Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна

Монголчуудын туурвисан “Содура” кино Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх урилга хүлээж авсан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө бас Хонгконгийн олон улсын кино наадамд оролцох урилга авсан гэнэ. Сүрхий байгаа юм байхаа. Цаа буга маллан тайгад амьдарч буй тува угсааны цаатан иргэдийн аж байдал, соёл, ёс уламжлалын тухай дэлхийн хүмүүс энэ киноноос үзэх юм байна. Үнэ­нийг хэлье, дэлхийн үзэгчид “За монголчууд гэдэг чинь нэг иймэрхүү амьдардаг хүнд гарууд байх нь” гэж хүлээж авна. Тийм л сурталчилгаа болно. Гэтэл монголчууд нь өөрсдөө цаатнуудаа мэдэхгүй байдаг. Үнэн ийм байтал өнөө­дөр сошиал медиа, мэдээллийн хэрэгслээр юу гэнэ вэ, “Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, улаан тайга, хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая” гэнэ ээ. Хэзээ байтлаа цаатнууд монгол үндэстний соёлын өвөрмөц хэсэг болчихсон юм бэ. Энэ кино бол Монголыг яаж дэлхийд муухайгаар харуулъя даа гэсэн зохиолуудын нэг гэдгийг шулуухан хэльё.

“Содура” киног шагшин магтаад байгаа хүмүүс цаатнуудын дунд очиж үзсэн юм уу, тийм гайхалтай ёс заншилтай, уламжлалтай, тэнгэрлэг ард түмний хэсэг тэнд амьдарч байдаг юм уу. Харин би бол очиж үзсэн, “Ишш, ийм нэг хэдэн амьтан, ингэж ч амь зуух гэж дээ, өөр улс оронд л энэ хэдийг үзүүлмээргүй юм байна даа” гэж бодогддог юм даа, тэнд очсон монгол хүнд бол. Тэгсэн тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг тэднээр кино хийгээд, тэгээд зогсохгүй дэлхийд таниулах гэж байгаа юм байна. Дэлхий ийм л бүдүүлгүүдийг монголчууд гэнэ хэмээн хүлээж авна даа. Өөрөөр юу ч гэж ойлгохгүй. Энэ киноны эхлэлийг үзсэн хүн байвал санаж байгаа байх, …Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж зэвүүн муухайгаар эхэлдгийг. Чингисийн Монгол гэдэг чинь ийм балар эртний, хүн сүргийн хэлбэр агуулгаар өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд оршин байгаа хэрэг үү гэж дуу алдмаар. Энэ киноны ид шид, үр дүн гэвэл үнэн хэрэгтээ зохиолч, найруулагч нарын хэдэн хүнийг л мандуулах, ашиг орлого авчрахад орших байх. Тэрнээс өөрөөр ч… Монгол хүн та өөр дээрээ бодоод үз дээ, энэ мэт киног үзсэн гадаад ертөнцийнхөн таныг, таны үр хүүхдийг “Өвлийн хүйтэнд ноорхой урцанд хөлдөж үхэх шахан амьдардаг, бичиг үсэг мэддэг­гүй, цааныхаа махнаас өөр хүнс мэдэхгүй, амь өрссөн уул асга, хад мөргөцөг дунд хэзээ үхэхээ мэдэхгүй явж байдаг, өнөөдрийн соёлт ертөн­цөөс хол тасархай хүмүү­сийн нэг” хэмээн хүлээж авна. Хүлээж авахаар барахгүй яаж харьцана гээч “Англи гэдэг хэлээр дэлхий нийт ярьдаг юм, өнөөдөр дэлхийд хүмүүс ийм хоолыг ингэж иддэг юм, компьютер гэж ийм юм байдаг, машин, гар утас, зурагт гэж үүнийг хэлнэ” хэмээн зааж сургана шүү дээ. Дэлхийд монголчуудыг ийм л ард түмэн хэмээн “Содура” мэт киногоор сурталчлаад өгөхөөр үүнээс өөрөөр яаж хүлээж авах юм. Бусад улс орны иргэд, таныг, таны үр хүүхдийг ингэж хүлээж авахыг, ингэж хандаж, харьцахтай та эвлэрэх үү. Ганцхан та ч бус монголчууд шартай ард түмэн, ёстой солиор гэж нийтээрээ арзаганах байх. Бодит үр дүн ийм байтал яагаад байгаа юм бэ. Нийтээрээ л “Содура” сод бүтээл боллоо гээд бархиралдаад байх юм. Аливаа уран бүтээлийн амин сүнс, ач холбогдол, том зураг гэж байдаг. Гэтэл “Содура”-гийн агаараар хийгдэж буй бүх кино, уран бүтээлийн том зургийг харвал Монгол Улсыг, монголчуудыг хөдөө хээрээр хэдэн мал адгуулаад нүүж тэнэж явдаг, уранхай ноорхой хувцастай, баяр баясал нь гэхээр баахан навсгар нөхдүүд барилдаж, уралдсан, махнаас өөр идэшгүй, эрт галавын, элэнц хуланцаараа амьдардаг нөхдийн үлдэгдэл, мөхөж буй их үндэстний шавхруугаар ойлгуулах ямар нэгэн бодлого яваад байх шиг санагдах юм байна шүү дээ. Өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд эх орон, ард түмнээ ингэж сармагчинтай ойртгон сурталчилдаг уран бүтээлчид Монголоос өөр газарт байдаг юм уу.

