Categories
мэдээ нийгэм

Өлзийт хороолол –Биокомбинат чиглэлийн зам өнөөдөр ашиглалтад орно

Өлзийт хороолол-Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн замын нээлт өнөөдөр 14:00 цагт нээхээр болжээ. Энэ чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барьж дуусгасан бөгөөд зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжирч, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам болжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу 97 жолоочийг журамлажээ

2015 оны 10 дугаар сарын 11, 10-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 390 авснаас зам тээврийн ослын 513 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

9.6 сая тонн нүүрс экспортолжээ

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нүүрс 15.2 сая тонн, алт
7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур
жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган
тонн, төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган
тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний 8 сард 930.0 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн
тухайд 3.1 сая тонны, алт долоон тн, нүүрс 9.6 сая тонн, газрын тос
708.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Гудамж, замыг хаягжуулна

НИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар
Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан
хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч
С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн
ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза
их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө
хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэх хүсэлтийг ирүүлжээ.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид Баянгол дүүргээс ирүүлсэн хүсэлтийг
үндэслэн Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн
зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг
Хонхны гудамж гэж нэршүүлэхээр тогтоов.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн
аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн
хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам, Баянзүрх дүүргийн 11
дүгээр хорооны Хүрхрээгийн аманд шинээр барьсан төмөр бетон гүүрийг
Хүрхрээгийн гүүр гэж нэрлэж байхаар тогтоов. Баянзүрх дүүргийн 11
дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан
гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км
замыг Хубилай хааны зам гэж нэршүүлэх хүсэлтийг Боловсрол Соёл Шинжлэх
Ухааны Яамнаас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлсэн бөгөөд
БСШУ—ны сайд Н.Гантөмөр, Хубилай сэцэн хааны одон орны шинжлэх ухааныг
хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ийн харъяа Одон орон,
геофизикийн хүрээлэнг Хубилай хааны нэрэмжит болгох саналыг харъяа
газартаа хүргүүлээд байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн цагдаагийн алба хаагч нэгнийхээ аминд хүрчээ

Өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очихдоо хоорондоо маргалдаж, нэг алба хаагч амиа алдсан ноцтой хэрэг гарчээ. Өдгөө нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, уг хэргийн улмаас 1975 онд төрсөн Х нас барсан. Харин
хэргийг үйлдсэн гэх 1985 онд төрсөн Ө гэгчийг саатуулан УМБГ-т шалгаж
байна.

Алба хаагчид
“Горхи-Мэлхий хад” амралтын газарт амарч байсан байна. Энэхүү амралтын
газар нь Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсрэгт байрладаг.
Гаалийн ерөнхий газрын харьяанд байдаг амралтын газар гэдгийг эх сурвалж
мэдээлж байна.

Албаны эх сурвалжаас тодруулахад “Хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан.
Цагдаагийн алба хаагчид ажлын бус цагаар Налайх дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байгаа юм. Улмаар нэг алба хаагч
харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Мөн энэ тухай талийгаач Х-гийн хүү өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр “Монголын цагдаа аавын минь аминд хүрч бидний амьдралыг сүйтгэлээ. Аав маань цагдаагийн байгууллагад 23 жил ажиллаж цагдаагийн ерөнхий газрын харьяа эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад онц хэрцгийгээр алуулж нас барлаа.
Аав маань сумын цагдаагаас сумын хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдаа
болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсд ахлах мөрдөн байцаагч,
эрүүгийн цагдаагийн газарт ахлах нууцын мөрдөн байцаагчаар ажиллаж
байсан. Аавыг минь алсан цагдаагийнхнаас аавынхаа амийг нэхэж байна” гэжээ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот
тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд
өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн
хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын
бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр
зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын
хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд зарим замыг хассан
юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Сандэй плаза”-д гал гарсаны улмаас долоо хоног ажиллахгүй гэв

“Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн үед “Сандэй плаза” худалдааны төвд гал гарсан. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраасан байна.

