Categories
мэдээ улс-төр

Мөнгөний бодлогын талаар хэлэлцэнэ

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал;
  • Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлт;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай.
Categories
мэдээ нийгэм

Цагдаа нарт хариуцлага тооцжээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд амарч, зугаалж явахдаа нэгнийнхээ амь насыг хөнөөсөн гэх дуулиан дэгдээд байгаа билээ. Тодруулбал, тус газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Налайхад байрлах амралтын газар очиж амарч байхдаа, нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тус хэлтсийн ажилтан Х-гийн амь насыг хамт ажилладаг Ө гэгч цагдаа хөнөөсөн талаарх мэдээлэл байна. Тэгвэл хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр Ө-г сэжиглэн баривчилж, цагдан хорьсон байна. Уг хэрэгт прокурорын байгууллагын хяналт дор ЦЕГ-ын Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн аж. Уг хэрэг гарсантай холбоотойгоор ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батдэлгэрт цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар торгож, албан тушаалыг нь бууруулахаар, тус хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батзаяад мөн цалингийн хэмжээг зургаан сарын турш 20 хувиар торгож албан тушаал бууруулахаар шийтгэл оноожээ. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд зааснаар цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг төрийн албанд ажиллах эрхийг нэг жил хүртлэх хугацаагаар хасч, ажлаас нь халсан бол жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батсуурийн цалингийн хэмжээг зургаан сарын турш 20 хувиар бууруулж, албан тушаал байрыг өөрчлөх,тус газрын бичиг хэргийн ажилтан цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуянг мөн төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хязгаарласан байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Айлгах аавтай арслангийн зулзага

Хорвоо дэлхий
уудам ч хүний амьдрал шүдэнз зурахын төдий гэдэг. “Зөв л явах юмсан” хэмээн хүмүүс
сэтгэх авч үүндээ хүрэх гэж тэмүүлдэг нь хэд бол. Таван настай хүү маань саяхан
“Би айлгах аавтай арслангийн зулзага мөн тийм ээ” гэлээ. Би ч “Айлгах аавтай арслангийн
зулзага мөн өө” хэмээн тоомжиргүйхэн хариулчихаад телевизийн суваг сольсон юм. Төд
удалгүй нэг цаасан дээр аав, ээж, өөрийгөө болон дүүгээ томоо гэгчийн бурханыг гараасаа
хөтлүүлэн зурсан зураг аваад ирлээ. “Арслангийн зулзага нь гэр бүлээ зурчихаад ирлээ”
гэж байна.

“Бурхан манай
гэр бүлийн гишүүн. Манайхан гоё амьдарч чадвал энэ бурхан шиг мундаг болно. Зөв
л амьдрах юмсан” хэмээн хэзээний том хүн шиг ярих аж. “Тийм ээ, бид зөв амьдарч
байна” хэмээн дотроо бодож явдаг ч үнэндээ зөв яваагаа мэддэгсэн билүү. Бидний гишгэсэн
мөрөн дээр гишгэж, бидний гараас зүүгдэн эрийн цээнд хүрэх үрсдээ л ядаж зөв байхсан.
Үнэнийг худал гэж хэлэлгүй, үйлдлээ ядаж цэнэж чаддаг билүү.

Магадгүй
бурхан биднээс баян явсан уу, хэдэн байртай байсан бэ гэж лав л асуухгүй. Зүдэрсэн
нэгэнд тусалж чадсан уу гэж асууна. Өнгөтнөөр цалгиж, хэдэн орноор зугаалав гэж
асуухгүй. Өрөөлийн өмнө хүлцэнгүй явсан уу гэж асууна. Бусдын нүдэн дээр уйлж явсан
уу, дуулж явсан уу гэж асуухгүй. Харин эсрэгээрээ хичнээн хүний нулимсыг арчиж өгсөн
бэ гэж асуухад хүрвэл юу гэж хариулах бол. Гишгэсэн мөрнөөс нь цэцэг дэлгэрдэггүй
юмаа гэхэд гишгэсэн мөрийг нь үр хүүхдүүд минь хараад баярладаг л байгаасай. Үр
минь үлдэх хорвоо гэдгийг санаж зөв амьдрах юмсан.

