Categories
мэдээ нийгэм

18 настангууд бүлэглэн дээрэм хийжээ

БГД-ийн 15-р хороо “23В байрны гадна цүнхтэй эд зүйлээ дээрэмдүүлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид шалгахад уг байрны … тоотод суух 36 настай эмэгтэй С -ыг явж байхад нь араас нь боож унаган цүнхтэй бичиг баримт 3195 юань, 57.000 төгрөгийг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд суух 18 настай, эрэгтэй Т, 18 настай эрэгтэй Б , 18 настай эрэгтэй Х нар бүлэглэн дээрэмдэж зугтаасаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн БГД-ийн 20-р хороо “Хар хорин захын гадна тавьсан автомашины толь хулгайд алдсан” гэх мэдээллийг 11-р сарын 13-нд авч шалгахад, СХД-ийн 6 хороонд суух 37 настай эрэгтэй Х -гийн Toyota Prius-20 автомашины 2ш толийг СХД-ийн 22 хороонд суух 34 настай эрэгтэй С гэгч хулгайлсаныг илрүүлэн БГДийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Энэ мэт машины эд анги хулгайлах гэмт хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд ихээр гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Биндэр сумын нутагт ховор ан амьтныг хууль бусаар агнажээ

Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтад ажилласан цагдаагийн алба хаагчид Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд тус сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон амьтан болох халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нь 32.0 сая төгрөгөөр тооцогдож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхэн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Парист буун дуу гарав

Парист буун дуу гарсан тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Хотын төвийн 2-р тойрогт уг хэрэг гарсан бөгөөд хэн үүнийг хийсэн талаар мэдээлсэнгүй.

Буудалцсан гэх Сен-Мартены гудамжинд цагдаагийн хэд хэдэн баг шуурхайлан иржээ. Энэ үеэр нэг эмэгтэй гэдсэндээ шархдан цагдаа нар хүмүүсийг тэндээс холдуулсан зэргээр уг агентлаг мэдээлэв. Буун дуу гарсны дараа дэлгүүр, зоогийн газруудын цонхны хаалт тэр даруйдаа бууж байсан гэнэ.

Тоглоомын пуужин буудсаны улмаас цагдаагийнхан Хувьсгалын талбайгаас хүмүүсийг холдуулсан гэж Бельгийн RTBF агентлаг хожим мэдээлжээ. Хотынхон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр цугларсан талбайд буудалцаан гарч нэг эмэгтэй шархадсан гэж мэдээлж байсан юм. Буун дуутай адилхан чимээ гарсны дараа талбайд байсан хүмүүс сандралд орсныг видео бичлэг харуулж байна. Хүмүүсийг зохион байгуулалттайгаар тэндээс холдуулсан талаар мэдээлээгүй гараагүй ч хэдэн минутын дараа хоосорсон талбайд хүмүүс эргэн ирж байгаа нь бичлэгт буужээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг ойтой хүүхэд түлэгдэж амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын …. тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулжээ

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулж, цагдан хорьсон талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудаар цацагдсан.

Энэхүү мэдээллийг албаны эх сурвалжуудаас тодруулахад “Үнэн” хэмээн баталж байна. Түүнийг өнгөрсөн баасан гаригийн шөнө саатуулж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа гэж баттай эх сурвалж мэдээлсэн юм.

Олон нийт түүнийг баривчилсан шалтгааныг 17 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан нөхрийнх нь хэрэгт холбогдуулан саатуулсан гэж үзэх хандлага байна. С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг ЭЦГ болон ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ. Гэвч албаны эх сурвалжууд ямар шалтгаанаар баривчилсаныг нууцалж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Галт тэрэг замаасаа гарч, 11 хүн амиа алджээ

Франц улсад давхар уй гашуу тохиов. Парис хотноо болсон цуврал халдлагаас гадна тус улсад хурдны галт тэрэг замаасаа гарч, 11 хүн амиа алдсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Ослын шалтгаан техникийн асуудлаас болсон хэмээн тус улсын Тээврийн яамнаас мэдэгдэв.

