Categories
мэдээ цаг-үе

Бүгдээрээ хочтой 4в-гийнхэн

Цагдаагийн академийн 1998-2002 оны 4в ангийнхныг “Нэг анги” буландаа урилаа. 4в ангид Булган, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл гээд ихэвчлэн орон нутгаас ирсэн 29 залуус нэгджээ. Цагдаагийн академид ороход өндөр 165-аас дээш, жин 60 кг-аас дээш гээд шалгуур өндөр учир шижигнэсэн залуус цугласан нь ойлгомжтой. Цэргийн сургууль дотроо сонсогч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч гэсэн цолтой. Нэг ангид хоёр дэд түрүүч байдаг ёсоор 4в ангид Ж.Пунцаг, Н.Баттөмөр нар байжээ. Тэд Иргэний хамгаалалтын 102 буюу одоо Онцгой байдлын аврах тусгай ангийн хашаанд нэг сар карантинд гарч байжээ. Карантины үед л цэрэг хүний дэг журам, тэсвэр хатуужлыг олж авсан талаар ярьж байлаа. Карантинд байхдаа өглөө зургаан цагаас босоод шөнө 12 цагт унтана. Өдөр нэг цаг амраад бусад цагт нь байнгын хөдөлгөөнтэй гүйж, харайж, маршанд алхах, наранд цэх зогсож сурна гээд цэрэг хүний дэгийг ойлгожээ. Ж.Пунцаг “Карантинд анх очихдоо би боксоор хичээллэдэг, жаахан пээдгэрдүү, халаасандаа гараа хийж явдаг хүү байсан. Тэгсэн харин халаасанд чулуу хийж дүүргээд оёчихдог юм байна. Цэргийн дэг журмыг тэр үед их сайн ойлгосон доо” гэж ярих зуур Т.Мөнхсоёл “Саяхан гарсан ”Маш нууц” кино бидний карантины үеийг санагдуулж байна лээ. Хүмүүс цэргүүдийг их дэглүүлж байсан гэж ойлгоод байгаа юм. Тэр олон сахилгагүй хүүхдийг тэгж л сургахгүй бол болохгүй шүү дээ. Харин ч хатуужна, тэсвэр тэвчээртэй болно. Эр хүн болоход тэр байтугай л юм үзнэ шүү дээ” гэж ярив. Бид оройн зугаалга гэхээр гараад тэнээд явчихдаг юм байх гэсэн чинь жагсаалын талбай тойроод дуулаад алхдаг юм билээ гээд цэргийн дэгд яаж суралцсанаа ам уралдан ярьж байна.

Бид нэгдүгээр курсэд ороод л барилдаад ноцолдоод явна. Уг нь цэргийн сургууль учраас эрэмбэтэй. Дээд курсийн ах нар зогсож байвал доод курсийнхэн үзэгдэхгүй шүү. Бид нар төгсөх курсдээ хүртэл коридортоо ноцолдоод л гүйж байдагсан гэж намба суусан офицерууд хуучнаа дурсан хууч хөөрөлдөнө. Ангийн дарга буюу дэд түрүүч Ж.Пунцаг “Цагдаагийн дээдийнхэн эрчүүд голдуу учраас хөдөлгөөнтэй хүүхдүүд их байсан. Олон эрэгтэй хүн байгаа газар хөгтэй явдал их. Бие биенийгээ байнга шоглоно. Хамгийн их онигоонд ордог нь би, даруухан нь Л.Цэлмэг, М.Ням-Очир. Хамгийн сахилгагүй нь гэвэл Г.Галбадрах, Н.Баттөмөр, Ж.Оргилсайхан” гэж нэрлэж байснаа “За ер нь даруухнуудаа бичсэн нь дээр юм байна” гээд инээлдлээ.

4в ангийнхан нэг нэгнийгээ бүгдийг нь хочилдог юм байна. Оюутан цагийн хоч нь одоо ч хүчинтэй хэвээр. Л.Цэлмэг “Хааяахан бид нар амьтны хүрээлэнд байгаа юм шиг санагддаг шүү” гэж инээлдэв.

