Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан асуудлаа үргэлжлүүлж байна. Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж буй юм. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж эхлээд байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Өмнө эхэлсэн ажлуудаа цэгцлээгүй байж, яагаад шинээр ажил эхлүүлэхээр оруулж ирэв. 2016 онд ажлаа эхлүүлээд долдугаар сарын 1-нд дуусгах. Зарим аймаг дээр 20 гаруй обьект барихаар төлөвлөсөн байна. Энэ ямар учиртай вэ. Ингэхээр үнэмшил буурах гээд байна. 2012 оноос эхэлсэн обьектоо дуусгаач ээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дуусгаж чадахгүй юм бол хувийнханд өгөөд, зориулалтынх нь дагуу хийлгээд яв л даа” гэв.

Хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн 70 гаруй хувь нь автобусны цахим картаа авчээ

Нийтийн тээврийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу нийтийн тээвэрт “Ухаалаг тээврийн систем”-ийг нэвтрүүлснээр аравдугаар сарын 1-ний байдлаар нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим картаа худалдан авчээ.

Энэ бол дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна гэсэн үг хэмээн нийслэлийн Засаг даргын Санхүү хөрөнгө оруулалт хариуцсан орлогч Н.Батаа хэлсэн.

Мөн тэрээр “Хувийн хэвшлийн компаниуд ажил хаясан нь ард иргэдийг ихээр бухимдуулж байна. Үүнийг бид “Зөвшөөрөлгүй ажил таслалт” гэж үзсэн. Тэд өнөөдрөөс ажил хаялтаа зогсоосон” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Ром хотын мэр огцров

Ром хотын захирагч Иньяцио Марино (Ignazio Marino) пүрэв гаригийн орой огцров. Тэр төсвийн мөнгө ашигласан хэрэгт холбогдсон юм. Хотын захиргааны зээлийн картыг ашиглан гэр бүлийн хамт ресторан зэрэгт орж бараг 20 мянган евро үрсэн нь тогтоогджээ. Тэрээр энэ мөнгийг эргүүлэн тушаана гэж амлаад байгаа юм.

Эхлээд сөрөг хүчин мэрийг огцрохыг шаардсан ч Ардчилсан намынхан ч тун удалгүй уг шаардлагад нэгджээ.

Мягмар гаригт прокурорын газраас хотын хөрөнгийг завшсан хэргээр мэрийг шалгаж эхэлсэн байна. Иньяцио Марино 2013 оноос хойш мэрээр ажилласан ба өмнө нь тэр сенатор байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 хувьтай тэнцэж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тн өвс, 11.1 мянган тн тэжээл бэлтгэхээр төлөвснөөс 14.0 мянган тонн өвс буюу 47.7 хувь, 1.9 мянган тонн тэжээл буюу 17.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа-2” хорооллын урьдчилгаагаа 10-ны дотор төлөхийг санууллаа

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгуудыг энэ сарын 31-нд Улсын комисс хүлээн авна. Тус хорооллын байрны ам.метр нь сая 350 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 10 хувийн урьдчилгаатай. Тэгвэл захиалга өгсөн иргэдийг энэ сарын 10-ны дотор урьдчилгаа 10 хувиа төлөхийг тус газраас сануулжээ.

Тодруулбал “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд “Буянт-ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцыг 2015 оны аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

“Буянт-ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан иргэд, албан байгууллага 2015 оны аравдугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулж байна. Жич: Заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцалж, зах зээлд нээлттэй худалдахыг мэдэгдэе. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” хэмээн анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бүтэн хайрыг гэр бүлдээ” аян эхэллээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд өчигдрөөс эхлүүллээ. Уг аян нь Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэхэд оршино. Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг бодитойгоор тодорхойлж, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 33 хороог сонгон аваад байгаа аж. Эдгээр хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил арга хэмжээг зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

