Categories
мэдээ цаг-үе

С.Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болгооч!?

-Энэ нь ардчилагчдын шударга үнэнд хэр дуртайн бодит тусгал болно-

Аравдугаар сарын 2-н удахгүй тохионо. 1998 оны эмгэнэлт энэ өдрөөс хойш 17 дахь жилтэйгээ золгож байна.

Урьдынхаараа хэвлэлүүд С.Зориг агсны тухай санагалзаж, маргааш нь журмын нөхөд, ах дүүс нь цэцэг өргөсөн тухай даруухан мэдээллээр дуусна. Бас сэтгүүлчид түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн С.Оюунаас ярилцлага авч, тэрбээр хэрэг илрэхгүй удсаар байгаа, эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байгаагаа хэлж шүүмжилнэ. Ингээд л энэ өдөр өнгөрнө. Жил болгон ийм дүр зураг угтсаар байгаад хүмүүс ч дасчихаж дээ. Ерөөсөө ингэдэг л юм шиг, ингэх ёстой юм шиг боддог болж. Гэтэл Монголд нэг иргэнийг нь хөнөөсөн хэрэг яагаад өдийг хүртэл илрэхгүй байна вэ. Эгэл жирийн иргэн ч биш ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн МУИС-ийн багш С.Зориг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг шүү дээ. Гэр бүлийнхэн нь араас нь хөөцөлдөж чаддаггүй, учраа мэдэхгүй хүмүүс гэхэд хэцүү. Түүний ах нь төрд олон жил зүтгэж яваа, дипломат албанд ажиллаж олон жил гадаадад элчин сайдаар сууж буй С.Баяр. Түүнд танил тал, нөлөө их л байгаа байх. Төрсөн дүү С.Оюун байна. Ахыгаа нас барсны дараахь нөхөн сонгуулиар УИХ-д орж ирсэн цагаасаа тасралтгүй таван парламент дамнан төрийн түшээ гэгдсээр ирлээ. Энэ хоорондоо УИХ-ын дэд дарга, Гадаад харилцааны сайд, Байгаль орчны сайд гээд одоогоор манайд ямар ч эмэгтэй хүний хүрээгүй өндөр албан тушаалыг хашсанд тооцогдож байна. Тэгэхээр санаа тавьж, хөөцөлдөлгөө дутмааргүй санагдаж байгаа юм. Тийн атал энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ. С.Зориг агсантай мөр зэрэгцэн зүтгэж явсан найз нөхөд хамтрагчид нь өнөөдөр эрх мэдэл, нөлөөгөөр ер дутаагүй. Хамгийн өндөр албан тушаалыг хашиж байна. Э.Бат-Үүл нь Улаанбаатар хотын дарга, Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч, намынхан нь УИХ-д олонхи байна. УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь, шүүхийн шийдвэрийн Б.Билэгт нь ч, тагнуулын Б.Хурц нь ч АН-ынхан байна. Төгс төгс эрх мэдэлтэй байна санж. Хүсэл зориг, итгэл үнэмшил байвал саад тотгор огт үгүй. Ийм байхад юунд энэ хэргийн учир тайлагдахгүй удна вэ. 2000 оны сонгуулиар хуучнаар МАХН-ынхан “Бид л гарч байж энэ хэргийн учрыг тайлна” гэсээр байгаад УИХ-д олонхи болж байлаа. Тэр үед хэргийн учрыг тайлагдаж байгаа гэж мэдэгдэж байсан Цагдаагийн Ерөнхий газрын дарга байсан Д.Мөрөн дараа нь УИХ-ын гишүүн болж, улмаар хариуцлагатай өндөр албан тушаалуудыг хашсаар ирсэн. Бэлэн зэхээний үгээ хэлж, ам өчгөөрөө баталж байсан хүн нь байгаад байхад энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ. С.Зоригийн хэрэг бол утга, учиг нь бүрхэг олон хэргүүдийн дэргэд олон гэрчтэй хэрэг. Аллага болж байхад эхнэр нь гэгдэх Д.Булган байж байсан. Тэр ч байтугай орцонд нь хоёр хүү тамхилаад зогсч байсан гэгддэг. Гэвч энэ хэргийн эзэн тайлагдахгүй байсаар олон жилийн нүүр үзлээ. Хэргийн гэрчүүд нь хэзээ ч ам нээхгүйгээр олон нийтээс зугтаж, хотын залуус нь хөдөө очиж амь зуудаг болсон талаар ч чих дэлсэнэ. МАХН гарч байж л энэ хэрэг илэрнэ гэдэг байсан бол дараа нь ардчиллынхан гараагүй цагт алуурчин нь баригдахгүй ээ л гэх болсон. Үнэндээ С.Зоригийн гэх хэрэг сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн хүчнүүд нэгийгээ яллах бороохой нь болж хувирав.