Нэгдүгээр ангид дөнгөж ороод байхад нь бүгдийнх нь үсийг хусчихаад ургац хураалтад вагоноор авч явжээ. Ж.Пунцаг “Ногоонд явах гэж байгаа учраас сонсогчийн цэрэг хувцас өмсөхгүй бүгдээрээ энгийн хувцас өмсчихсөн байсан. Вагонд суухад цагдаа нар гарч ирээд л командлаад байдаг юм байгаа биз дээ. Тэгсэн хүмүүс энэ хоригдлууд юм байх даа гэж бодчихож. Вагонд ороод явж байсан нэг ах манай ангийн хүүг дуудаад ах нь ч бас алдаж явсан. Сэтгэлээр битгий унаарай гээд дайлж байсан шүү” гэж ярив. Ногооноос ирээд нэгдүгээр курсэд нэг жил сургуулийнхаа казарамд байрлажээ. Тэдний үеийнхэн хамгийн сүүлд казарамд байрласан юм байна.

Г.Дуламсүрэн “Казарамд байхад 300 гаруй сонсогч, ажилчин байрладаг байсан юм. 300 орчим хүн байрладаг учраас халбага, сэрээ тарааж өгөхгүй. Өөрсдөө халбагануудаа энгэрийнхээ халаасанд хийчихдэг байсан. Жагсаж орж ирээд хоол ирэнгүүт халааснаасаа халбагаа гаргаж ирээд хоолоо иднэ. Халбагаа бид нар хүрз гээд нэрлэчихсэн. Өдөр болгон тэгсээр байгаад рефлекс болчихсон. Амралтын өдрүүдээр хоёр долоо хоногт нэг удаа гадагшаа гаргадаг байсан юм. Тэр үеэр гэртээ харина, хөдөө байдаг нь хамаатныдаа очно. Би Сэлэнгээс ирсэн учраас нэг удаа найзындаа очлоо. Цэргийн формтойгоо сууж байсан юм. Айлд ортол хоол хийж өгчихөөд халбагаа авчрах хооронд нь халааснаасаа мангар том халбага гаргаж ирээд идэж гарахад айлынхан нь гайхдаг юм байгаа биз дээ. Би ч өөрөө санаа зовоод “Эгч ээ бид нар хүрзтэйгээ явдаг юм аа гэж билээ” хэмээн яриад бөөн инээдэм болов.

Цагдаагийн академийнхан тухайн үед охид ихтэй сургуулийнхантай шефэлдэг байжээ. Ангиас шефийн төлөөлөгчөөр хотын яриа гайгүйтэй хэд нь яваад охидод санал тавиад зөвшөөрөл авдаг байжээ. Бид сургуулиасаа гардаггүй учраас охидоо шинэ жилээр авчирдаг байсан юм. В.Алтантүлхүүр “Анагаахын нэг ангитай шефэлсэн чинь тэдний анги нэг бандитай юм байна. Тэр нь юу ч бодоод ороод ирсэн юм. Бид ч миний найз одоо харихгүй юу даа гээд улайн цайм жийгээд гаргачихсан” гээд инээд алдаж байна. Эдний ангийн хоёр залуу шефэлсэн ангиасаа ханиа сонгожээ. Н.Баттөмөр Испани хэлний Говь дээд сургуулиас, Т.Хаш-Эрдэнэ ХААИС-иас гэргийгээ сонгож өнөр өтгөн айл гэр болжээ.

Цагдаагийн дээд курсийн оюутан жилд 14 хоног л амрах эрхтэй байдаг байж. Бусад үед дадлага хийх хуваарьтай. Нэгдүгээр курст цагдаагийн амьдрал үзээгүй оюутнуудыг цагдаагийн дадлага хийлгэнэ. Хоёрдугаар курст хэсгийн байцаагчийн дадлага гээд хороон дээр захиргааны хэрэг, зөрчил шийдвэрлэнэ. Гуравдугаар курст хэрэг бүртгэх мөрдөн байцаах дадлага. Төгсөх курст уртын дадлага буюу эрүүгийн албаны гүйцэтгэх албаны дадлага хийдэг байжээ. Ж.Пунцаг “Би 13-р хорооллын цагдаагийн хэсэгт дадлага хийсэн. Намайг дөнгөж очих үед эхнэр нөхөр хоёр зодолдоод, нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирлээ. Би хорооны цагдаа нараа дагаад явсан юм. Тэр үед эргүүлийн цагдаа гэж байгаагүй. Машин тэрэггүй хэцүү үед цагдаа нар дуудлагадаа алхаад явна. Би чинь дөнгөж оччихсон, гүйгээд очмоор санагдаад л байна. Тэр олон дуудлага ирж байхад ядарсан цагдаа нар юун тэгж гүйх. Тэгж л цагдаагийн амьдралын амтыг мэдэрч байсан” хэмээн ярив.

