Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл ахуйн хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гэр хорооллын бие засах газрын стандарт ямар байх, хогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, халдварт өвчин, сүрьеэгийн болон сэтгэцийн эмнэлгийг хотын төвд байгуулахыг хуульчлан хориглох тухай асуудал яригдсан юм. Мөн хөдөө, орон нутаг руу явах төв зам дагуу 30 км тутамд боловсон бие засах газар байгуулах тухай яригдлаа. Гэвч УИХ-ын гишүүд хөхрөлдөн инээлдэж “Хэт амьдралд нийцэхгүй заалт байна” гэж шоолсноор чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тэдний ярьж буйгаар хөдөө хээр боловсон 00-д бие засна гэдэг амьдрал дээр хэзээ ч бүтэхгүй зүйл гэнэ. Түүнийгээ инээдэм болгон “Тэгээд хөдөө явж байхад шээс хүрвэл тас гүрийсээр жорлон хайх хэрэг үү. Хэн ч гэсэн машинаасаа бууж замын хажууд бие засна биз дээ” гэж байна лээ. Тэд шоолж инээлдэж байсан хэдий ч үнэндээ бол амьдралд хэрэгтэй хууль байлаа. Гадаад улс орны орон нутгийн шинжтэй зам дагуу хэдхэн км явахад бие засах газар, гуанз, дэлгүүр гээд бүх зүйл байдаг. Бүр усанд орох душ байх нь ч бий. Аян замд яваа хүмүүс боловсон 00-д бие засаад, усанд орж гарч ирсэн хойноо халуун хоол, цайгаа идэж уучихаад явдаг. Ингэж иргэдийнхээ хотоос гарч аялах тав тухыг хангаж өгч байгаа юм. Түүнтэй адил манай хөдөө орон нутгийн зам дагуу боловсон бие засах газар байгуулахад болохгүй гэх зүйл үгүй. Машин замаас тавхан алхмын цаана цаашаа хараад бие засаж байгаа эрэгтэй хүн ямар муухай харагддаг гээч. Зүгээр хажуугаар нь зөрж өнгөрөхдөө хүртэл өмнөөс нь ичээд байдаг юм. Өөрийн эрхгүй ямар муухай бүдүүлэг хүн бэ гэж бодогддог. Эмэгтэй хүний тухайд бүр ярилтгүй. Ээжийнхээ өвөр дээр суугаад тосуулж шээдэг хүүхэд биш л бол ил задгай газар бие засах шиг хэцүү зүйл байхгүй. Өндөрхөн шиг бут, дов хайгаад тэр хавиар нэг гүйнэ. Хамт яваа хүмүүсээсээ санаа зовж ичнэ. Эрчүүд ч бас үр хүүхэд, охин дүү, хамт ажилладаг бүсгүй, эмээгийнхээ хажууд буруу харж зогсон шээхдээ эвгүйрхдэг байх.

Хэдэн жилийн өмнө хотоос холгүй томилолтоор явахдаа шээх газар олдохгүй хэцүүдэж байснаа одоо хэр нь санадаг юм. Хээр газар яваа автобус дүүрэн хүн бие засах газар хайгаад л. Эрчүүд нь ч яахав буруу харж зогсож байгаад учраа олсон байх. Хүүхнүүд харин өмсөж байсан цамцаа бөгсөөрөө уян бие засч байгаа харагдсан. Тэгэхэд би олноос ичээд бие засаж чадаагүй юм. Гэртээ давсаг чинэрсэндээ уйлангаа алдсан амьтан орж ирж билээ. Иргэдээ ийм байдалд оруулж байхын оронд боловсон бие засах газар байгуулах саналыг дэмжих хэрэгтэй. Шоолж инээлдэж байгаа УИХ-ын гишүүд үнэндээ бүдүүлэг санагдаж байна. Тэд үр хүүхдээ дагуулан явахдаа машиныхаа цаад талд зогсож бие зассанаар ямар үлгэр дуурайл үзүүлдэг бол. Аавынхаа гадаа шээж буйг харсан хөвгүүд хотод ирээд байшингийн булан бараадаж байж магадгүй.

