Categories
мэдээ нийгэм

Автобус компаниуд ажил хаялтаа зогсоолоо

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд ажил хаялтаа зогсоож ажилдаа гарлаа.

Тэд “Улаанбаатар смарт карт” компани орлогыг дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон хэмээн энэ сарын 7-ноос эхлэн түр зогсолт нэрээр ажил хаялт зарласан юм. Харин дөнгөж сая Автобус компаниудын төлөөлөл мэдээлэл хийхдээ “Бид тохиролцолд хүрсэн учраас ажилдаа гарахаар боллоо. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудад шалгалт оруулахаар болсон. Бид шалгуулахад бэлэн байна” хэмээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадынхан язгуур урлагийг илүү мэдэрч, хүлээж авдаг

Этно жазз
чиглэлээр уран бүтээлээ туурвидаг язгуур урлагийн “Арга билэг” хамтлаг Грэмми
наадмын шагналд нэр дэвшжээ. Тус хамтлагчийн ахлагч Г.Гантулгатай ярилцлаа.

-Алдарт
Грэммийн наадамд Монголоос анх удаа танай хамтлаг нэр дэвшжээ. Энэхүү наадамд
хэрхэн нэр дэвших болов?

-Грэммид нэр
дэвшсэн талаараа бид саяхан мэдээлэл авлаа. Хамтлагийнхан маань морин хуурын чуулгаараа сая Солонгост очиж
тоглолт хийгээд өчигдөрхөн /уржигдар/ ирсэн. Өнөөдрөөс ажилдаа орж байна. Бид
нар Швейцарийн “Musiques Suisses” студийн уран бүтээлчидтэй хамтран “Агула”
цомгийг гаргасан. Энэхүү цомгийн маань продюсер Хенрих Кайзег гэдэг хүн манай
хамтлагийг олон улсад сурталчлан таниулах ажлынхаа хүрээнд Грэммийн наадамд нэр
дэвшүүлсэн байна. Тэрээр энэ талаарх мэдээллийг фэйсбүүк хуудсандаа тавьсан
байсан л даа. Бид “Агула” цомгоороо Швейцарьт болон Монголдоо мөн тоглолт
хийсэн.

-“Грэмми”-д
нэр дэвшинэ гэдэг нэр хүндийн хэрэг. Дэлхийн хэмжээний хамтлаг, дуучидтай хамтран ийм том наадамд өрсөлдөж байна. Энэ
сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Одоохондоо
бидэнд нарийн мэдээлэл байхгүй болохоор тийм, ийм гэж хэлэх боломжгүй
байна.

-“Арга билэг”
хамтлаг үүссэн түүхээс ярихгүй юу?

-Манай хамтлаг
2009 онд байгуулагдсан. Хамгийн анх “Дээлт” гэж цомог гаргаж байлаа. Мөн “Дэв”
киноны саунд тракийг тоглосноор мэдэх байх. Сая энэ “Агула” буюу “Уул” гэх
нэртэй цомгийг Швейцарийн хөгжимчидтэй гаргаж байна. Энэ жил Швейцарь Монголын
дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулан бид
Швейцарийн хөгжимчидтэй хамтран ажилласан.

-Хамтлагийнхаа
гишүүдийг танилцуулаач?

-Манай хамтлаг
долоон гишүүнтэй. Хоёр гишүүн маань одоо АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж
байгаа. Олон тэмцээн уралдаанд оролцсон морин хуурч Жигжиддорж гээд мундаг
залуу бий. Манай хамтлаг гурван морин хуур, нэг ятга, хоёр цохивор хөгжим, нэг
төгөлдөр хуурчтай. Төгөлдөр хуурчаар А-Sound хамтлагийн төгөлдөр хуурч Пүрэвсүх
гэж залуу ажилладаг. Тэрээр мөн манай хамтлагийн хөгжмийн зохиолч хийдэг.
Хамтлагийн бараг 80 хувь Монгол Улсын морин хуур чуулгад ажиллаж байна. Ажлаа
хийнгээ хажуугаар нь уран бүтээлээ туурвиад их л завгүй явж байна даа. Бид
морин хуур чуулгатайгаа НҮБ-ын танхимд тоглож байсан. Ер нь морин хуур
чуулгатай маш олон уран бүтээл дээр хамтарч ажилладаг.

-Танай хамтлаг
этно жазз чиглэлээр Монголдоо анх удаа уран бүтээл туурвиж байгаа. Этно жазз
чиглэлийн онцлог юу вэ?

-Язгуур урлагийн
хамтлаг бүр өөрийн гэсэн стиль урсгалаар уран бүтээлээ хүргэдэг. “Домог”
хамтлаг гэхэд фолк, “Алтан ураг” фолк рок, “Хөсөгтөн” этно гэх мэтчилэн өөр
өөрийн урсгал чиглэлүүдтэй. Манай хамтлагийн хувьд этно жазз чиглэлээр уран
бүтээл туурвиж байна. Этно жазз нь ардын хөгжим морин хуур, ятга, төгөлдөр
хуур, цохивор хөгжмийг хослуулж орчин үеийн сонгодог жазз хэлбэрт оруулан
тоглодог.

-Цаашдаа ямар
уран бүтээл төлөвлөөд байна?

-Одоо нэг цомог
дээр ажиллаж байна. Одоохондоо нууцалж байгаа.

-Өнгөрсөн онд
мөн Америкт тогложээ. Тэд хэрхэн хүлээж авав?

-Өнгөрсөн оны
есдүгээр сарын дундуур бид нар Денвер, Сиэтл, Нью-Йорк, Чикаго зэрэг хотуудаар
аялан тоглолт хийсэн. Тоглолт маань маш
амжилттай болсон. Үзэгчид их халуун дотноор хүлээж авч байв. Мөн 2015 оны
хоёрдугаар сард “Агула” цомгоороо Швейцарьт тоглосон. Сая Солонгост тоглолт хийлээ. Ер нь энэ жил
тоглолт ихтэй завгүй жил байна.

-Манай язгуур
урлагийн хамтлагууд Монголоосоо илүү гадны орнуудад аялан тоглолтоо хийдэг. Рок
поп хамтлагуудаасаа илүү гадныханд танигдаж чаддаг юм шиг. Танай хамтлаг ч мөн
энэ жишгээр яваад байна уу?

-Яах аргагүй үнэн
л дээ. Яагаад гэхээр тэнд бидний хийж буй уран бүтээлийг илүү ойлгож мэдэрч
сонсдог юм болов уу гэж боддог юм. Эх орондоо тоглоход ч гэсэн маш сайхан хүлээж
авна л даа. Гэхдээ гадаадынхан илүү халуун дотноор хүлээж авахаас гадна, сонсч
мэдэрдэг. Гэхдээ манай үзэгчид хоёр талтай болж байгаа шүү дээ. Хүмүүсийн
тодорхой нэг хэсэг нь хошин шог, зохиолын дуучид сонирхож байхад нөгөө хэсэг нь
шинэ гарч ирж буй уран бүтээлчдийг сонирхож кайф авах хандлагатай байх
жишээтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн урлагийг ойлгох хандлага өөр
болох байх л гэж боддог ш дээ.

-Грэммийн
шагналд одоо нэр дэвшиж байна гэхээр 2016 оны наадамд өрсөлдөж байна гэсэн үг
үү?

