Categories
гадаад мэдээ

Индонезийн зүүн эрэгт хүчтэй газар хөдөлжээ

Индонезийн зүүн эрэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр /XI.4/ болсон байна. Газар хөдлөлтийн голомт зүүн хэсгийн бүлэг арлын нэг Алороос зүүн хойд зүгт 28 км зайтай, 14 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн чичиргээ 11 минутын турш үргэлжилж, арлын оршин суугчид айж сандралдан гэрээсээ гарч зогсцгоосон гэнэ.

Алслагдмал нутагт харилцаа холбоо муу хөгжсөнөөс газар хөдлөлтийн хохирлын мэдээллийг цаг тухайд нь авч чадахгүй байгааг албаныхан мэдээлжээ. Харин Индонезийн цаг уур болон геофизикийн агентлагаас газар хөдлөлтийн улмаас цунами үүсгэхгүй гэж мэдээлжээ. Одоогоор газар хөдлөлтийн хохирлын мэдээлэл гараагүй байна.

Өмнө нь 2004 оны арванхоёрдугаар сард Индонезийн Суматра арлын эрэгт хүчтэй газар хөдөлснөөс цунами үүсч, олон улсад 230 мянга гаруй хүн амь үрэгджээ. Энэ үед Индонезийн алс баруун хязгаарын Асех мужид 160 мянган хүн амь үрэгдсэн байв.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалынхан өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийв

Нийгмийн даатгалын ажилтнууд банкныхантай бүлэглэн нас барсан хүмүүсийн нэрээр тэтгэвэр авч байсан тухай “Өдрийн сонин” мэдээлсэн. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Харин өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас цагдаагийн байгууллагын дээрх мэдээллийг үндэслэлгүй гэж үгүйсгэн, тайлбар хийлээ. Тэд шүүхээр нотлогдож, гэм буруу нь тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээж, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэр хүндэд халдаад зогсохгүй, даатгуулагч, ажил олгогчдын итгэл найдварыг алдагдуулан, орлого бүрдүүлэлтээс эхлээд тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аюултай гэж мэдэгдэв. Зээл олголтын асуудал бол зөвхөн арилжааны банкны шийдэх асуудал. Манайхаас орж нөлөөлөх боломж байхгүй. Дээр нь манайхаас гаргасан статистик судалгаагаар жилд дунджаар 12 мянган тэтгэвэр авагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 9.5 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байхад 10 мянган хүний тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэдэг боломжгүй.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулдаг, хариуцлагагүй үйлдэл манай хамт олон гаргаагүй гэж Нийгмийн даатгалын албан хаагчдын төлөөлөл тайлбар хийв.

2013 оноос хойш нийгмийн даатгалын үйлчилгээ цахим бүртгэлээр хийгдэж буй учир аль нэг ажилтан нас барсан хүний бичиг баримтаар мөнгө завших боломж байхгүй гэсэн юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2013-2015 онд “Тэтгэврийн нэгдсэн хяналтыг сайжруулах” арга хэмжээг зохион байгуулж 148 хүнтэй холбоотой 164.9 сая төгрөгийн төлбөрийн зөрчлийг илрүүлсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэдний ар гэрт олгож, түүнээс хойш тэтгэвэр олголтыг зогсоох ёстой. Гэтэл дээрх 148 хүний тэтгэвэр олголтыг зогсоогоогүй байсныг дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, өнгөрсөн сарын 20-ны өдрийн байдлаар 141.1 сая төгрөгийн төлбөр, зөрчлийг барагдуулсан талаар ярилаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори нээгдлээ

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хай Мин, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй албаныхан оролцсон юм.

“Чингэлтэй дүүрэг 19 хороо, 170 мянга орчим хүн амтай, 30 мянган өрхтэй. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль, хувийн өмчийн есөн сургуульд 24 мянган орчим хүүхэд суралцаж байна. Мөн дүүргийн хэмжээнд 0-18 насны 51 мянган орчим хүүхэд багачуудтай. Манай дүүрэгт хүүхдийн амбулатори, төрөх болон хүүхдийн эмнэлэг дутагдсаар ирсэн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц анхны Хүүхдийн амбулаторитой болж байна. Энэхүү эмнэлэгийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан бүрэн шийдвэрлэсэн бол дүүргийн Засаг даргын тамгын газраас хүүхдийн амбулатори барих газар, цахилгаан, халаалт, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн” гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд онцолсон юм.