Осол зүүн мужийн Страсбург хотын ойролцоо болсон бөгөөд хурдны галт тэргэнд хэдэн хүн зорчиж байсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Амиа алдагсдаас гадна хэдэн зорчигч сураггүй алга болжээ. Сураггүй алга бологсод дунд бага насны хүүхдүүд байгаа хэмээн гэрчүүд мэдээлжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр “30 зорчигч гэмтсэн. Галт тэрэг осолдсон нь террорист халдлагатай холбоогүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид Францын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо хэдийнээ 200 хүрээд байна. Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж, тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл өнөөдөр /11.15/ Монгол Улс дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ. Үүний дараа албан хаагчид Элчин сайдын яаманд орж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“АМГАЛАН” дулааны станцын барилгын трасст газар нь орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/878 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг батлав. Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын цахилгааны дэд станцын нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын 2ф 700мм дулаан дамжуулах хос шугамын ажлын трасст газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тус тус баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 913 сая төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГЫН ТРАССТ ГАЗАР НЬ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 8, 10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Амгалан дулааны станцын барилгын газарт орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Авирмэд Цэрэндорж БЗД 10-р хороо Улаанхауран гудамж 1191 тоот 601 м2 60 100 000 Өмчилсөн 60 100 000
2 Аюушийн Норовсүрэн БЗД 10-р хороо Улаанхауран гудамж 1191а тоот 700 м2 70 000 000 Өмчилсөн 70 000 000
3 Цэвээндорж Нямдорж БЗД 8-р хороо УС -15 гудамж 2 тоот 58,737,656 700 м2 57,824,846 Өмчилсөн 116,562,502
4 Цэрэндорж Дэлгэрням БЗД 8-р хороо УС -15 гудамж 3 тоот 128,536,348 639 м2 52,785,824 Өмчилсөн 181,322,171
Нийт дүн-4 187,274,004 2,640 м2 240,710,670 427,984,674

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ЦАХИЛГААНЫ ДЭД СТАНЦЫН НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД ГАЗАР НЬ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Амгалан дулааны станцын цахилгааны дэд станцын нөлөөллийн бүсэд орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Ганбат Баянмөнх БЗД 10-р хороо Улаанхауран гудамж 2040 тоот 67,777,050 165 м2 13,630,142 Өмчилсөн 81,407,192
2 Дамдин Энхтүвшин БЗД 10-р хороо Улаанхауран гудамж 2040а тоот 9,377,780 206 м2 17,017,026 Өмчилсөн 26,394,806
3 Ичинхорлоо Цэнгэл БЗД 10-р хороо Улаанхауран гудамж 2036 тоот 233,262,547 290 м2 23,956,008 Өмчилсөн 257,218,555
Нийт дүн-3 310,417,377 661 м2 54,603,176 365,020,553
АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ДУЛААН ДАМЖУУЛАХ 700Ф ХОС ШУГАМЫН ТРАССТ ГАЗАР НЬ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 10, 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Амгалан дулааны станцын дулаан дамжуулах 700ф хос шугамын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Дун Дамдинбазар БЗД 13-р хороо 7-р гудамж 298а тоот 394 м2 92,000,000 Өмчилсөн 92,000,000
2 Даваа Одбаяр БЗД 10-р хороо Улаанхуаран гудамж 200а тоот 28,000,000 700 м2 Эзэмших 28,000,000
Нийт дүн-2 28,000,000 1,094 м2 92,000,000 120,000,000
Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-ААС 20-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд.

11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

11 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

11 дүгээр сарын 20-ны Баасан гарагт:

  • Нийгмийн даатгалын багц хуулиуд /шинэчилсэн найруулга/-ын төслийн талаарх хэлэлцүүлэг 08.30 цагаас “Б” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд / Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгох /Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
  • Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт;
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс таван толгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаав

-Гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байгаа гэнэ-

“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын эсрэг мэдээлэл хийж байх үеэрээ өөрийгөө шатаасан ноцтой хэрэг өнгөрсөн баасан гаригт гарав. Урьд өмнө “өөрийгөө шатаана”, “зулын гол болно” гэж мэдэгдсэн хүн байсан ч С.Эрдэнэ шиг хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өмнө өөрийгөө шатааж байсан түүх байсангүй. Балба, Түвдийн иргэд зулын гол болсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс монголчууд харж байсан. Энэ явдлын нөгөө талд өнгөрсөн баасан гаригт суллагдсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэг холбоотой юу гэдэг асуулт ч цахим ертөнцөд хүчтэй өрнөж байгаа харагдана лээ. С.Эрдэнэ өөрийгөө шатаасан нь улс төрийн зорилготой гэх хардлага ч явна. Юутай ч тэр өдөр юу болов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.

