Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөлх ойдоо төөрдөг сармагчин ч гэж юу байх вэ дээ

Одоо юм л болбол “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэж атны тавхай аман дээр тавих болж. Ийн хэлж буй нөхдийг үнэхээр түүх уламжлалдаа гүнзгий мэддэгийн далай болсон хүмүүс юм уу гэхээр ачир дээрээ огтхон ч тийм биш. Харин ч гүехэн устай бяцхан цөөрмүүд байх нь олонтаа. Эзэн богд Чингис хаан минь гэцгээх атлаа хямдхан архи, тамхи, боов боорцгоо хүртэл тэнгэрийн алдарт тэр хүмүүний нэрээр овоглож, арай л ариун цэврийн цаас, бүсгүй хүний өдөр тутам хэрэглэдэг самбайг тийн нэрлэх нь халаг. Өгөдэй, Хубилай, Галдан бошигт, Өндөр гэгээн нэртэй архи сархад, цай үй түмээрээ бий. Монголын төр засаг хүртэл “Монгол бахархлын өдөр” хэмээн сүржиндүү нэртэй даржиндуу ёслол бий болгож, баахан л халхайсан улс хэлхийсэн дээл өмсөн нийслэл хотоор нэг хөлхөх нь сансрын гэгдсэн энэ эринд үлгэр домгийн баатрууд амилан ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ цаг үе бол шинжлэх ухаан хөгжиж, оюун ухааны ололт амжилт халгисан түүхийн нэгэн мөчлөг. Тиймдээ ч ухаант хүмүүн төрөлхтөн яавал амар жимэр, эвтэй найртай, энгүүн даруу аж төрөх вэ гэдгийг тал талаас нь тунгааж, өндөр хөгжилтэй улс орнууд иргэдээ хөгжүүлэх, амьдралын баталгааг нь улам сайхан болгохын төлөө зүтгэж байхад манайхан элийрсэн баларсан эртээ урьдын цагаа санагалзаж суух нь хунгийн сүрэг дунд буй нугасны муухай дэгдээхэй шиг өрөвтөр. Түүхээ уншилгүй л яахав, судлалгүй л яахав. Хамгийн гол нь өнөөгийн амьдралынхаа чиг баримжаа болгож, цээжээ дэлдэн бахархана гэдэг дэндүү гунигтай. Түүх бол хүн төрөлхтөний бахархал биш туулсан замнал нь. Түүх судлаад улс орон диваажин болтлоо хөгжчихдөг гэвэл даанч өрөөсгөл. Түүх бол хөгжлийн түлхүүр огтхон ч биш. Харин түүхээс суралцаж, алдаагаа давтахгүйд л түүхийн жинхэнэ мөн чанар нь оршдог. Тэгэхээр түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг амны уншлага болгоод байхаар зүйл биш байгаа биз. Төрөлх ойдоо төөрдөг сармагчин ч гэж юу байлаа. Түүх бүтээсэн өвөг дээдсийн үр сад байтлаа сармагчин болчихдог ард түмэн ч гэж хаана байлаа даа.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Жаран найм ба гарын таван хуруу” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы лхагва гаригийн дугаарын тойм уншигчдын гарт хүрлээ. Тус сонины
тэргүүн нүүрт өвс зэрэг малын тэжээлийн талаар бэлтгэсэн сурвалжлага
нийтлэгдэв. Сурвалжлагын үргэлжлэлийг VI нүүрнээс уншаарай.

