Categories
мэдээ соёл-урлаг

”Дэлхийн залуу циркчдийн анхдугаар фестиваль” болно

Олон улсын циркчдийн “ВУЧИАО” фестиваль есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Циркчдийн дунд “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч “ВУЧИАО” мөнгөн цомын эзэд болжээ.

Харин энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын Үндэсний циркийн манежнаа “Дэлхийн Залуу циркчдийн анхдугаар фестиваль” болох ба тус тэмцээнд Монголын төдийгүй Орос, Япон, Швейцарь, Буриад, Якут зэрэг 10 гаруй орны залуу жүжигчид авъяас чадлаараа өрсөлдөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цэнгүүн: Чинбат, Цандэлэгийн буудайг ав гэж шахаад хямд гурил үйлдвэрлэх боломж өгөхгүй байна. Эцсийн дүнд ард түмэн л хохирно

“Алтан
тариа” компанийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Тариаланчид,
засаг төр, гурил үйлдвэрлэгчид гэсэн гурвалжин маргаан энэ жил ахиад дэгдлээ.
Яагаад маргаад байдаг юм бол?

-Энэ маргаан
хэзээнээс эхэлсэн бэ гэдэг түүхийг эргэж харах учиртай. Ноднин төв талбай дээр
будаа асгаснаас эхэлсэн юм. Өмнө нь энэ салбарыг хоёр том төлөөлөгч удирдаж
байсан. 2008 оноос хойш Т.Бадамжунай, дараа нь Х.Баттулга сайдаар ажилласан.
Тэр үед ийм эсэргүүцэл гараагүй. Жилийн өмнөөс дэгдсэн энэ маргаанд нэг сайн
тал бий. Атрын гуравдугаар аян өрнөснөөс хойших далд юм ил гарсан. Нуудаг
хаадаг юмнуудаа ард түмэнд үзүүлж харуулж эхэллээ. Атрын гуравдугаар аяныг
эхлүүлсэн зорилго нь ердөө л улс төр шүү дээ. 2008 оны буудайн үнийн өсөлтөөс
хойш Орост найтаахад энд ханиахаа больё, ерөөсөө өөрсдөө дотооддоо тариагаа
тарья гээд энэ аяныг эхлүүлж байсан. Урамшуулал, зээл, тусламж, худалдаж авсан
юмнууд гээд яривал төрөөс бараг нэг их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Асар
их мөнгө. Тэглээ гээд бид өнөөдрийг хүртэл хэрэглээгээ хангаж чадаагүй байна.

Хүнсний хууль
гараагүй үе буюу 2012 он хүртэл гурил,
буудайны худалдаа чөлөөтэй байсан юм. 2012 он хүртэл, төр энэ бизнест
оролцоогүй байх тэр үед гурил, буудайн дээр хэн ч юу ч хэлдэггүй, жагсдаггүй
байсан. Харин Х.Баттулга 2012 онд гарч
ирээд хориг тавьж, квот өгдөг болсон. 2013 онд бас буудай дутах нь гээд 100
мянган тоннын квот гаргаж байсан.
Шийдвэр гаргасан хүн нь мөн л Х.Баттулга. Үсрээд 20-иод мянган
тонныг оруулж ирсэн байх. Тэгэхэд хэн ч
жагсаагүй. Гэтэл 2014 онд Р.Бурмааг гараад ирэнгүүт хориод мянган тонн буудай
импортлох зөвшөөрөл өгчихлөө гээд жагсч эхэлсэн. Яг нарийндаа энэ квотыг өмнөх сайдынх нь үед зөвшөөрчихсөн
байсан.

-Өмнөх сайд
нарын үед хэл үг гараагүй хэр нь Р.Бурмаагийн үед яагаад маргаан дэгдээд байгаа
юм бол?

