Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Цас мөсөн дээр явахдаа оцон шувуу шиг алхаарай

Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс доорх зөвлөмжийг гаргажээ. Халтиргаа гулгааны улирал эхэлсэн энэ үед мөстөж, гулгаа үүссэн замаар явахдаа унаж бэртэхээс болгоомжлохын тулд ойр ойрхон хөлөө тавьж маш удаанаар ахлах ёстой ажээ. Мөн хөлийнхөө урд хэсэгт хүндийн төвийг төвлөрүүлэх хэрэгтэй юм байна. Мөн албан байгууллагын үүдээр орохдоо ойролцоох шат, бариулаас сайтар барих хэрэгтэй гэх зэрэг зөвлөмжүүд гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

А.Эрдэнэ-Очир гарамгай яруу найрагчийн шагнал хүртэв

Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар ээлжит их хурал Тайваньд энэ сарын 4-10-ны өдрүүдэд болжээ. Монголоос Г.Мэнд-Ооёо, Ж.Гэндэндарам, Г.Аким, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир, Ү.Хүрэлбаатар, О.Содномпил, Я.Ганбаатар, Г.Бямбажав, М.Уянсүх, Ч.Дагмидмаа нарын 15 төлөөлөгч оролцсон байна. Дэлхийн Урлаг Соёлын Академиас жил бүр өөр өөр оронд Дэлхийн яруу найрагчдын их хурлыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд сая 46 дахь жилдээ уран үгийн мастерууд чуулсан нь энэ. Уг их хурлын үеэр Монголын яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир Дэлхийн урлаг, соёлын академийн “Гарамгай яруу найргийн төлөө” хэмээх алтан медалийг хүртсэн байна. Өмнө нь энэхүү шагналыг 2005 онд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2006 онд Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, 2010 онд Ц.Бавуудорж нар тус тус хүртэж байсан аж. Мөн энэ жилийн наадамд оролцсон 200 шахам яруу найрагчийн бүтээлээр антологи гаргахад яруу найрагч М.Уянсүхийн илгээсэн шүлгүүд шилдэг зургаад багтаж, яруу найргийн уралдааны шагнал хүртсэн байна. Мөн энэ үеэр Соёл, яруу найргийн академиас “GUNU” сэтгүүлийн шинэ дугаар бэлтгэн нийт оролцогчдынхоо бүтээл танилцуулгыг нийтлэн түгээжээ.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Бөөрний чулуутай үед удаан явахад өвдөлт мэдрэгдэнэ

Бөөрний чулуу өвчин манай оронд элбэг тохиолддог эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолт, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог.

Чулуу нь шээсний янз бүрийн давсны кристал­луу­даас тогтсон байх ба 50-иас дээш хувь нь оксалат кальцийн давс, оксалат кальцитай холимог найрлагатай байна. Зарим судлаачид бөөрний чулууг удамших чанартай гэж үздэг.

Бөөрний чулуу өвчний үед дараахь шинжүүд илэрдэг

Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Зарим үед цустай шээх ба бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай.

Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж, бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн нэг см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бөөрнөөс шээлэйгээр чөлөөтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рүү орох үед эвгүй оргиж байснаа өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.

Өвдөлтийн үед дотор муу­хай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөр­вөө­нө. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэг­цээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ. Харин бөөрний хатгааг мухар олгойн цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл зэрэг өвчнөөс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх өвчнүүдийн сэжиг бүхий шинж тэмдэг илэрч байгаа бол халуун жин тавих хориотой.

Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, дасгал хөдөлгөөн хийсний дараа өвдөлт нэмэгдэж , тайван үед намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд өвдөлт намдана. Өвдөлтийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, дасгал хийсний дараа цусаар шээх нь бий.

Бөөрний чулуу өвчний үнд­сэн гол эмчилгээ нь мэс засал, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах аж.

Categories
мэдээ спорт

Аав, хүү хоёр ДАШТ-д хамт зодоглоно

Киокушинкай каратэгийн 11 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Японы Токио хотод болно. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох дөрвөн тамирчин, Д.Чинзориг багшийн хамт өчигдөр өглөө эх орноосоо мордлоо. Энэ удаа М.Баттүшиг, Н.Отгонбаатар, ахмад тамирчин Л.Баярсайхан, өсвөрийн тамирчин Б.Мянхай нар тэмцээнд оролцох юм.

Сонирхуулахад Б.Мянхай нь Л.Баярсайханы хүү бөгөөд аав хүү хоёр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хамт зодоглох гэж буй нь энэ. Б.Мянхай 13-14 насны ангилалд, -55 кг-ын жинд өрсөлдөх бол аав нь 35-39 насны ангилалд, +80 кг-ын жинд оролцоно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Францад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, аж үйлдвэр, тоон технологийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (11 дүгээр сарын 18) Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордонд албан ёсоор угтлаа. Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр тэргүүтэй албаны хүмүүс, харин БНФУ-ын талаас Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, Парисын Хүндэт харуулын орлогч дарга, генерал Пьер Грего, Францын Гадаад хэрэг, олон улсын яамны Ёслолын газрын дэд дарга Фредерик Биеэ нарын төлөөлөгчид байлцлаа. Угтах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, энэ үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын цэргүүд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тус улсын парламентын дээд танхим- Сенатын Ерөнхийлөгч ноён Жерар Ларше Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Сенатын ордонд угтан авав. Уулзалтын үеэр ноён Ж.Ларше алан хялах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ын Сенатын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж буй түүхэн уулзалт болохыг онцоллоо. Түүнчлэн тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгосон.

Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд олон зуун жилийн түүхэн уламжлалтай Францын хууль тогтоох дээд байгууллагад зочлон Сенатын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаад таатай буйгаа тэмдэглээд өнгөрсөн долоо хоногт болсон алан хядах цуврал халдлагын үеэр олон зуун хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын харилцаа уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлалын салбар болон олон улсын олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжиж буйг дурдаад хөдөө аж ахуй, мал аж ахуй, ялангуяа малын үүлдэр, селекцийг сайжруулах чиглэлээр Францын талтай хамтрах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Сенатын ерөнхийлөгч Ж.Ларше нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд БНФУ-ын Сенатын ерөнхийлөгч Ж.Ларшег Монголд айлчлахыг урьсан УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжиллаа. Уг уулзалтад Сенатын гишүүн, Сенат дах Франц, Монголын парламентын бүлгийн дарга Ф.Пиле, Сенатын Гадаад бодлого, батлан хамгаалах, зэвсэгт хүчний Байнгын хорооны дэд дарга К.Камбон, Францын парламентын доод танхим- Үндэсний хурал дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартье, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсак болон албаны бусад хүмүүс байлцав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лабораторитой танилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуулийн захирал Марк Гони угтан мэндчилэв.

1766 онд XV Луи хааны зарлигаар байгуулагдсан тус сургууль нь Францын энэ чиглэлээрх дөрвөн их сургуулийн нэг бөгөөд Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамны харьяаны байгууллага аж. Францын Хөдөө аж ахуйн яамнаас 1900 онд уг сургуульд хайгуул, судалгааны лаборатори байгуулж өгсөн нь өнөөдөр ANSES буюу Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын үндэсний агентлаг нэртэйгээр сургуулийн хотхонд биеэ даасан үйл ажиллагаа явуулж байна.

Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочлох үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа албаны бусад төлөөлөгч тус сургуулиас гадна Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүйн үндэсний агентлаг, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лаборатори, энэ чиглэлээрх хоршоодын танилцуулга, дугуй ширээний уулзалтад оролцлоо. Уулзалтын эхэнд Францын Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндэсний агентлагийн захирал Розен Суне эмгэнэлт үйл явдлын үеэр найз нөхөд, түншийн хувиар БНФУ-д айлчилж буйд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байв. Мөн Хэлтүүлэгч мал амьтны эрүүл ахуйн хяналтын лабораторийн захирал хатагтай Эдит Утие “Мал зохиомлоор хээлтүүлж, үржүүлэх чиглэлээр 50 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй манай байгууллага энэ салбарт Монгол Улсын ижил түвшний байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа энэ салбарт хамтын ажиллагаа сайжирна гэдэгт итгэж байна” гэлээ.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуулийг “Бидний зорьж ирж буй газар” хэмээн тодотгоод Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй мал аж ахуйн салбарт БНФУ-тай гурван чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Тодруулбал, малын өвчин эмгэгийг эмнэх, малын үржил селекц буюу малын чанарыг сайжруулах, мөн мал аж ахуйн дэд бүтэц буюу мал эмнэлгийн орчин үеийн лаборатори байгуулж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Францтай хамтрах сонирхолтой байгаагаа онцолсон юм.