Цаана чинь
“Айлгах аавтай арслангийн зулзага”-нууд биднийг л харан хүмүүжиж байгаа шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ

Дэлхийн хөгжил дэвшил, техник технологийн түүхэн эрин үед монголчууд бид дэндүү хоцрогдмол, бүдүүлэг аж төрцгөөж байна. Мэдээллийн хурд санаанд багтамгүйгээр өндрөө авч, хүмүүний оюун ухаанаас ундарч буй танин мэдэхүйн шинэ шийдэл-нээлтүүд цаг минутаар хэмжигдэн ар араасаа давалгаалж байхад монгол хүн хониныхоо зунгагтай зууралдаж байна. Соёлт хүн төрөлхтөн аз жаргалтай, амар амгалан, иргэнээ жинхэнэ утгаар нь хайрласан хүнлэг нийгмийг хамтдаа бүтээж буй.

Гэвч Азийн Монголыг нүүдлийн мал аж ахуй нь тэр дундаа хонин сүрэг нь хоцрогдмол, бүдүүлэг, өрөвдмөөр харагдуулаад байгаа юм. Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан санагддаг. Ухаандаа бор, шар нүдтэй. Номхон, томоотой. Харин манайхаас өөр улс оронд хонийг үнэндээ тоодоггүй. Мэдээж хүнсэндээ хэрэглэнэ. Гэхдээ сүүлийн үед Европын болоод өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон. Орчин үеийн шинжлэх ухаан тэгж нотолсон учир бараг л дэлхий нийтээрээ хонины махнаас татгалзсан. Монголчууд бид нэгэн хэвийн амьдрал, хэв загвараасаа салдаггүй, сэтгэлгээгээ өөрчлөх дургүй болохоор холестеринтой махаа “Монгол хүний биед сайн, олон жил идсээр ирсэн. Муу юм болоогүй” хэмээн өөрсдийгөө зөвтгөн идэж, өдөр тутмынхаа хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг.

Үүний уршиг нөлөө байлгүй, сүүлийн үед монголчуудын дунд сахарын өвчлөл ихэсч, хүний гол эрхтэн болох зүрх судсанд шууд нөлөөлөх болсон. Анагаах ухааны нэртэй эрдэмтэд, зүрх судас болоод чихрийн шижингээр дагнасан эмч нар энэ тухай амаа цангатал ярьж байгаа. “Манай иргэд холестерин, ханасан өөхний хүчил ихээр агуулсан хоол хүнс өдөр тутам хэрэглэх болсон нь зүрх судасны өвчлөлд гол нөлөө үзүүлж байна” гэж анагаах ухааны доктор, зүрх судасны их эмч Н.Одгэрэл хэлснийг жишээ болгоё. Мөн “Холестерин ихээр агуулдаг гээд гадныхан хонины махыг хүнсэндээ хэрэглэхээ больсон. Харин манайх л хэрэглээд байгаа юм” хэмээн мастер тогооч Н.Батчулуунаас аваад мэргэжлийн, салбар бүрийн хүмүүс санаа бодлоо хэлсээр ирсэн.

Монгол хүн холестериноор баялаг хонины махаа идсээр наслалтын хувьд жараас хол хэтрэхгүй байгаа нь хатуу үнэн юм. Соёлт хүн төрөлхтөн өнөөдөр хоол хүнсэндээ далайн бүтээгдэхүүн, үхэр, гахай,тахианы мах хэрэглэж дундаж наслалт нь наяас дээш үзүүлэлттэй байгаа. Зөвхөн хоол хүнсний хэрэглээнээс анзаарахуйд Монгол болоод гадны улс орнуудын иргэдийн ахуй амьдрал ямар том зөрүүтэй гэдэг нь хэнд ч ойлгогдохоор. Монголын тал нутгаар дэлхэн бэлчээрлэж буй хонин сүргийн мах нь ийнхүү зүрх судасны өвчлөлийн гол эх үүсвэр юм байна. Бусдаар ямар ашиг нөлөөтэй билээ гээд бодъё л доо. Ноосыг нь аваад үзье. Нэг килограмм ноос зах зээлд ердөө 300-400 төгрөгийн үнэ хүрч байгаа. Хуучин цагт ноосны үүлдэр угсаа гээд сүрхий яригддаг байсан. Одоо бүр чимээгүй болж. Арав гаруй жилийн өмнө буюу 2003 оны Засгийн газрын “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т нарийн, нарийвтар ноост хонины тоо ерэн оныхтой харьцуулахад 82-89 хувь хүртэл буурсан. Орхон, Ерөө, Жаргалант, Сүмбэр үүлдрийн ноосны чиглэлийн хонь үлэмж хэмжээгээр цөөрснийг тэмдэглэсэн байдаг.