– Өмнөх сайд нар
хоёулаа газартай, тариа тарьдаг аж ахуйтай. Бас гурил, талхны үйлдвэрүүдтэй.
Өөрөөр хэлбэл хоёулаа ашиг сонирхлын зөрчилтэй улс. Төрийн хуваарилж байгаа
асар их мөнгө рүү хувийн ашиг сонирхлоороо орчихсон сайд нар. Тийм учраас
тариаланч, гурил үйлдвэрлэгчидтэйгээ хамт идэж, дээрэмдэж, тоноод явсан. Гэтэл
гэнэтхэн нэг ч га газаргүй, нэг ч ширхэг үйлдвэргүй эмэгтэй сайд гараад ирэхээр
дээрэмдэж тонож байсан хүмүүст таалагдах уу. Тономоор байна, дээрэмдмээр байна
гээд явах нь ойлгомжтой. Яг нарийндаа дээрэмчдийн бүлэглэл дээрэмчдийнхээ
ахлагчийг сольё гээд яваад байгаа л хэрэг.

-Буудайн дээр
худлаа тоо гаргаж өгөөд илүү урамшуулал аваад байна гэсэн яриа сонсогдох
боллоо. Тийм байж болох уу?

-Ноднин жил
Монгол Улс түүхэндээ байгаагүй их ургац авлаа
гээд өчнөөн юм болсон. Хураасан их ургац нь дэлхийд байхгүй өндөр
үнэтэй, тэр үнээр нь авч хийсэн гурил нь бас үнэтэй, эцсийн дүндээ хэрэглэгчид
өндөр үнэтэй гурил идээд аж төрж байгаа. Ноднин 470 мянган тонн буудай хурааж
авсан гэсэн статистик бий. 350 мянган тонн нь гурилын үйлдвэрлэлд тэнцэнэ гээд
урамшуулал авсан. Тэр үеэс хойш яг нэг жил боллоо. Буудайгаа идээд дуусч байна.
Дахиад статистик харъя. 250 мянган тонн буудайгаар л гурил үйлдвэрлэсэн
байна. Дотоодын үйлдвэрлэгчид 200 мянган
тонн гурил л үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж. Тэгэхээр урамшуулал авсан 100
мянган тонн буудай хаачив аа гэсэн асуулт гарч ирж таарна аа даа.

-Урамшууллын
мөнгө авах гэж худлаа тоо гаргасан гэсэн
үг үү?

-Өөр ямар ч
тайлбар байхгүй.

-Бидний
тарьсан буудайг голоод авахгүй байна гэж ярьдаг нь тэгээд худлаа болж таарах нь
уу?

-Р.Бурмаагийн
хувьд бүтэн жилийн дээрэм тонуулыг л больё гэсэн асуудал ярьсан. Би үүнийг бүр
өмнө нь Х.Баттулгыг сайд болсны дараахан сануулж байсан. “Газар тариалан
болохоо байчихсан салбар. Бор зүрхээрээ, шударга яваа тариаланч, гурил
үйлдвэрлэгчид мэдээж бий. Улсаас асар их мөнгө хуваарилаад ирэхээр но-той
асуудлууд гарч ирсэн нь бас үнэн. Татвар төлөгчдийн мөнгийг зүгээр л идэж уудаг
дээрэм тонуул байна. Үүнийг болиулахгүй бол хөөс үүснэ. Үүссэн хөөс хэзээ нэгэн
цагт хагарна шүү” гэж хэлсэн удаа бий.

-Тэгж хэлэхэд
чинь ямар хариу өгсөн бэ?

