Categories
мэдээ цаг-үе

Б.Амартүвшин: Манай үйлдвэр хоногт 32 тонн замаск үйлдвэрлэх хүчин чадалтай

Барилга байгууламжийн гадна, дотор хана өнгөлгөө болон өө сэвийг дарж тэгшлэх, чигжих зориулалттай чанар стандарт техникийн шаардлагын дагуу хуурай хольцын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Баяргүүш ХХК”-ийн захирал Б.Амартүвшинтэй ярилцлаа. “Баяргүүш” ХХК Монголын анхны өнгөт замаскыг үйлдвэрлэн гаргасан нь тэдний давуу тал болж байгаа аж.

-Үйлдвэр байгуулах санаагаа анх яаж олж байв. Барилгын мэргэжилтэй хүн үү?

-Би малчин хүн л дээ. 1990 онд анх малчин болоод 1999 онд мянгат малчин болж байсан. Дөрвөн охинтой учраас хот руу шилжихээс өөр арга байсангүй.Төв аймгийн Дэлгэрхаан сумаас 2006 онд малаа зарж хотод шилжин ирж байлаа. 2008 онд газар аваад 2012 онд шашны бизнес хийж эхэлж Гандантэгчинлэн хийдийн урд шашны дэлгүүр нээсэн юм. Хөдөлмөрлөж зүтгэсний эцэст далайцаараа нэг номер дэлгүүр болгосон. Харьцангуй сүүлд нээгдсэн учраас хамрах хүрээгээрээ эхний тавд оруулж чадсан шүү. 2012 оноос хойш давхар юу хийх вэ гэж бодож байгаад барилгын салбарт оръё гэж шийдсэн. 2013 онд барилгын салбарын талаар урд хөрш руу явж их судалгааг хийсэн дээ. Тэгээд 2014 онд шийдвэрээ гаргаж бүтээгдэхүүнийхээ туршилтыг хийсэн. Нэг жил болсны дараа буюу саяхан бүтээгдэхүүнээ олонд танилцуулаад байна.

-Нэг жил хийсэн судалгаагаар ямар үр дүнд хүрэв?

-Судалгаа хийх явцад Хятад улсад “Beliеve” компани хар замаскыг хамгийн өндөр түвшинд чанартайгаар хийж байсан. Шууд л “Beliеve”-ын хар замаскнаас нэг уутыг авчираад яг үүнтэй л адилхан стандартын бүтээгдэхүүн хийвэл би Монголд зарна гэж шийдсэн. Нэг жил туршиж үзээд энэ жил “Beliеve”-ийн чанарт аваачиж чадлаа. Тэр хугацаандаа яагаад өнгөт замаск байж болохгүй гэж бодсон. Туршилтынхаа хугацаанд стандартад нийцсэн хар замаскнаас гадна өнгөт замаск хийчихээд байна. Одоогоор барилгын компаниуд хар замаск татсаны дараа өнгө тавьдаг юм. Харин манай өнгөт замаскыг шууд татчихаар өнгө тавина гэж хугацаа алдахгүй. Нөгөө талаас эдийн засгийн тал дээр ихээхэн хэмнэлт хийх юм.

-Үйлдвэр байгуулах санхүүжилтээ яаж олсон бэ?

-Эдийн засгийн хямрал болж байгаа зах зээлээ мэдэрч чадалгүй энэ бизнесээ эхэлчихжээ. Үйлдвэрээ 100 хувь зээл авч эхэлсэн. Тоног төхөөрөмж, газар, түүхий эд авах гээд тооцвол 220 сая төгрөг зарцуулчихсан шүү. Олон жижиг зээл авсан учраас сард дөрвөн удаа зээлээ төлдөг юм. Одоогоор санхүүжилтийн хувьд бэрхшээлтэй байгаа. Шинэ бүтээгдэхүүн хүмүүст хүрэх нь бага байдаг юм байна. Ашгаа өгч эхлээгүй л байна. Энэ хооронд чанартай бараа гаргахын тулд нэг жил алдчихлаа. Барилгын компаниуд манай бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд эхлэх үед чанар сайтай гэдгийг ойлгоод удахгүй үйлдвэрлэл маань сэргэх байх. Миний хувьд судалгаа хийх хугацаандаа Монголд номер нэг хуурай хольц хийх аргыг сурлаа.

-Зах зээлд борлуулж эхэлсэн юм уу?

-Хамгийн анх “Их хотын барилга-2015” үзэсгэлэнд оролцсоны дараа Хэнтий аймагт барилга барьж байгаа “Хар чонот” ХХК-д 10 тонн шар замаск худалдсан. Манай борлуулалт ерөөсөө л энэ. Өөр борлуулалт хараахан хийгээгүй байна.

-Хэдэн өнгийн замаск хийх боломжтой вэ. Одоогоор шар өнгө гаргачихаад байгаа юм байна?

-Улаан, улаан хүрэн, шар, цэнхэр голдуу барилгуудын хэрэглэдэг үндсэн өнгөнүүдийг гаргачихаад байна. Цаашдаа өнгөө хөгжүүлээд явна. Одоогоо 10 өнгөний дундажтай байна.

-Замаскаа зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулуулах вэ?

-Би хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэх ёстой гэж үздэг. Яаж ч хямарсан муу бүтээгдэхүүн хийхгүй. Чанар дагаж үнэ байдаг шүү дээ. Бид бүтээгдэхүүнээ зах зээлд хямд борлуулах гэхээр хийж байгаа өртөг маань өндөр байна. Манайхан хятадад зарагдаж байгаа хямд замаск аваад байдаг. Тэр нь өнгөлгөө хийсний дараа жил ч болохгүй хуулраад халтартчихдаг шүү дээ. Бас хананд хүрэхээр хувцас цагаан болгоод байдаг сул талууд бий. Мөн замаск татаад цагаан өнгө өгөхөөр ойгоод байдаг тал ч байна. Манай замасканд энэ хоёр эрсдэл байхгүй гэсэн үг. Манай бүтээгдэхүүний онцлог барилгыг ус, чийгний нөлөөллөөс хамгаалж, хананы өөг арилгадаг.

Манайх замаскаа 25 кг тутмыг 12 мянган төгрөгөөр борлуулахаар тооцоолсон. “Believe”-ийн замаск монголд 17 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа. Манайх энэ бүтээгдэхүүнтэй чанарын хувьд адилхан ч 60 хувиар бага үнэтэй байна гэсэн үг. Манайхан Хятадад 3500 төгрөгөөр зарагддаг замаскыг энд 7000 болгоод зарж байхад аваад байж, тэнд 20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг энд 10 мянгаар зарж байхад л авахгүй байна. Чанарын хувьд асар их ялгаатай шүү дээ.

-Замаск хийхдээ түүхий эдээ хаанаас авч байна вэ?

-Үндсэн гол түүхий эд болох цементээ Хөтөлөөс авч байгаа. Төв аймгийн манхан элсийг авдаг. Холигч полимер, цавуулаг, бүтээгдэхүүнүүд болоод бусад хэрэгслийг урдаас татаж байгаа. Манайх стандартын замаск хийхийн тулд 50 гаруй бүтээгдэхүүн хийдэг учраас өртөг өндөр гарах нь тодорхой. Бусад замаскны үйлдвэрүүд 10 хүрэхгүй л түүхий эд хэрэглэдэг учраас хямд байх нь аргагүй.

-Замаскандаа хэдэн жилийн баталгаа өгөх вэ?

-Тухайн барилга хэзээ нурна тэр үед л дуусна даа. Барилгын настайгаа чацуу байна гэж би үзэж байгаа. Хятадад хийсэн “Believe”-ийн замаскаар өнгөлсөн барилга одоо 30 жил болчихсон ямар ч өөрчлөлтгүй л байна. Манайх энэ тал дээр чанарын хувьд 100 хувь баталгаа өгнө.

-Өнгөт замаск өөр оронд байдаг уу?

-Хятад, Орос хоёрт лав өнгөт замаск байдаггүй юм билээ. Монголд өнгөт замаск оруулж ирдэг компани бас байхгүй. Би бүтээгдэхүүнээ хийчихээд “Believe” компанитай очиж уулзсан юм. Миний хийсэн бүтээгдэхүүнийг хараад үнэхээр стандартад нийцсэн сайн замаск хийчихсэн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Миний хийсэн хар замаскыг хүлээн зөвшөөрөхөөр нь би танайх өнгөт замаск хийе гэж бодож байсан уу гэж асуусан юм. Тэгсэн манайх дандаа л хар замаск хийдэг. Өнгөтэй хийе гэж ерөөсөө бодож байгаагүй юм байна гэсэн. Тэдний талаас өнгөт замаск хийхэд манайхтай хамтарч ажиллах тал дээр нааштай хариу хэлсэн шүү. Ер нь одоогоор өнгөт замаск хийсэн нь бараг анхдагч болох болов уу.

-Тоног төхөөрөмжөө хаанаас авч байв. Хоногт хэдэн тонн замаск үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Хятадаас авсан. Хоногт нэг машин нь 16 тонн замаск үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэр дээрээ хоёр машинтай байна. Нэг нь цагаан, нэг нь хар байгаа. Цаашдаа өнгөт замаск хийхэд нэг өнгөн дээр нэг машинаар авах бодол байна. Өнгийг машинд хольж хийхээр захиалагчийн хүссэн өнгө гарахгүй байх магадлал их учраас тийм шийдвэр гаргаад байгаа. Одоогоор санхүүжилт бага байна. Эхний ээлжинд нэг тонноор үйлдвэрлэдэг машин захиална. Хоногт найман тонн замаск үйлдвэрлэнэ гэдэг бага үзүүлэлт биш. Ямар ч том барилга оргил үедээ хоногт таван тонноос илүү шавар хийдэггүй юм. Манайх хоногт найман тонноор үйлдвэрлэхэд л хоёр барилга өөр өнгө сонгоход өдөрт нь хийх боломжтой.

