Categories
мэдээ нийгэм

Б.Саранчимэг: Ажлаас гарч байгаадаа тайлбар хиймээргүй байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэрбээр энэ талаар өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Эко танхим”-ыг нээх үеэр өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Би өнөөдөр ажлаа өгч байна. Ажлаа өгч буй шалтгааны талаар тайлбар хиймээргүй байна. Энэ талаар Э.Бат-Үүл даргаас үүнийг асуух ёстой байх” гэлээ. Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн 0311 дүгээр ангид таван цэрэг амиа алдсан гэв

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй уулзлаа. Ц.Даваасүрэнгийн хувьд “Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байна. Өнөөдөр албаны хүмүүстэй, эцэг эхчүүдийг нүүр тулж уулзуулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Эко танхим”-тай боллоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Мика Монгол” ТББ-тай хамтран өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн “Эко танхим” сургалт мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр уг төсөл дуусч, “Эко танхим” ашиглалтанд орлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн оффисд байрлах энэхүү танхимыг цаашид экологи байгаль орчны тулгамдсан нэгдсэн баазыг бий болгоно гэж албаныхан төлөвлөжээ. Эхний ээлжинд экологи, байгаль орчинтой холбоотой 500 гаруй ном, товхимолыг бүрдүүлж, уншигчид ашиглахад бэлэн болгожээ. Нээлтийн үеэр эрдэмтэн доктор Б.Чимид, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нийт 30 гаруй төрлийн 200 орчим номыг тус танхимын номын санд бэлгэн болгон, дурсгасан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Төв цэвэрлэхийн үйл ажиллагаатай танилцаж байна

Яг одоо Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, хотын дарга Э.Бат-Үүл, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн нар Төв цэвэрлэх байгууламжийн талбайтай танилцаж байна.

Өнгөрсөн даваа гарагт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Э.Бат-Үүл баталсан билээ.

Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлдэг гэх ч өнөөдрийн байдлаар лагаа бүрэн гүйцэт цэвэрлэж чадахгүйн улмаас бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа юм.

Эдүгээ тус байгууламжид 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж, цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугамаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна.

Хэдийгээр энэ мэтээр нөхөж цойлдох арга хэмжээ авч буй боловч дорвитой шинэчлэл хэрэгтэй гэж Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнууд хэлж байна. Улаанбаатар хотод барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт нэмэгдэж байна. Энэ бүгдэд урьдчилан цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Ялангуяа ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, сүүний үйлдвэрээс асар их бохирдолтой ус ирдэг. Гэтэл хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр гарын таван хуруунд багтана. Тиймээс яам, хот, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтран дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэргүүд сэтгэл дүүрэн байна

Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон жинхэнэ ёсоороо багтаж, эхийн ачийг зүрхээрээ мэдэрдэг гэх сайхан үг бий. Өдгөө энэ оны хоёрдугаар ээлжийн цэргүүд эх орондоо тангараг өргөхөөр сэтгэл догдлон хүлээж байна. Тангарагийн баяраар аав ээж, ахан дүүс, анд найзууд нь ирэх учраас тэдний өмнө өнгө жавхаатай, цог золбоотой харагдахын тулд тэд жагсаалын бэлтгэлдээ шамдан байна.

