Categories
мэдээ спорт

Хакүхо тэргүүлж, Харүмафүжи удаалж байна

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Фүкока хотын спорт цогцолборт болж буй башёгийн 10 дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давлаа. Энэ өдөр ёкозүна Какүрюү М.Ананд озэки Гоэйдог барсангүй. Өвдөгни бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадахгүй яваа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар 5 даваатай боллоо.

Башёг их аварга Хакүхо 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол Харүмафүжи 9 даваа, 1 унаатай удаалж байна. Мөн озэки Кисэносато нарын гурван бөх 8 даваа, 3 унаатай нэхэж явна.

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 6-4
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-5
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 4-6
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-4
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 2-8

Өнөөдрийн барилдааны оноолтыг хүргэе.

  • Ёкозүна Хакүхо/10-0/ – озэки Кисэносато /8-2/
  • Ёкозүна Харүмафүжи /9-1/ – сэкиваки Точиоозан /5-5/
  • Ёкозүна Какүрюү /6-4/ – озэки Котошёогикү /7-3/
  • Озэки Тэрүнофүжи /5-5/ – комүсүби Ёшиказэ /6-4/
  • Маэгашира-1 Ичиножёо /4-6/ – озэки Гоэйдо /6-4/
Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх талаар прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байрнаас уржигдар АТГ-т авчир байцаалт авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа

Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов.
  • Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-X хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
  • Чингэлтэй дүүргийн X-XII хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-III, IV хороолол” чиглэлд тус бүр зургаан тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
  • Мөн Баянгол дүүргийн VII хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж 18 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 “Монелийн 38-Хүнсний IV дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлэгээс IV дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болголоо.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
  • Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж автобус үйлчилгээнд гарчээ.
Categories
мэдээ нийгэм

Эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгаруулна

НМХГ-аас хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулах болзолт уралдаан зарлажээ. Шалгаруулалтыг хэрэглэгчдийн санал асуулгаар явуулж, энэ сарын 27-ны өдөр тодруулна. Монгол Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх ажлын хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд материал хүлээн авахаас эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцлийг бүрдүүлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэдийн “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч шалгаруулах юм. Хэрэглэгч та хэрэглэж буй хүнсний аюулгүй байдлын төлөө эл санал асуулгад оролцоорой.

НМХГ-ын www.ub.inspection.gov.mn цахим хуудсаар явуулж буй

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банк болон бондын шалгалтын дүнг нууцаллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Л. Энх- Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Хөгжлийн банканд шалгалт хийгээд нэлээд удаж байгаа.

Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байсан ч ажлын хэсгийн ахлагч албан ёсоор танилцуулахаас өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байв.

Тэгвэл шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар танилцуулах байсан. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулах даалгаврыг зарим албан тушаалтнууд өгсөн гэх мэдээлэл байна.

Мөн байнгын хорооны хэлэлцэх эхний асуудал нь Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнг танилцуулах байв.

Гэвч энэ асуудлыг ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлууллаа. Ийн ажлын хэсгийн төвшинд удсанХөгжлийн банканд хийсэн шалгалтын дүн болон бондын үр дүнгийн шалгалтыг ихээхэн нууцалж байна.

Categories
мэдээ спорт

100 буудалт даамын багийн УАШТ болно

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд болдог 100 буудалт даамын багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургууль дээр болох тус тэмцээнд орон нутаг болон нийслэлийн дүүргийн сургуулийн шилдэг багууд өрсөлдөнө. Багт 10 хүртэлх, 11-13, 14-16 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 даамчин багтана. Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал маргааш 17.00 цагаас болж, оролцох багууд тодрох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс чинь МАН-ынхан өөрсдөө юм байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн үед олны анхаарлын төвд орлоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хүн бүр ярьж байгаа ч зарим заалт дээр нь санал нэгдэхгүй байна гэдгээ хэлж байна. Ард нийтийн саналыг авна гэж байна. Ингэхийн тулд тогтоолын төслийг хэлэлцэх байх. Энэ тал дээр та нэг мөр тайлбар өгөөч?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг манайхан олон жил ярьж байна. Үе үеийн УИХ Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байсан ч харамсалтай нь өөрчлөлт хийж чадаагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өмнө нь Үндсэн хуулийг батлалцаж явсан хүмүүс багтан ажилласан. Нэлээд хэдэн жил дуншиж байж Үндсэн хуулийг өөрчлөх төслийг өргөн барьсан гэж ойлгож болно. Өргөн барьсан төсөлтэй 100 хувь санал нийлж, 100 хувь санал нийлэхгүй байгаа асуудал өнөөдөр эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.

Манай хэвлэлийнхэн УИХ-ын гишүүд болон судлаачид, ард түмнээс энэ тухай санал асууж байгааг харахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг хэлцгээж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Гэхдээ зарим нэг заалт дээр санал нэгдэхгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Манай намын бүлэг дээр ч гэсэн бүлгийн санал дүгнэлт нэг болж чадаагүй. Үндсэн хуулийн төсөлтэй 100 хувь санал нэгдэж чадаагүй байна л даа.

-Өргөн баригдсан хуулийн төслийн ямар зүйл заалт дээр санал нэгдэж байгаа юм?

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэдэг дээр дийлэнх нь санал нэгдсэн. Мөн аймгуудын төвийг хот болгоно гэдэг дээр иргэд, судлаач, УИХ-ын гишүүд санал нэгдэж байгаа. Харин Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох заалт дээр жаахан маргаан байна. -Яг ямар маргаан байна гэж?

-Одоо ойлголцох л хэрэгтэй. Маргаан гарах болсон шалтгаан нь тодорхой. Ерөнхийлөгч Монголын ард түмний төлөөлөл гэдэг утгаар нь бүх ард түмнээс санал авч байж сонгогддог тул үүнийг өөрчлөхөд хүмүүс бэлэн биш байна. УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын төлөөллөөр Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг дээр иргэд бэлэн биш байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өөр нэг зүйл нь орон нутаг буюу сум, багийн Засаг дарга нарыг намын харьяалалгүйгээр ард түмний санал хураалтаар сонгоно гэдгийг дэмжиж байгаа боловч намын асуудал дээр эмзэг хандаж байгаа нь анзаарагсан. Улс төрийн нам байж гэмээнэ сонгуульд ордог тул намын гишүүн гэдэг утга дээр нь гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Зарим гишүүд намын байгууллага заавал нэр дэвшүүлэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Нөгөө хэсэг нь нам хамаагүй, ард иргэд хүсэн хүлээж байгаа сайн хүнээ дотроосоо сонгоод явах нь зөв гэж байгаа юм. Зарим гишүүдийн хувьд нам хамаагүй сонгоод явчихвал сум орон нутагтаа олон хамаатан садантай хүн Засаг дарга болно гэх мэтээр янз бүр ярьж байна л даа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Их хуралд өргөн барьсан ч одоогоор хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байгаа. Харин Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэн шийдээд, яг хэдний өдөр ард нийтийн санал асуулга явуулах юм бэ гэдэг хугацаагаа тодорхой болгоё гэж байгаа юм. Дараа нь УИХ тодорхой хугацаанд завсарлаад, гишүүд тойрогтоо очиж иргэдтэйгээ уулзан санал бодлыг нь сонсъё гэдэг нэг хувилбар байна. Энэ ч зөв байж магадгүй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв хэмээн МАН эвслийн Засгийн газарт байхдаа намуудын хамтран ажиллах гэрээний нэгдүгээрт нь бичиж байсан.