Гэтэл Монголын ард түмэн С.Зоригийн гэх хэргийн алуурчныг аль нэг өдөр олж зарлана гэж хүлээсээр. Үнэндээ хэрэг тогтоож, буруутныг олно гэх чин хүсэл байх юм бол манай хууль, хүчний байгууллагынхан ямар хурдан хугацаанд, ямар мундаг баримт бүрдүүлж чаддаг гэдгийг бид нүүрсний гэх хэргээс харлаа. Аудиторууд нь яаж мундаг шалгаж, шинжээчид нь гайхалтай баталж, АТГ, прокурорууд, шүүх яаж ажилладгийг бид мэддэг болов. Тэд ингэж ажилладаг тохиолдолд Монголд гэмтэн гишгэх газаргүй болмоор юм. Монгол бол Мехсик шиг гэмт хэргийн илрүүлэлт гурван хувьтай байдаг орон биш. Гэмт хэргийн илрүүлэлт манайд дэлхийн дунджаас хамаагүй илүү, бараг 97 хувьтай шахуу яриа ч сонсогддог. Гэтэл илэрдэггүй гэх гурван хувьд нь энэ ноцтой хэрэг үлдсээр он жилийг үдэж байгаа нь эргээд анхаарал татаж байна. Ардчилсан хувьсгалын туг нь байсан С.Зоригийн амь хар нүүрсний үнээс дор байна гэж үү дээ. Ардчилсан хувьсгалынхаа 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй нийт монголчууд, ардчиллынхан энэ хэргийн илрүүлэлтэд анхаарах цаг болжээ.

С.Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болго оо. Ард түмэн үүнийг хүсч байна. Илрүүлж чадахгүй байгаа юм бол тэрийгээ хэлээд, яг ямар хүчин зүйлс, ямар ашиг сонирхлоор хэрэг гацсаныг ил болгох хэрэгтэй байна. Олон нийт, Монголын ард түмэн тэртээ тэргүй өөр, өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийчих улсууд. Харин энэ хэргийг илрүүлэхгүй, ил болгохгүй бол эргээд гайхаж, ард түмний үзэл бодол өөрчлөгдөх хэмжээнд хүрээд байна.

Үнэндээ бүх гэрчүүд нь байдаг, төрсөн ах, дүү нь хөөцөлдөх эрх мэдэл чадалтай, найзууд нь хүч нөлөөтэй, нам нь олонхи, олон түмэн алуурчныг олох ёстой гэсэн бат бодолтой байхад энэ хэрэг илрэхгүй байхын учир юу байна вэ. Хөөрхий муу ижий нь амьд байхдаа энэ хэргийн учрыг олоосой гэж голоо гогодтол боддог байсан биз. Харин өөр ингэж бодож байгаа хүн байна уу. Илрүүлэхгүйн дээр ил болгох хүсэлгүй байвал харин ч хуйвалдааны шинж чанар улам бүр дархлагдан хадгалагдаж байна гэж хардахаас аргагүй байна. Бүр гадны хүчин үүнд хамаатай, тэр хүчний нөлөөнөөс эрх мэдэлтнүүд шахалтад ороод энэ хэргийг илрүүлдэггүй юм биш үү гэсэн хардлага ч олон нийтийн дунд яригдаад эхэлжээ. Хоёр том хөрш, гадны улс орнуудын шахалт дарамт барьцаанд төрийн өндөрлөгүүд орчихдог, тиймээс үндэстний эрх ашиг гэхээсээ өөр шаардлагад нийцүүлэх зовлон байдаг гэж хардах хүмүүс удахгүй үгээ хэлэх шинжтэй. Нэгэнт олон нийтийн дунд С.Зоригийн хэрэг илэрдэггүй нь хуйвалдааны шинжтэйгийнх юм уу гэсэн хардлага гарчихсан тохиолдолд үтэр түргэн ил болгох л зам үлдэх шиг. Бүр 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө яаралтай хийх ажил байх аа. Энэ нь ардчилагчдын шударга үнэнд хэр дуртайн бодит тусгал болно.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын
Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон
холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Бакей хийсэн юм.

Ажлын хэсгээс
төслийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг “Засгийн газар үйл
ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан
хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ”, төслийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь
хэсгийг “Засгийн газар улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийн жилийн эцсийн хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан
хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ”, төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь
хэсгийг “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл
баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай, Хот
байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулна” хэмээн өөрчлөн
найруулах зэрэг саналууд гаргасан хэмээн УИХ-ын А.Бакей танилцуулгадаа
дурдсан.

