Categories
мэдээ нийгэм

Арван хувиа төлөөгүй иргэдийн эрхийг нь цуцална

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгуудыг энэ сарын 31-нд Улсын комисс хүлээн авна. Тус хорооллын байрны ам.метр нь сая 350 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 10 хувийн урьдчилгаатай. Тэгвэл захиалга өгсөн иргэдийг энэ сарын 10-ны дотор урьдчилгаа 10 хувиа төлөхийг сануулжээ.

Тодруулбал “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд “Буянт-ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцыг 2015 оны аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

“Буянт-ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан иргэд, албан байгууллага 2015 оны аравдугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулж байна.

Жич: Заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцалж, зах зээлд нээлттэй худалдахыг мэдэгдэе. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” хэмээн анхааруулжээ

Categories
мэдээ спорт

Армийн спортын наадмаас О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Мунгён хотод энэ сарын 2-ноос эхэлсэн Армийн дэлхийн спортын зуны VI наадмын чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө. Өчигдөр тэмцээний 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Тус барилдаанаас 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт швейцарийн бөх Марко Лукас Рейзенийг 6:4, 4:0, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Ким Гван Укыг цэвэр ялж хагас шигшээ барилдаанд оросын бөх Шамиль Кудиямагомедовт 2:6, 0:4 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдсан. Тэрбэээр хүрэл медалийн төлөө ХБНГУ-ын бөх Ульям Харттай оноол таарч 2:0, 1:1 оноогоор ялж хүрэл медаль хүртлээ.

Харин 70 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт египетийн бөх Еад Ибрагимийг 10:0, хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Тим Мюлллерийг 8:0, 2:0 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх Ж.Азимовт 1:0, 6:2 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд украиний бөх Е.Хабеловыг 1:0, 10:1 онооны харьцаагаар хожжээ.

61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хаш-Эрдэнэ нэгдүгээр тойрогт швейцарийн бөх Ранди Адгин Вокийг 3:0, 1:4 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт украиний бөх Мукола Айвазянд 0:2, 6:8 онооны харьцаагаар хожигдсон.

Мөн 125 кг-ын жинд спортын мастер Чойжилсүрэнгийн Мөнхтогтох нэгдүгээр тойрогт ХБНГУ-ын бөх Жохан Кессельд 2:5, 0:8 онооны харьцаагаар хожигджээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн газрын нэрээр залилан хийжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэрийг барьж залилан хийх асуудал нэг бус удаа гарчээ. Тухайлбал, иргэн, албан байгууллагууд руу залган “Нийслэлийн эрүүл мэндийн газраас ярьж байна. Тусгай зөвшөөрөл, галын болоод ажлын байрны дүгнэлт зэргийг гаргаж өгөх тул дансанд мөнгөө байршуулна уу” гэжээ. Ийнхүү хувь хүний данс өгөх замаар залилан хийсэн байна. Тиймээс иргэн, албан байгууллагуудад анхааруулахад шаардлагатай тохиолдолд 11-325054, 11-324124 утсанд хандах, сэжигтэй тохиолдол гарвал нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэдэгдэхийг анхааруулжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгээс Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад “Эрх баригчид 2016 оны буюу дараагийн сонгууль эхлэх гэж байхад дөрвөн жилийн өмнөх сонгуулийн маргаан будилааныг шийдвэрлэхгүй зориуд үргэлжлүүлж байна. МАН ялалт байгуулсан орон нутгийн засаглалыг хүлээн зөвшөөрч чадахгүй дөрвөн жилийн турш маргаан үүсгэж, ардчилал, ард түмний шударга сонголтыг шийтгэж, улс төрийн буруу жишиг тогтоолоо. Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулсан нь хууль бус болохыг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөн хурлаа хуралдуулахгүй байсаар сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааг дуусгах гэж байна. Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн хууль бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд та баталгаажууллаа.

Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайд та аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хууль бус шийдвэрийг баталгаажуулан, орон нутагт улстөржилт, иргэдийн дунд талцал хагарал бий болгон ташуур нэмж байна.

Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг ШААРДАЖ байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автобус компаниудын орлогыг тогтмол олгож байсан гэв

Нийтийн тээврийн автобус компаниуд хэд хэдэн шалтгаанаар ажил хаялт зарлаад буй. Хувийн хэвшлийн компаниудын удирдлага “Улаанбаатар смарт карт” компанийг орлогыг нь хурааж аваад тал хувийг нь л эргүүлж төлдөг, их хэмжээгээр хохироож байна гэж мэдэгдсэн юм. Эл асуудлаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Улаанбаатар смарт карт” компанийн Үйл Ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Автобус компаниуд өнөөдөр ажил хаях болсон шалтгаанаа “Улаанбаатар смарт карт” ХХК хоёр сарын турш орлогыг нь өгөөгүйгээс болсон гэсэн мэдээлэл өгсөн байна лээ. Манайх төсөл Худалдаа хөгжлийн банктай түншилж ажилладаг. Бэлэн мөнгөний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолоод лацаддаг. Бид мөнгийг манай дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг. Зохих журам гэдэг нь Нийслэлээс гаргаж өгсөн цаг, минутаар хуваарилах журам юм. Долоодугаар сарын 29-нд манай төсөл нээлтээ хийгээд хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл нийт 21 аж ахуйн нэгжид 10 тэрбум 775 сая 798 мянга 15 төгрөг олоод бид зохих журмын дагуу хуваарилалт хийсэн. Өөрөөр хэлбэл орлого орж ирсэн өдөрт нь бид аж ахуйн нэгжид шилжүүлж байсан” гэсэн юм.

Тус компани 3 тэрбум 800 гаруй сая төгрөгийг автобус компаниудад зээлээр өгчээ. Энэ нь тус компанийн эргэлтийн хөрөнгө байсан гэнэ.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэллээ. Түүнийг Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй Батлан хамгаалах яам, жанжин штабын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тосон авчээ.

Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн “Тусламжийн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар товложээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, Батлан хамгаалахын их сургуульд зочилно.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй БНХАУ-ын цэргийн төлөөлөгчидийн энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм. Энэ удаагийн айлчлалын үеэр талууд батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээний яриа, хэлэлцээр хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг ихэсчээ

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ өдрийн хүрээнд “Сэтгэцийн эмгэгтэй хүний нэр төрийг хамгаалах” сэдвийн дор өвчтнүүдийн ар гэр, гэр бүлд зориулсан сургалт явуулах, ДЭМБ-аас гаргасан хүний эрхийг хамгаалах санамж бичгийг иргэдэд тараах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

Мөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүст боловсрол олгох хөтөлбөр, сэтгэлзүйч нарт зориулсан 45 хоногийн сургалт явуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа тухай СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл мэдээлэв. Манай улсад сүүлийн жилүүдэд архинд донтох эмгэг 40 хувиар нэмэгдсэн бөгөөд стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг ихсэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Оросын зөн билэгтэн Е.Голунова Монголд иржээ

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова өнөөдөр Монголд ирлээ.

Тэрээр өнгөрсөн жил Монголд айлчилж байсан. Тухайн үед Е.Голунова өөрийн тав дахь удмаас Монгол хүн байсан хэмээн мэдэгдэж байв.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ. Тэр энэ удаа гурав хоног айлчилж, хүмүүсийг хүлээн авах аж.

Categories
мэдээ нийгэм

“11 11” төв түр хугацаанд ажиллахгүй

Засгийн газрын “11 11” төв маргааш буюу аравдугаар сарын 9-ний 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар ажиллахгүй болсныг мэдэгдэж байна.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны бага тойруугийн 2 дугаар байрны ерөнхий щитийг шинэчлэх болсонтой холбогдуулж тус байранд байрладаг “11 11” төвийн үйл ажиллагаа түр зогсч байгаа юм. Иймд иргэд та бүхэн санал, хүсэлтээ дээр дурдсан хугацаанаас хойш өгнө үү гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баасандорж өмгөөлөгчийг цагдаад өгчээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргажээ. Тодруулбал, Ц.Баасандоржийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулахаар өнөөдөр шилжүүлжсэн байна.

Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж Х.Идэр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан юм. Гэвч Х. Идэр шүүгч энэхүү хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл,“Х.Идэр шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа.

Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан билээ.