Энэ дугаарт
“Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнай ярилцлага өгөв. “Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнай
сүүлийн үед нүүрс тараасан зэрэг шуугиан тариад байгаа. Түүний хувьд ШӨХТГ-ын
даргын суудлаа өгснөөсөө хойш хэсэг хугацаанд нам жим байсан. Тэгвэл саяхан
СХД-ийн өрх тус бүрт хоёр шуудай нүүрс тараасан сурагтай. Түүний энэ байдлыг
харсан зарим хүмүүс Магнай сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлчихлээ хэмээн
шүүмжлэх болж. Тэрээр “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт дэлгэрэнгүй
ярилцлага өгсөн юм. Түүний сонирхолтой ярилцлагыг маргаашийн дугаараас уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа
нэрт нийтлэлч Баабарын “Жаран найм ба гарын таван хуруу” нийтлэл орлоо. Тэгвэл
II, IV, V нүүрт тухайн өдөр улстөрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээ
мэдээлэл, тодруулга багтав. Харин XII нүүрт Монголын үндэсний сагсан бөмбөгийн
холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лиг юунаас болж товлосон
хугацаанаасаа хойшлогдсон болох зэрэг мэдээлэл гарлаа. Тэгвэл XIII нүүрт
СУИС-ийн багш Д.Баярбаатарын сонирхолтой ярилцлага орсон байна. Тэрээр “Миний
дэглэсэн бүжгийг дэлхийн гоо бүсгүйчүүд дагаж хийхэд сайхан санагдсан” хэмээн
сонирхолтой яриа дэлгэжээ. Эдгээр болон цаг үеийн үйл явдлууд, өдөр тутмын
хэрэгцээт мэдээллүүд өнөөдрийн дугаарт гарлаа. Та бүхэн “Өдрийн сонин”-г сонин
борлуулах бүх цэгээс худалдан авах боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Магнай “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ

“Иргэний
хөдөлгөөн” –ий О.Магнай сүүлийн үед нүүрс тараасан зэрэг шуугиан тариад байгаа.
Түүний хувьд ШӨХТГ-ын даргын суудлаа өгснөөсөө хойш хэсэг хугацаанд нам жим
байсан. Тэгвэл саяхан СХД-ийн өрх тус бүрт хоёр шуудай нүүрс тараасан сурагтай.
Түүний энэ байдлыг харсан зарим хүмүүс Магнай сонгуулийн сурталчилгаагаа
хийгээд эхэлчихлээ хэмээн шүүмжлэх болж. Тэрээр “Өдрийн сонин”-ы лхагва
гаригийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өглөө. О.Магнай “Өнгөрсөн он жилүүдэд шийдвэр
гаргадаг хүмүүс ард түмнээсээ тасарснаас болж төрийн шийдвэр иргэнд очихгүй
байна” хэмээн ярилаа. Мөн “Алаг толгой” уурхайгаас нүүрс үнэгүй хандивласан
болохоо ч ярив. Түүний сонирхолтой ярилцлагыг маргаашийн дугаараас уншаарай. Та
бүхэн “Өдрийн сонин”-г сонин борлуулах бүх цэг, шуудангийн салбараас худалдан
аваарай.

Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжив

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжив

Улсын Их
Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр
2015.11.17/ үдээс өмнө хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн
тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг
хийсэн юм.

Хамтарсан
хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа
үргэлжлүүлэн хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын өргөн
мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их
Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, уг
хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард
нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах
зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011
онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай
хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн
санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж,
холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх
зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий
хорооны саналыг авч тусгасан. Мөн уг хуулийн төслийг Засгийн газар
дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан гэдгийг дурдав.

Уг хуулийн
төсөл нь 5 зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх
нийтээр амрах; санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх,
танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах;
санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48
дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг зохицуулахаар
тусгажээ.

Хууль
санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг,
Н.Энхболд, Ж.Батзандан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, М.Энхболд, Г.Уянга, М.Батчимэг,
Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Х.Тэмүүжин, С.Баярцогт, Н.Энхболд, Ж.Батзандан,
Н.Батбаяр нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал
хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2
хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал,
дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь энэ
сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүний
өргөн мэдүүлсэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их
Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх
хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр
танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын
ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн
эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”,
Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж
заасныг баримтлан Монгол Улсын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн
төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал
асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн ард
нийтийн санал асуулгын асуулт, хариултын томьёоллыг тогтоолын төслийн
хавсралтад заасан байна.

Хууль
санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү,
М.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их
Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, Н.Энхболд, Р.Гончигдорж, М.Батчимэг,
Су.Батболд, Н.Батбаяр, Ц.Дашдорж, М.Энхболд, Ж.Батзандан нар үг хэлсэн
юм. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ард нийтийн санал асуулга
явуулах асуудлыг дэгийн хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын болон
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргах
зохицуулалттай. Түүнчлэн энэ асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 68
дугаар зүйлийн 2 дахь заалт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн талаар гишүүдийн хооронд
ойлголтын зөрүү нэлээд байна. Иймээс тогтоолын төслийн хэлэлцүүлгийг
нээлттэй үлдээгээд, энэ хугацаанд Улсын Их Хурал дахь нам, эвслийн
бүлгүүдэд зөвшилцөх боломж олгох, түүнчлэн гишүүд нэгдсэн ойлголттой
болох шаардлагатай байгаа тул Ард нийтийн санал асуулга явуулах тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө баталсны дараа Ард нийтийн
санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал
гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь
дэмжлээ. Төсөл санаачлагч гишүүн ч горимын саналыг дэмжиж буйгаа
илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо

Байнгын
хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
хуультай холбогдолтой 4 хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг
хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй
холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт сонгуулийн тогтолцоо,
процесстой холбоотой гурван хуулийн төслийн талаар байнгын хорооны
гишүүд асуулт, санал гаргахгүйгээр зөвхөн төсөл санаачлагчдын илтгэлийг
сонсоод байнгын хорооноос ажлын хэсэг гарган нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй
юм. Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй
холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах үүднээс тодорхой асуудлыг
зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн
санаачилсан хуулийн төслийг тусад нь хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын
санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд энэ саналыг дэмжиж
буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн төсөл
санаачлагчид нь ч гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж буйгаа
илэрхийлсэн тул эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5
гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их
Хурлын гишүүн Х.Тэмүүжин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ,
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлүийн 23.2 дахь хэсэгт “Төрийн
жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын,
түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын
нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн
байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан
хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн
албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж зохицуулсан байна. Харин Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь
хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон
орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн
этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших
бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас
болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь төрийн
эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа
сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан
сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм. Гэвч уг зохицуулалтад
төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил
шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх,
туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн
ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна.
Иймээс дээр дурдсан нөхцөл шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж,
уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан
хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн
үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр тусгаснаа
танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны
хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь уг хуулийн төслийг
хэлэлцэхийг дэмжлээ.

Харин байнгын
хорооны гишүүдийн олонх нь сонгуультай холбоотой бусад гурван хуулийн
төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг заавал сонсох
шаардлагагүй, эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы
нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа байнгын хорооноос
ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй
гэсэн байр суурьтай байв. Иймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй
гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн
Р.Бурмаа нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай
болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд
оролцсон гишүүд санал нэгтэйгээр, харин Улсын Их Хурлын гишүүн
Су.Батболд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
гишүүдийн 92.9 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8
гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд санал нэгтэй
дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд
оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны хуралдаанаар Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн
нэгдсэн хуулийн төсөл, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100-92.9 хувийн саналаар төслүүдийг
хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Эдгээр хуулиудыг чуулганаар хэлэлцэх
эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг гарган, нэгтгэхээр болж байна.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн боловсруулсан Монгол
Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг тусад нь хэлэлцэх ёстой хэмээн үзлээ. Ингэхдээ уг
хуулийг мөн хэлэлцэхийг нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд
оруулахаар шийдвэрлэсэн.

Уг хуулийн төсөл нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдож
гарсан зохицуулалт туссан тул ийн тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн
юм.

Онцлоход, Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын
сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн тухай
зохицуулалт туссан бол Су.Батболд, О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн
төслүүдэд УИХ-ын сонгууль зохион байгуулахтай холбоотой зохицуулалт
суусан юм. Эдгээрт ижил болон өөр зохицуулалтууд олон бий. Жишээ нь,
Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуульд УИХ-ын
сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 48х28-аар, Су.Батболд нарын өргөн
мэдүүлсэн төсөлд мөн одоогийн тогтолцоогоо хадгалахаар тусгасан. Гэхдээ
нэг тойрогт нэг намын хоёр хүн нэр дэвшиж саналаа хуваадгийг болиулж
хаалт тавьсан зохицуулалт тусгасан. Харин О.Баасанхүү нарын өргөн
мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд
Монгол Улс нэг тойрог байхаар заасан нь намаа дугуйлахын хажуугаар
хүнийг нь хамтад нь дугуйлах зарчим юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн Ард нийтийн санал
асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч эхлээд
хуулийг баталсны дараа тогтоолыг нь хэлэлцэх нь зүйтэй юм хэмээн үзлээ.

Энэхүү тогтоолоор санал асуулгыг зохион байгуулах тов тогтоохтой холбоотой зохицуулалт туссан юм.

