Categories
мэдээ нийгэм

Өршөөгдсөн 300 гаруй иргэн ажилд орох анкет бөглөжээ

Өршөөлийн хууль хэрэгжиж, 2071 хүн хорих ангиас суллагдсан. Өршөөгдөгсдийн 1558 нь одоогоор гэртээ очсон гэдгээ цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Өршөөгдсөн иргэдийг дахин гэмт хэрэгт холбогдохоос нь урьдчилан сэргийлж, Хөдөлмөрийн яам харьяа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчтой холбон ажлын байраар хангана гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар суллагдсан иргэдийн 300 гаруй нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох анкет бөглөжээ. Харин 100 гаруй нь цалинтай л бол өнөө маргаашгүй ажилд ороход бэлэн гэсэн хүлээлттэй байна. Хүйтний улирал эхэлж, барилга бүтээн байгуулалтын ажил зогсож, ажлын байр хомс тал руугаа шилжсэн. Одоо эрэлттэй ажлын байр нь үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт гарч буй аж.

Хөдөлмөрийн яамнаас өршөөгдсөн иргэдтэй ганцаарчилсан уулзалтуудыг хийж, тухайн хүн яг ямар мэргэжлээр, аль салбарт хэдэн төгрөгийн цалинтай хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ гэдгийг сонсож, ярилцан холбогдох зааварчилгааг, зөвлөгөөг өгч эхэлжээ. Нөгөө талдаа ажил олгогчидтой тохиролцож, нэг жилээс дээших хугацаанд суллагдсан иргэдийг тогтвортой ажлын байраар хангаач гэсэн санал Хөдөлмөрийн яамнаас тавьжээ. Хэрэв ажил олгогч тухайн иргэдийг найдвартай, тогтвортой ажлын байраар хангавал Хөдөлмөр дэмжих тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн урамшууллыг нэг жилд авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд 183 тонн бодис, 165.6 тонн давс цацжээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн. Тиймээс өнгөрсөн шөнийн 03:00 цагаас эхлэн нийслэлийн 6 дүүргийн 214 ажилтан 18 машинаар 92.4 тонн бодис, 131.6 тонн давсыг нийтийн эзэмшлийн зам талбайд цацжээ.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээлснээр, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 207 ажилтан 22 машинаар 90.9 тонн бодис, 34 тонн давс, 396 метр куб элсийг Телевизийн эцсээс Баянхошуу, Жанцан, Хилчин 2 хотхон, Богд уулын арын зам, Нарны гүүр, Яармаг, Энхтайваны гүүр, Офицеруудын ордон, Долоон буудал, Хайлааст, Чингэлтэй зэрэг чиглэлд цацсан байна.

Categories
мэдээ улс-төр

МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн хурлынхаа шийдвэрийг танилцуулахдаа Н.Батбаяр нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 50 орчим заалт хөндөгдөх болж байгаа талаар ярилаа. Энэ нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэх асуудал яригдана, мөн Үндсэн хуулийг дагаж асар олон хуулийг шинэчлэх шаардлагатай болно. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй болж байгаа. Тийм учраас УИХ Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шударга сонгууль хийхэд анхаарах ёстой гэсэн юм.

Одоогийн байдлаар УИХ-д дөрвөн өөр Сонгуулийн хууль өргөн мэдүүлэгдсэн. Эдгээр дөрвөн хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд цааш нарийвчлах ёстой гэж үзсэн байна.

Мөн УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг хямралаас гаргах төсөв болж чадаагүй гэж дүгнэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхэлнэ. Айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм. Мөн Монгол-Францын бизнес форум зохиогдоно.

Энэхүү албан айлчлалын өмнө ЮНЕСКО-гийн тавин жилийн ойн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байсан ч өнгөрсөн Баасан гаригийн шөнө Парис хотноо алан хядагчид цуврал халдлага үйлдэж, олон хүний амь үрэгдэн, тус оронд онц байдал тогтоосны улмаас энэ арга хэмжээнд оролцохоо хойшлуулсан юм.

