Categories
мэдээ спорт

Э.Хүслэн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Голландын Бейлен хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 22 тамирчин оюунаа уралдуулж байгаа. Үүнээс блиц төрлийн 8-10 насны охидын төрөлд Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн мөнгөн медаль хүртсэн байна. Түүний төрөлд 13 орны 31 өсвөрийн даамчин өрсөлджээ.

Categories
мэдээ улс-төр

Эгийн голын усан цахилгаан станцид 827 сая ам.доллар зарцуулна

-Эгийн голын усан цахилгаан станцид 827 сая ам.доллар зарцуулна-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн.

Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк өнгөрсөн хугацаанд гурван удаа уулзаж, зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон байна. Уг зээлийн ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 09-11-ний хооронд БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Зээлийн 827 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн байна. Үлдсэн хөрөнгийг нь юунд зарцуулах вэ” хэмээн тодруулав.

Зээлийн хөрөнгийн дийлэнхийг эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Үүн дээр нэмэгдээд “Налайх-Гацуурт чиглэлийн 20 км автозамын өргөтгөл” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд Б.Болор хариулав.

Мөн Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эгийн голын усан цахилгаан станцаас гадна Улаанбаатар-Мандаль говь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Эрдэнэтийн ДЦС анх 150 мянган цаг ажиллах хугацаатай баригдсан бол эдүгээ 210 мянган цаг ажилласан байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар, “Анх Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай ярьж байхад 320 сая ам.доллар зарцуулна гэж байсан. Гэтэл энэ удаагийн төсөлд зардал нь 2.6 дахин нэмэгдсэн байна. Үүний шалтгаан нь юу вэ. Зээлийг улсын төсвөөс төлөх үү” хэмээн асуулаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зардал 16 үзүүлэлтээр нэмэгдсэн. Тухайлбал, суурилагдсан хүчин чадлын хэмжээ 95 мВт-аар, усан сангийн далангийн эзэлхүүн 910 мянган куб метрээр, усан сангийн эзэлхүүн 2.7 тэрбум куб метрээр өссөн зэргийг нэрлэж болох юм. Эгийн голын усан цахилгаан станц өөрийнхөө үйл ажиллагаанаас зээлээ эгүүлэн төлнө. Улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй” хэмээн хариуллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байгааг анхааруулж байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг байдаг бөгөөд хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу зам руу түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолоочийн тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай байгаагаас болж зам тээврийн осолд ихээр өртөж байгаа тул жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар сольж, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд шаардлагагүй бол явахгүй байх, Ус цаг уур, орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллийг сонсох, зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох болбол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, нөөц дугуй, дулаан хувцастай явах, цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Энэ амралтын өдрүүдэд “Дугуйн марафон-2015” болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дугуйн марафон”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулна. “Дугуйн марафон”-д оролцогчдыг батлагдсан маршрутын дагуу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гаргаж Энхтайваны гүүр – 120 мянгат – Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлээр нийт 8 км-ийн зам туулж барианд ирэх юм. “Дугуйн марафон”-д дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ. Уг марафонд оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцах юм байна. Харин Сонирхогчдын дугуйн тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулах юм байна. Бага насны хүүхдүүдийг 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр, Өсвөр үе, залуучуудыг 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр тус тус зохион байгуулна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалын төрлийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ням гарагийн 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19-39 нас /9 км-3 тойрог/, 40-49 нас /6 км-2 тойрог/, 50-59 нас /3 км-1 тойрог/, 60-дээш нас /3 км-1 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр зохион байгуулах юм байна. Сонирхогчдын дугуйн тэмцээнд оролцогчид зөвхөн уулын дугуй болон ердийн дугуйгаар оролцоно. Оролцох хүүхэд, залуучууд, иргэд, хөдөө, орон нутгийн тамирчид, болон багууд оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна. Мөн энэ үеэр “EXTREME Trial”-ын үзүүлбэр, тэмцээнийг зохион байгуулах бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн хөшөөтэй талбайд эхлэх юм байна. Түүнчлэн Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ням гарагт 15-16 нас /9 км-3 тойрог/, 17-18 нас /12 км-4 тойрог/, 19-34 нас /15 км-5 тойрог/-ны ангиллаар, ахмадууд 35-45 нас /12 км-4 тойрог/, 46-55 нас /9 км-3 тойрог/, 55-аас дээш нас /9 км-3 тойрог/-ны ангилалд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар тойргоор уралдана. Лицензтэй тамирчдын тэмцээнд зөвхөн засмал замын дугуйгаар оролцоно. Тэмцээнд оролцох иргэд тамирчдын бүртгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд Монголын дугуйн холбооноос томилогдсон нарийн бичиг шүүгч хийнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. “Дугуйн марафон”-д оролцогчдод зохион байгуулах хорооноос нэгдсэн пайз дугаарыг олгоно.