Categories
гадаад мэдээ

Террорист бүлэглэлийн гишүүнийг баривчилж, шалгаж эхэлжээ

Энэ сарын 18-ны өдөр БНСУ-ын Тагнуулын ерөнхий газар тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан, террорист бүлэглэлийн нэг гишүүнийг баривчилсан байна. Тэрээр Индонез улсын иргэн, 32 настай, эрэгтэй А гэгч бөгөөд 2007 онд бусдын паспорт ашиглан Солонгос улсад ирж, найман жилийн турш хууль бусаар амьдарч байсан талаар “Ёнхап” агентлаг мэдээлснийг “Mongol radio” уламжилжээ. Түүнийг “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Аль Багдад гэгчийн 2011 онд Сири улсад байгуулсан “Нусра” бүлэглэлийн гишүүн мөн болохыг тогтоосон байна.

Индонезийн иргэн А нь Солонгос улсын Жүнгнам аймгийн нэгэн уулан дээр авахуулсан зураг болон видео бичлэгтээ “Нусра” бүлэглэлийн тугийг барьсан байсан төдийгүй бүлэглэлийн лого бүхий хувийн малгайны зургийг олон нийтийн сүлжээнд байрлуулж байсан нь илэрчээ. Түүний өнгөрсөн найман жилийн турш хаана, хэрхэн ажиллаж, “Нусра” бүлэглэлтэй хэрхэн холбогдож байсан зэргийг тодруулахаар шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын хэлтсээс аврах гарцуудыг шалгалаа

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 28 хорооны нутагт байрлах зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг хороодтой хамтран гаргасан байна.

Судалгаагаар объектын хооронд тусгай зориулалтын автомашин орох боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус 9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлсөн байна.

Уг арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг болон хороодын Засаг дарга нар хамтран ажилласан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо хэмээн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын албан татвараар 110 сая төгрөг төвлөрчээ

Өнгөрөгч аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл энэ сарын 12-ны байдлаар хотын татварт 110 гаруй сая төгрөг төвлөрчээ. Татвар суутгагчаар нийт 5374 иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж, энэ сараас хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнээс авсан татварын бүрдүүлэлтээ хийж эхэлсэн юм. Нийслэл хотын албан татварын хуулиар татвар суутгагч, сар бүрийн 10-ны дотор татварын орлогоо Нийслэлийн Татварын газарт төвлөрүүлэх ёстой байдаг. Татварын эхний бүрдүүлэлт энэ сарын 12-нд хийгдэж нийт 110 гаруй сая төгрөг Нийслэлийн татварын газрын дансанд оржээ. Одоогоор ямар газар татвараа төлсөн, ямар газар татвараа төлөөгөөгүй нь тодорхой болоогүй байгаа бөгөөд сарын сүүлээр дэлгэрэнгүй мэдээлэл нь гарах аж.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ дахин буурчээ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоногийн үнийн танилцуулгыг хийлээ.

Энэ сарын III долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4010 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр буурчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.6 хувиар буюу 330 төгрөг, хонины цул мах 2.8 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Машиндаа угаартаж нас баржээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хучлагатай автомашинаа халааж байгаад нас барсан хэрэг гарчээ.

Талийгаач нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 34 настай, эрэгтэй Б байжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Өвлийн улиралд иргэд машинаа халааж байгаад угаартаж амь насаа алдах эрсдэл бий болдог. Иймд машинаа халаах үедээ дотор нь суухгүй, граашид машин халаахгүй байх. Битүү гараашид машинаа халаахдаа дотор нь сууж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.