Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлнэ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулж өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Урьд нь цас орсны маргааш цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлж эхэлснээр цас орсон даруйд шөнийг ч үл хамааран шууд ажиллах бөгөөд цасыг маш хурдан цэвэрлэж халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Мөн давс бодис цацдаг 13 машины үйлчилгээ зэрэг явна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан мэдэгдлээ.

Улаанбаатар нэгтгэлийн ажилчид ажлын найман цагаар ажилладаг. Харин цэвэрлэгээний шинэ менежментийн дагуу 24 цагийн турш зам цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Цас орсон даруйд, цаг харгалзахгүй цэвэрлэгээ явуулна гэдгийг ажилчид хэлж байв. Түүнчлэн баруун, зүүн салбарын байрандаа замын халтиргааг арилгах бодис болох давсны нөөцийг бүрдүүлж, иргэд, аж ахуй нэгжид кг-ыг нь 400 төгрөгөөр худалдаалахаар болжээ. Ингэснээр орчин тойрныхоо халтиргаа гулгааг арилгах нөхцлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрдүүлж өгч байгаа аж.

“Иргэд Улаанбаатар хотын бүх гудамж талбайг манай нэгтгэл хариуцдаг гэж буруу ойлгоод байна. Нийслэлийн 315 км замыг бид хариуцаж ажилладаг. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, орон сууцны СӨХ-үүд орчин тойрныхоо замын цэвэрлэгээг хариуцдаг. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй” гэдгийг Улаанбаатар нэгтгэлийн ажилчид хэвлэлийн хурлын үеэр иргэдэд сануулж хэлэв.

Categories
мэдээ улс-төр

АН бүлгийн хуралд З.Энхболд, Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Тэд бүлгийн хурлаараа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч салбарын сайд болон төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй байгаа учраас энэ хуулийн төслийг хойшлуулсан байна.

АН бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ.

Мэдээллийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар гишүүд саналаа хэлж, асуулт асуусан байна. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар, Ард түмний санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Ард түмний санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулж амжих эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Мөн сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь зөв гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлж, орон нутагт улстөржилт их байдгийг зогсоох ёстой гэжээ. Харин зарим гишүүд хэрвээ сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болбол нэг мөнгөтэй, компанитай эрх мэдэлтэй хүний гарт орох магадлалтай гэсэн саналууд гарчээ. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд нэгдмэл байр, суурьт хүрээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөвхөн АН бүлгээрээ саналаа хайрцаглаад хүч түрээд асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх нам зөвшилцөнө. Парламентад суудалгүй намууд уг асуудлаар оролцох ёстой. Мөн нийт ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой байгаа. Түүнээс биш ганцхан АН хүч түрээд уг асуудлыг хэлэлцэхгүй” гэлээ. Мөн учир битүүлгээр Хөвсгөл аймагт амиа алдсан ирвэс хамгаалагчийн хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн байна. Талийгаач залуугийн асуудалд анхаарал хандуулж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан талаар ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж 2016 онд ашиглалтад орно

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн одоогийн хүчин чадал нь хоногт 24 мянган метр куб бохир усыг цэвэрлэдэг. Шинэ барьж байгаа өргөтгөл яг ийм хэмжээний хүчин чадалтай байх юм. Хамгийн гол нь лаг боловсруулах технологийг шийдсэн байна. Энэ нь өдгөө Улаанбаатарт тулгарч байгаа цэвэрлэх байгууламжийн бохир шиг үнэр ялгаруулахгүй ажээ.

Бохир усны цэвэрлэх байгууламжийг Францийн “Эжис-Ус” компанитай хамтран гүйцэтгэж байгаа аж. Төсөлд төлөвлөсөн хөрөнгө хэрвээ хугацаандаа орсон бол байгууламж өнөөдөр ашиглалтад орчихсон байх байлаа гэж төслийн нэгжийн зохицуулагч Ш.Доржоо ярилаа.

Энэ онд үлдсэн хөрөнгө болох 2.4 тэрбум төгрөгийн төсвийг Барилга хот байгуулалтын сайдын багцад суулгажээ. Тиймээс Эрдэнэт хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ирэх ондоо ашиглалтад орох боломжтой болж байна. Эрдэнэт хотын хүн ам 2019 он гэхэд 30 мянгад хүрнэ гэсэн тооцоог орон нутгийнхан хийсэн бөгөөд цэвэрлэх байгууламжийг өргөтгөснөөр шинээр ашиглалтад орж байгаа орон сууц болон өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцож байна.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын 64 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан талаар мэдээлэл өгнө

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн. Харин түүнийг ямар шалтгаанаар саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас 14.00 цагт хэвлэлийн хурал хийж, энэ талаар мэдээлэл өгөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно

Оюутнуудад сар бүр олгодог үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөгийг ирэх сард улирлаар нь олгохоор болсон байна. Энэ улирлаас эхлэн олгох тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт орсон юм. Тодруулбал, баклаврын хөтөлбөрт суралцагч 3.0-оос доошгүй голчтой оюутанд олгоно. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 3.2 оос доошгүй байх ба докторын 3.5 аас доошгүй гэж заажээ. Мөн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүнг 3.8 аас дээш болгох өөрчилсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1989 төгрөгтэй тэнцэж байна

Аравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зэсийн ханш багагүй өсөлттэй байсан хэдий ч тогтворгүй хэвээр байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд ам.долларын ханш 1998-2001 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан бол өнгөрөгч долоо хоногоос эхлэн ам.долларын ханш бага зэрэг суларч байна. Амралтын өдрүүдэд ам.доллар 1991 төгрөгтэй тэнцжээ. Өнөөдрийн байдлаар ам.доллар арилжааны банкуудад 1989-1994 төгрөгөөр арилжиж байгаа бол “Найман шарга” арилжааны төвд 1988-1991 төгрөгөөр арилжиж байна.

Categories
мэдээ спорт

Монгол-БНХАУ-ын тоглолт маргааш болно

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо өнөөдөр гурав дахь өдрөө болно. Тэмцээний эхний өдөр ХонгКонгийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн манай улсын шигшээ өчигдөр БНСУ-ын багт хожигдсон. Өнөөдөр манай шигшээ баг тоглолтгүй бөгөөд маргааш хэсгийн гурав дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийх юм. Одоогоор хүснэгтийг БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна.

Өнөөдөр БНХАУ-Тайвань, ХонКонг-БНСУ-ын багуудын тоглолт болно. Манай шигшээ баг маргааш 20.00 цагаас БНХАУ-ын багтай гурав дахь тоглолтоо хийх юм.

Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань
  • 20.00 Хонконг –БНСУ

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

28 настай залуу галд амиа алдлаа

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” худалдааны төвийн урд талд дугуй засварын газрын байр өчигдөр өглөө шатжээ. Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж уг галд өртөж нас барсан иргэн Ч /28 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.