Categories
гадаад мэдээ

Францын онгоцуудыг яаралтай газардуулжээ

Францын агаарын тээврийн “Air France” компанийн 65 дугаар нислэгийг тэсрэх бөмбөгний аюулаас сэрэмжлэн чиглэлийг нь өөрчлөн яаралтай газардуулжээ. АНУ-ын Лос-Анжелес хотоос Францын нийслэл Парис хүрэх нисэх онгоцыг Солт-Лейк хотод газардуулсан байна. Нисэх онгоц аюулгүй газардсан бөгөөд зорчигчдыг автобусаар зөөвөрлөсөн байна.

Түүнчлэн “Air France” компанийн 55-р нислэгийг мөн л тэсрэх бөмбөгний аюулаас сэрэмжлэн Канадын Нова Скоша мужийн Халифакс хотод газардуулсан байна. Уг нисэх онгоц Вашингтоноос Парис хүрэхээр нисч явжээ.

Парист гарсан халдлагын дараа Францын нисэх онгоцнуудад аюулгүй байдлын асуудал анхаарал татаж байгаа юм. “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн баасан гаригт Парист халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн билээ. Мөн Египетийн Синайн хойгт сүйрсэн Оросын 224 хүнтэй онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрсэн болохыг мөрдөн шалгах албаныхан тогтоосон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүтээлийг жазз найруулгад хөрвүүлсэн “CITY SWING” тоглолт болно

Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт долоон концерт тоглоно.

Энэ долоо хоногт Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох “CITY SWING” тоглолт арваннэгдүгээр сарын 20-нд 19.00 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэнэ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан хурал орхиж гарлаа

УИХ-ын
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын
гишүүд хуралдаанаа орхиж гарлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр,
Д.Хаянхярваа нар хуралдааныг орхиж гарсан юм.

Тус бүлэг
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр завсарлага авах хүсэлт тавьсан ч
өнгөрсөн нэгдүгээр сард уг хуулиар завсарлага авсан байсан тул байнгын хорооны
дарга Д.Батцогт өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүний
дараа дээрх нэр бүхий гишүүд хуралдааныг орхиж гарлаа.

Тус
байнгын хорооны хуралдаан товлосон цагаасаа гурван цагаар хойшлогдож эхэлсэн
бөгөөд Л.Эрдэнэчимэг гишүүн суга таягтай ирж ирц бүрдүүллээ. Тэрээр хөлөө
гэмтээжээ.

УИХ дахь
МАН-ын бүлгийн хувьд ийн хуралдаандаа суухгүй байгаа шалтгаан нь Малчдын
тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг өнөөдрийн байнгын хорооны
хуралдаанаар хэлэлцэж эхлэхийг шаардаж буйтай холбоотой.

Тус
бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг 2
жилийн өмнө санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцүүлэгт
оруулаагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих ашиглах шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа.

1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна.

Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байна.

Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зарцуулж байна.

Технологийн хоцрогдол, техник тоног төхөөрөмж хуучирсан, бетон арматурчлал, суурин барилга байгууламжийн элэгдэл зэргээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна

УИХ-аар сонгуулийн тухай дөрвөн тусдаа хуулийг хэлэлцэх гэж байгаа. Эдгээрээс хамгийн ултай суурьтай, удаан хугацаанд ажилласан төсөл нь Р.Бурмаа нарын гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хууль юм. Энэхүү төсөлд нэр дэвшигчид ард түмэнд өөрийгөө таниулахын тулд сонгуулийн сурталчилгааг яаж хийхийг хэрхэн зохицуулсныг авч үзье.

Хуульд сонгуулийн сурталчилгааг радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэж заажээ. Ингэхдээ зөвхөн сонин хэвлэлийг орхигдуулсан байх юм. Уг заалтаас харахад сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүйг тодорхойлоогүй байгаа юм. Тиймээс сонгуулийн сурталчилгааг хэвлэлээр хийж болно гэж хэнд ч гэсэн бодогдохоор. Гэтэл хуулийн төслийн 71.5 дахь зүйл заалтаар үүнийг түгжиж өгчээ. Тодруулбал, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн байна. Энэ нь эхэнд заасанчлан радио, телевиз, цахим, тараах материалаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар зөвшөөрөхгүй гэсэн үг. Тэгэхээр нэр дэвшигч зөвхөн нэг удаа гурван хэвлэлийн хуудас тараах материал, штаб бол дөрвөн хуудас сонин, сэтгүүл гаргах боломж олгожээ. Энэ бол тогтмол гардаг сонин хэвлэлүүдэд хүртээлгүй заалт юм. Тухайн нэр дэвшигч, нам эвсэлд зориулсан, тэднээс өөр ямар ч мэдээлэлгүй тараах материал. Үнэндээ сурталчилгааг тогтмол, тасралтгүй явуулж байж олонд хүрч, үр дүнгээ өгдөг гэдгийг маркетинг, пиарын мэргэжилтнүүд бүгд мэднэ. Харин радио, вэб сайтууд нийгмийн хүрээг бүхэлд нь хамарч чадах нь юу л бол. Ямар сонин хэвлэл шиг үргэлж ширээн дээр дэлгээстэй байж, хүссэн үедээ эргүүлж уншина гэх биш тухайн богинохон хугацаанд урсаад л өнгөрнө.