Ангийнхан Дэд хурандаа Бат-Эрдэнэ багшдаа их хайртай байжээ. Тухайн үед сургуульдаа шинжилгээний хичээл ордог байж. Ж.Пунцаг “Нэг удаа намайг дэд түрүүч учраас итгээд өрөөнийхөө түлхүүрийг өгөөд шохой аваад ир гэсэн юм. Би өрөөнд нь ороод компьютер дээр шалгалтын асуултууд байхаар нь принтерлээд ангиараа асуултуудаа нэг нэгээр нь аваад бэлдчихсэн юм. Шалгалтын үеэр билет тараачихаад буцаагаад авчихна. Тэр үед нь хүүхдүүд авсан билетээ биш бэлдсэн билетээ биччихсэн. Тэгээд ангиараа онц авч байлаа. Тухайн үед багш маань их баярлаж байсан юм. Уучлаарай багшаа гэж хэлье” хэмээн олон жилийн нууцаа задаллаа.

Эдний ангийнхны хамгийн идэвхтэй, спортлог нь Ж.Пунцаг ажээ. Оюутан байхдаа спортын мастер цолтой байж. Гардан тулаан, боксын тэмцээнд голдуу ордог том биетэй залуу байжээ. Г.Ганбат “Сонсогчийн алдраар гардан тулааны тэмцээнд манай Пунцаг ороод бид дэмжих гэж спортын ордонд очсон юм. Тэгсэн манай хүн “Чингисийн цавчилт”-аараа алдартай Нарантунгалагтай таарчихлаа. Уг нь гайгүй хожоод явж байсан чинь Нарантунгалаг “Чингисийн цавчилт”-аа хийгээд нам унагаачихсан. Накаутанд ороод шүүгч тооллоо. Бид чимээгүй л байгаад байсан. Ашгүй найз маань босч ирээд тоглолтоо дуусгасан” гэж ярих зуур Ж.Пунцаг “Би овоо амжилт гаргачихсан учраас өөрөө их сагсуурч байсан үе. Ангийхан намайг их шоолно. Тухайн үедээ их эмзэглэдэг байлаа. Одоо бодоод байхад ангийнхан маань намайг их дардаг байж. Сагсуураад яаж хүн амьтан зодоод явдаггүй байсан юм. Тэгж унасан байхад зүүдэн дунд ангийнхан шоолоод инээж байгаа нь сонсогдож сандраад босоод ирсэн шүүгч тоолж байсан. Манай ангийнхан шоолдоггүй байсан бол би босч ирэхгүй тэмцээн дуусах байсан байх” гэж ярив.

Дөрвөн жил мөр зэрэгцэн сурсан залуусын хонхны баяр их дуулиантай болж байжээ. Тэд Сүхбаатарын талбай дээр задгай УАЗ 469 машинаар байлдааны цуваа шиг цувж очоод хөндлөн сүлжиж давхилдав. Тэр үед талбай дээр машин гардаггүй байсан үе. Тухайн үед төрийн ордноос цагдаагийн академийн захирал хурандаа М.Батаев руу залгаад “Чи Төрийн эргэлт хийх гээд байна уу” гэж байсан аж. А.Баттөмөр “Хонхны баярын дараа төгсөлтын баяр дээр жинхэнэ ромбо, диплом цолоо авна. Тэр олон жил мөрөөдсөн учраас төгсөлтийн баяраар цагдаа хувцсаа өмсөхийн дон болчихсон залуус дэслэгч цол тэмдгээ аваад сургуулийнхаа туганд хүндэтгэл үзүүлж байлаа. Огшоод л сайхан байдаг юм билээ” гэж дурслаа.

4в ангйинхан төгсөөд бүгд хөдөө орон нутагт томилогджээ. Одоогоор Төрийн албанд Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүгчээр Г.Баясгалан, Орхон аймгийн Цагдаагийн газарт дэд даргаар хошууч В.Алтантүлхүүр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дэд дарга хошууч Т.Мөнхсоёл, Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа Ю.Чулуунбаатар, Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн газрын даргаар Л.Цэлмэг, Тагнуулын ерөнхий газрын .. дугаар газарт орлогч даргаар дэд хурандаа Б.Мэгзэр, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн даргаар дэд хурандаа Б.Баатарзориг, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн даргаар Нямдаваа, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар хошууч Н.Төмөрбаатар, хошууч Г.Золжаргал, Тахарын ерөнхий газарт ахлах ажилтнаар Д.Батгэрэл нар ажиллаж байна.

