бодисууд бодисын солилцоог сайжруулдаг учраас өөхнөөсөө хялбар салах энгийн арга болно. Байгалийн кофеины өндөр агууламжтай учраас биеийн бодисын солилцоог 15-20 хувиар өсгөдөг гэсэн судалгаа бий. Өдөрт гурван аяга ногоон цай уугаад хэвшсэн хэн ч жингийн асуудлаа шийдэж чадна. Хэвлийн өөхийг хайлуулдаг хүнсэнд гадил, иогурт, өргөст хэмх, папайя жимс багтдаг. Папайя жимсэнд папаин гэдэг цагаан бодис ихээр агуулагддагийг судалгаагаар тогтоожээ. Энэ бодис гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулдаг аж.

Уураг, уураг бас дахин уураг

Булчинлаг биетэй бол өөх шатаах асуудал биш. Идээд байгаа хэрнээ таргалдаггүйн нууц ердөө энэ. Өөх шатаагч булчин уургаас тогтдог. Уг нь хүний биеийн далан хувь нь булчин байх ёстой. Гэтэл сүүлийн үед өөхний хувь нь ихэсч, булчингийн хувь нь буурсан хүмүүс олшроод байгаа. Тэгэхээр өөхөө шатаахын тулд булчингаа бүтээх учиртай. Дахин хэлэхэд булчингийн хоол нь уураг. Өөхийг биеэс үлдэн хөөх бас нэг “мангас” нь уураг гэсэн үг. Хүн өдөрт нэг кг жин тутамдаа 2.2 грамм уураг хэрэглэх ёстой гэсэн тооцоо бий. Мах, өндөг, тараг, сүү, тахианы цээж мах гэж ирээд жагсаавал уураглаг хүнс олон байгаа. Бас шар буурцганд уураг өндөр хувьтай агуулагддаг. Нэг зүйлийг сануулахад уураг амьтны болон ургамлын гэж хоёр янз байдаг. Амьтны уургийг төгс, ургамлынхыг төгс бус уураг гэж нэрлэх нь бий. Амьтны гаралтай уургийг мэдээж мах, өндөг, сүү гэх мэтээс, ургамлынхыг шар буурцаг, самар зэргээс авна гэсэн үг. Өдөрт хэрэглэж буй нийт уургийн далан хувийг ургамлаас, 30 хувийг амьтнаас авах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ханаагүй өөх тосноос татгалз

Дотор өөхөө шатаая гэвэл ханаагүй өөх тосноос татгалзах хэрэгтэй. Өөх тос мэдээж хэрэгтэй. Гэхдээ ханасан өөх нь. Өөх хүний эсийн мембран бүрхүүлийн бүтцэд ордог учраас хүнснээсээ ор тас хасаж болохгүй хоол. Ханасанд нь амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх, тос ордог. Малын өөхийг хайлуулж гаргасан тосонд боорцог хайрч идэх нь хүний биед холестерилийн нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестерин судас бөглөж, даралт ихэсгэдэг аюултай. Ханаагүй өөх гэдэгт ургамлын гаралтай тос багтдаг. Omega-3 ангилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэвэл дотор өөхөндөө баяртай гэж хэлэх боломжтой. Загас, далайн хясаа, маалингын үрний тос гээд өчнөөн сонголт бий. Маргариныг болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөе. Маргариныг энгийнээр хэлбэл химийн аргаар хатууруулсан ургамлын тос. Хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэйг саяхнаас тогтоосон. Нью Иорк хотын мэр ресторанд маргарин хэрэглэхийг хориглосон нь ийм учиртай. Ер нь тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг нь шалгаад үзчихэд гэмгүй.

Эслэгтэй найзал

Дотор өөхийг хайлуулахад гол үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яах аргагүй эслэг. Өтгөн нь хатаад гардаггүй хүмүүс жингийн илүүдэл ихтэй байдаг. Ийм зовиуртай хүмүүс эслэгийн хэмжээгээ нэмээд үзээрэй, үр дүн нь тэр дороо гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эслэг уусдаг болон уусдаггүй гэсэн хоёр янз байдаг. Уусдаг эслэг нь цусны холестерилийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл цусыг цэвэрлэдэг онцгой зүйл. Уусдаг эслэг нь вандуй, шар буурцаг, хөх тариа, овъёос, арвай, чавга, гадил, алим, чавганы дотор зөөлөн хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальсанд агуулагддаг. Уусдаггүй эслэг нь гэдэс цэвэрлэх үүрэгтэй. Үр тарианы бүтээгдэхүүнүүд, буудай, эрдэнэ шишийн хивэг, самар, үр, төмсний хальс, маалингын үр, хулуу, гадил зэргийн найрлагад ордог. Хамгийн энгийн уусдаггүй эслэг бол лууван. Өдөрт 5-7 ширхэг лууванг түүхийгээр нь идвэл уусдаггүй эслэгээ авчихаж байна гэсэн үг. Зарим ургамал уусдаг, уусдаггүй эслэгүүдийг хамтад нь агуулдаг. Чавганы хальс нь уусдаггүй эслэгийг агуулдаг бол доторх зөөлөн жимс нь уусдаг эслэг. Эслэг хамгийн бага хүнс гэвэл дээд гурилан бүтээгдэхүүн, хөндий гоймон. Ийм хүнс ихээр хэрэглэвэл өтгөн гарч бие цэвэрлэгдэхгүй, дотор өөхнөөсөө сална гэж санахын ч хэрэггүй болно гэсэн үг. Эслэгийг тогтмол хэрэглэж заншвал дотор өөхнөөсөө салах шиг амархан зүйл үгүй.