Ноос нь үнэгүй, дээрээс нь арьс нэхий нь (2000 орчим төгрөг) үнэгүй. Тэгэхээр Монголын нутагт хамгийн ихээр тархан оршиж байгаа хонь юугаараа үнэ цэнтэй болж байна вэ. Ямар ч үнэ цэнгүй байгаа биз дээ. Хэнд, юунд хэрэгтэй гэж бид хонийг үй түмээр нь өсгөн үржүүлэх болов. Өнгөрсөн оны мал тооллогоор Монгол Улс 23.2 сая толгой хонь тоолуулсан. Өмнө оныхоос 3.1 сая толгойгоор өссөн гэх мэдээ гарсан. Энэ жил бас л тийм хэмжээнд өссөн байж таарна. Ингээд бодохоор манайд хонь гэдэг амьтан арай дэндмээр, хэтэрхий олон байна. Тоо толгойг нь багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан цөөрүүлэх хэрэгтэй болжээ. Холестерин ихтэй, хүний биед хор болж байгаа махыг сүүлэнд нь шингээх, хуучны ууцан сүүлт гэдэг шиг тийм үүлдрийн хонийг бий болгох нь зүйд нийцнэ.

Дэлхийн улс орнуудад сурч боловсорсон, багагүй хугацаанд ажиллаж амьдарсан, хөгжил дэвшлийн түүчээ соёлт нийгмийг үзэж бахадсан хүмүүс Монгол нутагт буухад шууд л хонины зунгаг үнэртдэг гэдэг. Тал нутгийн салхи савир, хөндий хээр, ус голоос хонины шээс шингэг, шавхай үнэндээ нэвт шувт ханхлах нь ойлгомжтой шүү дээ. Дээрээс нь жилийн дөрвөн улиралд хараа салгалгүй хонио дагасан малчид нэг л аз жаргалгүй, гиюүрсэн, гансарсан, уйтай харагдах нь бий.

Өөрсдөд нь жаргаад байгаа юм шиг санагддаг байх. Гэвч тэд хэзээ ч аз жаргал гээчийг амсдаггүй. Аз жаргалтай байхын эх үндэс нь сэтгэлийн амар амгалан юм.

Малынхаа хойноос сөртөн сөнөөстэй мөнхөд харуулдаж, олон малтай хэмээн бусдад ад үзэгдэж, гол төлөв ганц гэрээрээ ганьхарч яваа хүмүүст сэтгэлийн амар амгалан гэж яаж ч байх билээ дээ.

Малчдын гансармал, уйтай, жаргалгүй дүр төрхийг эрүүл саруул нүдээр харж, ухаалгаар тунгаахад монголчууд бид чинь малтайгаа зүй бусаар харьцдагаас болоод малын хараал хүрсэн юм биш байгаа гэх бодол төрдөг юм. Тэгж бодох шалтаг шалтгаан захаасаа аваад байна. Жишээлбэл, манай малчид хонио тэжээлээр бэлтгэн дулаан оромжинд байлгадаггүйгээс хэдэн саяар нь хөлдөөж, осгоож, өлсгөж алдаг. Амьтныг амьдаар нь хөлдүүс болгон, харсаар байтлаа өлсгөж ална гэдэг хүн төрөлхтний энэрэнгүй хүнлэг нийгэмд хамгийн харгис зүйл. Амьтны амь хариуцаж буй гэдгээ ухамсарлан үүрэг хариуцлага хүлээж сураагүй учир өвөл, хаврын өвс тэжээлийг сайтар базаана гэж үгүй. Хахир өвлөөр хэдэн малдаа ёр юм шиг хатуу ханддаг нь хачирхалтай. Мөн идэр есийн тэсгим хүйтэнд урдаасаа онгорхой, салж унах гэсэн хэдэн саргар хашаа бүхий хөлдүүс оромжинд малаа амьдаар нь хатаадгийг үнэндээ ойлгодоггүй. Битүү модон хашаа янгинатал бариад өгчихөж яагаад болдоггүй юм бол.