Бизнесийн салбарт “Алтан ноёд трейд” компанийн захирал Ж.Пунцаг, Г.Дуламсүрэн “Oriflame” компанийн топ лидер. “Түшиг багана” ХХК-ийн захирал Г.Ганбат, “Сайран булган” ХХК-ийн захирал Т.Хаш-Эрдэнэ нар явна.

Эдний ангийнхан төгсөөд 13 жил болж байгаа юм байна. Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр ангиараа уулзалддаг уламжлалтай аж. Тэр өдөр цагдаагийнхан цол шагналаа авна. Ерөнхийдөө цуглаж цагдаагийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Эдний ангийхан одоо ч бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаж, асуудал гарсан үед хэдэн талаас цуглан нэгнийхээ түшиг тулгуур нь болдог юм байна. Ангийнхаа 10 жилийн уулзалт дээр фэйсбүүк хуудас нээж салшгүй эргэх холбоотой болжээ.

4в ангийнхан хоёр дэд түрүүчтэй байсан ч харамсалтайгаар Ц.Хангал гэх залуугаа алджээ. Дэд түрүүч Ц.Пунцаг “Ангийн анд Ц.Хангал маань Дундговь аймгийн цагдаагийн газар, тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан хөдөлмөрч залуу байсан. Хүнд өвчний улмаас бурхан болсон. Андын минь цог золбоотой гялалзсан инээд бидний сэтгэл зүрхэнд үргэлж дуурсагдах болно” гээд ангийнхан дэд түрүүчдээ хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ цаг-үе

Биотехнологиор “Юрийн галавын цэцэрлэг”-ийг ч бодитоор бий болгох боломжтой

Биотехнологийн шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн талаар МУИС-ийн Байгалийн ухааны салбар сургуулийн Биологийн тэнхимийн багш профессор Б.Очирхуягтай ярилцлаа.

Биотехнологич хүн юу хийдэг вэ?

-Бид амьтан, ургамал, бактери, мөөгөнцөр гэх мэт ямар нэгэн амьд организмын ферментийн системийг ашиглан технологийн аргаар бүтээгдэхүүн гаргаж ирдэг. Хоол, эм, хувцас, компьютер гээд ямар ч бүтээгдэхүүн байж болно. Үйлдвэрт сүүг том тогоонд халааж ээдүүлж бүтээгдэхүүн хийдэг. Тэгвэл бид тэр нүсэр төхөөрөмжийн оронд сүүний бүрэлдэхүүн дэх ямар нэг уургийг нь аваад бактериа түүндээ үржүүлж бүтээгдэхүүн гаргаж авч байна. Биотехнологич микробиологи генетикийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл гээд олон талын шинжлэх ухааныг судлах шаардлагатай болдог. Мөн мэргэшлийн чиглэл, чиглэлээрээ ялгардаг.

Биотехнологи хүн тө­рөлх­төн хоол боловсруулан үйлдвэрлэж эхэлснээс хөгжиж эхэлсэн гэдэг. Гэ­тэл биотехнологи гэх ойл­голтыг хүмүүс шинэ юм шиг ойлгодог. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд одоо л эрэлт хэрэгцээтэй болж байна. Өмнө нь биотех­нологийн талаар яагаад тэгтэл сонирхож байсангүй вэ?

-Өнөөдөр дэлхийн хүн ам маш хурдацтай өсч байна. Цаашдаа ч хэдэн миллиард хүртлээ өснө. Ингэхээр хүн төрөлхтнийг хоол хүнсээр хангах асуудал нэгдүгээрт тулгарна. Энэ олон хүнийг ядуурал өлсгөлөнгөөс аврах гарц бол биотехнологийн шинжлэх ухаан. Биотехнологи гэдэг маань ерөөсөө хүнд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг аль болохоор их хэмжээгээр хямдхан гаргах зорилготой. Жишээ нь, тос гаргаж авахын тулд хэдэн мянган га талбайд тосны ургамал тариалдаг. Хэрвээ тэрхүү тосыг нийлэгжүүлж бичил биет ургуулах юм бол арван метр квадрат дотор тосныхоо хэрэгцээг хангаж чадна. Хоёрдугаарт биотехнологийн үйлдвэрлэл анх өндөр өртгөөр босдог ч гаргасан бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам хямдраад явдаг. Өөр технологиор барьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь өртөг гайгүй байх ч жил ирэх тусам бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг.

Манайд биотехнологийн үйлдвэрлэл байна уу?

