Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаярыг мэтгэлцээнд дуудав

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны
тэргүүн Т.Хасбаатар, Эрүүл мэнд спортын сайдыг сонгох асуудлаар МАХН-ын дарга
Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдэгдэв. Эрүүл мэнд спортын сайд
асан Г.Шийлэгдамба болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар
хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Г.Шийлэгдамба өргөдлөө өгч өөрийн
хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд яамны дараагийн сайдыг сонгох асуудлаар
Ардчилсан нам, МАХН-ын хооронд багагүй зөрчилдөөн үүсээд байгаа аж. Үүнтэй
холбогдуулан “Энэ салбарыг хойшид хэн удирдах вэ” гэсэн сэдвээр МАХН-ын дарга
Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд урьж байгаа юм байна. Н.Энхбаярыг өдөр, цаг болон
хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн хүсэлтээр сонгож энэ сарын 25-наас өмнө
хариу өгөхийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар
хүсэв. Тэрбээр “Эрүүл мэнд, спортын яам бол нийгмийн хамгийн чухал салбар.
Салбарыг удирдах хүн эрх баригч хүчинд байх ёстой гэж үзэж байна. Тиймээс
Ардчилсан намын хүн удирдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байгаа бол таныг
халз мэтгэлцээнд дуудаж байна” хэмээлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын сонгодог урлагийнхан Солонгост тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Солонгос улсад аялан тоглохоор болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудыг тоглох юм байна.

Тодруулбал, УДБЭТ-ын симфони найрал хөгжмийн хамт олон

  • Арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд “Лучиа Ди Ламмермур” дуурь,
  • Арванхоёрдугаар сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тежон хотноо тоглож,
  • гоцлол дуучдын хамт арваннэгдүгээр сарын 30-нд Пусан,
  • Арванхоёрдугаар сарын 4-нд Тежон,
  • Арванхоёрдугаар сарын 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концертыг тоглоно.

“Монголиан Гала” концертонд МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцоно.

Солонгосын талаас үзүүлж буй дэмжлэгээр нийт 70 гаруй уран бүтээлчид Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчууд болон солонгосын үзэгчдэд хүргэх боломжтой боллоо.

БНСУ-д Монголын сонгодог урлагийн төлөөлөгчдийг тоглох үеэр хүрэлцэн очиж үзэж, дэмжихийг үзэгч олондоо уриалж байна.

УДБЭТеатр 2013 оноос эхэлсэн Солонгос улсын сонгодог урлагийн төлөөлөгчид, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, Ази тивд уран бүтээлээ улам өргөжүүлэх зорилгоор 2015 онд “Солонгос-2015” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Монголд Солонгосын уран бүтээлчид”, “Солонгост УДБЭТ” гэсэн хоёр чиглэлтэй ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Солонгосын удирдаач, найруулагч, дуучид Монголд ирж “Травиата” дуурь тоглосон бөгөөд найруулагч Ан Ху Вон уг дуурийг шинэчлэн найруулан тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт бол аравдугаар сард анх удаа Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийг манай тайзнаа найруулан тавьж УДБЭТ-ын урын санд оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Баянтүмэний 750 метр хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

Дорнод аймгийн Баянтүмэн сумтай хатуу хучилттай авто замаар холбох ажил дуусч, энэ сарын 13-нд хүлээлгэн өгсөн байна. 2015 оны Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр 750 метр хатуу хучилттай зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Авто агро” ХХК шалгаран гүйцэтгэсэн аж.

Баянтүмэн сум руу зам тавих энэхүү төсөл нь нийт 3.8 км урт хатуу хучилттай автозам бөгөөд сумын төв хэсэгт 1 км орчим явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, морь барианы газарт автомашины зогсоол талбай баригдахаар зураг төсвийг боловсруулсан аж.

Categories
мэдээ спорт

Англи, Францын хөлбөмбөгийн тэмцээн цуцлагдлаа

Парис хотноо болсон цуврал халдлагын улмаас Англи болон Францын хөлбөмбөгийн шигшээ багийн хооронд болохоор төлөвлөгдсөн нөхөрсөг тэмцээнийг цуцалсан байна.

Урьдчилсан мэдээллээр Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд болсон 2-3 дэлбэрэлтийн чимээ ойролцоо болж байсан Франц, Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолтын үзэгчдэд сонсогдсон байна. Ингэснээр энэ долоо хоногийн мягмар гаригт болохоор төлөвлөгдсөн нөхөрсөг тоглолтыг иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тодорхойгүй хугацаагаар цуцалж, хойшлуулах шийдвэрийг Европын хөлбөмбөгийн холбоо гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилгыг буулгажээ

Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилгыг буулгажээ.

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 67 дугаар байрны оршин суугч Ш.Сонин гэгч нь хоёр давхрын хонгилын гадагш гардаг тагтыг сунгаж өргөтгөл барьжээ.

Тэрбээр өргөтгөлийн ажлыг эхлүүлэхдээ газрын алба болон бусад холбогдох албанаас зөвшөөрөл аваагүй аж.