-“Тэгье” л
гэсэн. Гэвч болиулаагүй үргэлжлүүлснийг
бид харж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй учраас болиулаагүй хэрэг. Засаг тэгээд зогсоогүй, өмнөхөөсөө долоон дор
Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг юм гаргаад ирчихсэн. Социалист загвартай, төвлөрсөн
төлөвлөгөөтэй. Аймшгийн коммунист үзэл санаа. Монголбанк нь Засгийн газартайгаа
нийлж, зах зээлийн харилцааны эсрэг юм хийнэ гэдэг үнэн хэрэгтээ гамшиг. Тэр
үеэс хойш яг гурван жил өнгөрч байна. Миний хувьд гурван жилийн дараа юу
болохыг харсан учраас танай сонинд нийтлэл бичиж эсэргүүцэж байсан юм. Ийм
учраас би тухайн үед нэг тэрбум төгрөгөөс татгалзсан. Өнөөдөр хар даа, хэнийх
нь үнэн байж вэ. Сая миний онцолсон хоёр субъект нийлж байгаад дөрвөн тэрбум ам.доллар тараачихсан.
Зөвхөн гуриланд гэхэд л 60 тэрбум төгрөг тарааснаас хорин тэрбум нь алга
болсон. Монголын эдийн засаг хямарсан хоёр гуравхан шалтгаан бий. Нэг нь сая
хэлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр. Нөгөө нь найман хувийн хүүтэй орон сууцны
зээл. Үүнээс болж улс орны худалдан авах
чадвар эрс муудсан. Хүмүүст юм худалдан авах чадал алга. Худалдан авах
чадвартай байсан дундаж давхарга нь бүгдээрээ орон сууцны зээлтэй. Засгаас тэр
орон сууцыг нь бариулах гээд барилгын салбарт баахан мөнгө хийгээд хөөс
үүсгэчихсэн. Өнөө хөөс нь аажуухан хагарч байна. Цаашдаа ч хагарна. Үнэ тогтворжуулах
хөтөлбөр дээр сая гурилыг онцоллоо. Бусад бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй.
Тараасан мөнгөний 30 хувь нь байхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн уршгаар
гурил, нефтийн үнээ буулгаж чадахгүй байна.
Яг нарийндаа үнэ тогтворжуулна гэдэг чинь үнийг буулгахгүйн эсрэг
хөтөлбөр.

-Газрын
тосны үнийн уналт үргэлжилсээр байхад
шатахууны үнэ хөдлөхгүй байна гэсэн асуудал ч бий шүү?

-Гурил ч
ялгаагүй. Алтанбулаг дээр очоод харах
хэрэгтэй. Арваад цаг хүлээж хил нэвтрээд
цаахна нь байгаа “Абсолют” гэдэг
дэлгүүрт очоод үзэхэд л андашгүй. Тэнд нэг кг дээд гурилыг 21 рублиэр зарж байгаа. 600-гаадхан
төгрөг гэсэн үг. Гэтэл “Номин”-д
“Алтан тариа”-н дээд гурилын нэг
килограмм нь 1100 төгрөг. Хоёр дахин илүү үнэтэй байгаа биз. Хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас ийм байдалд
хүрсэн. Асар их мөнгийг зээл гэж тараагаад үнэ тогтворжуулах үүднээс
үнэ буулгахын эсрэг бүх зүйлийг хийж байна. Гадаад худалдаа хийх хориг
тавьчихсан учраас үнэ буурахгүй байгаа юм. Гаднаас буудай, гурил оруулж ирэх
хориотой. Дээр нь энэ засаг үндэснийхээ
үйлдвэрийг дэмжиж байна гээд бусад бараанд гаалийн хорин хувийн татвар
тавьчихсан.

-Үндэсний
үйлдвэрээ хамгаалах нь харин ч зөв бодлого биш үү?

-Аль ч улс орон
үндэсний үйлдвэрээ хамгаалсан бодлого явуулдаг. Гэхдээ хэзээ вэ гэдэг асуудал
бий. Европ шиг, Америк шиг амьжиргааны түвшин, худалдан авах чадвар нь өндөр, баян орнуудын хувьд өөр. Гэтэл
монголчуудын 35 хувь нь ядуу. Ийм онцлогтой улсын Засгийн газар нь ядуустаа
үнэтэй гурил, өндөг идүүлэх гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ үнэ тогтворжуулах
хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, гадаад худалдаагаа 1996-2000 он шиг чөлөөтэй
тавьсан бол ингэж хямрахгүй байсан. Тухайн
үед АН засаг барихдаа гааль, НӨАТ-ыг тэглэж байж Монголын эдийн засгийг аварсан.