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар сониноор сурталчилгаа хийхийг хориглосон. Энэ удаад ч бас Сонгуулийн нэгдсэн хуулиараа сонин хэвлэлийн эрхийг боомилох гэж байна.

Яагаад сонинг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс сугалан авч үзэж байна вэ. Уг нь Үндсэн хуульд хэн бүхнийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт бий. Энэ тухай Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тодорхой заасан байдаг. Иймд сонин хэвлэлийг ялгарварлан үзэж байгааг “Өдрийн сонин” эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Мөн Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сонинуудаа дэмжиж байр сууриа илэрхийлэхийг уриалъя. Ер нь эрх баригчид сүүлийн үед хууль гаргах болгондоо сонинуудыг сурталчилгаа хийхийг нь хориглож, хасч байна. Үүнд орон даяар өдөр тутам, долоо, 14 хоногт тогтмол хэвлэгддэг Монголын бүх сонин, тэнд ажилладаг сэтгүүлчид эрхээ хамгаалан гадуурхалтын эсрэг байр сууриа нэгтгэж тэмцэх хэрэгтэй.

Телевиз, сонин хэвлэл, радио, вэб сайт гээд бүгд ашгийн төлөөх хувийн хэвшлийн байгууллагууд байдаг. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс бусад нь төрөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Цэвэр сурталчилгаанаасаа олсон мөнгөөр санхүүждэг юм. Тиймээс эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ганц мөнгө олдог үе нь сонгууль. Мөн үүнээс гадна төр засгийн бодлого шийдвэр, хийх болон хэрэгжүүлсэн ажлыг нь олон түмэнд илүү сурталчилсаар ирсэн. Тэгтэл Ц.Оюунбаатар гишүүн жилийн өмнө төсвийн мөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилгаа явуулахыг хориглочихсон. Тэгээд дараагаар нь сонгуулийн ажлаас телевиз, вэб сайтыг мөнгө ол гэчихээд сонин хэвлэлийг болохгүй гээд хуулиараа хасчихлаа. Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид яагаад сонинг ингэж ад үзээд, саад тотгор тавиад байна вэ. Гаргалгаа нь тун ойлгомжтой. Сонин бол тэр чигээрээ түүхийн архив. Телевиз, сайтыг бодвол сонин баримт болж үлддэг. Тэд энэ баримтаас айхдаа Монголын сонин хэвлэлийг эдийн засгаар нь боомилж байна. Тиймээс хойт эхийн араншин мэт ялгаварлан гадуурхсан хууль гаргадгаа болих хэрэгтэй. Угтаа бид ч Үндсэн хуулиар олгогдсон мөнгө олох эрхтэй юмсан.

Манайд мөрдөгдсөөр ирсэн Сонгуулийн тухай хуульд бас нэг балай заалт бий. Үүнийг удахгүй хэлэлцэх Сонгуулийн нэгдсэн хуульдаа ч мөн адил тусгасан байна лээ. Тэр нь сонгуулийн сурталчилгааг санал авах товлосон хугацаанаас нэг өдрийн өмнө зогсоох тухай заалт юм. Гадны улс орнуудын жишгээс харахад сонгогчид саналаа өгөх эцсийн мөч хүртэл нь сурталчилгааны кампанит ажил үргэлжилсээр байдаг. Тухайлбал, Австрали байна. Манай сэтгүүлч Э.Энэрэл тус улсын 2013 оны парламентын сонгуулийг сурвалжилсан тэмдэглэлд энэ тухай маш тодорхой мэдээлж байсан билээ. Ер нь бол сонгогчид улс орноо ямар хүнээр удирдуулах гэж байгаагаа мэдэх боломжийг нь санал өгөх эцсийн мөч хүртэл нь ингэж л хангаж өгмөөр байгаа юм даа.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Украин чөлөөт худалдааны бүсийг нээнэ