За тэгээд адуу сургана гэж амьдын там бий. Чихийг нь тас мушгиад, хамар уруулыг нь дарвайтал цорводоод, дөрвөн мөчийг нь тэлээд, амыг нь урж цуу цуу татаад, хэдэн талаас нь тархи толгойгүй нүдэж байж уналганд сургадаг. Амьтныг амьтан болгож “шок”-нд оруулж байж сая эрхшээлдээ оруулна. Үхрийг хөллөгөөнд сургахдаа мөн ялгаагүй. Хамрыг нь цуу татан дөрлөөд, нойтон хусан мунаар хавирга, нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг. Гэтэл бусад улс оронд, соёлт нийгэмд тэс өөр байх юм. Адуу малтайгаа бүр унага, тугалнаас нь найзалж нөхөрлөх юм. Нялх унаганаасаа найзалж нөхөрлөсөн, илүүлж таалуулсан адуу эзнийхээ хамгийн дотнын найз нь юм шиг араас нь даган шогшиж, хүзүү толгойгоо өгч, ээнэгшин эрхэлнэ. Монголтой адилхан адуу мал шүү дээ. Манайхны адуу бол эзнээсээ сулрангуутаа дайснаасаа зугтаж байгаа юм шиг хар эрчээрээ алга болдог. Бараа сураг нь үзэгдэхгүй болно. Ингэж монголчууд малдаа дарангуйлагчаар хандаж, амьдаар нь хөлдүүс болгон тамласны эцэст малын хараал хүрсэн юм биш байгаа даа.