Өнөөдөр л харин тэдний санаа бодол эргэчихээд байгаа болохоос Үндсэн хуулийн өөрчлөлт нэн тэргүүнд явж байж засаглалын хямралаас гарна гэдгийг бүх намууд хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч өөрсдөд нь ашиггүй байдал үүсчихвий гэсэн болгоомжлолтой байх шиг байна. Ардчилсан нам бол санаачлагч нь. Үндсэн хуулийн өөрчлөлт нь зайлшгүй юм аа гэдгийг бүх нийтээрээ мэдэрч байгаа энэ үед цаг үеэ олсон асуудлыг хөндөж тавиад байна гэж ойлгодог.

Хэрэгжих байдал, санал асуулга явуулах хугацаа, өөрчлөх асуудал нь зайлшгүй ярьж, хүмүүсийн саналыг сонсож байж, УИХ-ын нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь хүлээн зөвшөөрч байж хийгдэх учраас тэр асуудал нь дараагийн хувилбар руу явах байх.

-Ард нийтийнхээ саналыг мессэжээр авна гээд яригдаад байна. Хэрэв мессэжээр авах юм бол бодит үр дүн гарах уу?

-Ард нийтийн санал асуулгыг мессэжээр явуулна гэдэг яриа огт байхгүй. Харин тийм хардлага байгаа юм байна. Харин хар машинаар санал асуулга явуулна гээд хуулийн төсөлд бий. Хар машинаар санал асуулга явуулчихвал хоёр талын ач холбогдолтой. Иргэдийн нэг хэсэг нь хар машинд итгэдэггүй бол нэг хэсэг нь харин итгэл үзүүлдэг. Энэ эргэлзээг шалгаад үзэх нэг боломж нь хар машин гэж харж байна. Ажлын хэсэг дээр ч гэсэн зарим хүмүүс хэлж байсан. Сонгууль өгч байгаа юм шиг хар машинаар саналаа өгөөд гарсан дүнг нь нэг бүрчлэн гараар тоолъё гэж байгаа юм. Хэрэв тэгвэл Ардын намынхны хар машинд итгэхгүй, гараар тоолъё гэдэг хардлагыг алга болгох боломж бүрдэнэ.

-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчилье гэсэн санал өглөө гэж бодъё. Гэтэл УИХ хүлээж авахгүй гэвэл яах юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүдийн дөрөвний гурваар хүлээж авах ёстой биз дээ. Ийм нөхцөлд яах ёстой юм?

-Төслийг хүлээж авах, авахгүйн асуудал байхгүй юу. Өнөөдрийн нөхцөлд Ажлын хэсэг хуулийн төслөө Их хуралд өргөн барьсан. Энэ хуулийн төсөл нь хоёр хуудас 20 гаруй зүйл заалттай өөрчлөлт юм. Гишүүдийн хувьд энэ өөрчлөлтүүд нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Зургаан өөрчлөлт байлаа гэхэд гурвыг нь 100 хувь дэмжиж байна. Үлдсэн гурав дээр нь эргэлзэж байна. Тиймээс дэмжсэн гурвыг нь явуулъя гэдэг дээр Ажлын хэсгийнхэн ямар ч асуудалгүй гэсэн. Үндсэндээ Ардчилсан намын зүгээс Ажлын хэсгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ хүлээгээд авчихсан юм чинь хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Үнэхээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай заалтууд нь энэ юм байна гээд ялгагдаад ирэх үед тэрийг нь хэлэлцээд бусдыг нь орхиё гэсэн байр суурьтай байгаа байхгүй юу. Түүнээс биш Ардчилсан нам өргөн барьсан хуулийн төслийг одоо байгаа үг үсгээр нь шууд батлах гээд байгаа юм биш.

-Гэхдээ иймэрхүү ойлголт яваад байгаа шүү дээ…

-Яахав ээ, хүмүүс янз бүрээр л мушгин ярьж байна. “Үндсэн хуульд заасан энэ заалтыг шууд өөрчлөх гээд байна. Одоо энэ парламентыг 99 гишүүнтэй болгох гээд байна. Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгох гээд байна. Сум, багийн Засаг даргыг тэгж сонгох гээд байна” гэсэн зүйлсийг хатуу тавиад өгчихсөн юм шиг ойлгоод байгаа юм. Үндсэн хуулийг орж ирсэн хувилбараар нь шууд өөрчлөх гээд байгаа юм биш. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд тодорхой өөрчлөлт ордог биз дээ. Тэр зарчмаараа л явна. Ард нийтийнхээ санал асуулга дээр тулгуурлаж байгаа тодорхой өөрчлөлтүүдээ хийх боломж нээлттэй байгаа гэдгийг төсөл санаачлагчид хэлж байгаа. Ардчилсан нам ч гэсэн тийм л байр суурьтай байна.

-Өнөөдрийн нөхцөлд Их хурал 99 гишүүнтэй, Их хурал, Засгийн газрын бүрэн эрх таван жил, Засгийн газар есөн яамтай байна гэсэн өөрчлөлтүүдийг хийх цаг мөн үү. Ц.Нямдорж гишүүн бол бөөгийн тоо оруулаад ирсэн байна гэж хэлсэн?

-Ц.Нямдорж гишүүн тэнгэртэй харьцдаг, бөө энэ тэр гээд ярьсан байна лээ. Аливаа зүйлийг янз бүрийн байдлаар үгүйсгэж болно. Зарим гишүүд Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсэгт ороогүй байж болно. Магадгүй ормоор байсан ч юм бил үү, бид мэдэхгүй. Нэгэнт л Ажлын хэсэгт нь ороогүй юм чинь яаж ч эсэргүүцэж болно шүү дээ. 99 гишүүнтэй байна гэдгийг би тайлбарлаж чадахгүй. Нэг хэсэг нь бүр 104 гишүүнтэй болъё гэж байгаа.

Энэ бүгдийгээ олон улсын жишигт байдаг гэж тайлбарлаж байгаа юм. Хүн амынхаа тоонд харьцуулсан парламентын гишүүд байх ёстой гээд 104, 130 гишүүнтэй байх юм гэж байна. Өнөөдрийн нөхцөлд гишүүдийн тоо гурван оронтой тоонд шилжиж байгаа тул Ажлын хэсэг хоёр оронтой гээд 99 гэдэг тоо тавьсан гэдэг тайлбар өгч байсан. Ажлын хэсгийн зүгээс хоосон тоо тэнгэрээс хараад тавьчихаагүй байх. Тооцоо судалгаа гаргаж байгаад өнөөгийн нөхцөлд 99 байх нь зүйтэй гэсэн юм билээ. Заавал 99 гишүүн байх ёстой гэсэн юм байхгүй. 99, 76, 104, 130 гээд хэд ч байж болно. Хуулийн төсөлд 99 гэсэн тоо орсноос болоод 99 парламентын гишүүнтэй болох гээд байна гэдэг зүйлийг яриад байгаа юм. Яг хэдэн гишүүн байх ёстой вэ гэдгийг хуулийн төслийг хэлэлцэж байх явцад шийднэ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө нэг талд нь гаргаж шийдсэн байх ёстой гээд байгаа. Энэ хугацаандаа амжих уу. Нэг хэсэг нь амжина, нөгөө хэсэг нь амжихгүй гээд байх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаас хойш нэг сарын дотор хэлэлцэх ёстой гээд хуульчилсан байдаг бил үү?

-Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм бол бусад асуудлуудыг хэлэлцэлгүй зөвхөн Үндсэн хуулиа хэлэлцээд явна. Цаг хугацааны хувьд боломжгүй гэдэг зүйл үүнээс болж гараад байгаа юм. Зарим гишүүдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүд тойргоороо явж иргэдийнхээ санал бодлыг сонсоод ул суурьтай хандаж чадвал санал асуулга явуулах нь хэзээ ч байж болохоор байгаа юм. Заавал энэ сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдгийн зөв, бурууг хэлж мэдэхгүй байна. Ард иргэд 2016 оны сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлтөө оруул гэх юм бол тэгж явахаас өөр зам байхгүй. Энэ бүгдийгээ бид хуулийн хүрээнд л хийнэ.

Үндсэн хуулийг сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөх ёстой гэвэл нэгдүгээр сарын нэгнээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл хугацаа жаахан давчуу байж мэдэх юм. Үүнийг зохицуулах боломж бий гэдгийг Ажлын хэсгийнхэн ярьж байна лээ. Ямар ч байсан Ард нийтийн санал асуулгынхаа хуулийн өөрчлөлтийг хийчихээд иргэдтэйгээ уулзах нь зөв. Иргэдийнхээ санаа оноог сонсоод нэмэлт өөрчлөлтөөс хасах, нэмэх зүйл юу байна гэдгээ тодорхой болгосны дараа Үндсэн хуулиа хэлэлцээд явах нь зөв болов уу.

-Ардчилсан намынхан хүч түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэдэг зүйл яригдаад байгаа?

-Цаг хугацаа бага байхад Ардчилсан намынхан хүч түрж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ярьж байгаа бүхэн худлаа. Энэ бол зүгээр л улс төрийн тоглоом явж байгаа хэрэг. Ард иргэдийг үймүүлж, тогтворгүй байдал үүсгэх гэсэн санаа юм. Үүнийг хаа хаанаа ойлгох ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн бариад 10 гаруй хоночихлоо. Бусад намын бүлгүүдтэйгээ санал солилцсон зүйл бий юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намууд ярилцаж таарна. Одоогоор УИХ-д суудалтай намын бүлгүүд нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй байна. Аль ч намын гишүүд дотроо үзэл бодол зөрөлдсөн тийм зүйл ажиглагдаж байгаа. Өнөөдрөөс Байнгын хороодоор Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцээд эхлэхээр нөхцөл байдал жаахан тодорхой болж эхлэх байх. Ардчилсан намын бүлгийн хувьд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль болон тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн.

-УИХ-ын гишүүд тэр дундаа сөрөг хүчний гишүүдийн зүгээс “Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй. Тийм ёс зүйгүй” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ бүхнийг харахаар өөрөө гишүүн байж өөрийгөө болон бусад гишүүдийг ёс зүйгүй гэж хэлээд байх шиг санагдах юм. Тэгсэн хэрнээ би ард түмний төлөөлөл гэх юм…

-Энэ яахав ээ, сонгууль ойртсоны шинж байх л даа. Гэхдээ нэг талаасаа өөрсдийгөө доош нь хийж байгаа хэлбэр гэж хэлэхээс өөр хэлэх үг алга. Сонгуулийн хуулийн асуудлыг ярьж байхад МАН-ынхан бүх нийтийн санал асуулга явуулъя гэдэг санал гаргаад тэр бүү хэл төсөв мөнгө нь тэд болох нь гээд гаргачихсан байсан. Үүнийг батлаад өгвөл хар машинаар явуулах уу, үгүй юу гэдгийг бүх нийтийн санал асуулгаар шийдчихье. Хууль зөрчихгүй, болохгүй бүтэхгүй зүйл байхгүй хэмээн баахан ярьсан. Одоо болохоор арай өөр зүйл яриад байгаа биз.

Үндсэн хуультай холбоотой асуудлаар санал асуулга явуулж болохгүй. Хугацаа байхгүй гэж байна. Тэр бүү хэл энэ Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамжгүй гэж байгаа нь өөрсдийнхөө хэлсэн үгнээс 180 градус эргэсэн гэсэн үг. МАН-ынхан чинь загасны ой санамжтай гэж шүүмжлэх дуртай. Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс нь өөрсдөө болж таарч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гээд яригдаад эхлэхээр хэн нь улс орны эрх ашгийн төлөө, хэн нь хувийн эрх ашгийн төлөө, хэн нь намын эрх ашгийн төлөө явж байна вэ гэдэг нь тодорхой болно.

Судлаачдын нэлээд хэд хоногийн турш телевиз, радиогоор ярьж байхыг сонссон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг бүгд ярьж байна. Болох болохдоо хойшлуулж болохгүйгээр болсон байна. Тиймээс энэ засаглал, эдийн засгийн хямралаас эхлээд болж бүтэхгүй байгаа олон зүйлээ цэгцэлж авах цаг үе өнөөдөр мөнөөсөө мөн. Энэ бол алтан боломж. Алтан боломж гэдгийг аль аль намынхан болон иргэд, судлаачид хэлж байна. Ганцхан улс төрийн ашиг сонирхол, өөрсдийн эрх мэдлийг хадгалах сонирхол бүхий хүмүүс өөр зүйл ярьж эхэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад олон дүр төрх харагдана даа.

МАН-ынхан арваннэгдүгээр сарын 26-нд ард нийтийн санал хураалт явуулж амжихгүй гээд байгаа. Хэрэв тийм юм бол хэзээ явуулах юм гэж байгаа юм. Нөгөөх нь 99 гишүүн байж болдоггүй юм бол 76-гаараа байх уу, 100 гаруй гишүүнтэй байх уу. Намуудыг энэ бүхэн дээрээ санал солилцоочээ гэсэн хувилбар л байхгүй юу. Түүнээс биш бүр болж бүтэхгүй, ор үндэсгүй зүйлийг зүтгүүлээд байна гэдэг яриа улс төрийн тоглоом.

-Хоёр том нам нэг л сайн ойлголцож өгөхгүй байна, тийм үү?

-Үнэндээ Ардын намынхан өнөөдөр эдийн засаг хямарч л байвал сайн гэдэг дүрмээр тоглоод байна. Би шууд ингэж хэлнэ. Олон зүйл дээр энэ нь харагдаж байгаа. Эдийн засаг муудсан гэж ярих юм бол МАН зургаан сард Засагт хамтарч ажилласан. Тэр хугацаанд төсвийн тодотголууд нь хийгдэж байсан. Тэр хугацаанд эдийн засгийн гол яамдыг МАН-ын сайд нар удирдаж байсан гэдгээ мартаж болохгүй. Энэ бүхнээс харахаар үгүй гэхийн аргагүй зүйлс явж байгаа биз дээ. Өмнөх парламентуудыг ярих юм бол аль нам нь олонхи байсан билээ гээд бодох хэрэгтэй. Энэ бол үеэ элээсэн асуудал. Цаашид бид яаж явах вэ гэдгээ ярих ёстой. 2016 оны улсын төсөв батлахад Ардын намын ааш аяг тодорхой харагдлаа шүү дээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл бол хямралд зохицуулагдсан, боломжийн хязгаарлалтууд тавигдсан төсөв оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд задалчихсан. Задалж байгаа шалтгаан нь ердөө л Их хурлын гишүүдийн тойргийн асуудал, улс төрийн тоглолт байсан. Цалин мөнгө ингэлээ тэглээ гэж баахан шүүмжилчихээд буцаагаад оруулчихаар өөр зүйл ярьдаг. Тэдний олон жилийн турш тоглосон тоглолтын арга барил өнөөдөр ч хэвээрээ байна. Телевизийн өмнө мундаг эх орончид болоод цагаа тулахаар ярьж хэлснээсээ эсрэг тоглолт хийдэг хүмүүс юм байна гэдэг нь харагдсан. Энэ бүхнийг Ардчилсан нам өөрчилье гэдэг үүднээс тодорхой ажлууд хийгээд явж байна. Гэхдээ энэ бүхнийг өөрчлөхөд хүнд байгаа ч өөрчлөөд явах зарчмын асуудлууд бий. Төсөв дээр гэхэд АН-ынхан төсөв задалчихсан юм шиг яриад байна л даа. Үнэндээ бүх намын гишүүд улсын төсөв батлахад гараа дүрэхийн дээдээр дүрж оролцсон.

-Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэргий Д.Булганыг хорьсон байна. Ер нь сонгууль дөхсөн үед л С.Зориг агсны хэрэг сөхөгдөх юм. Тэр бүрт АН-ын нэр хүнд унаж байгаа дүр зураг ажиглагддаг. Танай намын рейтингийг зориудаар унагахын тулд дахин сөхлөө гэдэг зүйл яригдаад эхэллээ…

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Бидэнд гашуун туршлага бий. Яг энэ хэргээр олонхийг бүрдүүлсэн түүх байдаг. Өнөөдөр ч энэ бүхэн хуучраагүй байна. Тэр зүйл дахин явж байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайдаас тодруулсан боловч Ерөнхий сайд ч тодорхой мэдсэн зүйлгүй байна лээ. Үнэн худлааг бид мэдэхгүй байна. Бидний хувьд хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байгаа. С.Зориг агсны хэрэг улс төрийн шоу битгий болчихоосой.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Элчин сайдын яамнаас виз хүссэн албан тушаалтан хэн бэ

Зам тээврийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өнгөрсөн
баасан гаригийн 17.00 цагийн үед шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарсан. Ингэснээр
тэрбээр гадуур байцаагдахаар болсон юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас
мэдээлэл өгөх боломжгүй ч Б.Батзаяа өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан үнэн мөн нь тогтоогдох
байх хэмээжээ. Тэрбээр “баярлалаа….Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан
сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессэж илгээж үлдээсэн нөхдөдөө чинь
сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг
ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа…Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад
үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч
цаг хугацаа…” хэмээжээ. Харин Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийнхэн түүнийг батлан даалтад гаргасан нь хууль бус хэмээн үзэж түүнийг
үргэлжлүүлэн хорих асуудлаар шүүхэд давж заалджээ. Анхан шатны шүүх Б.Батзаяаг үндэслэлгүйгээр
сулласан хэмээн ийн давж заалдаж буй аж. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг даваа
гаригт буюу өнөөдөр шүүх дахин хэлэлцэх юм байна.

Мөн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
асан П.Бат-Эрдэнийг өчигдөр 14 цаг 50 минутаас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн
байна. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр
шалгаж эхэлсэн тухай Олон Улсын Интерполын цахим хуудаст оржээ. П.Бат-Эрдэнийг Зам
тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа
болон “Sam­sung CT”-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар
мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн
байна. Тэрбээр Австралид сурч байсан бөгөөд тэнд байсан монголчуудаас холбоогоо
таслан сураггүй болжээ. Гэвч тус улсын хилээр гараагүй байгааг нь тогтоосон байна.
Цагдаагийнхан түүнийг сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй гэж мэдээлж
байна. Түүнтэй хамт “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг ч мөн Интерполоор эрэн
сурвалжлуулж эхэлсэн. Улмаар Монголын Интерполын товчооноос Олон улсын Интерполын
товчоонд хандсанаар Интерполоор хайгдаж буй Монгол Улсын иргэдийн тоо хоёроор нэмэгдлээ.
Интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг Америкт байгааг тогтоосон
байна. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ
нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголын хилээр гарахдаа л монгол
паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль бусаар буюу
давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсан нь тогтоогдоод
байгаа аж. Ийнхүү Ч.Ганбатын хувьд АНУ-ын иргэн болсонтой нь холбоотойгоор баривчлан
шалгахад хүндрэлтэй болж байгаа бололтой. Харин энэ хэрэгт хамаатай байж болох албан
тушаалтны нэр хэвлэлээр явж буй билээ. Тэрбээр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын
яамнаас энэ сарын 2-ны өдөр виз мэдүүлэх ярилцлаганд орсон байна. Тэрбээр 90 хоногийн
хугацаатай виз хүссэн гэсэн мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

“Шинэ төмөр зам” төслийг гүйцэтгэгч
гэгдэж буй Монгол дахь “Samsung CT” компанид солонгосын 33 иргэн ажилладаг аж. Нэг
солонгос ажилтны нэг өдрийн хөлс нь 422 ам доллар байдаг байна. Энд захирлынх нь
болон цай, кофе зөөдөг ажилтных нь ч хөлс адилхан байгаа аж. Харин энэ компанид
ажилладаг монгол хүний нэг өдрийн цалин 45 ам.доллар байдаг гэнэ.

Энэ компани үүгээр ч тогтохгүй Монголын
төмөр зам компаниас офиссын зардал гэж авдаг юм байна. Нэг өдрийн зардал нь 950
ам доллар гэнэ. Үүнийг жилийн 365 хоногт үржүүлэхээр их тоо гарч байгаа юм. Гэрээг
энэ компанитай хэн хийсэн бэ гэдэг нь анхаарал татахгүй өнгөрөх аргагүй. Энэ бол
Чингис бондын мөнгө. Энэ бондын мөнгөнөөс Шинэ төмөр зам төслийн ажилд зарцуулахаар
буюу төмөр замын бүтээн байгуулалт техник эдийн засгийн үнэлгээ хийхэд зарцуулахаар
авсан байдаг. Зам тээврийн сайд А.Гансүх байхдаа энэ мөнгийг гаргуулж авч байжээ.
Чингис бондын мөнгийг зарцуулах бодлогын зөвлөлд А.Гансүх өөрөө багтдаг юм байна.
Тэгэхээр П.Бат-Эрдэнийг яагаад Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирлаар
сонгон тавьсан бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ залуу бол 1983 онд төрсөн нэгэн.
Мэргэжлийн төрийн өмчид байгууллагыг удирдахад ямар ч туршлага байхгүй хүнийг яагаад
томилов гэдэг өөрөө бас нэг асуудлын гогцоо юм. Монголын түүхэнд хамгийн их мөнгөн
дүнтэй гэрээнд гарын үсэг зурж байсан хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн
сайд асан Н.Батбаяр. Тэрээр 1.5 тэрбум долларын зээл буюу Чингис бондын мөнгөний
гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин дараагийн нэг том зээл болох төмөр замын бүтээн
байгуулалтын гэгдэх 650 сая ам.долларын зээлийн гэрээнд хариуцагчаар П.Бат-Эрдэнэ
гарын үсэг зурсан байдаг юм байна.


Categories
мэдээ цаг-үе

Оакланд хотод сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл (II)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы ¹275(5227) дугаарт>>

-АНУ-ын баруун эргийн нэгэн монгол сургуулийг сурвалжилсан тэмдэглэл-

“Би Монгол” сургуулийг анх байгуулагдахаас нь эхлээд багшилж буй, өдий зэрэгтэй болоход нь гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг, бүжгийн багш МУСТА Д.Батзоригтой ярилцав.

