Categories
мэдээ нийгэм

Визийн мэдээллийн систем маргаашнаас ажиллаж эхэлнэ

Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны 10 дугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем (ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд маргаашнаас буюу аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.

Ингэснээр виз мэдүүлэгч нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй тохиолдолд 12-ноос эхлэн биечлэн ирж биометрийн мэдээлэл (хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгч виз мэдүүлэх бөгөөд төр, засгийн газрын тэргүүн нар болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Энэхүү систем нэвтэрснээр Шенгений орнууд виз мэдүүлэгчийн мэдээллийг харилцан солилцох, виз олгохтой холбоотой үйл явцыг хялбарчлах, хилийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, виз мэдүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг давуу талууд бий болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Европын комиссын “ec.europa.eu” цахим хуудаснаас үзэж танилцана уу.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа армийн спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ

Өдгөө БНСУ-д үргэлжилж буй армийн спортын наадмаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өчигдөр байлдааны хурдан буудлагын гар бууны төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа.

Дашрамд дуулгахад Солонгос Улсад болж өнгөрсөн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс тэрбээр алтан медаль хүртэж, “Рио-2016” олимпийн наадмын эрхээ авсан билээ. Энэ бол хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн зургаа дахь олимпийн наадам болж байна.

Categories
гадаад мэдээ

Барак Обама зэвсгийн тухай хуулийг өөрчилнө гэв

Өчигдөр өмнөд Техасын их сургуулийн дэргэд буудалцаан болж, нэг хүн амь үрэгдэн, нэг хүн шархаджээ. Их сургуулийн байрны залгаа байрлах орон сууцанд энэ үйл явдал болсон байна. Аюулгүй байдлын улмаас 9700 оюутантай сургуулийн хичээлийг хаажээ. Буутай этгээдийг хайж байгаа бөгөөд энэ хэрэгт сэжиглэн, хоёр хүнийг саатуулаад байгаа аж.

Энэ нь Америкийн их сургуулиудад нэг хоногийн дотор гарсан хоёр дахь буудалцаан байв. Баасан гаригт Аризона мужийн нэгэн их сургуулийн байранд буудалцаан болсны улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан юм. Энэ хэргийн сэжигтгнийг цагдаагийнхан баривчилсан байна. Түүнчлэн Аравдугаар сарын 1-нд Орегон мужийн коллежид Шон Харпер-Мерсер гэгч христийн шашинтай хүмүүсийг буудан, есөн хүний аминд хүрсэн хэрэг мөн гарсан бөгөөд гэмт хэрэгтнийг цагдаа нар буудаж устгасан билээ. Энэ хэргийн дараа зэвсгийн тухай хуулийг өөрчилнө гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 4-ний байдлаар тариа хураалт 40 орчим хувьтай байна

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч буй мэдээллээр
энэ сарын 4-ний байдлаар улаан буудайн хураалт 40 орчим хувьтай бол төмс,
хүнсний ногооны хураалт 80 гаруй хувьтай аж.

Энэ жил улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр
тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д
хунсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн
ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт
хийсэн байна. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3
мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо,
28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус
тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв
гарчээ.

Ус цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан мэдээгээр
ирэх хоногуудад цаг агаар тогтуун байна. Тиймээс энэ өдрүүдэд тариаланчид
хураалтаа ахиулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар нэг хүнд ноогдох ногоон байгууламжаараа дэлхийн дунджаас 4.6 дахин бага

Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м.кв байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м.кв байгаа юм. Энэ нь дэлхийн дунджаас 4.6 дахин үзүүлэлт аж.

Тийм ч учраас “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон улс орон даяар өрнүүлээд байгаа билээ. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна.

Categories
мэдээ спорт

“Эрчим” баг “ФС Улаанбаатар” багийг 4:0-ийн харьцаатайгаар буулган авлаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Холбооны цом-2015” тэмцээний шигшээ тоглолт өчигдөр өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Сонирхогчдын болон “Хүрхрээ нэгдүгээр лиг”, “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 24 баг оролцсоноос шигшээ тоглолтод “ФС Улаанбаатар”, “Эрчим” багууд шалгарсан юм. Энэ улиралд дээрх багууд хоёр ч удаа учраа тааран тоглоход “Эрчим” клуб ялалт байгуулсан.

Тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаатай өндөрлөсөн юм. Ингээд дүрмийн дагуу нэмэлт 30 минутыг сунгасан бөгөөд энэ хугацаанд “Эрчим” багаас Никола Дуричич 92 дэх минутанд энэ тоглолтын анхны гоолыг оруулж багтаа маш том тэргүүллийг авчирсан. Түүнчлэн сунгасан цагийн сүүлийн 15 минутанд Эрнани Мауро хоёр ч бөмбөг эсрэг багийн хаалганд оруулсанаар “Эрчим” хожил байгуулах нь тодорхой болж ирсэн. Сэлгээгээр орж ирсэн Ц.Энхтөр мөн дахин нэг бөмбөг оруулснаар 4:0 харьцаатай “Эрчим” баг хожил байгууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НАСА-гийн захирал, хошууч генерал ЧАРЛИ БОЛДЕН: Сансрыг колоничлох нь гэж ойрын хэдэн сая жилдээ санаа зовоод хэрэггүй

НАСА-гийн захирал, хошууч генерал ЧАРЛИ БОЛДЕН: Сансрыг колоничлох нь гэж ойрын хэдэн сая жилдээ санаа зовоод хэрэггүй

2015 оны аравдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Төрийн Департаментын гадаад харилцааны дээд сургуулийн багш оюутан, дипломатууд АНУ-ын Үндэсний агаар, сансар судлалын захиргаа буюу НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болдентой уулзалт, ярилцлага хийв. Уулзалтад миний бие “Өдрийн сонин”-ы сурвалжлагчийн хувиар оролцож, сониноо төлөөлөн асуулт тавих завшаан тохиолоо.

Ярилцлагыг зохион байгуулж буй сургуулийн захирал, элчин сайд Нанси МкЭлдовни хүндэт зочноо танилцуулаад, эхний асуултыг тавилаа.

-НАСА бол Төрийн Департаментын дэлхийд бахархдаг байгууллагуудын нэг. АНУ-ын Засгийн газрын харьяаны олон яам, газраас хамгийн амжилттай яваа нь, шинэ санаа, шинэчлэлийг үргэлж хэрэгжүүлж байдаг нь танайх. Энэ бүхний нууц нь чухам юунд оршиж буйг тус байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд тодорхойлооч?

-Тийм ээ, Төрийн Департамент НАСА-г нэр нүүрээ болгож явдаг. Амжилтын нууц гэвэл олон л юм байгаа байх. Үүнээс хамгийн чухал нэг зүйл бол манайх дунд түвшний менежерүүддээ маш их анхаардаг юм. Тэд л ажилтнууддаа жинхэнэ үлгэр дуурайл нь (role model), сурган зөвлөгч нь, дагуулан удирдагч нь болдог. Түүнээс биш яг дээгүүрх дарга нар, бид бол ажилтнуудтайгаа байнга уулзаж, зөвлөөд байж чадахгүй. Зарим ажилтан маань намайг зөвхөн зурагтаар хардаг ч байж мэднэ. Бид өөрсдөө ч болж буй бүхнийг алган дээрээ тавьсан мэт нэгд нэгэнгүй харах боломжгүй. Тийм учраас ажлын маань амжилтын гол үндэс дунд түвшний шилдэг менежерүүдийн маань зүтгэлд оршдог гэж болно. Шинэ санаа, шинэчлэлийн хувьд гэвэл бидэнд “Эрт мэдэр”, “Ухаалаг мэдэр” гэсэн хоёр зарчим байдаг. Аливааг эрт, ухаалгаар мэдэрч байх маш чухал. Эрт мэдрэхэд эрсдэл гэж юм мэдээж байна. НАСА харин эрсдэлийг бусад газраас өөрөөр хардаг юм. Эрсдэлгүй амжилт, нээлт гэж огт байхгүй. Би зүгээр жишээ болгоод “Морфеүз” төслийнхөө талаар ярья. Морфеүз гэж тийрэлтийг хоргүйгээр, хүчилтөрөгч, метанаар хийж, өөр гараг дээр буух, хөөрөх технологийн төсөл юм. Ингээд ажлаа дуусгаад төслийн багийнхан туршилтын хөөрөлт хийж үзэх боллоо. Хөдөлгүүр хөөрөөд л удалгүй дэлбэрэн шатсан. Бид ердөө цочирдоогүй. Ийм юм болж магадгүйг бүгд мэдэж байсан. Би тэгээд утсаа аваад төслийн удирдагчтай ярихдаа “Маш сайн ажил болсон шүү. Одоо юун дээр алдсанаа хэлэлцээд, ажлаа үргэлжлүүлж, сайжруулаарай” л гэж хэлсэн. Одоо бол манай Морфеүз маш мундаг, Ангараг дээр түүгээр бууна шүү дээ.

Үүний дараа танхимд цугласан багш, ажилтнууд асуултаа асууж эхлэв.

-Таны удирдах ажлын энэхүү зарчим, арга барил хэдийд бүрэлдэн тогтсон юм бэ? Ер нь таныг ажлын энэ өндөр амжилтад хүрэхэд, хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?

