Categories
мэдээ соёл-урлаг

”Ромео Жульетта” арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй.

Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй.

Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорын ганц бүтээл бол яах аргагүй “Ромео Жульетта”.

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.

Тэр үед танхим дүүрэн үзэгч, нижгэнэсэн алга ташилт, сэтгэл догдолсон залуусын уухайн түрлэгтэй исгэрэх чимээнд театрын байр бараг ганхаж байх шиг санагддаг байж билээ гэж уран бүтээлчид өнөө хэр дурсан ярьцгаадаг.

Үнэхээр ч “Ромео Жульетта” жүжиг тэр агшин, тэр цаг хугацаанд театрын түүхэнд эргэлт хийсэн бүтээл болж тухайн жилийнхээ “Гоо марал” шагналын “Шилдэг жүжиг”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй дүр”-ийг шагналыг хүртсэн.

1996 онд ийнхүү үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” жүжигт:

Найруулагчаар Ч.Найдандорж
Зураачаар Я.Санжаасүрэн
Хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажиллаж гол дүрүүдийг

Ромеод – жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана
Жульеттад – жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа
Тибальдад – жүжигчин Л.Дэмидбаатар
Капульеттад – жүжигчин П.Цэрэндагва
Өрлөг эхэд – жүжигчин С.Сарантуяа
Лоренцо ламд – жүжигчин Л.Жамсранжав
Парис гүнд – жүжигчин Б.Жаргалсайхан нар бүтээж байжээ.

Тэгвэл 19 жилийн дараа, арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид га газраас 6-7 центнер ургац авч байна

Хэнтий аймгийн тариаланчид энэ жил 30 мянган га талбайд үр тариа тариалсан боловч ганд нэрвэгдсэний улмаас тал хувийг нь алдаад буй аж. 27 мянган га талбайд улаанбуудай суулгасан хэдий ч 14 мянган га газраас ургац хурааж байна. Тариаланчид 7000 орчим тонн үр тариа хураах юм байна. Ургацын болцыг хүлээсээр есдүгээр сар гарсан хойно ургацаа хурааж эхэлсэн бөгөөд ургац хураалт талдаа оржээ. Энэ сарын 15 гэхэд аймгийн хэмжээнд бүрэн дуусна хэмээн төлөвлөж байна. Энэ жил ургацын хэмжээ бага байгаа ч чанар сайн байгаа аж. Лабораторийн шинжилгээгээр улаанбуудайн цавуулаг 28-33 хувьтай байгаа талаар засаг дарга Ж.Оюунбаатраар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ болно

МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа. Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд,МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог,Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшигээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах болно. Түүнчлэн жил бүрийн “Миний дуунууд” тоглолтонд олон улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцдог билээ.

Энэ жилийн тоглолтонд, ӨМӨЗО-ноос дуучин Цэцэгмаа, ОХУ-ын Буриад улсаас нэрт дуучин Чингис Раднаев нар урилгаар оролцох юм. Дуучин Чингис Раднаевийн хувьд, хөгжмийн зохиолчтой хамтран туурвисан шинэхэн дуун бүтээл “Улаанбаатарын дагина” дуугаараа нийслэлчүүдэд бэлэг барих болсныг дуулгахад таатай байна.

Ийнхүү “Миний дуунууд-2015” тоглолтын өнгийг илтгэх уран бүтээлчид үзэгчиддээ анхлан хүргэх шинэ уран бүтээл, шилдэг үзүүлбэр бүхнээ дэлгэхээр эрхэм таныг хүдэтгэн урьж байна. “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаанд гарах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

Томуугийн эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулах ажил энэ сарын 8-аас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил нийт 45000 хүн тун вакцин захиалан авч хүргүүлээд байгаа аж. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, асрамжийн газар, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ зэрэг томуугийн халдварт өртөх эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон цэцэрлэг, асрах газрууд, нялхсын клиник сувиллын хүүхдүүд, ажилтан ажиллагсдыг хамруулах юм.