Монгол хоёр
хөрштэй. Нэгэнд нь баялгаа зарж, нөгөөгөөс нь хэрэглээний бараагаа авдаг. Орос,
Украин хоёрын дунд асуудал үүсээд жил хагас болж байна. Ноднингийн наймдугаар
сараас хойш рублийн ханш унаж, Монголд маш таатай нөхцөл бий болсон. Хойд
хөршөөс хямдхан бензин, гурил, будаа, тос, элсэн чихэр гээд гол хүнсээ авч болох байсан. Гэтэл тэгээгүй.
Монголчуудын хувьд энэ зун Байгаль нуур, Итгэлт хамба гээд Орос руу аялал
жуулчлалаар их явсан. Гэтэл өнөөдөр аялал жуулчлалын сезон дуусчихсан байхад
Оросын хил дээр монголчууд хил гарах гээд бүтэн өдөржин хүлээж байна. Оросын
хил давах гэж байгаа иргэдийн ихэнх нь контрабанд хийх гэж очиж байна.

-Контрабанд
аа…?

-Контрабанд шүү
дээ. Уг нь Оросын хямд барааг компаниуд
оруулж ирээд иргэддээ хямд зарах боломжтой.
Гэтэл засаг нь гаалийн өндөр татвар, квот тавьсан учраас компаниуд биш иргэд нь бараа зөөгөөд байна. Хуучин
нийгмийн үед контрабанд буюу хар зах яагаад үүссэн гэж та бодож байна?

-Бараа нь
хориотой, өндөр татвартай байсан учраас уу?

-Яг тийм. Ерэн
оноос өмнө Монголд гадаад худалдаа хийдэг “Монголимпекс” гээд ганцхан компани
байсан. Хэдэн ширхэг уруулын будаг оруулж ирэхийг хүртэл шийддэг байсан газар.
Гэрийн хороололд амьдардаг нэг нөхөрт 2000 төгрөг байлаа гэж бодъё. Өнөөдрийн
энэ системээс болоод дэлгүүрт ороод нэг кг гурил, нэг ширхэг талх аваад л мөнгө
нь дуусна. Хэрвээ гааль, хоригоо болиод, гадаад худалдааны татваруудаа
бууруулчихвал иргэд нь контрабанд хийхгүй. Хил гарах гэж хэдэн цаг дугаарлаж
зогсохгүй. Компаниуд нь бөөнөөр нь
оруулж ирээд ард түмэндээ хямд хүнс хүргэвэл өнөө гэр хорооллын нөхөр 2000
төгрөгөөрөө хоёр биш гурван бараа авна. Нэг кг элсэн чихэр нэмээд авчихна.
Эцсийн дүндээ хэрэглэгч л хожно. Хориг квот нь байхгүй бол буудайгаа бүү хэл
гурилаа нийлүүлье гэсэн хүмүүс зөндөө байна. Дөнгөж сая, өнгөрсөн долоо хоногт
талхны үйлдвэрүүдэд бага хэмжээний
гурилын квот өглөө. “Өгөөж”-ийн Түмэнгэрэл “Хойно хямд байгаа учраас та нараас
авч чадахгүй нь” гээд хойноос гурил авчирсан. Гааль, НӨАТ-ын 26 хувийн татвараа
төлөөд нэг кг дээд гурилыг 750 төгрөгөөр оруулж ирж байна. Гэтэл надаас 1100
төгрөгөөр авч байсан. Гол логик нь энэ.

-Дэлхийд
гурил, буудайны үнэ ямархуу байгаа вэ. Сүүлийн жилүүдийн үнийн өгсөлт, уруудалт
нь ямар байгаа бол?

-Мэдээж Монголдоо
тариа тарих чухал ч ямар үнэ өртгөөр вэ гэдэг асуудал түүнээс чухал. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр буудайны
үнэ Монголоос хоёроос гурав дахин хямд байна. Ард түмэндээ үнэтэй гурил
идүүлдэг бид тийм баян орон мөн билүү. Үнэнийг хэлэхэд би өндөр үнээр гурил
зарж байгаадаа ичиж байна. Надад гурилаа хямдхан зарах бүрэн боломж бий. Гадаад
худалдаа чөлөөтэй бол хямдхан гурил нийлүүлж чадна. Харамсалтай нь Чинбат,
Цандэлэгийн буудайг ав гэж шахаад хямд гурил үйлдвэрлэх боломж өгөхгүй байна л
даа. Би тэдний буудайг худалдаж аваад гурил үйлдвэрлэж зарж чадна. Эцсийн
дүндээ ард түмэн л үнэтэй гурил идэж хохирно.