-Би Өмнөд Каролина мужийн Коламбиа хотод төрсөн хүн. Ээж, аав хоёр маань хоёулаа багш байв. Эхнэрийн маань ээж аав бас багш нар байлаа. Тэдний нөлөө надад их байсан. Манай ээж бол бүх хичээл дээр бүгд дээр нь заавал А дүн аваад байх чухал биш. Гэхдээ авах гэж чармайх нь хамгийн чухал гэж сургадаг байв.

Хүний хийсэн ажлыг доош хийдэггүй, урмыг нь хугалдаггүй чанарыг харин би ахлах сургуулийн америк хөлбөмбөгийн дасгалжуулагчаасаа сурсан байх. Би бол сайн тоглогч байгаагүй. Куартербакийн (бөмбөгийг эхэлж аваад дамжуулдаг тоглогч) сэлгээний хүн байсан юм. Гэвч дасгалжуулагч маань намайг хэзээ ч сэтгэл санаагаар унагаж байгаагүй, дандаа дэмжиж урам хайрладаг байсан. Ээж, дасгалжуулагч хоёр миний хувьд үлгэр жишээ, даган дуурайх хүн маань болж.

Хожим Усан цэргийн академид байхдаа уриа нь болох гурван үгний утгыг гүнзгий ойлгож авсан. “Нэр төр-Эр зориг-Шантаршгүй зүтгэл” гэж. Одоо хөгширсөн хойноо харахад хүүхдүүд маань эргээд надад үлгэр жишээ болдог юм байна. Жишээ нь хүүгээ их сайн аав болохыг хараад би ихийг ойлгодог, мэс засалч охиноосоо ч олон юм сурах юм даа.

-Өмнөд Каролина мужийн Коламбиа хотын уугуул гэж байгаа, та. Таныг бага байхад тэнд арьсны үзэл гаарсан газар байсан. Тэр хэцүү орчноос таны НАСА-гийн захирал болтлоо дэвшсэн түүх их сонирхолтой байна.

-Амар байгаагүй ээ. Усан цэргийн академид элсэхэд нийт 14 000 сонсогч байснаас долоохон нь надтай адил залуус байлаа. Дараа жил нь зургаа, тэгээд эцэстээ бид дөрвүүлхнээ төгсөж байв. Гэвч би хэзээ ч гомдоллож байгаагүй. Юу хийх ёстой, түүнийгээ л хийдэг байлаа. Ээж минь надад “Цаг битгий алд.

Өөрийгөө үйл ажлаараа үзүүл” гэж байнга сургадаг байсан юм. Академид ороход бүгд л надад дургүй байсан. Эхний өдөр өрөөнд маань хоёр сонсогч орж ирээд “Чи энд тэсэхгүй ээ. Чамайг зүгээр байлгаад байх ч үгүй” гэж сүрдүүлж байлаа. Одоо хүртэл би санадаг юм, нэг нь Өмнөд Каролина, нөгөө нь Алабама мужийн, гуравдугаар курсын хоёр сонсогч байсан. Би ээжийнхээ хэлсэн ёсоор тэдэнд хэн болохоо тайлбарлан ярьж цаг алдсангүй, харин зүгээр л хэн гэдгээ харуулсан юм. Гэр лүүгээ долоо хоног бүр ярьдаг байлаа. Заримдаа мэдээж гэртээ гүйгээд харьчихмаар санагдах үе гарна. Аав харин ахиад нэг долоо хоночих, тэгээд ярья гэдэг байлаа. Тэгсээр байтал 52 долоо хоног болчихсон байж билээ.

  • Ангарагийн хүнкиноны тухайд бол та бүхэн бүгдээрээ номыг нь уншсан байх, тийм үү? Маш сайн ном байсан. Надад бол шинжлэх ухааны зөгнөл гэхээсээ илүү хүний тухай, зорилгодоо хүрэхээр тэмүүлсэн хүний түүх гэдэг талаасаа илүү сэтгэгдэл төрүүлсэн. Үйл явдал нь их гоё. Тиймээс хүний тэмүүллийн тухай энэ түүхийг ашиглаад бид өөрсдийнхөө хийж буй ажлыг, хаашаа очих гэж байгаагаа олонд таниулахад буруудах юу сан билээ л гэж бодсон юм.
  • Бид алмааз эрдэнээр тоглоод суудаг улс биш гэдгээ хэлье. Манай төсөв тодорхой, жилдээ 18 тэрбум шахам долларын төсөвтэй. Бүх төсвийн 85 хувь нь НАСАгийн судалгаа, ажлаар дамжин, эргээд шууд АНУын эдийн засагт ордог юм шүү гэдгийг энд онцлон дурдъя.
  • Колоничлох биш юм аа. Хүнд хүргэх, ойртуулах, зуучлах гэсэн үгс манай ажиллагаанд яг таарна. Жишээ нь сүүлд Ангарагт газардахдаа бид тэнд бууж чадахгүй байгаа дэлхийн зургаан улсын техник хэрэгслийг тавьж өглөө. Хүн төрөлхтөн сансрыг колонио болгох гэлээ гэж ярьцгаадгийн хувьд бол арай дэндүү эрт санаа зовж байгаа хэрэг л дээ.

-“Ангарагийн хүн” кино өнгөрсөн долоо хоногт гарлаа. Маш үнэмшилтэй болсон байна. Кино үнэмшилтэй болсны гол шалтгаан нь НАСА тусалсных байх. НАСА энэ киногоор дамжуулан олон нийтэд өөрийгөө үзүүлэхийг зорив уу?

-Эхлээд ер нь энэ нийтийн сүлжээ гээч юмны талаар ярья. Манайд харьцангуй шинэ зүйл байгаа юм. Би өөрөө хуучны хүн учраас сайн ойлгодоггүй байж. Харин сүүлийн үед НАСА-д нийтийн сүлжээний чиглэлээр ажилладаг маш олон залуу ирсэн. НАСА-гийн бүхий л том туршилт, төслийн нээлт, технологийн үзүүлбэр зэрэг дээр нийтийн сүлжээнээс заавал хүн ирсэн байдаг. Би харин тэднээс манайхыг сурталчлаад өгөөч гэж огт гуйдаггүй юм. Би тэднийг өөрөө үз хар, тэгээд төрсөн сэтгэгдлээ, мэдрэмжээ бусадтай хуваалц л гэж хэлдэг. Тэр л чухал юм.

“Ангарагийн хүн” киноны тухайд бол та бүхэн бүгдээрээ номыг нь уншсан байх, тийм үү? Маш сайн ном байсан. Надад бол шинжлэх ухааны зөгнөл гэхээсээ илүү хүний тухай, зорилгодоо хүрэхээр тэмүүлсэн хүний түүх гэдэг талаасаа илүү сэтгэгдэл төрүүлсэн. Үйл явдал нь их гоё. Тиймээс хүний тэмүүллийн тухай энэ түүхийг ашиглаад бид өөрсдийнхөө хийж буй ажлыг, хаашаа очих гэж байгаагаа олонд таниулахад буруудах юу сан билээ л гэж бодсон юм. Ер нь хүн Ангарагт очно шүү дээ. Найруулагч Ридли Скоттой хамтран ажиллахад тун таатай байсан.

Зүгээр дашрамд дурдахад АНУ-ыг гадаад улсад төлөөлдөг дипломатчид Ангараг дахь хөтөлбөрөөрөө үнэхээр бахархах эрхтэй юм шүү. Дэлхийн 12 улс тэнд буух гэж оролдсон, чадаагүй, ганц АНУ л амжилттай газардаад байгаа. Бахархах юмаараа бахархаж болно.

-Орос-Америкийн харил­цаа улс төрийн талаар өдгөө тун таатай биш байгаа. Харин сан­сар судлалын салбарт одоо ч амжилттай хамтран ажилласаар байгаагийн учир нь юу вэ?

-Оросын сансар судлалын­хан, эрдмийн хүрээнийхэн яг л бидэнтэй адил, сансар огторгуйг хэрхэн хүний сайн сайханд зориулах вэ, яаж зүй зохистой ашиглах вэ л гэж боддог. Тийм учраас бид хамтдаа санаа зовон, хамтран ажилласаар байна.

-Тэнгэр огторгуйд тэрбумаар нь зарахын оронд энд, гэр орондоо тэр их мөнгийг зарцуулах нь зүйтэй гэсэн шүүмжлэл их гардаг. Тэр талаар?

-Тийм ойлголт яваад л байдаг юм. Бид алмааз эрдэнээр тоглоод суудаг улс биш гэдгээ хэлье. Манай төсөв тодорхой, жилдээ 18 тэрбум шахам долларын төсөвтэй. Бүх төсвийн 85 хувь нь НАСА-гийн судалгаа, ажлаар дамжин, эргээд шууд АНУ-ын эдийн засагт ордог юм шүү гэдгийг энд онцлон дурдъя. Агаарын замын хөдөлгөөний зохицуулалтаас авахуулаад өдөр тутмын амьдралын наад захын технологи хүртэл маш олон зүйлийг НАСА бүтээсэн байгаа. НАСА-гийн олон нээлт, бүтээлийг хүмүүс амьдралдаа хэрэглэсээр байна. Харин тэр пуужин, бөмбөг хийх зэрэг бол манай салбарын ажил биш.