-2016 оны
хоёрдугаар сарын 15-нд шалгаруулах юм билээ. Манай хамтлаг одоохондоо нэр
дэвшээд л явж байгаа.

-“Агула”
цомгийнхоо талаар яриач. Энэ цомогт хичнээн уран бүтээл багтсан бэ?

-Арав гаруй аяз
багтсан.“Агула” цомгийн хөгжмийн зохиолчоор манай Пүрэвсүх, мөн Швейцарь талаас
Кенрих Кайзе ажиллаж аязыг бичсэн. Түүний явуулсан аяыг Пүрэвсүх маань
хамтлагийн өнгө аясдаа тохируулан найруулж бичдэг.

-Цомог
худалдаанд гарч эхэлсэн үү. Монголд зарагдаж байгаа юу?

-Энэ оны
хоёрдугаар сараас эхэлж худалдаанд гарсан. Монголд одоогоор зарагдахгүй
байгаа.

-Зөвхөн хөгжим
гэхээсээ илүү бүжиг бас найруулж тавьдаг гэсэн ?

-Тийм. Тухайн
зохиолдоо тааруулан үндэсний бүжгийн хэв шинжийг хослуулан олонд хүргэдэг.

Categories
мэдээ цаг-үе

Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт удахгүй эхлэх нь тодорхой болжээ

Монголыг
эрчим хүчний хараат байдлаас гарахад мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх Эгийн голын
усан цахилгаан станц төслийн ажил урагштай байна. Засгийн газар энэ долоо
хоногийн эхний өдөр станцын бүтээн байгуулалтын өмнөх шатны ажлыг концессийн
гэрээгээр гүйцэтгэе гэсэн шийдвэр гаргасан нь эдийн засаг хүндхэн байгаа энэ
өдрүүдэд таатай мэдээ болж чадлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн
ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл өнгөрсөн онд
хэлэлцээд дэмжсэн юм. ТЭЗҮ-д төслийн
нийт өртгийг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ.Эгийн голын Усан цахилгаан
станцыг Улаанбаатар хотоос авто замаар
450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн
бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барих юм. Суурилагдах хүчин чадал нь 315 МВт. Жилд дунджаар 606 сая кВт.ц
цахилгаан үйлдвэрлэнэ. Тэр хавьд 5.7
тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм. Эгийн голын усан цахилгаан станц
төслийн нэгжийн холбогдох хүмүүстэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авснаа хүргэе.

Төслийг
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүрэн санхүүжүүлнэ

Эгийн голын
усан цахилгаан станц төслийн нэгжийн Эрх зүй, хөрөнгө оруулалтын албаны дарга
Д.Одсүрэнтэй ярилцлаа.

-Төслийн
санхүүжилтийн талаар сүүлийн үеийн мэдээллээс яриагаа эхэлье?

-Төслийн
санхүүжилт дээр олон төрлийн эх үүсвэрийг судалж үзсэн л дээ. Дотоодоос төсвийн
хөрөнгө оруулалт, гадаадаас гэхэд Засгийн газар хоорондын зээл, арилжааны зээл,
хүлэмжийн хийг бууруулсны төлбөр гээд бүх л шат дамжлага, эх үүсвэрийг судлаад
эцэст нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг санхүүжүүлэх
шийдэлд хүрсэн. Монголын Засгийн газар энэ оны гуравдугаар сард Хятадын Засгийн газраас амласан нэг тэрбум
ам.долларын зээлээр төслийг бүрэн санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм. Нэг тэрбум
ам.долларын зээлийн хувьд БНХАУ-ын даргын өнгөрсөн онд манай улсад айлчлах
үедээ өгсөн амлалт. Засгийн газар гуравдугаар сард баталсан тогтоолоо гэрээний
төслийн хамт ердөө сарын дараа Хятадын
Засгийн газарт хүргүүлсэн. Хятадын талаас гэрээний төслийг судалж хариу ирүүлэх
дээр цаг хугацаа зарж байгаа тал бий. Бид
Хятадын Сангийн яам, Худалдааны яам, хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх
“Экзим” банкны холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг байнга тавьж байгаа.

-Зээлийн
нөхцөл нь хэр ашигтай вэ?

-Монголд нэлээд
ашигтай. Жилийн хүү гэхэд л хоёр хувь. Зээлийг эргэн төлөх хугацаа их урт.
Хятадын тал хорин жил гэснийг бид тодорхой түвшинд ярилцаад хугацааг нь
уртасгасан. Ерөнхий сайд өнгөрсөн сард Хятадад
болсон Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод гучин жил болгож өгөөч
гэсэн санал хүсэлтийг Хятадын Төрийн зөвлөлийн даргад тавьсан юм. Хятадын тал Ерөнхий сайдын саналыг хүлээж
авсан. Энэ зээлийг төлсний дараа эрчим хүчний үнэ 1.4 цент хүртэл буурах эдийн
засгийн ач холбогдолтой. Иргэд хямд үнэтэй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг.

-Төслийн
урьдчилсан шатны ажил болох дэд бүтэц барьж байгуулахад багагүй мөнгө зарцуулж
таарна. Хятадын талаас энэ ажилд хэчнээн ам.доллар гаргах бол?

-Урьдчилсан шатны
ажлыг концессийн гэрээгээр хийе гэсэн
Засгийн газрын шийдвэр цаанаа нарийн учиртай. Төслийн урьдчилсан шатны
ажил гэж бий. Зам, гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн
ажлуудыг урьдчилж эхлүүлэхийг Засгийн
газрын түвшинд яриад дэмжлээ. Энэ ажлыг урьдчилж эхлүүлэх нь том ач
холбогдолтой. Хятадын Засгийн газрын
зээлийн төлөх хугацааг наашлуулах, станцын бүтээн байгуулалтын ажилд нэмэр
болох зэрэг сайн талтай. Наад зах нь станцын
трубин генератор зэрэг томоохон техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэж зөөхөөс эхлээд хүндрэл гарах учраас
дэд бүтцийн асуудлыг урьдчилж шийдье гээд байгаа юм. Энэ ажлыг Хятадын компани
богино хугацаанд чанартай, үр дүнтэй гүйцэтгэнэ. Хамгийн гол нь энэ ажлыг
гүйцэтгэхдээ Хятадын тал 98 сая ам.доллар гаргах юм. Зээл бүтэх хүртэл зам,
гүүр, шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой байгаа.

-Зээлийн
хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцсэний дараа эрх зүйн хувьд асуудалгүй болох байх?

-Хятадын талын
827 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцөх ёстой.
Аюулгүй байдал гадаад бодлогын, Төсвийн, Эдийн засгийн гэсэн гурван байнгын
хороогоор зөвшилцөөд энэ гэрээг үзэглэх эрхээ авна. Дараа нь Зээлийн ерөнхий
хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж соёрхон батлуулсны дараа эрх зүйн
баримт бичиг бүрэн бүрдэх юм.

Хантай багийг
нүүлгэн шилжүүлэх газрыг тодорхой болгожээ

Эгийн голын
усан цахилгаан станц төслийн нэгжийн Байгаль орчин, орон нутгийн албаны дарга
Ч.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Нутгийн иргэд
Эгийн голд усан цахилгаан станц барихыг хэр дэмжиж байгаа вэ?