Мөн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Маш богино хугацаанд энэхүү эмнэлгийг барьж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан Энхтайван хөгжлийн сан болон монголын талаас бүх асуудлыг хариуцаж ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярт талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу” гэж онцолж байлаа. Энэхүү хүүхдийн амбулаторийг барих санаачлагыг гаргаж, монголын талаас шалтгаалах бүхий л ажлыг хариуцан ажилласан НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяраас дараах асуултад хариулт авсан юм.

-Хүүхдийн эмнэлэг барих санаа анх хэрхэн төрж ажил хэрэг болгосон бэ?

-Хүүхдүүдэд эмчилгээ хийх эмнэлэг, эмч, орон байр, тоног төхөөрөмж, хүртээмж муутай байгаа энэ үед эмнэлэг барих шаардлагатай юм байна гэх бодол тээж явсан. Ингээд өнгөрсөн 2014 оны тавдугаар сард БНХАУ-д ажлаар явж байхдаа дэлхийн 26 улсад хандивын олон улсын үйл ажиллагаа явуулдаг тус сангийн хамт олонтой танилцаж уулзсан. Тус сангийн танилцуулга дээр эмнэлгийн тоног төхөөрөмж, машин бусад орнуудад өгч байсан тухай мэдээлэл байсан юм. Ингээд тус сангийнханд Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьж туслах хүсэлтийг гаргаснаар энэхүү ажил эхэлсэн. Ингээд тус сангийнхан манай улсын эмнэлгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж тэр үед нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа, хүүхдээ хараад эмчлүүлж байгаа ээжүүд газар дээр байгааг хараад бидэнд туслахыг дэмжсэн. Зөвхөн энэ эмнэлгийн барилгад зорилж 500 мянган ам.доллар, мөн рентгений аппарат, 4D эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжид 250 орчим мянган ам.долларыг буцалтгүй тусламжаар олсон.

-Тус эмнэлгийн боловсон хүчинг БНХАУ-д сургаж, дадлагажуулсан гэсэн. Хүүхдийн амбулатори ямар ямар үйлчилгээг үзүүлэх боломжтой вэ?

-Тус дүүргийн 51 мянган хүүхдээс тус амбулаторид өдөрт 300-400 хүүхэд оношлуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Нийтдээ 56 хүний орон тоотой үүнээс 26 нь хүүхдийн эмч байх юм. БНХАУ-д 13 эмч, долоон сувилагчийг БНХАУ-д нэг сарын турш сургалтад хамруулсан. Бүх төрлийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээг хийнэ. Мөн гэмтэл, мэс заслын кабинетийг байгуулсан. Жишээлэхэд, нохойд хазуулах, унаж бэртэх, ахуйн чиглэлээр гэмтэл авахад ирж эмчлүүлэх бүрэн боломжтой юм.

-Цаашид тус сантай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Өчигдөр тус сангийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж ярилцсан. Цаашдаа зөвхөн хүүхэд гэхгүйгээр эмэгтэйчүүдийн, эхчүүдийн, хүүхдийн шүдний гэж төрөлжүүлсэн эмнэлэг барих эсвэл оношлогооны төв байгуулах тухай яриа эхэлсэн. Ирэх 2016 онд энэхүү хүүхдийн амбулаторийн хэмжээний санхүүжилттэй дүйцэхүйц эмнэлгийг барихаар тохиролцоонд хүрсэн.