-Танайх одоо нөөцтэй юу?

-Одоогоор складанд 200 тонн бэлэн бүтээгдэхүүн бий. 30 тонн хар замаск хийчихсэн байгаа. Хэрэв барилгын компани болоод хувь хүн өнгөт замаск авахыг хүсвэл хийж өгөхөд бэлэн байна. Одоогоор нэг машинаа шараар будчихсан байгаа. Дараагийн захиалга магадгүй улаан байвал нөгөө машинаа будаад шинэ машинаа захиална.

-Танайх өөр ямар ажил хийж байна?

-Гандантэгчинлэн хийдийн шавар хөшөөнүүд өнгө алдсан байна лээ. Үүнийг боломжийн үнээр засан сэргээе гэсэн юм. Өөрийн бүтээгдэхүүнээр хэрэмний гадна талыг өнгөлөхөөр болоод байна. Мөн саяхан нэг компани замаскаа жаахан зузаан тавихад чулуут өнгөлгөө хийж болох уу гэж асуусан. Одоо нарийн ширхэгтэй Дарханы 0.8-ын угаасан хайргыг замасктайгаа холиод өнгөлгөө хийж болох нь уу үгүй юу гэдгийг туршиж үзэх гэж байна. Чулуут өнгөлгөө хийх нь баталгаатай болчихвол тэр компанитай хамтарч ажиллахаар болоод байгаа юм.

-Танай бүтээгдэхүүн ямар давуу талтай вэ?

-Хүйтэрч байгаа энэ үед барилгын компаниуд ажлаа хурдан хийхээр яардаг. Барилгын ажил хийж байхад замаскаа татчихаад хатахыг нь хүлээдэг шүү дээ. Манай замаск тэгж цаг алдахгүй маш хурдан хатдаг. Мөн замаск татах үед гулгамтгай учраас 10 өдөрт хийх ажлыг зургаан хоногт хийх боломжтой юм. Энэ нь ажлыг 40 хувь хөнгөвчлөх бүрэн боломжтой гэсэн үг. Манай өнгөт замаскыг хэрэглэснээр эдийн засгийн болоод цаг хугацааны асар их үр дүнг мэдрэх болно. Бид монголдоо өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн бүс нутгаар комбайны дуугүй уйтай намар болж байна

Түрүүч нь 243 (5195) дугаарт

Төв аймаг газар тариалангийн гол бүс нутгийн нэг. Аймгийн баруун болон хойд талын хэдэн сумаас өнөө жилийн ургац улсын хэмжээнд ямархуу байгаа ерөнхий дүр зургийг харж болно. Ингэж бодоод Баянцогтыг зорилоо. Сумын төвийн урд руу тариалангийн талбай ихтэй. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгж Сарлаг бригадын нутагт харьяалагддаг юм байна. Талбай дээр очин ургац ямархуу байгааг бодит байдал дээрээс нь сонирхов. Сэлэнгийг бодвол эндхийн тариа өвдөг хүрэхээр ургажээ. Гэвч тарианы болц оройтсоноос ногооноороо байлаа. Нийт 1600 га талбайд тариалалт хийсэн “Жагро” компанийнхантай уулзахад “Энэ жил 200 га талбайгаасаа л ургац авч байна даа. Үлдсэн талбайгаасаа ургац авах ямар ч боломжгүй болсон. Хагасыг нь ногоон тэжээлд шилжүүлнэ” гэлээ. Энэ хавиар тавдугаар сараас долдугаар сар хүртэл нэг ч удаа бороо ороогүй ажээ. Хөрсөн доорхи будаа 70 хоног чийггүй байсан болохоор тарианы болц хойшилсон гэнэ. Улмаар хурааж авах боломжгүй болж ногоон тэжээлд өгөхөөр зорьж байгаа юм байна. Уг нь тав болон зургадугаар сарын дунд үеэр учиргүй үүлшиж юу юугүй бороо орох нь уу гэмээр болжээ. Манайхан тэр үүлийг задалж хур бороо оруулж чадаагүй гэнэ. Манайхаас урагшаа нүүсэн үүлийг хятадууд тосож аваад тав хоног бороо оруулжээ. Харин анхны бороо долдугаар сарын 7-нд орсон ч улаан буудайд эерэг нөлөө үзүүлээгүй байна. Ийн ярих зуур ургацынхаа дийлэнхийг алдсан “Жагро” ХХК-ийн тариалангийн талбайд хоёр комбайн нааш цааш эргэлдсээр цаг хэртэй болов. Хэрэв ургац жигдхэн байвал нэг захаас нөгөө хүртэл тасралтгүй явах ёстой. Гэвч ургацын болцоос хамааран нэг дороо л эргэлдэж байлаа. Энэ үед Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алаг түрүү” ХХК-ийн захирал У.Дамбийсүрэн хүрч ирлээ. Тэрээр хураах ч тариагүй болсон болохоор ойр хавийнхаа хэдэн сумын тариаланчидтай уулзаж яваа ажээ. Цээл, Угтаалцайдам сумынхан ургацынхаа дийлэнхийг алдсан гэж дуулгалаа. “Тариаланчид байгалийн хишгийг хүртэж байгаа болохоор дандаа сайхан зүйл бодож, бэлгэшээж явдаг. Есдүгээр сар гартал ургац арвин авна гэж ярьж байлаа. Байдал бишидсэн гэдгийг мэдэж байгаа мөртлөө амны бэлгээ бодсон хэрэг. Гэвч дуугарахгүй бол болохгүй болчихоод байна” гэв. Тариаланчид яг л хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж буй уяач шиг тариалалтын үеэр аливаа муу, муухайг цээрлэдэг ажээ. Ургац алдаж байгаа хэдий ч монгол хүний амны бэлгийг бодон сайн сайхныг зөгнөн ярьдаг гэнэ. Тиймээс хий дэмий л ургац арвин байна гэж өөрсдийгөө хуурсан хүмүүсээр газар тариалангийн бүс нутаг дүүрчээ.

Тариаланчид зуны эхэн үеэс байдал хүндрэх нь гэдгийг мэдээд харьяа яамандаа хандсан боловч авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч үл барам “Энэ жил улсын хэмжээнд нийт 170-180 мянган тонн буудай авахаар байна шүү” гэж тооцоолсныгоо олон нийтэд мэдээлжээ. Төв аймгийн хэмжээнд л гэхэд 58 мянган га талбайд тариалалт хийснээс ургацынхаа талаас илүүг алдаад байгаа гэсэн. Одоогоор ургац хураалт хэдэн хувьтай байгааг нарийн хэлэх боломжгүй. Мөн өдийд тариагаа хураагаад дуусчихсан байх ёстой атал мөндөр, цас ороод улаан буудайгаа хураах боломж гарахгүй байгаа гэнэ. Ерөнхийдөө л тариа нов ногооноороо байна лээ. Энэ нь ургац оройтож байна гэсэн үг. Боловсорч дуустал хэд хоног байлгая гэхээр шөнөдөө хайрагдчих гээд болохгүй. Бас түрүүлж ургасан буудай эхнээсээ хатаад хог болж байгаа ажээ. Сарлаг бригадын тариаланчид “Ганцхан манай энэ хавиар иймэрхүү байдалтай байгаа юм биш. Та нар өөрсдөө яваад үз. Ургац алдаагүй хувь хүн, аж ахуйн нэгж нэг ч байхгүй дээ. Хамгийн багадаа 50 хувийн ургац алдсан” гэж байлаа.

Өнгөрөгч хавар тариаланчид нийт 150 тэрбум төгрөгөөр тариалалт хийсэн байна. Энэ мөнгө бол зөвхөн хаврын эхэн сард тариаланчдын халааснаас гарсан дүн. Түүнээс хойш бордоо, машин механизм, цалин хөлс, хоол унданд зарцуулсан мөнгийг бодвол багагүй тооцоо гарна. Энэ мөнгийг дийлэнх нь банкны зээлээр босгожээ. Одоо харин зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа юм байна. “Алаг түрүү” ХХК-ийн захирал У.Дамбийсүрэн “Тариаланчид гэлтгүй бусад салбарт бизнес эрхлэгчид банкны зээлээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Би ч гэсэн зээлтэй. Намар буудайгаа хураагаад зээлээ төлж эхэлнэ гэж тооцоолсон. Гэвч өнөөдөр хураах ч ургацгүй сууж байна. Банкныхан ирээд унаж явсан машиныг минь хураасан. Эхнэр, хүүхдийг минь гаргаж байгаад манай гэрийг битүүмжлээд явсан. Бодит байдал дээр бид ингэж л амьдарч байгаа. Гэхдээ би ганцаараа иймэрхүү байдалтай байгаа юм биш. Над шиг байдалд орсон олон тариаланч бий” гэлээ. Мөн тэрээр “Бид энэ намар 50-80 хувийн ургац алдах нь нууц биш болсон. Болдог бол тариаланчдын банкнаас авсан зээлийг хойшлуулж өгөөсэй. Ирэх жилийнхээ ургацаас зээл төлөх боломж гарч ирвэл олон компани амьтай голтой үлдэх байх” гэсэн юм.