-Энд нам даралтын биотех­нологи, өндөр биотехнологи гэсэн хоёр ойлголт яригдана. Цэвэр генийн түвшинд, генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан биотехнологийг өндөр биотехнологи гэдэг. Энэ чиглэлийн үйлдвэр мэр сэр гарч ирж байна. Тухайлбал, анагаахын чиглэлд эмч нар өвчнийг түргэн оношлох технологийг судлан гаргаж байна. Ерөнхийдөө Монголд хөгжиж ирсэн нь нам түвшний буюу бичил биет, фермент ашиглан талх барих, ногоо даршлах, исгэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт хуучны биотехнологийн арга барил байна.

Биотехнологийн эсрэг зогсох хүмүүс бас байдаг. Тэд ямар учраас эсэргүүцдэг юм бэ?

-Биотехнологиор хийсэн бүх юм зөв зохистой гэж хэлж болохгүй. Өнөөдөр энэ салбарыг эсэргүүцэгчид генийн өөрчлөлттэй ногоо, бүтээгдэхүүн, амьтан, ургамал гарч байгааг таашаадаггүй. Биотехнологийн үйл явцад өмнө нь хэзээ ч байгаль дээр байгаагүй юмыг үйлд­вэрлэж байна. Генийн өөрчлөл­төд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд алгуур хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хүмүүс айдаг. Энэ нь биотехнологи хөгжихөд саад болж байна.

Олон өнгийн дэлбээтэй, элдэв сонин хэлбэртэй цэ­цэг, эсвэл найман хөл­тэй тахиа гэдэг ч юм уу янз бүрийн гаж амьтан, ургамал гарах болж. Энэ бүгд биотехнологийн үр дүн үү?

-Тийм. Гэхдээ үүнийг хамаагүй хэрэглэж болдоггүй. Анх биотехнологчдын гаргасан GNT компани тодорхой хугацаанд ажиллаж байгаад өөрсдөө компаниа хаасан. Хүн, амьтныг хувилж болохгүй гээд дэлхий нийтэд олон улсын хуулиар хорьчихсон. Гэхдээ ямар нэгэн эрхтнийг тусад нь ургуулаад шилжүүлэн суулгахыг хүлээн зөвшөөрнө. Жишээлбэл, ямар нэг хүний элэгний эрүүл эсийг авч хадгалаад биотехнологиор эсийг нь ургуулж эргээд элэг шилжүүлэн суулгах байдлаар ашиглаж болно.

Колониор хүн амьтан хувилж байсан түүх байдаг уу?

-“Доли” гээд анхны коло­ниор гаргасан амьтан байсан ш дээ. Нэг хонины гень аваад яг адилхан хонь хийсэн. Зур­гаан жил амьдраад үхсэн байдаг.

Амьд амьтныг аваад хувилчихаж болж байгаа юм чинь эрт дээр амьдарч байсан үлэг гүрвэлийг хувилж чадах уу. “Юрийн галавын цэцэрлэг”-ийг бодитоор бий болгох боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Эрт дээр үеийн амьтдаас хувилах туршилт явуулаагүй хэдий ч өнөөдөр техник, шинжлэх ухааны хувьд чадах түвшинд очсон. Өнөөдөр биотехнологийн арга зүйг хэрэглээд эртний хүмүүсийн ясанд шинжилгээ хийж хэдий үед, яаж амьдарч байсан ямар өвчнөөр үхсэнийг нь ч тогтоож болно.

Тэгвэл “Помпей”-н сүйрэл ч юм уу “Хирошима”-гийн бөмбөгдөлтөд өртөөд чулуужаад үлдчихсэн хүмүүсийн цогцос байдаг. Тийм хүмүүсийн ясанд шинжилгээ хийж болох уу?

-Шатчихаараа генийнх нь мэдээлэл алга болчихдог. Өөрөөр хэлбэл органик биш болчихсон гэсэн үг. Ген нь бэртэлгүй үлдсэн яс юм уу, ямар нэгэн эд анги байвал судалгаа хийж болно. Нэг сонирхолтой баримт дурдахад англид нэг биотехнологийн эрдэмтэн эртний хүний яс олсон байгаа юм. Генийн судалгааг нь хийгээд ерөнхий төлөвийг нь гаргачихаад хотынхоо бараг бүх хүний гений дээжийг аваад судлаад явсан чинь өөрөө тэр эртний хүний удам болж таарсан. Тэгээд тэр хүн өөрөө жил бүр тэр эртний хүний дурсгалд очиж хүндэтгэл үзүүлдэг болсон гэдэг.

Манайд эртний хүний генийн судалгаа хийж байна уу?