Дотор өөхнөөсөө салахын тулд хүнсээ ингэж засахаас гадна дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөж байна. Фитнесст явж амжихгүй бол өдөрт 10 мянган алхам хийгээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Эцгийн адил өмөг түшиг Эрдэнэцогт сайхан нутаг

Түйн голоо санана

Нутгийнхан маань усны тунгалаг, ургамал цэцэгсийн дунд мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртэн сэтгэл тэнүүн аж төрж сууцгаадаг. Дүнжгэр дүнжгэр буурал уулсын цас цоохортон ханзарч, Түйн гол баринтгаа тайлан цөнгөө түрэхэд манай нутагт хавар болдог.Усны долгис ар араасаа хөөцөлдөн хөвөрч, голын урсгал дээгүүр зэрэглээ татан мяралзахад сүрэг цагаан зээр хөндий уруудан хуйлран давхиж байгаа мэт хичнээн гоёхон харагддаг гээч. Бидний бахархал болсон Түйн гол маань Хөл саяын даваанаас эх аван Үхэгийн гол, Дөрвөн Жаргалант, Өртөмт, Шаргалжуут, Хужирын гол зэрэг гуч гаруй томоохон гол горхи, тавь гаруй булаг шандыг нэгтгэж таван сумын нутгийг дамнан, долоон өртөө газрыг туулан Их Богд уулын ар хормойд Орог нуурыг үүсгэдэг билээ.

Хур ихтэй зун Түйн гол савнаасаа хальж, таван салааг дамжин гарсан эрчүүд “Морины хондлой цохиж байна шүү” гэж ярих нь сүрдмээр. Хүрхрэн, түрхэрч байгаа их голын бараанаар “наадмын морьд тоос татуулан ирэхэд сэтгэл нь хөөрсөн морьтой балчир хүүхдүүд угтан давхих адил” уулсын жижиг голууд огло, огло үсрэн цовхочсоор их голд түрлэг нэмнэ. Зун өвлийн аль ч улиралд хүүхдүүд Түйн голынхоо хөвөөнөөс салахгүй өдөржин тоглож өнжинө. Зун нь ширэг даган гүйж, усанд умбана. Харин өвөл нь эсгий гуталдаа тэшүүр баглаад гулгаж гарна даа.

Манай нутаг (Баянхонгорын Эрдэнэцогт)-төрсөн яруу найрагч Д.Халзан ах маань Түйн голынхоо тухай

“Хадан хар хүрэн хангайн

Хатан хөх сэлэм Түйн гол

Хясаа чулуу омгоороо алгаданхан

Харгилан түргэлэн урсдаг бил үү, чи минь …” гэж дуулж явсан нь тодхон санагдана.

Нар аргадсан хангай

Хангайн нурууны салбар их уулс Эрхэт хайрхан, Хөл сая, Тамч, Дөрвөн Жаргалант, Өртөмтийн уулс, Ямаат, Тагийн овоо, Ар бугат, Гурван Агьтын нуруу, Доромт хайрхан, Баянзүрх хайрхан, Мянган угалзын нуруу, Гэгээн овоон таг, Ар гурван таг, Баяндаваа, Агуйн дарцагт зэрэг царамлаг уулс нутгийн сүрийг гайхуулж тэнгэр баганадан дүнхийнэ. Манай сум хангайн өндөр уулс, ойт хээр хосолсон бүс болохоор ой мод, зүйл бүрийн эмийн ургамал, жимс жимсгэнэ, олон төрлийн рашаан, түргэн урсгалт тунгалаг гол, зэрлэг ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй өгөөж баян эрдэнэсийн өлгий нутаг. Ямар эрдэнэ цогцлоогүй нутгийг Эрдэнэцогт гэх вэ дээ. Манай сум таван мянга гаруй хүн амтай, хүн амдаа тохирсон газар нутагтай аймгийнхаа томоохон сумдын нэг нь юм. Сумын төв Түй, Мааньт, Хүрэмт гэсэн гурван голын бэлчир Цагаан дэнж дээр улам хөгжин дэгжиж байна. Хөгшид Мааньтын гол жоншин дундуур урсдаг, Хүрэмтийн гол цармын цэнгэг ус, Түйн голоо рашаан гэж хөөрөлхөнө. Сүрлэгээс сүрлэг “Эрхэт” хайрхан уул маань Завханы “Отгонтэнгэр”, Архангайн “Суварга” хайрхнуудтай бараа бараагаа харалцдаг юм гэж манайхан бахархацгааж, энэ сайхан нутаг усаа бурхан шигээ үзэж, цай сүүнийхээ дээжийг өргөцгөөнө.

Халуун зуны улиралд цас хялмаалж ч мэдэх

Гал үдийн халуунд шамарга тавьж ч мэдэх

Сайхан хангайн сэрүүн лаврин

Санаанд дулаахан Монгол энхжин

Зуны дунд сард голын мөс нь хайлаагүй ч байж мэдэх

Зуслангийн айлууд өглөөд цастай ч золгож мэдэх

Нар аргадсан буурал хангай

Надад заяасан нэгэн диваажин гэж нутагтаа очоод бичсэн минь энэ.