Украин болон Европын
холбооны чөлөөт худалдааны бүсийг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нд нээхээр
болсныг ерөнхийлөгч Пётр Порошенко мэдээллээ. Ийнхүү ОХУ-ын зүгээс эсэргүүцэж
буй чөлөөт худалдааны гэрээ ирэх нэгдүгээр сараас хэрэгжих эхлэх гэж байна.
Европын холбоонд нэгдэхийн эсрэг ОХУ Украинд олон талаар найр тавьсан боловч
тусыг эс олжээ.

Украины экс ерөнхийлөгч
Виктор Янукович 2013 онд Европын холбоонд нэгдэх болон чөлөөт худалдааны гэрээг
хойшлуулснаас зөрчил үүсч, улс төрийн хямралын эхлэлийг тавьсан билээ. Киевт
бослого гарч засаг солигдсоны дараа Крым болон Украины зүүн хязгаарт салан
тусгаарлах үймээн дэгдсэн юм. Улмаар Крымын хойгийн Оросыг дэмжигчид өнгөрсөн
оны гуравдугаар сард санал асуулга явуулснаар Украинаас салж, ОХУ-д нэгдсэн
билээ. Түүнчлэн Киевийн шинэ засгийн газрыг эсэргүүцсэн Украины зүүн хязгаарын
Оросын талыг баримтлагчид салан тусгаарлах тэмцэл өрнүүлж байна. Украины
засгийн газрын хүчний мэдээлснээр Донецкийн хэд хэдэн тосгонд даваа гаригт
/XI.17/ салан тусгаарлагчид их буугаар буудсан гэнэ. Украины зүүн хязгаарын
зөрчил мөргөлдөөн Минск-2 гэрээний дагуу өнгөрсөн хоёрдугаар сараас хойш
намжаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хурд констракшны барилга дээрээс хүн унаж нас баржээ

Өчигдөр шөнийн 04.00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Төв цэнгэлдэхийн ойролцоо Хурд констракшны барилга дээр ноцтой осол гарч 53 настай иргэн нас баржээ.

Ар гэрийнхнийх нь мэдэгдсэнээр талийгаач барилгын гурван давхарт ажиллаж байтал краны шанага ирж цохисноор барилгаас унасан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д Монгол Улсын 15 000 иргэн хууль бусаар амьдарч байна

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд БНСУ-д Монгол Улсын
иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаар тус улсыг зорих
монголчуудын тоо нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.

БНСУ-д манай улсын 30
мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй
хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг гэнэ. Харин хууль бусаар 15 мянга
орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй
харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих
иргэдийн тоо нэмэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Тулга МАХН-ын нарийн бичгийн даргаар томилогджээ

Боловсрол, соёл, шинжлэх
ухааны дэд сайд асан Б.Тулга МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн
даргаар томилогджээ. Тэрбээр, өмнө нь Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны дэд
сайдаар ажиллаж байсан юм. Дархан-Уул аймгийн харъяат, Америкт боловсрол
эзэмшсэн юм байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Төсвийн алдагдлыг 2017 онд тэглэнэ

-Хариуцлагагүй төсөв баталсны гай тэр жилээрээ дуусдаггүй-

УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна.

Хүчээр түрж өөрчлөлт оруулах боломж байхгүй

-Ярилцах багц сэдэв Үндсэн хуулийн өөрчлөлт. “Эцэг” хуулийг хэрхэн, яаж өөрчлөх талаар улс төрийн түвшинд хэлэлцүүлэг өрнөж эхэллээ?

-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал асуулгыг 24 цагийн турш явуулахад 385 хүн оролцож 57 хувь нь дэмжинэ гэсэн байна. Энэ өөрчлөлтийг Ардчилсан нам санаачилсан. Бусад намын гишүүд ч байгаа. Ирэх жил сонгууль болно. Бид дахиад л улс орноо бодсон алхам хийж байгаа. Энэ дотор дэмжлэг авч байгаа нь ч бий, дэмжлэг хүлээхгүй заалтууд ч бий. Бүгдийг нь Үндсэн хуулийн өөрчлөлт болгож батлах эрх Ардчилсан намд байхгүй. Учир нь нийт гишүүдийн 57 нь зөвшөөрч байж явна. Хоёрдугаарт, энэ удаагийн өөрчлөлтийг Үндсэн хууль дотор байдаг нийт ард түмнээс санал асууж байж шийдье гэж байгаа. Санал асуулга нь дахиад 57 гишүүний кнопоор шийдэгдэнэ.