Манайхаас өөр улсад ингэж хөдөө хээр зам дагуу хээвнэг шээж байгаа хүмүүсийг олж харахгүй л байх. Харин манайд бол хотын төвөөс хорь, гучхан км холдоход буруу харж зогсоод бие засаж байгаа хүнтэй таарна. Ингэж зогсоо хүн гадныхан байтугай орчин үеийн залуу үеийнхэнд дэндүү бүдүүлэг санагдаад байгаа юм. Ийм харанхуй, бүдүүлэг байдлаасаа салах цаг болсон. 30 км тутамд жорлон барих саналыг шоолж инээхийнхээ оронд дэмжиж хэлэлцмээр байна. Тэгэхгүй бол хөдөө, орон нутгаар явахад хэцүү болчихож. Кофе шоп, усанд орох душийг нь бэлдэж өгдөггүй юмаа гэхэд наад захын боловсон бие засах газаргүй байх нь орчин үеэс хэт хоцорч байгаагийн илрэл болжээ. Тэгээд ч 30 км тутамд бие засах газартай болно гэдэг тийм ч амьдралгүй зүйл биш. Орон нутаг өөрийнхөө хөрөнгөөр тохилог цэвэрхэн 00 байгуулахын зэрэгцээ түүнийгээ дагаад түргэн хоолны газар байгуулж болно. Ингэвэл орон нутгийнханд ажилтай болох боломж бий. Замд яваа хүмүүс цэвэрхэн 00-д бие засаад гарахдаа хэдэн зуун төгрөг өгөхөөс татгалзахгүй л байх. Түүнчлэн хол зам туулж байгаа хүмүүс хэсэг амарч байгаад явдаг унтлагын өрөөтэй байж болно шүү дээ. Гэр бүлээрээ, ая тухтай амарч яваа улс машиндаа атиралдан унтаж байхаар хоёр цаг цэвэрхэн орон дээр дуг хийвэл таатай санагдах нь гарцаагүй. Энэ мэтээр янз бүрийн санаа гарган бизнесээ өргөжүүлээд явах боломжтой. Гэтэл эерэг үр дүнг тооцолгүйгээр асуудалд бүдүүлгээр хандаж буй УИХ-ын гишүүд нэг ёсондоо ард түмнээ басамжилж буй хэрэг юм. Гадаа шээж л байдаг шүү дээ гэж хээвнэг хэлээд инээж байгаа нь соёл иргэншлийн эрин зуунаас хэтэрхий хоцорсон үйлдэл байлаа.

Наргиантай түүх ч бий. 1960-аад оны үед улс даяар соёлын довтолгоон болсон юм гэнэ лээ. Тэр үед ард түмнийг сард нэг удаа усанд орж бай гэсэн шаардлага тавьсан байдаг. Үүнийг сонссон дөрвөд эмгэн “Яаж тэгж галуу хэвтээ усанд шумбаж байдаг юм бэ” гээд уурлаж байсан юм билээ. Энэ тухай номноос уншиж байсан хэрэг. Их хурлын гишүүдийн хэлж, аяглаж буйг харахаар тэр эмгэний тухай уншсан санаанд орж инээд хүрч суулаа. Бид дэлхийн чиг хандлагыг л дагах ёстой. Машинаасаа бууж зам дээр шээнэ гэж ярьж байвал дэлхий нийтээс дэндүү хол хоцорсон бүдүүлэг хэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Тахарын албаны удирдлагуудыг сургалтад хамруулав

Архангай аймгийн Прокурорын газраас
аймаг дахь Тахарын албаны удирдлагуудтай уулзалт, зөвлөгөөн хийж тус
албаны хуяг, харуул, ажилтан, албан хаагчдад Тахарын алба “яллагдагч,
ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сувалжлах
талаар болон Тахарын албаны үйл ажиллагаанд прокурорын хяналт” сэдэвт
сургалт явууллаа.

Уулзалт, зөвлөгөөнөөс яллагдагч, ялтныг
хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар
явуулсан үйл ажиллагаатай сар бүр прокуророос танилцаж, ял эдлүүлэх
ажиллагаанд тавих прокурорын хяналтын зааварт заасан хугацаанд шалгаж
байх, цаашид ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг улирал бүр хийж байхаар
тогтсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Намжим: Өнгөрсөн хориод жилд төр засаг олигтой төвхнөсөнгүй

Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, академич Т.Намжимтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсын төсөв санхүүгийн байдал хүндэрч, данс улайчихлаа. Эдийн засагт үүссэн ноцтой байдлыг та юунаас болсон гэж хэлэх вэ?