Д.Батзориг: Соёл урлаг бол улс орныг холбох, таниулах гүүр юм

-Та өмнө нь Монголдоо ийм жаахан хүүхдүүдэд зааж байв уу. Тийм бол Монгол дахь хүүхдүүд болоод эндхийн монгол хүүхдүүдэд бүжиг заахад ямар ялгаа байна вэ?

-Би 1992 онд Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн л дөө. Арав гаруй жил бүжиг заалаа. Монголд надаар бүжиг заалгасан 350 гаруй шавь байгаагаас бараг зуу нь хүүхэд болов уу? Ер нь л олон янзын хүмүүст бүжиг зааж үзлээ. Тэдгээрээс яг хүүхдэд бол онц анхааралтай, нямбай заахгүй бол бүхнийг айхтар хурц, хурдан тусгаж авдаг, дуурайдаг онцлогтой.

Гадаадад монгол хүүхдүүддээ заахад хэд хэдэн ялгаа бас байна аа. Юуны өмнө монгол хэл нь сайн биш. Хэлж ойлгуулах дээр ялгаатай. Хоёрт, амьдарч буй орчин нь монгол биш учраас бүжгийг эх оронтойгоо холбож мэдрэх дээр дутагдалтай байдаг. Бас Монголд хүүхдүүдийг бүжгийн дугуйланд шалгаж авдаг бол энд сонирхож буй бүх хүүхдийг хамруулдаг онцлогтой. Бусдаар бол адилхан л монгол хүүхдүүд юм чинь ялгаагүй л сурахдаа сурна.

-АНУ-д ирсээр нийт хэдэн хүүхдэд монгол бүжиг заав. Ямар хөтөлбөр барьж байна вэ?

-Энд би 2009 оноос эхэлж заасаар одоо бараг тавь, жаран хүүхдэд бүжиг сургасан байх. Монгол бүжиг заахдаа зүгээр нэг бэлэн бүжгүүд заагаад байхгүй л дээ. Эхлээд хүүхдүүддээ хөдөлгөөний эвсэл суулгах, хөгжмийн мэдрэмж, сонсголыг нь сайжруулах хичээлүүд орно. Аажимдаа монгол бүжгийн үндсэн дасгал, хөл, гар, мөрний хөдөлгөөнүүд гээд зааж эхэлнэ. Цаашлаад олон үндэстэн, ястны намба төрхийг нэг бүрчлэн тайлбарлан заана. Энэ бүхнийг сураад ирэхээр нь сая бүжгүүдээ зааж эхэлдэг юм. Ингэхээр хүүхдүүд мартахгүй, суурьтай болж, сайн ойлгодог. Миний заах арга, боловсруулсан хөтөлбөр маань гол нь яаж богино хугацаанд монгол бүжгийг сургах вэ гэдэг дээр л үндэслэгдсэн байгаа.

Одоо хүүхдүүд маань урын сандаа 40 гаруй бүжигтэй, жил бүр урын сангаа арвижуулж явдаг. Дээр нь яг тухайн үндэстэн ястны бүжгийн хувцсыг захиалж хийлгэж өгч байгаа. .

-Хүүхдүүдтэйгээ олон тоглолтод оров уу. Хаагуур, хаагуур тоглов доо?

-Манай сурагчид орон нутгийн хэмжээнд зохиогддог урлаг соёлын бүхий л арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцож, монгол урлагаа сурталчилдаг. 2009-2015 он хүртэлх Бэй Ареагийн бүх наадам, шинэ жил, хүүхдийн баяр, цагаан сар, Азийн улсуудын наадам гээд тоочоод байвал барагдахгүй ээ.

-Саяхан Монгол Улсад нэг томоохон хурал болж байна лээ. Сэдэв нь “Монгол Улсыг гадаадад соёл урлагаар сурталчлах нь” гэж. Хараад байхад чухам гадаадад Монголыг урлагаар сурталчилж байгаа улс нь таны мэтийн гадаад дахь уран бүтээлчид байх юм. Тэгэхээр энэ хуралд та оролцсон бол юу хэлэх байсан бол?

-Аливаа улс орныг сурталчлахад хамгийн түрүүнд соёл урлагаа урдаа барьж, нэр нүүрээ болгон таниулж байж дараа дараагийн ажлаа хийдэг гэж би ойлгодог. Нэг ёсондоо улс орнуудын нэгнээ таних гүүр нь болж өгч байгаа юм. Тиймээс ийм сэдэвтэй хурал зохион байгуулж, төрөөс анхаарал тавьж байгаад их баяртай байна л даа. Би өөрөө ч улс орноо сурталчлах ажлаар олон орноор тоглолтоор явж байсан хүн. Гэхдээ миний бодлоор ийм тоглолтууд асар их мөнгө зараад, үр дүн нь жаахан тааруу үлдээд байх шиг байдаг юм. Аль нэг улсын тэрүүхэн нэг хот, муж, концертын танхимд л хэсэг бүлэг хүний хүрээнд тоглоод дуусаж байгаа юм. Нэг ёсондоо жаахан богино настай юм хийгээд байна гэсэн үг. Би энд зөвхөн тоглолт талаас нь яриад байна, ном зохиол, уран зураг гээд бүгд өөр онцлогтой байх л даа.

Миний санаагаар болдог бол урлагийн мэргэжлийн урдаа барьдаг багш нараа нааш нь, нааш нь ч гэлтгүй бүх улсад суугаа монголчууд руугаа илгээх хэрэгтэй юм. Тэгээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Тэдний үр хүүхдүүдэд зааж сургах хэрэгтэй. Ингэхэд тавхан жилийн дотор л үр дүн нь харагдаад эхэлнэ. Монгол хүүхдүүд маань амьдарч буй газар болгондоо цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах сургууль, коллеж, их сургууль хүртлээ асар олон үзэгчдэд Монголын урлагийг өндөр хэмжээнд сурталчилж эхэлнэ. Өнөө том том тоглолтод зарах мөнгөний багаахан хувь нь зарцуулагдана шүү дээ. Ийм л юм бодож, мөрөөдөж явдаг хүн дээ, би. Ер нь бол энд хэлэхэд хятадууд яг ийм ажлыг төр засгаас нь бодлогын маягаар хийдэг юм билээ шүү. Бид одоо өөрсдийгөө гэхээс илүү ирээдүйгээ сайн бэлдэж байж л Монголоо хөгжүүлж, сурталчилж чадах байх даа.

Ийнхүү ярилцаад, дараа нь хичээлээ хүлээн суугаа хэдэн хүүхэд дээр очиж яриа авав. Монгол сургуульд сурдаг гэсэндээ монголоороо сайн ярьж байна.

-Сайн уу, миний дүү. Нэр нь хэн билээ?

-Намайг Энхийн Тэргэлсар гэдэг.

-Монгол сургуульд хэзээнээс явсан бэ. Ямар, ямар хичээлд нь сууж байна?

-Би 2012 оноос сурч эхэлсэн. Монгол хэл, шатрын хичээлд явж байгаа.

-Монгол хэл сурахад хэцүү байсан уу?

-Үгүй, надад бол амархан байсан. Бусад хүүхдүүдэд л жаахан хэцүү. Би Монголоос ирээд ганцхан жил болоод монгол сургуульд явсан болохоор монгол хэлний хичээл амархан байсан.

