Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн 00-ын өдөр

Өнөөдөр “Дэлхийн 00-ын өдөр”.

Энэ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал 11.30 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд болно.

Мянганы хөгжлийн зорилтод Монгол улс “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх хувийг 40 хувьд, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 60 хувь хүртэл тус тус бууруулах” зорилт дэвшүүлжээ.

Харин энэ зорилтод хүрсэн эсэх талаар өнөөдөр тус хурлаар мэдээлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Орсэйн ордонд бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол, Францын харилцааны түүхийн архивын баримтат өвийг Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд тусгайлан дэлгэн үзүүлснийг сонирхуулав. Тухайлбал, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн захидлыг 1912 оны сүүлчээр илгээснийг Францын Засгийн газар 1913 оны эхээр Харбинд хүлээн авсан байдаг. Энэхүү албан захидлын эх хувийг болон Улаанбаатар хотод БНФУ-ын ЭСЯ нээгдсэний дараа Парисаас ЭСЯ-ндаа хүргүүлж байсан анхны албан тоот зэрэг хоёр талын харилцааны түүхэн зарим баримтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлсэн байна.

Ноён Лоран Фабиус “Газарзүйн хувьд хол оршдог ч гэлээ, Франц, Монгол Улс зүрх сэтгэлээрээ ойр. Ардчиллыг бэхжүүлэх үйлс өрнөж буй аливаа улсын жишээг дурдах бүртээ би хамгийн түрүүнд Монгол Улсыг нэрлэдэг. Би Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд Монголыг төлөөлж буй хоёр дахь Элчин сайд гэж ойлгоорой” хэмээн тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг айлчилж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Монголын өдрүүдийг Парист амжилттай зохион байгуулсныг дурдав.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хамтын ажиллагааны сангийн талаар тодорхой мэдээлэл өгөөд, “Франц бол Монголын гуравдагч хөрш, Европ дахь итгэлтэй түнш гэж бид үзэж ирсэн. Хоёр улс соёл, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх чиглэлээр соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт баримт бичгүүд үзэглэх гэж байгаад баяртай байна” гэлээ.

Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд БНФУ Монгол Улсыг дэмжсэнд талархал илэрхийлэв. Улмаар тэд бүс нутаг, олон улсын тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, Европыг чиглэж буй дүрвэгсэд болон терроризмтой тэмцэх асуудлыг хөндлөө. Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтаас (COP 21) хүлээж буй үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс ирэх жил зохион байгуулах Ази, Европын дээд түвшний уулзалтад (ASEM) БНФУ өндөр түвшинд оролцоно гэдэг найдаж байгаагаа илэрхийлээд, өөрийн санаачилсан Төвийг сахих бодлогынхоо талаар танилцууллаа. БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Монгол Улсын байр суурийг хүндэтгэж буйгаа цохон тэмдэглэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Оросын онгоцыг сөнөөсөн тэсрэх бөмбөгийг үзүүлэв

“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эрхлэн гаргадаг “Dabiq” сонинд Оросын 224 хүнтэй нисэх онгоцыг сөнөөсөн тэсрэх бөмбөгний зургийг нийтэлжээ. Зурагт үзүүлснээр тэсрэх бөмбөгийг “Schweppes Gold” хийжүүлсэн ундааны саванд байрлуулж, нисэх онгоцонд авч орсон аж. Түүнчлэн хэт даврагчдын сонинд онгоцны ослоор амь үрэгдсэн зарим хохирогчдын паспортын зургийг нийтэлжээ. Албаныхны үзэж буйгаар нисэх онгоцыг агаарт дэлбэлсэн тэсрэх бөмбөг гар ажиллагааны бүтэцтэй тул амиа золиослогч байсан аж.

ОХУ-ын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковын мэдээлснээр “Airbus-321” онгоцыг сүйрэлд хүргэсэн тэсрэх бөмбөгний хэмжээ нэг кг орчим байжээ. ОХУ-ын Засгийн газар Оросын нисэх онгоцыг сүйрүүлсэн гэмт этгээдүүдийн мэдээлэлд 50 сая ам.долларын шан амлаад байгаа юм.

Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх “Airbus-321” онгоцонд /Х.31/ тэсрэх бөмбөг дэлбэрснээс Синайн хойгт сүйрсэн юм. Нисэх онгоц агаарт дэлбэрсэн шалтгаан тэсрэх бөмбөг байсныг энэ долоо хоногт ОХУ-ын албаныхан баталсан билээ.

Categories
мэдээ улс-төр

2015.11.19 Төрийн ордонд болох хуралдааны хуваарь

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэх юм байна.

09.00 цагаас

1.Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай:

2.Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

3.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

4.Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

5.Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэн батлуулах холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

6.“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

7.Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

8.Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

9.Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна.

10.Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

11.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.

БАТБОЛД танилцуулна.

12.Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

13.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

14.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Сү.БАТБОЛД танилцуулна.

15.Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

16.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

17.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

18.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

19.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зургаан хүүхэд осолд өртөж, гэмтжээ

Өчигдөр зам тээврийн ослын 296 дуудлага Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт иржээ. Үүнээс ослын 11 хэрэг бүртгэгдэж нэг хүн нас барсан байна. Мөн 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зургаан хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны дөрөв байсан юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр байжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ. Тухайлбал:СХД-ийн нутаг Сонсголонгийн зам, БХЯ-ны 013 дугаар цэргийн ангийн зүүн замд H.Sonota маркийн Э жолоочтой авто машин замын хажуу руу орж зорчигч 41 настай эрэгтэй Т нас барсан. СБД-ийн нутаг Дамбадаржаагийн 16 –р хорооны байрны хойд замд Т.Vitz маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай эрэгтэй У-г мөргөж гэмтээсэн.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдсэнийг цагдаагийнхан анхаарууллаа. 6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх нь болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эх болон бүх шатны боловсролын байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та автобусны буудал, орон сууцын хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Евро 2016”-д оролцох 24 багийн нэр бүрэн тодорлоо

Ирэх жил олимпоос гадна спорт сонирхогчдын анхаарлыг татах өөр нэг томоохон тэмцээн бол яах аргагүй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн. Тэгвэл уг тэмцээний урьдчилсан шатны тоглолт албан ёсоор дуусч Францын талбайд өрсөлдөх 24 багийн нэр бүрэн тодорлоо. Урьдчилсан шатны тоглолтоос 19 баг тодорсон. Түүнчлэн зохион байгуулагч орон давуу эрхээр шууд оролцоно. Ингээд үндсэндээ 20 багийн нэр хөлбөмбөг сонирхогчдод мэдэгдээд байв. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд үлдсэн дөрвөн багийн тодруулах “нокаут” шатны тоглолт болж өндөрлөлөө. Эндээс Ирланд, Швед, Украин, Унгарын баг хоёр тоглолтын нийлбэрээр өрсөлдөгчөө хожиж ирэх жил Францыг зорих тийзээ захиалав. Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны зургадугаар сарын 10-наас эхлэх бүтэн сарын хугацаанд үргэлжилнэ. Нэмэлт тоглолтоо эрхээ авсан Унгарын хувьд Норвегийн шигшээтэй тоглож 3:1-ээр учраагаа буулган авчээ. Ингэснээр тэд 34 жилийн дараа тивийн аваргад оролцохоор болж байна. Тус улсын шигшээ хамгийн сүүлд 1972 оны Европын аваргад оролцож хүрэл медалийн төлөө тоглосон ч хожигдож байсан юм. Тэгвэл Ирландын баг Босни Герцогевиний шигшээг хожсоноор тивийнхээ аваргад оролцох эрхтэй боллоо. Тэгвэл уржигдар шөнө Украины шигшээ Словенийн талбайд зочилж 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. Тэд өмнө нь өрсөлдөгчөө талбайдаа 2:0-ээр хожоод байсан. Ингээд нийлбэр дүнгээр ямар ч асуудалгүй европын аваргад өрсөлдөх 24 багийн нэг боллоо. Харин Данийн талбайд болсон тоглолтод Шведийн шигшээгийн ноён нуруу Златан Ибрагимович дубль хийснээр багаа аварч Францад болох Европын аваргад оролцох эрхээ авлаа. Энэ тоглолтын дараа Ибрагимович “Би үүнийг л хүсч байсан. Одоо л нэг санаа амарлаа” гэж ярьжээ. Ирэх сарын 24-нд Евродын аваргад оролцох 24 багийг зургаан хэсэгт сугалаагаар хуваах юм. Сугалаанд ямар багууд хамтдаа нэг сагсанд орохоор болсоныг танд сонирхуулья.