Categories
гадаад мэдээ спорт

Роналду дөрөв дэх удаагаа “АЛТАН ШААХАЙ”-ны эзэн болно

Испанийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду маргааш “Алтан шаахай”-ны эзэн болно. Тэрээр энэхүү шагналыг дөрөв дэх удаагаа хүртэх гэж байгаа нь энэ. Шагнал гардуулах ёслол маргааш Мадрид хотод болох аж.

30 настай Португал залуу 1968 оноос хойш эвдэгдээгүй байсан Европын хөлбөмбөгийн холбооны улсуудын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоолтой тамирчнаар нэрлэгдэж түүхэнд бичигдэж байна.

“Реал”ын түүхэнд португал довтлогч Криштиану Роналду мэргэн бууч гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 35 тоглолтонд 48 гоол хийсэн. Мадридын клубын төлөө тэрбээр 324 гоол оруулсан байна.

Categories
гадаад мэдээ

Беларусь анх удаа уран зохиолын чиглэлээр нобелийн шагналтантай боллоо

Анагаах ухааны Нобелийг шимэгч хорхойтой тэмцэгчид авлаа

Энэ оны хамгийн эхний Нобелийн эзнээр АНУ-ын эрдэмтэн, шимэгч судлаач Уильям Кемпбелл болон Японы эрдэмтэн, микробиологч Сатоши Омура нар тодорсон юм.

Эрдэмтэд цагаан хорхой буюу олон төрлийн шимэгт хорхой, халдвар тараагчийг устгах бэлдмэл гаргаж авчээ. Тэд 20 гаруй жилийн турш “энтеробиоза”, “анкилослтомоза”, “трихоцефалеза” гэх гурван төрлийн хавдар, нян үүсгэгчийг устгах бэлдмэл гаргаж авахын тулд ажилласан байна.

Мөн Хятад улсын эрдэмтэн Юю Ту халуун орнуудад тархаж, олон хүнийг үхэлд хүргэдэг хумхаа өвчнийг эмчлэх эртний нууц жор боловсруулсныхаа төлөө Нобелийн эзэн болсон юм.

Физиологи, анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналтнуудын хувьд дэлхийн хүн амын бараг гуравны нэг хувь нь амьдарч буй бүс нутагт хамгийн ихээр тохиолддог өвчлөлд судалгаа хийсэн гэж Нобелийн хорооноос онцолсон юм.

Физикийн салбарын Нобелийг эгэл бөөмийг судлагчид хүртлээ

Физикийн салбарын 2015 оны Нобелийн шагналыг Такааки Кажита /Япон/,
Артур МакДональд /Канад/ нар нейтрино бөөмийн хурд, шилжилт, хөдөлгөөнд
хэмжсэн судалгаагаараа хүртлээ.

Канадын физикч Артур МакДональд (1943 онд төрсөн) нарны нейтриног хайх
зорилготой Сандбери дахь Нейтрино одон орон судлалын даргаар ажилладаг
байна. Харин Японы физикч Такааки Кажита (1959 онд төрсөн) агаарын
нейтрино хайх зорилготой Super-Kamiokande туршилтын багийг удирддаг
байна.

Хоёр эрдэмтний хийсэн судалгаагаар хэрэв нейтрино бөөм бие биедээ
хувирах аваас эдгээр нь тодорхой хэмжээний хүндийн жинтэй байна гэдгийг
тогтоожээ. Нейтрино цахилгааны хувьд саармаг буюу цэнэггүй, бараг масс
байхгүй тул судлахад маш хэцүү байдаг юм. Тэгвэл хоёр эрдэмтэн
лабораторид тусгай багаж хэрэгслийг ашиглан энэхүү туршилтыг хийсэн
байна.

Ихэнх нейтрино бөөмс аливаа биетийг нэвтлэн гарах боловч цөөн хэсэг нь
тэдгээрийн атомуудтай мөргөлдсөнөөс янз бүрийн эгэл бөөмс үүсэх бөгөөд
уг үзэгдлийг нейтриногийн хэлбэлзэл хэмээн нэрлэдэг байна.