-Өөр нэг шүүмжлэл бол сансрын уудмыг колоничлох гэлээ гэж ярих нь бий. Тэр тухайд?

-Колоничлох биш юм аа. Хүнд хүргэх, ойртуулах, зуучлах гэсэн үгс манай ажиллагаанд яг таарна. Жишээ нь сүүлд Ангарагт газардахдаа бид тэнд бууж чадахгүй байгаа дэлхийн зургаан улсын техник хэрэгслийг тавьж өглөө. Хүн төрөлхтөн сансрыг колонио болгох гэлээ гэж ярьцгаадгийн хувьд бол арай дэндүү эрт санаа зовж байгаа хэрэг л дээ. Манай нар унтраад, хүн өөр гараг эрхэс дээр очиж, колоничлон сууна гэдэг бол хэдэн тэрбум жилийн дараахь асуудал.

Ойрын хэдэн сая жилдээ үүнд нэг их санаа зовоод хэрэггүй. Энд харин нэмж хэлэхэд бид маш болгоомжтой ажилладаг юм. Ангараг дээр жишээ нь ус олдлоо гээд л сая мэдээлэл тархаа биз? Их сонирхолтой нээлт. Гэхдээ сонирхолтой байна гэдэг нь шууд дайраад, дээж аваад үзээд унана гэсэн үг биш. Мэдээж тэгмээр л байгаа. Гэвч тийшээ очиход цөмийн үйлчлэл буй болно, орчинд нь хэрхэн нөлөөлөх билээ гэх мэтчилэн бүхнийг тооцоолох ёстой. Оршин буй дэлхийнхээ уур амьсгалд бид хэрхэн нөлөөллөө дөө, өөр гараг ертөнцийг тэгж огт болохгүй.

Ингээд эцэст нь миний бие Монгол Улсын “Өдрийн сонин”-ыг төлөөлөн асуултаа тавив.

-Сансар дахь судалгаа, үйл ажиллагаа аливаа улсын бахархал, бусдад өөрийгөө сурталчлах нүүр царай болдог гэж таны ярьсантай санал бүрэн нийцэж байна. Зөвлөлт Холбоот Улс ч яг энэ зарчмаар ажилладаг байлаа. Би Монгол хүн, энэ сургуульд монгол хэл соёлын багшаар ажилладаг. Манай Монгол Улсад тухайлбал 1981 оны гуравдугаар сарын 22 чухал өдөр. Монгол хүн сансарт ниссэн өдөр. Зөвлөлт-Оросын Монгол Улс дахь хамгийн эерэг дүр төрх бол энэ. Сансрын нисэгч Жанибеков жишээ нь Монголд ирлээ гэхэд жинхэнэ баатрын ёсоор угтан авдаг. Тэгэхлээр үүнтэй холбогдуулан танаас НАСА хөгжиж буй орнуудад хэрхэн тусалдаг, ямар бодлого явуулдгийг асууя.

-Сонирхолтой асуулт байна. НАСА-гийн хөгжиж буй улсуудад тусалдаг олон хөтөлбөр бий. Бид яг сансарт хамт авч нисэх гэхээсээ илүү судлаач нарыг нь бэлдэх, сургах тал дээр илүү анхаардаг бодлоготой юм. Яг одоо л гэхэд НАСА дэлхийн 120 орны 700 гаруй түнштэй (тэдгээрийн нэг нь Монгол улс)албан ёсны харилцаатай ажиллаж, судлаач нарыг нь боловсруулан, сургаж байна.

Нэг чухал юм бол дэлхийн хаана ч, ямар ч улсад байгалийн гамшиг болсон манай судалгаа, мэдээллийн баазыг аваад ашиглах эрх нээлттэй байдаг, хамгийн найдвартай мэдээллийг бид өгдөг. Бангкокт саяхан байгуулж өгсөн “Байгаль орчны мэдээллийн төв” байна. Зүүн хойт Азийн улсуудыг байгалийн гамшгаас сэргийлж, хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хангамж гэх мэт амьдралын хамгийн чухал асуудлаа шийдэхэд нь хэдэн зуун сая хүнд тусалж байна. Бангладешт бидний байгуулж өгсөн мөн тийм төв, манай хиймэл дагуулын мэдээллийн тусламжаар гол нь үерийн аюулаас сая сая хүнийг сэргийлж чадаж байна.

Та сая Жанибеков гэлээ, бид хоёр чинь сайн андууд байгаа юм. Олон ч төсөл дээр хамтран ажиллаж байлаа. Сансрын нисэгчдийн холбоонд бас хамт байсан. Одоо мань хүн холбооныхоо тэргүүлэгч нь ч болсон байж мэднэ шүү.

-Олон сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Чарли Болден гэж хэн бэ?

Сансрын нисэгч, хошууч генерал Чарли Франк Болден нь Ерөнхийлөгч Обамагийн 2009 оны долдугаар сарын 17-ны тушаалаар НАСА буюу Үндэсний Агаар, сансар судлалын Захиргааны захирлаар томилогджээ. Ийнхүү тэрбээр АНУ-ын сансар огторгуй судлалын бодлогыг тодорхойлж, удирдах анхны хар арьст захирал болсон байна.

Чарли Болден нь 1946 оны наймдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Каролина мужид төрсөн. 1968 онд Усан цэргийн академийг бакалаврын зэрэгтэйгээр төгсөж, Тэнгисийн явган цэргийн нэгтгэлд ахлах дэслэгч цолтойгоор томилогджээ. 1968 оноос цэргийн нисгэгч болж, байлдааны 100 илүү нислэг үйлджээ. 1977 онд Шинжлэх ухааны магистрын зэрэг хүртэж, 1980 оноос сансрын нисэгчдийн бэлтгэлд хамрагдсан байна.

1986-1994 он хүртэлх хугацаанд сансарт дөрвөн удаа ниссэн.

Ангарагийн хүнкинонд НАСА оролцсон нь

2015 оны аравдугаар сард нээлтээ хийсэн “Ангарагийн хүн” шинжлэх ухааны зөгнөлт киног Ридли Скотт найруулж, Матт Дамон гол дүрд нь тогложээ. Кинонд НАСА-гийн Ангараг гарагийн төслийг 2030 онд ямар байхаар зөгнөн үзүүлсэн тул НАСА албан ёсоор хамтарч, шинжлэх ухаан, техникийн хувьд зөвлөн тусалсан байна. Зөвлөхүүдийн дунд НАСА-гийн дээд тушаалын албан хаагчид, тухайлбал Гараг эрхэс судлалын захирал Жим Грийн, Нарны аймаг судлалын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэйв Лэйвэри нар ажиллажээ. Мөн сансрын нисэгч Трэйси Колдвелл-Дайсон жүжигчин Жессика Частайнд дүрээ бүтээхэд нь туслан, зөвлөсөн байна. Үнэхээр НАСА нь Ангараг гарагт хүн буулгах талаар ажиллаж байгаа болно.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Төрийн соёрхолт Н.Нацагням: Лордууд төрд орж ирвэл популистуудад хулгай хийх орон зай олдохгүй

Төрийн
соёрхолт Н.Нацагнямтай ярилцлаа.

-Парламентад
лордуудыг оруулж ирэх цаг болсон гэсэн
санаа чинь содон дуулдсан. Лордууд орж ирснээр популистуудыг хазаарлаж
чадна гэдэгт та итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна.
Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай
“Аль ч нам нь гарсан ялгаагүй болчихлоо” гэж ярьж байна лээ. Учир мэдэх
хүмүүс “Монгол эдийн засгийн хувьд гаднаас хараат болчихлоо” гэж яриад эхэллээ.
Киргиз шиг болохгүйн тулд олон нам болж хуваагдалгүйгээр тодорхой гарц эрмээр
байна. Гурван сая хүнийг тэжээх боломж бий. Энэ боломжийг популист сонгуулиар
гарч ирсэн хүмүүс бий болгодоггүй.
Итгэлт баяны засаглал, Итгэлт баян шиг ухаалаг хүмүүс бий болгодог. Бид монголоо алдчихаад социалист дүрмээр
яваад байна. Үнэхээр социализмаас татгалзсан юм бол эхлээд Итгэлт баяны
сонгууль хийх ёстой байсан. Дараа нь
популистууд гарч ирсэн ч хулгай хийх орон зайгүй болох байлаа. Англи, Америкт
нэг хүн засгийн эрх барингуутаа Эрчим хүчний яам, Барилгын яам гэж байгуулаад
хулгай хийх боломжгүй. Англид гэхэд
барилгыг нэг компани л барьдаг. Ганцхан хувийн компани эрчим хүчний бүх асуудлыг нь шийдэж байна.
Үйлдвэрлэх, түгээх гээд бүгдийг нь. Хулгай хийх боломжгүй гээд байгаа нь энэ.
Бүх зах зээл лордуудын хараанд, төрөөс үл хамаардаг болчихож байгаа юм.

