Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэв

Ардчилсан хувьсгалын анхлагчдын зөвлөл /АХАЗ/ төрийн бус байгууллагаас өнөөдөр МҮОНТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг байгууллага Ардчилсан хувьсгалыг орон нутагт хийж байсан анхдагчид нэгдэж байгуулжээ.

Тэдний зүгээс Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа бөгөөд ард түмний санал асуулгыг явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Энэ талаар АХАЗ-ийн тэргүүн Д.Хархүү “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал аль эртнээс яригдаж эхэлсэн боловч өвлийн хүйтэн өдрийн давчууд Ардчилсан үндсэн хуулийг яаран өөрчилвөөс сайнаас муу үр дагаварт хүргэж болохын дээр дахин найман жил Үндсэн хуулийн асуудлыг хөндөх эрхгүй болох учир энэ удаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж болохгүй гэж үзэж байна.

Үндсэн хуульд яаравчлан өөрчлөлт оруулах гээд байгаа нь цаг хугацааны хувьд ирэх жил болох сонгуулиар ялсан намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх далд бодлого нуугдаж байж ч болзошгүй” гэв.

Мөн тэдний зүгээс одоо буруу томъёоллоор ард түмний санал асуулга явуулбал ахин найман жил гар хүрэх боломжгүй болох бөгөөд цаг хугацааны хувьд давчуу байгааг хэлж байлаа.

АХАЗ-ийн УЗ-ийн гишүүн Б.Өлзийсайхан энэ бүхнийг дүгнээд “Үндсэн хуулийг өөрчлөх биш Үндсэн хууль руу уулгалан дайрч байна” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн ханиад, амьсгалын замын өвчнөөс сэрэмжлүүлж байна

Хүйтэн сэрүүний улиралд бага насны хүүхэд ханиад хүрч, цаашлаад уушгины хатгаа тусах эрсдэлтэй байдаг. Тэгвэл бага насны хүүхэд энэ төрлийн өвчин тусахаас урьдчилан сэргийлэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.

Хүүхэд тань ханиаж халуурах, зовиурлаж уйлах, хоолонд дургүй болох, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ амьсгалыг тоолж сурснаар уушгины хатгаа туссан эсэхийг мэдэх боломжтой гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сургалт сурталчилгааны албаны дарга н.Галбадрах хэллээ. Улсын хэмжээнд тав хүртэлх насны хүүхэд уушгины хатгаа тусах нь ихэсч байгааг эмч нар хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашин ачих, түр саатуулах шинэ журам хэрэгжинэ

Автомашин ачих, түр саатуулах журам удахгүй дахин хэрэгжиж эхэлнэ. Албан ёсоор хэрэгжиж эхэлтэл нэгдүгээр эгнээд машинаа тавибал 9200 төгрөгөөр торгож байна.

Автомашин ачих, түр саатуулах шинэ журмыг Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталсан. Харин торгуулийн үнийг тогтоох, ачилтын 14 компанитай шинээр гэрээ хийх ажлыг НЗДТГ хариуцан ажиллаж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвд зөвхөн 11 дүгээр сарын 16-ны байдлаар нэгдүгээр эгнээний 1505 зөрчил бүртгэгджээ. Үүний дийлэнх нь түр зогсохыг хориглосон газар машинаа байрлуулсан байна. ЗЦГ-аас зургийн аппаратаар баримтжуулсан зөрчлөө Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлснээр эдгээр зөрчил гаргасан хүмүүст гэрт нь торгуулийн хуудас очиж байгаа юм.

Мөн хяналтын камераас гадна явуулын камертайгаар зөрчлүүдийг баримтжуулж байна. Ингэснээр хяналтын камергүй, зөрчил хамгийн ихээр гардаг хотын захын замд явуулын камер ажиллаж замын хөдөлгөөний зөрчлийг хянах боломж бүрджээ.

Categories
гадаад мэдээ

Жүжигчин Чарли Шин ДОХ-ын халдвар авсанаа зарлажээ

Саяхан 50 нас хүрсэн жүжигчин Чарли Шин NBC телевизийн шууд ярилцлагад оролцох үеэрээ өөрийнхөө биеийн байдлын талаар илэн далангүй ярив.”Надад энэ гурван үсгийг хэлэхэд хүнд байгаа ч энэ бол ДОХ.Сүүлийн үед толгой байнга өвдөх болсноор би эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэсэн.Тархитай холбоотой ямар нэгэн асуудал үүссэн байх гэж таамаглаж байсан ч эмч нар надад ийм үр дүн танилцуулсан” хэмээжээ.Тэрээр цааш нь энэ бүх үнэнийг дэлгэснээр өөрийг нь болон ойр дотныхныг нь үзэн ядаж гадуурхахгүй байхыг олон нийтээс хүсчээ.