Орчлон ертөнцийн үүслийн эхний шатанд матери болон антиматерүүд адил
хэмжээтэй оршин байсан гэж үздэг. Хэрэв тэдгээр нь хоорондоо мөргөлдвөл
бүрэн задарч үгүй болох ёстой. Гэтэл бидний оршин байгаа өнөөгийн орчлон
ертөнц зөвхөн материйг агуулдаг. Нейтриногийн хэлбэлзлийн мөн чанарыг
тодорхойлж чадвал орчлон ертөнцөд зөвхөн матери орчин байгаагийн нууцыг
тайлах боломжтой гэгддэг байна. Иймд нейтрино бөөмийн хурдыг хэмжих
туршилт нь түүний хэлбэлзлийг илрүүлэхээс гадна орчлон ертөнцийн оршин
байгаа зүй тогтлын нууцтай холбогдож байгаа юм.


ДНХ-ийг засагчид Химийн Нобелийг гардана


Швед, АНУ, Туркийн гурван эрдэмтэн Химийн салбарын 2015 оны Нобелийн шагналыг хүртэх боллоо.

Тэдний бүтээл нь эсүүд хэрхэн гэмтсэн ДНХ-ийг засварлаж, нөхөн
сэргээдгийг судалсан бүтээл юм. Үүгээрээ тэд хорт хавдрыг эмчлэх шинэ
арга боловсруулах зорилготой гэнэ.

Шагналын эзэд болох Шведийн иргэн Томас Линдаль, Америкийн иргэн Пол
Модрич, АНУ-Туркийн иргэн Азиз Санкар нар найман сая Швед крон
ойролцоогоор 960,000 ам.долларыг хувааж авах юм.

Шведийн Шинжлэх ухааны Рояал Академи тэдний ажлыг “эсүүд хэрхэн ажилладаг тухай суурь мэдлэгийг нээсэн” хэмээн үнэлжээ.

Энэ нээлт нь хорт хавдрыг эмчлэх шинэ арга гаргахад том түлхэц болно гэж үзэж байна.

Одоогоор эрдэмтэд хорт хавдрын эсүүдийн засагдах механизмыг эвдэх туршилт хийж байгаа гэнэ.


Беларусь Нобелийн эзэнтэй боллоо


Энэ оны Уран зохиолын салбарын нобелийн эзнээр Беларус улсын зохиолч
Светлана Алексиевич хүртсэн байна. Ийнхүү Беларусь улс анх удаагаа уран
зохиолын салбарын нобелийн эзэнтэй болов.

Зохиолч дайны хохирогчид болон эрх мэдлийн золиос болж буй эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар голлон бичдэг билээ.

Тэрбээр анхны номоо 1983 онд хэвлүүлсэн бөгөөд дэлхийн II дайны үеэр
ЗХУ-ын улаан армийн цэргүүдэд гутаан доромжлуулж, бие болон сэтгэл
санааны хохирол амссан иргэдэд зориулжээ. Алексиевич 2013 онд нобелийн
шагналд нэр дэвшсэн байна.

Тэр Беларусийн эрх баригчдыг шүүмжилсэн бүтээлүүдээсээ болоод тагнуулж
чагнуулан хавчигдаж, сүүлийн 10 орчим жил гадаадад амьдарч байгаа юм.

Алексиевич Уран зохиолын Нобелийн шагнал хүртсэн 14 дэх эмэгтэй, анхны
сэтгүүлч, сүүлийн хагас зууны хугацаан дах анхны баримтат (non fiction)
төрлийн зохиолч болж байгаагаараа онцлогтой.

Баримтат төрлийн зохиолч нараас хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө
философич Бертран Рассель, улс төрч, түүхч Уинстон Черчилль нар Нобель
хүртэж байсан гэнэ.


Хэлэлцээр хийгчид Нобелийн Энх тайвны шагналтан боллоо


Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг Тунисын Үндэсний яриа хэлэлцээрийн дөрвөл хүртэхээр болжээ.

Нобелийн шагналын хорооны тэргүүн тэднийг 2011 оны хувьсгалын дараа
“улс орноо зөвшилцлийн ардчилалд шилжихэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн”
хэмээн онцолсон байна.

Тунисын дөрвөл энэ шагналд өрсөлдсөн 273 нэр дэвшигчээс шалгарч чаджээ.

Тэдний дунд Германы канцлерь Ангела Меркель, Ромын пап Фрэнсис зэрэг алдартнууд байсан юм.