-Аливаа улсын төсөв санхүү бол тухайн орны бодит эдийн засгийн буюу үйлдвэрлэх хүчний потенциал чадавхиас хамаардаг. Товчхондоо улс орны хөгжлийн гол тул­гуур, хэмжүүр бол бодит эдийн засгийн чадавхи, үйлд­вэр­жилтийн ахиц түвшин гэж болно. Гэтэл манай улсад өнгөрсөн хориод жилийн хуга­цаанд энэ чадавхийг өсгөн бэхжүүлэхэд тоймтой ахиц гаргахаар цар хэмжээтэй нэг ч томоохон үйлдвэрлэлийн төсөл хэрэгжээгүй. Эцсийн дүндээ энэ нь өнөөгийн төсөв санхүүгийн ноцтой хүндрэлийн гол шалтгаан болж байгаа юм.

-Та бодит эдийн засаг гэж онцлон ярьж байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Бодит эдийн засаг гэдэг бол бодит үйлдвэрлэл, үйлдвэрлэх хүчний агуулгыг илэрхийлсэн нэр томъёо юм. Жинхэнэ орлогыг үйлдвэрлэдэг гэсэн үг. Гэтэл манай төр засаг үүнийг орхигдуулаад байна. УИХ, Засгийн газраас бодит эдийн засгийн потенциал чадавхийг дорвитой өсгөн нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл хэрэг явуулахгүй байна л даа. Харин жилийн төсөв, татвар, гаалийн тариф, мөнгөний ханш, инфляци зэрэг механизмын чанартай асуудлаар хөөцөлдсөөр байгаад өдий хүрсэн. Төсвийн алдагдлыг аргалахын тулд цалин бууруулж, татвар нэмэх бодлого барьж байна.

-Манай улс сүүлийн 20 гаруй жилийн турш бодит эдийн засгийн хөгжлийн талаар тоймтой үр дүнд хүрч чадаагүй гэсэн үг үү?

-Бодит эдийн засагт олигтой ахиц гараагүй нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн хориод жилд УИХ, Засгийн газар бодит эдийн засгийн хөгжлийн оновчтой арга зам, цогц шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож чадаагүй. Хоёрдугаарт, манайд бодлого төлөвлөлтийн баталгаажсан тогтолцоогүй байгаа. Гуравдугаарт, мөн төр засгийн байгууллагад бодлого, үйл хэргийн залгамж чанарын зарчим алдагдсан. Дөрөвдүгээрт, бодит эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг тогтоож чадахгүй байсаар өдий хүрсэн.

Бодит эдийн засгийн хөгжлийн арга зам, цогц шийдэл, бодлого төлөвлөлтийн тогтолцоо өнөө хүртэл бүрэлдээгүй. Тийм харамсалтай байдал нь төр засгийн дээд байгууллагыг бүрэлдүүлж ирсэн хүмүүстэй холбоотой. Том утгаар нь авч үзвэл, өнгөрсөн хориод жил манайд төр засаг олигтой төвхнөсөнгүй, улс төрийн намууд төлөвшиж амжсангүй. Мөн бүх шатны төр засгийн албанд ажилтнуудын томилгоонд хүмүүсийн суурь мэргэжил, дадлага туршлага, мэргэшсэн чадамжийг үл хайхардаг явдал хавтгайрсан. Энэ бол ноцтой гажуудал байсан шүү дээ. Түүнчлэн Засгийн газар солигдох болгонд шинээр томилогдсон сайд нар очингуутаа бүтцийн өөрчлөлт хийдэг. Тэд өөрийн багийг бүрдүүлэх гэсэн нэрийдлээр яам, агентлагийн ажилтнуудыг халж сольдог болсон. Ингэснээр мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах боломж мөхөсдсөн. Ийм байдлаас болж, төр засгийн бүх түвшиндээ бодлого, үйл хэргийн залгамж чанар алдагдсан. Бас төр засгийн албаны хүмүүст эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудалд улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс судалгаа үндэслэлтэй хандах бодит сэтгэлгээ дутагдаад байгаа.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаал­тад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн төсөл багтсан байна лээ. Таны яриад байгаа бодит эдийн засгийн тухай энэ хуульд зарчмын ямар асуудлууд тусгалаа олсон байгаасай гэж бодож байна?