Цармын тарлан сарлаг

Манай хангайнхан мал малын захтай боловч түүний дотроос сарлагаа л бишрэн магтана. Өвөлдөө их уулсын хяр, царам, мухарт өвөлжсөн айлууд зуны дэлгэр цагт уулсынхаа урт, урт ам, хөндийг уруудан голын хөвөөгөөр зусцгаана. Үүлс мөрлөсөн уулсын цаанаас мацаж, мацаж мандсан өглөөний наран үүлсийн сиймхийг самбаачлан их уулсын өвөрт хамаг халуунаа юүлчих шиг толгой дээрээс төөнөх нь гайхалтай. Ар бугатын шигүү модтой дүгнэгэр уул нарны туяатай зэрэг чихэлдэн гэрийн тооноор өнгийх нь сүрдмээр. Дөрвөн бэрхийн шүншигтэй “Дээд”, “Дунд”, “Доод”, “Өвгөн” Жаргалантын уулсын оройд үүлс орооцолдож, их уулсын хормой хотоор өтгөн манан хөглөрөх. Өглөө бүсгүйчүүд өтгөн манан дунд сааль сүүндээ гарцгааж, өвсний шүүдэр туучин сарлагаа хурааж гүйлдэх хүүхдийн цангинасан дууг уулсын цуурай хөглөж, саваг сүүлээ сагсалзуулсан сарлагийн бух хаагчиж, энд тэндгүй үнээ, тугал мөөрөлдөх нь их усны харгиатай нийлэн найрал хөгжим л гэсэн үг.

Уулсын царам өдөр өнжихгүй бороотой. Их борооноос залхсан бүсгүйчүүл цагаан идээ, ааруул хатаахгүй бас л усан бороо гэцгээн аргал, түлшээ базааж гүйлдэнэ. Ханын толгойд өлгөж, унинд хавчуулсан хувцаснаас борооны ус дуслах жаахан залхуутай. Айл бүрийн хөхүүртэй айраг, орон доогуур гүзээ гүзээгээр хураасан тос, тэвш тэвш дүүрэн ааруул, тавиур тавиураар хатаасан өрөм, сав саванд шавж овоолсон өрөм бялхаж, өрөм, тосны өег үнэр тогооны аарцны сэнгэнэсэн үнэртэй хамт хамар цоргин гэр дүүрэн ханхална. Их уулсын дундах хөндийд битүү манан бууж, үе үе бороо шавшиж, хөвд өвсний үнэртэй сэрүүн салхи сэвэлзэх нь аргагүй л манай нутгийн араншин юм даа. Нутгийнхан маань 2013 онд сумынхаа үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор “Гурван түмэн” сарлагийн баяраа тэмдэглэж байсан бол энэ онд “Дөрвөн түмэн” сарлагийн баяраа нижгэрхэн тэмдэглэлээ.

Манай нутагт ус ургамал сайхан гарч, мал сүрэг өсч байгаагийн нэг илрэл нь энэ ажгуу. Өмнөх нийгмийн үеэс л манай сум сарлагийнхаа тоогоор улсад эхний гурван байрыг алдахгүй явсаар ирсэн, өдгөө ч өнгөлсөөр яваад нутгийнхнаараа бахархах сэтгэл аяндаа төрнө. Баярын үеэр хамгийн хөөрхөн, хамгийн содон зүстэй, хамгийн сүү ихтэй, хамгийн урт савагтай, хамгийн хурдан, хамгийн сайхан бух, хамгийн гоё тохош хэрэглэлтэй сарлагаа шалгаруулж, сарлаг, хайнаг булгиулж, сайхан сарлагтай хос, тэргүүний саальчдаа тодруулж, сарлагийн хөсгийн цуваа явуулж, дуутай хурууны наадам, сүү, цагаан идээний үзэсгэлэнгээ гаргалаа.

Баярын тухай явуулсан нэвтрүүлгүүдээс олон сарлагийн үхрийг уулнаас дүүгүүрдэн буулгах нь үзэгчдэд их л сонин содон мэт санагдаж байлаа.

Эргэх дөрвөн улиралд нутгийнхан маань сарлагаа нуруу ачин Хөл сая, Тонгорог, Цагаан хад, Хүслэнт, Мөнхбулаг, Нам, Суу, Илбэх, Хужирт Суварган зэрэг олон алдартай даваагаараа даван өвсний соргог, усны тунгалгийг шилэн нүүдэллэж, ахуй амьдралаа залгуулсаар ирсэн билээ. Манай нутгийн унаган хүү Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бирваа ах маань хүүхэд ахуй насандаа өсч өндийсөн их уулсын өндөр өндөр даваа, элтэй номхон сарлаг, бага залуу насныхаа тухай дуулсан дууг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ.

Цасан хунгарт сульдаагүй

Царам хангайн сарлагаараа

Сарьдах Илбэхийн даваагаар

Сажлуулж явахыг үзсэнгүй ээ

Харгайтын нуруунд хариулаагүй

Хар тарлан сарлагаараа

Харгуй замын бартаанд

Хаагдаж явсан удаагүй ээ…

Нутгийн зүг жолоо залах бүрийд хөөрхий муу ижийн минь “Сарлаг их ухаантай амьтан шүү”, “Манай нутгийн хэдэн бор уулс цагийн хатууд хэдэн хүнээ, мал сүргээ аваад гардаг юм шүү дээ” гэж хэлдэг үг нь бодогдож сэтгэл, зүрхийг минь уяраан догдлуулах юм даа.