-Төслийн нэгж
дөнгөж байгуулагдсаны дараа буюу 2013 оны арванхоёрдугаар сарын эхээр Булган
аймгийн Хутаг-Өндөр сумын Иргэдийн хуралд танилцуулга хийж байсан. Тэр үед
иргэд “Наад төслийг чинь хорин жил ярилаа. Ахиад ярих юм биш биз дээ. Үнэхээр
хэрэгжүүлж чадах юм уу” гэж болгоомжилж байсан. Түүнээс хойш нутгийн иргэдэд
усан цахилгаан станцын талаар зөв ойлголт өгч, орон нутгийн иргэд, удирдлагатай
хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Хутаг-Өндөр сум, Хантай багийн иргэдийн
төлөөллийг үйл ажиллагаагаа явуулж байгаа Тайшир, Дөргөний усан цахилгаан
станцуудтай танилцуулсан. Нутгийн иргэдийн хандлага өөрчлөгдөж, энэ бүтээн
байгуулалт улс оронд хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Одоо иргэд маань бушуухан
ажлаа эхлүүлж, шинэ багийн төв барих газрыг тодорхой болгож цаг алдалгүй
нүүлгээч гэсэн асуудал тавьж байгаа.

-Хантай багийг
нүүлгэн шилжүүлэх газар тодорхой болсон уу?

-Хантай баг
байгаа газар усанд автах учраас нүүлгэн суурьшуулах асуудал яригдсаар ирсэн.
Хантай багийн төв одоогоор 80 орчим өрхтэй. Шинэ багийн төвийг нутгийн иргэдийн
саналыг үндэслэн одоогийн багийн төвөөс дөрвөн километр орчим зайд Дамирангийн
энгэрт товлосон. Аймаг, сумын иргэдийн хурлынх нь тогтоол гарчихсан. Газар нь
баталгаажсан. Хантай баг тэр газарт яаж хөгжих үү, ямар баг болох нь вэ гэдэг
ерөнхий төлөвлөгөөг хийлгэж байна. Ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа нүүлгэн
суурьшуулах ажил эхэлнэ.

-Байгаль орчны
нарийвчилсан үнэлгээг нь хийчихсэн юм байна. Экологид хэр нөлөөтэй гэж гарсан
бэ?

-Байгальд огт сөрөг нөлөө үзүүлдэггүй бүтээн байгуулалт
гэж байхгүй л дээ. Нэг давхар байшин барьсан ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Аливаа бүтээн байгуулалтыг хийхэд байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн
бага түвшинд байлгах асуудал л яригддаг. Эгийн голын усан цахилгаан станцын
тухайд Байгаль орчны үнэлгээнд тусгагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
түүний дотор байгаль хамгаалах арга хэмжээ, байгаль орчны хяналт
шинжилгээний хөтөлбөрүүдийг цаг тухайд
нь авч хэрэгжүүлснээр гарч болзошгүй сөрөг нөлөөллүүдийг хамгийн бага түвшинд
байлгаж төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

-Загасны
судалгаа нь эхэлсэн үү?

-Загасны
судалгааг гурван үе шаттай хийхээр төлөвлөж байгаа. Төслийн өмнөх үе шат,
барилгын үе шат, станц байгуулагдсаны дараахь үе шатуудад нийт 5-7 жил загасны судалгааг цогцоор нь хийх юм.
Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт эхлэхээс өмнө ямар байсан, өрнөх явцад яасан,
бүтээн байгуулалт дууссаны дараа байдал яаж өөрчлөгдсөнийг харьцуулж судлах
зорилготой. Судалгаа эхэлсэн. “Байгаль хамгаалах Монголын тул сан” төрийн бус
байгууллага энэ судалгааг хийж байгаа.

-Эгийн голын
загасыг ер нь яах ёстой бол. Шилжүүлэхээс аргагүй гэсэн байр суурь сонсогддог.
Энэ талаар урьдчилсан таамаг багцаа гарсан уу?

-Цаашид энэ голд
амьдарч байгаа загасыг яах ёстой юм, нууранд нь үржүүлэх үү, шилжилт хөдөлгөөнд
нь далан үнэхээр саад болох уу зэрэг асуултын хариулт, эцсийн шийдэл судалгааны
үр дүнд гарч ирнэ л дээ. Бидний хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллага
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад Эгийн голын усан цахилгаан
станцын далан дээр загас өнгөрүүлэх ямар төрлийн байгууламж тохиромжтой вэ
гэдэг сэдвээр семинар хийсэн юм. Олон орны загас судлаачид, усны барилга
байгууламжийн инженерүүд оролцсон энэ семинараас зөвлөмж гарсан байдаг. Эгийн
голын усан цахилгаан станцынх шиг өндөр далангийн тухайд цуглуулах- зөөх арга
тохирно гэсэн эхний зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийн дагуу ТЭЗҮ-д загас
өнгөрүүлэх байгууламж тусчихсан явж байгаа.

-Ойролцоох ойн
моддыг шилжүүлэх, ашиглах асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой
мэдээлэл өгөөч?

-Усан сан
үүссэнээр нэг хэсэг газрын мод, бут, сөөг усанд автахаар байгаа. Судалгааг нь
БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвөөс хийсэн. Зургаан га зулзаган ойг ойролцоо газарт нь
шилжүүлэн суулгах, арван дөрвөн га-д байгаа унанги, шатсан ойг цэвэрлэх
хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан.Ойн цэвэрлэгээг удахгүй эхлүүлэхээр ажиллаж
байна. Мөн энэ намар зургаан га зулзаган ойг шилжүүлэх зураг гарчихсан. Нэг га
моносыг Булган аймагт шилжүүлэн суулгаж, моносын цэцэрлэг гэж байгуулах юм.
Таван га-г нь шинээр байгуулагдах багийн төвийн ойролцоо цэцэрлэгт хүрээлэн
байгуулж шилжүүлэн суулгахаар болсон. Эдийн засгийн эргэлтэд орох нарс, шинэс
зэрэг ойг үндсэн ашиглалтаар ашиглаж, дүйцүүлэн хамгаалалт хийх хэрэгтэй гэсэн
дүгнэлт гаргасан.

– Эгийн голын
хөндий археологийн дурсгал ихтэй гэж яригддаг. Археологийн судалгаа хийж байгаа
гэл үү?

– Эгийн голын
хөндийд ерээд оноос буюу манай төслийн нэгж байгуулагдахаас өмнө археологийн
судалгаа хийгдэж байсан байдаг. Төслийн нэгж байгуулагдсанаас хойш өнөөдрийг
хүртэл хоёр жилийн хугацаанд авран хамгаалах ажил хийсэн. Монгол Улсад
археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тав, зургаан баг бий. ШУА-ийн Түүх
Археологийн хүрээлэн, Улаанбаатар сургуулийн Археологийн тэнхим, ШУТИС-ийн
Археологийн баг, Монголын үндэсний музейн археологичидтой бүгдтэй нь хамтарч
ажилласан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа археологийн бүх багийг
нэгтгэж ажиллуулснаараа онцлог алхам болсон. Өнгөрсөн оны намар олдворуудаараа
үзэсгэлэн гаргасан. Удахгүй хоёр жилийн ажлынхаа тайлангаар үзэсгэлэн гаргаж,
эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар ажиллаж байна. Усан цахилгаан
станц орчим цаашдаа аялал жуулчлалын бүс болно. Энэ утгаараа хажуудаа түүх
археологийн музейтэй байх юм. Тэндээ Эгийн голын хөндийгөөс олдсон олдворуудыг
дэлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эгийн голын
станц Монголыг эрчим хүчний хувьд бие даалгах давуу талтай

Эгийн голын
усан цахилгаан станц төслийн нэгжийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер
Б.Очиржавтай ярилцлаа.