Тиймээс ч дүүргийн иргэд гомдол гаргаж, улмаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс уг өргөтгөлийг 67 дугаар байрны аврах хаалгыг таглаж барьсан тул гал гарахад иргэдийг аврах боломжгүй болгосон хэмээн дүгнэ,ж ийнхүү албадан буулгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Санал асуулга явуулах өдрийг хойшлуулжээ

УИХ-ын
гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор энэ сарын
26-нд бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг мөн өргөн бариад
байгаа юм. Тогтоол батлагдсанаас хойш 14 хоногийн дараа бүх нийтийн санал
асуулгыг явуулах ёстой. Гэтэл УИХ-аар бүх нийтийн санал асуулга явуулах
тогтоолын төслийг хэлэлцээгүй байгаа билээ. Тиймээс энэ арваннэгдүгээр сарын 26
буюу анхдугаар Үндсэн хуулийг баталсан өдөр бүх нийтийн санал асуулга явуулна
гэсэн ажлын хэсгийнхний төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа бололтой.

Учир
нь энэ долоо хоногоос бүлэг, байнгын хороогоор бүх нийтийн санал асуулга
явуулах тогтоолын төслийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар эл
төслийг хэлэлцэх юм. Хэдийгээр энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар
хэлэлцэх асуудлыг нэгдүгээрт байгаа ч ажлын хэсгийн товлосон хугацаанд
бүх нийтийн санал асуулгыг явуулж амжихгүй гэдгийг Н.Батбаяр гишүүн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эгийн голын түүх” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын үндэсний түүхийн музейд “Эгийн голын түүх” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнд хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн бүхий л цаг үетэй холбогдох үнэтэй ховор олдворуудыг дэлгэлээ. Нийт 280 гаруй шинэ олдвор тавигдсан байна.

Эгийн голын хөндийд 1992 оноос эхлэн малтлага хийж эхэлсэн байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эгийн голын хөндийд цогц судалгаа шинжилгээ хийж, 400 гаруй олдвор олсноос хамгийн шилдэг олдворуудыг үзэсгэлэнд дэлгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Загастайн давааг хаажээ

ЗАВХАН АЙМГИЙН Улиастай – Тосонцэнгэл чиглэлийн 61км хатуу хучилттай зам гүүрийн барилгын ажлын хүрээнд Зам, тээврийн сайдын 255 дугаар тушаалын дагуу ‪‎Загастайн давааг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хааж ‪ Донойн хөндий, ‪Сайрын дөрөлж, ‪Дахтын даваагаар явах чиглэл батлагдсан.

Гэвч сүүлийн өдрүүдэд их хэмжээний ЦАС орсны улмаас батлагдсан чиглэлийн замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж замын нөхцөл хүндрээд байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж 2015 оны 11 сарын 17-ноос 25-ныг хүртэл хугацаанд оройн 17.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд ‎тээврийн хэрэгслүүдийг ЗАГАСТАЙН ДАВААГААР зорчуулах нь зүйтэй гэж үзээд, уг хүсэлтийг Зам тээврийн сайдад хүргүүлэх шийдвэр гаргасан байна.

Загастайн даваа орчимд 20-30 см ЦАС унасан байгаа бөгөөд аймгийнхан зам давааг нээхээр ажиллаж эхэлжээ.

Замын нөхцөл хүндэрсэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байгаатай холбогдуулан Улаанбаатар – Завхан чиглэлд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны 09:00 цагт гарсан хот хоорондын зорчигч тээврийн автобус нь Архангай аймгийн Чулуут суманд хоноглосон бөгөөд өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хонохоор болсон байна.

Завхан – Улаанбаатар чиглэлд 11 сарын 15,16-ны өдрүүдэд зорчигч тээврийн хэрэгсэл гаргаагүй түр зогсоосон тул тус чиглэлийг зорих иргэд жолооч тээвэрчид нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг авсны дараа ЗАМД гарахыг ДАХИН анхааруулъя гэжээ.

Categories
гадаад мэдээ

Путин, Обама нар уулзав

Цагаан ордноос мэдээлснээр, Туркийн Анталья хотноо болж буй “Их 20” уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан тухай “AFP” агентлаг уламжилжээ. Тэд тусгайлан бэлдсэн өрөөнд хагас цаг орчим зөвхөн орчуулагчдын хамт уулзаж ярилцсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Обама, Путин нар Ойрхи Дорнодын хямрал болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын асуудлаар ярилцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас тэдний уулзалтад орчуулагчдаас өөр хүн оролцоогүйг онцолсон байна. Цагаан ордны хэвлэлийн алба “Удирдагчид Парисын цуврал халдлагын талаар ярилцсан” гэжээ.

Өнгөрсөн ням гаригт буюу уулзалтаас өмнө “Их 20” удирдагчид дурсгалын зураг авахуулсан байна. Энэ үеэр Обама, Путинтэй мэндчилж, гар барьсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Герман болон Канадын удирдлага ч Путинтэй уулзах санал гаргаад байгааг “TASS” агентлаг уламжилсан байна.

g20

g20

Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяаг гадуур шалгаж байгаа гэв

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрсөн сарын 30-нд баривчлан хорьсон. Тэднийг өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргасан юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Шүүх Б.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Ингэснээр түүнийг гадуур шалгаж байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргадаг учраас цагдаагийн байгууллагатай холбоогүй” гэлээ.