Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлжээ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн нэр бүхий 13 хуульчийг шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр болон татгалзах болсон үндэслэл, шалтгааныг тодруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүлжээ.

Мөн эдгээр 13 хуульчийг шүүгчээр дахин томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсоныг залруулахыг хүссэн албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Монголын Хуульчдын холбооны төлөөллөөр сонгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нарт илгээсэн байна. Тус албан бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль бус үндэслэлээр шүүгчдийг чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж буй байдлыг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүсчээ.

Учир нь Шүүх байгуулах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо 12 хуульчийг шүүгчээр буцаан томилоогүй, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон билээ. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр дахин батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 110, 111 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий хуульчийг шүүгчээр дахин томилоогүй юм.

Иймд Монголын Хуульчдын холбоо нь шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилохдоо томилохоос татгалзах жишиг тогтоох, өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилж байгаа нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж дээрх албан бичгүүдийг илгээж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цогц лабораторитай хүнсний зах нээгдлээ

“Сэлэнгэ” хүнсний худалдааны төв Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өнөөдөр нээлтээ хийлээ. Нийт 7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт 300 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа аж.

Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм байна.

Өөрөөр хэлбэл, “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв ийнхүү ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдлээ. Тус төвд хүнсний ногоог нийслэлдээ хамгийн хямдаар зарж байгаа аж.
“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоороо шийдэж өгснөөрөө давуу талтай юм байна. Лангууны түрээсийн хувьд орон нутгийн жишиг үнэ байх төдийгүй ногоочид жилийн дөрвөн улирлын турш төмс, хүнсний ногоогоо зарж, борлуулах боломж бүрдэж байгаа аж.

Үүнээс гадна тус худалдааны төвд хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтын загвар лаборатори байрлаж байна. Тус лаборатори хүнсний бүх төрлийн шинжилгээг хийж, баталгаажуулснаар чанар, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй болох юм. Дашрамд дурдахад, “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-ийг Аж үйлдвэрийн яамтай байгуулсан концессын гэрээгээр “Тайж” группын салбар “Сайхан Монгол” ХХК барьж, ашиглалтад оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд тос, тосолгооны материал үйлдвэрлэнэ

“Сод Монгол” группын удирдлагууд Германд айлчлах үеэр Монгол Улсад анхны автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болох гэрээ хийжээ. “Жилдээ 15 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ бэлэн болсон. Ирэх долдугаар сараас үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. 2018 оны эхний улирал гэхэд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болсон байна” хэмээн тэдний зүгээс мэдэгджээ.

Энэхүү төслийг Германы “EDL AnlagenbauGesellschaftmbH” компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 42 сая ам.доллар. Санхүүжилтийн дийлэнх хувь болох 28 сая ам.долларыг ХБНГУ-ын “Union Credit” банкнаас урт хугацаат хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 7.7 сая ам.долларыг “Сод Монгол” группийн охин компани болох “Интер стандарт нефть” ХХК өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Үлдсэн 14 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нэг их том биш ч Европ стандартын үйлдвэр байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашигтай. Монгол Улсын хувьд моторын тос гаднаас бүрэн хараат байгаа. Энэ нь эдийн засгийн сайн үр дагавар авчрахгүй тул Засгийн газар анхаарч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй газар барилга барьсныг бүртгээгүй байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн Байгаль орчин,
ногоон хөгжлийн газрын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ
дүгнэлт нь зарим төслүүдэд дутагдалтай хийгдсэн, 2014 онд НЗД-ын А/479 дугаартай
захирамжаар олгогдсон замын зориулалтаар авч ашигласан талбайд нөхөн сэргээлт
хийгээгүй. Нөхөн сэргээлт хийсэн тухай холбогдох баримт бичиг дутуу, мөн тус
газрын зарим байгаль хамгаалагчид тухайн хариуцаж байгаа нутаг дэвсгэрийн ан
амьтан, ургамал, хожуулын тоо ширхэг, хамаарч буй талбай, ой, усны сан газарт
зөвшөөрөлгүй барьсан барилга, байшингийн бүртгэл судалгаа хийдэггүй зэрэг
зөрчил илэрчээ.