-Эгийн голын
станц ажиллаж эхэлбэл Монголын эрчим хүчний салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эгийн голын усан
цахилгаан станц манай төвийн эрчим хүчний системийн бүтцийг боловсронгуй, зөв
болгоно. Төвийн эрчим хүчний систем хэдэн дулааны станц, ОХУ-аас орж ирсэн
шугамууд гэсэн хоёр бүтэцтэй. Цахилгааны ачаалал хоног тутам, сар жил тутамд
хувьсч өөрчлөгдөж байдаг. Бүх айлууд хөргөгч, цахилгаан зуух, телевизээ асаах
цагаар буюу ачаалал гэнэт өсөх, эсвэл ачаалал гэнэт буурахад зохицсон уян хатан
бүтэц байх ёстой. Манай дулааны станцуудад ийм онцлогтой хэрэгцээг хурдан
хугацаанд маневрлах чадал, чадвар байхгүй. Өөрчлөгдөхгүй хэсгийг нь хэдэн
дулааны станцаараа хангадаг. Хурдан хувьсах хэсгийг нь эх үүсвэргүй учраас хаа
нэг газраас авахаас аргагүй. Оросоос хүссэн хүсээгүй эрчим хүч авна гэсэн үг.
Олон улсын жишгээр ярихад энэ бол буруу бүтэц. Хэрвээ тухайн улс жинхэнэ утгаараа тусгаар тогтносон байя гэвэл
эрчим хүчний бүтэц нь хэнээс ч үл хамаарсан бүтэц рүү орсон байх ёстой. Бид
тусгаар тогтносон улс гээд хорь гаруй жил хэнээс ч юу ч асуухгүй явсаар ирсэн.
Эдийн засгийн үндэс суурь нь болсон эрчим хүчнийхээ хувьд хараат хэвээр байгаа.
Эгийн голын усан цахилгаан станц бидний энэ дутагдлыг нөхөж өгнө. Монгол улсын
эрчим хүчний систем биеэ дааж эхлэхэд чухал үүрэгтэй бүтээн байгуулалт.
Цахилгааны хэрэглээ нэмэгдэнгүүт хувь нэмрээ оруулах төдий үүрэгтэй станц биш.
Монголын эрчим хүчний бүтцийг боловсронгуй болгож, эрчим хүчний биеэ даасан,
найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй.

-Усан
цахилгаан станц ажиллуулахад бэрхшээлтэй, давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?

-Монголд барихад
ийм бэрхшээлтэй гэсэн асуудал байхгүй. Цахилгаан станцуудын зардал түлш, ажиллуулж
байгаа хүмүүсийн цалин, сэлбэг хэрэгсэл зэргээс бүрддэг. Дулааны цахилгаан
станцын ашиглалтын зардал өндөр байдаг нь ганцхан шалтгаантай. Зардлынх нь
ихэнх хэсэг түлшиндээ явдаг. Усан цахилгаан станц бол өөр. Түлш нь ус учраас
зардал нь маш бага. Ажилчдын цалин, ашиглалт, засварын зардал л бий. Барьчихсан
байхад зээлээ төлсний дараа эрчим хүчний тариф буурна гэж яриад байгаа нь ийм
учиртай. Авсан зээлээ төлбөл бараг үнэгүй цахилгаантай болно гэсэн үг.

-Эрчим хүчний
салбартаа усан цахилгаан станцыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсууд гэвэл ямар
орнууд байна?

-Усныхаа эрчим
хүчийг бүрэн ашигласан улсууд байна. Жишээ нь Франц, Герман. Норвегийн эрчим
хүчний 98 хувь нь усан цахилгаан станц байх жишээний. Усны эрчим хүч хамгийн үр
ашигтай гэдгийн л илрэл. Манайд усан цахилгаан станц ажиллуулах боломж нөөц
бүрэн байна. Нэг том станц барьчихад л үр өгөөжийг нь нийтээрээ ойлгоно.

Categories
мэдээ цаг-үе

Ломбын Нямаа: Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу
найрагч Ломбын Нямаатай уулзаж хөөрөлдлөө. Монголын утга зохиолд Хан Хэнтийн
яруу найргийн дэг сургуулийг бий болгосон эл эрхэм эдүгээ “Их засаг” их
сургуульд багшилж байгаа нэгэн билээ.

-Уран бүтээлч хүнээс сүүлийн
үед юу хийж байна гэх ч бараг л илүүц асуулт даа…

-Би нэг зохиолын судлалаар
нэлээд юм хийдгийг чи юу эс андах вэ. Д.Батбаярын “Мементог бүтээхүй”, “Цахилж
яваа гөрөөс” тууж, Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг, До.Цэнджавын “Хөх жавар”
тууж, Жаргалын Барамсайн “Үхэр гэдэг амьтан” зэрэг бүтээлийг судалж ном болгон
өлгийдөхөд бэлэн болгосон. Барамсайн тэр өгүүллэг гэхэд зохиогчоо хэлмэгдүүлж
байсан бүтээл. Нобелийн шагналт зохиолч, аугаа их М.Шолоховт нэг найзаараа шууд
орчуулуулан сонсгоход тэр их зохиолч гурвантаа “молодец хорощо” гэж үнэлсэн
түүхтэй зохиол. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол”
дууль, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэг хоёрыг уншин
судалж байна. Монгол хүний үхэл, монгол амьтны үхэл хоёрыг нэг ёсондоо
харьцуулж байгаа хэрэг. Монгол хүн насны эцэст найзуудаа цуглуулж суугаад,
сэтгэлийн үгээ хөөрөлдөн, дуугаа дуулаад буцдаг. Өрнийнхөн бол юм хурааж
цуглуулсан ч хэнд ч өгөхгүй хав дарж байгаад үхдэг шүү дээ. Тэгэхэд монгол хүн
насны наран буцахын цагт хурааж хуримтлуулсан бүхнээ үр хүүхэд, ойр дотныхон,
найз нөхдөдөө үлдээгээд явж байдаг. Монгол тэх гэхэд уулын оргил өөд мацсаар
өндөр дээр гаруут эх нутгаа нэг сайхан халиагаад эврээ даалгүй нисдэг. Бусад
газрын янгир тэгдэггүй л байгаа юм даа. Явуухулан гуай С.Эрдэнэ гуайд “Би ийм
дууль биччихлээ. Чи бас гайхалтай өгүүллэг бичсэн. Хангалттай. Одоо гарч хоёул
архи ууя” гэсэн гэж байгаа.

-Аливаа амьтан болоод хүний
үхэлд хүртэл төрсөн нутаг нь нөлөөтэй гэж хэлэх гээд байна уу, та?

