Categories
мэдээ нийгэм

Шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулж байна

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байна.Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол, халтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу замуудад түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатлыг бий болгодог.

Замын хөдөлгөөнд оролцож буй олонх жолооч нарын тээврийн хэрэгсэл зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд өртөх тохиолдлууд гарч байна.

Иймд жолооч та тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах. Хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд цаг агаарын байдал хүндэрч, цас орж байгаа тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллийг сонсох, зайлшгүй орон нутгийн замд зорчих бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал \шатахууны нөөц, нөөц дугуй\-ыг хангах.

Цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Концессын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг бүрэн олгох зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэв

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан 10.00 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлллээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, концессын гэрээгээр ажил гүйцэтгээд мөнгөө авч чадахгүй байгаа аж ажуйн нэгжүүд олон байна. Ажлын хэсэг энэхүү мөнгийг олгох асуудлыг судалж үзсэн үү гээд тэдгээр аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг ирэх онд бүрэн олгох зарчим баримтлах талаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Сангийн сайд Б.Болор, концессын гэрээгээр ажил гүйцэтгэсэн санхүүжилтийг бүрэн барагдуулах чиглэлээр Сангийн яам ажиллаж байна. УИХ төсвийн тодотгол батлахдаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй ажил нь явж буй компаниудад санхүүжилтийг векселээр олгох чиглэл өгсөн. Одоогоор 180 гаруй аж ахуйн нэгжид векселээр санхүүжилтийг олгосон. 2016 оны төсөвт шаардлагатай санхүүжилтийг суулгасан хэмээн хариулсан юм.

Дараа нь хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Ажлын хэсэг, урсгал зардлын хэмжээг бууруулснаар төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөх төлбөр, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан тусламж хасагдан Төрийн албаны тухай хуульд зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа тул үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2016 оны төсвийн багцад нэмж тусгах буюу бусад зардлаас шийдвэрлэх гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан, улсын төсвийн санхүүжилт болон концессын гэрээгээр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд холбогдох төлбөрийг бүрэн олгох зарчим баримтлах гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Батхүү нарын гаргасан, 2016 онд хийхээр төлөвлөсөн шинэ хөрөнгө оруулалтыг багасган, өмнө нь эхлүүлсэн ажлуудаа дуусгах санал мөн дэмжигдсэн юм. Дээрх гишүүд ирэх онд шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчин, гарцаагүй хийх шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэн, өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжлээ

Мөн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Эдгээр хуулиудыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслүүдийн талаар гаргасан Ажлын хэсгийн саналын томьёоллуудыг Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулсан бөгөөд санал тус бүрээр санал хураалт явууллаа. Ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн ажлын хэсгийн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төслийг УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учир хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан учир хэлэлцэхийг хойшлууллаа.

Мөнгөний бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж банкны зээлийн хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монголбанкинд өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, зээлийн хүү өндөр байна гэдэгтэй санал нэг байна гээд гэхдээ үүнийг механикаар бууруулах нь эрх зүйн хувьд хүндрэлтэй хэмээсэн. Үүний цаана хадгаламжийн хүүгийн асуудал ч мөн яригдана гэж хэлсэн. Тиймээс Ажлын хэсгээс, Эдийн засгийн тэнцвэрийг хангасан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалсан орчинд төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжлийг сайжруулахад чиглүүлэх гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх санал оруулж ирсэн гэж тайлбарласан. Ажлын хэсгээс гаргасан энэхүү санал олонхын дэмжлэг авлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулгын ”Кармен сюит” тоглолт болно

Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг.
Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Кармен сюит” хэмээх энэхүү тоглолтын бэлтгэлд ороод байна.

Тус алдарт бүтээлийн хөгжмийг найруулсан төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Кармен гэх алдартай бүтээлийг сонгосон нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгд энэ дуурийн хөгжим дэлхийн соёлт хүмүүсийн сонсох гайхамшигт бүтээл болохыг хувьд, хоёрт Кармений хөгжмөөр 1970-аад онд Оросын хөгжмийн зохиолч Р.Щедрин найруулан балет болгосон туршлага байсныг харгалзан үзсэн хэрэг. Кармен хэмээх гайхамшигт хөгжмийг бүжгэн жүжгийн дагах хөгжим биш бие даасан концертын бүтээл болгохоор зорьсон юм.

Мөн морин хуурын чуулгын өсөлт, чадварыг харуулахаас гадна Кармены гайхамшигийг сонсогчдод мэдрүүлэх хөгжмийн соёлын чухал үзэгдэл болох нь лавтай. Бас Морин хуурын чуулга бүрэлдэхүүндээ цохивор хөгжмийн хамтлагийн нэмж шинээр найруулснаар Карменыг сонсох нь XXI зууны аяс төрхийг олж байгаа юм.