“Хэрэв би шатах ёстой юм бол шатъя”

“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид баасан гаригийн 12.00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хоёр ажилтны хамт ирсэн юм. Түүнтэй хамт явсан хоёр ажилтан нь “ТТ JVCO гэрээт компанитай байгуулсан гэрээний 18 дугаар зүйлийн гурав дахь заалтыг уурхайчид бид өөрчлөхийг шаардаж байна”,” Миний эрх ашиг Монголын эрх ашиг. Монголын эрх ашиг ард түмний эрх ашиг”, “Боловсон хувьчлалаа зогсоо” гэсэн үгсийг А3 цаасан дээр хэвлэж барьсан харагдав. С.Эрдэнэ хэвлэлийн хурлын ширээний ард сууж “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтнаа халах гэж байгаа.

Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдээлэл өгснийхөө дараа ундааны саванд бэлдэж ирсэн шатахууныг өөр дээрээ асгав. Хамт явсан хүмүүс нь С.Эрдэнээс нүд салгалгүй харж байв. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан мэт тэд түүнийг дагуулан үйлдэл бүрийг нь харж байгаа нь илт. Энэ үеэр С.Эрдэнэ “Хэрэв би шатах ёстой юм бол шатъя” гээд асаагуур асаахад гал маналзаад явчихав. С.Эрдэнэ өөрийгөө шатаана гэж мэдэж бэлтгэж орж ирсэн нь түүний үйлдлээс тодорхой харагдаж байлаа. Гэвч гал тавихдаа тайван байсан тэрбээр гал маналзаад ирэхэд түлэгдэж байгаагаа мэдэрч гэнэт сандарч, айсан бололтой хоёр гараараа нүүрээ таглан газар унав. Хэвлэлийн хурлын танхимд байсан сэтгүүлчид орилолдож, хоёр сэтгүүлч залуу галыг унтраахаар гадуур хувцсаа тайлах зуураа С.Эрдэний зүг гүйж харагдав. Хэвлэлийн хуралд оролцож байсан залуу тэдэн дээр нэмэгдэв. Харин С.Эрдэнэтэй хамт явсан лоозон барьсан нэг залуу хойшоо ухарч байдлыг ажиглаж байсан бол нөгөө нь гадуур хувцсаа тайлж галыг унтраахаар оролдож байснаа холдчихов. Энэ үеэр лоозон барьж байсан залуу галыг унтраахаар сэтгүүлчидтэй нэгдэж харагдлаа. Нэг сэтгүүлч галын хор байна уу гэж асууснаар хор авчирч галыг унтраав. Хэрэв галын хор байгаагүй бол тэнд юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Юутай ч энэ удаа С.Эрдэнэ гэдэг хүн сэтгүүлчдийн өмнө хэвлэлийн хурал хийж байгаад өөрийгөө шатаасан нь түүнийг амьтайгаа үлдэх боломж олгов. Үүний дараахан “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” гэх буруутгал цахим орчинд нэлээд түгсэн юм. Харин энэ тухай МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Манай дэд ерөнхийлөгч Х.Батхишиг ийм асуудал гарсан тухай мэдээлэл гармагц газар дээр нь очиж ажилласан. Сэтгүүлчид, “Зууны мэдээ” сонины удирдлагууд, ТВ9 телевизийнхэнтэй уулзсан. Ингэж шуурхай ажиллахаас болохгүй. Яагаад гэвэл та бидний мэргэжил, манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Х.Батхишиг дэд ерөнхийлөгч бид нар бодит байдал, гадуур тарж байгаа мэдээллийг харьцуулан зохих дүгнэлтээ хийчихсэн байгаа. Манайхан онцгой нөхцөлд онц сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлье” хэмээн мэдэгдсэн юм.

“Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид мэдээгүй”

Түүнтэй хамт мэдээлэл хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан С.Түмэндэлгэр, Т.Гансүх нараас цөөн асуултад хариулт авсан юм.

-С.Эрдэнийг өөрийгөө галдан шатааж байхад та бүхэн яагаад ямар нэгэн арга хэмжээ авсангүй вэ?

-С.Эрдэнээ ах бидэнд ийм зүйл болно гэж урьдчилан хэлээгүй. Мэдсэн бол юу гэж ийм байдалд хүргэх билээ. Ажилтнуудынхаа төлөө амь насаа хайхралгүй өөрийгөө галдан шатаасанд одоо ч итгэхгүй байна.

-Та нар хэлэлийн хурлын үеэр С.Эрдэнийн үйлдэл бүрийг анзаарч байсан нь бичлэгээс тод харагдаж байсан. Тэндээс үзвэл та нар мэдэж байсан гэх сэтгэгдэл төрүүлэхээр байсан?