-Эртний их далайн үлдэц болоод
ч тэгдэг юм уу, монгол нутаг татах хүч сайтай юм. Тангадын Галсан ахыг гадаадын
амьтны хүрээлэнд явж байхад монгол чоно торныхоо цаана дагаж гүйгээд байсан гэж
байгаа ш дээ.

-Зохиолч Л.Одончимэдийг
Чикагогийн амьтны хүрээлэнд явж байхад монгол тэмээ мэлмэртэл буйлаад, үнэрлээд
дагаад, зохиолч Ж.Мягмарсүрэнг японы амьтны хүрээлэнгээр явж байхад Ерөнхийлөгч
Н.Баганбандийн бэлэглэсэн тарвагууд бүтэн жил толгой өндийлгөхгүй байснаа
цагаан малгайгаараа даллуут гозойтол босож ирээд хошгироход тайлбарлагч нь
гайхсан гэж бичсэн байдаг юм?

-Амьтан хүртэл өөрийнхөө төрөлх
чанарыг мартахгүй байна даа. Мягмарсүрэн ч амьтны талаар аюултай сайхан бичнэ ш
дээ. “Барын зулзага бамбар”, “Унагаа зуусан хулан” гэдэг номууд чинь Стив
Томпсоноос ч илүү санагддаг юм ш дээ.

-Та Хэнтийн Дадалын буриад
мөртлөө ямар ч халх аялгаар янзтай цэвэр ярих юм аа?

-Манай басхан Бүдханд яг
буриадаараа ярьж байгаа биз. МУИС-ийн монгол хэлний ангид анх элсэн орохдоо би
буриадаар ярьдаг хүүхэд байлаа. Манай сургуулийн түүхийн багш Чимэдцэрэн гэж
буриад авгай “Монголын их сургуульд сурч байгаа юм бол чи монголоор л ярь”
гэснээс хойш халх аялгаар ярьж сурсан.

-Та нэг зохиолын судлал хийж
байгаа гэлээ. Тухайн үедээ анзаарч ойлгоогүй ч юм уу, задлал хийх яруу найргийн
бүтээлүүд байж л байгаа даа?

-Ардын уран зохиолч
Т.Галсангийн төрийн шагналт Ч.Ойдов зохиолчид зориулсан

“Ард олноосоо тасарсан бол

Алтан өлгийд булаарай

Далай олонтойгоо явсан бол

Далан давхарт оршуулаарай” гэдэг
чинь зүгээр ч нэг гашуудлын шүлэг биш юм. Энэ шүлгийн ертөнцийн мөн чанарыг
өгүүлсэн далд чанарыг нээнэ гэж бодож байна. Тангадын Галсангийн “Монгол
Жангар” бол арван төрийн шагнал ч багадах аугаа сонгодог бүтээл юм шүү. Жамцын
Бадраа багшийн “Жаргаах зүрхэн” гэхэд их учиртай дуу.

“Хүдэн татсан сарьдаг байна аа
хө

Хүний нутгийн хангай юу даа хө

Ээ, Хүслэн татсан амраг тэр
минь хө

Ээ, Хүрэн зүрхний уяа юу даа
хө”
гэдэг дээ. Хөвсгөлийн цаад талын баялаг ихтэй уул нуруудыг Орост
таслаад өгчихсөнд харамсан гашуудсан дуу шүү дээ. Тэрнээс зүгээр ч нэг амрагийн
дуу биш. Тангадын Галсангийн “Хилийн овооны нууц” гэж мундаг найраглал “Улирал
ба зохиолч” сэтгүүлд хэвлэгдсэн. Тэр бол үнэн сайн бүтээл болсон байна лээ.

-Таныг саяхан нэг ном гаргалаа
гэж цахимаар шуугиад байсан. Ямар ном билээ?

-Зохиолч Гүн Аюурзана дүү
“Миний амьдардаг ертөнц” шүлгийг минь “Монголын сонгомол яруу найраг” антологид
оруулсан байдаг юм. Энэ шүлгээрээ нэрлэсэн зургаан бүлэгт номоо сая хэвлүүллээ.
“Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номыг маань чи мэднэ. Эрдэмтэн зохиолч
Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн, билгүүн номч Бямбын Ринчен, төрийн хошой шагналт
Д.Намдаг, ардын жүжигчин Л.Мөрдорж, Ш.Гаадамба, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж,
ардын билиг зүйч Жамцын Бадраа, яруу найрагч Нямбуугийн Нямдорж, билэг танхай
найрагч Ринчиний Чойном, яруу найрагч Ламжавын Лувсандорж, Данзангийн Нямсүрэн
нартай уулзаж учирч, хөөрөлдөж явснаа нэгэн бүлэг болгон орууллаа. “Дуусаагүй
хөрөг”, ярилцлагууд, нэг зохиолын судлал, миний эгэл бор шүлгүүд эл номонд минь
багтсан даа.

-“Миний амьдардаг ертөнц”
шүлгээ нэг дуудаач!

“Миний амьдардаг ертөнцөд
тэнгэрт нь од түгдэггүй

Миний амьдардаг ертөнцөд
ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг

Миний амьдардаг ертөнцөд ус нь
уруугаа биш өөдөө урсдаг

Миний амьдардаг ертөнцөд шувууд
нь мөлхөж явдаг

Миний амьдардаг ертөнцөд хүмүүс
нь үхэж жаргадаг”
гэсэн л шүлэг байгаа юм.

-Жаахан гунигтайдуу л шүлэг юм
даа?

-Дэлхийн утга зохиолыг анзаарч
байхад харамсал эмгэнэлийн бүтээлүүд л цагийн шалгуур дааж үлдсэн байдаг юм
даа. Монголын их зохиолч Ванчинбалын Инжинааш ч гэсэн “Ертөнцийн арван хүний ес
нь зовлон шаналантай” гэсэн байдаг нь бас л бодууштай үг юм шүү.

-Яруу найрагч Д.Урианхай гуай
“Нэг л хүүхэд траншейнд амьдарч байхад би энэ харгис төрөөс ганц ч шагнал
горьдохгүй” гэж тангарагласан гэдэг. Одоогийн төр засгаа та юу гэж бодож явдаг
бол?

-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
Пак Ин Ха номондоо “Дүү маань гудамжны үзүүрт нэг хүүхэд байна гэхээр нь
авчруулан ирээдүйд нь санаа тавилаа” гэсэн байна лээ. Монголын төр тэгэхэд үр
хүүхдүүдийн ирээдүйг бодохгүй байгаа. Төрд тийм хүнлэг, ухаантай хүн гарч
ирэхгүй байгаа нь тун харамсалтай. Хүүхдийг гудамжинд гаргадаг, ард түмнээ
цагаан ууттай зовлон үүрүүлээд тарчлаадаг төр гэж байж болохгүй. Достоевский
“Хүүхэд зовоодог төрийг ардчилсан төр гэхгүй” гэж хэлсэн. Урианхай найрагчийн
эх оронч сэтгэл, мөс чанарын том илэрхийлэл юм шүү. Хүүхэд зовоосон нийгэм
хэзээ ч хөгжихгүй. Куба гэж коммунист дэглэмтэй орон л гээд байдаг. “Нэг хүүхдийн
шүд хорхойтоход Фидель Кастрогийн ширээн дээрх цаас чичрэн хөдөлдөг” гэж Монгол
Улсаас анх удаа Гаванагийн их сургууль төгссөн Чулуун гэж миний анд мундаг
дипломатч хэлсэн. Тэгэхэд өнөөдөр Элбэгдоржийн ч юм уу, Сайханбилэгийн ширээн
дээрх цаас хөдлөх үү. Хүүхдийн гэгээн сэтгэлийг ингэж будантуулж болмооргүй л
санагддаг юм.