Дэлхийн хүнсний
байгууллагаас дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляци буюу индексийг сар бүр
гаргадаг юм. Сүүлийн таван жилийн турш хүнсний бүтээгдэхүүний үнэ унаж байгааг
тэдний гаргадаг индексээс харж болно. Дэлхийн үр тарианы зөвлөл гэж бий. Сар
бүр үнэ, нийлүүлэлтийнхээ статистикийг гаргадаг. Эндээс харахад үр тарианы үнэ
жил ирэх бүр унаж байна. Зүй нь бид үүнийг дагах ёстой. Дэлхий даяар ийм уналт
болж байхад Монголд эсрэгээрээ өсч байгаа нь гажуудал.

-Дундаж
давхарга бултаараа орон сууцны зээл авсан учраас худалдан авах чадвар буурсан
гэдгийн нөгөө талд дундаж давхарга үл хөдлөх хөрөнгөтэй бол хүчирхэгжинэ,
хүчтэй дундаж давхаргатай улс хөгжинө гэсэн тайлбар бас бий…?

-Цаг хугацаа л
үнэн худлыг харуулна. Би гурван жилийн өмнө Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг
эсэргүүцсэн. Гурван жилийн дараа үнэ тогтворжуулах хөтөлбөр энэ улсыг
дампууруулж байна гэдгийг бардам хэлж
байна. Би тэр хөтөлбөрт ороогүй эсэргүүцсэндээ баяртай байгаа. Харамсалтай нь
хөтөлбөрт орсон компаниуд дампуурсан. Жаран тэрбум төгрөг хувааж авсан гурилын
үйлдвэрүүдийн талаас илүү нь дампуурсан. Хаалгаа бариад зугтсан. Үр дүн нь энэ.

-Яг үнэндээ
тариа тарих ашигтай биш, зардалтай гэж ярьдаг. Үнэхээр зардал нь өндөр гардаг
бол хөлсөө урсгаж ургуулсан буудайгаа
хямд өгөхөд хэцүү л юм?

-Больчих.
Дампуурчих. Юмаа зарчих. Авах улс бий. Аливаа ган, зуд маш том боломж авчирдаг.
Энэ хямрал ч гэсэн их том боломж. Шинэ хүчин, шинэ залуус, шинэ санаачилга гарч
ирж ажилладаг учраас хямралыг боломж гэж онцолдог юм. Таримааргүй байна гэхэд
нь албадаж тариулаагүй шүү дээ. Өрсөлдөж
л тарьдаг зүйл. Хойд хөршөөс хямд зарж, өртгөө бага байлгаж чадахгүй бол
болих хэрэгтэй. Дараагийн ээлжиндээ өг л дөө. Хоёрдугаар ээлж хоолонд ороход
бэлэн байна.

-Хэрвээ
биднийг унагавал газар тариаланд орох хүн
байхгүй гэдэг шүү дээ?

-Харъя. Газар нь
өөрөө үнэ цэнтэй. Техник нь үнэтэй. Гурван жилийн дараа байдал ямар болохыг
харъя.

-Жилийн жилд
буудайн чанарын асуудал сөхөгддөг. Энэ жил ямаршуу байна?

-Ургац өндөр
авсан жил буудайн чанар муу байдаг.
Тэжээлийн будаа маш их гардаг юм. Энэ жил ургац багатай, гантай жил.
Гэтэл буудайн цавуулаг 30 хувь байна. Энэ бол хүн төрөлхтний л жамын асуудал.
Ноднин буудайн цавуулаг 24 хүрэхгүй хувь байсан. Харин энэ жилийн хувьд хангалттай. Эсрэгээрээ
цавуулаг нь хэтрээд байгаа. Бидэнд одоо хямдхан, цавуулаг багатай буудай
хэрэгтэй байна. Хольж хийхгүй бол хэт өндөр цавуулагтай, талх хийхээр
хөөхгүй гурил гарна.

-Ургац бага
учраас жилийн хэрэгцээгээ хангаж дийлэхгүй гэж ярьж байна. Хэдий хүртэл гурил
хийчихээр буудай байна?