-Хүмүүс юу гэж бодсоныг хэлж мэдэхгүй байна. Бид ямартай ч тэр өдөр юу болохыг мэдээгүй. Хэвлэлийн хурал хийнэ л гэсэн. Тэгээд хамт явсан. Өөр зүйл ярих боломж алга” хэмээв. Харин цахим ертөнцөд байгаа бичлэгээс хараад тэдний үнэн, худал хэлж буйг төвөггүйхэн мэдэж болохоор байгаа юм. “Эрдэнэс таван толгой” ХК 206 ажилчнаа БНХАУ-ын компанид шилжүүлэн ажиллуулах болсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн өдрүүдэд тасарсангүй. Эцэс сүүлд нь нэг иргэн өөрийн амь насыг золих дөхлөө. Тодруулбал тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн аваагүй тул хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ аж. С.Эрдэнэ компанийн удирдлагууд ажилчдаа Хятадын компанид шилжүүлэхээр улайран зүтгэж 12 сарын хугацаатай байсныг 33 сар болгон нэмэгдүүллээ. Эдгээр шилжиж буй ажилчдад ажилтай үлдэнэ гэх баталгаа байхгүй хэмээн хэлсэн юм. Ингээд уурхайн олон зуун ажилчны энэ олон хоног хийсэн эсэргүүцлийг авч хэлэлцэхгүй байгаад бухимдан өөрийгөө шатаасан гэж хамтран ажиллагчид нь хэлж байв. Тэрбээр шатсаныхаа дараа Үндэсний мэдээллийн төвөөс гарч компанийнхаа байран дээр иржээ. Үүний дараа яаралтай түргэн тусламжийнхан ирж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан юм. Одоогоор С.Эрдэнэ гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр баасан гаригийн 14:00 цагийн үед ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Түлэнхийн мэс заслын нөхөн сэргээх эмчилгээний эмч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

Т.Бат-Эрдэнэ: Амьсгалын замын түлэгдэл амь насанд аюултай

-С.Эрдэнийн биеийн байдал ямар байна?

-Энэ хүн манайд 13.30-14.00 цагийн хооронд хүргэгдэж ирсэн. Тухайн үйл явдал 12:30 цагийн үед болсон юм билээ. С.Эрдэнэ 30-40 хувийн түлэгдэлтэй ирсэн. Дөрвөн мөч, биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн байна. Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн тул биеийн байдал хүнд, дэмийрлийн байдалтай байгаа. Мөн гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөнийг шокноос гаргах, тайвшруулах эмчилгээг хийж байна. Биеийн байдлыг нөхөн сэргээсний дараа мэс засал хийж магадгүй. Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн учир өвчтөний амь насанд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

-Тэгэхээр бие нь хүнд байгаа гэж ойлгож болох уу?

-Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн учир маш аюултай. Тэр дундаа амьсгалын замын түлэгдэл бол амь насанд ч аюул учруулдаг. Бидний зүгээс шаардлагатай эмчилгээнүүдийг хийж эхэлсэн” гэв. С.Эрдэнийг эхнэр Ш.Хишигт нь сахиж байгаа юм байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нөхрийн тань бие ямархуу байна?

-Тааруухан байна. 24 цагийн турш дусал залгуулаад хэвтэж байна.

-Нөхөр тань яагаад өөрийгөө шатаах оролдлого хийчихэв ээ. Эхнэрийнх нь хувьд та санаа зовж байгаа биз дээ?

-Зоволгүй яах вэ. Хүнээ л эрүүл болгоод авбал гэж бодогдож байна. Өөр хэлээд байх зүйл алга даа.

-Нөхрөө өөрийгөө шатаасныг та яаж мэдсэн бэ?

-Хүүхдүүд утсаар хэлсэн. Тэгээд телевиз үзээд мэдсэн.

-Өөрийгөө шатаана гэдгийг нь та мэдэж байсан уу. Нөхөр чинь ямар нэгэн юм хэлсэн үү, танд?

-Тэр өдөр хэвлэлийн хурал хийнэ гээд л гэрээсээ гарсан. Шатаана энэ тэр гэж надад юу ч хэлээгүй. Энэ тухай мэдээд би өөрөө цочирдсон. Нөхөр маань юм хэлэх сөхөөгүй л байна. Тулгамдаад эгч нь энэ тухай ярих сөхөө ч алга. Миний мэдэж байгаа зүйл ч алга.