-Өө чи чинь тэгвэл угаасаа монгол хэлтэй хүүхэд юм байна шүү дээ. Тэгвэл анх ирээд англи хэл мэдэхгүй хэцүү байсан уу?

-Гайгүй ээ, хурдан сурсан. Анх ирээд хоёрдугаар ангид орсон. Хэл юу ч мэдэхгүй байхад манай ангид нэг монгол охин байсан юм. Тэр охин надад орчуулж өгдөг байсан.

-Монгол сургуульд ирэх дуртай юу. Юу нь хамгийн гоё вэ?

-Олон монгол найзтай болсон нь гоё. Бас шатар хурдан тоглох юмсан гэж боддог.

-Шатрын олон тэмцээнд орсон уу. Хамгийн том нь ямар тэмцээн байв?

-Зөндөө тоглосон. Хамгийн том нь гэвэл өнгөрсөн зун Монголд очиж, Хүүхдийн дэлхийн аваргад тоглосон ш дээ.

Монгол бахархал-Хандивын зоог

Ингэж байтал “Гэр” төвийн зохион байгуулж буй “Монгол бахархал” үйл ажиллагаа эхлэх цаг боллоо. Өдөржингөө ажиллан, сандал ширээ, тайз чимэглэлээ засаж байгаа залуусыг харахад “Гэр” төв, “Би Монгол” сургуулийнхан ажилдаа дуртай, идэвх зүтгэлтэй хамт олон болох нь тодорхой харагдаж байв. Монгол дээл хувцсаараа гоёсон зочид эхнээсээ морилж, монгол хатдаар угтуулан хүндэтгэлийн ширээнд сууж, үндэснийхээ хоолоор дайлуулж байна. Монгол хэл, түүх соёл, монгол ээжүүдээрээ бахархсан энэхүү арга хэмжээ нь зохион байгуулалт сайтай, ач холбогдол арвинтай болох нь харагдлаа. Сурвалжлагч миний бие бас хувь нэмрээ оруулан, хүүхдийнхээ монгол хэлийг хэрхэн хадгалах, сайжруулах талаар лекц уншсанааас гадна, 1911 оны хувьсгалын баатруудын гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, танилцуулав.

Энэ үдэш “Гэр” төвийн УЗ-ийн гишүүн, санхүүч Нянгарын Энхмаа МУ-ын Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.Тэрбээр Америкийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч МкКессон корпорацид 10 жил ажиллаж байгаа бөгөөд Захирлын алба хашдаг, “Гэр” төвийн санхүүжилтэд ихээхэн хувь нэмэр оруулдаг, гадаадад ажиллаж буй тэргүүний монгол залуучуудын нэг болох нь тодорхой байлаа. “Гэр” төвийн хамт олон хандивлагчдадаа талархаж есөн эрдэнээр чимэглэсэн Өргөмжлөлийг гардуулав.”Би Монгол” сургуулийн авьяаслаг сурагчдын сэтгэл догдлуулж, баяр бэлэглэсэн урлагийн тоглолтоор уг арга хэмжээ өндөрлөлөө.

Үйл ажиллагааны хүндэт зочин, Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын үүрэг гүйцэтгэгч Д. Баярхүү хэлсэн үгэндээ “Би Монгол” сургууль хүүхдийнхээ тоогоор Сөүл дэх монгол сургуулийн дараа, хилийн чанад дахь нийт монгол сургуулиудынхаа дунд хоёрт орно, чанар чансаа, амжилтаараа бол ямартай ч АНУ дахь монгол сургуулиудынхаа дотор толгой нь болно хэмээн онцолсон нь энэхүү сурвалжлагын маань дүгнэлт болохоор үг боллоо.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Тодруулга

“Гэр” хүүхдийн төв

“Гэр” хүүхдийн төв бол 2009 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан, 501с3 статустай, ашгийн бус байгууллага. Үүсгэн байгуулагчид Г.Өнөдэлгэрэх, Ц.Энхтуяа, Ч.Алтанцэцэг, Т.Эс-Олдох.

Өнөөдөр “Гэр” төвд Зөвлөх Г.Отгонгэрэл, Тэргүүн Т.Эс-Олдох, УЗ-ийн гишүүд Д.Долгорсүрэн, Н.Энхмаа, Л.Эрдэнэчимэг, Н.Ганчимэг, туслагч Б.Ариунжаргал, Х.Болорчимэг, Ц.Туяажаргал нар сайн дураар ажилладаг.

“Гэр” төвийн топ спонсорууд: Н.Энхмаа, О.Солонго, Н.Гантуяа, Б.Гэрэлмаа, Б.Оюунсүрэн, П.Одончимэг, Б.Мягмарсүрэн, Б.Энхжаргал. Тоглолтын хувцаснуудыг мэргэжлийн оёдолчин Т.Энхмаа, Д.Болортуяа нар урладаг.

“Гэр” төв Монголд байгаа хүүхдүүдэд бас дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд Хүүхдийн хавдар судлалын төвд 1720 ам.доллар хандивласан, мөн дунд сургуулиуд болон асрамжийн газруудад ном, сурах бичиг, тоглоом, хувцас зэргийг илгээсэн.

Соёлын хөтөлбөрийн хүрээнд жил бүр Эх үрсийн баярыг Занабазар төв, Монголчуудын холбоо, Оюутны нэгдэлтэй хамтран зохион байгуулдгаас гадна Монголын эрдэнэс тоглолт, Шинэ жил-Гэр бүлийн баяр, Өсвөрийн шатарчдын уралдааныг уламжлал болгон зохиодог.

“Гэр” хүүхдийн төвийн дэргэдэх “Би Монгол” сургууль

Энэ жил 103 сурагч, дөрвөн багштай хичээллэж байна. Өнгөрсөн зургаан жилд давхардсан тоогоор нийт 350 гаруй сурагчийг монгол хэл, үндэсний бүжиг, хөгжим, зураг, шатар зэрэг ангиудад сургажээ. Пүрэв, ням гарагуудад хичээллэдэг.

Багш нар:

“Би Монгол” сургуулийн Захирал, бүжгийн багш

МУСТА Д.Батзориг

Монгол хэлний багш МУБТА Ю.Цогтчимэг

Хөгжмийн багш МУСТА Ц. Төмөрчөдөр

Шатрын багш, мастер Б. Уянга

Зургийн багш зураач М. Гансүх

“Гэр” хүүхдийн төвөөс эрхлэн гаргасан, гадаад дахь монгол хүүхдүүдэд зориулсан цагаан толгой

“Миний Монгол хэл-1” хэмээн нэрийдсэн энэхүү цагаан толгойг Т.Эс-Олдох зохиож, дижитал эхийг Н.Ганчимэг бүтээжээ. Доктор М.Саруул-Эрдэнэ редакторлож, У.Сувданцэцэг, Т.Бямбаа, Ю.Цогтчимэг, Т.Нямсүрэн нар хамтран ажилласан байна.