Дэлхийн оркестрт Кармен мөнхийн нээлт, мөнхийн гайхамшиг байсаар ирсэн. Монгол үндэстний театрын хөгжмийн хувьд ч нэгэн адил. Сонсоод хэн боловч хөгжмийн яруу сайхан амт шимтийг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн дурджээ.

2015 оны 11 – р сарын 13 – ны 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох “Кармен сюит” тоглолтыг удирдаач МУСТА Д.Түвшинсайхан удирдан явуулах бөгөөд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Худалдаа, эдийн
засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар
хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чил хотод
болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах
удирдамжийг зөвшөөрлөө. Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны
шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц,
тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар
хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 50-100 тэрбум
рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай яриаг хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлэх,
“Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай
Хэлэлцээр-ийн хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж,
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах ажлыг эрчимжүүлэх, ОХУ-ын хил
залгаа бүс нутгуудаас 2016 оны эхний хагас жилд багтаан 3 дугаар ангиллын 106,6
мянган тн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тн элит болон сортын үрийн
улаанбуудай нийлүүлэх ажлыг зохион байгуулах, ирэх онд Монгол, Оросын хооронд
дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан урлагийн
хамтарсан гала концерт, урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг асуудлыг
хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүүг буруулахыг ихэнх гишүүн дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төрийн алба 180 мянган хүнтэй, банкны зээлгүй хүн алга. Малчин нь бүгдээрээ Хаан банкны зээлтэй. 300 мянган тэтгэвэр авагч нь мөн тэтгэврийн зээлтэй. Аж ахуйн нэгжүүд нь банкинд мөн бизнесийн зээлтэй байна” гэв. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүүг үе шаттайгаар жилд 1-2 хувь бууруулахгүй бол арилжааны банкууд мафийн зохион байгуулалтад орлоо. Гадны хөрөнгө оруулалттай жилийн 2-3 хувийн хүүтэй зээл олгодог банк оруулж ирье гэхээр эсэргүүцдэг болохыг дурдсан юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2016 оны Мөнгөний бодлого боловсруулах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Зээлийн хүү өндөр байгаатай санал нэг байна. Ажлын хэсгийн төвшинд гишүүдийн гаргасан саналын дагуу ярилцсан. Механикаар бууруулах арга хэмжээ авахад хүндрэлтэй. Цаана нь хадгаламжийн хүү байгаа. Бодит байдлаар дэмжихийн тулд 2016 оны төсвийг алдагдалгүй батлах, валютын урсгалыг нэмэгдүүлэх. Авсан зээлээ хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зөв юм аа гэж үзэн, хоёр ч зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороонд оруулж ирж байгаа” гэсэн хариу өгөв. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Зээлийн хүртээмж нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд улсын төсөв нь тогтмол нэг их наяд гаруй төгрөгийн алдагдалтай гардаг болсон. Дээр нь орлогоо зөв тооцдоггүй, эдгээр шалтгаанаас болж аж ахуйн нэгжүүд нь банкнаас зээл авч ажил гүйцэтгэдэг, төр нь гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг өгч чаддаггүй гээд бэрхшээл гарах болсон. Мөнгөний зах зээл дээрх эрсдэл буурахгүй байна. Банкууд ногдол ашиг тараадаггүй, ашгаараа зээл өгөх боломжоо нэмэгдүүлж ирсэн. Банкны систем бол онцлогтой. Нэг хүнээс мөнгө аваад нөгөө хүнд зээлүүлдэг. Хүчээр зээлийн хүүгээ бууруул гэж захиргаадаж болохгүй. Хуулийн гаргалгааг нь сайн гаргах ёстой” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрийн банкийг хувьчилах жагсаалтад багтаан оруулж ирлээ. Энэ зөв үү. Хувьчлах сургаар эдийн засгийн үзүүлэлтүүд нь муудаж, суларч байгаа сонсогдох. Төр бодлогоороо Төрийн банкийг байлгаж болдоггүй юм уу. Түүгээрээ дамжуулаад жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл, сум хөгжүүлэх сангийн зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл гээд сангуудынхаа зээлийг бизнес эрхлэгчиддээ хүргэж яагаад болохгүй байна вэ зэрэг гишүүд санал дэвшүүлэв. Ингээд эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ц.Нямдорж гишүүний гаргасан арилжааны банкны зээлийн хүүг бууруулах саналыг дэмжсэний зэрэгцээ 2016 оны төсвийн алдагдлыг бууруулах, зээлжих зэрэглэлийг сайжруулахтай холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах зэрэг саналууд тус бүр дэмжлэг хүлээж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хятадаас зээл авч зам барихаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар хоёр томоохон асуудлын талаар ярилцсан байна. Энэ талаар өнөөдөр мэдээллээ. Тодруулбал,
зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх авто замын тухай шийдвэр гаргажээ. Зээлээр
санхүүжүүлэх жагсаалтыг энэ онд гаргасан байна. Үүнд Завхан аймгийн Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км
хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх
129,4 км хатуу хучилттай авто зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны дагуу
баригдах хурдны авто замыг барих ажлууд багтжээ. Батлагдсан төсөвт багтааж
санхүүжүүлэх ажлыг Сангийн сайд Б.Болорт даалгасан бол гүйцэтгэгч компаниудыг
сонгож гэрээ байгуулж ажиллахыг Зам тээврийн сайд М.Зоригтод үүрэг болгоод байна.