Дундаж аж ахуйн нэгж хавар тариалалтаа эхлэхдээ 800 саяас нэг тэрбум төгрөг зарцуулдаг ажээ. Энэ жилийн хувьд зардлынхаа 50 хувийг тэр чигт нь алдаж байгаа гэнэ. Нэг ёсондоо ирэх хавар тариалалт эхлэх үед 800 сая төгрөг хэрэг болохоос 400 сая нь сох дутна гэсэн үг. Иймэрхүү хүнд байдалд орсон тариаланчид буудайны үнийг чөлөөлж өгөөч гэж хүсэж байгаа ажээ. “Буудайн үнэ зах зээлийнхээ жамаар яваг. Төр засаг оролцохоо боль” гэж байна. Хэрэв үнийг чөлөөлөөд өгчихвөл зах зээлийнхээ голдрилоор хөгжих боломж байгаа гэнэ. Өнөөдөр зах зээлд 0.33 литрийн цэвэр ус 700 төгрөгөөр зарагдаж байхад нэг тонн улаан буудай 550 мянган төгрөг. Тэгэхээр нэг кг улаан буудай 550 төгрөгийн үнэтэй. Ингэж уснаас хямд үнэлэгдэж байгааг тариаланчид эсэргүүцэж байлаа. Түүнчлэн нэг үеэ бодвол улаан буудайгаа тариад сурчихсан учраас чанаргүй гэх ойлголт алга болжээ. “Царвантай буудай идэж, улсынхаа хэмжээнд нийт 70 мянган тонн буудай хурааж байсан түүх бий. Тэр үед ясны гурил идэж дотоодынхоо хэрэгцээг импортын буудайгаар хангадаг байлаа. Одоо тэр үе ард хоцорсон. Бид барууны түвшинд хүрсэн техник, технологи ашиглаж байгаа. Зардал өндөр гарч байгаа нь аргагүй. Бид ганцхан комбайн авахдаа хэдэн зуун сая төгрөг зарцуулж байна” гэж ярилаа. Бас гурилын үнэд тариланчид нөлөөлөхгүй гэдгийг хэлж байв. Тэдний ярьж буйгаар гурилын компаниуд үнэ дээр тоглолт хийдэг ажээ.

Атрын гуравдугаар аян эхэлж газар тариалан цэцэглэх үед нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр үнэлсэн. Тариаланчид нэг тонн буудай тарихдаа дээрх үнээс илүү зардал гаргаж байсан болохоор төрөөс 100 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон. Төрөөс өгч буй энэ мөнгө угтаа урамшуулал биш. Тариаланчид зах зээлд нийлүүлэх бодит үнийнхээ зөрүүг авч байгаа хэрэг. Угтаа буудайн үнийг чөлөөлөөд урамшууллыг бүр болих хэрэгтэй гэнэ. Учир нь урамшуулал авч чадахгүй байгаа тариаланч олон байдаг гэсэн.

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг бригадад үйл ажиллагаа эрхэлдэг тариаланчид иймэрхүү л зүйл ярьж байна. Ихэнх ургацаа малын тэжээлд боож, талбайгаа уриншилжээ. Тариан талбай нам гүмхэн агаад сүргүй. Уг нь бол өдийд намрын ажилд дайчлагдсан оюутан залуус шаагилдан гүйлдэж Монголын тал нутагт ажил, амьдрал буцалж байдагсан. Намар, намрын ийм дүр зураг өнөө жил харагдсангүй. Юу ч үгүй цасанд дарагдаж гулдайсан тариа, эзгүй шахуу тариалангийн талбай л угтана. Угтаа мянга гаруй га талбайд тариа тарьсан хүмүүс урдах ажлаа дийлэхгүй ажиллаж байх ёстой. Гэтэл бодит байдал дээр тариалангийн талбайд комбайны дуугүй уйтай намар болж байна.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гантөмөр: Монгол Улс түүхий эдийн бааз шиг амьдраад байвал байнгын хямралтай байх болно

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орж, сургалтын чанарт ч ахиц гарч байгааг мэргэжлийн хүмүүс онцолж буй. Энэ бүхэн боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлтэй холбоотой байх?

-Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр урьд хожид байгаагүй хөрөнгө оруулалтууд орж байгаа. Ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн ашиглалтад орж байгаа барилгын тоо эрс нэмэгдсэн. Аль болох сурагчдын суралцах орчинг сайжруулъя гэдэг энэ чиглэлийг Засгийн газар, УИХ мөрдлөг болгоод ажиллаж байна. Сургалтын хэрэглэгдэхүүний гүнзгий дутагдалтай байсан. Хүүхдүүдэд зөвхөн ном, дэвтэр, харандаа, багшид самбар, шохой л байдаг байлаа. Ийм орчинд олон жил сургалт явууллаа шүү дээ. Бид “Авьяас” хөтөлбөрөөрөө дамжуулаад хүүхдийн хөгжлийн хэрэглэгдэхүүнийг асар их нэмэгдүүлсэн. 100 гаруй клуб улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа хүүхдүүд 110 хувьтайгаар дугуйлан секцэд хамрагдаж байна. Өнгөрсөн хугацаанд 220 гаруй лабораторийг ашиглалтад оруулсан. Сургалт явуулахад зөвхөн номон дээрээс унших биш өөрөө хийж сурдаг тэр суралцахуйн үйлийг хийхэд физик, компьютер, химийн туршилтын лаборатори зайлшгүй хэрэгтэй. Үр дүнг нь харж байж шинжлэх ухаанд итгэж, ойлгодог. Урьд өмнө боловсрол гэж юу байсан бэ гэхээр юуг мэддэг байх вэ гэдэг даалгавар өгдөг байсан бол одоо юу мэдэхээс гадна юуг чаддаг байх вэ, ямар хүн болох вэ гэдэг болсон. Мэдлэг+чадвар+хүмүүжил= боловсролын хөтөлбөр буюу чадамжтай, чаддаг хүн, чанартай боловсрол. Энэ бол дэлхийд өрсөлддөг боловсрол. Ийм байдлаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэчлэл хийгдэж байна.

-Сүүлийн үед дээд боловсролын салбарт олон асуудал хөндөгдөж байна. Оюутнуудын тэтгэмж, сургалтын төлбөр, смарт картны асуудлууд байна. Хэдэн жилийн өмнө манай их, дээд сургуулиуд дэлхийн чансааны жагсаалтын 10000 дугаар байрт орж байсан. Одоо тэр байр хэр урагшилсан бэ?

-Манай их сургуулиудын чансаа эрс өсч байгаа. Дээд боловсролд бид юуг хийв гэхээр, дээд боловсрол бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр юм гэж томъёолсон. Дээд боловсролоор дамжуулан шинжлэх ухааныг бий болгоё, шинжлэх ухааны орон болъё гэсэн зорилго тавьсан. Мөн чаддаг хүн гаргаж ирье гэсэн ийм гурван зүйлийг дэвшүүлсэн. Эдгээрийг дэвшүүлэхээр сургуулийн зохион байгуулалт, бүтэц, зорилго, хөгжлийн төлөвлөгөө, боловсон хүч буюу хүний нөөц, эрдэм шинжилгээний даалгавар, орчин ямар байх юм гээд олон асуудлаа шийдэх болсон. Их сургуулийн багш нараас бүрдсэн Дээд боловсролын зөвлөлийг 2012 онд байгуулсан. Уг зөвлөх баг маань хоорондоо ярилцаад алдаа оноогоо хэлэлцсэн. Сургуулиуд нэлээд томорсон. Арван хэдэн сургууль байсныг нэгтгээд тав болгосон. Хориод сургууль байсныг нэгтгээд зургаа болгосон. Гэх мэтээр нэгтгэхээр сайн багш нар хоорондоо хамтарч ажиллах боломж олдсон. Өмнө нь хамтын ажиллагаагүй болохоор хийж байгаа судалгааны ажлын үр дүн Монгол Улсад гардаггүй, хөгжилд нөлөө үзүүлдэггүй, эдийн засагт хувь нэмрээ оруулдаггүй байсан. Дэлхий дахин өнөөдрийг хүртэлх энэ хол замыг туулж хөгжиж ирэхдээ дандаа шинжлэх ухааныг ашигласан байдаг. Гэтэл яагаад бид ашиглаж чаддаггүй юм. Ашиглах болохоороо зөвхөн олон улсад гарчихсан, багцлагдсан, бүтээгдчихсэн зүйлсийг л авдаг. Өөрсдөө хувь нэмрээ оруулж чадахгүй байна гэдэг шийдлүүдийг сургууль болгон гаргасан. Гаргасан шийдлүүд богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл зөв хандлага тогтчихлоо. Сургуулиуд эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө зардаг боллоо. Лаборатори байгуулагдлаа. Хөдөө аж ахуйн их сургуулиар л жишээ болгоод ярихад 24 лабораторийг хоёр жилийн хугацаанд байгууллаа. Анагаах ухааны үндэсний их сургууль гэхэд дэлхийд байхгүй лабораторийг өөрсдөө байгууллаа. Тэрэндээ тархи судлалын ажлыг эхлүүлж байна. ШУТИС Биомеханикийн лабораторийг Монголд анх удаа байгууллаа гээд яривал дээд боловсролын салбарт гарч байгаа ахиц, хийсэн ажлаа хэлэхэд бүтэн хоёр өдөр яриад дуусахгүй нь.