Дашрамд, Энхтайван хөгжлийн сан 2011 оны нэгдүгээр сард Бээжин хотноо байгуулагдсан бөгөөд хятадын төрийн бус байгууллагад туслан олон улсын солилцоо хамтын ажиллагаанд оролцуулах, олон улсын нийгмийн халамжийн үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудад хандсан томоохон нийгэм, хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдгаараа онцлогтой ажээ.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан “Энхтайван хөгжлийн сан дэлхийн олон оронд хандив тусламж үзүүлж хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсад эрүүл мэнд болон боловсролын чиглэлд цаашид хамтран ажиллаж туслана гэдгээ илэрхийлье. Энэхүү бүтээн байгуулалт нь хоёр орны нөхөрсөг харилцаанд багагүй хувь нэмэр оруулах болов уу” гэсэн юм.

Мөн тус дүүргийн иргэд Чингэлтэй дүүргийн оршин суугчдын зүгээс эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа энэ үед ийнхүү хүүхдийн амбулатори барьж өгч байгаад таатай байгаагаа илэрхийлж байлаа.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Энхжаргал

-Манай том хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд төдийгүй гадуур дагуулж явахад хүрүтэл хүндрэлтэй байдаг. Гэртэйгээ ойрхон, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэгтэй болж байгаа нь маш олон эцэг, эх, хүүхдүүдийг баярлуулсан үйл явдал болж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Хоролсүрэн

-Хүүхдээ эмнэлэгт үзүүлэх тохиолдолд хол газар дагуулж явна, оочир дугаар авч, дахин дахин очих шаардлага гардаг зэргээр багагүй хүндрэлтэй байсан. Ийнхүү хүүхдийн эмнэлэг барьж, байгуулж байгаа буянтай хүмүүст талархлаа илэрхийлье гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын салбарт БНСУ-тай хамтарна

Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээл болох БНСУ, Японд хүргэх зорилгоор манай улс төмөр замын салбарт хамтын ажиллагааны шинэ гарц нээж байна. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд төмөр зам, дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан гуравдагч зах зээлд гаргахад анхаарч ажиллах юм. Манай улсын төмөр замын салбарын орлого 2015 оны эхний 9 сард 283 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурчээ. Эдийн засаг хумигдаж байгаа ийм үед гуравдагч зах зээлийг бий болгох чиглэлд манай төмөр замын салбарынхан гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд хийж байгаа ажлын нэг нь өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээ гэдгийг талууд тодотгож байна.

Энэ талаар БНСУ-ын Үндэсний төмөр замуудын сүлжээ “Korail” корпорацийн ерөнхийлөгч Чой Ёон Хей “Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Өмнөд, Хойд Солонгост гаргах гол гарц нь төмөр замын салбарын хамтын ажиллагаа гэж бид харж байна. Санамж бичгийг байгуулснаар цаашдын хамтын ажиллагааны олон гарц нээгдэж байгаа юм” гэлээ.

Зэсийн баяжмал, нүүрс гэсэн уул уурхайн баялгаа олон хэрэглэгчдэд хүргэх гарц уг гэрээг үзэглэснээр бүрдэж байгааг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар онцолж байна. Манай улс БНАСАУ-ын Ражин боомтоор дамжин төмөр зам тавьж далайд гарцтай болох ажлыг энэ оноос мөн эхлүүлээд байгаа юм.


Categories
мэдээ улс-төр

Дорнод аймгийн шүүгч нараас УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлжээ

Дорнод аймгийн шүүхийн шүүгч нар УИХ-ын дарга З.Энхболд болон гишүүдэд ил захидал илгээсэн байна. Ил захиадалд шүүгчийн цалингийн асуудлыг хөнджээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хохиролтой үлдсэн хэлмэгдэгсдийн гэр бүл

СБД-ийн IV хорооны өндөр настан Ш.БАТСҮХ

Миний эцэг Барбай овогтой Чойсон одоогийн Сүхбаатар аймгийн “Дэрсэн хашаат”-ын хийдэд шавилан суудаг лам байсан. 1938 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр машинтай гурван хүн хүрч ирээд баривчилж аваад явав. Би үед машин гэдгийг хараагүй, гадны танихгүй хүмүүсийг ч үзээгүй, таван настай хүүхэд байлаа.