Тэгэхээр Ардчилсан нам хүссэн хүсээгүй бусад намын гишүүдэд өөрчлөлтийг ойлгуулж дэмжиж өгөөч гэж л гуйж байгаа. Аль алин дээр нь бусад намын гишүүд бидэнд хэрэгтэй. Тэгээд ч хүчээр түрж өөрчлөлт оруулах боломж байхгүй, Үндсэн хуулиараа хаалттай. Энэ олон өөрчлөлтөөс эхний ээлжинд 51, дараа нь 57 гишүүний саналд нийцэх өөрчлөлт нь Үндсэн хуульд орно. Энд 20 орчим санал байгаа ч гурван үндсэн асуудлаар. Үүнээс илүү саналыг ард түмэн гаргаж ирвэл ярилцъя. Тийм санал гарахгүй бол дэвшүүлсэн асуудлаа л яръя гэж байгаа юм. Ер нь бол 2000 оны өөрчлөлтөөс хойш 15 жилийн турш яригдсан асуудлуудыг нэгтгээд хэлэлцүүлэгт оруулъя гэсэн яриа л байгаа. Түүнээс Ардчилсан нам энэ асуудал дээр хатуу байна энэ нь байхгүй болох юм бол тэр асуудал байхгүй шүү гэж ярихгүй байгаа. Харин хэн ч маргахгүй байгаа зүйл нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ мэд гэдэг заалт байна. Сумын Засаг даргаа шууд сонгоё гэдэг заалт байна.

-Өрнөж байгаа шүүмжлэлийн тухайд?

-УИХ-ын гишүүд 99 болж олон дарга гарч ирэх нь гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тэгэхээр 1992 онд буюу 23 жилийн өмнө хоёр сая монголчуудыг 76 гишүүн төлөөлдөг байжээ. Одоо гурван сая монголыг 76 гишүүн төлөөлж байна. Юу өөрчлөгдсөн бэ гэвэл нэг гишүүний эрх мэдэл нэмэгдсэн. Үүнийг задлахгүй бол болохгүй. Төлөөлөх чадвараа сайжруулах зорилгоор хийж байгаа болохоос дарга нэмэхийн төлөө ингэж өөрчлөх гээд байгаа юм биш. Гишүүдийн тоо хэд байхыг өнөөгийн гурван сая хүнтэй харьцуулбал 120 гаруй байх ёстой. Гэхдээ бид 99 болгоё л гэж байгаа. Ер нь 20-н хэдэн жилд гишүүдийн тоог нэмж байхгүй бол болохгүй.

УИХ-ын Тамгын газар тооцоо хийж үзсэн. 99 гишүүнтэй болчихвол жилдээ таван тэрбум төгрөг л нэмж шаардагдах юм билээ. 20 километр засмал зам тавих мөнгө гэсэн үг. Ийм төлөөсөөр ард түмэн төлөөллөө сайжруулж болно. Ер нь бол Үндсэн хуулиа Монгол Улс 20 орчим жилд нэг удаа өөрчилж байсан байна. Анхны Үндсэн хуульд 1924 онд батлагдаж, 1940, 1960 онд өөрчлөөд 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр өнөөдрийн өөрчлөлт 20 гаруй зүйл юм шиг боловч гурван үндсэн өөрчлөлтийг л оруулахаар байгаа. Яг үнэндээ манай Үндсэн хуульд засаглалын гурван багана буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэргүй байгаа.

УИХ хамгийн дээд байгууллага гээд Үндсэн хуульдаа биччихсэн. Энэ гурван байгууллагын тэнцвэр юугаар хангагддаг вэ гэвэл нэгэнтэйгээ балансжсан эрх мэдэл. Гэтэл Ерөнхийлөгч гэдэг энэ гурван баганын алинд нь байх нь ойлгомжгүй институт байна. Тэр нь 1992 оны хуулиар гүйцэтгэх засаглалын хүрээнд байхаар орж ирсэн. Тэгээд бүх ард түмнээс биш УИХ-аас сонгодог болгох санал байна. Бүх ард түмнээс сонгогдчихоор чанарын өөрчлөлт гарчихаад байгаа. Манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн ч болох. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай бол АНУ шиг Ерөнхийлөгч нь өөрөө Ерөнхий сайд байх ёстой. Гэтэл тийм биш. Дахиад УИХ-аас сонгодог Ерөнхий сайдтай байх гэх мэтээр будилуулаад байгаа учраас сонгодог эрх мэдлийн хуваарилалт нь зөв оноогдсон Үндсэн хууль болгож хувиргая. Тэгэхгүй бол хүнээсээ үл хамаараад хүндрэлүүд гараад байна. Бас л өнгөрсөн хугацааны сургамж дээрээ тулгуурлаж ярьж байгаа. МАН-ынхан цаг байхгүй гээд байна. Тэгвэл цаг нь хэзээ юм.