-“1000 инженер” төслийг Монголд инженерийн том арми бэлтгэх ажил болж байна гэж үздэг. Явц нь хэр байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 280 орчим залуу энэ төсөлд хамрагдаад байна. Энэ тоо богино хугацаанд хүчээ авна. Яагаад гэвэл яг япон сургалтаар, Япон болоод дэлхийн тэргүүлэх инженер бэлтгэдэг сургалтаар одоо зөвхөн ШУТИС дээр гэхэд 200 гаруй залуучууд хичээллэж байна. Арваад төрлөөр Японтой хамтарсан судалгааг эхлүүллээ. 1000 инженер Монголд ямар үр дүн өгөх вэ гэвэл шинжлэх ухааны бүтээлийг технологи болгоход энэ хүмүүс үнэхээр тусална. Германтай нийлээд технологийн сургууль байгуулчихлаа. Германчууд ялгаагүй Монголын шинжлэх ухааны бүтээлийг технологи болгож, үйлдвэрлэл рүү нэвтрүүлэхэд асар их хувь нэмрээ оруулна гэдгийг хэлмээр байна. Дэлхийн технологийн нэг номерын MIT сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлчихлээ. Энэ сургуультай хамтарснаар Монголын сургуулиудын түвшин эрс дээшээ гарч ирнэ. Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ирэх сард эцсийн гэрээгээ сурчих юм бол MIT Монгол санаачилга, дэлхийд өрсөлдөх Монгол хүн хөтөлбөр зарлагдана. Шинжлэх ухааныг бизнес болгож чаддаг шинжлэх ухаанд суурьтай шинэ компаниудыг, шинэ бизнес орчныг бүрдүүлэх ийм төсөл юм. Өмнө нь шинжлэх ухааныг ашиглаад бизнес хийх гэж оролдоод олон хүн дампуурсан, алдсан. Яагаад гэвэл үүн дээр цогц бодлого, цогц харилцаа байхгүй байсан. Сайн бүтээл гарлаа ч япончуудын хэмжээний сайн инженер, германчуудын хэмжээний технологич байгаагүй, америкчуудын хэмжээний санхүүжүүлэх ухаан нь байхгүй, зах зээлд гаргах мэдлэг дутмаг, олон улсын харилцаанд орж чадаагүй гэх мэтээр хийж чадаагүй асар их ажил байсан л даа. Олон хүн шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж, олон удаа дампуурснаас үндсэндээ шинжлэх ухаанд итгэл нь алдарчихсан ийм л нөхцөл байдалд бид ажиллаж байна шүү дээ.

Алдаж байгаа газрууд зөндөө байна. Шинжлэх ухаан руу хөрөнгө оруулалт хийгээд дампуурсан төсөл олон байгаа, мэдэж байгаа. Ололт нь хүн төрөлхтнийг удирдаад байна. Тиймээс Монгол Улс сайн сайхан явахын тулд ологч тал руу явах хэрэгтэй. Хоёрхон ялгаа байна шүү дээ. Шинжлэх ухааны ялагч, нөгөөх нь ялагдагч. Ялагч руу орох цогц хөтөлбөрийг дээд боловсролын шинэчлэлээр дамжуулаад бид нар хийе гэсэн. Үүний үр дүн нь маш богино хугацаанд тодорхой хэлбэрээр гарч байгаа гэдгийг хэлье. Үр дүн нь юу руу зориод байгаа юм бэ гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Энэ бол бидний хамгийн том ололт. Цаашид бид дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлэх бодлогыг тууштай авч хэрэгжүүлнэ.

-Сүүлийн үед дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар?

-Смарт карт гэнэ үү, автобус унаа ч гэнэ үү тийм жижиг сажиг зүйл зөндөө байгаа. Өнөөдрийн зовлонгоор манай яам л лав амьсгалахаа больсон гэдгийг хэлье. Гал унтраах ажлаа эзэд нь хийх хэрэгтэй. Асуудал байвал сургуулийн захирал нь шийдээд яв. Тэрэнд нь бид санаагаа чилээн суугаад байвал хэтийн сайн зорилгодоо хүрэх ямар ч боломж байхгүй. Манай салбар бол том. Боловсрол, соёл, шинжлэх ухаан гэсэн бараг сая гаруй хүний оролцоотой салбар. Алдаа дутагдал бий. Гарч байгаа алдаа дутагдал болгоны араас засах гэж явах юм бол маргаашийн том зорилгодоо бид хүрч чадахгүй. Энэ яам дээр би ганцхан зарчим хэлдэг. Том зургаа хар, чанартай боловсролын араас яв, чаддаг мэргэжилтэн бэлтгэхийн төлөө дээд боловсролын төлөө зүтгэ, шинжлэх ухааныг үйлдвэрлэл рүү холбох анхны суурийг бэлд гэдэг. Дараа нь үйлдвэрлэл рүү очих төслийг УИХ, Засгийн газар нь шийдээд шийдвэрээ гаргана. Олон шийдвэр үүний ард хүлээгдэж байгаа.

-Монголын ирээдүй, эдийн засаг гээд бүхий л зүйлс шинжлэх ухаанаас хамааралтай болох цаг ирж байна хэмээн үзэж байна уу?

-Монгол Улс түүхий эдийн бааз биш болно. Түүхий эд нийлүүлээд ингээд амьдраад байвал байнгын хямралтай байх нь ээ. Хямрахгүйгээр хорин жил явдаг эдийн засгийг бий болгоё л доо. Япон улс шинжлэх ухааныг ашиглаж эхэлснээсээ хойш үнэндээ бараг 30 жил 15-20 хувийн өсөлтийг хадгалсан улс шүү дээ. Бид нар түүхий эд дээр дулдуйддаг учраас нэг л удаагийн өсөлттэй. Тэр өсөлт нь дараа дараа жилийн маш их зовлонгийн эх үүсвэрийг нээж өгдөг. Хэтэрхий цамаан болгодог, огт өөр зүйлд анхаардаг болгодог, ямар ч хэрэггүй халамжийн бодлого гаргадаг. XXI зуун магадгүй XXII зуун өөрөө шинэ мэдлэг бүтээж, үнэ цэн тогтоож чаддаг ард түмэн л тайван амгалан аж төрдөг зуун болох нь тодорхой байна. Алсын зорилгоо маш тодорхой тавья. Алсын зорилго бол хүчирхэг Монгол, сайн хөгжил. Сайн хөгжлийн араас л энэ салбар өөрөө хөдлөх ёстой. Энэ салбар хөдлөөд явах юм бол улс орнуудын харах хандлага өөрчлөгдөнө. Шинжлэх ухааныг муулж байгаа хүн зөндөө байгаа. Итгэхгүй хүн ч зөндөө байгаа. Яагаад гэвэл олон удаа бүтэлгүйтсэн учир итгэхгүй шүү дээ.

Мах, арьс, нүүрсээ ухаад амьдрах нь илүү амар санагдаж байгаа байхгүй юу. Анхаарал хаана төлөвлөрөх вэ гэдэг асуудал байна. Өнөөдрийг хүртэл анхаарал түүхий эд дээр үнэхээр төлөвлөрсөн, амьдрал учраас. Анхаарлыг бид шинжлэх ухаан дээр төвлөрүүлэх цаг хугацаа хэрэгтэй байна, ийм цаг хугацааг бид туулаад явж байна. Энэ бол сонголтгүй. Шинжлэх ухааныг бизнес болгож чаддаг бизнес ухаан хэрэгтэй байна.

-Түүхий эд дээрээ хэт төвлөрч, тийшээ бүх анхаарлаа хандуулснаас л эдийн засаг хямарчихаад байна уу, таныхаар?

-Монгол хүчтэй байхдаа түүхий эдээр биш оюун ухаанаар амжилтад хүрч байсан. Хуулиа гаргаж чаддаг байсан. Наад зах нь борцоо хийж чаддаг байсан. Олон хоног дайн байлдаанд явахдаа иддэг хүнс нь хүртэл хөнгөхөн, ард талаасаа хамааралгүйгээр хол явж чаддаг байжээ. Унадаг морь нь хүртэл онцлогтой. Ер нь бид их том ой санамжтай ард түмэн шүү дээ. Тэр үеийн ой санамж юу вэ гэхээр хүчирхэг байдал. Бид өнөөдөр хичнээн амжилтад хүрч, сайн сайхан зүйл бараг 99 хувьд нь байхад түүндээ сэтгэл ханахгүй байгаа биз дээ. Хэн ч сэтгэл ханахгүй байна. Өчигдөр ямар байснаа бүгд мартаж байгаа байхгүй юу. Өнөөдрийн энэ сайхан амьдралыг ардчилал авчирч өгсөн шүү дээ. Ардчиллын авчирч өгсөн ололт, амжилтыг харахыг хүсэхгүй байгаа олон хүн бий. Яагаад энэ ололт амжилтаа олж харахгүй байна вэ гэхээр алсад яах вэ гэдэг нь ойлгомжгүй учраас өнөөдөр хүрсэн амжилтаа харахыг хүсэхгүй байна. Тиймээс алсын хараа гэдэг зүйл асар чухал. Алсын хараа бол төрийн хамгийн чухал бодлого. Бодлого ярихаар хүн болгон сонирхдог зүйлээ оруулж ирээд бодлогыг бодлого биш болгоод байгаа байхгүй юу. Бүгдийг нь хамарсан бодлого гаргаж чадахгүй л дээ. Хөгжлийн бодлого ярья гэхээр за тэгвэл хөдөө аж ахуй ямар байх юм, улс нь ямар байх юм, барилга нь ямар байх юм, газар тариалан нь яах юм, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь яах юм, шинжлэх ухаан, боловсролоо яах гэж байна, нам нь ямар байх юм гээд хүн болгон өөртөө хамаатай зүйлийг шингээхийг оролддог. Ингэхээр бодлого гарахгүй. Энэ бол зүгээр л бүх хүний асуудлыг яаж шийдэх тухай л яриа болчихно. Хэтэрхий богино хугацааны юм тавиад байдаг.