Аавыг аваад явснаас хойш ээжийн маань бие нь муудаад байдаг болчихлоо. Миний эгч айлын бэр болоод явчихсан байснаа ээж бид хоёртой байдаг болов. Гэтэл ээж маань бүүр хэвтэрт орж, эгчийн асаргаанд байхад нас барж, би бүтэн өнчирч, эгчийнхээ асрамжинд үлдсэн. Бага балчир насандаа өнчрөл зовлонгийн хүнд бэрхийг туулсаар өдгөө 83 насыг зооглоод байна.

Монгол Улсад ардчилал ялж, нууц байсан зүйл ил болоход архивын материалиас үзэхэд аавыг маань ОБЭК-ын 1938 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор буудан хөнөөх ялаар шийтгэжээ. Энэхүү ялыг нь 1993 оны тавдугаар сарын 22-ны 126 дугаар магадлалаар цагаатгасан юм. Хилс хэргээр цаазлагдаж, цагаатгагдагсдын төрөл төрөгсдөд нөхөн олговор олгох тухай 1998 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр надад нэг сая төгрөг олгосон.

Хүний аминаас үнэтэй зүйл энэ хорвоо дээр хаана ч үгүй гэдэг нь тодорхой учраас би эцгийнхээ амь насны нөхөн төлбөрийг нэг сая төгрөгөөр үнэлэх ёсгүй гэж үзээд, энэ тухай өөрийн санал, өргөдөл гомдлоо төр засгийн бүхий л албан тушаалтнуудад болон харьяаллын шүүхэд хүртэл бичсэн. Өнөө болтол ямар нэг хариу өгсөнгүй. Харин 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд ЦАУЗБУК-ын дарга Д.Лүндээжанцан миний өргөдөлд ирүүлсэн хариу бичигтээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хүүхдүүд, ялангуяа цаазлагдсан хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд нийгмийн халамжийн зарим туслалцаа үзүүлэх (мөнгөн тэтгэмж өгөх, орон сууц, гэр олгох гэх мэт) асуудлыг манай комисс энэ оноос онцгойлон авч үзэж УИХ, Засгийн газарт хүсэлт тавихаар бэлтгэж байна” гэсэн билээ.

Манай төр засаг хилсээр хэлмэгдсэн бол эрт, эдүгээ гэж ялгахгүйгээр адил тэгшээр нөхөн олговрыг нь бүрэн хэмжээгээр өгөх ёстой гэж бодогдоно.

Categories
мэдээ улс-төр

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд Франц улстай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Элизабет Барсакыг элчин сайдаар шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элизабет Барсак хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Францын Элчин сайдын яам Улаанбаатар хотыг үргэлж дэмжиж, хамтран ажилладагт талархал илэрхийлье. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хотын өмнө тулгараад байгаа хүндхэн асуудал болоод байгаа талаар Та сонссон байх. Энэ асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг Францын “Артилла Вилла Транспорт” ХХК-тай байгуулсанд маш их баяртай байна” гэлээ.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг ойрын хугацаанд шийдэх ёстой. Манай талаас зээл олгож, хамтран ажиллах боломжтой. Мөн Францын Элчин сайдын яамнаас байгаль орчны семинарыг хотын захиргаатай хамтран зохион байгуулах хүсэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Харин нийслэлийн Засаг дарга байгаль орчны семинарыг хамтран зохион байгуулахдаа баяртай байх болно гэдгээ уламжилж, бид бүхий л талаас нь дэмжин ажиллана гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан: Шүүхэд хүч тэнцвэргүй тулаан болж байна

ШӨХТГ-аас 13 банкны үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийж, иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус
хэмээн үзэн шүүхэд хандсан асуудлын талаар мэдээлэл өглөө.