-Шүүмжлэл нөгөө талд байх шиг. Энэ парламентийн нэр хүнд, үнэлэмж муу гэх мэтээр үргэлжилж байна?

-Бүх парламентийн үнэлэмж муу байгаа. Дараагийн парламент ч ялгаагүй. Энэ парламент өөрийнхөө бүрэн эрхийг таван жил болгох гэлээ гээд байгаа. Бидний сонгогдох сонгогдохгүйг ард түмэн л мэднэ шүү дээ. Ямар ч парламентийн талаас илүү нь дахин сонгогддогүй юм билээ. Өөрчилж амжихгүй бол энэ бүх ойлгомжгүй байдал үргэлжлээд л явна. Сайд нь Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй, сумын Засаг даргаа иргэд нь сонгож болохоор байтал 11 ИТХ-ын гишүүний үгээр явдаг Засаг даргатай байна гэх мэтээр өнөөдрийн бүх асуудал үргэлжилнэ. Үүнийг дөрөв, найман жилээр сунгах ямар шаардлага байна. Өнөөдөр засах боломж байхад. Засах гэж байгаа парламенттай нь биш доторх агуулгатай нь ярих хэрэгтэй.
Н.Батбаяр гишүүнийг дооглоод 99 тэнгэр гэх мэтээр ярьж байна. Асуудал нь 99 гэдэг тоо яаж гарсан бэ гэдэгт л байгаа. Таван жил гэдэг тоо ч ялгаагүй. 2008 оны зун УИХ-ын, намар нь орон нутгийн сонгууль явсан бол 2009 оны зун Ерөнхийлөгчийн сонгууль явсан. Ингээд 2011 оноос сонгуульдаа бэлдээд эхэлчихэж байх жишээтэй. Ерөөсөө улстөрждөг жилээ нэг болгож ажил хийдэг жилээ дөрөв болгох санаа.

Төсөв гэдэг 76 гишүүний хамтын бүтээлийн үр дүн

-Өнгөрсөн баасан гаригт ирэх оны төсвийг баталлаа. Төсвийг батлахад та “Энэ төсөв алдагдалтай, сайн ч, муу ч та бидний тусгал” хэмээн хэлж байсан?

-Төсөв хэлэлцэх үеэр хатуу үг хэлсэн л дээ. Ер нь бол 76 гишүүн кнопоо хааш нь дарахаас хамаарч төсөв ямар болж батлагдах вэ гэдэг нь шийдэгддэг. Түүнээс биш дотор нь суучихаад гэнэт саран дээрээс ирсэн юм шигээр “алдагдалгүй төсөв батлах байсан юм. Яагаад…” гэх мэтээр хэлэлцүүлгийн үеэр яриад эхлэхээр нь үг хэлсэн. “Ерөөсөө 45 хоног ажилласан ажлын чинь үр дүн. Хэн нэгэн, иргэн Доржоос асуух боломж байхгүй” гэж. Төсөв гэдэг 76 гишүүний хамтын бүтээлийн үр дүн. Сонгуулийн жилийн төсөв бол онцгой байдаг. Жишээ нь, Ерөнхий сайд асан Сү.Батболдын батлуулж байсан 2011 оны улсын төсвийг сая баталсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын төсөвтэй харьцуулвал чанарын ялгаа их байгаа юм. Яагаад гэвэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийн алдагдлыг үндсэнд нь 0.1 хувиар л өсгөлөө.