Би өнөөдөр хүрсэн энэ зүйлсийг үнэхээр амжилт гэж бодож байгаа. Монгол хүн бүр хөдөлмөрлөж байна. Бүгд хөдөлмөрлөж байгаа учраас их сайн үр дүнд хүрч байна. Энэ хүрсэн амжилтаа чамлахгүйгээр цааш явах нийгэм хэрэгтэй. Цохилтод ордоггүй нийгэм хэрэгтэй. Их итгэл хэрэгтэй. Итгэл гэдэгтэй зэрэгцүүлээд ой санамж гэдэг зүйлийг хэлээд байна л даа. Хэзээ сайхан амьдардаг вэ гэхээр итгэлтэй үед. Итгэл яаж бий болдог вэ гэхээр ой санамж амь орж байгаа үед. Тийм учраас бид байгаа зүйлээ цаашаа яаж хөгжүүлэх тухай яримаар байна л даа. Өнгөрсөн цаг үеэрээ хүн амьдрахгүй. Өнгөрсөн цагаа дүгнэх амархан. Маргааш нь тодорхойгүй болохоор хямраад байна уу даа гэж харж байна.

-Улстөрчдийн байр байдал, төрөөс явуулж байгаа ажлууд ард түмний сэтгэлд хүрэхгүй байгаа болохоор төрд итгэх итгэл буураад байгаа гэх юм?

-Төрд итгэхгүй байна гэдэг чинь эхлээд өөртөө итгэхгүй байгаа байхгүй юу. Өөртөө итгэлтэй хүн төр гэж юу вэ гэдгийг мэддэг. Өөрийнхөө ирээдүйд итгэхгүй байгаа учраас хэн нэг хүн ирээдүйг нь баллаж байгаа юм шиг санагдаад байна ш дээ. Үнэн шүү дээ. Би амьдралаа ингээд аваад явчихна, амьдрал маань төлөвлөгөөний дагуу сайхан явж байна гэж байгаа хүн төр юу хийдэг вэ гэдгийг ойлгох байхгүй юу. Төр бол үйлчилгээний л байгууллага. Бодлого гаргадаг ч ихэнх нь үйлчилгээний байгууллага. Цагдаа, эмнэлэг, боловсрол, нийгмийн даатгал, татвар ч үйлчилгээ. Төрийг ингэж задлаад төрийн үйлчилгээгээ хар л даа. Нийгмийн л үйлчилгээ, ихэнх нь. Тэгвэл нийгмийн үйлчилгээнд итгэхгүй байна гэж юу байдаг юм.

Яагаад өөртөө итгэлгүй болчихов гэхээр хөгжлийн хараа багадаад байна гэсэн үг. Энийг бодитойгоор дүгнэлгүй цаг хугацаа алдсан л гэсэн үг байхгүй юу. Сүүлийн зуун жилийн амьдралыг бүгдийг нь гүйлгээд харахад монголчууд юун дээр анхаарлаа төвлөрүүлсэн байж вэ гэдгийг харах хэрэгтэй. Анхаарал нь төвлөрсөн зүйлээ амжилттай хэрэгжүүлэх ямар боломж байгаад, яагаад заримыг нь чадахгүй байна вэ гэдгээ л харах хэрэгтэй. Гэхдээ би хэтэрхий явцуурхаж байж болно. Сонирхлын зөрчил байж болно, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд учраас. Надад юу харагдаж байна вэ гэхээр хөгжлийн суурь платформ бол шинжлэх ухаан юм шүү гэж харагдаад байна. Үүн дээр анхаарлаа хандуулаад бусад бүх үйлчилгээгээ хэвийн үзүүлээд яваад байвал ард түмэн өөртөө итгэлтэй болно. Айдасгүй болно. Би маргааш ажилтай байх уу, үгүй юу, хоолтой хонох уу, үгүй юу, миний хүүхэд маргааш сургууль, соёлтой байх уу, үгүй юу гэдэг өөртөө итгэлгүй, өрөөлөөс бурууг хайдаг тэр байдал үндсэндээ төрийг итгэлгүй харагдуулж байна.

-Ингэхээр та бүхэн улсын хөгжлийн ерөнхий чиглэлийг олчихсон гэж харж болох уу?

-Надад итгэлтэй нэг зүйл байна. Өнөөдөр энэ их, дээд сургуульд сурч байгаа залуучууд, “1000 инженер” хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд, цэцэрлэг, сургуульд сурч байгаа хүүхдүүд тэртэй тэргүй хөгжил гэж юу байдгийг маш сайн ойлгодог хүмүүс болж гарч ирнэ. Барилга байшин, тансаглалаар төсөөлдөг энэ төсөөлөл алга болно. Хөгжил гэдэг оюун ухаан юм гэдгийг ойлгодог болно. Ийм ард түмнийг гаргаж ирэх үндсэн хөдөлгүүрийг бид асаачихлаа. Манай Засгийн газар тийм л зорилго тавьсан. Тэрийгээ хийсэн. Одоо хүмүүс хөгжлийнхөө гарц дээр мэтгэлцэх хэрэгтэй шүү.

Өнөөдөр бидэнд зовлон маш их байгаа. Бидэнд байтугай дэлхийн бүх тэрбумтан, бүх улсын Ерөнхийлөгч нар зовлонтой. Энэ зовлонгоо давах ганцхан арга байна. Өнгөрснөө бага яриад, өнөөдөр бага шаналаад, маргаашийн төлөө зоригтой алхах хэрэгтэй. Тэгвэл энэ бүх зовлонг давна шүү дээ. Тал талд гаслаад шүүмжлээд байх нэг хэрэг. Би алийг нь ч шүүмжилмээргүй байна. Бүх юм яваг л дээ. Очих цэгээ л харах хэрэгтэй. Хорин жилийн дараа хаана очих вэ, юу хийж чаддаг ард түмэн байх вэ. Хорин жилийн дараа дахиад л нүүрсээ зөөнө, зэсээ ингэнэ, тэгнэ гэж яриад байвал явахгүй л дээ. Тэр үед нүүрсийг хэрэглэхээ ч болино. Энийг ойлгох хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч үнэхээр хүчээ авчихлаа. Нараар бүх дэлхий эрчим хүчээ гаргаж авах чадалтай болчихсон. Атомын цахилгаан станцыг яаж ч муулаад тэр улам хөгжинө. Бид нүүрсээ яах юм. Одоо устөрөгчийн машин түгээд ирэхээр нефть хог болж эхэлнэ.

-Монголчууд зөвхөн улс төрд л анхаарал хандуулах юм. Улс төрд байгаа хүмүүсийн зан араншин, гаргаж байгаа үйлдэл нь нийгэмд нөлөөлж, ярианы сэдэв болдог болжээ?

-Тэр нь Монголын ирээдүйд огт сайн, мууг хөтлөхгүй гэдгийг мэддэг л байх ёстой. Дэд сайд байсан ч, байгаагүй ч Монголын ирээдүйд хамаагүй. Тэрийг мэддэг байх ёстой. Тэр нэг агентлаг байна уу, байхгүй байна уу хамаагүй. Хамгийн гол нь Монголын ирээдүйд юу хамаатай вэ гэдэг суурь платформ гэж яриад байгаа, энийг л хөндөхгүй гэдэг зарчмаа тохир л доо. Гаргая л даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн тус

Төр бизнесийг дэмжих хамгийн сайн ач тус бол ерөөсөө оролцохгүй байх явдал гэдэг. Угаасаа төр муу менежер гэдгийг бид мэддэг, их ч ярьдаг. Гэтэл ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Төрийн гар хөл оролцоод ирэхээр л зах зээлийн зарчмаараа, бизнесийн шударга өрсөлдөөнөөр явах гэж байсан салбар унаад ирэх нь бий. Монголд төрийн өмчит болон өмчийн оролцоотой 100 гаруй компани байдаг гэх. Гэхдээ дийлэнх нь ашиггүй ажилладаг хэмээх статистик нэгийг сануулна. “Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийгээд менежментээ зөв зохион байгуулаад явж байхад төр дундуур нь орж саад болдог тохиолдол байна” хэмээн ТӨХ-ны удирдах албан тушаалтан хэвлэлд ярьжээ. Хамгийн сүүлд гэхэд л төрийн өмчийн оролцоотой махны чиглэлийн корпораци байгуулагдахаар болсон мэдээлэл хамгийн тэнэг хийгээд ухаангүй шийдвэрт тооцогдож байгаа. Энэ шийдвэр нь эрүүл зах зээлийг хүсэгч бүхэнд, үүнээс зөв үр дүн хүртэхийг хүсэгчдийг гуниглуулсан. Улс төрийн намууд нь ч үүнийг буруутгаж байгаа. Албан тушаалдаа дулдуйдан ашиг олох гэсэн эрх дархтнууд ичихгүйгээр энэ бизнест орж, хувийн хэвшлийнхнээ боомилж дуусаад дараагийнх руу шилжих байх л даа. Хувийн хэвшилд байсан болгоноо буцаад улсын мэдэлд шилжүүлснээр өнөөдөр Венесуэл улс дэлхийн доог болоод л явж байна. Үнэндээ төр аль болох бага оролцоотой байж, дангаараа хөгжих боломжийг бизнесийнхэндээ өгдөг нь олон улсад тогтсон ойлголт. Харин манайд энэ таг эсрэгээрээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд нийтийн тээврийн асуудалд төр гараа лавхан дүрснээс болж хүмүүс явгарлаа. Нийтийн тээврийн асуудал төрийн анхаарлаас гарч болохгүй чухал асуудал мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бодлогоор дэмжээд өгөхийн оронд хэрээс хэтэрч, голд нь хэт орж, дүрдээ итгэж тоглосноос өнөөдрийн байдал үүсчихээд байна.