Тунисын дөрвөл нь Тунисын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл, Тунисын
Үйлдвэрлэл, Худалдаа, Гар урчуудын Холбоо, Тунисын Хүний эрхийн Лиг,
Тунисын Хуульчдын Нэгдэл гэсэн дөрвөн байгууллагаас бүрдэж байгаа аж.

Нобелийн шагналын хорооны тэргүүн онцлохдоо эдгээр байгууллагуудыг
Тунисын нийгмийг бүрэн төлөөлдөг гээд “уг дөрвөл нь Тунисыг тайван
замаар ардчилсан өөрчлөлт, шилжилт хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм”
гэжээ.

Харин энэ сарын 12-нд буюу өнөөдөр Эдийн засгийн салбарын нобелийн эзэд тодрох юм.

Categories
мэдээ цаг-үе

Нацагийн ТАРВАА: Домог болсон таван генералыг захирч явлаа

Өдгөө ерэн насны сүү­дэр зэрэгцэж буй Нацагийн Тарваа гуайтай ярилцлаа. Тэрээр спортын анхдагч эмч нарын нэгэн юм. Бүр тодруулбал, Монголд спор­тын эмнэлэг бай­гуу­­лагдахад даргаар нь ажил­­лаж байж. 1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцоход Тарваа гуай эмчээр явж байсан. Жаран найман оны Мехикогийн олимпод мөн л эмчээр явж Ж.Мөнхбат аваргыг мөнгөн медаль хүртэхэд гавьяа байгуулсан гэдэг. Хөнгөн атлетикийн анхны шигшээ багийн тамирчин, цанын спортын ууган мастеруудын нэгэн гээд түүний тухай өгүүлбэл барагдахгүй түүх хөврөх ажгуу.

-Монголд спортын эмнэлэг байгуулагдаж, биеийн тамирын эмч гэх алдрыг анхлан хүртсэн хүн бол та. Үүнээс улбаалаад тантай олон сэдвээр ярьж болно. Офицерийн сургуульд суралцаж байсан үеэс тань яриагаа эхэлье гэж бодлоо л доо?

-Өвгөн миний ажлын гараа бол яалт ч үгүй их жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулиас эхэлсэн түүхтэй. Тэртээ дөчин гурван онд Офицерийн сургуулийн долдугаар ангид элсэн орж байлаа. Тус сургуулийн тавдугаар ангид хожим ардын уран зохиолч болсон Сэнгийн Эрдэнэ гэж хүү байлаа. Манай сургуулиас олон алдар суутнууд төрсөн юм. Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зүтгэлтэн П.Хаянхярваа байна. Мөн ардын эмч, хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла байна. Тэд надаас ганц нэг дүү хүмүүс л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа манай сургуулийн хөгжмийн багш байлаа. Монголын анхны долоон генералын нэг Гончигийн Дагдан хурандаа цолтой захирал нь байлаа. Батлан хамгаалах яамны сайд байсан Монголын домог болсон генералуудын нэг Лувсангийн Моломжамц, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, хошууч генерал Донойн Бямбаа, Сэнгийн Гомбосүрэн, Гэндэнпил гээд аваргуудын салаан захирагч нь би байлаа. Домог болсон таван генералыг захирч явсан гэхээр сайхан санагддаг. Саяхан Молом (Моломжамц генералыг хэлж байна) бид хоёр эмнэлэгт хамт хэвтээд гарсан.

Офицерийн сургуулийг Маршал Чойбалсан байгуулсан гэдэг. Та Мар­шалыг олонтаа харсан нь мэдээж. Танай сургуулиар ирж байсан уу?