-Хөгжлийн бодлого, зорилтыг гагцхүү шинжлэх ухааны арга зүйн дагуу сайтар судалж боловсруулсан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр тодорхойлон баталгаажуулж хэрэгжүүлдэг тогтолцоог хуульчлан хэвшүүлбэл зохилтой. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтын 15-20 жилийн урт хугацааны хөтөлбөр болон дунд хугацааны таван жилийн төлөвлөгөөг хуульчлан баталдаг баймаар байна. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар бүхэн, өмнө нь хуульчлан батлагдсан эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг байхыг хуульчлах хэрэгтэй. Мөн эдийн засгийн судалгааны хүрээлэнг ШУА, Эдийн засгийн төв байгууллагын давхар харьяалалд байгуулж ажиллуулах ёстой.

-Тухайлбал?

-Оюу толгой, Таван толгойн төслүүд байна. Таван толгойн ордын хувьд коксжих нүүрсийг Зүүн хойд Азийн орнуудад болон Хятад улсад экспортлох чиглэлээр ашиглах төслийг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, бүхий л шийдэл, бэлтгэл нь хангагдсан Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар тэргүүн ээлжинд барьж болно. Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь хар төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх ёстой. Оюу толгой, Эрдэнэтийн үйлдвэрүүдийн зэсийн баяжмалын нөөцөд түшиглэсэн зэс хайлах үйлдвэр байгуулах гаргалгаа бий. Улмаар цэвэр зэс, алт, мөнгө, молебдин зэрэг үнэт болон өнгөт металлын болон зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болговол зохино. Хялбар хийцийн машин техник, металл эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх, дорно зүгт далайн шинэ гарцын төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн томоохон цахилгаан станцуудыг барьж, улмаар цахилгаан эрчим хүчний импортоос чөлөөлөх хэрэгтэй байна. Хөнгөн аж үйлдвэрийн салбарт гэвэл малын ноос ноолуур, арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж болж байна.

-Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-ийг Японы тал боловсруулаад тухайн үед Эрдэс баялаг эрчим хүчний яам хэлэлцэн дэмжиж байсан. Харин энэ төсөл яагаад саатаад байгаа юм бол?

-Энэ төслийг хэрэгжүүлэх талаар УИХ, Засгийн газар 2008-2013 онд тус бүртээ таван удаа тогтоол шийдвэр гаргасан, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк (JBIC) өөрийн зардлаар ТЭЗҮ боловсруулсан. УИХ, Засгийн газрын удаа дараагийн тогтоол шийдвэртэй, Монгол, Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлэх хэлэлцээртэй уг төслийн хэрэгжилтийг төр засгийн дээд албаны хэн ч гэсэн саатуулах учиргүй байлтай. Хамгийн гол нь “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” төслийг газрын тосны үнэ 60 ам.доллар баррель байх нөхцөлөөр хийсэн юм. Эдийн засгийн тооцоогоор жилд дунджаар нэг тэрбум ам.долларын буюу хоёр их наяд орчим төгрөгийн нэмүү өртөг бүтээнэ. Харин одоо газрын тосны үнэ нэг баррель нь 45 ам.доллар байна. Энэ нь манай улсын 2014 оны ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэж байгаа. Тиймээс дээрх төсөл эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулах болно.

Мөн үйлдвэр жилд дунджаар улсын төсөвт 370 орчим сая ам.долларын буюу 700 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх тооцоо бий. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 2014 оны татварын орлогоос 1.8 дахин их, 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.5 дахин их татварын орлогыг улсын төсөвт оруулах тооцоо гарсан. Төслийн хөрөнгө оруулалтыг Японы JBIC банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр, мөн улсын инженерийн компаниар “түлхүүр гардуулах” нөхцөлөөр бариулахаар төлөвлөөд байсан. 2012 онд ашиглалтад оруулсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын төсөвт хоёр их наяд 200 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах тооцоотой байлаа. Гагцхүү тийм боломжийг, тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан 1-2 хүний бүтэлгүй хандлагаас болж алдсан даа.

-Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсын хувьд дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнээс хамаарч ойрын хугацаанд байдал сайжрахгүй бололтой. Манай улсын эдийн засаг хэзээнээс сэргэх бол?