-Манайд эртний Түрэгийн үеийн булшнаас олдсон хүний ясан дээр геномийн судалгаанууд хийж байна. Ямар удмын хүн байсан, Түрэг үү Монгол гаралтай хүн үү гэх мэтээр судалдаг.

Хэдий үеийн олдвор юм бол, судалгааны дүн гарсан уу?

-Энэ төсөл ноднин жилээс эхэлсэн. Олдворуудаа цуглуулаад ажиллаж байгаа. Би дотор нь орж ажиллаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор хүрэл зэвсэг, зарим нь Түрэгийн үеийн олдвор гэсэн.

Өнгөрсөн үеийн амьтдыг амьдруулах боломжтой юм бол устаж байгаа амьтдыг авран хамгаалж болно биз дээ?

-Ховор амьтдыг хамгаалах зорилготой дэлхийн генефонд гэж байгууллага байдаг. Ус­таж байгаа амьтдын генийг нь аваад шингэн азотод, -200 градустай саванд хадгал­чихдаг. Энд амьтнаас гадна устаж байгаа ургамал ч орно.

Биосинтезийн аргаар түлш гаргана гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Тосноос нүүрстөрөгчийн хий юм уу спирт гаргаж түлш бэлтгэдэг. Түүнийгээ хий болон спиртэн хөдөлгүүрт машинд хийнэ. Үүнийг манайд нэлээд хэдэн жилийн өмнөөс судалж эхэлсэн. Тосноос биосинтезийн аргаар түлш үйлдвэрлэхэд хаягдал тос хангалттай байх хэрэгтэй. Гэтэл манай мах комбинатын үйлдвэрүүд улирлын чанартай тос гаргадаг.

Ямар тос вэ?

-Цайны газруудын хаягдал тос, өөхөн тос гээд ямар ч тос байж болно

Нано технологи, биотех­нологи юугаараа ялгаатай юм?

-Бараг адилхан. Бид молекулын түвшинд ажиллаад ирэхээр нано түвшинд орж байна гэсэн үг. Нано технологи маш өндөр өртөгтэй учраас имфирматикийн шинжлэх ухаан, анагаах ухааны шинжлэх ухаанд гол төлөв ашигладаг. Алсдаа нано технологи илүү сайжраад, бүтээгдэхүүн нь хямдраад ирэхээр бусад салбар руу орж болно. Хүнсний бүтээгдэхүүн аль болох хямд байж зарагдана, анагаахын бүтээгдэхүүн өндөр үнэтэй байсан ч зарагдана.

Биотехнологийн аргаар гаргасан сүүлийн үеийн ямар шинэ, сонин бүтээгдэхүүн байна. Та жишээ дурдаач?

-Цаг тутамд маш олон бүтээгдэхүүн гарч байгаа учраас тэр бүгдийг хэлж мэдэхгүй. Жишээ дурдахад хоол хүнсний муудсан үгүйг өнгөө хувиргаад тогтоодог сав, баглаа боодол хийсэн байна. Хөшсөн, шохойжсон ясанд нь тариа тариад ургуул­­чихдаг эм бэлдмэл, шүднийх нь суурин дээр ясыг нь төлжүүлж ургуулах гээд маш олон технологиуд байна л даа.

Монголын уламжлалт биотехнологи гэж байна уу?

-Уламжлалт сүүн бүтээг­дэхүүн болох айраг, тараг, хоормог, аарц, ааруул, бяслаг эд бүгд манай уламжлалт биотехнологи гэж хэлж болно.

Дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа бас нэг том асуудал бол агаар болон хөрсний бохирдол. Үүнийг биотехнологиор хэрхэн шийдвэрлэж болох вэ?

-Агаарын бохирдлоосоо хамааруулж агаар цэвэр­шүү­­лэх процессоо хийнэ. Био­технологийн аргаар мөхсөн хөрс, усыг сэргээхдээ байгальд байсан сайн бичил биетнийг сэргээж, нөхөн төлжүүлэх ажил хийдэг. Нөхөн төлжүүлэх ажил гэхээр бид хөрсөн дээр нь очоод мод тарьж, цэцэг суулгана гэж ойлгодог. Харин хөрсөн дээрх бичил биетнийг сэргээснээр цааш ургамал ургах, мод ургах орчин нөхцөлийг нь сайжруулж өгдөг. Ингэж биотехнологийн аргаар тэнцүүлэхэд байгалийн хамгийн хурднаар сэргээх бололцоотой болдог. Тийм ч учраас энэ чиглэлээр байгаль орчны биотехнологи гээд биеэ даасан салбар гарч ирж байна.