Манай өвөө Дамбийгийнд “хүүхдийн хар тарлан” гэсэн нэртэй нэг гуна байсан гэх. Хангайнхан өвсний сөл хөөж, царам өөд нүүх дуртай байдаг хойно өвөөгийнх ч мөн адил “Дээд Жаргалант”-аас “Үхэг”-ийн эх орохоор нүүхдээ ижийн минь хоёр дүү Ханд, Жагз эгч нарыг өөжин үхэгт нь суулгаад хар тарландаа ачин бусад ачаатай гунануудын хамт дөрийг нь эвхээд “Мөнхбулаг”-ийн даваа өөд туужээ. Тэр үед Ханд эгч таван настай, дүү нь гурван ой хүрэх гэж байсан гэнэ. Хэдийгээр намрын сүүл сарын дулаахан өдрүүд байсан ч харьж яваа цаг болохоор давааны оройд цас хялмаалж, үе үе шуурга тавьж байжээ. Өвөө гунануудынхаа араас бог малаа туусаар гарахад даваа дөнгөж өнгийгөөд нэг гуна хадны дэргэд зогсоод үлдсэн байх юм гэнэ. Ойртоод очтол хар тарлан, хүүхэд ачсан тал нь хэлтийгээд унах болчихсон, том үхэр чулуунд ачаагаа тээглүүлээд зогсчихсон, бусад гунанууд нь аль хэдийнэ давааны бэл руу буучихсан байж. Хар тарлангийн үсэнд цас шивээд бууралтчихсан, хоёр хүүхэд нь тайван унтаж байсан гэж өвөө минь ярьдагсан. Сарлаг ийм л ухаантай амьтан.

Миний ижий:

…Үүрээр ачаалсан айлууд нар булаалдаж хөдлөхдөө

“Үхэг”-т суулгасан хүүгээ сарлагийн нуруунд тэгнэж

Сарьдаг өндрийн даваа өөд туугаад явуулдаг нүүдлийг

Сарны дайдаас ээж минь саравчилж харахаар явчихсан

Манцуйтай зээгээ домнож бор халзан туулай болгочихоод

Мянга мянган оддын анивчих гэрлийг тодруулахаар

Магнаг торгон хантаазтай миний хатан ижий

Мяралзах оддын чуулалд цучил нэмэхээр явчихсан…

Гал халуун рашаан

Байгаль ээжийн хосгүй гайхамшигт бүтээл “Шаргалжуут”-ын рашаан зөвхөн манай нутагт л байдаг нь бас л аз шүү. Нар ээсэн “Дорлиг” хайрхны дулаахан өврөөс болоронцор боржин, асган дотроос оргилон гарах халуун, хүйтэн, том жижиг зуун тавь гаруй ундаргатай, +45оС –ээс +96оС хэмтэй рашаан Монгол нутгийн өөр хаана ч үгүй бөлгөө. Байгаль эхийн урласан хүний бие эрхтнүүдийн хэлбэр, дүрс бүхий чулуунаас ундран гарах рашаан маань өвчин, хуучийг засахад үнэхээр зохилдлоготой агаад авралтай гайхамшигтай ажээ. Өглөөний нарны цацрах туяа, үдшээр цайрах сарны гэрэлд Дорлиг хайрхан, Лхамын хад, Сайдоны уулс улам сүрлэг агаад ихэмсэг, халуун рашаанаас савсах уур бие эрхтнийг тайвшруулж, хөлөөр хөглөрөх ногоон замаг, зүйл бүрийн рашааны өнгө үзэмжийг харж нүд баясан, сэтгэл тайвширч, боргилон ундрах рашааны чимээ, анирыг сонсоход үлгэрийн оронд л ийм байдаг байх гэх сэтгэгдэл аяндаа төрнө. Эх нутгийн минь гоо үзэсгэлэн, омог сүр, ижий байгалиас заяасан энэ бүтээлийг хараад сэтгэл догдолж, бахархахгүй байхын аргагүй. Манай нутагт “Шаргалжуут”-ын рашаан шигээ нэрд гараагүй атлаа нутгийн зон олондоо ач буянаа хайрласаар байгаа “Дөрөлж”, “Цагаанбулаг”, “Сонгинот”, “Бага Шаргалжуут” зэрэг олон арван рашаан бий.

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан Шаргалжуутын рашааны тухай

Аргаль янгир нь сэмжин үүлэн дээр мөргөлдсөн

Аагим зуны үдэд сэлмэн сарьдгийн мөнх цас аарцалсан

Амтат исгэлэн чацаргана хойлгийн жимээр өнхөрсөн

Алтайнхан зүүншээ ШАРГАЛЖУУТ өөд хошуурч байна

Яагаад?

Хотгор нуруутай дэргэр эвэртэй хандгай

Хос хосоороо цээлийн усанд умбахад

Замаг гэж андуураад зогдроос нь загас жараахай дугтардаг

Хөвсгөл, Сэлэнгийнхэн урагшаа ШАРГАЛЖУУТ зорьж байна

Хүдэнт сарьдгийн зулайнаас цаа бугаар бууж байна

Яагаад?

Аянч шувууд нь нуугин нургин бүчихлээр

Арвин цэнхэр мандал нь нуур биш тэнгэр харагдах

Наян хэлийн шувууд нь нисэхээр

Номин цэнхэр тэнгэр нь огторгуй биш нуур үзэгддэг

Найман нуур, Хоргынхон барууншаа ШАРГАЛЖУУТ зорьж байна

Нарсны шилмүүс унаа морьдынх нь дэлийг самнаж байна

Яагаад?

Өнжин хонон давхиад сэжүүрий нь үзэмгүй талтай

Үлэг гүрвэлийн сэрвээг элсэндээ нуусан бүрдтэй

Хавтгайн зогдор загны нь мөчнөөс яндарласан

Гавшгай хулан нь зэрэглээ залгилж ялаархсан

Уудам говийнхон хойшоо ШАРГАЛЖУУТ өөд хөвөрч байна

Улаан зогдортой Галбын атаа тэргээр солин давхиж байна

Яагаад? …

Шатар чулуун хөшөө

Манай нутагт олон арван хөшөө, түүхийн дурсгалт газар бий. Хэдэн арван км үргэлжлэх Эрхэт, Тамчийн хавцал, Тамчийн далан долоон нуур, Түйн голын ай сав газар, Гурван Агьтын Ёлын тогоо, Хачин ламын сүм, Ламын гэгээний хүрээ болон Даяаны хүрээний хийдийн туурь, Тамчийн буган хөшөө, Цагаан хадан давааны уяа, Үхэгийн амны сүг зураг, Урт нарийний буган хөшөө, Жанжин толгой, Дөш толгой зэрэг олон алдартай газар судлаач, сонирхогч, жуулчдын сэтгэлийг татсаар л байна. Мөн Монгол нутагт шатар анх үүссэний нотолгоо гайхамшигт “Шатар чулуу”-ны хөшөөг үзэхэд сэтгэл сэргэж, нүд баясана. Боржин чулуугаар шатрын дүрс сийлж, өөд өөдөөс нь харуулан хөлөг дээр өрсөн мэт энэхүү хөшөө нь монгол хүн хэдэн зуун, мянганы тэртээгээс хөлөгт тоглоом тоглож, бүр хөшөө хүртэл босгож байсан гэж бодохоор бишрэлтэй.Энэ бол монгол хүн оюуны агуу их чадавхитай, түүнийгээ бишрэн шүтэж, хөшөө дурсгал болгон босгосны нэгэн илэрхийлэл ажгуу.

Малчин Мөнхийн лоозон

Эрдэнэцогтынхон хэзээнээс зовхи нь өөдөө, аливаад оройлон оролцож ирсэн онцлогтой. Түүнээс ганц нэгхэн жишээ дурдахад Агуу эх орны дайны жилүүдэд улс орон даяар Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөн өрнөж байсан тэр ажилд нутгийнхан маань ханцуй шамлан оролцож, 200 гаруй морь , сарлаг үхрээ үнэгүй бэлэглэж, 332 шилдэг сайн морьдоо худалдаж, улаан армийн хоол хүнсэнд 1163 адуу илгээж байсны зэрэгцээ малчин ард н.Мөнх Зөвлөлтийн улаан армид бичсэн захидалдаа “Герман хэмээх зэрлэг дайснууд аюултай хор нүгэл үйлдэж байна. Өвгөн малчин би үнэнч нөхөр, ах дүү нартаа өөрийн цөөн буурай сүргээсээ шилж сонгон энэ удаа 15 морио бэлэг болгон барья. Миний 15 агтын ган туурайд өстөн дайснууд өндийхгүй болтлоо сөнөх болтугай гэсэн лоозон тавья” гэж бичиж байжээ. Манай нутгаас үеийн үед олон арван тэргүүний хүн төрөн гарч, тэд маань улс орныхоо бахархал болсон билээ. 370 жилийн тэртээ ламын гэгээний анхдугаар дүр их номч Лувсанданзанжанцан одон зурхайгаа бясалгаж, агуу бүтээлээ туурвиж байжээ.

Манай хошууны Буурал ноён буюу Гүргэмжав ван 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. Хатанбаатарын цэргүүд Жанжин толгойд буудаллаж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт нутгийн ард Д.Зэгвэ, Жү.Готов нарын 20 орчим эр элсэж, Улиастай, Улаангом, Ховдын хязгаарыг Манж, Хятадын цэргээс чөлөөлсөн гэж бодоход бахархалтай.

Нутгийн яруу найрагч Д.Хүүхнээ:

“…Жанжин тойрмын нутаг маань

Жаахан ч нутаг биш дээ хө…” гэж дуулж явлаа.

1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд манай сумаас олон цэрэг оролцож явсны нэг нь ахмад дайчин Д.Сэдбазар гуай юм. Түүний тасгаас БНМАУ-ын баатар Л.Аюуш, С.Дампил, Дашдондог зэрэг эрэлхэг баатрууд төрөн гарсан гэж бодохоор нутгийн ахаараа бахархахгүй байхын аргагүй байдаг аа.

Түүнчлэн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Б.Дорж, Г.Очирбат, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Бирваа, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв гээд тоолно.

Монгол Улсын гавьяат багш шинжлэх ухааны доктор, Профессор Г.Лхагвасүрэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын начин, доктор Г.Батсүх, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, гавьяат нэгдэлчин В.Пүрвээ, гавьяат тээвэрчин Д.Сономдорж гээд нэрийн цуваа хөвөрнө.