Засгийн газрын оруулж ирсэн бүхий л саналыг зөвшөөрсөн гэсэн үг. С.Батболдын үед байхгүй нэг их наяд төгрөгийн орлого бичээд хийхгүй нэг их наяд төгрөгийн зарлага бичсэн юм. Би тэр үед сөрөг хүчин байсан. Тэгэхэд гишүүд бүтэх, бүтэхгүй нь хамаагүй объект эхлүүлье гэсэн. Жишээ нь таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай сургууль байлаа гэхэд 50-100 сая төгрөгөөр эхлүүлдэг байлаа. Тэгээд хэмжээ хязгааргүйгээр хэдэн мянган байшин барихаар бичиж төлөвлөдөг. Зарим байшин нь одоо болтол баригдаж дуусаагүй байна. Н.Алтанхуяг болоод Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь Сү.Батболдын Засгийн газрын хариуцлагагүй баталсан төсвийг одоо болтол үнийг нь төлөөд, дуусгах гээд л явж байна. Энэ жил орсон бүх объектийг Ардын намын саналаар хассан. Тэгэхээр хариуцлагагүй төсөв баталсны гай тэр жилээрээ дуусдаггүй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Сонгуулийн жилийн төсөв гэдэгт?

-Ирэх жил сонгууль болно гэдгийг би Ардчилсан намын даргын хувьд мэдэж байна. Гэхдээ түрүүчийн Ардын намын Засгийн газар шиг хариуцлагагүй ажил хийхгүй. Яагаад гэвэл нэг удаагийн сонгуульд ялахын тулд улс орныхоо эдийн засгийг алж болохгүй. Тийм учраас Засгийн газрын оруулж ирсэн алдагдал хэвээрээ батлагдсан гэж болно. Дотор нь зарчмын өөрчлөлтүүд орсон. Жишээ нь, бүх төрийн байгууллагын урсгал зардалыг 10 хувиар хасах байсныг багш, эмч, цагдаа гэх мэт байгууллагуудынхыг болиулсан. Ямар байгууллагын урсгал зардлыг хасахаар болсон бэ гэвэл УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, агентлагууд, аймгийн захиргаадад урсгал зардлын 10 хувьтай тэнцэх хасалт хийгдсэн. Зарим газар цомхотгол хийж болно.

Жишээлбэл, УИХ цомхотгол хийхгүй. 430 орон тоотой. 10 хувийн цомхотгол хийх юм бол 43 хүнээ ажлаас чөлөөлөх болж байгаа. Би 43 хүнээ халахын оронд гишүүдийн хууль санаачлах 10 сая төгрөгийг алга болгож байх жишээтэй. Энэ мэтээр төсвийн ерөнхийлөн захирагч бүрт дотроо асуудлаа шийдэх эрх өгсөн. Урсгал зардлынхаа ашигладаггүй буюу онцын шаардлагагүй хэсгээ цалин руугаа шилжүүлэхийг зөвшөөрсөн. Нийт дүндээ зардал хасагдсан, шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Олон сайн зүйл энэ төсөвт байна. Сонгуулийн жилийн төсөв, бид дараа жил Засгийн эрх барих юм биш гэж үзээд 2011 онд хариуцлагагүй төсөв баталсан байна. Харин бид сонгуульд ялна. Тэртээ тэргүй асуудал бидний нуруун дээр ирэх учраас хариуцлагатай төсөв баталъя гэж байгаа.

Эдийн засаг тогтворжиж, бодит хөрсөн дээрээ бууж байна

-Эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтүүд дээр зөрүү гараад байсан уу?

-Төсөв хэлэлцэнэ гэдэг төсөөллүүдийн цуглуулга. Манай гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ ирэх жил тэд байна гэх. Нэг ёсондоо прогноз. Хэд болохыг хэн ч мэдэхгүй. Прогнозыг 100, 50 жилээр гэх мэтээр бусад харгалзаж үздэг үзүүлэлтүүдээр нь гаргана. Төсөв хэлэлцэж байхад нэг зүйл гарсан. Тэрийг шалгах үүргийг өгчихсөн байгаа. Тэр нь Оюутолгойгоос гардаг алтны хэмжээ дахин багасна гэсэн прогноз ирээд түүнийг нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк үндэслэж зөвхөн авах татвар нь 12 тэрбум төгрөгөөр тасарчихаж байна. Энэ мэтээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк төсөөлөл хийж болох боловч би Сангийн яам, Монголбанкныхаа гаргаж байгаа тоонд итгэнэ. Ч.Хүрэлбаатар мэтийн гишүүд тэднийхийг зөв гэж харж байгаа юм билээ. Би бол өөрийнхөө байгууллагад итгэж байгаа. Монгол Улсынхаа Уул уурхайн яаманд итгэнэ. Юуг яаж төсөөлөх вэ гэдэг л асуудал байгаа. Та зэсийн үнийг мянган ам.доллар болно гэж итгэж байгаа бол би таван мянган ам.доллар байна гэдэгт л итгэж байгаа хэрэг. Ийм л ялгаа байгаа. Үүн шиг 10-20 төсөөлөл дээр суурилж төсвийг хийдэг. Заримдаа ононо. Заримдаа онохгүй.