Хуулийн
төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Д.Ганхуяг,
С.Одонтуяа, Су.Батболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Үүний
дараа Ажлын хэсгээс танилцуулсан болон гишүүдээс гаргасан зарчмын
зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын гишүүн
А.Бакейн танилцуулсан дээрх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн
олонх дэмжсэн юм.

Ажлын хэсгээс, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Засаг даргын
бүрэн эрхэд үл хамаарах асуудал болон хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй,
үндэслэлгүй зорилт, арга хэмжээг тусгахыг хориглоно”, “Монгол Улсын
Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон
дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах
үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг хуулийн төслөөс хасах санал
оруулсныг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулж
УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж батлуулах санал дэмжигдлээ. Хуулийн
төслийг хамтарсан хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн
хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Их мастер Б.Гүндаваа “Мальта Опен”-д оролцож байна

Мальта улсад болж буй шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер
Б.Гүндаваа оролцож байна. Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх “Мальта
Опен” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта
улсын иргэн Псалиа Кларанс ажиллаж байгаа бол тэмцээний орлогч шүүгчээр
Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ.

Их мастер Б.Гүндаваа “Мальта Опен-2014” тэмцээнд түрүүлж байсан бөгөөд оюуны спортыг дээдлэгч “Шунхлай” групп түүний байнгын ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ард нийтийн санал асуулгын товыг тогтооно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны хуралдаан эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ нь
санал асуулгыг зохион байгуулах тов тогтоохтой холбоотой зохицуулалт юм.

Төсөл санаачлагчийн зүгээс ард түмний санал асуулгыг арваннэгдүгээр
сарын 26-нд зохион байгуулах чиг барьж байсан ч амжихгүй болж буй гэдгээ
мэдэгдсэн. Тиймээс энэ хугацааг одоо нарийвчлах юм.

Үүний дараа Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолт хойшилжээ

Монголын
үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн 2015-2016 оны
шинэ улирлын тоглолт энэ сарын 21-ний бямба гаригт эхлэхээр тов гараад
байсан ч 28-нд болж хойшлогджээ.

Супер лигийн
легионер тоглогчдын сонголт, монгол тоглогчидтой байгуулах гэрээ хэлцэл
цэгцэрч дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг
багийн удирдлагууд тавьжээ. Үндэсний супер лигийн тоглолтод өнгөрсөн
улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон баг буюу 11 баг өрсөлдсөн. Харин
энэ удаа найман баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжив

Төрийн
байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Ард нийтийн санал
асуулга явуулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг 56.2
хувийн санал байнгын хорооны гишүүд дэмжлээ. МАН-ын хувьд Ард нийтийн асуулга
явуулахыг дэмжихгүй байгаа бол АН-ын гишүүдийн хувьд Үндсэн хуульдаа шинэчлэл
хийх цаг болсон гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Н.Батбаяр гишүүн “Ард нийтийн
санал асуулга явуулахыг дэмждэггүй Ардын нам гэж байдаг юмуу. Төр ард түмэн
хоёрын дунд түймэр дэгдэх гээд байна шүү дээ” гэсэн бол Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга А.Бакей “Энэ бол аль нэг намын асуудал биш. Бүх ард
түмний асуудал байх ёстой. Тиймээс намаар талцалгүй ард нийтийн санал асуулга
явуулахыг дэмжих нь зөв юм” гэв. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор
зургаан асуудал хэлэлцэх байснаас эхний асуудлаа хэлэлцээд завсарлав. 15:00
цагаас байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Москва дахь элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

Өнгөрөгч бямба гарагт Лалын улс бүлэглэлийн амиа золиослогчид Францын нийслэл Парис хотноо долоон цэгт бөмбөг тэсэлж, буудаж 129 хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. 2004 оноос хойшхи анх удаагийн энэхүү алан хядах үйл ажиллагаанд Францын ард түмэн тэр чигээрээ цочирдсон.

Олон зуун хүнээ алдаж, мөн тооны хүмүүсээ гэмтээж бэртээсэн Францын удирдлагууд өчигдрөөс эхлэн Сирийн алан хядагчдын байрлаж буй Ракка хот руу халдага үйлдэж мөн тооны гэмгүй иргэд, алан хядагчдын сургалтын бааз руу халдага үйлдсэн.