“Уолл Стрийт”,”Хамгийн аймшигтай кино”,”Мөнгө бүхнийг шийддэг” зэрэг олон кинонд тоглосон Чарли Шин сүүлийн жилүүдэд Two And A Half Men цувралаар эргэж ирээд байсан билээ.Чарли Шин нь гур удаа гэрлэж байсан,таван хүүхэдтэй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Ганбаатар дахин шилдэг зураачаар шалгарчээ

АНУ-ын Охайо мужид олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 24 дэх чуулган энэ сарын 8-13-нд болж 200 гаруй уран бүтээлж оролцжээ. Шилдэг зураачдыг тодруулдаг тус чуулганд Монголоос зураач Ч.Ганбаатар өнгөний гүйцэтгэл ангилалд тэргүүн байр, Л.Мөнхтөр гайхалтай гурван хэмжээст арга барил төрөлд II байр эзэлжээ. Мөн шилдэг 10 шог зураачийг шалгаруулахад Ч.Ганбаатар V байрт орсон байна.Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын Невада мужийн Рено хотод болсон чуулганд оролцож 250 гаруй зураачаас шилдэг өнгөний гүйцэтгэл, хэтрүүлэгтэй хэв маяг, Исайл Ролданы нэрэмжит болон Себастиан Крүгэрийн нэрэмжит “Хүндэт зочин” шагналын эзэн болж шилдэг 10 бүтээлээс IV байрт орж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Цасан бүрхүүл нэмэгдэж, хүйтэрнэ

Энэ сарын 15-16-нд орсон цасны улмаас манай орны нийт нутгийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож, Багахайрхан, Хөх дэл отрын бүс нутгаар 10-16 см, Хэрлэнбаян-Улаан, Чилэн, Аргалант отрын бүс нутгаар 6-11 см зузаан цастай болжээ.

Цас орж хүйтэрсний улмаас Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Хэнтий аймгийн голуудын сав, хонхор хотгор газруудаар агаарын температур шөнөдөө -25-32 градус хүрч хүйтэн хонож байна.

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр цаашид цас нэмэгдэж, хүйтрэх тул зам, даваа цасанд хаагдах, зам талбайд халтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдөх, төвлөрсөн халаалттай газруудад таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цуцална

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад иргэд визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон юм. Харин дээрх визний хөнгөлөлтийг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгож, дахин сунгахгүй байхаар болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Энэ шийдвэр нь ирэх онд Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж.

Ирэх онд зохиогдох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж, энэ оны улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан бол ирэх оны улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар тусгажээ. АСЕМ-тай холбоотой бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх Баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд танилцуулах аж.

Categories
мэдээ спорт

“Чиндао”-ийн гранприд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо

Энэ сарын эхэнд “Абу Даби”-ийн их дуулгад манай жудочид оролцоод ирсэн. Тэгвэл ирэх амралтын өдрөөр буюу арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чиндао”-ийн Гранпри тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Монголын баг тамирчдаас нийт 19 бөх зодоглох бөгөөд нэрсийг нь танилцуулж байна

Эрэгтэй:
60 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн /”Женко” клуб/
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/

66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /”Хилчин” спорт хороо, “Женко” клуб/
ОУХМ Батцэцэгийн Батгэрэл /”Женко” клуб/

73 кг-д Наранхүүгийн Хадбаатар /”Женко” клуб/

81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /”Хангарьд” спорт хороо/
ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /”Хангарьд” спорт хороо/

90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/

-100 кг-д Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /”Женко” клуб/

+100 кг-д ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр /”Хангарьд” спорт хороо/

Эмэгтэй:
48 кг-д Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /”Женко” клуб/

52 кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон /”Женко” клуб/
ОУХМ Балжиннямын Бат-Эрдэнэ /ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/

57 кг-дОУХМ Доржсүрэнгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо/
ОУХМ Алтайгийн Батзул /”Хангарьд” спорт хороо/

63 кг-дОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /”Ажнай”/
ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /”Женко” клуб/

-78 кг-дОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд /”Женко” клуб/

+78 кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа /”Женко” клуб/

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хороололд гал гарч байна

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт ухаа 1” хорооллын 726 дугаар байранд гал гарч байна. Гал унтраах ангийнхан уг хороололд очсон хэдий ч оршин суугчид машинаа зам хааж тавьснаас гал гарч буй байранд ойртож очиж чадахгүй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдүүдэд мөнгө олгоно

Ирэх онд Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшинөөс хамаарч олгохоор болсон. Тодруулбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим өрхийн хүүхдэд тус мөнгийг олгох аж. Харин амьдралын боломжтой, амьжиргааны төвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд авахгүй болжээ.

Амьжиргааны төвшин дунд, эсвэл тааруу хэрнээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд ороогүй хүмүүс 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой аж. Ирэх оноос тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилж багасгасан ч, нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах бүлэгт багтаж байгаа гэнэ.