Манай сумаас хоёр хошууч генерал Ч.Пүрэвдорж, З.Болдбаатар нар төрөн гарсан нь бахархалтай. Монгол Улсын аварга малчин Р.Бүтэд, Г.Чойдог, Ц.Сономдорж, Х.Цэрэнпил, В.Алтанцэцэг, Д.Балжинням, Д.Батболд, Б.Бямбаа, Ц.Пэлжид, Н.Цэвэлмаа, Б.Бямба… гээд бас л сайчуул. Эрдэмтэн доктор профессорууд: Т.Лхагвасүрэн, Г.Лхагвасүрэн, Б.Түдэв, Ү.Нямдорж, Н.Надмид, Ц.Маам, Ш.Балжинням, Т.Доохүү, Ё.Доржбат, Л.Даваадорж, Г.Батсүх, А.Базаррагчаа, Ч.Жигжидсүрэн…гээд бахархана.

Төр нийгэм, шашны нэрт зүтгэлтэн: Д.Сэр-Од, З.Болдбаатар Д.Чимэддагва, С.Рагчаа, Л.Ойдовсамбуу, Ч.Тогоо, З.Очирбат, Т.Гомбосүрэн, Ч.Тогоо, О.Загдсүрэн, С.Ичинхорлоо, Д.Мандах, О.Мишиг, Т.Пүрэвжав, Д.Юндэнбазар, Ц.Эрдэнэ-Очир, Д.Гомбо, С.Рэнцэнцэдэв, Ц.Төмөрбаатар Д.Цэвэгдорж, Х.Рэгсүрэн М.Зундуйдаваа…

Ламын гэгээнтэн, маарамба Д.Доржжанцан, гэлэн санваартан Ж.Цэрэннамжил, Жигмэд, Гомбо, Уул, Рэнцэн, Ч.Готов Л.Юндэнбат, Чүлтэм, Цэрэндорж, С.Сономдагва, Б.Рэнцэнсамбуу, Г.Дамбийбалжир, Н.Насанбуян, Б.Отгондалай, Ж.Лхагвасүрэн, Ж.Батбаяр, Л.Отгондалай Г.Юмчинсүрэн … гээд л нэрлэж гарна даа.

Мөн улсын заан Д.Төмөрбатар, улсын начин С.Шагдар, Л.Дамдин, Г.Батсүх нараас гар бөмбөгийн нэрт мастер М.Долгорсүрэн, Ц.Алтанцэцэг … гээд л нутгаас минь төрөн гарсан нэртэй тамирчид, яруу найрагчид, зураачид, урчууд, бүжигчид, дуучид, хөгжимчид зэрэг бусад алдартнуудыг нэрлээд, нэрлээд баршгүй.

Хан хорвоод хүн болж мэндлэхдээ би

Хангайн нурууны өвөрт төрсөн юм

Эцэг минь өвлийн шөнө адуугаа манасан

Ирвэст уул тэнд бий

Ижий минь өглөөн нарнаар сүүгээ өргөсөн

Цаст оргил тэнд бий

Улаан шунхтай

Цагаан хүйг минь дарсан хөх чулуу тэнд бий

Унаган туурай хэлбэртэй

Гэрийн минь онгин буурь тэнд бий

Морь гадаа нь аргамжаатай хонодог

Эцгийн минь гэр тэнд бий

“Монгол айл” гэж

Төрд данслагдсан нэр нь тэнд бий

Түмд нэг тохиох

Хүн заяаг олж төрсөндөө би азтай

Түйн голынхоо хөвөөнд

Галаан асааж зулаан бадраасан нутгийнхан минь буянтай.

Төрсөн нутаг минь шүтээн юм. Сэтгэл, зүрхний шүтээн өндрөөс өндөр өө.

МЗЭ-ийн яруу найрагч

Цэнд-Аюушийн Ичинхорлоо

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдээ дулаан хувцаслаж, дархлааг нь дэмжээрэй

“Сүүлийн үед хүүхдийн тууралт, суулгалт, шарлалттай халдварт өвчин, ханиад томуу нэмэгдэх хандлагатай байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв.

“Хүүхдэд тавих анхаарал халамж, асаргааг сайжруулаарай” хэмээн эмч зөвлөж байна. Хүүхдээ дулаан хувцаслаж, малгай ороолт өмсүүлэх, маск зүүлгэх, витаминлаг хоол унд хэрэглэх, гарыг нь савандаж угаалгах, ам, хоолойг нь зайлуулж цэвэршүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөсөн юм.

“Халууралт, тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна” хэмээн тус төвийнхөн өмнө нь ч сануулж байв. Ийм шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бол улаанбурхан, улаан эсэргэнэ, улаанууд байх нь элбэг. Энэ онд дэгдэлт байдлаар гарч, долдугаар сараас буурах хандлагатай байсан улаанбурхан өвчин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт, 0-1 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, улаанбурхан, улаан эсэргэнэ оноштой эмчлүүлэгсэд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбурхан өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргэе.

Улаанбурхан нь вирусийн гаралтай халдварт өвчин. Агаар дуслын замаар халддаг. Халуурах, нүдний салст үрэвсэх, нус гоожих, ханиалгах, аманд улаан хүрээтэй, цагаан толбо үүсдэг. Нүүрнээс эхлэн толбот, гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд аажмаар доошилсоор бүх биеэр тархана. Урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ есөн сар, хоёр настайд вакцин тариулаарай. Хүүхдэд “А” болон бусад аминдэм уулгаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлж, дархлааг нь дэмжээрэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд болон эмнэлэгт хандана уу.

