Categories
мэдээ нийгэм

Зүрхний хүнд гажигтай хүмүүст үнэгүй хагалгаа хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар Люксенбургийн Их Гүнт улсын зүрхний төвийн интервеншнл Кардиологийн институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг арван хүнд үнэ төлбөргүй хийжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Люксенбургийн Их Гүнт улсаас хэрэгжүүлж буй МОН/005 төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд Люксенбургийн Интервеншнл Кардиологийн институтийн зүрхний мэс заслын багаас найман удаагийн мэс засал сургалтыг тус эмнэлэг дээр зохион байгуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд таван удаагийн сургалт нь амжилттай зохион байгуулагдаж, хойшид 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үлдсэн гурван удаагийн мэс засал сургалтыг хийхээр төлөвлөөд байна.

Энэ удаагийн мэс засал сургалтаар мэс засал эмчилгээ шаардлагатай нийт 38 өвчтөнд үзлэг зөвөлгөө өгч, митрал хавхлагын мэс засал таван хүнд, аортын хавхлага болон өгсөх хэсгийн аневризмын мэс засал хоёр хүнд, титэм судасны мэс засал гурван хүнд, нийтдээ 10 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийж амжилттай хамтран ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хуулиар суллагдагсдыг 130 сая төгрөгөөр гэрт нь хүргэнэ

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар олон сар дуншсан Өршөөлийн хуулийг баталсан. Тус хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулиар 1700 иргэн суллагдана.

Тэднийг энэ долоо хоногт суллаж, гэрт нь хүргэнэ гэж эх сурвалж мэдээллээ. Харин гэрт нь хүргэх болон бусад зардалд улсын төсвөөс 130 сая төгрөг төсөвлөжээ.

Мөн мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 1600 гаруй иргэнийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон гэх мэдээлэл ч байна.

Categories
мэдээ нийгэм

Мянгат малчид хилчдэд агт бэлэглэж байна

Хөвсгөл аймгийн мянгат малчин тус бүр нэг агт морийг хилчиддээ хандивлах болжээ. Ту аймаг нь хойд талаараа ОХУ-ын Тува, Буриад улсын муж, аймаг хоттой Монгол улсын хилийн 8/1 хэсэг болох 1027 км нутгаар Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдаараа хил залгаа оршдог билээ. Тус аймаг хилчдээ уналга мориор хангах зорилгоор мянгат малчдынхаа дунд “Нэг мянгат нэг агт” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна.

Хөвсгөл аймагт 314 мянгат малчин байдгаас одоогоор Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумын малчид уг хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хилчдэд хамгийн түрүүнд 15 агт хандивлажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг АРВАН ЗАЛУУ эрдэмтдэд шагнал гардууллаа

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны сайд Л.Гантөмөр “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд гардууллаа.

Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор шалгаруулалтыг явуулдаг.

Тэтгэлгийн хэмжээ нь 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтдэд олгодог.2010 оноос хойш 46 шилдэг залуу судлаачид энэхүү тэтгэлэгийг хүртээд байна.

Уг тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх ажээ.

Тэтгэлэг хүртсэн шилдэг 10 залуу эрдэмтний БҮТЭЭЛ:

  • Түмэндэлгэрийн Аззаяа ШУА, ХХТ “Хаягдал усны биологийн цэвэрлэгээний үед ялгарах хүлэмжийн хий-азотлог исэл /N20/ -ийн үүсэх, задрах механизмыг тодорхойлох судалгаа”
  • Мягмаржавын Одсүрэн МУИС “Цөөн биеийн бодлого ба хөнгөн цөмийн бүтэц”
  • Бадгаагийн Амарсанаа ШУА, ХХТ “Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах удаан задардаг органик бохирдуулагчийг өндөр идэвхит шингэний хроматографи-масс спектрометрийн аргаар тодорхойлох аргазүйг нэвтрүүлэх”
  • Нацагдоржийн Наранцогт МУБИС “Улаан буудай болон түүгээр гурил үйлдвэрлэх үеийн хаягдал болох хивэгнээс наносиликагель материалыг гарган авах технологийн судалгаа”
  • Мижидийн Нарангэрэл ХААИС “Шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх”
  • Энхбаатарын Занабазар МУБИС “Лабораторийн эукариот эсийн өсгөвөр дэх микоплазм бактерийн бохирдлыг богино хугацаанд зардал багатай илрүүлэх ПГУ оношлуур бэлтгэх”
  • Пүрэвийн Насанжарал АРМОНО нэгдэл “Липосомийн систем дэх микрокапсулийн эко-будгаар ширхэглэг уургийг будан бүтээгдэхүүний колористикийн үзүүлэлтийг сайжруулах өндөр технологийн судалгаа”
  • Гомбожавын Чулуунаа МУБИС “Тоглох явцдаа суралцахуйн арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх, технологи түгээлт”
  • Цолмонгийн Билэгтсайхан АШУҮИС “ДНХ агуулсан бактерийн эсрэг өрнөх дархлааны хариу урвалыг зохицуулах асуудалд”
  • Товуудоржийн Болормаа ЭХЭМҮТ “Зүрхний төрөлхийн гажгийн катетерын эмчилгээний үр дүн, зүрхний хөндийн өөрчлөлтийн загвар”
Categories
мэдээ нийгэм