“Өнгөрсөн сарын 26-нд Захиргааны хэргийн анхан
шатны шүүх дээр 13 банкинд холбогдох хэргийн шүүх хурал болж, улсын байцаагчийн
шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Хоёр шатны шүүхээр нэг хувийн
шимтгэл хууль бус гэдгийг тогтоож, улсын байцаагчийн шийдвэр хуулийн дагуу гарч,
банкуудын нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна. Гэтэл Улсын дээд шүүхээс
хэргийг Анхан шатны шүүх руу буцааж, улмаар банкуудын талд шийдвэрлэжээ.
Тиймээс ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан энэ асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Тэрээр “Анхан шатны шүүхээс нэг хэрэг дээр хоёр
өөр шийдвэр гаргаж байгааг бид харлаа. Нэг талыг барихгүйгээр, ашиг сонирхлын
зөрчилгүйгээр олон нийтийн эрх ашгийг харж шүүх шийдвэр гаргаагүй гэдэгт бидэнд
тодорхой эргэлзээ бий. Нэг хувийн шимтгэл өрсөлдөөнийг яаж хязгаарласан бэ, үүний
улмаас хэн хохирсон бэ, хохирсон хүн бий юу гэдэг асуултыг шүүгч нарын зүгээс
тавьсан.

Өнөөдөр зээлгүй хүн Монголд ховор байна. Төрийн
албан хаагчид, ахмадууд тэтгэврийн зээлтэй, бизнес эрхлэгч гээд олон хохирогч
бий. Шүүгч нарын өндөр цалингийн талаар хэвлэл мэдээллээр хангалттай гарч
байна. Шүүгчдийн өндөр цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, ХАОАТ төлдөг
бусад татвар хураамж төлдөг хувийн хэвшил, төрийн албан хаагчид, ахмадууд,
бизнес эрхлэгчид бүрдүүлж байгааг бүгд мэдэж байгаа.

Ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэж байна. Дээд
шатны шүүх хуралдаан болоход даргалагч нь Худалдаа хөгжлийн банкны Хууль
эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсныг олж мэдсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй
хүн байна хэмээн хуралдаан даргалагчийг солиход ХХБ-наас Дээд шүүхийн
хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Дээд шүүхийн хуралдаан хойшилсны дараа
хэргийг Анхан шатанд буцаасан. Гэтэл Анхан шат өмнөхөөсөө өөр шийдвэр
гаргасан” гэлээ.

ШӨХТГ-аас АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж,
анхан шатны шүүх хуралд оролцсон шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг
тогтоолгохыг хүсчээ. Нэр бүхий шүүгч нар арилжааны банкнаас зээлтэй эсэх, зээл
авсан бол хөнгөлөлттэй эсэх, жирийн ард иргэдэд тавьдаг нөхцөлөөс илүү
хөнгөлөлт эдэлж байгаа эсэх, эргэн төлж байгаа эсэх зэргийг шалгаж тодруулахыг
хүссэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар 25.5 тэрбум
төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 485 шүүгчийн 430 шүүгч 1-3 төрлийн зээлтэй.
Хамгийн дээд талдаа 200 сая төгрөгөөс дээш зээлтэй байгаа аж.

Өр зээлэндээ баригдсан шүүгч нарын асуудал толгой
гашилгаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох албаныхан хийсэн. Тийм учраас нэр
бүхий шүүгч нарын өр зээлийн харилцааг тодруулахгүйгээр банкуудтай холбоотой
энэ хэрэг ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар шийдэгдсэн гэж үзэх боломжгүй
байна гэдгийг Т.Аюурсайхан дарга хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Монголын
банкуудын холбооноос арилжааны банкуудад хийж буй шалгалтыг зогсоож өгөх албан
тоот явуулжээ.

Банкны үйл ажиллагаа доголдолтой, өрсөлдөөний
болон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөнийг илрүүлээд байхад Монголбанкны
ерөнхийлөгч Н.Золжаргал арилжааны банкуудад арга хэмжээ авахын оронд Ерөнхий
сайд болон Монгол Улсын Шадар сайд нарт албан бичиг явуулсан байсан. Албан
бичигтээ “ШӨХТГ банкуудад шалгалт хийх эрхгүй тул зохих арга хэмжээ авч өгнө
үү” гэж бичсэн байсан гэв.