Био аргаар гэрэл, цахил­гаан хэрхэн гаргадаг вэ?

-Хүн төрөлхтөнд тул­гарч байгаа бас нэг том асуудал нь хаягдал. Бид органик хаягдлыг аваад бичил биетнийг задлахаар метаны хий үүсдэг. Метаны хийг цахилгаан станцад нүүрсний оронд хэрэглэж болно. Эсвэл метан хийгээр ажилладаг машины хөдөлгүүр ч хийж болно. Метаны хийг биотехнологиор мал амьтны бааснаас, хаягдал хогноос гарган авч болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол хүн хонины зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы аравдугаар сарын 12-ны даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Даваа гариг бүрийн “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн зочноор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарыг урилаа. Түүний уран бүтээл, хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээллийг эндээс унших боломжтой. Сонины гуравдугаар нүүрт орсон “Монгол хүн хонины зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ” нийтлэлд хөгжил дэвшлийн оргил, мэдээ мэдээллийн шинэ технологийн эрин үед бид дэндүү хоцрогдмол хэв маягаар амьдарч байгааг шүүмжлэн бичжээ. Тухайлбал “… Монголыг нүүдлийн мал аж ахуй, тэр дундаа хонин сүрэг хоцрогдмол, бүдүүлэг, өрөвдмөөр харагдуулаад байгаа юм. Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан. Ухаандаа бор шар нүдтэй, номхон томоотой. Харин манайхаас өөр оронд хонийг нэг их тоодоггүй. Мэдээж хүнсэндээ хэрэглэнэ. Гэхдээ Европын өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестрин ихтэй гээд хэрэглэхээ больсон … холестринтэй махаа монгол хүний биед сайн, олон жилээр идсээр ирсэн. Муу юм болоогүй” гэж өөрсдийгөө зөвтгөн идэж, өдөр тутмынхаа хүнсэндээ түлхүү хэрэглэдэг … Ноос нь үнэгүй, дээрээс нь арьс нэхий нь (2000 орчим төгрөг) үнэгүй. Тэгэхээр Монголын нутагт хамгийн ихээр тархан оршиж байгаа хонь юугаараа үнэ цэнтэй болж байна вэ…” хэмээн бичжээ. Нийгмийг цочроосон гэмт хэрэг, томоохон үйл явдлын талаар дэлгэрэнгүй хүргэдэг долдугаар нүүрт эрүүгийн цагдаагийн ажилтнууд амарч яваад нэгнийхээ амийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарсан талаар болон “Цонхоо нээе” буланд Буян-Ухаа 1 хорооллын зүүн талд барилга барихаар суурь ухаж эхэлсэнтэй холбоотой үүссэн асуудлын талаар дэлгэрэнгүй сурвалжлага багтлаа.

Хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Бондын мөнгө хаачив” гэж худлаа эрэл сурал болох хэрэггүй. Ганцхан алхмын цаана харагдаж байна”, арваннэгдзгээр нүүрт телевизийн соёл судлаач С.Жаргалын “Мэдээллээ шударгаар хүргэж чадахгүйгээс эхлээд маш олон шалтгаан телевизүүдийг дампууруулж байна” хэмээх ярилцлага болон 17 дугаар нүүрнээс энэ оны Нобелийн шагналт Белорусийн зохиолч Светлана Алексиевичийн талаарх сонирхолтой материалуудыг уншаарай. Түүнчлэн цаг үеийн чухал мэдээллүүд “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт багтлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ч.Улааны ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай

Энэ намрын чуулганаар төсвийн тодотголтыг батлахтай холбогдуулан УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа. Эдийн засаг тогтворгүй байгаа өнөө үед төсвийг УИХ-д өргөн барьсан боловч хүлээж аваагүй бөгөөд хүлээж авах эсэх нь нэгдүгээр хэлэлцүүлгээс тодорхой болох гэнэ. Энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийг хямралын нөхцөлд хэрхэн ажиллахыг тодорхойлсон чухал төсөл хэмээн тэрбээр үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “… Сайхан төсөв гэж ард иргэдэд ямар өгөөж өгөх, цалин тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх үү гэдгийг тооцоолсноор гардаг. Ийм үзүүлэлт энэ удаагийн төсөвт тун бага” хэмээн ярилцлагандаа онцолжээ. Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын хоёрдугаар нүүрээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Толгойт, Орбитын цахилгааныг маргааш хязгаарлана

“Цахилгаан дамжуулах үндэсний
сүлжээ” ТӨХК-аас өвлийн их ачааллын өмнөх бэлтгэл хангах зорилгоор 110
кВ-ын арван дэд станцад тохируулгын ажил хийх тул аравдугаар сарын 14-ний
өдрийг дуустал дараах байршлуудад цахилгаан эрчим хүч богино хугацаанд түр
тасрах болсныг мэдээлж байна.

Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ
түр зохицуулна уу.

Аравдугаар сарын 12-ны өдөр

СХД 1,2,3,
4, 5, 19, 20,21,22, 26-р хороо 21-р хороолол, “Орчлон” хороолол,Толгойт, Орбит,
Цэвэрлэх орчим

Аравдугаар сарын 13-ны өдөр

Налайх дүүрэг

Аравдугаар сарын 14-ний өдөр

Төв аймгийн Баянчандмань сум.

Categories
мэдээ нийгэм

“Аз хур” номын их дэлгүүрийн хямдралт худалдаа даваа гарагийн 09:00 хүртэл үргэлжилнэ

“Аз хур” номын их дэлгүүр худалдаалж байгаа бүх номдоо 10-72 хувийн хямдралыг 10 сарын 09-өөс 12 ны өдрүүдэд зарласан нь ном уншигч, сонирхогч олныг татсан сайхан үйл явдал болжээ. Өчигдөр өдөр тус дэлгүүрээр үйлчүүлэхээр очиход гадаа нь нэлээд урт очер дараалал үүссэн байсан ч худалдан авагчдыг хүлээлгэж чирэгдүүлэлгүй 20, 20-иор нь оруулж байлаа.

“Аз хур” номын их дэлгүүр дээрх хямдралтай өдрүүдэд 24 цагаар ажиллаж, хэрэглэгчидэд үйлчилж байгаа гэнэ билээ. Хэрвээ та ном уншдаг, сонирхдог, үр хүүхдээ номонд дуртай болгохыг эрмэлздэг бол “Аз хур” номын их дэлгүүрийг маргааш өглөөний 09:00 цагаас өмнө амжиж нэг зориорой.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн Залуучуудын УАШТ нөгөөдөр эхэлнэ

Монгол Улсын спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит хүндийн өргөлтийн Залуучуудын УАШТ Баян-Өлгий аймагт нөгөөдөр буюу 13-нд эхлэх аж. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн 18-аас дош насны тамирчдын дунд зохион байгуулагдаж байгаа гэнэ.

Эмэгтэй 44, 48, 53, 58, 63, -69, +69 кг гэсэн долоон жинд, харин эрэгтэй 48, 52, 56, 62, 69, 77, -85, +85кг гэсэн найман жинд өрсөлдөж ялагчдаа шалгаруулах юм байна.

Тус тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газраас хамтран зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт шүлхий гарчээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Чихэртэй” багийн “Тошин” гэдэг газарт нутаглах иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, дээрх айлуудын долоон мал шүлхийгээр өвчилж улмаар энэ сарын 2-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлэгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд 16 өрхийн 15 үхэр, 62 хонь, бүгд 77 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн нь тус тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакцинжуулалтад сайн дураараа хамрагдаж болно

Томуугийн эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулах ажлыг энэ сарын 8-аас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Энэ жил нийт 45 мянган хүн тун вакцин захиалан авч хүргүүлээд байгаа юм байна.

Вакцинд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, асрамжийн газар, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ зэрэг томуугийн халдварт өртөх эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон цэцэрлэг, асрах газрууд, нялхсын клиник сувиллын хүүхдүүд, ажилтан ажиллагсдыг хамруулах юм байна. Мөн иргэд сайн дураараа томуугийн эсрэг дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторид ажлын өдөр 8.30-15.00 цагт хийлгэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Тэрбум 438 саяын карт борлуулжээ

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснийг хотын иргэд үнэлж, аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим карт худалдан авсан байна. “Улаанбаатар цахим карт” ХХК-иас мэдээлснээр аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 449400 цахим төлбөрийн картыг худалдсан байна. Энэ нь нэг тэрбум 438 сая 80 мянган төгрөгөөр цахим карт борлуулсан гэсэн үг юм.

Тодруулбал,

-Энгийн карт – 274589,

-Хүүхдийн карт (Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид) – 65430,

-Ахмад настны карт – 78151,

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт – 23836,

-Оюутны карт 7594 ширхэг иргэдийн гарт очоод байгаа аж.