Мөн орчин зүйн дэвтрийг зөвхөн өдрийн тэмдэглэлээр
хязгаарлагдаж, зөрчлийг хэрхэн арилгасан талаар бүртгэл хөтөлдөггүй зэрэг
зөрчил дутагдал илэрсэн байна. Эдгээрийг арилгах улсын ахлах
байцаагчийн албан туршлагыг тус газар хүргүүлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэг хадгалсан, зарсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ

Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянзүрх дүүргийн арвантавдугаар хорооний 13 дугаар хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” Олон улсын худалдааны төвд тодорхой шалгалтын ажиллагаа явуулж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгсэлийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдүүдийг Нарантуул ОУХТ-өөс саатуулсан байна.

Нарантуул” ОУХТ Өргөтгөлийн хэсгийн чингэлэгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориуллаттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн буунуудын сумнууд нийт 6000 гаруй ширхэг хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хураан авсан байна. Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарж борлуулсан үйлдэлд нэр бүхий дөрвөн иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т зааснаар тус хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн урьдчилан хорих 0461-р ангид сэжигтэнээр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн I, II зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын их хурлаас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэгдэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр дүгнэлт гаргажээ.

Шүүх байгуулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, хоёрдугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаараа үзсэн байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Цэцийн шийдвэрийг хүлээн авч, алдаагаа засах хэрэгтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх үеэр танилцуулах баримтуудаа цуглуулан, үндэслэлээ сайн боловсруулах хэрэгтэй гээд Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг харуулж байна гэж хэлсэн.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үеэр тус цэцийн гишүүд үндэслэл, тайлбар сонсохгүй, шинжлэх ухааны яриа, судалгааны тоо баримтыг авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан хэмээсэн. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Шүүх байгуулах тухай хуулийн дээр дурдсан заалт тус бүрээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Энэ өдрийн хуралдаанаар Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томиллоо.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд талархав

Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Онцгой комиссын дарга
Ц.Оюунбаатар “Зууны мэдээ” сонины хамт олонд Галын аюулгүй байдлын
тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрсдлээс сэргийлж ажилласанд нь талархал
дэвшүүлжээ.

Уг талархалд, ““Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр иргэн
С.Эрдэнэ шатамхай шингэн ашиглан өөрийгөө галдан шатаахыг оролдож, өөрийн болон
бусдын амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэсэн байна.

Энэ үед танай “Зууны мэдээ” сонины удирдлага, хамт олон Галын
аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг, байгууллагын дотоод журам,
ОБЕГ-ын зүгээс тавигдсан шаардлагыг ханган ажиллаж, эрдэнэт хүний амь нас
эрсдэх, галын онцгой аюул нүүрлэх, их хэмжээний хохирол амсах, олон иргэд эрүүл
мэнд, амь насаараа хохирох зэрэг олон эрсдлээс сэргийлж ажилласанд Онцгой
байдал эрхэлсэн сайдын хувьд талархал илэрхийлж байна.

Танай туршлагаар бүх аж ахуй нэгж, албан байгууллага аливаа гамшиг
осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшгийн үед ажиллах
тоног төхөөрөмж, галын хор бэлдэх, ажилчиддаа осол гамшгийн үед ажиллах дадал
олгох, сургалт явуулах ажлыг тогтмол гүйцэтгэж байхыг анхааруулж байна”
гэжээ

Categories
гадаад мэдээ

Парист буудалцаан болов

Францын нийслэл Парис хотод дахин буудалцаан болжээ. Тодруулбал, өнөөдөр нийслэл хотын хойд хэсгийн Сент Денис дүүргийн ойролцоо цагдаанхан халдлагад сэжиглэгдэж буй этгээдүүдтэй буудалцжээ. “BBC” агентлагт мэдээлснээр буудалцааны үеэр нэг цагдаа шархдаж, хоёр сэжигтан амиа алдсан байна. Амиа алдсан этгээдүүдийн нэг нь гэмт халдлагын удирдагч байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан Абделхамид Абаоуд гэх этгээд аж.

Сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа өнөө өглөө эхэлсэн юм. Энэ хүрээнд авто замуудыг хааж, Сент Денис гудамжин дахь гудамж талбайг чөлөөлжээ. Одоогийн байдлаар цагдаа нар сэжигтнүүдийг барилгад бүсэлсэн байна. Барилгад хэдэн тооны сэжигтэн байгаа нь тодорхойгүй байна. Парис хотноо өнгөрсөн баасан гаригт удаа дараалсан халдлага гарч, 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархтсан билээ. Халдлагын үеэр амиа золиосолж, цагдаа нарт буудуулснаас долоон сэжигтэн амь үрэгдсэн юм. Францын прокурорууд амь үрэгдсэн долоон сэжигтний тавыг нь хэн болохыг тодруулсан байна. Тэдгээрийн дөрөв нь Францын иргэн, нэг нь Грект бүртгэлтэй дүрвэгч байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд “Чингис хаан” нисэх буудлын транзит танхимын ажилтай танилцлаа

Өнөөдөр Шийдлийн цагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцлаа.

Ирэх оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ийнхүү транзит заал барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийг гарган ажиллаж байгаа юм.

2015 оны эхний 10 сарын байдлаар ИНЕГ-ын хөрөнгө оруулалтаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд хийгдсэн ажил болоод Зорчигч терминалын Олон улсын зорчигчдын танхимуудыг өргөтгөх транзит заал шинээр зохион байгуулах, 4С ангиллын агаарын хөлгийн есөн зогсоол нэмж барих, хөөрч буух хучилттай зурвасны хүчитгэлийн ажлын явцыг танилцууллаа. Эдгээр ажлын гүйцэтгэл 90-100 хувьтай яваа ажээ

Categories
мэдээ улс-төр

Хотын төсвийг хэлэлцэж байна

Ирэх онд нийслэл 698.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцон өнөөдөр 2016 оны төсвийн төслөө хотын иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 2015 онд Улаанбаатар хотын төсөв 637 тэрбум төгрөгөөр батлагдсан ч оны сүүлээр дээрх төсвийн алдагдал 116 тэрбумд хүрчээ. Энэ нь нийслэлийн өмчит барилга, объект зэргийн өмч, хувьчлал хийгдээгүйтэй холбоотой юм байна. Дээрх төсвийн алдагдлыг ирэх оны төсөвт шилжүүлж, 2016 оны төсвийг 61 тэрбум төгрөгөөр илүү төсөвлөсөн гэдгээ хотын санхүү хариуцсан дарга нар тайлбарлалаа. Ирэх оны төсвийн нийт орлогын 60 орчим хувийг Хүн амын орлогын албан татвараас, үлдсэнийг нь газар, өмч хувьчлалаас олж, төвлөрүүлнэ гэж тооцсон байна. Мөн ирэх онд төвлөрөх орлогынхоо 200 тэрбум орчим төгрөгийг хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд зориулна гэж төлөвлөжээ. Тухайлбал, Налайх чиглэлийн авто замыг шинэчлэн барина. “Их Монгол”, Баянмонгол хороолол дахь гудамж, замыг засварлаж тохижуулна. Мөн Авто тээврийн замын хажууд шинээр давхар гүүр барьж, Туул гол дээгүүрх гүүрийг шинэчилж, дахин гүүр нэмж барихаар болжээ.

Боловсролын чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг багасгахгүй нэмнэ. Ингэснээр ирэх онд шинээр аравгаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг нэмж барина. Харин улсын төсвөөс ирэх онуудад концессын гэрээгээр хийгдэх 72 сургууль, цэцэрлэг барих газар, дэд бүтцийн асуудлыг хот хариуцан хийх юм. Үүнээс ирэх онд 30 орчим сургууль, цэцэрлэгийн барилга барих газар, дэд бүтцийг шийдэж, ажлыг эхлүүлнэ гэсэн дүр зурагтай байна. Мөн Шарга морьт чиглэлийн зуслангийн замын ажлыг дуусгаж, санхүүжилтийг нөхөн төлнө.

Төсвийн тухай хуулийн дагуу сум, дүүрэг, аймаг, хот тухайн оныхоо төсвийг иргэдтэйгээ хэлэлцэж, тэдний саналыг төсвийн зарцуулалтдаа тусгах учиртай. Энэ дагуу өнөөдөр дүүрэг, хороодын төлөөлөл нийслэлийн 2016 төсвийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Ийнхүү иргэддээ хот ирэх оныхоо төсвийн төслийг танилцууллаа. Удахгүй энэ долоо хоногтоо багтаан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслөө өргөн барих юм. Улмаар ирэх долоо хоногт ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, нийслэлийн 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, татвар төлөгчдийн мөнгөөр ямар ажил хийх вэ гэдгээ иргэдийн саналд тулгуурлан жагсаана.