Тангараг өргөхөөр олон дайчид бие, сэтгэлээ бэлтгэж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн шинэхэн байлдагч нар ажээ. Өдөржин бэлтгэлдээ шамдсан залуустай оройн тооны өмнөх чөлөөт цагаар төсөрхөн уулзаж ярилцахад бүгдээрээ “Цэргийн алба сайхан, ирсэндээ баяртай байна” хэмээн үгийн зөрүүгүй бахдах юм билээ. Энэ ангид Дорнод, Сүхбаатар, Хэнтий, нийслэл Улаанбаатарын харъяат залуус мөр зэрэгцэн алба хааж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргээс очсон Э.Төгөлдөр хэмээх нүдээрээ инээсэн өндөр бор залуу МУИС-ийг түүх, нийгмийн ухааны чиглэлээр төгсчээ. Сургуулиа төгссөн түүнд дараагийн том зорилго нь цэргийн алба хаах хүсэл тэмүүлэл байж. Цаашдаа бүр цэргийн мэргэжлээр суралцаж эх орондоо хүчин зүтгэх зорилготой гэдгээ анд нөхдийн андгай барилцсан үеийнхэндээ хэлнэ лээ. Харин Хэнтий аймгийн Бэрх тосгоноос очсон А.Баярхүү хэмээх залуу цэргийн албанд дурлан, дурлан ирснээ ч бас бахархан ярьсан. Эцэг, эхээс 11-үүлээ. Ах нарынх нь олонхи цэргийн албанд яваад зан араншин төлөв томоотой, хүлээцтэй болж төлөвшсөн, бие бялдар нь эрүүл чийрэг болсоныг харсан дүү нь үлгэр авсан нь энэ ажээ. Түүний яриаг анхааралтай чагнах намхан бор залууг Ч.Бямбадорж гэж байна. Тэрээр таеквондогийн спортын мастер зэрэгтэй тамирчин гэнэ. Улсын аваргаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, БНСУ-д болсон олон улсын тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байжээ. Спортоор багаасаа хичээллэсэн тэрээр жагсаалын бэлтгэлд төдийлөн ажрахгүй байгаа нь илт байв. Энэ мэтчилэн шинэхэн байлдагч нар цэргийн албаар бахдан, цэрэгжилтийн байдал, дэг журам, сахилга бат, хувийн зохион байгуулалт сайжирж байгаа тухай бие, биеэрээ жишээ татан ярьж, инээлдсээр үлдлээ. Магадгүй тэдний дунд ирээдүйн генерал, эх орноо удирдан залах төр, нийгмийн зүтгэлтэн төлөвшин байхыг үгүйсгэхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Цолмон: Улсын төсөвт найдаж зэвсэг техникээ шинэчилнэ гэдэг хүнд байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудад ажиллаад ирсэн билээ. Энэ тухай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлагууд та бүхэн УИХ-ын гишүүдийн хамтаар зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудаар ажиллаад ирэв. Энэ тухай тодруулахгүй юу?
-Өнгөрсөн жилээс эхлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд манай Зэвсэгт хүчний ангиудад ажиллаж байгаа. Энэ нь цэргийн ангиудын байдал, зэвсэг техникийн чадамж, барилга байгууламжийнх нь насжилт зэрэг олон асуудал судлах ажлын хэсэг байнгын хороонд байгуулагдсантай холбоотой. Ажлын хэсгийнхэн маань энэ удаа Дорнод аймаг буюу зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудаар гурван хоногийн туршид ажиллаад ирлээ. Энэ үер УИХ-аар саяхан Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан гарсантай холбогдуулан өөрчлөлт, шинэчлэлийнх нь тухай мэдээлэл хүргэж ажиллалаа. Цаашдаа баримт бичиг шинэчлэн батлагдсантай уялдан Монгол Улсын “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай”, “Дайны байдлын тухай”, “Дайчилгааны тухай”, “Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай” хуулиудад оруулах шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтүүдийг төслөөр бэлтгэх ажил явагдаж байна. Түүнээс гадна “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох яамдуудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Мэдээж орон нутагт ажиллаж байгаа нь хуульд оруулах өөрчлөлт, шинэчлэлийг судалж таарна.

-Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудад тулгамдаж байгаа ямар асуудал байх юм?
-Өнөөдрийн хувьд зэвсэгээ сайжруулахаас илүүтэй техник хэрэгслээ засч сайжруулах, шинэчлэх бодит шаардлага тулгарч байна. Дээрээс нь цэргийн зориулалттай бус барилга байгууламжид байрлаж байгаа манай зэвсэгт хүчний ангиуд ангийнхаа барилга объектоо шинэчлэх хүсэлт маш их ирүүлж байна. Ирүүлэхээс ч өөр аргагүй. Стандарт бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас үүнийг шат дараалан хэрэгжүүлж ажиллана. Нөгөө талаас 2015-2025 онуудад зэвсэг техникээ сайжруулах хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөж байна. Улсын төсөвт найдаад зэвсэг техник, хэрэгслийн шинэчлэл хийнэ гэдэг хүнд байна. Тийм болохоор улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох байдлаа нэмэгдүүлж, барилгын цэргийн ангиа өргөжүүлэх шаардлага бий. Үүний тулд удирдах ажилтнуудын сэтгэлгээг өөрчлөх шаардлага ч давхар тулгарч байгаа юм.

Түүнээс гадна Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлогын баримт бичигт шаардлагатай цагт нэгдсэн Зэвсэгт хүчин болж ажиллах тухай тодорхой заасан учраас хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Дорнод аймагт ажиллахдаа ХХЕГ-ын даргатай хамтын ажиллагаагаа сайжруулах, хамтарсан дадлага, сургуулилт гүйцэтгэх тухай ярилцсан. Удахгүй ажил хэрэг болоод өрнөх байх.

-Та энэ онд Зэвсэгт хүчний ангиудаар сайн ажиллаж байна. Өнгөрсөн зун баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний анги, хангай бүс дэх Зэвсэгт хүчний ангиудаар ажилласан. Энэ удаа зүүн бүсийн Зэвсэгт хүчний ангид ажиллалаа. Цаашид хаана ажиллах вэ?
-Цэрэг эрсийнхээ гүйцэтгэх үүрэг, бүтээн байгуулалт, ололт амжилт болоод тулгарах саад бэрхшээлийг газар дээр нь очиж сонсох ёстой. Ингэснээр бодитой дүгнэлт гардаг юм. Цаашдаа төвийн болон зүүн бүс дэх Зэвсэгт хүчний зарим ангиар ажиллах хүлээлт бол бий. Удахгүй байх аа.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь хямралаас гарах арга замыг заав

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь мэдээлэл хийлээ. Тэрээр улс орны эдийн засгийг сэргээх гарц, арга замыг шинэчилж, баялаг бүтээгчдийг дэмжих шаардлагатай байна гэж мэдээллийн эхэнд онцоллоо.

Баялаг бүтээгчдийг дэмжих бодлогоор эдийн засгийн хямралаас гарах арга зам байна. Өмнө нь явуулсан бодлогоор дөрвөн алдаа гарсан. Нэгдүгээрт: Хэдхэн том орд газрыг түшиглээд, том төсөлрүү анхаарал хандуулаад, жижиг дунд үйлдвэрлэлийг орхигдуулсан.

Хоёрдугаарт: Хөрөнгө оруулалтыг татаж байдаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бид зөв тодорхойлж чадаагүйгээс улбаалж тодорхой хэмжээний алдаа гарсан.

Гуравдугаарт: 2013 оноос эхлэн эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг зөв хүлээн авч, зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байсан ч тэгээгүй.

Дөвөрвдүгээрт: Баялаг бүтээгчдийг дэмжих нэртэй бодлого чиглэлээ зөв олж чадаагүй.

Манай улсын эдийн засаг нэг талдаа жижиг, энгийн бүтэцтэй, бага эдийн засаг. Харин нөгөө талдаа дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн сонирхлын сүлжээнд холбогдсон, хамаарал ихтэй эдийн засаг юм. Ийм цаг үед эдийн засгаа авч явах тусгай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Засгийн газар үнэ тогтворжуулах дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт явц байдалд нилээд алдаа дутагдал гаргасан. Баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг шинэчлэх шаардлагатай. Ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ гэвэл: Нэгдүгээрт: Дотоодын зах зээлээ хамгаалах хууль эрх зүйн орчин шаардлагатай.