Цаатнууд хэзээ Монгол Улсад орж ирсэн түүхийг нь мэдэх хүн тэр киночид дотор нь байсан юм уу. 1940-өөд оны дундуур Хөвсгөл аймаг дахь Дотоодын хамгаалах газрын төлөөлөгчөөс нэгэн сонин мэдээлэл төвд ирсэн байдаг юм. Хөвсгөлийн хойд талын тайгад буга унасан сонин хүмүүс мэр сэр үзэгдэх боллоо гэж. Ингээд шалгаж тогтоотол Сибирийн тайгаас явсаар манай хилээр нэвтэрчихсэн угсаа гарвал, удам судар нь тодорхойгүй, уул тайгад үе удмаараа амьдарсан хэдэн хүн хаана ч ирснээ мэдэхгүй байсныг Монгол Улс бүртгэж авсан байдаг юм. Ердөө 60-аадхан жилийн өмнөх түүх. Тэгэхээр эд нөхөд бол монголчууд биш, Монголын түүх бүр ч биш, Монгол Улсыг төлөөлөх ч эрхгүй хүмүүс. Гэтэл монголчууд өөрсдөө ч мэдэхгүй ийм хэдэн хүний аж байдлаар Монгол Улсыг төлөөлүүлж, сурталчлах гэж дэлхийн киноны хамгийн том наадам, кино урлагийн дэлхийн хамгийн том зах зээл рүү явж байдаг.

“Содура” гэдэг кинон дээр гардаг шиг Монголд амар­жих гэж байгаа эмэгтэй хүнийг нөгөө нэг эмэгтэй нь хорлодог, төрөх гээд чадахгүй болохоор нь хүүхдийг нь суга татдаг, модны орой дээр нас барсан хү­нийхээ шарилыг тавьчихаад тэр модоо орой дээрээс нь оосор­лон бөөнөөрөө чивчир­тэл нь татаж, дээр нь байрлуулсан талийгаачийг чавхны чулуу шиг харваж, буян заяа байвал усны цаад газарт унаг, эс бөгөөс усан тохойд унаж там руугаа яваг гэдэг ёс заншил байсан юм уу. Өнөөдрийн соёлт хүн төрөлх­төн үүнийг хараад монголчуудыг юу гэж ойлгох вэ. Ийм өрнөл, үйл явдалтай киног л манайхан, “Содура” бол Монголын кино урлагийн түүхэнд эш татан тэмдэглэгдэх содон бүтээлийн нэг болов. “Чонон сүлд” кинонд дэвшүүл­сэн нүүдлийн болон суурин соёл иргэншлийн мөргөл­дөөн “Содура”-д нэгэн адил үргэлжлэв. Хүн төрөлхтний өмнө, өнөө цаг дор тулгамдаж буй нийгмийн хурц асуудлыг уран бүтээлч хүний билиг оюунаар олж харж, туурвил зүйн өндөр түвшинд бүтээс­нээрээ дэлхийн кино урлагийн өндөр босгыг давах бүтээл болж чадлаа” хэмээн ярьж, бичиж байх юм. Монгол хүн танаас асууя, Та төрж байгаа эхийн умайнаас үрийг нь тэгж авахыг харсан уу, үүрд нойрссон өвгөдийнхөө цогцсыг модон дээрээс голын цаад эрэг рүү шиддэг гэж сонссон уу. Тэгвэл бид­ний монголчуудыг яг ингэж аж төрж, амьдран суудаг ноорхойнууд хэмээн дэлхийд сурталчлах гэж байна.