Тэрбээр хурлын төгсгөлд “хямралтай үед
барилгаа нурааж илүү өндөр цамхаг барьдаг байгууллага банкнаас өөр алга.
Арилжааны банкууд иргэд, бизнес эрхлэгчдээ бодох цаг болсон. Арилжааны есөн
банктай давж заалдах болно. Шүүх дээр хүч тэнцвэргүй тэмцэл өрнөж байна. Есөн
банкны хуульч өмгөөлөгч оролцож байна. Монгол Улсын шилдэг гэж үнэлэгддэг
хууль, өмгөөлөгч нар ШӨХТГ-тай ард иргэд, бизнес эрхлэгчдийн төлөө давж
заалдахад хамтарч ажиллаач гэж урьж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд сонгогдлоо

НҮБ-ын Ази, номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулсан. Тус хуралдаанд БНХАУ, ОХУ, Тайландын Вант Улс, Монгол Улс, БНКазахстан Улс, БНКиргизстан Улс, БННепал Улс, Афганистан, Бангладеш, Бутан, БНАрмен Улс, Филиппин Улс, БНЭнэтхэг Улс, БНИндонез, Шри Ланка Улс, Фижи, Самоа, Палау зэрэг Ази, номхон далайн бүсийн улс орнуудын өндөр дээд хэмжээний болон дунд түвшний төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа, мөн газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Э.Алтанхишиг болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөгч оролцсон.

НҮБ-ын Ази, номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын салбар болох Гамшгийн эрсдэлийг бууруулах хороо нь гамшгийн эрсдэлийг бууруулах засгийн газар хоорондын хуульчлан батлагдсан албан ёсны форум бөгөөд дараах асуудлыг хариуцаж ажилладаг. Үүнд:
1\ Хавсарсан гамшгийн эрсдэл болон аюулыг бууруулах бодлого, стратеги,
2\ Сансрын болон бусад техник, технологийн дэмжлэг, тусламжийн тогтолцоог багтаасан гамшгийн эрсдэлийн удирдлагын бүс нутгийн хамтын ажиллагааны механизм,
3\ Хавсарсан аюулт үзэгдлийн үнэлгээ, бэлэн байдал, эрт зарлан мэдээлэл болон гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ зэрэг болно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдаанаар 2015 оноос хойшхи хөгжлийн төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах бүс нутгийн механизм, хавсарсан аюулын үе дэх эрт зарлан мэдээллийн бүс нутгийн тогтолцоо болон Ази, номхон далайн бүс нутаг дахь эрсдэлийн мэдрэмжтэй хөгжил зэрэг сэдвээр дээд хэмжээний хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулсан.
Энэ удаагийн хуралдаанаар 2015-2017 онд ажиллах Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дарга болон орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэж, Хорооны даргаар Фижи Улсын Хөдөө аж ахуй, орон нутаг, далайн хөгжил, үндэсний гамшгийн удирдлагын сайд, Орлогч даргаар БНКиргистан Улсын Онцгой байдлын дэд сайд, Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний албаны дарга болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа нар тус тус томилогдсон.
Хорооны удирдлагууд Ази, номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах механизмыг удирдан зохицуулах үүрэгтэйгээр ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Хоригдлуудыг суллах тул цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн баталсан. Ингэснээр өршөөлд хамрагдаж буй 2500 гаруй иргэн энэ долоо хоногт эрх чөлөөтэй болж байгаа юм. Тэднийг суллах ажлыг маргаашнаас албан ёсоор эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хүн байгаа аж. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хүн байгаагаас өршөөлд хамрагдах нь 2383 хүн юм байна. Гэхдээ бүрэн чөлөөлөгдөх нь 1702 хүн гэнэ. Үлдсэн нь хоёр жилийн ял хасуулаад үлдсэн ялыг үргэлжлүүлэн эдлэх юм.

Харин цагдаагийн байгууллагын хяналтад тэнсэх, ял хойшлогдсон нийт 5373 хүн байгаа гэж байна. Тэднээс өршөөлд хамрагдаад бүрэн суллагдах нь 4498. Өөрөөр хэлбэл, 83.7 хувь нь ялгүй болох аж.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрх хасах, эд хөрөнгө хураах төрлийн ялтай 1367 ялтнаас 1259 нь өршөөлд хамрагдахаар байгаа юм байна.