-Ийм болгохын
тулд лордын сонгууль хийх ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Яг тийм.
Популистууд хувьсгал хийж чадна. Тэд гартаа бяртай улс. Талбай дээр жагсаад
хувьсгалаа хийчихсэн. Сүүлийн 25 жил МАНАН-гаас 30 хүн л төр барьж байна. Эд
бол сэтгэлийн дуудлагаараа ардчилал руу орсон, сүүлийн хорин жил төр барьж
байгаа хүмүүс. Дараагийн сонгуулиар парламентын 50 хувьд лордууд буюу Итгэлт баян шиг хүмүүсийг гаргаж
ирэх цаг болсон. Дараагийн сонгуулиар гарч ирэх хүмүүсийн 50 хувь нь лордууд,
50 хувь нь популистууд байх ёстой гэх гээд байна л даа. Миний хувьд ийм гарцыг санал болгож байна. Ер нь бид ерэн
оноос хойш лордын сонгууль явуулаагүй. Популист сонгууль хийсээр ирсэн. Уг нь олон зуун жил лордын сонгууль явуулаад
дараа нь популист сонгууль явуулдаг монгол дүрэм бий. Модун Шаньюйгийн үед
популист доод танхимаас гадна лордын танхим
гэж байж. Модун Шаньюй мянган заан хөлслөөд Энэтхэгт очиж байсан гэдэг.
Энэтхэгүүд тэр үед засаглалыг нь цаасан
дээр буулгаад авч үлдсэн юм билээ. Амгаа гэдэг залуу Энэтхэгт очоод кино зохиол
бичсэн байна лээ. Ардчиллын хуулийг хараад байхад популистууд лордуудын хийж
чадахгүй юмыг хийдэг. Жишээ нь мэдлэгтэй, элитүүд болох лордууд талбай дээр
жагсаад, зодолдоод хувьсгал хийж чадахгүй. Популистууд бол өөр. Мэдлэг нимгэн ч
гэсэн зоригтой. Харин одоо бол зуун хувь популистууд байж болмооргүй цаг
ирчихлээ.

-Итгэлт баян
шиг хүмүүс гэхээр хэн байж таарах вэ?

-Мэдлэгтэй улсыг
хэлээд байна л даа. Популист гэхээр хэн ч байж болно. Популистууд “Би та нарт
хайртай” гэж байгаад УИХ-д
сонгогдонгуутаа ярьснаасаа эсрэгээр ажилладаг. Импортыг орлуулах бүтээгдэхүүн
гаргая гэж ярьж байсан хэрнээ эрх мэдэлд хүрэнгүүтээ импорт хийж, дамын
наймаагаар хөлжөөд унадаг. 25 жил ингэж явлаа. Цэг тавих цаг ирсэн. Хэрвээ Стив
Жобс шиг хүн төрд гараад ирвэл автоматаар Тайванийн хувьсгал шиг алхам хийнэ.
Тайваньд өрнөсөн электроникийн хувьсгал шиг хувьсгалыг. Тэнд яг Стив Жобс шиг
хүмүүс сонгуульд өрсөлдөж ялаад электроникийн хувьсгал хийсэн. Баялаг бүтээж
үзээгүй хүмүүс эрх мэдэлд хүрээд буруу хууль гаргадаг. Инновацийн хууль гэхэд л
буруу. Жишээ нь энэ хуулиар бол Стив Жобс шиг хүнд ямар ч боломж байхгүй. Ийм
нөхдийг эрдэм шинжилгээний байгууллагад тооцохгүй. Харин юу ч хийдэггүй, хоосон
цаас үйлдвэрлэдэг, доктор профессоруудад эерэгээр ханддаг. Өнөөг хүртэл коммунист дүрмээр ажиллаж байгаагийн
нэг тод илрэл л дээ. Инновацийн хуулийн үйлчлэл нь нэг иймэрхүү. Товчхондоо
капиталист баялгийг бүтээж чаддаг хүмүүсийг л Итгэлт баян гээд байгаа юм.

-Та түрүүн
монополь компаниуд хүчирхэг улсуудын зах
зээлийг авч яваа гэж ярилаа. Гэтэл
манайд хэт монополь байж болохгүй гэж ирээд ярьдаг шүү дээ?

-Английн эдийн
засаг хүчирхэгжсэн нууц нь монополь компаниуд. Нэг компани гэхэд л “Би гучин
жилийн захиалгаа авчихлаа” гээд инээгээд гүйж байсан жишээ тэнд яригддаг. Нэг үгээр хэлбэл төлөвлөгөөт эдийн засаг
гэдэг зүйл Англид байж. Ялгаатай нь үүнийг төр биш хувийн компани хийсэн. Төр
зөвхөн захиалга л өгдөг. Гурван сая хүний эрэлт нийлүүлэлтэн дээр бүхнийг
тооцоолж бодож чадах сэхээтнүүд манайд бий. Лорд болох хэмжээний хүмүүс Монголд
байгаа.

-Лорд байж
болох хүмүүс гэнэ ээ. Нэрлэх боломжтой юу?

-Дамдин сайд,
Содном дарга гэх мэт томчуудын дор ажиллаж байсан жараад настай сэхээтнүүд. Энэ
хүмүүс Лордын танхимд суух учиртай. П.Дамдин сайдын удирдлаган дор ажиллаж байсан Бадрахын Алзахгүй гэж хүн
байна. Хөнгөн хүнсний сайдаар бэлтгэж байсан юм. Энэ хүн Монголын хаана ямар
үйлдвэрүүд байсныг мэднэ. Хэр нөөц
боломжтой байсныг нь андахгүй. Ирээдүйд юу юу барих ёстой гээд бүгдийг нь
цээжээрээ ярьдаг. Далан жил хийсэн ажил нь учраас мэдэхгүй байхаас аргагүй л
дээ. Ийм өгөгдлийн сантай, мэдлэгтэй лордууд бий. Чимид гуай байна. Сайханбилэг
Ерөнхий сайдын аав нь. Тэдэнтэй өрсөлдөх хүмүүс байхгүй. Шалгуурыг нь тавьчихад гараад ирэх улс.
Бямбажав гээд Ноосны нэгдлийн орлогч дарга байсан хүн бий. Манай аав гэхэд
хуучнаар Найрамдлын районы бүх үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хариуцсан
хэлтсийн дарга байсан. Тэр үйлдвэрт тийм юм дутжээ тэрэн рүү ярь гэх мэтээр зохицуулалт хийдэг байлаа. Хуучин нийгэмд төр
нь энэ маягаар зохицуулж тусалдаг байсан юм. Түүнээс биш өнөөдрийн төр шиг юм
хийж байгаагаа дарамталж мөнгө нэхдэггүй байсан. Лорд болох шалгуурыг нэгэнт
хангачихсан ийм хүмүүс хаана, ямар үйлдвэр байсныг мэдэх учраас яаж босгож,
хаашаа экспорт хийхээ андахгүй. Экспорт гэснээс экспортыг хувийн компани хийж
болдоггүй юм.

-Яагаад. Зах зээлийн нийгэмд чинь төр биш хувийн
компаниуд л экспорт хийдэг…?

– Хуучин нийгмийн
үед төр хоёр хөрштэй наймаа хийдэг байсан. Англи, Америк гээд эдийн засгаараа
хүчирхэг улсууд ч энэ зарчмаар борлуулалтаа хийдэг. Төрөөс нь “Бид тийм юм
авъя, та нар манай энэ бүтээгдэхүүнийг ав” гэж массаар нь тохиролцдог.
Ноолуурын компаниудаар жишээлье. Цагаан сараар л бүтээгдэхүүнээ дажгүй зардаг юм
билээ. Бусад үед борлуулалт муутай байдаг. Би захирлуудад нь хичээл зааж байсан
юм, “Лектор” төвд. Тэд үнэнээ хэлсэн.
Таван удаа зээл авлаа, зээлээ төлж
чадахгүй нь гэж ярих жишээний. Зээлээ дарах гэж ахиад зээл авч, хэзээ мөдгүй
“амиа хорлоход” бэлэн байгааг нь анзаарсан. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг
массаар нь, хэдэн контейнороор нь зарж өгдөг механизм хуучин нийгмийн үед
байсан. Төр нь компаниуддаа ингэж
туслахгүй бол тэд дангаараа чадахгүй. “Номин” манай улсын том компаниудын нэг.
Тэд “Эрдэнэт” хивсийг экспортолдог.
Орос, Хятад л чанар өндөртэй хивс авдаг юм билээ. Барууныхан хямд, чанар муутайг нь авдаг
гэсэн. Орос, хятадууд авчихаараа мөнгийг нь өгдөггүй зовлон байдаг гэж
дуулдсан. Капиталист буюу Итгэлт баяны дүрмээр
бол экспорт хийдэг хүмүүс нь элчин сайдаа томилдог.

-Тэгэхээр
“Номин” шиг экспортлогчид элчин сайдаа томилно гэсэн үг үү. Гадаад бодлого,
дипломат ёс энэ тэр гээд харахаар санаанд нэг л бууж өгөхгүй юм.

-“Номин” шиг
экспорт хийдэг компани хүнээ томилох учиртай. Махыг Иран руу экспортолдог нэг
бүсгүй бий. Зүй нь тэр бүсгүй Иранд Монголоо төлөөлж элчин сайдаар ажиллах
ёстой. Ингэх нь ард түмэнд ашигтай хэлбэр. Элчин сайдуудаар ямар хүмүүсийг
томилдог гэж санана. Тангадын Галсангийн хэлдгээр аймаар тэвчээртэй “алкаш”
явдаг нь үнэн. Ердийн “алкаш”-аас ялгаатай нь маш тэвчээртэй, соёлтой. Идэж
уухыг үзүүлнэ, гэхдээ тасрахгүй. Ний нуугүй хэлэхэд дийлэнх нь тэндээ очоод хийх ажилгүй, казино тоглоод явж
байдаг. Хийх ажилтай элчин сайдтай байя гэвэл Итгэлт баяны дүрмээр явах ёстой.
Гэтэл өнөөдөр ард түмний мөнгөөр хэргээр бага хэдэн нөхдийг гадны улсуудад
элчин сайдаар томилж, социалист дүрмээр яваад байна.