-Эмч нар юу гэж байна?

-Даваа гаригаас эмч нартай нь уулзана. Одоогоор үүнээс өөр хэлэх зүйл алга” гэлээ. Цагдаагийн байгууллагаас иргэн С.Эрдэнэд санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Хамт явсан зарим хүмүүсээс нь мэдүүлэг авч эхэлсэн байна.

С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байнагэв

Энэ үйл явдлын дараа буюу 15 цагийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Тус компанийн гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Гэрэлтсансар “С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байна. Бид ажилчдаа сул зогсолт хийлгэхгүй, ажилтай байлгах үүднээс 33 сарын турш өөр компанид ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэж хэлээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөлгүй гарч явлаа.

Харин энэ үеэр тус компанийн ажилчид компанийнхаа байрны гадаа ирж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, төв байранд шуугиан дэгдээлээ. Тэд “203 уурхайчин ажилгүй болох бус биднээс гадна дахин 50 ажилтнаа оны өмнө, 200 гаруй ажилтнаа оны дараа цомхотгох мэдээлэл байгаа. Тэд ажилчдаа шилжүүлэх нэрээр халж, цаасан дээр тогтсон компани болж, Монголын иргэдийн 1072 хувьцааг салхинд хийсгэх гэж байна” хэмээн компанийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн хэвээр байгаагаа хэлэв. Мөн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн үйлдэл бол ЭТТ компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл” гэж тайлбарлаж байв. Энэ асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шуурхай хурал зарлаж, зарим хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна. Өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарахыг Шадар сайдад даалгаж, эмчилгээний бүх зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулах үүрэг өгсөн юм.

Гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөллөө

Энэ дагуу Уул уурхайн сайд Р.Жигжид уг хэрэг явдал болсны дараа Төрийн ордонд мэдээлэл хийж, С.Эрдэнийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлээд эмчилгээний зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргуулна гэдгийг хэллээ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилсноо дуулгасан юм. Тэгвэл олон нийтийн зүгээс уг хэрэг явдлын дараа ганц хүнийг халаад асуудлыг дуусгаж болохгүй хэмээж байна. Ажилчдын эсэргүүцээд байгаа Хятадын компанид шилжүүлэх гэрээг ч мөн эргэн харах нь зүйтэй гэж үзэх хүн цөөнгүй байна. Мөн гүйцэтгэх захирал гэдэг бол гүйцэтгэх үүрэгтэй, цаана нь жинхэнэ эзэд байгаа. Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээж байгаа юм.

Ажил хаялтаа зогсоосон гэнэ

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд энэ сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалт өчигдөр ч мөн болжээ. Тэд үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэсэн гэнэ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, TTJVCO-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д тавьсан аж. Уг уулзалтын дүнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд энэ сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан, 14-ний өдөр 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжсэн байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн заавраар хангаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллах болсон бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болсон гэнэ.

С.Эрдэнэ гэж хэн бэ?

Самбуунямын Эрдэнэ тусгай дунд боловсролтой нэгэн юм байна. Уурхайн усны машины оператороор “Эрдэнэс Таван толгой”-д 2011 оноос ажиллах болжээ. Тэрбээр 1958 онд нийслэлийн нэгдүгээр төрөхөд төржээ. Хар дархад гэдэг овогтой юм байна. Түүний эхнэрийг Ш.Хишигт гэдэг бөгөөд 1960 онд төржээ. АПУкомпанид үйлчлэгчийн ажил хийдэг юм байна. Тэрбээр зургаан охин нэг хүүтэй юм байна. Хоёр охин нь дунд сургуульд сурдаг, бусад нь тусдаа гарчээ. Тэднийх Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Нүхтийн гудамжинд амьдардаг аж. Нэг охин нь пиццаны газар ажилладаг бөгөөд бусад нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэнэ. С.Эрдэнэ1976-1977 онд Авто засварын заводод угсрах слесарь,1980-1983 онд “СОТ 2”-т жолооч, 1983-1991 онд 27 дугаар баазад жолооч,1990-1994 онд Монголын социал демократ намын Хэрэг эрхлэх газарт жолооч хийж байжээ. Монголын социал демократ намын ахмадуудын нэг юм байна. Тэрбээр Онц тээвэрчин, хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан байна. 2013 оны хавар “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар түүнд сахилгын шийтгэл оногдуулж байжээ.

Г.Ялгуун

Гэрэл зургуудыг

Ц.Мягмарсүрэн