Монгол бөхөнд сансраас хянах хүзүүвч зүүлээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон “Бөхөн хамгаалах сүлжээ баг” хамтран монгол бөхөнд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Судалгааны ажлын зорилго нь, монгол бөхөнгийн нүүдэл шилжилт, эзэмшил нутгийг нарийвчлан тогтоох, популяцийн эмзэг байдлын үнэлгээний суурь мэдээлэл бүрдүүлэх, авто замын зүгээс үзүүлж буй нөлөөллийг тооцоход оршино.

Мөн монгол бөхөнг сэргээн нутагшуулах ажлын суурь мэдээлэл цуглуулах боломж гарах юм. Улмаар Говь-Алтай аймгийн Дарвийн нурууны өмнөд хэсгээс дөрөв, Хүйсийн говиос дөрвөн бөхөнг барьж хүзүүвч зүүжээ. Дашрамд сонирхуулахад, монгол бөхөн Дарвийн нуруу, Хүйсийн говиос гадна Ховд аймгийн Хар- Ус, Дөргөн нуур, Шаргын говь, Зүүн гарын говиор нутагладаг аж. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бөхөн хамгаалах цогц ажлыг сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран хийсний ачаар тоо толгой нь өсч 13800-д хүрчээ.

Categories
мэдээ улс-төр

Цалин тэтгэвэр нэмэхийг шаардлаа

УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Мэдээлэлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцсон юм. ТэрбээрЭнэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Бид цалин, тэтгэврийг валютын ханш, инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм боломж бий. “Оюутолгой”-н төслийн талаар зөвлөгөө авах нэрийдлээр 17.5 тэрбум төгрөг зарцуулах бус цалин, тэтгэвэрт зарцуулах ёстой.

“Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн хоёр дахь санхүүжилтийн чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас зээл авах хэлэлцээрийн төсөл орж ирж байгаа. Үүнийг бид дэмжинэ. Энэ хөтөлбөр нь хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 мянгаас хоёр сая төгрөгийн зээл олгох юм. Энэ долоо хоногт Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогыг батална. Энэ бол маш чухал. Уул уурхайгаас авдаг эдийн засгийн үр ашиг муу байгаа. Тиймээс экспортын чиглэлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ илүү дэмжиж, хөгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн хоёр дахь санхүүжилт чухал үүрэгтэй.

Мөн “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийг Азийн хөгжлийн банкнаас авах хэлэлцээрийг хэлэлцэнэ. Эдийн засгийн хямралтай энэ үед нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн гадаадын санхүүжилтийг алдаж болохгүй. Миний бие өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн захын гэр хорооллуудаар явж ажиглалт хийсэн. Тэгэхэд иргэд дэлгүүрээс талх хувааж авч байна. Энэ бол амьдрал хэр хүндэрч байгааг харуулж байна. Тиймээс энэ зээлийн төслийг дэмжиж байна” гэсэн юм.

Дээр дурьдсан хоёр зээл 30 хувийн хөнгөлөлттэй орж ирж байгаа. Тиймээс энэ өрийн босгод төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь БНХАУ-ын Экспорт, импорт банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авах асуудал яригдана. Энэ хөрөнгийн Эгийн голын усан цахилгаан станц болон Хөшигийн хөндийн автозамын бүтээн байгуулалтад зарцуулна. Өнгөрсөн хавар эрчим хүч, зам тээврийн салбарт авч байгаа зээлийг Зээлийн тогтвортой байдлын үзүүлэлтэд оруулахгүй гэж шийдвэрлэсэн. Энэ бол Экспорт, импорт банкнаас авах нэг тэрбум ам.доллар өрийн босгод нөлөөлөхгүй мэт харагдуулах арга юм. Энэ зээлийн нэг сайн тал нь 29 хувийн хөнгөлөлттэй орж ирэх юм. Тэгэхээр төсөвт учрах дарамт нь харьцангуй бага байна гэсэн үг. Эгийн голын усан цахилгаан станц чухал ач холбогдолтой. Монгол Улс эрчим хүчний салбараараа ОХУ-аас байнга хараат байгаа. Эгийн голын усан цахилгаан станц байгуулагдсанаар ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат бус болно.

Түүнчлэн Мөнгөний бодлого дээр Төв банкны Ерөнхийлөгчийг асуудлыг хөндөх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр ядруулыг өдөр ирэх тусам бүрдүүлж байгаа нөхцөлийг Монголбанк бүрдүүлсэн. Хэдэн жилийн өмнө нэг ам.доллар 1300 төгрөг байсан бол өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцэж 700 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь нүүрс, алт, зэс гадаадад экспортолж байгаа компаниудад ашигтай. Яагаад гэвэл авч байгаа нэг ам.доллар тутамдаа 700 төгрөгөөр нэмэгдсэн. Харин импортын бараа хэрэглэж байгаа бидэнд хортой. Хүүхдийн хичээллийн хэрэглэлээс эхлээд бидний ихэнх хэрэглээ импортын бараа байдаг. Бие даагчдын зөвлөлөөс хоёр удаа Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавьж байсан. Одоо дахиад хөндөнө. Өнөөдөр орж ирж байгаа Мөнгөний бодлогыг “хар гар” удирдана гэж байгаа. Валютын ханш Монгол банкинд хамаагүй гэсэн. Төр энэ бүхнийг зохицуулахын тулд байдаг. “Оюутолгой”-н ачуулж байгаа бараа өнгөрсөн жил 2013 онтой харьцуулахад нэг тэрбум ам.долларын өсөлтийг манай экспортод бий болгосон. Гэтэл Монголбанкны валютын нөөц байхгүй. Учир нь Монгол банкаар “Оюутолгой”-н мөнгө дамждаггүй. Одоогийн мөрдөгдөж байгаа мөнгөний бодлого дээр ч “Эрэлт нийлүүлэлтээр удирдана, ханш чөлөөтэй байна” гэж заасан. Энэ нь зах зээлийн зарчмаар удирдана гэж байгаа учир төв банкны Ерөнхийлөгчийн асуудлыг хөндөнө гэлээ.

Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэж байгаа. Хүн гүтгэсэн хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр заасан бие даагчид эсрэг байр суурьтай байгаа аж. Учир нь уг асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болвол “Шар сонин цэцэглэнэ”, Эрүүгийн хуулинд тусгах ёстой гэсэн байр сууринд нэгджээ. Мөн Эрүүгийн хуулинд компани дээр хэрэг үүсгэхээр заасан нь буруу. Компанитай хүмүүс нь хэргээ компаниараа үүрүүлээд явна. Гэтэл компанигүй иргэн өөрийн нуруун дээрээ уг хэргийг үүрнэ. Эзэнгүй юм шиг компани дээр эрүүгийн хэрэг үүсгэх нь байж болохгүй зүйл. Компанийн цаана хүн байгаа. Тэр хүн нь компанидаа хэргээ хүлээлгээд ялаа эдлэхгүй үлдэнэ. Компанийн үйл ажиллагааг хааснаар уг хэрэг шийддэг байх нь буруу ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Автобусууддаа GPS суулгахаас татгалзжээ

Зам тээврийн сайд М.Зоригт нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүхий л автобус, таксийг байршил заагч GPS суулгахыг даалгасан билээ. Гэтэл нийслэлийн нийтийн тээврийнхэн хот дотор үйлчилгээнд явдаг автобусууддаа байршил заагч суулгахаас татгалзсан байна.

Энэ талаар өнөөдөр болсон сайдын шуурхайн хуралдаан дээр ярьжээ. М.Зоригт сайд “Заавал GPS тавих ёстой. Танай галзуу хулгана шиг автобусан дотор жирэмсэн эмэгтэй төрмөөргүй байна” хэмээн Нийслэлийн авто замын газрын дарга Нанзаддоржид дахин сануулжээ.

Авто тээврийн үндэсний төвөөс өнөөдрийн байдлаар 640 тээврийн хэрэгсэл, таксины үйлчилгээнд явж байгаа машинуудын 90 гаруй хувьд нь GPS тавиад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргыг ажлаас нь чөлөөлөх болсныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсантай холбож үзэж байгаа аж. Учир нь тэрхүү огцруулах саналд Б.Саранчимэг гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбар байна.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийг АТГ-аас шалгав

Авлигатай тэмцэх газарт Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол иржээ. Уг гомдлын дагуу шалгалт хийж тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлж, ил тод болгожээ.

Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болжээ.

Мөн ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Биедээ 500 ширхэг сум нууж гарахыг завджээ

Дорноговь аймгийн харъяат, иргэн “Б”
Гашуунсухайт хилийн боомтоор аравдугаар сарын 21-ний өдөр галт зэвсгийн 500
ширхэг сум биедээ нуун гарахыг завджээ. Гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийг
Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар таслан зогсоосон
байна. Гаалийн улсын байцаагч эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан энэхүү зөрчлийг
илрүүлсэн бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа явуулан харъяаллын дагуу хууль хяналтын
байгууллагад шилжүүлжээ.