-Төсөв батлагдчихлаа. Ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байх дүр зураг байна вэ. Шинэ тэнцвэр гэсэн яриа хэллэг ч гараад ирсэн байна?

-Дэлхий даяараа шинэ нөхцөл рүү шилжлээ гэж ярьж байна. Хятадын 20-30 жил үргэлжилсэн жилийн хоёр оронтой өсөлт алга болсон. Манай урд хөрш шинэ төлөв байдлаа долоон хувьд барина гээд түүнийгээ ньюнормал гэж нэрлээд байгаа. Монгол Улсад бас ийм хэрэгцээ гарсныг бид шинэ тэнцэл тогтвортой өсөлтөд суурилсан шинэчлэл гэж нэрлээд байгаа. Бид 2012 онд жилийн 14 хувийн инфляц хүлээж авсан бол энэ оны эцэст 3.4 хувьд хүргэж бууруулах төлөвтэй байгаа. Инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэдэг зорилтыг 25 жилд тавиад анх удаа буюу 2015 онд нэг оронтой тоо руу оруулж байна. Энэ нь ямар боломжийг бидэнд олгож байгаа вэ гэвэл шинэ тэнцэл рүү биднийг хөтөлж байгаа. Яг үнэндээ гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдсан, хүний мөнгөөр хүүдэгнэнэ гэдэг шиг Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд дууссан.

Монгол Улсад яг өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах цорын ганц салбар л байгаа. Тэр нь уул уурхай. Бусад салбар нь мөнгө шингээх чадваргүй байна. Уул уурхайд хэзээ хөрөнгө оруулалт орж ирдэг юм гэвэл уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байхад л орж ирнэ. Хөрөнгө оруулагчид тэнэг биш учраас ашиг олохоо л урьтал болгоно. Үнэ уначихаар хэн хөрөнгө оруулах вэ, хэн ч хөрөнгө оруулахгүй. Өнөөдөр эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай явдаг олон орон манайхаас ч хүнд байдалд орчихсон байна. Хэдэн зуун мянган уул уурхайн ажилтан нь ажилгүй болсон. Мөнгөнийх нь ханш 30-40-50 хувиар унаж байна. Бидний улсын төгрөг гадаадын валюттай харьцахдаа 1400-1800 болсон. Одоо ямар нэгэн интервенцгүйгээр төгрөг 2000 орчимд байгаа нь олборлож байгаа, гаргаж байгаа, олж байгаа бүхний тэнцэлд байгаа юм. Хөөснөөсөө салаад хөрсөн дээрээ буусан. Төлбөрийн урсгал тэнцэл, валютын алдагдал нь ДНБ-ний 27 хувь байсан бол одоо зургаан хувь болчихож. Арай нэмэх болж чадаагүй. Үүгээр бид зээлийн хүүг бууруулж болж байгаа юм.

-Мөнгөний бодлогод ямар гарц байгаа вэ?

-Мөнгөний бодлого дээр жилийн 1-3 хувь гэдэг бол зээлийн хүү дахиад л хоёр оронтой тоонд байна гэсэн үг. Тэгэхээр аль ч улсын төв банк ямар зээлийг ямар хүүтэй байлгах вэ гэдгийг шийддэг. Ипотекийн зээл байна. Манайд энэ төрлийн зээл байдаггүй байсан бол өнөөдөр нийт зээлийн 30 хувьд хүрчихэж. Шууд хэлбэл бид нийт зээлийнхээ 30 хувийг нэг оронтой тоо руу оруулчихлаа гэсэн үг. Оруулаад гурван жил болж байна. Манайхан үрэлгэнээс хуримтлалтай болж эхэлж байна. 75 мянган өрх сар бүр мөнгөө хуримтлуулж байна. Урьд нь тэр мөнгө импорт руу явдаг байсан. Эрээний хувцас руу, Иркутскийн шатахуунд, Япон, Солонгосын хуучин машинд явдаг байсан бол одоо үр хүүхэддээ өвлүүлж өгөх хөрөнгө болоод л үлдэж байна. Тэгэхээр инфляци буурсныг ашиглаад зээлийнхээ хүүг яаж бууруулах вэ гэдэг Монголбанкны төлөвлөгөө гарсан.

Зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулж болохоор байна. 2012 онд нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу жишээ нь хавар мах ховордохоор үнэ нь өсөөд нийт инфляцид нөлөөлчихдөг байсан бол одоо тэр нь алга болсон. Яаж алга болсон бэ гэхээр муу хэлүүлээд байдаг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд их олон агуулах барилаа. Ингэснээр барааны үнийг өсгөж тоглодог их олон ченжүүд ажилгүй болсон гэсэн үг. Одоо зах зээл өөрийнхөө, өрсөлдөөн дээр л бүрдэж байна. Инфляц 3.4 хувьтай байна гэдэг сар, жил бүр таны халааснаас авдаг байсан 10 хувийн татвараа улс авахаа больж байна гэсэн үг. Эдийн засаг тогтворжиж байна.

Гадаад худалдааны тэнцэл манайхны хамгийн их галзуурсан жилүүдэд буюу 2010, 2011, 2012 онд хамгийн их алдагдалд орж, хамгийн их валют гадаад руу урсч байсан байгаа юм. Нөгөө 17 хувийн өсөлттэй жилүүдэд. Сүүлийн 2014 он буюу 2015 оны эхний аравдугаар сарын үзүүлэлтээр Монголд валют үлдэх болж. Бид эсрэгээр нь илүү их зүйлийг гаргаж, бага юм авч байна гэсэн үг. Мэдээж ханш нөлөөлж байгаа. Одоо Эрээн хоосорч байна. Үйлдвэрүүд нь хаалгаа барьсан. Гурван цементний үйлдвэр байдаг байсан бол хоёр нь хаагдсан. Хаагдсан үйлдвэрүүдийн орон зайг Хөтөл, Монполиментийн цементийн үйлдвэр эзэлсэн.

17 хувийн өсөлт тогтворгүй өсөлт байсан гэдэг нь ч нотлогдож байгаа. Нэг удаа тохиолддог буюу Оюутолгойг үйлдвэрээ барьж дуусмагц тэр өсөлт алга болсон. Тэгэхээр бид одоо гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр валютынхаа урсгалыг тэнцүүлж чадлаа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл сайн. Гэхдээ хөрөнгө оруулалт биднийг сайн гуйчихвал ороод ирдэг юм биш. Зүгээр л үнэ өндөр байвал орж ирнэ. Тийм учраас зөвхөн уул уурхайд түшиглэж болохгүй гэсэн том сургамж үлдсэн. Одоо хөдөө аж ахуй, аялал жуулчлал бусад салбараа хөгжүүлэх талаар идэвхитэй хөөцөлдөхгүй бол сургамжууд бидэнд амьд хичээл боллоо.

-Шийдвэр гаргах түвшинд сургамжаа хэр авсан бэ гэдэг асуулт тавигдана. Олсноо үргүй тараадаг тал бий?

-2012 оны сонгуульд Ардчилсан нам мөнгө тараахгүй гэж орсон. Тэр амлалтаа одоо хүртэл биелүүлж байна. Ирэх онд төсвийн алдагдал -3.4 байхаар батлагдсан. Энэ зорилго биелнэ. 2017 онд тэглэнэ. Яагаад гэвэл өрөө төлөх нөөцөө гаргаж байгаа хэрэг.

-Одоо л төсөв баталж сурах гээд байна уу?

-Төсвийн илүүдэл зардлыг хасах нь тийм амар байдаггүйг ойлгох хэрэгтэй. Төсөв хасна гэхээр яах вэ. МҮОНРТ-ийн зардлыг өнгөрсөн жил 50 хувиар хассан. Өнөө жил 50 хувиар буулгаж болно гээд л санал хураачихдаг. Гэтэл үүний ард маш олон хүний амьдрал байна. Тийм учраас хүссэнээрээ зарлагыг тэглэж болохгүй байна. Хэт их орлоготой үедээ хамжааргатай зарцуулж сураагүй учраас зарлагаа хэтэрхий өндөрт гаргачихсан. Орлого алга болохоор агшааж чадахгүйн зовлон байгаа. Гэхдээ Сангийн сайд хоёр жилийн дотор орлого, зарлагаа нийлүүлэх төлөвлөгөө ирүүлснийг нь УИХ баталж өгсөн. 0.1 хувийн золиостойгоор. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ.