Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнээс хамаарч олгоно

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх 2016 онд үргэлжлүүлэн олгохоор болжээ.

Гэхдээ тус мөнгийг амжиргааны түвшинээс хамаарч олгохоор болсон байна. Тодруулбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Энэ нь амьдралын боломжтой, амжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй гэсэн үг юм.

Хэрэв танайх амжиргааны түвшин дунд, эсвэл тааруу хэрнээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм байна. Ирэх оноос тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилж багасгасан ч, нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах бүлэгт хамрагдаж байгаа гэж салбар яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг хорих хугацааг яагаад сунгав

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчилсан гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаныхан мэдэгдсэн. Тэд “Д.Булганыг баривчилсан нь үнэн. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн талаар анхнаасаа худал мэдээлж, нуун дарагдуулсан хэмээн буруутгаж буй гэнэ. Түүнийг 72 цагийн хугацаатай саатуулаад байсан. Хэрэв энэ хугацаанд сэжигтнээр тооцох юм бол хорих хугацааг нь сунгах байсан. Тэгвэл өнөөдөр түүний хорих хугацааг сунгажээ.

Гэвч Цагдаагийн ерөнхий газрынхан “Д.Булганыг баривчилжээ” гэсэн мэдээлэл үнэн гэж батлахаас өөр албан ёсны мэдээлэл өгч чадахгүй байгаад олон нийт эргэлзэж байгаа юм. Учир нь сонгууль дөхөхөөр “С.Зоригийн хэргийг илрүүллээ”, “Энэ хэрэгт холбогдуулан хоёр иргэнийг баривчилжээ” гэх мэдээлэл гардаг нь гэм биш зан болсон. Нөгөө талаар “С.Зоригийн хэрэг илэрлээ, илрүүлнэ” хэмээн мэдэгдэж УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялж байсан түүх ч бий. Энэ удаагийн “Д.Булганыг баривчиллаа” гэх мэдээлэл УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө болж байгаа нь ямар нэгэн улс төрийн хүчний ажиллагаа биш үү гэх хүн олон байна.

Categories
мэдээ улс-төр

Цэвэрлэх байгууламжийн төслийг концессоор хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлэхээр боллоо.

Тухайлбал, Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэв.

Ингэхдээ концесс олгох уралдаант шалгаруулалт зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа.

1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна.

Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байгаа аж.

Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зарцуулж байна.

Технологийн хоцрогдол, техник тоног төхөөрөмж хуучирсан, бетон арматурчлал, суурин барилга байгууламжийн элэгдэл зэргээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг баталжээ

Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хепатитийн халдварыг хянах, сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, шийдвэр гаргагчдын оролцоо нэмэгдэж, салбар дундын үйл ажиллагаа эрчимжинэ гэж үзэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд вируст хепатитийн халдварын архаг болон шинэ тохиолдол бүрийг давхардуулалгүй хүн бүрээр бүртгэх, хянах, цахим мэдээллийн сүлжээ нэвтрүүлэх, халдвартай иргэдийг бүртгэх мэдээллийн нэгдсэн цахим программыг боловсруулж ашиглахаар төлөвлөжээ. Энэ санд бүртгэгдсэн иргэдэд элэгний С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг худалдах ажлыг эхлүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Францтай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ

“Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.

БНФУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах асуудлыг анх 2013 онд Францын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьж, улмаар Францын Засгийн газрын тэтгэлгийг Монголын 10 оюутанд 2013-2014 оны хичээлийн жилд олгосон. Улмаар талууд сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар тохиролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны 100 гаруй буудлыг шинэчилжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ.
Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар шинэчлэх юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуу, авиа, дохио сурах шинэлэг төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд тохиргооны ажлуудыг хийж эхлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвллэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Баянгол жааз найрал хөгжмийн тоглолт болно

Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зорилтот төсөл нь хүн төрөлхтний соёлын үнэт өв дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээр урын сангаа баяжуулан урлагийн бүтээл туурвиж, нийслэл хотын үзэгч сонсогчид, олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх зорилгоор эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт 7 концерт тоглох ба төлөвлөгөөний дагуу тоглолтууд нь үзэгчдийн хүртээл болж байна.

Энэ 7 хоногт Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох CITY SWING тоглолт 2015 оны 11-р сарын 20-нд 19 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэнэ.