-Та хэдэн жил багшилж байна?

-МУИС-ийг төгссөнөөс хойш дөчин
зургаан жил ардын хүүхдүүдэд багшиллаа.

-Энэ олон жилд хүүхдийн авьяас
чадварыг тан шиг таньж, Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн яруу
найргийн дэг сургуулийг бий болгосон хүн ховорхон. Миний мэдэхээр модернист
яруу найрагч Баатарын Галсансүх л лав таны гарын шавь мөн байх аа?

-Мянга есөн зуун далаад оноос
сургуулийн захирал энэ тэр хийгээд явчихсан хүн л дээ, би. Монголын бүх
хүүхдийг цоорсон эрдэм боловсролтой болгоно гэдэг хэцүү л дээ. Оюун ухааны
далайгаас хутгах савны хэмжээ нь янз бүр. Том шанагатай хүүхэд байна. Жижиг
шанагатай хүүхэд байгаа. Бүгдийг нь эрдэмтэн болгочихно гэвэл үлгэр. Хүн гэдэг
амьтан өөрийнхөө үйл үрээр бүрэлдэн бий болдог ертөнц. Америкийн эрдэмтэн
Гилфорд “Авьяастай хүүхдийг хөгжүүлэх онол”-ыг бий болгосон юм. Хэнтий аймгийн
Өндөрхаан сумын хоёрдугаар сургууль буюу одоогийн “Тэмүжин” цогцолборын бага
ангийн хичээлийн эрхлэгч байхдаа ангиудаар явж авьяастай хүүхэд хайлаа.
Математикийн багш Товуудоржийн удирдсан дөрвийн А ангид ороод “Та нар ямар ном
уншив” гэсэн чинь тээр ард сууж байгаа гозгор цагаан хүү “Зүрхний хилэн” уншсан
гэж байна. “Юу гарч байна” гэсэн чинь маш мэдрэмжтэй ярьж байх юм. Тэгж
Галсансүхийг олж авсан юм. Жаахан ээрүү, хэлгий хүүхэд байсан.

-Бага ангийн багш Данзангийн
Нямсүрэн шавь Дашбалбарынхаа хэлийг засах гэж чулуу хүлхүүлсэн гэдэг шиг юм
ярих гээд байна уу?

-Дэндэвийн Пүрэвдорж гуайн
“Бурхад ба хүмүүс” шүлэглэсэн романыг дөрөв дөрвөн мөрөөр нь хувааж өгч
цээжлүүлсэн. Тэр сайхан найргийг чангаар уншаад байхаар чинь хэлний гажиг дороо
арилдаг байхгүй юу.

-Галсансүх чинь одоо жигтэйхэн
хэлэмгий хурдан ярьдаг хүн ш дээ?

-Өөрөө эртээд зурагтаар энэ
тухай ярьж байна гэнэ лээ. Хоёр жилийн дотор л хэл нь сайжирсан. Өдөрт таван
шүлэг заавал ч үгүй бичүүлнэ. Ингээд долоо, наймдугаар ангиасаа л надаас
тасраад явчихсан. Гилфорд гуайн онолд “Авьяастай хүүхэдтэй өдөр бүр ажиллах,
багш хүн шавьдаа үлгэрлэхүйц номын сантай байх, шавийнхаа аав ээжтэй зохис
төгөлдөр харьцаж ойлголцох, сайн ном уншуулах” гэсэн зүйлс байдаг юм. Үүнээс
хойш яруу найрагч Гансүрэн, Занданхүү, Наранчимэг, Сонинбаяр нарын авьяастай
хүүхдүүд яг л ийм замналаар хүмүүжсэн. Галсансүхийг аравдугаар ангиа төгсөхөд
хэлэх үггүй болоод Нямбуугийн Нямдоржид хүлээлгэн өгсөн дөө. Галсансүх орос
хэлийг гэхэд үгээр нь биш сэтгэхүйгээр нь сурсан оюуны чадамж өндөртэй хүүхэд
байгаа юм.

-Та Нямбуугийн Нямдоржийг нэг
багш гээд, нэг нөхөр гээд яриад байх юм. Үе тэнгийн хоёр уу?

-Бид хоёр Хэнтийд хөдөөгийн
сургуульд багшийн ажил нэгтэй явсан үе бий. Ер нь л үе тэнгийн адил сайхан
нөхөрлөж явсан даа. Тэр бүхнээ би номондоо тодорхой бичсэн.

-Мишигийн Цэдэндорж гуай бол
яах аргагүй таны багш даа?

-Би 1965 оны аравдугаар сарын
10-ны өдөр шүлгийн нэг уралдаанд түрүүлсэн юм. Тэгэхэд Цэдэндорж багш намайг
ихэд тоож, гарын үсгээ номондоо бичиж, гэрээ зааж өгсөн. Тэгж багш шавь
барилдсаны тавин жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс би “Миний
амьдардаг ертөнц” номынхоо хуримыг энэ сарын 10-ны өдөр ташруулан Хүүхдийн
номын ордонд хийхээр товлосон доо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сайхан” өвчин ба цаг хугацаа

…Монголчууд муухай болоод байгаа юм биш, харин бид муухай муухай юм бишгүйтэй гэдгээ л таньж байгаа юм.

Өөрсдийгөө “Оюун санаа бие бялдрын хувьд тэгш боловсорч буй социалист байгуулалтын гишүүд” хэмээн ойлгож байсан цаг саяхан. Хүний нийгмийн хаана ч таарч болох алдаа эндлийг ч сонин байдлаар тайлбарлаж байв. Социалист нийгмийн гишүүн хулгайч байж таарахгүй, ийм учраас бусдын гээгээгүй юмыг олсон этгээд бол өнгөрсөн нийгмийн үлдэгдэл болж таарна. Ингээд хулгай худалтай хийх тэмцлээ “өнгөрсөн нийгмийн хоцрогдолтой хийж буй дайн” хэмээн таниулна. “Ямар ч худал үгийг зуу давтахад үнэн юм шиг санагдана” гэгчийн үлгэрээр нийгмээрээ хүний хайлан болоод ч байгаа аятай сэтгэгдэл төрөх болжээ.

…Хоёр хүчирхэг гүрний дунд тусгаар тогтнолоо алдан, олон явж ирсэн цөөхөн монголчуудад урам зориг ундраагч дотоод хөдөлгүүр болсон үзэл санаа хэрэгтэй байжээ. Тэр үзэл санаа нь бодит амьдрал дээрх тэгш бус байдлыг өөрчлөн төсөөлүүлж, тусгаар тогтнолын үзэл санааг нь мөнхөд тэжээх учиртай байсан ажгуу.

Чухам ийм үзэл санааны ачаар, харийн эрхшээлд байсан он жилүүдэд ч өөрсдийгөө унтаж байгаа арслан, түр зуур муужирсан баатар эрээр төсөөлөн санаж байж. Төсөөлөл, итгэл үнэмшил нь тусгаар тогтнол эрх чөлөөний үл унтрах бамбар болон дүрэлзсээр ирсэн байж ч магад бөлгөө.