Тэгвэл тус Лалын улс бүлэглэл дараагийн бай нь Москва, мөн Вашингтон, Нью-Йорк хот хэмээн өнөөдөр мэдэгдсэн. Шашин хоорондын мөргөлдөөн хэмээн тодорхойлж буй энэ зэвсэгт мөргөлдөөний золиос болохоос сэргийлж ойрын хугацаанд олон хүн цугласан газраар явахгүй байхыг Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулжээ.

Алан хядагчид хүн ам ихээр төвлөрсөн спортын тоглолт, урлагийн тоглолт зэргийг сонгож байгаа учраас анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг иргэддээ сануулсан байна. Дан ганц манай элчин сайдын яам ч бус бусад улсын элчин сайдын яамдууд ч иргэддээ сануулга хүргэж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

А.Анхбаяр “Рио-2016” паралимпийн эрхээ авлаа

Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпийн эрх олгох тэмцээний үеэр “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-г зорих эрхээ авлаа. Тэрбээр 70 метрийн босоо байрлалд оролцжээ.

Өнгөрөгч наймдугаар сард Герман улсад болсон пара байт харвааны ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга Д.Баатаржав Риог зорих эрхээ аваад байсан. Тэгвэл пара байт харвааны тамирчдаас А.Анхбаяр хоёр дахь эрхийг авлаа.

Тайландын Бангкок хотноо энэ сарын 1-8-ны өдрүүдэд Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд энэ үеэр олимпийн эрх олгох тэмцээнүүд явагдсан. Манай паралимпийн тамирчид энэ сарын 19-ний өдөр эх орондоо ирнэ.

Одоогоор манай улсаас “Рио-2016” паралимпт оролцох эрхийг буудлагаас З.Ганбаатар, хөнгөн атлетикаас Б.Цогтгэрэл, хүчний гурван төрөлтөөс П.Содномпэлжээ, байт харваагаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр нар аваад байна.

“Рио-2016” паралимп:

Буудлага: З.Ганбаатар.

Хөнгөн атлетик: Б.Цогтгэрэл

Хүчний гурван төрөл: П.Содномпэлжээ

Байт харваа: Д.Баатаржав, А.Анхбаяр.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц 2015 оны есдүгээр сарын 9-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, тэрхүү заалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 1990 оноос хойш хүн амын хоол тэжээлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн баримт бичиг гарсан байдаг. Үүнээс үндэслэн Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд 1990-2015 оноос хойш хоол тэжээлийн дутлыг 6 дахин буурна гэсэн зорилт тавьсан нь биелсэн гэж Эрүүл мэнд, спортын яамнаас дүгнэсэн. Гэхдээ хоол тэжээлийн дутлын хэмжээ 6 дахин буурсан ч чанарын болон эрүүл хооллолтын асуудал дээр онцгой анхаарах шаардлага байгаа юм. Иймээс Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, өчигдрийн Засгийн хуралдаанаар оруулж баталлаа. Хэдийгээр томоохон зорилт хэрэгжсэн ч хэд хэдэн шийдвэрлэх зорилтууд байсаар байна. 0-5 насны хүүхдүүдийн хувьд, энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэж Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тоо баримт харуулж байгаа. Тухайлбал, 0-5 насны хүүхдийн 10 гаруй хувь нь өсөлтийн дутагдалтай байна. Мөн 1,6 хувь нь тураалтай байна. Дээр нь 0-5 насны хүүхдийн 20-30 хувь А болон Д амин дэмийн дутагдалтай гэсэн үзүүлэлтийг гаргасан байна. Мөн нярай болон өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг хөтөлбөрт онцгойлон тусгасан. Дээр нь 1990 оноос хойш Монгол Улс өөрийнхөө нутаг дэвсгэрт үйлдвэрлэдэг байсан органик бүтээгдэхүүн, түүхий эдийг үйлдвэрлэх нь тодорхой хэмжээгээр багассан. Гадаадаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн. Ингэснээр стандарт хэмжээнээс илүүдэл элсэн чихэр, давс, тослог агуулсан бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа нь хүн амын эрүүл мэндэд срөгөөр нөлөөлж байна гэсэн судалгааг судлаачид хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын 50 гаруй хувь нь илүүдэл жинтэй байгаагийн зэрэгцээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөлийн асуудал хөндөгдөх болсон Дээр нь нэг хүнд ноогдох жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ олон улсын стандартын хэмжээнд хүрэхгүй байгаа. Дээр нь хоол хүнсний хэмжээнээс өнөө цагт чанарт анхаарах нь чухал байгаа тул хөтөлбөрийг баталж, жил бүр энэ асуудлаар ямар ажил хийж хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо. Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт суулгахыг Сангийн сайдад даалгасан” гэж мэдээлэв.