-Тийм ээ, Маршал өөрөө байгуулсан сургууль юм. Анх Гандангийн тэнд дан цагаан байшинд байсан. Маршал өөрөө байгуулсан учир манай сургуулиар хааяа ирнэ. Сүх жанжны гэргий Янжмаа гуай мөн ирнэ. Залуу жанжин гэгддэг Жамьяангийн Лхагвасүрэн ирнэ. Энэ гурван хүн их ирдэг байсан. Сүхбаатар жанжны хүү Галсан нэг хэсэг манай сургуулийн захирал байлаа. Тэр үед Янжмаа гуай байнга ирдэг байсан. 1953 онд сургуулийн 10 жилийн ойгоор бид Маршалын өрөөнд очлоо. Тэр үед Засгийн газрын ордон одоогийн Боловсролын их сургуулийн байранд байсан санагдана. Маршалын өрөөнд орлоо. Хурлын өрөөнийх нь модон ширээнүүдийг улаан одончуу даавуугаар бүтээчихсэн харагдсан. Одоо эргээд санах нь ээ, Маршалын өрөө бусдаас онцгойрох зүйлгүй байсан. Сонсогч хүүхдүүдээ, өнөө хэдэн генерал, хожмын ардын цолтон, хөдөлмөрийн баатруудыг чинь би дагуулж орсон хэрэг л дээ. Тэднийгээ ахалж явсны хувьд Маршалын өмнө номхон зогсоод рапорт өглөө. Чойбалсан гуай товчхон үг хэлсэн. Түүнийг нь би хуучин монгол бичгээр тэр даруй нь буулгаж авсан юм. Маршалын хэлсэн, миний буулгаж авсан тэр үгийг манай сургууль үг, үсэг орхилгүй бичээд ханандаа хадчихсан, хүүхэд бүр цээжилж байсан юм даг. Ингэхэд би Маршалыг 1939 онд Дорноговь аймгийн бага сургуульд байхдаа харж байсан хүн.

Тэр тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Дорноговийн бага сургуульд Маршал зочилж очсон хэрэг. Урьд өмнө хараагүй гоё хар машинтай хүмүүс очлоо. Сурагч биднийг гэрээс гаргадаггүй. Хүүхдүүд болсон хойно сонирхож гэрийнхээ тотгоор өнөө хар машинтай хүмүүсийг сонирхон харж, Маршалыгаа анх гэрийн тотгоор шагайж харсан түүх тэр. Бүрээ дуугарсны дараа гарна шүү гээд сургуулийн захирал мэдэгдсэн байв. Удаа ч үгүй бүрээн дуу тасхийлээ. Бид ч гүйлдээд гарав. Маршал хүүхэд бүртэй дотночилж гар барьж байсан. Зүгээр гар бариад өнгөрөх биш хүүхдүүдийг нарийн гярхай харж, хувцас хунарыг нь ажиглаж байсан. Маршалын нүдэнд хэд хэдэн хүүхэд өртсөн юм. Тэдний эсгий гутал цоорч жийрэг нь цувсан байсныг Маршал анзаарч, сургуулийн захирлыг загналаа. Тэгээд Сүрэнжав гэдэг хүнд хандан гутал нь цоорхой хүүхдүүдийн тоо аваадах гэв. Өнөө Сүрэнжав нь нэг, хоёр гээд гараараа дохиод тоолж эхэлтэл Маршал “Чи ямар мал тоолж байгаа юу. Командалж зогсоогоод өөрсдөөр нь тоолуулаач” гэж сүрхий уурлаж билээ. Бидний зургийг Дэмбэрэл гэж алдартай кино оператор авч байсныг сүүлд мэдсээн. Тэр зураг кино хальсанд үлдсэн байдаг. Маршалын тухай түүхэн кино зураг гарахад дорно дахины нэртэй академич болсон Ишжамцын дүр сүрхий тод харагддаг юм. Хүү нь Сэргэлэн гээд Архивын газрын дарга байсныг хүмүүс мэднэ байх.

-1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцсон түүхтэй. Та тэрхүү багийн бүрэлдэхүүнд спортын эмчээр явж байсан гэдэг?

-Анагаахын сургууль одоогийн Их сургуулийн харьяа Хүн эмнэлгийн факультет гэж байхад нь би суралцаж байсан. Офицерийн сургуульд байж байгаад орсон учир хөгшин оюутан байсан. Манай ангиас хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав тэргүүтэй Монголын анагаах ухааны нэртэй эмч нар төрсөн байдаг. Тус сургуулийн гуравдугаар ангид байхад Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ядамсүрэн гэж хүн “Нөхөр минь чи спортын хүн. Спортын эмнэлгээр дагнан, сурч боловсрох хэрэгтэй байна” гээд юугаа ч мэдэхгүй оюутныг Москвад болсон дэлхийн биеийн тамирын эмч нарын курст улсын зардлаар явуулчихдаг юм.Ингээд тус курсыг төгсч ирээд биеийн тамирын төв зөвлөлд эмчээр ажилласан.