ХХ зууны эхэн хүртэл Чингис хааны суу алдар, “Халхын заяа их юм гэнэ лээ” гэсэн итгэл найдвар, Орос газар сууж, Манжийг дарах боломжит цагийг “түм наслан” хүлээж буй Амарсанаа вангийн домог энэ тэрээр дамжин тэрхүү үл унтрах бамбар асч байлаа.

Харин ХХ зуунд тусгаар тогтнолоо сэргээн, иргэншин суурьшиж, түүнийхээ төлбөрт зөвлөлт маягийн коммунист улс байгуулах явцад “Бид өрнөдийн маягаар хөгжиж байгаа, Бид Хятадаас ялгаатай өрнөдийн орон болно. Энэ нь бидний тусгаар тогтнол, бусдад үл автах байдлын баталгаа” гэсэн итгэл бий болжээ.

Яг ямар учиртай, үнэн хэрэгтээ бодитой эсэх нь эргэлзээтэй “социалист нийгмийн гишүүн”, “өв тэгш коммунист хүн” зэрэг нь “бид оньсон техник эзэмшсэн европынхны дайтай хүн болж, тэр хэрээрээ улс орон маань Европын улс шиг хүчтэй болно” гэсэн итгэл найдварын илэрхийлэл байв.

Гэтэл ерээд оны ардчилал, шилжилтийн үе эхэлж хуучин систем өнгөрсөн үеийн итгэл үнэмшил хамтдаа нуран уналаа. Жаргаагч коммунизм, өв тэгш социалист хүний үлгэр ч өндөрлөв. Живж буй хүн зэгс шүүрдгийн адилаар монголчууд эрхэм дээд үзэл санааны хөтөч тэмтэрлээ.

Төдөн жил болоод коммунизмд орж, тэгээд нийгмийн баялгаас хүссэнээрээ хүртэн жаргах баримжаагаар өдөр хоногийн хүнд бэрхийг юманд бодохгүй давж явсан үндэстэн мөрөөдөлгүй болчихлоо. Тийм сайхан, тийм гоё болно гэж найдах юм байхгүй болохоор “тийм лут байсан” гэх гайгүй дурсамж руугаа эрэл хайгуулаа чиглүүлэв. Аз болоход тийм юм байж таарав.

Чингисийн удам, бурханаас монгол хүнийг онцгойлон тэмдэглэсэн “хөх толбо” зэрэг “үзэл суртал” ингэж эхлэв. Хүсвэл дэлхийг эзэлж чаддаг үндэстний удам, бурханаас заасан тэмдэгтэй улс үндэстнийг сайхан ирээдүй хүлээж таарна. Ийм “шилмэл” үндэстэнд дахин Бээжингийн хараат байх, эргээд Зөвлөлтийн дагуул болох заяа давтагдах учиргүй байж таарна.

Ийнхүү, ялангуяа сүүлийн зуун жилд монголчуудыг дараалан өвчлүүлсэн хоёр том хийрхэл нь маш их учир утгатай “өвчин” болж таарсан юм. Энэ “өвчин” монголчуудыг сэтгэл санаагаар туйлдахаас хамгаалсан дархлаа, хямран доройтох үеийн итгэл найдвар болж байсан юм.

Гэвч энэхүү “авралт өвчин”-үүдийн сүүдэр талд үнэхээр ч дутагдалгүй, төгс үндэстэн аятай гэнэн итгэл, хуурмаг үнэмшил үлджээ. Тэрнээсээ болоод хүний хорвоогийн сүүдэр болсон хулгай луйвар, заль мэх, харгис зан чанараа өөр юм руу чихэж, өөрийгөө зөвтгөж сурсан байна. Эсвэл түүнийгээ эх оронч үзэл, ард түмнээ хайрлах хайраар хучин зальдаж сурчээ. Бүр арга бараад ирэхээр өлсөхийн эрхэнд хулгай хийсэн, эх орноо хайрлахын эрхэнд рэкээтэлсэн, улс үндэстнээ гэх сэтгэлээ барьж дийлэлгүй дээрэмдсэн болгон тайлбарлана.

Ер бусын монголчууд хулгайч, луйварчин, дээрэмчин тэр байтугай ерийн шуналтай этгээд байж таарахгүй учраас зээлээ төлөхөөс зугтаагч бус өглөг тараагч, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөгч бус харийн түрэмгийлэгчээс хамгаалагч, авлигач хулгайч бус шударга бус хуваарилалттай тэмцэгч болж байгаа хэрэг.

Ийм гарц олж чадалгүй хулгай баригдсан, дээрэм дээрээ гардуулсан нэгнээ гайхаж “Монгол хүний чанар муудлаа”, “Хэзээд муухай юм хийж байлаа, бид” хэмээн гайхаж байна.

Монгол хүн муу болоогүй. Харин бусадтай л адилхан муу болохоо таньж байгаа хэрэг. Бусадтай адилхан муутай байгаа хойно, бусад шигээ сайнтай байх нь дамжиггүй.

Өөрсдийгөө жинхэнээр нь харах хэрэгтэй цаг иржээ. Зурвас зурвас цаг үеүдэд хэрэг болж байсан “өвчин” эмгэгээсээ салах цаг. Яаж ч хэрэг болсон байлаа гээд сайхан өвчин гэж байх биш дээ. Гэнэтхэн мухар олгой нь үрэвссэнээс болоод сүйрэх учиртай онгоцноос хоцорсон явдал байж болох ч уг өвчин аминд ээлтэй гэсэн үг биш билээ, тийм үү?

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Үс унахаас хэрхэн сэргийлэх вэ?

Үс их хэмжээгээр унах хэд хэдэн шалтгаан байдаг аж. Тухайлбал, ямар нэгэн өвчнөөр өвдсөн, мэс ажилбар хийлгэсний дараа үс гэнэт ихээр унадаг. Үүнийг тухайн хүний сэтгэл зүй болоод биеийн хямралтай холбож түр зуурын хэмээн үзэх нь бий. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн эсвэл буурсан, эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдсан зэрэгт үс их хэмжээгээр унадаг байна. Хүүхэд төрүүлснээс хойш гурван сарын дараагаар үс унаад эхлэх нь бүсгүйчүүдэд элбэг тохиолддог. Энэ нь гормоны өөрчлөлттэй холбоотой гэдгийг эрдэмтэд судалжээ. Эрчүүдийн үс халзрах байдлыг удамшлын шинжтэй гэж үздэг. Эмэгтэйчүүдэд ч үс халзрах байдал илэрнэ.

Хальстай төмс, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэргийг хүнсэндээ хэрэглэвэл үс унахаас сэргийлдэг. Цайраар баялаг бүтээгдэхүүн болох хушга, яргай загас, бүйлс нь мөн л сэргийлэх үйлчилгээтэй. Гэмтэлтэй үсийг крантны усаар шууд угаахгүй байхыг мэргэжлийн үсчин, гоо сайханчид зөвлөдөг. Крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учир хуурайшиж өнгөө амархан алддаг гэнэ. Хар цайны ханд үсний өнгийг сэргээдэг. Охид бүсгүйчүүд гэрийн нөхцөлд нэг ширхэг өндгийг дөрвөн халбага коньяк юм уу, ликёртой хольж хутгаад үсэндээ түрхэн, өнгөлөг сэвсгэр болгодог арга бий.