Categories
гадаад мэдээ

“Их-20”-ийн удирдагчид “Исламын улс”-ын эсрэг санал нэгджээ

“Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй төрийн тэргүүнүүд Парист болсон террорист халдлагад өртөж амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, нэг минут чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлэв. Мөн тэд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг эрчимжүүлэх талаар санал нэгдсэн талаар “The Guardian” уламжилжээ.

Тус чуулга уулзалтыг даргалж буй Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоан “Францад болсон халдлага талууд хүчээ нэгтгэж, “Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаанд анхаарах цаг ирснийг батлан харууллаа” хэмээн онцолжээ. Мөн тэрбээр “Бид хүний амь насыг үргэлж бодолцох ёстой. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Туркт ч мөн террорист халдлага болж, олон зуун хүний амь үрэгдсэн. Парисын халдлага Сирийн тулаанаас үүдэлтэй. Энэ бүх алан хядах ажиллагаа нь энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулж байгаагийн баталгаа” хэмээжээ.

Categories
мэдээ спорт

Т.Баттөгс ДАШТ-ий долоо дахь медалиа зүүлээ

Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчин оролцсоноос манай улсаас зургаан тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 64 кг-д Т.Баттөгс ДАШТ-ий медалийн тавцанд зогсож, ДАШТ-ий долоо дахь медалиа зүүлээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн гишүүн хилийн 0311 дүгээр ангитай холбоотой асуулга тавина

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангид болсон үйл явцтай холбоотой асуудлаар асуулга хүргүүлжээ. Тэрбээр асуулгадаа Хууль зүйн сайдад өмнө нь эл асуудлаар 2013 оноос хойш 4 удаа асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт бүхий албан тоот хүргүүлж байсан гэжээ. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш нийтдээ Хилийн 0311 дүгээр ангид 19-21 насны 5 залуу нас барж, 5 залуугийн биеийн байдал хүнд, бусдын асаргаанд байгаа асуудалд салбарын сайдыг тодорхой хариу өгөх нь зүйтэй хэмээн тэрбээр үзэж байгаагаа албан тоотдоо илэрхийлсэн байна. Цаашид Хөвсгөл аймгаас тус ангид цэрэг татлага явуулахгүй гэж байгаа ч өөр аймгийн хэн нэгэн эцэг эхийн хүүхдэд ийм байдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй хэмээн үзэж Ц.Даваасүрэн гишүүн, илүү тодорхой хариу нэхэж байгаа аж. Мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхээс Хил хамгаалах ерөнхий газарт болон салбарын сайдад удаа дараа өргөдөл явуулж байсан боловч тодорхой хариу аваагүй гэнэ. Иймээс асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор төлөвлөөд байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн зүгийн нутгаар цасан шуурга шуурна

2015 оны 11 дүгээ сарын 16-ны 08-20 цаг хүртэл

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

2015 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нугийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 15-20 градус, Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд нутгийн баруун хагаст, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнийг хэн амиа хорлох үйлдэл хийхэд хүргэв гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэжээ

Өнгөрсөн
долоо хоногийн баасан гаригийн үдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ҮЭ-ийн дарга
С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарсан.
Түүний энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай ЦЕГ-аас
мэдээллээ. Ингэхдээ С.Эрдэнэд хэрэг үүсгэлгүй, харин түүнийг хэн амиа хорлоход
хүргэсэн бэ гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйл заалтаар
хэрэг үүсгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Булганыг ямар шалтгаанаар саатуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ

Төр,
нийгмийн нэрт зүтгэлтэн С. Зориг агсны гэргий Д.Булганыг саатуулсан талаарх
мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
Тэгвэл дөнгөж сая 14:00 цагаас ЦЕГ-аас энэ талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн
үеэр цахим орчинд түгсэн дээрх мэдээлэл үнэн гэдгийг хэлэв. Харин түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар асуухад “Д.Булганыг саатуулсан
нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
боломжгүй байна” гэлээ.