Токио, Мехико, Мюнхений гурван олимпод Монголын баг тамирчдын эмчээр ажиллах алтан хувь заяа надад тохиосон юм. Тэдгээрийг он дарааллаар нь ярина гэвэл урт түүх болно. Жаран дөрвөн оны Токиогийн олимпод манайх чөлөөт бөх, дугуйн спорт, хөнгөн атлетик, буудлага, гимнастик гэсэн төрлүүдээр оролцож байсан. Чөлөөт бөхөд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа нарын нэртэй тамирчид оролцож байсан. Тэдэнд би ойр зуурын эм тариа өгнө, иллэг массаж хийнэ. Бусад төрлийн тамирчдад ч ялгаагүй эрүүл мэндийн ямар үйлчилгээ хэрэгтэй байна, түүнийг нь хийнэ. Нэг инээдтэй гэмээр дурсамж хэлье л дээ.

Тэгээч хө?

-Жаран найман оны Мехикогийн олимпийн үе. Тэр үед зөвлөлтийн мэргэжилтэн Богданов гэж эмч манай тамирчидтай хэсэг хугацаанд ажилласан юм. Мань нөхөр зөвлөлтөөс нэг ч эм тариатай ирээгүй. Харин гаднын үзэгдэж харагдаагүй витамины гоёмсог хайрцаг хэд хэдийг авчирсныг нь би мэднэ л дээ. Богданов надаас C витамин авч тэдгээр хайцагнуудад хувааж хийснээ “Гагарин сансарт нисэхдээ энэ эмийг ууж байсан юм гэдэг” гээд манай хэдэд өгдөг байгаа. Би ч учрыг нь мэдээд чимээгүй байлаа. Ингээд олимпод оролцохоор Мехикод ирчихлээ, Мөнхбат маргааш нь барилдах гээд байж байтал өнөө “Гагарины эм” нь алга болчихож. Бөөн уур бухимдал. Нэг нь хусчихгүй юу. Манай хүн чинь уурлахаараа хамар дээр нь хэд хэдэн атираа үүсээд сүртэй шүү дээ. Маргааш барилдана гэж байтал эм алга гээд сүйд. Тэгэхээр нь би Мөнхбатад “Богданов буцахдаа надад хэдийг үлдээсэн юм. Хэрэгтэй үед наад хэддээ өгөөрэй гэсэн юм” гээд C витаминаас хэдийг өгчихлөө. Ингээд Мөнхбат маань Америкийн алдарт бөх Пэкхэмийг ялж мөнгөн медалийн эзэн боллоо. Эх орондоо анхны мөнгөн медалийг авчирлаа гээд бид бөөн баяр хөөр болсон нь мэдээж. Барилдаан дууссаны дараа аварга хэлж байна. “Тарваа эмч ээ таны өгсөн эмийн хүчинд л яллаа шүү дээ” гэв. Сүүлд би Мөнхбатад учрыг нь хэлээд сүвээ рүүгээ нэг айхтар хатгуулсан даа.

Сайнцог хурандаа нэгэнтээ “Монголын тамирчдаас хөнгөн атлетикийн Тарваа гуайг хайрлан хүндэтгэдэг. Энэ хүн миний хүүхэд ахуй цагийн шүтээн. 1958 онд 10 мянган метрийн холын зайн гүйлтэд түүний тогтоосон рекордыг наяад оны дунд үед л эвдсэн. Нэртэй тамирчнаас гадна спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их зүйл хийсэн гарамгай зүтгэлтэн” гэж хэлсэн нь бий. Тэгэхээр та олон хүний шүтээн болсон хүн. Цана, хөнгөн атлетикийн спортод үзүүлсэн амжилтаасаа дурдахгүй юу?