Унаж буй үсийг ганга өвсний ханд болоод халгайгаар угаах нь сайн гэдгийг бид мэднэ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж буйгаар үсээ угаасны дараа мушгиж болохгүй аж. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог байна. Намирсан хөвсгөр байдлыг алдагдуулдаг учир нойтон үед нь самнаж болдоггүй. Үсэндээ хими хийлгэх, сэнс, хайч, индүү хэрэглэх зэргээс аль болох татгалзах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийнсонин”-д “Төрийн тус” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын чуулганд хийсэн мэдээллээс гарлаа. Тэрбээр “Газар хөдлөлтийн үед хүн нэг бүрийн бэлтгэл хамгийн чухал байдаг” гэв. Мөн манай АНУ дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болдентой ярилцлага хийж нийтэллээ. “Сансрыг колоничлох нь гэж ойрын хэдэн сая жилдээ санаа зовоод хэрэггүй” хэмээх энэхүү маш сонирхолтой ярилцлагыг нэг, болон 12,13 дугаар нүүрээс уншаарай. Мөн улс төрийн буланд “Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэхгүй бол байрны үнэ огцом унаж хямралд орж болзошгүй” цаг үеийн ярилцлагыг онцоллоо.

Харин манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлсооор ирсэн гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Төрийн тус” нийтлэл хэвлэгдлээ.

Түүнчлэн уншигч та бүхэн өмгөөлөгч Б.Энхзаяагийн “Өмгөөлөгч ердөө л хуулийн мэргэжил эзэмшсэн хөлсний хүн” ярилцлагыг арваннэгдүгээр нүүрнээс, “NHK” телевизийн нэвтрүүлэгч Мията Осаму: Би 40 жил нэвтрүүлэгчээр ажиллахдаа үснийхээ засалтыг нэг ч өөрчлөөгүй ярилцлагыг арвантавдугаар нүүрнээс, Төрийн соёрхолт Н.Нацагням: Лордууд төрд орж ирвэл популистуудад хулгай хийх орон зай олдохгүй ярилцлагыг арванесдүгээр нүүрнээс тус тус уншиж болох юм.

НАСА-гийн захирал Чарли Болдентэй хийсэн сансар судлалын шинжлэх ухааны сонирхолтой ярилцлага болон танин мэдэхүйн мэдээллүүдийг уншихыг хүсвэл манай сонины арванхоёр, арвангуравдугаар нүүрийг заавал сөхөөрэй гэж дахин сануулъя.

Эдгээрээс гадна цаг үеийн сонирхолтой мэдээ мэдээлэл ярилцлагыг та манай сонины баасан гаригийн дугаараас уншиж чадна.

“Өдрийнсонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаарай. Энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д НАСА-гийн захирал Чарли Болден ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болденоос ярилцлага авсан байна. Тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 06-ны өдөр АНУ-ын Төрийн Департаментын гадаад харилцааны дээд сургуулийн багш, оюутан, дипломатууд, АНУ-ын Үндэсний агаар, сансар судлалын захиргаа буюу НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болдентой уулзах үеэр “Өдрийн сонин”-оо төлөөлөн ярилцлага авчээ.

Америкийн олон байгууллагуудаас шинэ санаа, дэвшлээрээ манлайлдаг. Мөн нууцлаг мэт санагдуулдаг энэхүү байгууллагын захиралтай хийсэн дэлгэрэнгүй ярилцлага нэгдүгээр нүүрээс даван хойно 12, 13 дугаар нүүрийг дамнан орсон байна. Заримаас нь товч сонирхуулахад Чарли Болден “Бид алмааз эрдэнээр тоглоод суудаг улс биш гэдгээ хэлье. Манай төсөв тодорхой, жилдээ 18 тэрбум шахам долларын төсөвтэй. Бүх төсвийн 85 хувь нь НАСА-гийн судалгаа, ажлаар дамжин, эргээд шууд АНУ-ын эдийн засагт ордог юм шүү гэдгийг энд онцлон дурдая” гэжээ. Илүү дэлгэрэнгүйг өдрийн сониноос уншаарай.

Categories
мэдээ нийгэм

“Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” болно

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны аравдугаар сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.

Наадмын бүртгэлийн анкетийг аравдугаар сарын 13-ны 12.00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвөлгөөнийг аравдугаар сарын 13-ны 12:00 цагт Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ. Иймд наадамд бүртгүүлсэн оролцогчдыг болон сэтгүүлчид та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөөс сэргийлэх төлөвлөгөөг өөрчилнө

Энэ сарын 3-ны бямба гаригт Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригийн ээлжит хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл өгчээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нарыг оролцуулж үүрэг даалгавар өглөө.

Газар хөдлөлт, үер усны аюул зэрэг байгалийн үзэгдэл тохиолдоход Засгийн газар болон шийдвэр гаргах түвшний хүмүүс, төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд бусад байгууллагууд хэрхэн ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох шаардлагатай байгаа нь энэ үйл явдлаас тод харагдлаа. Мөн ард иргэд газар хөдлөлтийн мэдээллийг хожуу авч байгаагаас гадна урьдчилан сэргийлэх ойлголт тааруу байна. Гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг ч үр дүн муутай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос биш мэргэжлийн байгууллагаас албан ёсоор авдаг байх шаардлагатай гээд урьдчилсан мэдээлэх секторууд хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх манай улсын систем сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Гэсэн ч энэ сарын 3-нд болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод ойрхон буюу Гүнжийн хагарлын бүсэд тохиосон нь урьдчилан мэдээлэх боломжгүй. Улаанбаатар хотоос зайдуу Дэрэнгийн хагарал, Булганы Могодын хагарал, Сэлэнгийн Бүрэнгийн нурууны хагарал зэрэг газраас мэдээллийг авч амжиж анхааруулах систем маш богино хугацаанд буюу минутын дотор анхааруулна. Энэ сарын 3-ны тохиолдолд техникийн нөхцөл байдал хүрээгүй, газар хөдлөлт их ойрхон буюу секундын хугацаанд чичирхийллийн долгионууд орж ирсэн тул анхааруулах боломж байгаагүй. Дэлхий нийтийн жижиг ийм байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал тайлбарлалаа.

Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг төрийн гурван өндөрлөг болон шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж чадаагүй гэдгээ тэрээр хэлээд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг шинэчлэх Ерөнхий сайдын үүргийг биелүүлж, Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн хугацаанд танилцуулахаа илэрхийллээ.

Газар хөдлөлтийн аюулыг урьдчилан мэдээлэх секторын ажилтнууд олон улсын төслөөс цалинждаг. Энэ хүмүүсийн цалинг улсын төсөвт суулгах асуудлыг Сангийн яаманд тавьсан. Мөн Улаанбаатар хотын удирдлага, төрийн байгууллагууд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн нэртэй л болохоос бодит ажил хийгдэхгүй, иргэний хамгаалалтын сургалтууд хэлбэр төдий явагдаж байна. Энэ тал дээр дүгнэлт хийж, анхаарч ажиллахаа Монгол Улсын Шадар сайд мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.