Бас тэгээд болоогүй, уг ки­но­гоо монголчуудыг өнөөд­рийн дэлхий ертөнцөд дээд зэргээр шившиглэн сур­тал­чилж буй “Чонон сүлд”-тэй жишсэн байгаа юм. Өнөө­­дөр дэлхийн 30 гаруй хэл­нээ хөрвүүлэгдсэн энэ ном Монгол Улсыг дэлхийд муухай харагдуулахад гол үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэ номын зохиогчийг манайхан саяхан урьж “Мон­голыг дэлхийд өндрөөр суртал­чилж байгаа” хэмээн шагнасан. Тэнэглэнэ гэхэд ингэж тэнэглэж болохгүй л дээ. Тэр “Чонин сүлд”-д гардаг шиг монгол эмэгтэйчүүд хонины бэлчээрт хятадуудтай энгэр зөрүүлсээр ирсэн юм уу. Монгол залуу эмэгтэй чонын нялх бэлтрэгийг суйлж аваад савж алдаг түүх Монголд байдаг юм уу. Монголчууд үхсэн амьтны сэг зэм идэх нь бүү хэл “Турж үхсэн ч тургийн зэм бүү ид” гэж сургаж захиж ирсэн ард түмэн шүү дээ. Монголчууд хар нялхаасаа өвөг дээдсээсээ үгийг сонсож ирсэн. Язгуураар нь монголчуудыг ингэж гутаан доромжилсон зохиолуудыг өнөөдрийн монголчууд яасан их хөхиүлэн дэмжиж, баясана вэ. Урьд “Нохойн орон” гэж монголыг доромжилсон ки­­­ног хичнээн магтлаа. Мон­голчуудыг луйварчин, заль­дагчаар сурталчилсан “Бодлын хулгайч” гэж киног ОУ-д өрсөлдөхөөр боллоо гэж хэрхэн шуугилаа. Дэлхийн сэтгэл шимшрүүлсэн гэрэл зургууд дотор 13 настай, мөрөн дээрээ бүргэд суулгасан охины зураг монголоор хаяг­лагдсан. Монголыг төлөөлөх тэр зургийг “ВВС” агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн. Ингэснээр дэлхий дахинаа сүүлийн үед хамгийн олон удаа татаж авсан, хамгийн их сэтгэгдэлтэй зургаар тодорсон нь сайн юм огт биш шүү дээ. Олны анхаарлыг татаж байгаа гол санаа нь “13 настай анчин охин” гэх тайлбартаа байсан юм. Хэзээ ч монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулж байгаагүй. Монголчууд охин үрээ муу бүхнээс хол, хар хорын сүүдэр хүртэл тусчихвий гэж нандигнадаг ард тү­мэн. Өнөөдрийн Монголд 13 настай охин бол дуртай сургуульдаа сурч бо­ловс­рон, интернэтээр дэл­хийн улс орны хүүхдүүдтэй найз нөхөд болж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амралтаараа аялж, iPhone утасны бүх функцыг ашиглаж, iPad дээр youtube-ийн бичлэг үзэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Гэтэл яавал Монгол орныг, монголчуудыг удам судар, үүх түүх, үр хойчтой нь хамт муу муухай харагдуулах вэ гэсэн бүгдийг манай уран бүтээлчид сэтгэн олж, бүтээл туурвил болгон дэлхий да­хинд сурталчилж байна. Сур­талчлахаар завдсаар байна.

Монгол орон, монголчуу­дыг муухайгаар дэлхийд сурталчлагсад одоо наад үйлдлээ зогсоо. Монгол цус­тай, монгол хүмүүс мөн л юм бол. Монголыг муухай харагдуулсан үйлдэл бүр чинь эх орноосоо урвасантай адилхан үр дагавартай байна. “Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна. Гэвч хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгэмд амьдарч буй болохоор хүнд юу хийх, хийхгүйг нь заах эрх хэнд ч алга. Тийм болохоор Монголыг муухай харагдуулсан бүтээ­лүүд олон улсад гарлаа гэхэд өндөр татвар тавьдаг болъё. Тэгээд Монголд байгаа сайхан бүхнийг барьж авч Монголыг баруунд эерэгээр сурталчлаад өгөөч гэж гуйя.