Мөн иргэд сайн дураараа томуугийн эсрэг дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторид ажлын өдөр 8.30-15.00 цагт хийлгэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны төв рүү нүүхгүй бол торгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, Авто худалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн нэг хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар батлажээ.

Хэдийгээр Авто худалдааны цогцолбор энэ сарын 3-нд ашиглалтад орсон ч одоогоор ганц машины худалдаачин нүүж очоогүй байна. Түүнээс гадна машины худалдаачид яаж ч байсан нүүхгүй гэх мэтээр байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын маркетингийн менежер О.Цэлмэг шаардлага биелүүлж, нүүхгүй байгаа нөхдүүдийг торгохыг сануулжээ.

Тэрбээр “Шаардлага биелүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тараасан шаардлагад нь тусгасан байгаа.

Тэгэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нүүгээгүй иргэдэд торгуулийн арга хэмжээ авна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа захын эздийн газрыг нь хураах хүртэлх арга хэмжээг авах байх” хэмээн ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй гудамжийг 1.8 тэрбумаар байгуулна

Улаанбаатар хотын 4 байршлыг автомашингүй гудамж болгон тохижуулах НИТХ-ын шийдвэр гарчээ.

1. Төв шуудангийн зүүн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн Биржийн зүүн урд авто замын уулзвараас баруун тийш явж Скайтал утас засвар, Хадгаламж Банкны төв байр, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур гарч Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК-ийн төв байр болон Төрийн Өмчийн хороо, Орон сууцны 4а байр хүртэл


2. Төв шуудангийн хойд авто зогсоолын төв хаалганаас хойш явж Ц.Жигжиджавын гудамжийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж, Скайтал утас засвар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Эрдэнэс Монгол ХХК-ийн дундуур, Монцамэ агентлагийн урдуур гарч Үндэсний түүхийн музейн урд талын авто зам хүртэл


3.Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын авто замаас Улаанбаатар хотын банк болон МҮЭ-н холбооны төв байрны дундуур баруун тийш Ц.Жигжиджавын гудамжийг хөндлөн гарч Өргөө зочид буудал болон Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур явж Голомт банкны зүүн талын авто зам хүртэл


4.Жуулчины гудамж, Голомт банк болон Асашорюү Д.Дагвадорж цэцэрлэгийн дундуур урагш явж Монгол банк, Хуульзүйн яам, Үндэсний үнэт цаасны хэвлэлийн газруудын зүүн талаар урагш явж, Улсын бүртгэлийн газрын баруун урд үзүүрээс зүүн тийш эргэж, Шүд эрүү нүүний эмгэг судлалын төвийн хуучин байр, Монтел, Төрийн банкны хойд талаар зүүн тийш явж Гар утасны худалдааны төвийн хойноос зүүн тийш эргэж НӨХГ-ийн баруун талаар явж , Эрдэнэс Монгол ХХК-ийн баруун хойд үзүүрээс зүүн тийш эргэж 50-р байрны хойд талаар баруун тийш явж, Төр засгийн үйлчилгээний газрын хойд талаар гарч Монгол банкны зүүн талын зам хүртэл автомашингүй гудамж байгуулах аж.

Дээрх 4 байршлыг автомашингүй болгон тохижуулахад 1.8 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Categories
энтертаймент-ертөнц

Селена Гомез эдгэшгүй өвчин тусчээ

Дэлхий даяарх хүүхэд залуусыг өөрийн өвөрмөц дуулалтаараа байлдан дагуулж чадсан эдүгээ 23 настай дуучин Селена Гомез эдгэшгүй Эритематоз буюу чонын яр хэмээх өвчин тусчээ.

Улмаар удаан хугацааны турш химийн эмчилгээ хийлгэсэн нь олонд ил боллоо. С.Гомез 2013 оны арванхоёрдугаар сард Ази, Австралид хийх аялан тоглолтоо цуцалж байсан бөгөөд тухайн үед ганцаараа байх хугацаа болон Аризона мужийн нөхөн сэргээх эмчилгээний төвд хэвтэх цаг хугацаа шаардлагатай болсон хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэвч тухайн үед хэвлэл мэдээллүүд донтолтын эмчилгээ хийлгэх гэж байгаа, Канадын дуучин Жастин Биберээс салсан гэх зэрэг шалтгаантай хэмээн янз бүрээр бичиж байсан.