-Ер нь бол ойрын таван жилдээ манай эдийн засаг сайнгүй байх янзтай. Харин зэс, төмрийн хүдрийн үнэ дэлхий дахинд нэмэгдвэл манай эдийн засагт эерэг дүр зураг авчирч болох юм. Тэгэхээр хүрэн нүүрсээ экспортлох нэг гарц байгаа. Гэтэл манайх нүүрсээ нийлүүлдэг ганц л хөрштэй. Харин хүлэмжийн хийн асуудлаас болж Хятадыг хүрэн нүүрсний хэрэглээгээ багасгах шахалтыг дэлхий нийтээр үзүүлж байна. Энэ бөмбөрцгийн агаар бохирдуулдаг хүлэмжийн хийн 23 хувийг БНХАУ дангаараа ялгаруулж байна гэсэн судалгаа гарсан л даа. Тиймээс тэд хүрэн нүүрснээс татгалзаж ОХУ-аас байгалийн хий авахаар болсон. Ингээд манайх Хятад руу нүүрс гаргах найдлага байхгүй.

-Таны дээр хэлсэнчлэн Таван толгойн ордын коксжих нүүрсийг ямар замаар Зүүн хойд Азийн орнууд, Хятадад экспортлох вэ?

-Коксжих нүүрсний гол хэрэглэгч Хятад, Солонгос, Япон байна. Эдгээр улс Австрали, Индонезээс далайгаар коксжих нүүрс авахад хямд байгаа. Тэгэхээр Япон, Солонгос руу коксжих нүүрс нийлүүлэхээр болбол Таван толгойн ордыг ашиглах төсөлтэйгөө цогцоор нь төмөр замынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд Таван толгойн ордыг ашиглах хувьцаа эзэмшигчээр Хятадаас гадна Япон, Солонгосыг оруулах нь чухал.

-Япон, Солонгос дэмжих болов уу?

-Өмнө нь тэд саналаа өгч байсан. Хувьцаа эзэмшигч нь Монголоос гадна дээрх гурван улс байна. Нүүрс нийлүүлэх зах зээлийнхээ орнуудыг хувьцаа эзэмшигчээр оруулснаар Таван толгойн ордыг ашиглах асуудал шийдэгдэж болно.

-Хөрөнгө оруулагчид манай улсыг чиглэхгүй байгаа нь эдийн засаг туйлдаа хүрэхэд нөлөөлж байна гэж хаа хаанаа ярьдаг. Таныхаар тэд юунаас болж үргээд байна?

-Улс төр тогтворгүй байгаатай шууд холбоотой. Улс төрийн тогтворгүй байдлыг дагаад эдийн засгийн хууль журмаа тогтвортой байлгадаггүй. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж чадахгүй байна. Нэг үе гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам. доллар байсан бол 50 сая ам.доллар болчихоод байна шүү дээ.

-Ер нь эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого ямар байх ёстой юм бэ?

-Бодит эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл хэргийг, манай улсын төсвийн орлогоор болон дотоодын банкны зээлээр шийдэх боломжтой. Мөн хувийн хэвшлийн компаниудын хуримтлалаар ч шийдвэрлэх арга зам бий. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд юуны түрүүнд эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл болох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх зохистой арга хэлбэр, хууль зүйн орчинг баталгаажуулах явдал шаардагдаж байна.

Бүтээн байгуулалтын төслүүдийг өөрийн улсын төсвийн орлогын боломжоор санхүүжүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагын зээл, бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл гэж чиглэл, хүрээг зааглан тогтоомоор байгаа юм. Олон улсын хэмжээнд хөгжингүй эдийн засгийн түвшинд хүрэх түгээмэл арга зам бол банкны зээлийн хөрөнгөөр үр өгөөжтэй бодит үйлдвэрлэлийн болон түүнтэй холбогдол бүхий дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг явдал юм. Ер нь олон улсын хэмжээнд, аливаа томоохон хүчирхэг компани нь хөрөнгө санхүүгийн өндөр чадавхитай байлаа ч гэсэн, өөрийн хуримтлал хөрөнгөөр томоохон төслийг санхүүжүүлдэггүй. Заавал банкны зээлээр санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг нийтлэг зарчимтай байна. Жишээ нь дэлхий дахинаа хүчирхэг томд тооцогддог Рио Тинто корпораци Оюутолгойн далд уурхайн зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэлхийн 14 банк санхүүгийн байгууллагаас зээл авах замаар бүрдүүлнэ гэсэн яриа байгаа биз дээ. Томоохон төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагч компанитай хамтарсан үйлдвэрлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх тохиолдолд банк санхүүгийн байгууллагаас зээл авах үйл хэргийг гадаадын компанид даатгаж орхидог явдлыг зогсоох хэрэгтэй. Харин Монголын тал бие даан өөрөө гүйцэтгэж байх зарчмыг баримталбал дээр.

-Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зориулалтаар гадаадын банкнаас зээл авахын тулд баталгаа гаргах болдог. Энэ нь манайд хэр зэрэг төвөгтэй байдаг вэ?

-Манайд саяхан болтол банкны зээлд баталгаа гаргах явдлыг хуулиар хориглосон байлаа. Дараа нь Төсвийн тухай хуульд баталгааны талаар нэг заалт оруулсан ч хэрэглэх боломжгүй гэмээр заалт байсан. Зээлийн баталгаа гаргах боломжгүй байсан явдал нь өнгөрсөн хориод жилийн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлээгүй. Бодит эдийн засгийн чадавхид олигтой ахиц гараагүй. Улмаар өнөөгийн санхүүгийн хүндрэлийн нэн таагүй байдлын нэг гол учир шалтгаан байсан хэрэг л дээ.

Харин зээлийн баталгааны асуудалтай холбогдуулан энэ оны хоёрдугаар сард Өрийн удирдлагын тухай хууль, мөн Засгийн тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Гэхдээ эдгээр хуулиуд нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтыг бодитойгоор хэрэгжүүлэх үүд хаалгыг нээх хөшүүрэг болж чадах эсэх нь яваандаа амьдрал дээр харагдах байх л даа.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Аль яам, агентлагийг татан буулгах вэ?

Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн
мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, улс төрийн албан тушаалтнуудын
цалинг 30 хүртэл хувиар бууруулах, яам, агентлагуудыг нэгтгэх, татан
буулгахаар оруулж ирсэн юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтөд аль яам, агентлаг
хамрах талаар тодруулъя.


ТАТАН БУУЛГАХ /2016 оны нэгдүгээр сарын 1-нээс/

  1. Төрийн өмчийн хороо
  2. Худалдан авах ажиллагааны газар
  3. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
  4. Төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөл, хороодын ажлын албад
  5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар

ТАТАН БУУЛГАХ /2016 оны наймдугаар сарын 1-нээс/

  1. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар

НЭГТГЭХ

  1. Үндэсний татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой
  3. Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судалгааны хүрээлэнтэй
  4. Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн хөгжлийн институт
  5. Нийслэлийн Гэр хорооллыг барилгажуулах ажлын төслийн нэгжийг Гэр хорооллын хөгжлийн газарт нэгтгэх

ЯАМДЫГ ИНГЭЖ ӨӨРЧИЛНӨ

  • Өргөн барьсан төслөөр Засгийн газрын бүтэц 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн өөрчлөгдөнө.

Чиг үүргийн яаманд

  1. Гадаад хэргийн яам
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  3. Сангийн яам
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн яамд

  1. Батлан хамгаалах яам
  2. Гэгээрлийн яам
  3. Дэд бүтцийн яам
  4. Хөдөө аж ахуйн яам
  5. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

Нэгтгэгдсэн яамд

  1. Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
  2. Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам
  3. Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам

Бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож байна.


ТАТАН БУУЛГАХ САН 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс/

  1. Байгаль хамгаалах сан
  2. Цэвэр агаарын сан

ТУСГАЙ САНГУУД

  • УИХ-аас 2006 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг баталж
    байжээ. Үүнээс хойш 36 тусгай сантай болсон аж. Эдгээрийн 11-ийг нь
    татан буулгаж, дараах санг үлдээхээр төсөлд тусгажээ.
Categories
мэдээ спорт

Хакухо бэлтгэлдээ гарчээ

Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо М.Даваажаргал өнгөрсөн Аки башёгийн
гурав дахь өдрөөс гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон. Зүүн гуяны арын
булчингийн гэмтлийн улмаас Хакухо бүх хурд хүчээ шавхан барилдах
боломжгүй байсан тул ийнхүү эмчлүүлж, гам барихаар шийдсэн юм. Тэгвэл
Хакухо дэвжээндээ бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Хакухо бэлтгэлээ эрт
эхлүүлсэнээр Кюүшюү башё гэхэд гэмтлээ бүрэн эдгээж, барилдах зорилготой
байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ

Аравдугаар сарын 10. Өнөөдөр Монголын мэргэн буучид, буудлага спортын
баярын өдөр тохиож байна. Тэмдэглэлт энэ өдөр БНСУ-д үргэлжилж буй
армийн спортын наадмаас сайхан мэдээ ирлээ.