Аравдугаар сарын 7-ны өглөө. Хүйтний ам нааш эргэснийг баталж, цас лавсан ороод хоножээ. Автобусны буудал дээр аргаа барж, эргэлдсэн хүмүүс битүү байсан. Яагаад ч юм автобуснууд явахгүй, учир начрыг нь мэдэхгүй хүмүүс нэгнээсээ лавласаар. Нийтийн тээвэрт үйлчилгээнд явдаг 1010 автобусны 600 гаруй нь эхний өдөр үйлчилгээнд гараагүй. Тэд бүгд хувийн хэвшлийн автобусууд. Төрийн мэдлийн автобусуудыг зарим чиглэлд нэмж гаргасан ч цөөхөн хэд нь юу ч болох билээ дээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниудын захирлууд нь цуглаад “Ажил хаяж байгаа юм биш. Аргагүйн эрхэнд зогсолт хийхэд хүрлээ” гэсэн тайлбарыг өгсөн. Долдугаар сарын 29-нд смарт картын үйлчилгээнд шилжсэнээсээ хойш салбараараа 10 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, түлшний мөнгөгүй болчихлоо гэж тэд ярьж байгаа юм. Тасалбар түгээгчтэй байхдаа нэг автобус цагт 34 мянган төгрөг олдог байсныг, шинэ тогтолцоонд шилжсэнээр 14800 төгрөгөөр тооцож санхүүжүүлсэн нь алдагдалтай явсаар ийм байдалд хүргэлээ гэж тэд тайлбарлаж байгаа юм.

Төрийн уурга нь урт, хуйв нь уужим байх тусмаа хувийнханд ирдэг асуудал энэ. Мэдээж, нийтийн тээвэрт шинэчлэл хийж, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх гэснийг буруутгах аргагүй. Гэхдээ хийсэн нь илүү их яршиг түвэг, чирэгдэл учруулахаар бол шинэчлэл хэрэггүй. Цаг нь болоогүй шинэчлэл хөрсөн дээрээ бэхжиж чадахгүй нь үнэн юм. Өнгөрсөн найм, есдүгээр сарын турш хүмүүс нийтийн тээврээр явахад амаргүй байгаагаа гомдоллосон. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсээр л байсан. Хуучин нэг автобусаар хүрдэг байсан газраа хоёр, гурав дамжиж байна. Өдөрт 1000-2000 төгрөг зарцуулдаг байсан бол 2000-4000 төгрөг боллоо гэсэн шүүмжлэл ер тасраагүй. Одоо харин нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийнхэн зогсч, зогссон шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байна. Дээрээс нь ажилдаа очихдоо 500, харихдаа 500 нийлээд мянган төгрөгөөр харьчихдаг байсан нөхдүүд дамжихаас аргагүй болж, 2000 төгрөг төлөх болчихоороо төсөв нь хүндрээд эхэлчихэж байгаа юм. Тэгээд л баахан зуут шургуулж байгаа царайлаад нэг удаагаасаа 200 төгрөг хэмнэх маягаар мөнгөний зохицуулалтыг өөрсдийнхөө хэр хэрээр хийж эхэлнэ. Ядуу нийгмийн ядуу иргэдийн сэтгэлгээг хөгжингүй орны иргэдтэй харьцуулж шүүмжлээд ч яах билээ. Бас гараа болгон дээрээсээ жолооч тасалбар түгээгчидтэйгээ нийлж хэдэн цаас “гөвдөг” байдал нь хумигдаад ирсэн. Хайрцагт мөнгө хийлгэдэг болсны дараахан хайрцагнаасаа мөнгө авах гэж оролдож байгаа хоёр нөхрийн дүрс бичлэгийг цацаж, бид ч муу муухайг нь дуудаж байсан даа. Үнэндээ бидний байгаа л царай энэ. Ядуу хүмүүсийн хоногийн хоолондоо нэмэрлэхээр илүү харж, билүү долоодог зан.

Ийм хөрс суурьтай байж, тийм арга хэмжээ аваад ирэхээр аяндаа өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсч байгаа юм. Үр дүнд нь иргэд намрын жихүүнд хотоороо хөл дүүжлэх унаагүй үлдлээ. Аравдугаар сарын 7-ны өдөр ийм байсан. Аравдугаар сарын 8-ны өдөр бас тийм. Бүр дордсон нь дараагийн өдрөө үйлчилгээнд 300 хүрэхтэй үгүйтэй автобус л явсан. Үнэндээ төрд өөрийн данстай унаа нь 200 гаруйхан юм билээ. Үлдсэн 800-гаад нь хувийн хэвшлийнх. Гэтэл тэдэнтэйгээ ойлголцохгүй болоод ирэхээр дунд нь иргэд л хохирч байна. Төр засгийн томчууд маань тэднийг шалгана, барина гээд л уурлаж загнаад байгаа сурагтай. Үнэндээ төр аль болох буулгаа бага буулгаж, оролцоогоо хумьчихвал дээр байх биз ээ.

Хувийн хэвшлийнхнийг дэмжээд өгөхгүй мөртлөө шалгана, барина, хорино, данс хаана, бооно гэдэг нь эргээд л тэр зах зээлийг унагах шалтаг болж байдаг. Өнгөрсөн хавраас яригдсан илүү гүйлт тэмдэглүүлээд улсаас тэрбумаар нь шамшигдуулсан хэргийн талаар зарим хүн “Үнэндээ ганц хоёр суудлын машинд тавьж олсон илүү гүйлтийн мөнгөөр бусад зуун автобусаа ажиллуулах сэлбэг хэрэгслээ авч байдаг байхгүй юу. Бизнес хийхийн зовлонг мэдэхгүй хүмүүс барьж хорихоо юун түрүүнд бодох юм даа. Барьж хориод эхлэхээр ажиллах хүнгүй болж, тэр салбар унадаг юм даа” гэлцээд байсан билээ. Хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэвэргэх гэсэнгүй. Гэхдээ хувийн хэвшлийнхнээр төрийн ачаанаас татуулах гэж л байгаа бол савраа багахан дүр гэж хэлмээр байгаа юм.

Угаасаа төр хэзээ ч ухаалаг, сайн менежер байж чаддаггүйг дээр өгүүлсэн. Төрийн нэрээр хэн нэгний эрх ашиг үргэлж цухалзаж явдаг учраас салбараа татаад л унагачихдаг юм. Тиймээс ямар ч салбарыг өөрийнх нь жамаар явуулчихвал яаж ийгээд л зүй тогтлоо олоод явчихдаг билээ. Нийтийн тээврийн шинэчлэл, смарт карт гээд зунжин, намаржин л шуугилаа. Үр дүнд нь нийслэлийнхэн тэр аяараа гудамжны хүлээлгэнд орчихоод байна. Хүүхэд, хөгшдийн хувьд хамгийн эхний хохирогчид. Угаасаа автомашины хязгаарлалт хэвээрээ учир машинтай хүмүүс ч хохирогчдын тоонд багтана.

Тэртэй тэргүй амаргүй байгаа өнөөдрийн нөхцөлд дахиж битгий нэрвээд байгаасай гэж хүсэхээр байна. “Муу дээр муухай, улаан дээр улцан” гэгчээр чадан ядан яваа өнөөдрийн нөхцөлд төр хуруугаа боловч бага дүрээчээ. Нэрвээсэнд нь нэвт нидрүүлчих гээд байна шүү, муу сайн ард түмэн чинь.

Categories
мэдээ цаг-үе

Бавуугийн Лхагвасүрэн: Би нүд, чих, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамладаг

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.

-Монголын төрийн эрхэм дээдэст хаяглан бичсэн захидлыг тань харсан. Жаахан бухимдаад байх шиг санагдсан…

-Би төр гэдэг үгэнд их хүндэтгэлтэй ханддаг юм. Төр гэдэг өөрөө хоосон чанар. “Ээ, төрийн сүлд минь өршөө” гэж уулга алддаг өвгөдийн өвөр дээр өссөн болохоор би төр гэдэг үгэнд маш их хайртай. Өнөө цагт төрийн сайн, муу байгаа нь төрийн түшээдээс шалтгаалдаг. Тиймээс ойрд төрийн түшээдэд жаахан гомдонгуй байгаа даа. Тэд сонгосон санаанд минь хүрсэнгүй, итгэсний дайтай байсангүй. Ард түмнийг ийм байлгана гэж санасангүй.