Тэгвэл дуучин бүсгүй саяхан өгсөн нэгэн ярилцлагатаа архаг чонын яр өвчин туссан тухайгаа ярьжээ. Тэрбээр “Чонын яр өвчинтэй гэж оношлогдоод, химийн эмчилгээ хийлгэж байсан юм.

Тодорхой хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсан минь үүнтэй холбоотой. Юу ч мэдэхгүй байж, хэвлэлүүд элдвээр бичиж байсан нь үнэхээр харамсалтай” хэмээн өгүүлсэн байна.

Мөн дуучин Тайлор Свифт түүнд ихээхэн тус болж байсныг тэмдэглэжээ. Чонын яр өвчнөөр дэлхий дээр 5 сая орчим хүн өвчилсөн гэсэн мэдээлэл байдаг бөгөөд өвчтөнүүдийн ихэнх нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

Новосибирск хот 1700 угсармал байрыг засч өгнө

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 5-6-нд ОХУ-ын Новосибирск хотод айлчилсан. Энэ айлчлалаар Улаанбаатар хот Новосибирск хоттой ах дүүгийн найрамдалт холбоо тогтоосон юм. Энэ хүрээнд талууд харилцан Төлөөлөгчийн газраа нээх, тодорхой төслүүдэд хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Новосибирск хотын захирагч А.Е.Локотын айлчлалын үеэр яриа хэлэлцээрээ цаг алдалгүй ажил хэрэг болгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон бөгөөд Улаанбаатар хот дахь 1700 угсармал байрыг Новосибирскийн хөрөнгөөр засч янзална гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэнд хариуцлага тооцно

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, иргэдийг хохироож байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийтийн тээвэрт үүсэд байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Нийтийн тээвэрт “Ухаалаг тээврийн систем” нэвтрүүлэх ажил нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажил бөгөөд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах эрхийг 8 сард нийслэлийн Засаг даргад олгосон.

2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ерөнхий гэрээг дэмжих” тухай 152 дугаар тогтоолоор уг гэрээ дэмжигдэж улмаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ” байгуулагдсан. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулагдан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн /BMS, BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажилласан. Улаанбаатар смарт карт нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна.

Дэлхийн олон оронд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн Сөүлийн Т-money компани нь Улаанбаатар смарт карт компанитай хамтран 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн карт унших иж бүрэн тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллагын 1 251 тээврийн хэрэгсэлд бүрэн суурилуулсан.

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн үйлчилгээг хотын иргэд үнэлэж, 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим картаа худалдан авсан байна.

Улаанбаатар смарт карт ХХК-иас ирүүлсэн албан ёсны мэдээллээр 10 дугаар сарын 1-ний байдлаар нийт 449 400 ширхэг цахим төлбөрийн картыг 1.438.080.000 төгрөгөөр борлуулан иргэдэд олгожээ.

Цахим картын борлуулалтын тоог төрлөөр нь задлаж харуулбал:

-Энгийн карт – 274589 ширхэг

-Хүүхдийн карт /Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид/ – 65430 ширхэг
-Ахмад настны карт – 78151 ширхэг
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт – 23836 ширхэг
-Оюутан, сурагчдын карт – 7594 ширхэг

Улаанбаатар смарт карт ХХК нь гэрээнийхээ дагуу нийтийн тээвэрт төвлөрч байгаа орлогын 10 хувийг авч, үлдсэн хувийг Нийслэлийн тээврийн газарт өгч байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад хувиарлаж байгаа юм. Улаанбаатар смарт карт” ХКК-иас нийт 10 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн Тээврийн газарт гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Нийслэлийн санхүү төрийн сангаас лхагва гарагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд 8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. Цаашид дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ. Мөн хот гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Cураггүй болсон охиныг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар иргэн М /16 настай, эмэгтэй/ энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ. 19:40 цагт ирсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, ар гэрийн 2 иргэн, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.