Хоёрдугаарт: Татварын тогтвортой орчин, зөв бодлого бий болгох

Гуравдугаарт: Санхүүгийн болон тайлагнал мэдээллийн системийг бий болгох ёстой гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Су.Батболд: Ажлаа хийхгүй байна гээд чи намайг огцруулах санал гаргахгүй юу

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаад маргаан үүсч, хуралдаан үргэлжлэх боломжгүй болсон юм. Хуралдаанаар тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг гишүүдийн олонхи нь дээрх саналыг дэмжсэнгүй, унав. Үүнээс болж, маргаан үүслээ. Маргаанаас үүдэж гишүүд картаа сугалснаас болж ирц хүрэхээ больсон юм. Тэгтэл УИХ-ын гишүүн Д.Арвин байнгын хорооны даргад “Хурлаа удирдаач ээ, чи. Ажлаа хийгээч” гэж загнахад Байнгын хорооны дарга Су.Батболд: Ажлаа хийхгүй байна гээд чи намайг огцруулах санал гаргахгүй юу. Мэргэжлийн байнгын хороо нь салбарынхаа төсвийг танаж гэнэ. Хэрэггүй зардлуудаа танахгүй, хэрэгтэйгээ танаад байж болохгүй. Бусад байнгын хороогоо хараарай” гэж уурсав.

Categories
мэдээ улс-төр

Усны сав газрыг татан буулгах асуудлаас болж гишүүд картаа сугалснаар хуралдаан хойшиллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд нэр бүхий гишүүд картаа сугалснаар хуралдаан үргэлжлэх боломжгүй болж хойшиллоо.

Засгийн газар 2016 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг Усын сав газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа зэрэг хэд, хэдэн газрыг татан буулгахаар заасан юм.

Харин тус байнгын хороонд харьяалагддаг УИХ-ын гишүүн С.Оюун, Я.Содбаатар нар 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор Усны сав газрын урсгал зардлыг нэмж, тус газрыг татан буулгахгүй байх, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг хэвээр үлдээж татан буулгахгүй байх зэрэг горимын санал гаргасан байсан юм.

УИХ-ын гишүүн С.Оюуны тайлбарласнаар Усны сав газрын жилийн усргал зардал нь 2.2 тэрбум төгрөг боловч олдог орлого нь 34 тэрбум төгрөг. Нийт орлогын 90 хувь нь усны төлбөрөөс орж ирдэг. Усны нэгдсэн менежмэнт бий болгохын тулд салбарын яам олон жилийг зарцуулсан, мөн ийм оновчтой бүтэц бий болгох гэж нэлээд цаг зав зарцуулсан. Дэлхий нийт усны нөөцөд анхаарал хандуулах болсон. Монгол Улс усаа зөв зохистой ашиглах шаардлагатай болж буй.

Мөн төсөв хүндрэлтэй байгааг ч зардал хэмнэх нэрийн дор төсөвт орлого төвлөрүүлдэг хэсгээ татан буулгачихаар олдог орлогоо өмнөх шигээ төвлөрүүлж чадах уу, эргүүлээд байгуулахын тулд өмнө зарцуулснаасаа их хөрөнгө зарах. Нөгөө талдаа байгаль усаа хамгаалах төрийн бодлого алдагдах гээд сөрөг үр дагавар олон тул үүнийг бодолцож гишүүд кнопоо дарахыг хүссэн юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай тухай үндэслэлээ тайлбарласан. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх саналыг дэмжсэнгүй, унав. Үүнээс болж, маргаан үүслээ.

Тухайлбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд: Эдийн засгийн хүндрэлтэй байгаагаас төсөв нь хамгийн ихээр танагдсан салбар бол хөдөө аж ахуй, байгаль орчны салбар. Бүтцийн өөрчлөлтөд ч олноороо хамрагдаж байна. Байгаль орчноо хамгаалах, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх бодлогыг салбар хариуцсан байнгын хороо нь дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих юм. Түрүүн гаргасан 2 санал унасан нь байнгын хороо цааш хуралдах утгагүй болж байна.