-Төр бол хоосон чанартай гэж хэллээ. Төрийн түшээ гэгдэж байгаа далан зургаан нөхөр чинь бодит хүмүүс. Та гэхэд хэнийг Их хурлын гишүүнээр сонгов?

-Манайх гэр бүлээрээ сонгуульд санал өгөөгүй. Ирэх сонгуульд ч санал өгөхгүй. Би эрхээ эдлэх ёстой.

-Тэгэхээр иргэн таны төлөөлөл Монголын төрд байхгүй гэсэн үг үү?

-Эд нар Монголын ард түмний төлөөлөл юм чинь миний ч төлөөлөл яах аргагүй мөн л дөө. Төрд гарч ирж байгаа улсыг худлаа яриад байхаар л гомдоод байх юм. Гудамж талбайгүй хашгичаад шал худлаа зан гаргаад байхаар санал өгөхөөс ч дур гутах юм байна шүү дээ. Би сонгуулиа өгөөгүй байлаа гэхэд эд нар гарахгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр саналаа өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй. Над шиг настай хүн үр хүүхэдтэйгээ амар жимэр байж байгаад үхэлтэй уулзах юмсан гэж боддог боллоо. -Та уран бүтээлээрээ омог бадрангуй, өөдрөг гэгээн, бас ч шазруун омголон хүн. Анзаараад байхад та жаахан гундуухан байх шиг санагдах юм. Үхэл мөхөл ч ярьж байх шиг…

-Хамгийн ухаантай хүн өглөө болгон үхлийн тухай боддог гэдэг юм. Гэлээ гэхдээ би өнөө маргаашгүй үхье гэж дуудаад байгаа юм алга. Үхэл намайг дуудсан дуудаагүй тэртэй тэргүй ирэх болно. Үхэл ирэхэд би гомдохооргүй л амьдарч байна. Үхэл ч ер нь гомдохоор юм биш.

-Жам юм чинь гэж үү?

-Баярлууштай юм шүү дээ. Миний гутаж байгаа

юм бол хүн гэдэг амьтан хүн байж чаддаггүй юм байна. Хүн дэлхий, уул уус, мод чулуу гээд байгалийн сайхнаас ер уйддаггүй. Хүн гутранги амьдралаас уйдаж байгаа бол хүн хүнээсээ л уйддаг юм байна. Би саяхан “Хүмүүн гэгч аугаа их болж чадна. Хүн адгийн новш байж чадна. Мөрөөрөө хүн байх гэж л мэрийгээд мэрийгээд бага чадна” гэж нэг шүлэг бичсэн. Мөрөөрөө амьдрах гэдгийн утгыг нэг ойлгох юмсан. Харамсалтай нь хаа хаанаа тийм биш болчихлоо л доо. Би хормой дороосоо, хажуунаасаа амар амгаланг эрдэг, нэхдэг хүн шиг байгаа юм. Муухай юм бага сонсохсон. Чих уг нь дуу чимээний хогийн сав болохоос хов жив, новшны сав биш. Чих, нүд хоёр хог цуглуулж байхад заяасан эрхтэн биш. Элдвийн муу юм үзэж, сонсож байхад зориулагдсан эд биш болохоор чих, нүд, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамлаж байна. Харамлах ёстой ч гэж бодож байна.

-Мөрөөрөө амьдрах, жудагтай байх гэдэг монгол хүний гайхамшигтай чанарууд өдрөөс өдөрт л алга болоод байна уу даа?

-Уламжлалыг их мартаж байгаа үед жудаг, заншил хоёр гээгдэж байна. Төр ч гэсэн уламжлалгүй л явж байгаа. Уламжлалгүй, зорилгогүй төрийн доор хүн жудаг, заншил хоёроо гээх юу ч биш. Эх орноо гээчихгүй л бол барав болж.

-Зарим хүмүүс ч эх орноо бараг гээчихээд байгаа юм биш үү?

-Би ч муу юм нэг их сонсохгүй “Энэ худлаа байгаасай” л гэж сэтгэлээ цайруулж суух юм. Энэ цуурхал байх гэсэн үг л ойрын үед миний дархлаа болж байна. Дэндүү мэдрэмтгий төрсөндөө хаа хамаагүй юманд сэтгэл их зовох юм.

-Монголын зохиолчдоос герман хэлээр зохиолоо туурвидаг Чинагийн Галсан, дорнын сайхан найрагтай та хоёрын бүтээлийг л Нобелийн шагнал авна гэж мэтгэх хүн байдаг. Танай хүүхдүүд Франц зэрэг барууны орнуудад амьдарч байна. Уран бүтээлээ өрнийн олон хүн ярьдаг хэлнээ хөрвүүлж хэвлүүлээд тэр нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж болдоггүй юм уу?

-“Саваагүй нохой саранд хуцна” гэдэг. Хүн “Би ямар дайны хүн билээ, би хэн билээ” гэдгээ эхлээд таньдаг байх хэрэгтэй. Нобелийн шагнал гэдгийг би боддог ч үгүй. Миний ном герман хэлээр гарсан. Хоёр жилийн өмнө шүлгийн томоохон түүвэр Бээжинд хятад хэлээр хэвлэгдсэн. Солонгос хэлээр бас гарсан. Солонгосууд маш их уншдаг. Хятадад олон мянган хувь хэвлэгдсэн мөртлөө дороо байхгүй болсон. Миний номыг орчуулсан хүн хятадын орчуулгын дээд шагнал хүртсэн. Энэ онд герман хэлээр гарлаа. Японд хайку шүлгүүд маань зөндөө гарсан. Гадаадын улс орны хэлнээ бүтээл минь гарсаар байгаа. Анх Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлд МУИС-ийн багш Гомбосүрэнгийн орчуулгаар миний хоёр гурван шүлэг хэвлэгдсэн. Бага залуу насандаа сонссон миний хамгийн том баяр тэр байлаа. Одоо бол миний нас шагналаас илүү үхэл бодож байх нас. Би шагналынхаа тэмдгүүдийг тэгтлээ их зүүдэг ч үгүй. Би шагнал авчихаад “Төр намайг үнслээ” гэж хэлдэг байсан. Үнссэнийх нь төлөө би төрдөө баярладаг. Гэлээ гэхдээ тэмдгээ гялалзуулаад зүүгээд гүйгээд байх сонирхол надад байдаггүй. Тэмдэг байтугай зангиа ховорхон зүүдэг хүн шүү дээ, би. Тиймээс тэр том Нобелийн шагналыг надтай хамаатуулж ойлгох хэрэггүй. Тэр Ч.Галсан, Д.Урианхай эд нар л авах учиртай уран бүтээлчид. Би энэ тухай мөрөөддөг ч үгүй. Миний хүлээж байгаа шагнал минь юу байна гэвэл үр хүүхэд маань нүдэнд маань харагдаад амар амгалан байж байвал, ач зээ нар маань сургууль соёлын босго даваад, ойр орчмын хүмүүс эрүүл энх, элдвийн ёс бусын юманд өртчихгүй байвал хамгийн том шагнал минь юм даа.

-Та тайван амгалан байх л хамгаас том шагнал гэлээ. Таны “Энх тайван, амар амгалан, эв найрамдал гэдэг оршуулгын газарт л хэрэгждэг” гэсэн афоризмтой зөрчилдөөд байх шиг санагдах юм. Ер нь хүн төрөлхтөн ийм эв найрамдалгүй байх заяатай юм уу, эсвэл монголчууд л эв түнжин муутай үндэстэн юм уу?

-Эвдрэлийн шалтаг заавал хоёр юмны дундаас үүсдэг. Юм хоёр биш нэг байвал эвдрэлийн шалтаг огт байхгүй байх болно. Худал, үнэн гэж саармагжуулаад биднийг их үймүүлж байх шиг байна. Хүн болгон өөртөө үнэн. Төр-үнэн, ард түмэн-үнэн хоёрын хоорондох үнэний зай холдоод байна. Хүн бол сүүдэртэй, дэлхийн чулуу болгон сүүдэртэй. Алдахгүй юм гэж орчлонд яаж байхав. Алдаа их олон болбол айхавтар. Мэдээлэл эрхэлж байгаа сэтгүүлчид та нар ямагт үнэний эрэлчид байх ёстой. Сэтгүүлчид бол тохиолдлын олзоор юм уу, аливаа сонирхолтой юмаар гэдсээ цатгадаг улс биш, гэрэл гэгээгээр хооллодог үнэний эрэлчин гэж би хэчнээн олон хэлдэг гээч.

-Лхагвасүрэн ах аа, та бид хоёр улаан нүүрээ харж урд урдаасаа хараад ярилцаж суугаа мөртлөө нэг л хөндийхөн нэгнээ хянасан цэнэсэн мэт байдалтай харилцаад байх шиг. Танд нэг л гоморхол байгаад байна даа?