-Энэ жилийн
хэрэгцээнд бол хүрэхгүй. Сарын дотор ургацын баланс гарчих байх. Тэр үед илүү
тодорхой болно. Гаднаас гурил, буудай
хоёуланг нь оруулж ирэхээс аргагүй.

-Тэдэн сард л
дуусах байх гэсэн төсөөлөл таамаг байна уу?

-Хэдийг авсан бэ
гэдэг нь худал хуурмаг болчихоод байгаа учраас яг таг хэлэхэд хэцүү.

-Ургац дээр
худлаа тоо хэлэх магадлал өндөр гэх гээд байна уу?

-Мэдээж. Тариагүй
юмаа тарьсан гэж ярьж мэднэ. Багцаа таамгаар бол цагаан сар өнгөрөөд л гурил,
буудайгүй болчих байх. Гадаад худалдаагаа чөлөөлөөд, квот хоригийг болиод,
гурван сая хэрэглэгчийг хямд хүнсээр хангая гэж байгаа бол цагаан сарын өмнө шийдвэрээ гаргах
хэрэгтэй. Арванхоёр, нэг, хоёрдугаар
сард гурилд нь ч, буудайнд нь ч зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Тэгвэл энэ жилийн
цагаан сар сайхан болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Алтангэрэл: Ц.Баасандоржийг хэлмэгдүүлбэл хуульчид зүгээр хараад суухгүй, тэмцэнэ

Өмгөөлөгч
Ц.Баасан­дорж Л.Гансүхийн өмгөө­лөг­чөөр ажиллаж эхэлсэн цагаасаа хууль хяналтын байгууллагад шалгагдах болсон.
Жил гаруйн дотор АТГ-аас түүнийг таван
удаа шалгуулсан байдаг. Харин энэ удаад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж
өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэл­тэст шалгуулахаар өргөдөл өгсөн.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүр­гийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн
ерөн­хий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан байдаг. Х.Идэр
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр
түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй
байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар
тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг
шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр
хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж
чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс
Баянзүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүр­гийн эрүүгийн шүүхэд хэр­гийг
шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс
татгалзаж байсан юм. Энэхүү мэдэгдлийг Х.Идэр нэр төрд нь халдсан гэж үзээд
ийнхүү шалгуулахаар гомдол гаргасан. Үүнийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн
авч, цагдаад өргөдөл гаргасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийн эсрэг гомдол гаргаж байгаа талаар
хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Шүүхийн
ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөө­лөгчийг цагдаад шал­гуулахаар шийдвэр
гаргасан байна лээ. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ талаар
ярихын өмнө өмгөөлөгч гэж хэн юм бэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүн ямар нэгэн
хэрэгт холбогдохоос эхлээд мөрдөн байцаагч, прокурор, шинжээч,
цаашлаад шүүх, шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллага гээд маш олон шат дамжлагаар дамждаг. Энэ дунд хүний
эрхийг хамгаалдаг, хүний эрхийг зөрчигдөхөөс сэргийлдэг мөрт­лөө ямар нэгэн эрх
мэдэл эдэлдэггүй субъект гэвэл ганцхан өмгөөлөгч. Тухайн орны хууль хяналтын
байгуул­лага өмгөөлөгч нартай яаж харилцаж байна. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал
ямар байгаагаас тухайн орны хүний эрхийн төлөв байдлыг мэдэх боломжтой байдаг.
Эрүүгийн хууль чангатай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаандаа өмгөөлөгчийн
эрхийг хязгаарладаг улс орнууд нь дарангуйлагч орнууд байдаг юм. Сүүлийн үед
өмгөөлөгч нарын тулгамдаад байгаа асуудал
Ц.Баасандорж өмгөөлөгч дээр тод ажиглагдах боллоо. Өмгөөлөгч
Ц.Баасандоржийн талаар юм л бол цагдаа тайлбар авлаа, шалгуулж байна гэдэг.
Хамгийн сүүлд гэхэд шүүхээс цагдаад өргө­дөл гомдол гаргаж цаг­даад шалгуулж
байна гэх мэдээ­лэл гарсан. Үүнд хуульч, өмгөө­лөгч хүнийхээ хувьд сэтгэл
эмзэглэж хүлээж авсан.