Дашрамд
дурдахад анх 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Монгол Улсад
айлчлах үеэр хөнгөлөлттэй зээлийг 500 сая ам.долларын хэмжээнд үзүүлж болох
тухай асуудал яригджээ. Хоёр улсын
засгийн газар удаа дараагийн уулзалт хийж ,
холбогдох яамдын түвшинд ярилцсаны дүнд 2011 оны долдугаар сард зээлийн ерөнхий хэлэлцээрийг
УИХ-аас баталсан байна. БНХАУ-ын
талаас санал болгосноор уг зээлийн хөрөнгөөр хийх ажлыг Хятадын компаниудаар
хийлгэе гэсэн санал тавьжээ. Саналын
дагуу Зам тээврийн яам Хятадын талаас санал болгосон компаниудаас сонгон
шалгаруулалт хийж гэрээ байгуулах үүрэг хүлээж байна. Зээлийн тухайд гэвэл
20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй аж. Эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх учраас эдийн
засгийн ач холбогдолтой зээл болохыг
Засгийн газрын зүгээс үнэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байцаагчийн хүү Б.Бадралд 5.1 жилийн хорих ял оноов

ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган 5.1 жилийн хорих ял оноолоо.

Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдсан хэргээр ийнхүү яллагдаж буй юм. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.

Categories
мэдээ нийгэм

Р.Бурмаа сайд хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хуууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна. Тэрбээр өнөөдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлэв.

Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчээ. Ердөө Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар энэхүү шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хурлын тэмдэглэлээс харахад “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг тухайн өдөр нь гаргаж өгсөн байх юм. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож тус хууль бус шийдвэрийг цуцалжээ. Гэвч Солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг Үйзэн тал, Цог Октаэрд, Ашдын нөхөр гэсэн гурван компанид шилжүүлсэн байгаа юм. Холбогдох байгууллагын шалгалтаар эдгээр компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан аж. Түүнчлэн газар эзэмших эрх авсан компаниуд хэдхэн хоногийн дараа эрхээ өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, Үйзэн тал компани 14232 га талбайгаа Голденсояа, Нью-Ариг-Ус компанид хуваан худалджээ. Цог Октаэрд компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ Хожуулын эх компанид тус тус дамлан худалдсан байна. Газар эзэмших эрх цуцлах тогтоол гарсаны дараахан компани хооронд газар эзэмших эрх шилжсэн байгаа нь багагүй хэмжээний мөнгөтэй холбогдох газрын наймаа байсан уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдсэнгүй. Учир нь Дорнод аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. Энэ мэт тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан хууль бус үйлдлийг АТГ шалгуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар дэд сайдгүй боллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүх дэд сайдыг албан үүргээс нь чөлөөлсөн байна. Учир нь төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор ийнхүү дэд сайд гэсэн албан тушаалгүй болж байгаа аж. Шийдлийн Засгийн газар нь 15 яамны 17 дэд сайдтай үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд МАН-ыг Засгаас гарсны дараа дэд сайд нарыг нь чөлөөлсөн ч орны хүмүүсийг нь томилоогүй байсан юм.

Улс төрийн намуудын хувьд албан тушаалын хуваарилалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэх уг албан тушаал сүүлийн хэд хэдэн Засгийн газрын үед байсаар ирсэн юм. Харин АН, МАХН, ИЗН-ын дэд сайдуудын чөлөөлөгдсөнийг өнөөдөр тогтоол гаргаж, баталгаажуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг байгууллагуудад талархлаа илэрхийлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан сарын аяныг өнөөдрөөс эхлүүлжээ.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хамгийн түрүүнд тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, тусалдаг байгууллагуудаар орж талархлаа илэрхийлэх юм байна.

Мөн энэ хугацаанд ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулганыг хийх аж.