Б.Эгшиглэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Содура киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы арваннэгдүгээр сарын 16-ны даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо. Монголчуудын бие даан бүтээсэн “Содура” кино Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх урилга хүлээж авсснаас гадна хэдхэн хоногийн өмнө Хонг Конгийн олон улсын кино наадамд оролцох урилга авсан билээ. Тэгвэл кино эхлэхээсээ өгсүүлээд монголчуудыг уруу дорой, бүдүүлэг мэтээр харуулахаар болжээ. Тодруулбал эхлэл хэсэг дээрээ “Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцэрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж зэвүүн муухайгаар эхэлдэг. Энэ талаар манай сонины гуравдугаар нүүрт томоохон нийтлэл хэвлэгэдэж байна.

Төрийн наадмын түрүүгээр тасраагүй Монгол Улсын спортын түүхийг бичиж буй олимп, дэлхий, тивийн үе үеийн алдартнууд өсөн өндийсөн “Алдар” спорт хорооноос энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Даваа гариг бүр “Танайд өнжье” алдарт булангаа хүргэдгийг уншигчид хэдийнэ мэдэх билээ. Алдрынхны алдрын түүхийг эндээс уншаарай.

Харин улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д энэ сарын 9-нөөс 11-ний хооронд хийсэн айлчлалын талаарх дэлгэрэнгүйг мэдээллийг нийтэллээ. Айлчлалын үр дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн эрчим хүчний хангамж, баталгааг сайжруулахад хэрэгцээт санхүүжилтийг шийдвэрлэсэн, ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад экспортлох эрх хоёр компани авсан, Эрчим хүчний сайд Д.Зоригт нэг тэрбум төгрөгийн зээлийн ихэнх хэсгийг Эгийн голын усан цахилгаан станцад зарцуулахаар болж 2022 онд ашиглалтад оруулснаар ОХУ-аас эрчим хүч экспортлох шаардлагагүй боллоо хэмээн дүгнэжээ. Д

Тэгвэл нийгэмд гарсан гэмт хэрэг, ямар нэгэн дуулиант үйл явдлыг шуурхай хүргэдэг Баримт, үйл явдлын долдугаар нүүрт өөрийгөө шатаасан С.Эрдэнийн хэргийн эргэн тойронд юу өрнөсөн талаар олон талын эх сурвалжаас авсан мэдээлэл гарлаа.

Харин Дэлхий мэдээ буландаа өнгөрсөн баасан гаригт Парис хотноо болсон террорист халдлагын талаарх сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн орууллаа.

Түүнчлэн “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрлийн баг цогцсыг нь Хөвсгөл далайгаас олсон. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр талийгаач энэ сарын 5-ны үүрээр машинаа гараашид хийнэ гэж гараад сураггүй болжээ. Гэрээсээ гарснаас хойш зургаа хоногийн дараа буюу энэ сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоноос 35 км-ийн зайд Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээрээс машин нь олджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл мөн өнөөдрийн дугаарт орлоо. Ганц модны боомтоор нүүрс зөөдөг ачааны автомашины жолооч нарын аж байдлын талаарх “Янхан хочтой жолооч нарын бараан амьдрал” сурвалжлагаас уншаарай. Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж цуврал сурвалжлага хүргэж байгаа юм.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Т.Билгээгийн ярилцлага 17 дугаар нүүрт хэвлэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар Ганц модны боомтоос сурвалжиллаа

Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Янхан хочит жолооч нарын бараан амьдрал” сурвалжлага “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт хэвлэгдэж байна.

Нийтлэлийн зарим хэсгээс товчхон хүргэвэл: “Хятад, өмнөд монгол эздийн нүдэнд өртөж, машины түлхүүр гардан авсан залуус бөөн баяр хөөр болчихсон зогсож байлаа. Энд тэндгүй хүнд даацын машины асч байгаа дуу чимээ хадаж, тэр хавиар нэг хар утаа суунаг­лав. Ингээд эхнээсээ дааганы хашаанаас адууны хашаа руу хөдөллөө. Машины нүргэл­сэн дуу хадаж, юу болов гэмээр хөл хөдөлгөөнд орох ажээ. Ганц модны боомт дээр нүүрс тээврийн хүнд даацын машины хоёр том зогсоол байна. Мянга орчим машин багтахаар хэмжээтэй, улаан шар өнгийн төмрөөр хашаалсан талбайг дааганы хашаа гэж нэрийджээ. Харин гурван мянга орчим машин эгнүүлээд зогсооход өлхөн багтдаг нүүрсний хөө тортог бужигнасан цэлийсэн том хашааг адууны хашаа гэнэ. Яагаад ингэж нэрлэх болсныг дорвитой тайлбарлаад өгөх хүн алга. Эрчүүд цуглардаг газар болохоор тэгж нэрийдсэн бололтой юм. Хятадууд адуу болон дааганы хашааг машин зогсоох талбай болгон засч тохижуулсан нь энэ аж.