-Насны бөгсөнд тэтгэвэрт гарлаа. Эх орондоо нэмэргүй нэг муу өвгөн үр хүүхдийнхээ гарыг хараад яахав гээд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийж байгаа улстай хамтран зөвлөх редактороор ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Монголын ард түмэн үзээд байдаг сайхан нэвтрүүлэг дээ. Тэгсэн танай сонинд “Монголын сэтгүүл зүйг гутаасан этгээд” гэж хэрэгт орсон. Би бичсэн хүнийг багцаалдаж байна. Би сонинд нь гомдохгүй байгаа. Сонин бол юуг ч үмхэж, зажилж, залгиж байдаг том амтай амьтан. Би залуу зандан насандаа “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж л байсан. Би өөрөө буруу юм хийгээгүй байж ингэж хэлүүлсэндээ гомдож байгаа юм. Өдий насандаа учраа олоогүй хүүхдээр гоочлуулаад суумааргүй санагдаж байна. Энэ цаагуураа муухай хагсуургатай юм даа. Үхэхийнх нь өмнө гомдоож үхүүлье гэсэн бодлого явуулахгүй л байх. Харин үхсэний минь дараа авсанд минь амар байлгахгүй гэсэн бодлого юм болов уу даа гэж холын юм бодож сууна.

-“Монгол хүн хэчнээн их зовж гунилаа ч уудаг аягандаа нулимс дусаадаггүй” гэж та их сайхан хэлсэн байдаг даа?

-Тийм болохоор л би хамт байдаг, өрөвдөж явдаг хүүхдүүд дээрээ шүлсээ хаяж, тэд нарыг зүхмээргүй байна. Намайг хайрлаагүйнх нь төлөө, хүн хайрладаггүй хүн болж өсч байгаагийнх нь төлөө би хайрлаад байна. Би Монгол Улсад гэм тарьснаа ер мэдэхгүй юм. Би архи уудаггүй, айлаар ордоггүй, тэнээд явчихдаггүй, амиа л дөнгөж борлуулж явдаг амьтан шүү дээ. Би Монголын утга зохиолын хаяаг тавиад жил дэрлэж, уран бүтээлээ хийж, арваад настайгаасаа ажил төрөлд орон гаран амьдарч ирсэн хүн. Би ажлаас зөндөө халагдаж л байсан. Хэнд ч хорсож занаж явсангүй. Мөрөөрөө өтөлчихөөд уран бүтээл хийж явахад минь ингэж зүхээд яах нь вэ дээ. Хүнийг өөдлүүлэх юмаа байг гэхэд гутаах юмаа хийж чаддаг болчихоод хүн рүү нулимж сураасай гэж ойрын үед их гутранги байна даа.

-Та зурагтаар хөөрөлдөхдөө “Чойном бол сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлээд багагүй зэм хүртэх шиг болов уу?

-Би хэний ч тухай ил, далд “Тэр сайн найрагч, тэр муу найрагч” гэж хэлж явдаггүй. Чойномын тухай сэтгүүлч асуухаар нь “Найрагч мөн, сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлсэн. Гарцаагүй үнэнийг хэлж байгаа юм. Америкт амьдарч байгаа Хулганайн Тэргэл гэдэг яруу найрагч бий. Би Монголын зохиолчдын хорооны дарга байхдаа сонгож Утга зохиолын ангид оруулсан авьяаслаг арван гурван хүүхдийн л нэг байгаа юм. Х.Тэргэл фейсбүүк дээрээ “Г.Аюурзана, Б.Лхагвасүрэн хоёр Р.Чойном, О.Дашбалбар хоёрын дэргэд юу ч биш” гэж бичсэн байна лээ. Г.Аюурзана бид хоёр хамтдаа хэрэгтэн болж байгаа юм шиг байна.

-Олон нийтийн сүлжээнд таны овог нэр бүхий цахим хаяг байна лээ. Та өөрөө хөтөлдөг юм уу?

-Би цахимд ерөөсөө ордоггүй. Утсаараа мессеж ч бичиж чадахгүй. Нэг хүн л миний өмнөөс уран бүтээлийг минь туж л хийгээд байх юм. Миний хүүхдүүд ч шүлгийг минь цахимд хийдэггүй.

-Би таныг нарийн бичгийн даргаараа л цахим хаягаа хөтлүүлдэг юм байна гэж ойлгоод байсан юм…

-Надад юуных нь нарийн бичгийн дарга байхав. Надад хоол унд, амь амьдралын минь нарийн бичиг гэргий Баасан маань л байна.

-“Паанан”, “Соёо” туужийг бичсэн зохиолч Доржзовдын Энхболд, “Их хөлгөн туульс” бүтээлээрээ алдаршсан зураач Ш.Тэнгисболд нарын оюун санааны эцэг нь таныг байсан гэх юм билээ?

-Залуу зандан насанд минь сүүдэр шиг л дагадаг байсан хүүхдүүд. Сайхан өсөж өндийцгөөсөн. Шүнгийн Болд (Тэнгисболд)-доо, Доржзовдын Энхболд, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цэндийн Чимэддорж, дуучин Намдагийн Төмөрхуяг нарын намайг дагадаг байсан муусайн дүү нарынхаа алдаанд нь ч хайртай. Хэрвээ сүнс гэж юм байдаг бол би үхсэн хойноо ч хар нялхаас нь мэдэх энэ дүү нараа хайрлана. Дуучин Төмөрхуяг Хан Хэнтийгээсээ дөнгөж ирээд манай хашаанд бууж байсан. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтойгоо уран бүтээлээ хийгээд туж л хамт байсан.

-Чинжиг та хоёр “Үүлэн цэнхэр хангай” дуу анхлан хийснээс хойш олон ч уран бүтээл дээр хамтран ажилласан даа?

-“Зүүдний говь”, “Хожуу хайрын дуу”, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” гээд маш олон уран бүтээл хамтарч хийсэн. Бид хоёрын “Илдэн уулын цуурай” хэмээх хөгжмийн томоохон бүтээл Монголоос анх удаа ЮНЕСКО-гийн алтан санд орсон. Би хэзээ ч хар багын найз, уран бүтээлийн нөхөд, сайхан дүү нараасаа урваж хөрвөж байгаагүй. Бүгд мэднэ дээ. Жагдалын Лхагваа, Дарма Батбаяр, Урианхай, Лувсандамбын Дашням бид хар залуугаасаа 1968 оноос эхэлж үерхсэн. Биднийг “гарын таван хуруу” гэдэг, шинэ цагийн хэлээр гэр бүлийн найзууд байсан даа. Насны эрхээр найзуудтайгаа ч ховорхон уулзах болж.

>>Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ” гэж үг бий. Монголын гэрэл зурагчид 80 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрөөв. Энэ тухай сурвалжлага манай өнөөдрийн дугаарт гарлаа. Мөн Нацагийн Тарваагийн “Домог болсон таван генералыг захирч явлаа” ярилцлага нийтлэгдэв. Ярилцлагын дэлгэрэнгүйг IX нүүрээс уншаарай.

Харин “Улс төр” нүүрээс УИХ-ын чуулганаар “Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв”, “Увсын хоёр гишүүний маргаантай асуудалд Цэц магадлал гаргав” зэрэг энэ өдөр болсон үйл явдлын мэдээ, мэдээллийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч С.Алтанцэцэгийн “Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн зочин” буландаа гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд СТА гэрэл зурагчин С.Бадамхандыг урилаа. Энэ талаар дэлгэрэнгүйг V нүүрээс тольдоорой.

Н.Мөнгөншагайн “Монгол эрчүүд хэзээд хийморилог, жудагтай, зоригтой байдаг юм” ярилцлагыг, “Аян замын тэмдэглэл” буланд Дэргэд минь орших дээд үд буюу Сэлэнгэ мөрний сав нутгаар явсан тэмдэглэлийг уншаарай.

Уншигч таны амралтын өдөрт зориулан уламжлал болгон бэлддэг Нэг ангийнхан, Амрах агшин, Хэлэх эрхийн индэр, Ном ярьж өгье булангууд нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Фуэго галт уул сэргэжээ

Гватемалын баруун хэсгийн нутагт Фуэго галт уул идэвхжиж эхлээд байна. Одоогоор үнс далайн түвшнээс дээш 4.8 км-ийн өндөрт цацагдаж, халуун хайлмаг лавын урсгал өмнө тийш нэг км, баруун тийш 700 метр урсаад байгаа аж.

Эрх баригчид тэр хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд эрт байна гэж мэдэгдсэн ч байнгын бэлэн байдалд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан сургалтын төвүүдийн үзэсгэлэн маргааш эхэлнэ

Хүүхдэд зориулсан дугуйлан, сургалтын төвүүдийн үзэсгэлэн 10 сарын 10, 11 буюу энэ амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд болно.

“Хөгжлийн харандаа” нэртэй энэхүү экспог хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой явуулах аж.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар санаачлан Нийслэлийн хүүхдийн холбоо хамтран хэрэгжүүлж байна.

Экспод нийслэлийн хэмжээнд хүүхдийг хөгжүүлж, чадваржуулж, сургаж байгаа сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллагууд оролцоно.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы танхимд сайд нар тусгай суудалтай болно

УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр чуулганы нэгдсэн танхимын тодорхой хэсэгт УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснээ хэллээ.

Уг суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих аж. Ингэснээр УИХ-ын гишүүн- Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна.

УИХ-ын даргын энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс 2016 оны төсөв хэт тэнгэрт хадсан, орлого биелэгдэх боломжгүй байгааг шүүмжилсэн. Мөн яам, агентлагийн тоог цөөрүүлнэ гэж байгаа ч энэ нь бодитой хэмнэлт болохгүй. Хэрэв цөөрүүлье гэж байгаа бол 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Түүнчлэн төсвийн төслийг улстөржилгүйгээр тал бүрээс нь хэлэлцэх, мөнгөний бодлоготойгоо уялдуулах, зарим аймагт буй дуусгах шаардлагатай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар саналуудаа хэлсэн юм. Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.