Тус наадамд өрсөлдөж буй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
О.Гүндэгмаа дөнгөж сая байлдааны хурдан буудлагын гар бууны төрөлд
мөнгөн медалийн болзол хангалаа.

Армийн спортын дэлхийн наадамд оролцож буй мэргэн буучиддаа болон
буудлага спортынхондоо баярын мэнд хүргэж, үргэлж 10 онож байх амжилт
ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Аэромонголия компанийн “Фокер-50” онгоц ослын буулт хийжээ

“Оюутолгой”-гоос Улаанбаатар руу ирж байсан Аэромонголия компанийн
“Фокер 50” онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийсэн байна. Энэ
талаар Зам тээврийн сайд М.Зоригт фэйсбүүк болон твиттер хуудсаараа
дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тодруулбал тус онгоц нэг хөдөлгүүрээр
Улаанбаатарт газарджээ. М.Зоригт энэ талаар “Буулт хэвийн. Манай хүмүүс
шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ. Онгоцонд 48 зорчигч байсан.
Өглөөний 10:25-д буулаа” хэмээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

УИХ-ын 10 дугаар сарын 12-16-ны өдөр нам, эвслийн
бүлгүүд,байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын
жагсаалтыг хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн
хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн
төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын
захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот
өрөөнд;

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах
бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг
хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г”
танхимд;

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт
цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон
санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах
Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн
хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/
болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслүүдийн ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар
Эдийн засгийн байнгын хорооны санал солилцох уулзалт, ярилцлага 12.30
цагаас “Туушин” зочид буудлын хурлын танхимд;

Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 16-ны Баасан гарагт:

Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж
ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны уулзалт ярилцлага 14.00 цагаас “Б” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан
өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил
сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны
төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
эсэх/;

Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний
өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд
баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд
баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг
хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай.

10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь
хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн
хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн
тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлт;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/;

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний
өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар
2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон
холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл
нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
хэлэлцүүлэг/;

Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын 2015-2016 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацааны өргөдөл шийдвэрлэлтийн мэдээ.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь
хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн
хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн
тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлт;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан
өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил
сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны
төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
эсэх/;

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны
хэлэлцүүлэг/;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд
баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад
хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/;

Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн
байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн
Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх
эсэх/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний
өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/;

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний
өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар
2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон
холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл
нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах бэлтгэхэд 80 тэрбум төгрөг зарцуулна

Жил бүр нийслэлчүүдийн хаврын улирлын
хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жил махны нөөц
бүрдүүлэхэд 80 тэрбум төгрөг зарцуулах Засгийн газрын тогтоол гарсан
байна.

Учир нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”
зогссон. Тиймээс арилжааны банкуудтай хамтарч, мах бэлтгэгч компаниудад
80 тэрбум төгрөгт багтаан, махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт 20 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр “ болгон зарласан. БОНХАЖЯ-наас
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг 2 үе шаттайгаар зохион байгуулж
байгаа юм. Сүхбаатар аймгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63, 178
дугаар зарлиг, БОНХАЖ-ын сайдын А/146 дугаар тушаал “Нэг сая мод
ургуулах” хөдөлгөөнийг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын А/135
дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хаврын “Бүх
нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр аймгийн хэмжээнд 19200 ширхэг мод,
сөөгийг нийтийн эзэмшлийн газар, албан байгууллага, айл өрхүүд хашаандаа
тарьж ургуулсан бөгөөд ургалтын байдал 73.5 хувьтай байна.

Намрын тарилтаар аймгийн хэмжээнд 20
мянган ширхэг мод тарихаар төлөвлөөд байгаа юм. Сүүлийн жилүүдэд
Баруун-Урт сумын агаарын бохирдол ихэссэн. Бохирдлыг багасгахад хамгийн
чухал цэвэрлэх байгууламж бол мод тарьж, ургуулж ногоон байгууламжийг
нэмэгдүүлэх ажил юм. Аймаг, орон нутгаас иргэдээ цэвэр, аюулгүй, эрүүл
орчинд ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр тарих модыг үнэ төлбөргүй
өгөх боломжийг олгож байгаа билээ. Намрын тарилт 11 дүгээр сарын 1-нийг
хүртэл хийгдэх юм.