Дугуйн марафоны гараа, бүртгэлийн хуваарь

2015.11.07 –ны Бямба гарагт

Насны ангилал

Гарааны цаг

Бүртгэлийн цаг

Сонирхогчдын тэмцээнд:

1.

3 – 4 нас

12:00

10:00 – 12:00

2.

5 – 6 нас

12:30

3.

7 – 8 нас

13:00

4.

9 – 10 нас

13:30

5.

11 – 12 нас

14:00

6.

13 – 14 нас

14:30

7.

15 – 16 нас

15:00

13:00 – 15:00

8.

17 – 18 нас

16:00

2015.11.08 –ны Ням гарагт

Насны ангилал

Гарааны цаг

Бүртгэлийн цаг

Сонирхогчдын тэмцээнд:

1.

19 – 39 нас

11:00

09:00 – 10:00

2.

40 – 49 нас

12:00

3.

50 – 59 нас

13:30

11:00 – 13:00

4.

60 – аас дээш

14:00

Мэргэжлийн дугуйчдын тэмцээн:

5.

15 – 16 нас

14:30

13:00 – 14:00

6.

46 – 55 нас

7.

17 – 18 нас

15:30

8.

35 – 45 нас

9.

19 – 34 нас

16:30

“Дугуйн Марафон”-ы дүн, шагнал урамшуулал:

“Дугуйн марафон”-д оролцсон бүх оролцогчдод батламж олгоно. Сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна. “EXTREME Trial”-ын үзүүлбэрийн тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна гэж Нийслэлийн Биеийн тамир, Спортын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас авах зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Троллейбусны жолооч зорчигчийг чирчээ

Троллейбусны жолооч зорчигчдыг чирч, гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө “Пийсмолл” их дэлгүүрийн урд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н “Gea” маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 6 настай эрэгтэй Ж нарын хоёр хүнийг чирч гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны банкаар дамжихгүй зээл авах боломж олдох нь

Арилжааны банкны өндөр шалгууртай зээлэнд хамрагдахгүйгээр байр авах боломж гэр хорооллынхонд байна. Эхний хоёр гурван жилдээ түрээсийн хэлбэрээр төлбөрөө төлөх нь. Тэгээд ипотекийн зээлд хамрагдах аж. Орон сууцны метр квадратын үнэ нь ч боломжийн. Сая нэг зуун мянган төгрөг гэсэн тооцоог төсөл хэрэгжүүлэх талууд хийжээ.

“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотыг дахин шинэчлэх” гэсэн нэртэй төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслийн хамрах хүрээ, санхүүгийн зохицуулалт, бэлтгэх үйл явцыг тохирсон санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар санамж бичигт гарын үсэг зуржээ. Урьдчилсан байдлаар төслийн нийт өртгийг 540 сая ам.доллар гэж тооцжээ. Гэр хорооллынхонд зориулсан хямд өртөгтэй орон сууцыг л барихад 70-100 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн судалгааг ч гаргасан байна. Хямд байрнуудыг хотын дэд төвүүдийг түшиглэн барих гэнэ. Нийтдээ 130 га газарт 10 мянган айлын орон сууц баригдах нь. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд ажил нь эхэлжээ.

Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа ирэх оны есдүгээр сард дуусах аж. Засгийн газар, Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл 2017 оны эхээр ТЭЗҮ-ийг нь баталж, төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ажлаасаа халагдсан Б.Саранчимэг мэдээлэл хийнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаасаа халагдсан Б.Саранчимэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.

Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болохоор товлогдсон байна.