Дэлхий нийтээрээ глобалчлагдаж буй хөгжил дэвшлийн эрин үед бид бусад улс орнуудын адил аз жаргалтай, аливаад санаа зовох зүйлгүй урт удаан насалж, сайн сайхан амьдармаар байна. Тийм цаг нэгэнт ирсэн. Аз жаргалтай, хөөр баяртай тэгш дүүрэн амьдрахын тулд бид тамын малнаасаа, ялангуяа шивтэр шээг, зунгаг ханхалсан хониноосоо салах хэрэгтэй. Тэгж байж хөгжил дэвшилд хүрнэ. Сэтгэл амар, нуруу тэнэгэр амьдарна. Малын буян ирнэ гэж хичнээн жил ярив, одоо больё. Дээр өгүүлсэнчлэн тоо толгойг нь эрс багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан суурин аж ахуйд шилжих нь хамгийн зөв зам болоод байна. Цаг үргэлж араас нь харуулдан ганьхарч, сэтгэлийн хар тамд унаж, өвлийн тэсгим хүйтэн хаврын шуурганд хамт осгож буяныг нь эдлэх шив дээ “Ам тостдог мал амь тасддаг болжээ” гэж Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаа нэгэнтээ бичиж байсан. Үнэхээр амьдын там болсон мал ам тостох биш, амь тасддаг болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Алтан тариа”-н захирал П.Цэнгүүн “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаараас тоймлон хүргэе. Сонины тэргүүн нүүрт Стастикийн үндэсний хорооноос өнгөрсөн есөн сарын нийгэм эдийн засгийн байдлын талаар хийсэн мэдээлэл гарлаа. Энэхүү мэдээллээр ажилгүй иргэдийн тоо эрс өссөн болохыг онцолж байна. Мэдээллийн үргэлжлэлийг IV нүүрнээс уншаарай. Түүнчлэн тэргүүн нүүрт “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүний сонирхолтой ярилцлага орлоо. Тэрбээр “Өмнөх сайд нар хоёулаа газартай, тариа тарьдаг аж ахуйтай. Бас гурил талхны үйлдвэрүүдтэй. Өөрөөр хэлбэл хоёулаа ашиг сонирхлын зөрчилтэй улс. Төрийн хуваарилж байгаа асар их мөнгө рүү хувийн ашиг сонирхлоороо орчихсон сайд нар. Тийм учраас тариаланч, гурил үйлдвэрлэгчидтэйгээ хамт идэж, дээрэмдэж, тоноод явсан” хэмээн ярьжээ. Ярилцлагын үргэлжлэлийг XIII нүүрнээс унших боломжтой.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа тус сонины нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Барилдаад юм уу бахиралдаад баян амьдардаг бол сайхан л юм” нийтлэл нийтлэгдэв. Харин VI нүүрт цагдаа цагдаагийн албан хаагчийнхаа аминд хүрсэн хэргийн талаарх мэдээлэл гарлаа. Тэгвэл XII нүүрт Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн ярилцлага орсон юм. Нэрт жүжигчин Н.Батцэцэг ойрын үед хэвлэлд ярилцлага өгөөгүй. Тэгэхээр түүний ярилцлагыг өнөөдрийн дугаарс унших боломж гарлаа.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээлэл, цаг агаар, зурхай, валютын ханш зэрэг өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл өнөөдрийн дугаарт бий. Та бүхэн өглөө бүрийг “Өдрийн сонин”-той угтаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү гишүүний үйлдлийг “Өдрийн сонин” өөр өнцгөөс бичлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын асуудлаар Нийслэлийн Прокурорт ханджээ. Түүнийг “Сайдын цаг”-ийг ашиглан өөрийнх нь нэр хүндэд халдсан, гүжирдэж гүтгэсэн тул шалгуулахаар шийдсэн гэнэ. Бас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг байнгын хорооны даргын хувьд жийп машин унадаг гэж хэлсэнд нь ихэд бухимдаж байгаагаа илэрхийлэв. Эрхэм гишүүн маань өөртэйгөө адилхан УИХ-ын гишүүдийн хэлж ярьсанд нь дургүйцсэн тул шалгуулахаар шийджээ. Тэгэхээр Их хурлын гишүүд хэлж ярьсандаа буруутаж, хариуцлага хүлээдэг болж байгаа юм байна. Үүнээс нь аваад үзэхээр “Би үхэхээс айдаггүй. Үхэл миний хувьд шагнал” хэмээн хэвлэлээр зарласан тэрбээр үхэл мөхлийн талаар сурталчилсан гэдэг утгаараа мөн л хариуцлага хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Түүний хийсэн дээрх мэдээллийг “Өдрийн сонин” өөр өнцгөөс харж бичиж байна.

Маргаашийн “Өдрийн сонин”-ы дугаараас асуудал ямар өнцгөөс харагдаж байгааг уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан тариа”-н П.Цэнгүүн “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

Энэ жил тариаланчдын хувьд асар их алдагдал хүлээсэн, үр тарианыхаа бараг 80 хувийг алдсан зэрэг зовлонг ам нээх бүртээ хэлэх болсон. Тэгвэл тус салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компанийн нэг “Алтан тариа”-н захирал П.Цэнгүүн цаг үеийн асуудлаар “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Тэрээр өмнөх сайд нарын үед хэл үг гараагүй хэр нь Р.Бурмаагийн үед яагаад маргаан дэгдээд байгаа юм бол гэсэн сэтгүүлчийн асуултад “Өмнөх сайд нар хоёулаа газартай, тариа тарьдаг аж ахуйтай. Бас гурил талхны үйлдвэрүүдтэй. Өөрөөр хэлбэл хоёулаа ашиг сонирхлын зөрчилтэй улс. Төрийн хуваарилж байгаа асар их мөнгө рүү хувийн ашиг сонирхлоороо орчихсон сайд нар. Тийм учраас тариаланч, гурил үйлдвэрлэгчидтэйгээ хамт идэж, дээрэмдэж, тоноод явсан. Гэтэл гэнэтхэн нэг ч га газаргүй, нэг ч ширхэг үйлдвэргүй эмэгтэй сайд гараад ирэхээр дээрэмдэж, тоноод байсан хүмүүст таалагдах уу” хэмээн хариулжээ. Түүний цааш юу гэж ярьсныг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас та бүхэн уншаарай. Манай сонины маргаашийн дугаарыг шуудангийн бүх салбар, сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай.