-Ерэн насны өндөрлөгт хүртлээ зүтгэхдээ спортоос бие, сэтгэл салгасангүй. Чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик, цана, дугуй, гимнастикийн алтан үеийн тамирчид намайг багш аа, эмч ээ, зарим нь дасгалжуулагчаа гэдэг. Би чинь 1943 оноос хөнгөн атлетикаар хи­чээл­лэж эхэлсэн. Б.Даш, Ж.Гом­босүрэн, Л.Чимиддорж, Ч.Най­дан гээд нэртэй дасгал­жуулагчдын удирдлагад бэлтгэл сургуулилт хийдэг байв. Хөнгөн атлетикийн төрөлд 30 шахам удаа рекорд шинэчлэн тогтоосон. 1953 онд холын зайн 10 мянган метрийн төрөлд 31 минут гүйсэн амжилт үзүүлж, улсын рекордыг шинэчилсэн. Энэ амжилтыг 1983 он хүртэл Монголын шигшээгийн тамирчид эвдээгүй юм. Харин Сэрээтэр гэж хүн 30 минут болгож эвдсэн бол сүүлд Сэр-Од гавьяат маань 29 минут болгож дэлхийн жишигт хүргэсэн. Хөнгөний анхны шигшээ багт дархан аварга Ш.Батсуурь, хурц арслан Ц.Бадамсэрээжид нар байсан. Шидэлтийн тамирчид юм. 1948-1962 он хүртэл цанын спортод тасралтгүй амжилт үзүүлсэн. Ууган мастеруудын нэг л дээ. Зундаа хөнгөнөөр гүйгээд намрын улиралд дугуй, өвөл цана, бусад үед нь гимнастикаар хичээллээд жилийн дөрвөн улиралд өөрийгөө сорино. Түүний буян юм байлгүй, ерэн настай надад өвдөх өвчин гэж алга. Одоо мөн ялгаагүй жуулчидтай дугуй болон мотоциклийн аялал хийгээд явж байна.

Монголын дугуйчид Бээжинд анх очиж Майн баярын жагсаалд ороход та явсан түүхтэй?

-200 гаруй хүн явна гэж өргөдөл гаргаснаас 12 хүн явж байлаа.Төв хорооны орчуулагч Тэшээжалбуу, Лувсанчүлтэм, Дотоод явдлын яамны Бат-Очир гээд албаны хүмүүс байсан. 1953 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Хоолтын давааны наахна хоноглолоо. Тэгтэл шөнөдөө битүү цас дараад хонодог байгаа. Босоо орхисон дугуйнууд бүгд унаад зөвхөн бариул нь харагдаж байж билээ. Буцъя гэхэд буцаж болохгүй. Биеийн тамир спортын хорооны дарга Жигмэддорж машинтай араас давхиж очин яв гэсэн тушаал өгсөн. Хоол хүнс ачсан ГАЗ-53 машин биднийг дагана. Монгол Хятадын хооронд биеийн тамирын найрамдалт харилцаа тогтоосны анхны уулзалт тэр юм. Хятадын Соёлын хувьсгал гараагүй байсан үе шүү дээ. Замын-Үүдийн хил дээр хүрээд очлоо. Хилийн баганын наана Монголын нутагт ганцхан бор гэр бөөвийтөл байж байна. Харин хилийн цаана эмнэлгийн тэрэг, усны машин гээд арав гаруй машин эгнээд зогсож байна. Хуучин манай нутагт байсан Цагаан-Овооны сүмийн үүдэнд хятадууд биднийг найрсгаар угтсан. Цагаан хэрэм, Жанчхүүгийн давааг тэгж л дугуйгаар давж байлаа. Майн баяраар Хятадын төв талбайд бид дугуйтайгаа жагссан. Монголын дугуйчид жагсаалд оролцож байна гэж зарлахад Мао Зедун дарга бидэн рүү гараараа даллаад элгэмсгээр мэндчилж байлаа. Мөн далан зургаан оны өвөл Хиагтаас Улаанбаатар руу цанаар явж байсан түүх ч бий. Энэ мэт Монголын спортын хөгжил дэвшлийн замд олон түүхийн гэрч болж дээ, өвгөн ах нь.