“Дэд бүтэц” төслийн хүрээнд 16 ажлыг дуусгажээ

Барилга хот байгуулалтын яамнаас “Дэд бүтэц” төслийн хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын тогтоол батлуулснаас одоогоор 16 багц ажлыг бүрэн дуусгажээ. Тухайлбал, “Буянт-Ухаа” хорооллын цэвэр бохир шугам сүлжээ, усан сан, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил, цахилгаан хангамжийн барилга байгууламж шугам сүлжээний ажил, Баянголын амны орон сууцны хорооллын цахилгаан дулаан хангамжийн барилга байгууламж шугам сүлжэний ажлыг дуусгасан байна. Мөн “Солонго” хорооллын цэвэр бохир усан хангамжийн инженерийн шугам сүлжээ, “Ирээдүй” цогцолбор хорооллын цэвэр бохир усан хангамжийн барилга байгууламж инженерийн шугам сүлжээ, “Яармаг” хорооллын цэвэр бохир усан хангамжийн барилга байгууламж инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн шугам сүлжээний ажил зэргийг дурдаж болох аж. 1970-аад оноос хойш хийгдээгүй нэгдсэн дэд бүтцийн эдгээр томоохон ажлуудыг Үндэсний компаниуд, монгол инженерүүд гүйцэтгэжээ. Одоо нэгдсэн журмаар, орчин үеийн технологиор тавигдсан энэхүү нэгдсэн дэд бүтцийн сүлжээг ашиглан хотынхоо төвлөрлийг багасгаж, хотын шинэ шинэ төвүүдийг ашиглалтад оруулах нь чухал юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авсан. Харин дараа нь Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийсний дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээний асуудлаар нэр бүхий гишүүдийн асуулгад хариулна.

Categories
гадаад мэдээ

Итали дэлхийд дарс үйлдвэрлэлээр тэргүүлжээ

Итали улс дэлхийд дарс үйлдвэрлэлээр хамгийн том орон болж, Францыг ардаа орхисон тухай Европын Холбооны тайланд өгүүлжээ. Орчин цагийн дарсны үйлдвэрлэлд Итали улсад амжилт авч ирсэн гол шалтгаан бол Газар дундын тэнгисийн хойг даяар усан үзмийн ургац энэ жил тун элбэг ургасан явдал байжээ. Ингэснээр 2015 онд Итали улсын дарс үйлдвэрлэл 13 хувиар огцом өсөх төлөвтэй байгаа аж.

Европын комиссын мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сард Итали улс 50 сая га талбайгаас усан үзэм хураан авч, дарс үйлдвэрлэлд ашиглажээ.

Эсрэгээр Франц улсад өнгөрсөн зун хур тунадас тун бага унаснаас үүдэж дарсны үйлдвэрлэл нэг хувиар буурсан байна.

Categories
мэдээ улс-төр

32 дугаар сургуулийг ирэх жил ашиглалтад оруулахаар болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэг дэх 32 дугаар сургуулийг хэзээ барьж эхлэх, хүүхдүүд хэзээ сургуультай болох тухай тодрууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Нийслэлийн 32 дугаар сургууль гамшгийн нурах аюултай гэж хаагдаад хүнд зам туулж байгаа. Концессын гэрээгээр барина гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргаад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хоёр дахь шатны компани шалгараад ажлаа эхлүүлэх гээд хүлээж байна. Сургуулийг нийслэлээс актлахад олон шат дамжлага байдаг, энэ процесс явахад хоног зарахаар байгаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдөд саналаа хүргүүлчихсэн, ирэх жил ашиглалтад оруулахаар концесс хариуцсан компанитай гэрээгээ байгуулсан” гэсэн хариулт өгсөн юм.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд “Хүнд суртал байгаа бол хэтэрхий байна, үүнийгээ шийдье. Хятадын зээл тусламжаар барилга барилаа л гэх, жип авлаа л гэх. Намайг улсаа дампууруулах юм шийджээ гэж байна. АСЕАМ дээр хэл ам хийгээд, хэдэн төгрөг төсөвлөсөн юм. үүнийгээ хэлээд өгөөч?” гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “АСЕАМ-ын ач холбогдол Монгол Улсын нэр хүндийн талаар маргаж байгаа зүйл огт гарахгүй. Бэлтгэл ажил элдэв зүйлгүй явж байгаа, үндэсний хорооны том бүрэлдэхүүнтэй хурлыг 12 удаа хуралдсан. АСЕАМ-ыг өндөр хэмжээтэй зохион байгуулна”.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Төрийн албан хаагчдын цалингаа танаад ямар амжилтад хүрэх вэ, илүү хохирол амсах юм биш үү?”.

Сангийн сайд Б.Болор “Цалингийн хувьд 2015 оны төсвийн тодотгол дээр төрийн албан хаагчдын цалин буурахгүй, улс төрийн болон өндөр албан тушаалтнуудын цалин буурна. Төрийн тусгай, үйлчилгээ, багш эмч, цагдаа, цэргийн цалин буурахгүй” гэсэн хариулт тус тус өгсөн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хууль болон түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэхээр болж, Ерөнхий сайд танилцууллаа. Гэхдээ цайны цаг болсон тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.