Гадаадад амьдарч буй хүүхдийн орчин, зан заншилтай нь холбоотой зураг, үг, сэдэв ашигласан, цагаан толгойг өнгөөр ялган заах аргыг нэвтрүүлсэн, бүлэг бүрийн эцэст бататгах хичээл, дасгал ажил хийсэн, мөн эцэг эхтэйгээ хамтарч ажиллах дасгал оруулсан зэрэг нь энэ номын онцлог давуу тал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчид нийгмийн сэтгэл засалчид байх ёстой

Сэтгүүлчээс муу хүн байхгүй болов. Чухам муу хэлж, хөдөлмөрийг нь үгүйсгэж л байвал хүнд тооцогдох шиг авирлаж байна. Хог шавхруунууд энд цуглаж, хамгийн ядуу, хамгийн арчаагүй хүмүүс энэ ажлыг хийдэг гэж бодогсод олшров. Ийм мэдээллийг санаатай хийгээд санамсаргүй түгээгчид шуургаллаа. Үүнийг нь дагаад нийгмийн хуйлран давалгаалагч хэсэг ч тэр чигээр нь хүлээн авч байна. Ялангуяа цахим ертөнцөд энэ ойлголт тун чиг хүчтэй. Магадгүй мэдээлэл хүлээн авах арга боломжийн хувьд харьцангуй боломжтой тэр хэсгийнхэн өөрсдийгөө мэдээлэл дамжуулах гол цөм гэж ойлгож эхлээд байгаа учраас сэтгүүлчийн мэргэжил хэрэггүй мэт, сэтгүүлчийн хөдөлмөр амар мэт, сэтгүүлчид байхгүй байлаа гэхэд тэдний гүйцэтгэж ирсэн ажлыг амжуулчих мэт санагдаж байх шиг. Цахимаар мэдээлэл дамжуулах боломж бидэнд олон шинэ өөрчлөлтийг авчирсан нь үнэн. Гэхдээ энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг орлон хийнэ гэсэн үг биш юм. Твиттерийн жиргээ мэдээ гаргасан сонины редакц шиг хариуцлага хүлээдэггүй учраас хүлээн авагчийн итгэл үнэмшлийн асар том зөрүү бий гэдэг. Тэр утгаараа сэтгүүл зүй гэгддэггүй.

Сэтгүүл зүй нь мэдээллийг олж цуглуулж, боловсруулж тараах цогц ажиллагаа байдаг. Энэ цогцын ялимгүйг гүйцэтгэж байгаагаа сэтгүүлчийн ажлыг өмнөөс нь хийчихэж байгаа шиг санаж үгүйсгээд байж болохгүй л дээ. Монголын нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд асар унажээ. Энэ нь өнгөрсөн баасан гаригт, хэвлэлийн хурал “хийнгээ” өөрийгөө галдагчийн хэрэг явдлын үеэр тун тод харагдлаа. Тэр хүн ямар зорилготой ийм алхам хийсэн, үнэхээр цөхөрч аргаа барсных уу, улс төрийн захиалгаар ингэсэн үү гэдгийг энд шүүх гэсэнгүй. Харин үйл явдлын зэрэгцээ сэтгүүлчдэд хандаж байгаа хандлага дэндүү гэмээр байлаа. Зүгээр л энэ салбарт ажилладаг бүх хүмүүс рүү бензин цацаад галдах мэт дайрлаа.

Хүн өөрийгөө шатааж байхад сэтгүүлчид микрофоноо авч зугтсан талаар шүүмжилж, ерөөсөө хүний адаг, хорвоогийн хогнууд нь тэнд байсан мэт бичиж эхлэв. Мэдээж, цахим ертөнц бол тухайн хүний үзэл бодлоо хуваалцах индэр учраас элдэв олон санал байж л таарна. Гэхдээ нарийн учрыг нь мэдээгүй атлаа нэгнээ дагаж хуухирсан хөөрөлхөл илт харагдаж байлаа. Харин сэтгүүлчдийн хөдөлмөрийг гадарладаг ганц нэг хүмүүсийн зоригтой хариу дайралт, “Өдрийн сонин”-ы жиргээ, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн байр суурь, МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Галааридын сэтгүүлчид ажлаа мэргэжлийн түвшинд хийсэн тухай мэдэгдэл тэднийг жаал хазаарласан юм.

Тэнд байсан сэтгүүлч, зураглаачид галыг хүрмээрээ унтраах гэж оролдож, түргэн дуудаж, галын хор авчирч цацсан мэдээлэл сэтгүүлчдийг жадлагсдыг арай тайвшруулсан бололтой. Гэхдээ л микрофоноо авсан гэж буруутгаж, С.Эрдэнээс асуулт асуусан гэж шүүмжилж, сүүлдээ гал асч байхад зураг авсан гэж яллаж байна. Уучлаарай, хэрэв тэнд тэр хэдэн адлуулаад байгаа нөхөд байгаагүй бол энэ мэдээллийг та мэдэх байсан уу. Хэн нэгэн өөрийгөө галдаж байхыг харна гэдэг тийм ч амар, тийм ч хүсмээр зүйл биш. Жирийн нэгэн хэвлэлийн хуралд очсон хүмүүст энэ цочирдом явдал. Тэр дундаа дөнгөж хорь гаруйхан настай, бүсгүй голдуу сэтгүүлчдэд. Үйл явдал өөрөөр эргэж байхад ажлын багаж зэвсгээ хямгадаж, шинээр өрнөж буй тэрхүү мэдээ сурвалжлагаа хүмүүст хүргэхээр бэлэн байдлаа хангаж байгаа тэр хүмүүсээс мэргэжлийн алдаа олж хараагүй. Харин ч мэргэжлийн гээд ярих юм бол тэд зөвхөн үндсэн ажлаа л хийх байсан гэж яригдахыг ч үгүйсгэх аргагүй.

Өөрийгөө галдсан С.Эрдэнийн зурагтай зэрэгцүүлээд зулын гол болж буй гадны ламын зургийг олон нийтэд цацсаныг манайхан анзаарсан л байх. Вьетнамын буддын шашинтан Тич Куанг Дак 1963 оны долдугаар сарын 11-нд Сайгоны төвд олон нийтийн өмнө өөрийгөө галдан шатаасан түүхэн зураг. Тэрбээр Вьетнамд түрэмгийлэн орж ирсэн гадны Засгийн газрын католик сүм хийд нь буддистуудыг дарангуйлж буйг эсэргүүцэн амиа егүүтгэсэн юм билээ. Харин уг зургийг Сайгон дахь Ассошиетед Пресс агентлагийн Малколм Браунэ дарж, улмаар энэ зургаараа оны шилдэг гэрэл зургийн эзэн болж байсан. Тэгэхэд Малколм Браунэг замын голд завилан суугаад өөр дээрээ шатамхай бодис асган шүдэнз асаасан ламыг аварсангүй гэж хэн ч буруутгаагүй. Харин ажлаа сайн хийжээ гээд шагнасан байгаа биз дээ.

Польшид ч гэсэн 1968 онд нэг нөхөр өөрийгөө олны өмнө шатааж байсан удаатай. Ургацын баярын фестивальд оролцож байгаа 100 мянган хүний нүдэн дээр тэр дундаа улс төрийн лидерүүд, дипломат албаныхны өмнө болсон энэ хэрэг гэрэл зурагт мөн л үлдсэн байдаг. Монголд энэ жишээнд сэтгүүлчид нь буруутахын үлгэрт ярих юм алга.

Ер нь яагаад сэтгүүлчийн нэр хүнд, энэ мэргэжлийн нэр хүнд ингэтэл уначихав аа.