Гурав, дөрвөн жилийн өмнө өдөрт гурван мянган машин нүүрс гардаг байсан хилийн боомтын хөл хөдөлгөөн өдгөө эрс татарчээ. Одоо өдөрт мянга орчим машин нүүрс Монгол Улсын хил даван БНХАУ-ын Ганц модны боом­тоор нэвтэрч байна. Нүүрсний тээвэрлэлт багасаж байгаа­тай холбоотойгоор жолооч нарын тоо цөөрчээ. Гэхдээ Ганц модны боомт дээр огт гэрээ хэлэлцээр хийлгүйгээр хятадуудын нүүрсийг нь тээвэрлэдэг, хүнд даацын машиныг нь хөлсөөр барьж өгдөг 500 гаруй монгол залуу байна. Монгол жолооч нарыг хятадууд “янхан жолооч” гэж нэрлэх болжээ. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгаан нь дараахь учиртай юм байна…” хэмээн бичжээ. Яагаад монгол жолооч нар “янхан” хоч аваад байгаа тухай маргааш манай сониноос уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдлийн эргэн тойронд юу болж өнгөрөв. Энэ тухай “Өдрийн сонин”-оос уншаарай

Өнгөрөгч баасан гаригт “Эрдэнэс таван толгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан нь багагүй шуугиан дэгдээсэн. Өөрийгөө шатаасан энэ хэргийн эргэн тойронд чухам юу өрнөсөн бэ гэдгийг “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа нийтэлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид баасан гаригийн 12.00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хоёр ажилтны хамт ирсэн юм. Түүнтэй хамт явсан хоёр ажилтан нь “ТТ JVCO гэрээт компанитай байгуулсан гэрээний 18 дугаар зүйлийн 3 дахь заалтыг уурхайчид бид өөрчлөхийг шаардаж байна”,” Миний эрх ашиг Монголын эрх ашиг. Монголын эрх ашиг ард түмний эрх ашиг”, “ Боловсон хувьчлалаа зогсоо” гэсэн үгсийг А3 цаасан дээр хэвлэж барьсан харагдав. С.Эрдэнэ хэвлэлийн хурлын ширээний ард сууж “Эрдэнэс таван толгойн” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтнаа халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдээлэл өгснийхөө дараа ундааны саванд бэлдэж ирсэн шатахууныг өөр дээрээ асгав. Хамт явсан хүмүүс нь С.Эрдэнээс нүд салгалгүй харж байв. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан мэт тэд түүнийг дагуулан үйлдэл бүрийг нь харж байгаа нь илт. Энэ үеэр С.Эрдэнэ “Хэрэв би шатах ёстой юм бол шатъя” гээд асаагуур асаахад гал маналзаад явчихав … Түүнтэй хамт мэдээлэл хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан С.Түмэндэлгэр, Т.Гансүх нар “С.Эрдэнээ ах бидэнд ийм зүйл болно гэж урьдчилан хэлээгүй. Мэдсэн бол юу гэж ийм байдалд хүргэх билээ. Ажилтнуудынхаа төлөө амь насаа хайхралгүй өөрийгөө галдан шатаасанд одоо ч итгэхгүй байна” гэсэн юм. Түлэнхий мэс заслын нөхөн сэргээх эмчилгээний эмч Т.Бат-Эрдэнэ “Энэ хүн манайд 13.30-14.00 цагийн хооронд хүргэгдэж ирсэн. Тухайн үйл явдал 12:30 цагийн үед болсон юм билээ. С.Эрдэнэ 30-40 хувийн түлэгдэлтэй ирсэн. Дөрвөн мөч, биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн байна. Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн тул биеийн байдал хүнд, дэмийрлийн байдалтай байгаа. Мөн гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байна” гэжээ.

Энэхүү нийтлэлд түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан С.Түмэндэлгэр, Т.Гансүх, Түлэнхий мэс заслын нөхөн сэргээх эмчилгээний эмч Т.Бат-Эрдэнэ, С.Эрдэнийн гэргий Ш.Хишигт, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Гэрэлтсансар, Уул уурхайн сайд Р.Жигжид, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг олон эх сурвалжийн мэдээлэл, байр суурь багтсан юм.

Та манай сониныг худалдан авахыг хүсвэл Монгол шуудан, Түгээмэл шуудан, Улаанбаатар шуудангийн салбар болон сонин худалдаалах цэгээс аваарай. Мөн 99112954 дугаарт холбогдон захиалгаа өгч болно.

Categories
мэдээ нийгэм

“Харвони” эмийг ирэх долоо хоногт оруулж ирнэ

Монгол Улсад элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр болсон билээ. Тэгвэл тус эмийг ирэх долоо хоногт оруулахаар болсон талаар нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа мэдээлэл хийжээ.

Эхний ээлжинд “Харвони” эмийг 1600 хүнд олгох аж. Ингэхдээ нэг хүний курс эмийг 1200 ам.доллараар худалдах юм байна. Энэ нь олон улсын зах зээлд худалддагаас хэд дахин хямдруулсан үнэ гэдгийг албаныхан онцолсоор байгаа юм.

Categories
мэдээ спорт

Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхэлнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ны бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү дахин 7 хоногоор хойшилсон байна.

Супер лигийг легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацааг хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Засгийн газарт хүргүүлнэ

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Хатгал тосгоныг сум болгох ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 12-р хуралдаанаар хийж хэрэгжүүлсэн ажлаа төлөөлөгч нарт танилцуулж төлөөлөгч нарын олонхийн саналаар Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.

Хатгал нь тосгон гэсэн статустайн улмаас орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа, аялал жуулчлалын гол бүс нутаг болсон сумын статусаар хөгжих бүрэн боломжтой, нутгийн иргэдийн 90 гаруй хувь нь сум болгох хүсэлтэйгээ илэрхийлжээ