Б.НЯМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хувцасны цаадахь философи

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг үргэлж саарал өнгийн пудволк, жинсэн өмдтэй харагддаг. ”Apple”-ийн Стив Жобс хоолойтой хар цамцнаас салдаггүй. Агуу Эйнштейний дуртай хувцас нь саарал костюм. Дээд сургуулийн маань нэг багш “Европчууд биед эвтэйхэн хувцас харвал нэг өнгө, ижил загвар байсан ч хамаагүй хэд хэдийг авчихдаг. Хувцас бол тэдний хувьд энгийн хэрэглээ учраас тэр. Манайд ингэж өмсвөл энэ одоо өөр хувцасгүй юм байх даа гэж өөлнө дөө” гэж ярьсан нь санаанаас гардаггүй юм. Хүний тархинд секунд тутамд 11 сая ширхэг мэдээлэл ирдэг, гэтэл хүн гээч амьтны тархи нэг дор гурван зүйлд л зэрэг төвлөрөх чадвартай, үүнээс ахиад ирэхээр анхаарал нь сарниж, зөв шийдвэр гаргах боломжгүйд хүрдэг гэсэн сонирхолтой статистик бий. Бүтээмж өндөртэй эрхмүүд элдэв зүйлд сатаарахгүй гэсэндээ ижил загварын аятайхан хувцаснаас хэд хэдийг сонгочихдог байж мэдэх л юм. Нээрээ л хувцсаа сонгох гэж дэлгүүр хэсэх, худалдаж авах үгүйгээ шийдэх гэж толины өмнө эргэлдэх, өглөө сэрээд хувцасны шүүгээгээ онгичиход зарцуулсан хугацаагаа тооцоод үзвэл өчнөөн цаг гарах байх шүү. Тийм болохоор “Interstellar” киноны найруулагч Кристофер Нолан “Өглөө бүр юу өмсөх вэ гэж бодох нь энерги барсан, стресстэй зүйл” гэж төвөгшөөсөн байх. Зохиолч Алис Грегори “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй, хялбар арга. Бас тогтвортой, бие даасан байдлын илэрхийлэл. Хүүхдийн номны гол дүрийн баатрууд үргэлж нэг хувцастайгаар дүрслэгддэг нь бяцхануудыг маань үлгэр дуурайл аваг гэсэндээ тэр” гэсэн нь бий. Шүүгээгээ нээгээд нэг хараарай. Тун цөөхөн нь таны өмсөх дуртай хувцас байгаа даа. Тэгэхээр ухаалаг хувцаслалт танай гэрийн эдийн засагт ч хэмнэлттэй. Мэдээж хувцасны төлөө үрсэн цагаа өөр зүйлд зарцуулахаар бүтээмж тань ч өсөөд ирнэ. Бүтээмж өсөхөөр олох мөнгө дагаад үржинэ. Бидний олонхи өөртөө эвтэйхэн гэхээс илүү бусдад сайхан харагдахын тулд хувцасладаг. Гэтэл эргэн тойронд маань амьдарч буй элит гэгдэх хэсгээ нэг анзаараарай. Тэд энгийн, биедээ эвтэйхэн хувцасласан харагддаг.

Categories
мэдээ нийгэм

Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр

Аргын тооллын арван­нэгдүгээр сарын 17. Сугар гариг. Билгийн тооллын 6. Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:21 цагт мандан, 17:31 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, газрын ам бооход сайн. Улай гаргах, хиншүү хярвас, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сэтгүүлчид мэргэжлийн онцлог, салбарын нэр хүндээ өмгөөлөх ёстой” нийтлэл “Өдрийн сонин”-д гарлаа