Баянмонгол жазз найрал хөгжмийн хувьд шинэ залуу хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж байна. Өнөөгийн нийгэмд хувь хүн урлаг, соёлын өндөр мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг болсон тул тэд энэхүү мэдлэг боловсролыг олгох үүднээс дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ТООНЫ МАШИНЫ түүх

Дорно зүгээс гаралтай сампин бол тооцоолуурын хамгийн түгээмэл дэлгэрсэн эртний хэрэгслийн нэг ажээ. Мөн Антикитерийн механизм гэх тооны машиныг дурсахгүй байхын аргагүй юм. Түүнийг Грекийн Антикитер арлын ойролцоо эртний Ромын живсэн хөлгөөс 1902 онд олж байжээ. Энэ механизм нь тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийг тооцох үүрэгтэй ч хуваах, үржүүлэхийн хялбар үйлдлүүдийг хийдэг байсан гэнэ. Эрдэмтэд үүнийг энэ тооллын өмнөх хоёрдугаар зуунд бүтээгдсэн гэж тогтоогоод тооны машины өвөг гэж нэрлэсэн байна.

1643 онд Паскаль харахад авдар шиг хэлбэртэй, дотроо араанууд угсарсан тооцоолох хэрэгсэл бүтээсэн бол 1673 онд германы математикч “Годфрид Вильгелм Лейбниц” тооны машины өөрийн гэсэн хувилбарыг мөн л бүтээсэн байдаг ажээ. Тэр нь Паскалийнхтай адилхан араа шүд, дугуйнаас бүтсэн ч хөдөлдөг хэсэг нэмж өгсөн нь ирээдүйн ширээний тооны машины эх үүсвэрийг тавьсан гэхэд хилсдэхгүй юм байна.

1961 онд Английн “ANITA MK VIII” гэдэг тооны машин анх нийтийн хэрэглээнд гарсан бол 1964 онд Америкийн анхны зайгаар ажилладаг тооны машин өргөн хэрэглээнд нэвтэрсэн байна. Энэ тооны машины хөгжлөөс оросууд ч бас хоцроогүй юм. Тэд “Вега” гэдэг тооны машиныг 1964 онд гаргаж байсан юм. 1970 онд “Sharp”, “Canon” фирмүүд 800 грамм жинтэй, гарт багтах тооны машин хийсэн байна. Оросууд хөрөнгөтөн орноос хоцрохгүйн тулд адилхан 800 грамм жинтэй тооны машин бүтээсэн байдаг аж.

1971 онд “901B” загварын тооны машиныг “Bomwar” фирм бүтээсэн нь анхны халаасны тооны машин юм.

Түүний урт 131 см, өргөн 77 см, зузаан нь 37 мм байсан ба 240 долларын үнэтэй борлуулж байжээ. Харин одоо тооны машины хөгжил хурдасч олон брэнд өөрийн нэрийн тооны машиныг гаргасаар байгаа юм. Технологийн дэвшил өндөрсөж, тооны машины хэмжээ овор багасч, хавтасны хэмжээтэй ижил нимгэн хэлбэрээр ч үйлдвэрлэгдэж байгаа юм.

Бэлтгэсэн С.АРИУН

Categories
мэдээ нийгэм

АПУ-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээд 24 жилийн ял сонсчээ

“АПУ”-ХХК-ийн борлуулагчийг хөнөөсөн Г.Пүрэвсүрэнд 24 жилийн хорих ял оноожээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял оноож эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хадат Мянган” хүнсний дэлгүүрийн гадна өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ны өдөр “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай хохирогч А-г, Г.Пүрэвсүрэн гэгч нь шунахайн сэдэлтээр /борлуулж байсан архи, пивыг нь авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн билээ.

Г.Пүрэвсүрэн нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлалтай уурхайн аманд цогцосыг зөөвөрлөн хийж, талийгаачийн унаж явсан тээврийн хэрэгслийг Төв аймгийн Зуун Мод сумын төвд орхисон гэх онц хүнд гэмт хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсныг ийнхүү шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай албаны машин зорчиход хүндрэлтэй замуудыг чөлөөлнө

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа гарц чөлөөлөх ажлын хүрээнд өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шуурхай албаны автомашин зорчиход хамгийн хүндрэлтэй байдаг замуудыг чөлөөлнө.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөл, барилга байгууламжийг буулгах юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн орон сууцны хорооллын дундах автозам болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлнө.

Мөн Баянгол дүүргийн “Голден парк” хотхоны ойролцоох бүх зам гарцыг чөлөөлөх юм байна.