Энэ нь нэг талаас бидний өөрсдийн маань ажлаа хийж байгаа байдал, хариуцлагагүй явдлаас үүдэлтэй байж болно. Гэхдээ сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, тэдний нэр хүндийг ямагт дор байлгаж, үүгээрээ ашиг хонжоо олох бүлэг хүмүүсийн олон жилийн зорилгот ажлын үр дүн иймд хүргэжээ. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ямар ч үед сэтгүүлчийг нэр хүнд муутай, шударга биш гэж тодорхойлохыг хүсдэг бөгөөд өөртэй нь холбоотой элдэв булхайг нь сэтгүүлч дэлгэх үед “Тэд л худлаа хэлдэг” хэмээн уснаас хуурай гарах бэлэн жор, бэлтгэлтэй явдаг. Ийм хүмүүст сэтгүүлчид ядуу дорой, үнэт зүйлээ өчүүхэн хэдэн цааснаас худалдчихаар байх нь тун хэрэгтэй байдаг. Бас тэдний нэр хүндэд халдахад тун амар. Ердөө л “Хуулийн байгууллагад хандана. Захиалгатай мөнгө авч хийсэн” гэж ам таглах бөгөөд цаашлахаараа редакцийг хаалтын гэрээ хийсэн гэж буруутгана.

Үнэхээр тэгсэн үү, тийм юм байдаг уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Худал хэлснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй, эцэст нь энэ мэргэжлийнхний нэр хүнд унасаар.

Тэднийг ингэтэл “замнуулснаараа” сэтгүүлчид буруутай. Тухайлбал бид хэзээ ч нэр хүндэд маань халдаж, сэтгүүлчийн хөдөлмөрийг үгүйсгэж байхад эсэргүүцэж нэгнээ өмөөрдөггүй гэмтэй улсууд. Нэг талаасаа өөрсдөө хүнийг шүүмжилдэг болохоороо хэр баргийн зүйлст урваганаж гоншигонохоо байчихдаг. Сэтгүүлчийг гүтгэж доромжлох байтугай айлгаж, сүрдүүлж амь насанд нь заналхийлж байхад даваад гарчихдаг. Иймдээ ч “Муу л бол хойд гэрийн хар овоохой” гэсэн шиг хандсаар ирсэн хүмүүсийн өөдөөс юм хэлэлгүй, нэгийгээ өмөөрч хамгаалахгүй байсаар байгаад өдийг хүргэжээ. Сүүлдээ ингэж муулуулж, доромжлуулсаар байгаад хамгийн ядуу салбарын хамгийн ядуу алба хаагчид болоод хувирчихлаа.

Баялаг бүтээгчдээ үзэн яддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэдэг, үндэсний чадалтай бизнесмэнүүдээ үзэн яддаг хөөсөрсөн нийгмийн аяыг дагасаар байгаад өнөөдөр салбар маань юу болов. Эрх мэдэлтнүүдийн хувьд хэвлэл мэдээллийн салбар ядуу, сэтгүүлчид тарчиг байх нь хамгийн чухал байдаг. Тийм тохиолдолд гар хөлийнхөө үзүүрээр зарна гэсэн төлөвлөгөөгөөр тэд ажиллаж, сэтгүүлчид ч арганд нь унажээ. Гэхдээ энэ ганцхан сэтгүүл зүйн салбарын эмгэнэл биш юм шүү. Мэдээлэл хүртэх, мэдээлэл авах эрхтэй бүх иргэдийн хувьд эмгэнэл болж байна. Редакц хүчтэй, редакц эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтож чадах нь дурын улстөрчийн аливаа бусармагт санаархсан сарьсан хоншоорыг хага цохиж чаддаг болгодог. Өнгөрсөн жилийн өдийд Засгийн газрыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тараасан гэж ихээр буруутгаж байсныг санаж байгаа байх. Хэвлэлүүдэд 5-10 сая төгрөгөөр мөнгө шилжүүлж гэж ирээд л аль алийг нь зүхэж байсан даа. Гэтэл төр засаг хийсэн ажлаа, хэрэгжүүлэх шийдвэрүүдээ түмэн олонд хүргэхийн тулд бизнесийн байгууллагуудад мөнгийг нь төлөх ёстой биз дээ. Төлөхгүй гэвэл дээрэм болно. Харин ч энгийн бизнесийн байгууллагуудын дэргэд бүтэн жилийн хугацаанд мэдээллээ таван сая төгрөгөөр гаргана гэдэг дээрэм л байсан байх. Мэдээлэхгүй гэвэл иргэдээсээ бүхнийг нуусан буруутан болно. Гэвч энэ хийрхэл явсаар Ц.Оюунбаатар гишүүний санаачилгатай нийлж бодит үр дүнд хүрсэн. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд суларч, ард түмний мэдээлэл авах эрх нь хөсөр хоцорсон. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл рүү мөнгө шилжүүлж, үйл ажиллагагаа олон түмэнд нээлттэй хүргэх зоригтой хүн алга болов. Хэрэв хэвлэлийн байгууллага руу мөнгө шилжүүлсэн бол Исламын бүлэглэлийн алан хядагчдад мөнгө өгснөөс илүүтэй үзэн ядаад эхлэх тул өнөөдүүл нь ч айдаг болжээ.

Тэгэхээр сэтгүүлчийн ажил хөдөлмөр юу байдгийг олон түмэнд ойлгуулах нь чухал болжээ. Ингэхийн тулд бид эвлэлдэн нэгдэж, эрх ашгийнхаа төлөө дуугарч өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүр номын хуудсаараа мэргэжлийнхээ онцлогийн төлөө зоригтой дуугарч байсан шигээ аливаад нэгийгээ өмөөрөх хэрэгтэй юм байна. Мэргэжлийнхээ нэр хүнд, салбарынхаа нэр хүндийг хамгаалж, боломж л олдвол шавартай хутгачих гээд байдаг буруу ойлголттой хүмүүст нь мэдрүүлж, зорилготой гутаадаг хүмүүст гишгэх газар өгөхгүй байх ёстой юм байна. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг уурхайчны мэргэжилтэй эн дүйцэх хүнд хөдөлмөр юм шүү дээ. Энэ нь дэлхийн сэтгүүл зүйд жишигжсэн ойлголт. Сайн нийгмийг бүтээхийн тулд сэтгүүлчдийн боловсрол, амьдрал ахуй, ажиллах эрх зүйн орчныг сайжруулах нь үндэстний, ард түмний эрх ашиг байх учиртай. Чингэтэл, нийгмийг доройтуулж байгаа бүхнийг, ард түмний оюун санаанд дэлгэж, зэм магтаалыг зэрэгцүүлж, оюун дүгнэлт хийлгүүлснийхээ төлөө яллуулах ёсгүй. Телевиз, радиогоо унтрааж, сониноо хамхивал, хөгжил хамт хамхигдана. Хүний эрх, эрх чөлөө хаа нэгтээ гээгдэнэ. Тиймээс сэтгүүлчдийнхээ тухай ойлголтыг хамжааргатайхан сэнхэрвэл зохино биз ээ. Өнөөдрийн сэтгүүлчид төгс төгөлдөр биш байж магад. Гэвч сэтгүүлч гэдэг мэргэжил бол төгс тийш тэмүүлсэн мэргэжил гэж хэлбэл хилсдэхгүй. Тиймийн тул бүх сэтгүүлч сэтгүүлч шиг сэтгүүлч байх хэрэгтэй. Нийгмийн сэтгэл засалчид байх ёстой. Тэгвэл жинхэнэ зэмлэлийг нийгмээрээ тургиж үл чадах биз ээ.