Нэгдүгээр сагс: Франц, Испани, Герман, Англи, Португал, Бельги
Хоёрдугаар сагс: Итали, ОХУ, Швейцарь, Австри, Хорват, Украин
Гуравдугаар сагс: Чех, Швед, Польш, Румын, Словак, Унгар
Дөрөвдүгээр сагс: Турк, Ирланд, Исланд, Уэльс, Албани, Хойд Ирланд

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар галт зэвсэг худалдаалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд XIII хороолол болон “Нарантуул” зах орчимд шалгалт хийж, байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсэг, сум, хэрэгслийг хууль бусаар их хэмжээгээр худалдан борлуулдаг байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.

Сэжигтнүүдийн нэг хэсгийг автомашиндаа сум, хэрэгсэл тээвэрлэж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусдыг нь “Нарантуул” зах дээр сум зарах гэж байхад нь илрүүлжээ.

ЭЦГ-ынхан галт зэвсэг, сум хэрэгслийн наймаачдын гол гэгдэх 4 хүнийг ийнхүү саатуулсан байна. Мөн тэдний эзэмшилд байдаг “Нарантуул” захын өргөтгөл хэсгийн чингэлгүүдийг нэгжихэд байлдааны зориулалттай АКМ, винтов, ТТ, ангийн зориулалттай калибр, “Дробинк”, “Ремингтон” маркийн бууны 6000 гаруй ширхэг сум илэрснийг цагдаагийн эд мөрийн баримт болгон хураан авчээ. Шалгалтын явцад тэд 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалж, бусдад борлуулсныг баримтжуулсан байна.

Хууль бусаар галт зэвсгийн наймаа хийсэн дээрх дөрвөн иргэнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй учир зарим эмнэлгийн рентген оношлогоог түр зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 42 байгууллагад шалгалт хийжээ.

Шалгалтаар 268 зөрчил илрүүлж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Баянзүрх эмнэлэг” ХХК, “Эвада” ХХК-ийн шүдний эмнэлгийн рентген аппаратын ашиглалтыг түр зогсоосон байна.

Мөн хамгаалалтын хаалгагүй үйл ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ренген кабинетийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 27 байгууллагад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 162 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, нийт 6.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Тэдгээр эмнэлгээс цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгуулаагүй, цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Categories
мэдээ спорт

Монгол-Тайваны шийдвэрлэх тоглолт болно

Буянт-Ухаа спортын ордонд болж буй Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнөөдөр БНСУ-БНХАУ, Монгол-Тайваны тоглолтоор өндөрлөнө. “Узбекстан-2016” тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж байгаа зүүн бүсийн шийдвэрлэх сүүлийн хариуцлагатай тоглолтууд 17.00, 20.00 цагуудаас болно.

Одоогоор хүснэгтийг БНХАУ 9 оноотой тэргүүлж эхэлсэн Тайвань, БНСУ 6, Монгол 3, ХонКонг 0 оноогоор жагсаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй ХонКонгийн баг дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожил авч чадсангүй.

Манай шигшээ баг ХонКонгийг хожиж, БНСУ, БНХАУ-ын багуудад хожигдоод байна. Өнөөдөр Тайваны багтай сүүлийн шийдвэрлэх тоглолтоо хийнэ.

  • Монгол – ХонКонг 8:3
  • Монгол – БНСУ 3:7
  • Монгол – БНХАУ 1:4
  • Монгол – Тайвань

Хүснэгтийг БНХАУ тэргүүлж байна.

  • БНХАУ 9 оноо (3 тоглолт хийснээс 3 хожилтой)
  • Тайвань 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • Монгол 3 оноо (3 тоглолт хийснээс 1 хожил, 2 хожигдолтой)
  • ХонКонг 0 оноо (4 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй)
Categories
мэдээ нийгэм

Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл өнөөдөр эхэлнэ

Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон билээ. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн. Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Ингээд тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болжээ.

Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл өнөөдөр 11.00 цагт эхлэх гэж байна. Харин хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэхийг өнөөдөр танилцуулна хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Цахим бүртгэлд оролцох иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын WWW.UMCH.UB.GOV.MN сайтаар орж бүртгүүлнэ.