Categories
мэдээ спорт

“Узбекистан 2016” Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалны АШТ-ий тоглолтын хуваарь

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан
шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд
болж байна. Өнөөдөр хуваарийн дагуу бүх багууд амарна. Одоогоор БНСУ,
ХонКонгийн багууд гурван тоглолт хийгээд байгаа бол бусад багууд хоёр
тоглолт хийгээд байна.

Хүснэгтийг БНСУ 6, БНХАУ 6, Монгол 3, Тайвань 3, ХонКонг 0 оноогоор
бичигджээ. Маргааш Тайвань-ХонКонг, БНХАУ-Монгол улсын шигшээ багуудын
тоглолт болно.

Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань 3:1
  • 20.00 Хонконг –БНСУ 2:7

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

Хүснэгтийг БНСУ тэргүүлж байна.

  • БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • БНХАУ 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожилтой)
  • Монгол 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
  • Тайвань 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
  • ХонКонг 0 оноо (3 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй )

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх
тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт-
Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Солонгос-2015” аялан тоглолт болно

Улсын
дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ
энэ сарын 18-наас ирэх сарын 7-ныг хүртэл БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан
хотод аялан тоглолт хийх болсон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус
театрын симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 26-29-нд “Лучиа Ди
Ламмермур” дуурь, ирэх сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тэжон хотноо
тоглож, гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, ирэх сарын 4-нд
Тэжон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан
Гала” концерт тоглох ажээ. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн
сонгодог хөгжмийи бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ.

“Монголын Гала”
концертод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын
тэргүүний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир,
Б.Батжаргал нар оролцож байна.

Аялан тоглолтынталаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал
Ч.Мөнхзул хэлэхдээ “Театрын гадаад хамтын ажиллагааг олон чиглэлд үр
дүнтэй өргөжүүлэхээр зорьж, ажиллаж байна. 2013 оны аарваннэгдүгээр сард
манай театр болон Тэжон хбтын дуурийн театрын хооронд гурван жилийн
хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд “Чио чио сан” дуурийг
Монгол, Солонгос хоёр улсад харилцан тоглосон. Энэ жил хоёр том ажил
хийсэн. Энэ нь Монгол, Солонгосын дипломат харилцааны 25 жилийн ойд
зориулж Солонгосын уран бүтээлчид Монголд, Монголын уран бүтээлчид
Солонгост гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр дахь хэсэг
Солонгост УДБЭТ гэсэн үйл ажиллагаа өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн.
УДБЭТ-ын гоцлолдуучин Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав,
Б.Гомбо-Очир нар Солонгосын Тэжон хотод “Лучиа Ди Ламмермур” дуурьд
дуулахаар бэлтгэлдээ ороод байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлд хамрагдсан иргэдийн 300 гаруй нь ажилд орох анкет бөглөжээ

Өршөөлийн хууль хэрэгжиж, 2071 хүн хорих
ангиас суллагдсан. Өршөөгдөгсдийн 1558 нь гэртээ байгаа гэдгээ
цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлсэн байна.
Хөдөлмөрийн яам суллагсдыг харьяа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчтой
холбон ажлын байраар хангана гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар суллагдсан иргэдийн
300 гаруй нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох
анкет бөглөжээ. Харин 100 гаруй нь цалинтай ажилд ороход бэлэн гэсэн
байна. Хүйтний улирал эхэлж, барилга бүтээн байгуулалтын ажил зогсож,
ажлын байр хомс тал руугаа шилжсэн. Одоо эрэлттэй ажлын байр үйлчилгээ,
боловсруулах үйлдвэрийн салбарт байгаа аж. Хөдөлмөрийн яамнаас
өршөөгдсөн иргэдтэй ганцаарчилсан уулзалтууд хийж, заавар, зөвлөгөө өгч
эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

А321 онгоцыг агаарт дэлбэлсэн гэдгийг Оросын тусгайгийнхан баталлаа

ОХУ-ын Холбооны Мөрдөх Товчооны тэргүүн Александр Бортников өнөөдөр хуралдсан Аюулгүйн Зөвлөлийн хурлынхаа үеэр Египетийн Синай хойгийн нутагт осолдсон А321 онгоцыг агаарт дэлбэлсэн гэдгийг баталлаа. “Онгоцноос олдсон нэгэн зорчигчийн ачааны цүнхэнд дэлбэрэх бодисын үлдэгдэл, ул мөр үлджээ. Түүнчлэн давхар шинжилгээний үр дүнд ойролцоогоор нэг кг тэсрэх бодис тэсэрсэн, тийм учраас онгоц өргөн талбайд тарж бутарсан гэдгийг нотолж байна” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдав

Анхны
ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны
25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны
эхэнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын
дарга Д.Ганбат, зургаа дахь удаагийн Өршөөлийн хуулийг Үндсэн хуулийн
холбогдох зүйл, заалтын хүрээнд шүүх байгууллага хэрэгжүүлж байгаагаараа
онцлогтой болохыг тэмдэглэв. Хууль батлагдсанаас хойш Өршөөл үзүүлэх
тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд өндөр зохион байгуулалттай, сайн
ажилласан болохыг дурдаад талархал илэрхийллээ. Мөн Татварын Ерөнхий
газраас комиссын нэрээр ирүүлсэн албан бичгийг танилцуулсан юм. Анхны
ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25
жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл,
заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар тодруулга хүсчээ. Тухайлбал,
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015
оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гарсан гааль, татвартай
холбоотой зөрчлийг ил тодоор мэдүүлэх боломжийг хувь хүн, хуулийн
этгээдэд олгох зорилгоор Гааль, Татварын албаны зүгээс хяналт шалгалтыг
зогсоогоод байгаа бол цагдаагийн байгууллагаас татварын холбогдолтой
хяналт, шалгалт хийлгүүлэх хүсэлтийг Татварын албанд ирүүлсээр байгаа юм
байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл
үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар, Өршөөл үзүүлэх тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заалтад татварын хяналт шалгалтаар
илэрсэн зөрчил хамаарах эсэх, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан
“шийдвэр” гэснийг өөрт төлүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр хэмээн
ойлгож хэрэгжүүлэх эсэх, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан
төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрт
татвар төлөгчид нөхөн татвар, алданги, хүү, торгууль, ногдуулсан
татварын улсын байцаагчийн акт хамаарах эсэх, 7 дугаар зүйлийн 7.1 дэх
хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн
шатанд хянагдаж байгаа татварын хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд
тухайн татвар төлөгчид захиргааны хариуцлага, торгууль, алданги, хүү
хүлээлгэх эсэх, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт хэргийг хэрэгсэхгүй
болгоход гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн
байхаар заасан тул уг нөхөн төлөх хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох,
хууль батлагдахаас өмнөх хугацаанд татварын хэргийг хэрэгсэхгүй
болгохоор шийдвэрлэгдсэн бол захиргааны хариуцлага ногдуулах эсэхийг
тодруулж өгөхийг хүсчээ.

Тус
тодруулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын дээд шүүх, Улсын
Прокурорын Ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд байр сууриа
илэрхийлэв.

Энэ үеэр
Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих
тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар
байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, эдгээр
хуулийг хэрэгжүүлэх явцад ялангуяа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих
тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Татварын байгууллага, цагдаагийн
байгууллага тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд эрх сануулах үйл
ажиллагааг хэр явуулж байгааг тодруулж, энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх
талаар саналаа хэллээ.

Хэлэлцүүлгийн
явцад Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан дээрх хуулиудын
хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл өгч, үүсээд байгаа нөхцөл байдлын
талаар танилцуулсан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай
хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд олон татвар төлөгч хамрагдах
хүсэлтэй байгаагааг тоо баримтаас харж болно гэв. Нийт татварын 98
хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь өнөөдрийн байдлаар татварын
холбогдолтой зөрчилтэй байгаа. Энэ нь эдийн засгийн тогтолцооноос
үүдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих
тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр
шийдэх боломж бий гэв.

Ийнхүү комисс
өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан
захиргааны зөрчлийг хамааруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн зөрчилд
зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарах бол татвар, төлбөр, хураамж
зэрэг үндсэн төлбөр нь чөлөөлөгдөхгүй байхаар тогтлоо. Түүнчлэн
захиргааны зөрчлийг хууль хэрэглэх эрх бүхий субьектүүд Өршөөл үзүүлэх
тухай хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ
тооцсон тохиолдолд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх санал
гаргасныг комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.

Комиссын
хуралдаанд комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын
хорооны дарга Д.Ганбат, нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж,
Ц.Оюунгэрэл болон комиссын бусад гишүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын
Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.