“Өдрийн
сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдадаа хүрч байна. Уржигдар орсон цаснаар
нийслэлд халтиргаа, гулгаа ихэсчээ. Халтирч унаж гэмтсэн хүний тоо ч өссөн
байна. Энэ талаар манай сонин сурвалжиллаа. Улс төр нүүрт УИХ-ын гишүүн
Г.Гарамгайбаатартай ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр МАН-ынхныг
загасны ой санамжтай гэж дүгнэжээ. УИХ-ын гишүүн Г.Гарамгайбаатар Үндсэн
хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. “Өдрийн сонин”-ы
нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Сэтгүүлчид мэргэжлийн
онцлог, салбарын нэр хүндээ өмгөөлөх ёстой” нийтлэл хэвлэгдлээ. “Сэтгүүлчдээс муу
хүн байхгүй болов…Телевиз, радиогоо унтрааж, сониноо хумивал хөгжил хамт
хумигдана. Хүний эрх, эрх чөлөө хаа нэгтээ гээгдэнэ. Тиймээс сэтгүүлчдийнхээ
тухай ойлголтыг хамжааргатайхан сэнхэрвэл зохино биз дээ…”. Дэлгэрэнгүйг
гуравдугаар нүүрээс уншина уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д
төрийн айлчлал хийгээд ирсэн. Энэ айлчлалын талаар судлаач дүгнэж ярилцлага
өглөө. Тэрбээр Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг “Монгол, Хятадын харилцан
итгэлцлийг улам зузаатгасан айлчлал боллоо” гэж ярьсан. Мөн УИХ дахь АН, МАН-ын
бүлгийн хуралдааны мэдээллийг улс төрийн нүүрнээс унших боломжтой. С.Зориг
агсны эхнэр Д.Булганыг баривчилсан нь сүүлийн үеийн дуулиан болж байна. Түүнийг
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Хуулийн эх сурвалж “Булган
анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан гэнэ. Алуурчдыг
худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будлиантуулж
байсан байж болзошгүй. Эр, эм хоёр алуурчин биш. Хоёр эрэгтэй байсан бололтой”
гэжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараас уншина уу. “Ирвэс
хамгаалах сан”-д биологчоор ажиллаж байсан залуу энэ сарын 5-нд гэрээсээ гараад
сураггүй болсон. Түүний цогцсыг энэ сарын 11-нд Хөвсгөл нуураас олсон талаар
манай сонин мэдээлсэн. Энэ хэрэгт УИХ дахь АН-ын бүлэг анхаарлаа хандуулахаа
мэдэгдсэн. Бид талийгаачийн аавтай ярилцлаа. Тэрбээр хүүгээ бусдын дарамтаас
үүдэж амиа алдсан гэж үзэж байгаа аж. Аавынх нь ярьснаар талийгаачийг өмнө нь
хоёр удаа хутгалж, нэг удаа барьцаалж байжээ. Амиа алдахын өмнө нь ч гэсэн
дарамталсан гэх баримт олдсон аж. Аав нь хүүгээ дөрөв дэхь удаагаа дарамтад орж
амиа алдсан гэж үзэж байгаагаа ярилаа. Дэлхийн мэдээ нүүрт Каталони улсыг
байгуулах талаар мэдээлэл багтлаа. Мөн “Өдрийн сонин”-ы Ваншингтон дахь тусгай
сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ сурвалжлага илгээсэн юм. Түүний “Оакланд хотод
сүндэрлэсэн монгол гэр буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзлэл” нийтлэлийг
арвангуравдугаар нүүрээс уншина уу. Утга зохиол нүүрт Соёлын гавьяат зүтгэлтэн,
зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Гүнз” өгүүллэгийг хүргэж байна. Эдгээр болон
бусад мэдээ мэдээлэл өнөөдрийн дугаарт гарлаа. “Өдрийн сонин”-ы эрхэм уншигч
та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь
35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас
очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан
авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв
цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд амиа алдсан биологчийн аав “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