-Ц.Баасандоржийг
ажлаа сайн хийж, АТГ, прокурор, шинжээч нарын
хорхойтой араанд зуугдаж байна гэх хүмүүс ч байна?

-Манайд хууль
тогтоомжтой холбоотой алдаа дутагдал их байгаа нь үнэн. Гэхдээ хуулийг буруу
хэрэглэж бай­­гаа тохиол­дол бүр их байна. Социализмын үед хүн өмгөөлснийхөө
төлөө Төв аймгийн шоронд сууж байсан Яримпил өмгөөлөгч болон өнөөдөр хүн
өмгөөлснийхөө төлөө хэрэг үүсгэгдээд цаг­даад шалгагдаад явж байгаа
Ц.Баасандорж хоёрын хооронд 30 гаруй жилийн зай байгаа боловч манай хууль эрх
зүйн систем хүний эрхийг хамгаалах тал дээр хэрхэн явж байна вэ гэдэг тод
харагдана. Хэдэн жилийн өмнө би ч гэсэн
14 хоног хоригдож байсан. Намайг өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө шүүх 14 хоног
хорих ялаар шийтгэж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг хязгаарлан хааж байсан.
Тэгэхээр Монгол Улсад өмгөөлөгч хүн ажлаа хийх бололцоо байна уу гэдгийг эргэж
хармаар байна. Энэ бол Л.Гансүхийн хэрэгтэй огт хамаагүй зүйл. Зөвхөн
Ц.Баасандорж өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө буруутгагдаж байгаа асуудлыг ярьж
байгаа юм шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ц.Баасандоржийг хохь нь. Ингэх
гээд байсан юм” гэх мэдээлэл гарч байна лээ. Өмгөөлөгчийг шүүхэд шалгуулж
байгаа хэргийг Л.Гансүхийн хэрэгтэй холбож яриад байгаа юм. Ц.Баасандорж гэдэг
хүнд Л.Гансүх гэдэг хүн огт хамаагүй. Өнөөдөр Л.Гансүх гэдэг хүнийг өмгөөлж
байна. Маргааш О.Алтангэрэл намайг ч юм уу. Нөгөөдөр өөр нэг хүнийг
өмгөөлнө. Өмгөөлөгч хүний ажил ийм л
байдаг. Хүнийг хэрэгт орж, хамгийн их
ядарч явах үед хажууд нь өмгөөлөгч л байдаг. Тэгэхээр өмгөөлөгч гэдэг
бол хүний эрхийг хамгаалдаг хүн гэсэн өнцгөөс харах хэрэгтэй байна. Хүмүүс
Ц.Баасандоржийг Л.Гансүхийн өмгөөлөгч гээд л дайраад байгаа юм. Тэр хүн
өмгөөлөгчийн ажлаа л хийсэн шүү дээ. Ц.Баасандоржийг мэргэжил нэгт хүний хувьд
өмнө нь хэд хэдэн хэрэг дээр хүн өмгөөлж байхыг харж байсан. Тэр хүний төлөө
сэтгэл гаргаж чаддаг. Өмгөөлөгчөөр нь ажиллаад эхэлсэн бол дуустал нь явж
чаддаг. Хүнийг их бага, мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлаж харилцаад байдаггүй.
Хүчний өмнө зусардаад байдаггүй сайн талтай өмгөөлөгч гэж харж байлаа.

-Л.Гансүхийн
хэргийг шүүх хурлыг үзсэн үү. Өмгөөлөгч шүүхээс татгалз­сан үндэслэлийг юу гэж
бодож байна вэ. Шүүхээс татгалзсан үндэслэлээсээ болоод буруудаад байна?