-Лордууд бэлэн
байгаа юм байна. Тэднийг залгамжлах ч юм уу, эсвэл тэдэнтэй лордын түвшинд
ажиллахаар залуус бэлтгэгдэж чадсан уу?

– Лордын танхим
насны хувьд холимог байх учиртай. Лордуудтай зэрэгцээд ажиллахаар залуус
бий. Зулзаган лордууд ч гэмээр юмуу. Тэр
хэсэг нь салбар бүрийн инженерүүд. Олон тэрбум ам.долларын импортыг орлосон
бүтээл хийсэн монгол инженерүүд бий. Жишээ нь миний IT-гийн бүтээл байна.
Төрийн худалдан авалтын бараг ерэн хувь нь IT-гийн бизнес байдаг. Зуун
тэрбумаар хийх зүйлийг нь би нэг тэрбумаар хийж өгч чадна. Материалын өртөг гэж
бараг байдаггүй юм. Анх ингэж хэлэхэд
надад итгээгүй. Эргэлзээд байхаар нь дөрвөн жил цалингүй гүрийгээд зөв
гэдгээ баталчихсан. Гэтэл одоо надтай уулзахгүй зугтаад байна. Өөрсдийнх нь
хувийн бизнес болчихсон учраас хариу өгч
чадахгүй зугтаад байна л даа. Би IT-гийн салбарт хардвэйрээ баталчихлаа. Бусад
салбарт ч ялгаагүй, инженерүүд сайн ажиллаж байна. Өрөмдлөг хийдэг монголчууд
“Хоёр тэрбум ам.долларын захиалгыг хятадуудаар хийлгээд байна, бид хийж чадна”
гэж байгаа юм. Тэгэхээр импортыг орлоё гэж хорин жил молигдсоныг нь биш, импортыг орлочихсон хүмүүсийг сонгох цаг
ирсэн.

-Тэгэхээр
лордууд дотроо насаараа хоёр хуваагдах нь ээ?

-Тэгнэ, хөгшчүүл
залуус гэсэн хоёр төрөл байх ёстой.

-Том
компаниудын захирлууд, үйлдвэрлэл эрхлэгч гээд нийгэмд баялаг бүтээгч гэж
харагдаж байгаа хэсэг залуу лордуудад
багтах уу?

-Батсуурь гэж
эдийн засагч залуу бий. Америкт IT-гийн монополь компанид эдийн засагчаар
ажиллаж байгаад ирсэн юм. Яг борлуулалтан дээр нь ажиллаж байсан хүн. Мань эр “Америк чинь монополь юм байна” гэж
ярина лээ. Би Английг хараад ирсэн хүн.
Бүх зүйл нь монополь гэдгийг бас мэдэрсэн. Батсуурь “Баялаг бүтээгч нэрийн дор
дамын наймаачид бүлгэм байгуулчихжээ” гэж ярьж байсан. Миний хувьд яг таг ийм
тийм гэж хэлэх жишээ алга. Өөрийн мэдэх нэг жишээг хэлье. Нэрийг нь хэлээд яахав. Нэг эдийн засагч хүн
бизнес хийж байгаа юм. 47 сая ам.доллараар үйлдвэр барьчихаж байна. Уг нь бид
тэр үйлдвэрийг нь 100 сая төгрөгөөр хийж чадна. Ганц л үнэн бий. Бүх үйлдвэрээ
гаднаас импортлоод байвал бид хэзээ ч баян сайхан амьдрахгүй. Хэрвээ энэ
янзаараа яваад байвал бидэнд инженер
болсны хэрэг байгаа юм уу.

-Тэгэхээр таны
хамаагүй бага зардлаар хийчихэж чадах үйлдвэрийг гаднаас өчнөөн өртгөөр оруулж
ирээд байна гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм,
миний хийж чадах юмыг гаднаас авчраад
байна. Авчирсан хойно нь биднийг цалин муутай засварчнаар тавих гээд байна л
даа.

-Үйлдвэрүүд
барихдаа инженерүүдээ ашиглая гэвэл тийм
хүч боломж, нөөц манайд бий юу?

-Хангалттай нөөц
бий. Социализмын үед ургамлын тосны үйлдвэрийг монгол инженерүүд өөрсдөө хийж
байсан. Гэтэл одоо ажиллаж байгаа
ургамлын тосны үйлдвэр барьсан залуу үйлдвэрээ гаднаас оруулж ирсэн.
Дээр нь өчнөөн өртэй. Хэдэн арван жил ажиллаад өртгөө нөхнө гэж байгаа юм.
Зардлаа нөхөөд ашгаа олж эхлэх гэнгүүт өнөө үйлдвэр нь эвдэрч таарна. Ингээд
харахаар мөнхөд гадагшаа мөнгө төлдөг улс болж хувирах гээд байна л даа. Энэ
бол дампуурал. Хөгжиж эхлээгүй гэсэн үг.
Сүүлийн хорин жилийн хөгжил маань үнэндээ дампуурал байсан. Монголбанкны
ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж “Хөгжил гэдэг хэтрэхээрээ аюул болох юм
байна” гэж ярина лээ. Үнэн хэрэгтээ төрийн эрх барьж байсан хүмүүс хөгжил
хийгээгүй. Нэг тэрбумаар үйлдвэр бариад өгье гэхээр таван зуун тэрбумаар оруулаад ирж байгаа
улсыг улсаа хөгжүүлсэн гэхэд хэцүү. Хөгжлийг явуулж мэддэггүй хүмүүс төр бариад байна.

-Популистууд
энэ янзаараа төр бариад явбал яах вэ?

-Хоёрдугаар
ээлжийн популистууд орж ирнэ. Хоёрдугаар ээлжийн хоолонд орох гэж байгаа
“мангас”-ууд цөм авдаг. Одоогийн популистууд хорь, гучин жилийн дараа
тэтгэвэртээ гарна. Тэр үед өнөөдрийн гуч гарсан залуус төрийн эрхэнд гарч ирж
таарна. Харамсалтай нь тэд хайр найргүй иднэ. Учир нь тэд мөнгөний дуудлагаар
орж ирж байгаа юм. Өнөөгийн төр барьж байгаа популистууд бол тэднээс өөр.
Сэтгэлийн дуудлагаараа, юугаа ч мэдэхгүй залуус ерэн онд хувьсгал хийгээд улс
төр рүү орчихсон. Явсаар байгаад нийгмийн хар буруу руу орсон хүмүүс. Хүслээрээ биш хувь заяаны эрхээр орсон.
Системийнх нь онцлог гээд ойлгочихож
болно. Тэгэхээр зуун хувь тэдний буруу биш. Одоо өнөөдүүл маань буруу гэдгээ ойлгоод
“Яах вэ?” гээд паникт орчихсон. Яах ёстойг нь би яриад байна л даа. Парламентын тавин хувьд Ч.Сайханбилэгийн аав шиг
хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй. Сонгуулийн хуулиа ингэж өөрчлөх цаг нь болсон.
Нэг жишээ хэлье. Швейдэд сүүлийн зуун жилд социал демократууд төр барьж байгаа.
1972 онд гудамжны популистуудад өгөөд болохгүй юм байна гээд буцаагаад
авчихсан.

-Элитүүдийг
яаж гаргаж ирэх ёстой гэж та бодож байна. Одоогийнх шиг мөнгө хаяж өрсөлдөөд
гарч ирэхгүй нь тодорхой…?

-Элитүүд хэзээ ч
улаан цагаан өрсөлдөж гарч ирж чадахгүй. Шалгуурыг нь л тавиад өгчих хэрэгтэй.
Тэгэхээр тэднээс өөр хүн орж ирэх боломж угаасаа байхгүй. Тэдний дор бүтээлээ
практик дээр баталсан хүмүүсийг бүх салбараас оруулж ирэх хэрэгтэй. Би түрүүн
зулзаган лордууд гэж ярьсан даа.

-Лордуудыг
парламентад оруулж ирэхгүй цаг алдвал яах бол. Улс үндэстний хувьд сэрэмжлэхээр
аюул нь юу вэ?

-Нэг диктатур
гарч ирээд Малайз шиг болох аюул бий. Ерөнхийлөгч нь хүний наймаа хийдэг улс
шүү дээ. Учир нь зуун хувийн популист засаглал эдийн засгийг ядууруулдаг.
Популистуудад эдийн засгийг сэргээх ухаан байдаггүй. Өөр нэг том аюул бий. Шинэ
популистууд гараад ирвэл хүний наймаа, хар тамхины наймаа цэцэглэж, эдийн засаг
тэг рүү уруудаж, эцэстээ иргэний дайн болдог. Жишээ түүх бэлхнээ байна. Бас нэг
аюул нь юу ч мэдэхгүй популистууд гарч ирж хулгай хийгээд улсаа унагах эрсдэл
байгаа. Эсрэгээрээ бүр коммунист
диктатур гарч ирэх ч магадлал өндөр. Тэд гарч ирвэл ард түмнийг тэжээж байгаа
хэдэн үйлдвэрийг “муусайн олигархиуд“ гэж булааж аваад улсын өмч болгоно. Үр дүнд нь үйлдвэр дампуурна. Захирлыг нь шоронд хийхэд
л том үйлдвэрүүд төмрийн хог болдог.
Хохирогч нь ард түмэн. Тэгэхээр коммунист лидер бидэнд хэрэггүй. Хамгийн
аюултай нь Сталин шиг коммунист удирдагч автоматаар, байгалийн хуулиар гарч ирдэг. Популист засаглал
дампуурангуут Сталин шиг хүн гарч ирдэг
нь байгалийн хууль. Афины ардчилал хүртэл тэгсэн шүү дээ.

-Байгалийн
хууль гэдгээ тодруулаач?

-Байгаль дээр
хаант, парламентын, ардчилсан гэсэн
гурван засаглал ээлжилж байдаг.
Хаант засаглал нь нөгөө хоёрыгоо бодвол 2000 жил болдог. Лордын засаглал нь 500
жил, ардчилсан засаглал нь 200 жил болдог. Засах арга нь энэ гурвыг
эрлийзжүүлэх. Модун Шаньюйгийн үед эрлийзэжсэн хэрэг. Ерөнхийлөгч, парламент,
ардчилсан засаглал гурвуулаа байсан гэсэн үг.
Гуравны нэг нь лордууд. Гуравны нэг нь популистууд. Гуравны нэг нь
Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн хувьд нөгөө хоёрыг зохицуулах эрх мэдэлтэй. Бүх
шүүх, цагдааг ерөнхийлөгч барихаас аргагүй. Өнөөдөр Америкийн засаглалыг
Kingdom of money гэж байна. Мөнгөний хаант улс болсон гэсэн үг. Таван жилийн
өмнө намайг ингэж ярихаар хүмүүс хүлээж авдаггүй байсан. Гэтэл өнөөдөр намайг
дуудаад лекц уншуулж байна. Учир нь америкчууд өөрсдөө миний хэлж байсныг яриад
эхэллээ л дээ. Мөнгөний хаант улс болчихлоо, ногоон дэлхий сөнөлөө энэ тэр
гээд. Арваннэгдүгээр сард Парист болох НҮБ-ын хуралд би илтгэл тавина. Яг энэ
сэдвээр илтгэл тавих юм. Энэ дэлхийн улс орнууд
улс төрийн ямар тогтолцоотой байвал ногоон дэлхийг хамгаалах вэ гэдгийг
ярьж, шийдлийг нь олох зорилготой хурал. Учир нь хүн төрөлхтөн сүүлийн зуун жил
ардчилсан засаглалаар явсан чинь ногоон дэлхий сөнөх дээрээ тулаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Билгүүн: Миний ажилладаг “AVEX” бол Big Bang шиг алдартай хамтлаг, дуучдыг гаргаж ирдэг

Соргодогийн Жаргалсайханы Билгүүнтэй холбогдож ярилцлаа. Тэрбээр Япон дахь энтертаймент, шоу бизнесийн томоохон компанийн нэг “Avex” группт ажилладаг юм.

-Гаднын нэр хүндтэй компаниудад амжилттай ажиллаж яваа монгол залуус олон байна. Та Японд хэр удаан ажиллаж байна. Өөрийгөө уншигчдад танилцуулаач?

-Би Японд ирээд 15 жил болж байна. Нийслэлийн 84 дүгээр сургуулийн наймдугаар ангид байхдаа энд ирж ахлах сургуулиа төгссөн. Дараа нь Кюүшү арлын урлагийн их сургуулийн Кино, комикс, анимэйшны ангийг дүүргэж байв. Одоо “Эвекс групп холдингс”-ийн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн гадаад харилцааны хэсэгт Азид шинэ үйл ажиллагаа үүсгэх чиглэлээр Тайвань, Сингапурын охин компаниудыг хариуцан ажиллаж байна.

-“Avex” бол Азийн энтертаймент, шоу бизнесийн ертөнцөд нөлөөтэй компани. Үйл ажиллагааных нь талаар илүү тодруулахгүй юу?

-Манай компани 25 жилийн түүхтэй, 1700 орчим ажилтантай газар. Зах зээл дээр хувьцаагаа гаргасан энтертаймент чиглэлийн компани цөөхөн бий. “Avex” групп хувьцаагаа гаргаад хэдэн жил болж байна. Ерөнхийдөө Япон болон Солонгосын алдартай дуучид, тамирчдын менежментийг хийдэг. Мөн технологи, үүрэн холбооны компаниудтай хамтарч ажилладаг юм. Энтертаймент ертөнцөд хамаарах бүх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд нэг сарын хураамжаа төлөөд тэр сардаа хэдэн ч дуу сонсч болох саунд скрийпшн хийлээ. Одоогоор 20 орчим салбар компанитай болсон.

-Танай компанийн менежментээр гарч ирсэн уран бүтээлчид олон гэлээ. Тухайлбал?

– Монголчуудын мэддэгээс нэрлэхэд Эксайл, Хамасаки Аями, Кода Куми, Комури Тэця нар бий. Солонгосоос бол “Big Bang” хамтлагийн дууг Японд яаж хит болгох уу, яаж Японд гаргаж ирэх үү, хэр ашиг олох вэ гэхчилэнгээр ажилласан.

-Нэг дуучин гаргаж ирэхэд хичнээн хэмжээний хөрөнгө, ажил ордог вэ?

-Эхлээд асар том төлөвлөгөө гаргана. Тэрэн дээрээ менежмент хийж, байнга зөвлөлдөж байдаг юм. Ер нь ийм дуу, бүжиг хит болж байна гэдгийг тодорхойлоод тэрэнд нь таарсан авьяастай хүүхэд хаана буйг олно. Сурталчилгаа, PR маркетингийг бол тултал нь хийж өгнө.

-Яаж “Avex”-д ажилд орж байв?

-Миний хувьд шалгалт өгөөд тэнцсэн. Гэхдээ аавын маань үг ийшээ илүү хөтөлсөн болов уу гэж боддог юм.

2005 онд “Avex” группын хөрөнгө оруулалтаар япончууд монголчуудтай хамтран “Чингис хаан” кино хийхээр болж байв. Найруулагчаар нь И.Нямгаваа ах ажиллаж, Чингис хааны дүрд жүжигчин Д.Сосорбарам тоглохоор болж, зохиолыг нь манай аав бичиж байсан юм. Гэтэл тэр үед япончууд дангаараа хийхээр болчихлоо гээд аавын зохиолыг авахаа больсон. Тэгэхэд аавд нэг санаа төрсөн байх. “Чи ер нь энэ кинон дээр ажиллаад үзвэл ирээдүйд хэрэг болно шүү” гэсэн. Тэгээд яаж холбогдохоо мэдэлгүй “Avex”-ын продюсер руу гурван хуудас захиа бичээд явуулчихсан юм. Гэтэл нэг өдөр “Токио руу хүрээд ир” гэж дуудсан.

Тэгж холбогдож, япончуудын хийсэн “Чингис хаан” киноны орчуулагч, туслахаар ажиллахаар болсон. Ингээд Монголд ирж, хэдэн сар зураг авахад нь компанийнхаа ерөнхий захирал, ерөнхий продюсертай танилцсан. Дараа нь маш олон удаа ярилцлагад орж байж “Avex”-д жинхэнэ ажилтнаар тэнцсэн. Тэр жил 40 мянган хүүхэд өрсөлдөж, 20 нь тэнцсэн юм.

-Тэр захидалдаа яг юу гэж бичсэн юм бэ?

-Урлагийн сургуульд сурдаг монгол оюутан байна гээд л бичсэн.

-Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө 10 цагаас ажил эхэлнэ. Ирээд цэцгүүдээ усална. Өрөөндөө хоёулаа болохоор цэвэрхэн суух дуртай. Халуун кофе ууж аваад л ажилдаа орж, мэйлээр ирсэн ажлуудаа шалгаж, Тайвань, Сингапурын компаниуд руугаа онлайн хурал хийж, үүрэг чиглэл өгнө, тайлан балансыг нь шалгана гэх зэргээр ажил өрнөнө. Зарим үед концертын бэлтгэл, уулзалт гээд завгүй. Гэхдээ биднийг супермэн шиг ажиллаад л, үсээ үгтээгээд суу гэдэггүй. Ажил маш энгийн явна.

-Энэ компанид ажиллахад онцгой шаардлага нь юу вэ?

-Ажилчдын менежментэд анхаарч, сургалт хийнэ. “Avex”-ийн логотой ямар ч зүйлийг газар хаяв, нэрийн хуудсаа өмднийхөө халаасанд хийв ээ гэдэг ч юм уу бяцхан зүйлээс эхэлж шаардана. Анх биднийг сүмд аваачиж бясалгалд суулгаж байв. Тэгж, япон хүмүүсийн дотоод гүн ухаан, сэтгэлийн хат, юманд хандах хандлагыг ойлгож авсан. Ерөнхийдөө чи хүн л юм бол хүнээрээ бай. Худлаа хэлж хэрэггүй, чаддаг бол чад, чаддаггүй бол тэрийгээ юунд нуух вэ гэх зэргээр юмны энгийн үнэнийг чухлаар хардаг. Эхлээд хүнийг дотроос нь тодорхойлж байгаад яг чадах юмыг нь хийлгэнэ. Чадахгүй хүнийг хий гээд зүхэн зүхэн өдрийг өнгөрөөе гэхгүй л дээ.

Япон хүмүүс уйгагүй, тууштай. Юмыг ил гаргадаггүй мөртлөө цаанаа нэг сэтгэлийн бядтай хүмүүс. Нэг хийнэ гээд зоривол үзүүрийг нь харахаас наашгүй, тэр зан чанаруудаас нь суралцсаар л явна даа.

-Танайх Зүүн өмнөд Азийн орнуудад нэлээд хэдэн салбартай юм байна. Ойрын зорилгод нь Монголын спорт, соёл урлагийн салбарыг сонирхох төлөв бий болов уу?

– Мэдээж Монголын язгуур урлаг гэхэд л маш баялаг. Хөөмий, уран нугаралт, бүжиг, морин хуур гээд. Гэвч аль ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил түрүүнд явж, түүнийг нь энтертаймент, шоу бизнес дагаж хөгждөг туршлага бий. Одоохондоо манай улс шинэ тутам хөгжиж явна. Алсдаа бизнесийн хуулиараа “Avex Mongolia” гэсэн салбар компани байгуулагдах биз ээ.

-Таны аав Соргодогийн Жаргалсайхан зохиолчийг уран бүтээлээр нь хүмүүс сайн мэднэ. “Илүү сартай зун”, “Төрийн сүлд өршөө”, “Үхэж үл болно, Чингис хаан” зэрэг кинонууд нь байна. Тайзны олон жүжгүүд нь бий. Амьдрал дээр яг ямар хүн байв?

– Дандаа л аав аав гэж ярих юм гэж хүмүүс зэмлэдэг юм. Хүн аав ээжээ хаа ч ярьж явах ёстой шүү дээ. Би аавыгаа ханатал сайхан ярих хамгийн дуртай. Аавынхаа нөхөрлөлөөр би хүнээр дутахгүй байж, найз нөхөдтэй нь элгэмсүү сайхан явдаг.

Би айлын бага болохоор эрх танхи, тэр болгон хүнээс хатуу хөтүү үг сонсоогүй өсч дээ. Намайг арван сартайд өвөө эмээд үзүүлнэ гээд Хөвсгөл рүү өвөртлөөд явчихсан гэсэн. Аавынхаа энгэрт багтдаг өөдөсхөн юм байж. Гуравтайд аав “Илүү сартай зун” киноныхоо натур руу дагуулж явсан юм. Тэрнээс хойш бүх л уран бүтээл дээр нь дагаж явж байв. Аав тэр болгон юмаа ил гаргадаггүй хүн байсан.

-Аавын чинь “Чингис хааны нууц түүх” романыг хэвлэгдсэний дараа Чингис хааныг садистаар харууллаа гэсэн шүүмжлэл дуулдаж байсан. Өөрөө юу гэж боддог вэ?

-Энэ номыг нь орос, англи, солонгос хэл рүү хөрвүүлж хэвлүүлсэн. Энэ бол цэвэр уран зохиол. Түүхчид, зарим уншигчид маргадаг. Үгүйсгэж байгаа хүн байгаа бол тайлбараа гаргаад тавьж болно шүү дээ.

Зүчи хэн байсан юм, Бөртэ хатан эх хүнийхээ хувьд ямар хүн байсан юм гээд гаргаж ирсэн өнцөг нь уламжлалт түүхээс өөр л дөө.

– “Үхэж үл болно, Чингис хаан” киноны дараагийн ангиудыг хийнэ гэсэн үү?

-“Хаадын хаан”, “Тэнгэрийн зарлиг” гээд хоёр, гуравдугаар анги нь бий. Үргэлжлүүлэн хийх юмсан гэж найруулагч Л.Эрдэнэбулган ахтай ярилцсан. Улс түүхэн кинонд дэмжлэг үзүүлэх хууль оруулж ирсэн болохоор удахгүй нааштай асуудал яригдах байх гэж бодож байна.

– Ингэхэд өөрөө хүүхэд байхдаа “Еэ еэ шар Буд аа” киноны Буд хүүгийн дүрд тоглож байсан.

-Өмнө нь Найрын ширээний ууц”, “Би гэртээ харимаар байна” кинон дээр зурганд орж үзсэн. Яг гол дүрийг “Еэ еэ шар Буд аа” кинонд бүтээсэн. Аав нэг өдөр Кино үйлдвэр дээр дагуулж очоод пробанд оруулсан юм. Цэцгээ найруулагч, оператор Маш ах нар шалгаад тоглуулсан.

-Будын дүр элдэвтэй шүү?

-Дэлдэн шар хүү “Эмээ та чинь яасан үгэнд дуртай хүн бэ”, “Та яагаад одоо энэ чоныг дандаа зодоод байдаг юм бэ” гээд зарим монологийг өөрийнхөөрөө гаргасан байдаг. Хурц өнцгийг хүүхдийн нүдээр олж харж, тухайн нийгмийг шүүмжилсэн тийм кино.

-Саяхан Японд рекламд тоглосон гэсэн?

-“Mens Hamano” гээд компанийн костюмны рекламд тоглож зураг авахуулсан. Өөрсдөө санал тавьсан юм.

-Япон хэт хөгжлийн улмаас дарамттай нийгэм шиг гэж төсөөлөгддөг. Яг дотор нь байхад тэр нийгмийн өндөр шаардлагыг мэдэрдэг үү?

-Би өөрийгөө хагас япон хүн гэж боддог. Эндхийн лайп стайлд нь ороод, сүүлдээ бие организм ч хүртэл дасчихсан. Заримдаа монголчууд намайг япон гэж бодоод таньдаггүй юм. Өөрийгөө жингийн туухай дээр тавибал эндэх амьдрал маань илүү баялаг түүхтэй.

-Гэхдээ л та монгол хүн гэдгээ мэдэрч байдаг биз дээ?

-Мэдээж, миний судсаар монгол цус гүйж байгаа, би монгол хүн гэж өөрийгөө тоох дуртай. Монголчуудынхаа хийж байгаа сайхан юмыг дэмжихийг хүсч хэрвээ надтай холбогдвол танд юу хэрэгтэй байна, би юу хийж туслах уу, яах вэ гэдэг. Сая “Bros” энтертайментийн “Ертөнц” цомгийг Японд түгээх тал дээр юу хийж болох нь вэ гэдгийг судалж, дэмжиж ажилласан.

-Сонсох дуртай япон уран бүтээлч хэн бэ?

-Нагабучи Цуёоши гэж дуучин бий.

-Монголын залуу уран бүтээлчдээс хэнийг илүү үнэлдэг вэ?

-Жүжигчин Б.Амарсайхан, “Guys” хамтлагийн Мягмар ах нарыг хүндэлж явдаг.

-Өөрт чинь хамгийн их сэтгэгдэл үлдээсэн алдартай хүн хэн байсан бэ?

-Руйчи Сакамото гэж төгөлдөр хуурч хүн бий. Шүтдэг хүнээ амьдаар нь харах маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү.

-Яаж уулзаж байсан юм.

-Манай компанитай хамтарч ажилладаг юм. Тэгэхэд л ёстой ийм газар ажиллаж байгаадаа баярласан даа.

-Танд зохиол бичих авьяас байдаг уу?

-Аав зохиолч болохоор ингэж асууж байна уу. Уг нь нэг юм бичих санаа бол байна. Гэхдээ аавтайгаа харьцуулаад ер зүрхшээгээд байдаг юм. Бичиж дөнгөх эсэхийг миний үзэж харж буй энэ зүйлс л шийдэх болов уу.

Чөлөөт цагаа яаж өнгөрөөж байна?

-Ажил, амралтын шугамаар Америк, Хавай, Японы хотуудаар зөндөө аялсан. Ерөнхийдөө зав гарсан үедээ эндхийн монголчуудтайгаа уулзана. Сумоч Г.Ган-Эрдэнэ, зураач Заяасайхан ах нартайгаа шарсан мах идэж, сайхан ярьж суух дуртай. Зориуд цаг гаргаж янз бүрийн кинонууд маш их үзнэ, түүх уншина, хааяа сагс тоглоно.

-Г.Ган-Эрдэнэ саяын Аки башёд үзүүр түрүү булаалдаж, М.Ананд аваргатай үнэн хүчийг үзэж барилдсан шүү. Захыг нь мушгиж суув уу?

-Ган-Эрдэнэ дүүгээ түрүүлнэ гэж хүлээж байлаа. Гэхдээ зүгээрээ, өөртөө итгэлтэй маш хүчтэй эр хүн. Маш сайхан ирээдүй хүлээж байгаа.

-Ээжийнхээ тухай яриач. Хамт амьдарч байгаа юу?

-Миний ээж алтан гадас од шиг чиглүүлэгч хүн минь. Одоо Монгол, Японы хооронд ирэн очин байдаг. Өдөрт заавал нэг хоёр удаа ярина. Аавынхаа ачийг хариулж чадаагүй болохоор ээжийнхээ ачийг нь хариулах гээд л алдарч элдэрч явна даа.