“Ирвэс хамгаалах сан”-д
биологчоор ажиллаж байсан залуу энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон.
Түүний цогцсыг энэ сарын 11-нд Хөвсгөл нуураас олсон талаар манай сонин
мэдээлсэн. Энэ хэрэгт УИХ дахь АН-ын бүлэг анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн юм.
Бид талийгаачийн аавтай ярилцлаа. Тэрбээр хүүгээ бусдын дарамтаас үүдэж амиа
алдсан гэж үзэж байгаа аж. Аавынх нь ярьснаар талийгаачийг өмнө нь хоёр удаа
хутгалж, нэг удаа барьцаалж байжээ. Амиа алдахын өмнө нь ч гэсэн дарамталсан
гэх баримт олдсон аж. Аав нь хүүгээ дөрөв дэх удаагаа дарамтад орж амиа алдсан
гэж үзэж байгаагаа ярилаа. Ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас
уншина уу. Эрхэм уншигч та манай сониныг шуудангийн салбарууд, сонин
худалдаалах цэгээс худалдан авах боломжтой юм. Мөн захиалга өгөхийг хүсвэл
7013-4164, 9911-2954 дугаарт хандаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Булганыг ямар шалтгаанаар баривчилсан тухай мэдээллийг “Өдрийн сонин”-оос уншаарай

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчилсан тухай цахим орчинд түгж, сүүлийн хэдэн өдөр дуулиан болж байна. Түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Хуулийн эх сурвалж “Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан гэнэ. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будлиантуулж байсан байж болзошгүй. Эр, эм хоёр алуурчин биш. Хоёр эрэгтэй байсан бололтой” гэжээ. Энэ тухай мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт дэлгэрэнгүй нийтэлж байна. Эрхэм уншигч та манай сониныг шуудангийн салбарууд, сонин худалдаалах цэгээс худалдан авах боломжтой юм. Мөн захиалга өгөхийг хүсвэл 7013-4164, 9911-2954 дугаарт хандаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Дөлгөөн, Б.Цолмон нар аваргаар тодорлоо

Улаанбаатар хотын анхны аваргаар Э Дөлгөөн, Б.Цолмон нар тодорлоо. Монголын туялзуур сэлэмний холбоо Хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Багануур, Эрдэнэт, Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн “Хаан” банкны театрт болж 50 гаруй тамирчин өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн төрөлд УБ Фенсинг, Альянс Тех компанийн тамирчин Э Дөлгөөн түрүүлсэн бол УБ Фенсинг клубын Э.Нямлхагва мөнгөн медаль, Ц.Жигжидсүрэн, Э.Төгсбаяр нар хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Б.Цолмон (УБ Фенсинг) түрүүлж аваргын алтан медаль, М.Жаргалмаа (Дуэль Фенисинг) мөнгө, О.Анударь, Ц.Нандин (хоёул УБ Фенсинг) нар хүрэл медаль хүртлээ.

Сонирхуулахад хүрэл медаль хүртсэн Ц.Нандин нь тэмцээн оролцсон хамгийн залуу буюу 13 настай тамирчин байсан юм.

Мөн тус тэмцээн оролцсон хамгийн ахмад тамирчин 56 настай Д.Арвин эрэгтэйчүүдийн төрөлд шилдэг 16-д шалгарч шуугиан тарив.

Categories
мэдээ спорт

“Хангарьд”-ын сэлэмчин Б.Батхүү тэргүүлсээр байна

Монголын туялзуур сэлэмний холбооноос шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Эрэгтэйчүүдийн үндэсний “БРБ чансаа”-д 70 сэлэмчин бичигдсэнээс “Хангарьд” клубын Б.Батхүү тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт болсон хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд түрүүлсэн Б.Амарболд (“Хангарьд”) чансааны ТОП-8-д бичигдэж эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд Польшийн Элчин сайдыг хүлээж авав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.16/ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улс-Бүгд Найрамдах Польш Улс хоорондын улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүнд хоёр орны парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглээд, 2015 оны 03 дугаар сард Польш Улсад албан ёсны айлчлал хийсэн талаараа дурдлаа. Тэрээр “Манай улсын гуравдагч хөрш болох Европын холбооны гишүүн Польш Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаад баяртай байна” гэлээ.

Элчин сайд Михал Лабенда, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, энэ онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон сонгуулиудын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын улс төр, эдийн засаг, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга хоёр улс боловсролын салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, монголын оюутан, залуусыг тус улсад суралцахад Польш Улсын Засгийн газрын зүгээс бодит дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн, Европ дахь Монгол судлалын томоохон төв болох Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүслээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав

Эрүүгийн
хууль, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр
боллоо. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, УИХ-ын
гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, ажлын дэд хэсэг буюу хуулийн байгууллагын
холбогдох албан тушаалтнууд оролцов. Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хуулийн
төслүүдийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд эцсийн
хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан
хэлэлцүүлэх юм.