Categories
мэдээ нийгэм

Математик, физикийн уралдаанд түрүүлсэн суралцагчдыг БНСУ-д суралцуулна

Шинжлэх ухаан технологийн чиглэлээр
БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад оюутан, сурагч
элсүүлэн суралцуулах уралдааны шалгаруулалтыг ШУТИС-ийн Ахлах сургууль
зохион байгуулах гэж байна. Тус уралдаан математик, физикийн төрлөөр
зохион байгуулагдах юм. Математикийн уралдааныг хоёр дахь удаагаа зохион
байгуулах бол физикийн уралдаан анх удаагаа зохиогдох юм байна.

Энэхүү уралдаанд Монгол Улсын их дээд
сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн
сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдах ажээ.
Уралдаанд оролцогчдын бүртгэлийг энэ сарын 5-наас ШУТИС-ийн Ахлах
сургууль дээр бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 25-нд дуусах юм
байна. Зохион байгуулагчид “Монголын Улсын Шинжлэх ухаан, технологийн
салбарт шилдэг тэргүүний боловсон хүчинг нэмэгдүүлэх” зорилготой гэж
онцолж байна.

Математик, физикийн уралдаан тус бүрт
эхний гурван байрт шалгарсан оюутан, сурагчдыг БНСУ-ын Улсан хотын
Шинжлэх Ухаан Технологийн Институтад 100 хувийн тэтгэлгээр элсүүлэн
суралцуулах ажээ. Мөн уралдаанд шалгарсан оюутан сурагчдад алт, мөнгө,
хүрэл медаль, мөнгөн шагнал дагалдах юм байна. Уралдаанд шалгаруулалтын
мэдээллийг http://musthighschool.mn/ цахим хуудсаас авах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын циркчдийн их наадам болно

Монгол
улсад циркийн урлаг хөгжөөд 75 жил болжээ. Тиймээс циркийн уран
бүтээлчид түүхэн ойгоо энэ жил тэмдэглэх болсноо хэвлэлийнхэнд
дуулгалаа. Энэ үеэр үзэгчдийн тоог нэмэх, циркийн урлагийг олон нийтэд
сурталчлах зорилготой аж. Ирэх сарын 12-нд анхдугаар наадамд эхлэх
бөгөөд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут,
Буриадын циркчид оролцох юм байна. Тус наадамд залуу уран бүтээлчид
түлхүү оролцож байгаа нь бусдаас ялгарах онцлог гэдгийг зохион
байгуулагчид онцоллоо. Түүнчлэн дээрх орны циркчдийн үзүүлбэрийг
шалгаруулан нэг, хоёр гуравдугаар байр эзлүүлэн шагнах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд хотын татварыг эсэргүүцэж байна

Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдээс
нэг хувийн татвар авах хуулийн төслийг санаачилж, батлуулсан. Энэ
хуулийг НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүчтэй эсэргүүцэж байсан ч эрх
баригчид хүчээр зүтгэсээр байгаад баталсан. Тэгвэл хөрсөнд буугаагүй
хууль эхнээсээ иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ талаар нийслэлийн
зургаан дүүргийн нутагт 30 гаруй мянган иргэдийн дунд судалгаа явуулж
санал асуулгыг нэгтгэхэд иргэдийн 95.9 хувь нь хотын татвар нь цагаа
олоогүй, буруу шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ судалгааг
Нийгмийн сэтгэлзүйч залуучуудын Асхис холбооны дэргэдэх Залуу судлаачдын
баг хийсэн юм байна. Олон нийтийн санаа бодол ийм байна гэдгийг
танилцуулж, НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд
хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн мянга, мянган иргэдийн төлөөлж
Иргэдийн хуралд суугаагийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед
иргэдийнхээ нуруунд ачаа нэмсэн хотын татварыг энэ хэвээр нь дэмжихгүй
гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын бүлгээс архи, тамхи,
согтууруулах ундаанд нэг хувийн татварыг хэвээр үлдээж, баар, ресторан,
зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд 0
хувийн татвар авах төслийг дахин өргөн барихаар зэхэж буйгаа дуулгалаа.