-Монголдоо хэзээ ирэх вэ?

-Энэ зун очоод ирсэн. Удахгүй заавал очиж ажиллана. Монголоо улам сайхан болгоход хувь нэмрээ оруулах үүрэгтэй шүү дээ.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Сэрчмаа: “Best Friend” дууг маань сайн найзтай хүн бүхэн дуулдаг байгаасай

Дуучин,
хийлч С.Сэрчмаа­гийн “Best friend” нэртэй гэгээлэг, цоглог хэмнэлтэй дуу олны хүртээл
болоод удаагүй байна. Уран бүтээлийнх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Таны “Best
friend” нэртэй шинэ уран бүтээл саяхнаас олны хүртээл болж эхэллээ. Энэ уран
бүтээлийнхээ талаар яриагаа эхлэх үү. Их хөнгөн, гэгээлэг өнгө аястай дуу шиг
санагдсан…

-“Best friend”
дуугаа би “Oсeangrey” студид санал тавьж хийлгэсэн. Надад найзуудын тухай дуу
байдаггүй юм. Хүн болгны үерхэл нандин учраас, найзууддаа зориулан энэ дууг
хийлээ. Сонсогчид маань ч гэсэн “Best friend” дууг найзууддаа зориулдаг,
хамтдаа сонсдог дагаж дуулдаг байгаасай гэж хүсч байна. Үгийг D.N.K гэж залуу
бичиж, аяыг нь “Oceangrey” студиэс хийж тус студи дээр бичүүлсэн. Америкт микс
мастерингийг хийсэн, дуугаралт маш сайн болсон гэж бодож байна.

-Танд
амьдралынхаа зовлон жаргалыг хуваалцдаг сайн найз хэр олон байдаг вэ.
Найзуудынхаа талаар дурсаач?

-Надад багын
найз, хуучны найз, хожуу танилцсан найзууд ч байна. Ер нь их олон сайхан найзтай. Гэхдээ би найз
гэх хүнийг заавал цаг хугацаагаар дүгнэх биш, бие биедээ ямар мөс чанараар
хандаж, жаргал зовлонгоо ямар ч үед нь хуваалцаж чаддаг байх ёстой гэж боддог.
Ийм л найз миний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ найз болно гэж боддог.

-Ер нь та эх
орондоо ирснээс хойш уран бүтээлээ идэвхтэй хийсээр байгаа. 2015 оны хувьд ямар
ямар бүтээл дээр ажиллав даа?

-Энэ онд чамгүй
уран бүтээлүүд хийсээн, хийсэн. Тухайлбал, “Best friend” дуугаа гаргачихлаа.
“Чиний бодолд би байгаасай” дуундаа ремикс хийсэн. Youtube, FM-ээр хүмүүст
хүрээд эхэлчихсэн байна. Мөн “Хайрын тэнгэр” нэртэй дуу дуулж, клипжүүлэн
хүмүүст хүргэсэн. Ер нь энэ онд хайрын тухай хэд хэдэн уран бүтээл
гаргалаа.

-Таны сүүлийн
үед гаргасан уран бүтээлүүд хүний сэтгэлийн утсыг хөндсөн өнгө аястай дуунууд
байсан. Харин “Best friend” дуу чинь энэ хэв маягийг эвджээ?

-Намайг хүмүүс
хайрын дууч, зарим нэг нь уянгын дууч ч гэх нь бий. Энэ ч үүднээс миний уран
бүтээлүүд ерөнхийдөө гэгэлгэн аязтай, хөнгөн гунигтай, аз жаргалтай, дандаа
сэтгэлийн утсыг хөндсөн дуунууд байдаг нь үнэн. Харин энэ дуундаа илүү хүч
агуулсан, хөгжилтэй, доргио, зүрхний хэмнэлээр цохилсон, сэтгэл догдлуулсан
ритм, өнгө аясыг өөрөө захиалж хийлгэсэн.

Үнэхээр гоё дуу
болсон. Энэ дууг маань хүн бүхэн хайртай найзууддаа зориулж дуулаасай.

-Та мөн
өнгөрсөн онд “NB & Sally” шоу нэвтрүүлгээр өөрийгөө чамгүй хөтлөгч гэдгээ батлан
харуулсан. Анх энэ нэвтрүүлгийн саналыг хэн танд тавив. Хэрхэн хүлээж авч
байсан бэ?

-“NB and Sally”
шоу нэвтрүүлгийг Р.Нямбаяртай хамт бүтэн жилийн турш хөтлөөд 50 дугаар
үзэгчдэдээ хүргэсэн байгаа. Анх Нямбаа надад хамт хөтөлье гэсэн санал тавьсны
дагуу Монголын анхны онлайн шоу нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Дэлхийн өнцөг булан
бүрт байдаг монголчуудын маань үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болж чадсан гэж
боддог юм. “NB and Sally” нэвтрүүлгээр дамжуулж би үзэгчдэдээ өөрийнхөө,
Сэрчмаагийн дотоод ертөнц ямархуу юм бэ гэдгийг илүү харуулж чадсандаа сэтгэл
өндөр байдаг. Хүмүүс намайг дуучин гэж мэдэхээс биш хувь хүн талаас, дотоод
ертөнцдөө юу бодож явдаг, ямар эмэгтэй юм бэ гэдгийг маань мэдэхгүй. Би
зочинтойгоо ярилцаж байхдаа өөрийнхөө бодож явдаг бүхий л зүйлсээ хүргэж чадсан.

-Нэвтрүүлгийн
турш та чөлөөтэй, халуун дотно яриа өрнүүлж чаддаг. Дуучин хүн хөтлөгч болох
амаргүй байв уу?

-Нэвтрүүлгийн
онцлог миний хувь хүний характер, зан төрхтэй ойрхон байсан учир айхтар хэцүү
асуудал гараагүй. Нэвтрүүлгийн гол үзэл санаа нь стресстэж уурлахынхаа оронд
манай нэвтрүүлгийг үз, манай нэвтрүүлгийг үзэх юм бол та үргэлж инээх болно
гэсэн утга агуулгатай. Инээд гэдэг өөрөө эрүүл байхын үндэс суурь юм. Нөгөө
талаас нийгмийн хар бараан мэдээлэлтэй, хүнд дарамттай нэвтрүүлгээс арай өөр
жанрын нэвтрүүлэг хийх үзэл санаатай нь би ямар нэг байдлаар таараад байдаг
учраас хүмүүст илүү хүрдэг байсан байх.
Ер нь үзэгчид зочдоос маань илүү намайг шоолоод байдаг байсан юм биш үү. /инээв/
Гэхдээ энэ нэвтрүүлэгт хөгжилтэй, хийсвэр асуултаар оролцогчидтойгоо маазарч
байгаа юм шиг харагддаг ч, тэрхүү асуултаараа тодорхой хэмжээгээр зочдынхоо
элэг, уушги, зүрхийг ширээн дээр гаргаж тавьж, энэ хүн ямархуу хүн бэ, аливаа
байдалд биеэ яаж авч явах хүн бэ гэдгийг харуулахыг зорьдог. Харуулж ч чадсан
болов уу гэж бодож байна.

-Та инээд
муутай нэгэн шиг анзаарагддаг. Байнга л инээж байгаа харагддаг?

-Ер нь сургуульд
байхын л инээд муутай хүүхэд байсан даа. Хүүхдүүдийг харж их шоолно. Ямар нэг
хүний үгийн алдаа, элдэв марзан үйлдлийг хараад дандаа л инээж явдаг байлаа.
Бага насны маань инээд алга болчихолгүй одоо хүртэл хадгалагдаж явдагт би өөрөө
ч дуртай байдаг юм. Ер нь инээх бол их
сайхан зүйл шүү.

-Дахин
нэвтрүүлэг хөтлөх санал ирвэл хүлээж авах уу?

-Миний өнгө аяст
тохирсон, нийгэмд сайн мессэж өгч, залуучуудыг уриалан дуудсан зөв шийдэлтэй
гоё нэвтрүүлэг байвал яагаад хөтөлж болохгүй гэж. Би хөтлөхөд бэлэн байна.

-Дараагийн
тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байна?

-Нарийн
төлөвлөгөө гаргаагүй байна. Орон нутаг, аймаг, хотуудаас тоглолтоо хийх
саналуудыг их тавьж байгаа. Мөн гадаадад байгаа монголчууд маань ч санал
тавьсан. Харж байгаад дахин тоглолтоо хийнэ ээ.

-Одоо ямар
уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоо бараг бүтэн
хоёр шинэ цомгийн дуунууд бүрдсэн байна. Хуучин дуунуудынхаа хөгжмийг
сайжруулаад, дээрээс нь Чука ахаас “Улаахан хийл” нэртэй шинэ дуу авсан. Шүлгийг нь Н.Баярхүү бичиж,
хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ах ажилласан. Би хийлч хүн учраас “Улаахан хийл”
дуун дээр сайн ажиллаж сайхан уран бүтээл гаргая гэж бодож байна. Мөн “Бүсгүй
аргамж” гээд нэг дуу байна. Тэр дуу болон “Best friend” дуун дээрээ клип
хийхээр төлөвлөөд байна. Тун удахгүй шинэ уран бүтээлүүдийнхээ мэдээ, мэдээллээ
танай сонины соёл урлагийн булангаар хүргэх байх гэж бодож байна.