Хэрэггүй, шаардлагагүй зардлууд олон бий. Жишээ нь, Дорнод аймагт малын хашаа барихад зориулж 1 тэрбум төгрөг тавих ямар хэрэгтэй юм. Сайд нь Дорнод аймагт харьяалагддаг л юм байгаа биз.

Ирэх онд шинээр барилга барихаар 127 тэрбум төгрөг суулгасан байгаа. Хэрэггүй зардлаа танаж чадахгүй хэрнээ хэрэгтэйгээ танаж байгаа нь утгагүй байна. Манай байнгын хороо шиг хамаг юмаа танаад ордог байнгын хороо алга. Бусад нь шаардлагатай, хэрэгцээтэй зардлуудаа тусгаад оруулж ирж байна.

Сангийн сайд Б.Болор: Засгийн газар бодлогоор эсрэг юм хийгээд байгаа юм биш. Орон нутаг бүрт байгаль хамгаалах алба байгаа, тэр хүрээндээ ажиллаад байх боломжтой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбааатар: Нэг газар хамгаалалтын байр барихад 400 сая, угтах хаалганд 290 сая, төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая тавьчихаад зардал хэтрээд байна гээд орлого оруулдаг газраа татан буулгадаг чинь зөв юм уу. гл

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг Засгийн газар татан авсан. Хэсэгчилж татан авснаас болж, ойлгомжгүй байдал үүсч байна.

Усны сав газар сүүлийн 3 жилд 87 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Орлого нэмэгдүүлэх боломжоо ярихгүй, хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтаа хасч танаж чадахгүй байна. Жишээ нь АСЕАМ-ыг ирэх жил зохион байгуулахад нийт зардал нь 350 тэрбум төгрөг. Үүнийг улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанк хамтран гаргана. Миний хувьд хуралд оролцох боломж алга, картаа сугаллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Манайх шиг байгаль орчноо хамгаалахад 50 тэрбум төгрөг төсөвлөдөг улс орон хаа ч байхгүй. Жилийнх нь төсөв 50 тэрбум шүү, Байгаль орчин, ногоон, хөгжлийн сайдын багц нь.

Хоёр чухал санал өнөөдөр байнгын хороогоор дэмжлэг хүлээлгүй унасан нь гишүүд нь намын бүлэгтээ баригдсаны шинж. Нэг шорон барихад 20 тэрбумыг төсөвт суулгасан. Хэрэгтэй юм уу энэ чинь.

Байнгын хорооны дарга Су.Батболд: Хуралдаан үргэлжлэх боломжгүй боллоо, ирц 50 хувьд хүрэхгүй боллоо.

УИХ-ын гишүүн Д.Арвин: Хурлаа удирдаач ээ, чи. Ажлаа хийгээч.

Байнгын хорооны дарга Су.Батболд: Ажлаа хийхгүй байна гээд чи намайг огцруулах санал гаргахгүй юу. Мэргэжлийн байнгын хороо нь салбарынхаа төсвийг танаж гэнэ. Хэрэггүй зардлуудаа танахгүй, хэрэгтэйгээ танаад байж болохгүй. Бусад байнгын хороогоо хараарай. Ингэснээр хуралдаан хойшиллоо.

Categories
мэдээ улс-төр

Гишүүд хуралдаандаа ирэхгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо тус бүр 14.00 цагт хуралдахаар болсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд байнгын хорооны дарга Ч.Улаан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Нямдорж, М.Зоригт нар ирсэн байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд тус байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Сангийн сайд Б.Болор нар ирсэн байгаа юм.

Тус байнгын хороо нь үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хиййсэн ч гишүүдээс гаргасан хоёр ч санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаж, улмаар хуралдаанд оролцогч гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болсноос хуралдах боломжгүй болсон юм. Үдээс хойш дахин хуралдах болоход гишүүдийн ирц хүрэхгүйгээс ирэх оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж чадахгүй байна.