-Гэм буруутай
холбоо­той асуудал тусдаа шүүх шийд­вэрлэх ёстой. Ц.Баасандорж өмгөөлөгчтэй
холбоотойгоор хүмүүс янз бүрээр л хэлж байна лээ. Мэргэжлийн ур чадвар, хүнээ
өмгөөлсөн байдлыг сайн муу янз бүрээр л ярьж байна. Гэхдээ шүүх хурлыг
үзсэн хүн болгон нэг зүйлийг ажигласан
байх. Өөрийнхөө зорилгын төлөө,
үйлчлүүлэгчийнхээ төлөө эцэст нь тултал явж чадах, өмгөөлөгч хүнд байх ёстой
хамгийн чухал чадвар байгааг харуулж чадсан. Энэ зүйл ямар ч сурах бичиг болон
ном, эрдмийн зэрэг цолноос илүү өмгөөлөгч хүнд байх ёстой чадварыг тод харуулж,
хамгаалж чадсан. Ц.Баасандоржийг шүүхээс
цагдаад шалгуулахаар өгсөн үндэслэлийг харсан. Би шүүгч Х.Идэр, хэрэгт
сэжиглэгдэж байгаа ахыг нь таньдаг, ямар хүмүүс вэ гэдгийг мэднэ. Тэгэхээр
Х.Идэр шүүгчийг ахынхаа хэргээс болоод Л.Гансүхийн хэрэг дээр хувийн сонирхлоор
хандсан байна гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ хүн болгоны нүдэн дээр ил
байгаа баримтыг өмгөөлөгч “Энэ ийм зүйл
болсон юм биш үү” гэж тавьсныхаа төлөө өнөөдөр хэрэг үүсгэгдээд явна гэдгийг
зөвшөөрөхгүй байгаа. Бодит амьдрал дээр юу болсноос эс шалтгаалаад үүссэн
нөхцөл байдал дээр анализ хийгээд өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах бүрэн
эрхтэй. Хэрвээ би нэг хэрэгт өмгөөлөгчөөр орох гэж байтал хэргийг шийдэх гэж байгаа шүүгч эсрэг талын
хүнтэй цайны газар хоол идээд сууж байх юм бол би шүүгчээс татгалзана. Гэхдээ
шүүгч тэр хүнтэй хоол идээд сууж байхдаа тэр хүнээс мөнгө авч байгаа зүйл гэсэн
үг биш. Надад тийм сэтгэгдэл төрж байгаа болохоор татгалзаж байгаа юм. Үүнийг
хүлээж авч шийдвэрлэх нь шүүхийн асуудал.
Харин ингэж үндэслэл тавьж шүүхээс татгалзсаны төлөө Ц.Баасандоржид ямар
нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол үүнийг эсэргүүцэх зоригтой,
зүрхтэй, сэтгэлтэй хуульчид олдоно гэж бодож байна.

-Гэхдээ
Ц.Баасандорж хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр олон удаа ярилцлага өгч, АТГ,
прокурор, шүүхэд шүүмжлэлттэй хандсан шүү дээ?

-Л.Гансүхийн шүүх
хурал дууссаны дараа Прокурорын газраас удаа дараа Л.Гансүх яагаад буруутай
талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна лээ. Харин эсрэгээрээ шүүхийн шийдвэр гарсны дараа
Ц.Баасан­дорж өмгөөлөгч сэтгүүлч нарт
ярилцлага өгснийг нэг ч удаа хараагүй. Хуульч хүний ёс зүй гэж ийм байдаг.
Шүүхийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд буруу шийдвэр гаргачихлаа гэж
хэлж болдоггүй. Нэн ялангуяа хуульч хүний ёс зүйн хувьд шүүхийн шийдвэрийн зөв
бурууг ярьдаггүй. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч
гэсэн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гомдлоо гаргаад л явдаг болохоос биш
олон түмний өмнө тэр нь зөв, энэ нь буруу гээд явдаггүй юм. Яагаад прокурор
Л.Гансүхийн хэргийг онцолж ярих болов. Бусад олон мянган хэргээс онцолж
Л.Гансүх буруутай, өмгөөлөгч Ц.Баасандорж буруутай гэж ярих болов. Энэ бүгдээс
харахад улс төрийн зорилготой яригдаад байгаа нь үнэн юм биш биз дээ. Дараагийн
шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх гэж байгаа
юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Хуульчид бид болж байгаа зүйлийг энэ
болж байна гэж ярьдаг. Болохгүй байгаа зүйлийг шүүмжилж байж урагшаа явна.
Хэрвээ энэ байдлаараа Ц.Баасандорж гэх өмгөөлөгч залууг АТГ, прокурор,
шүүхээс хэлмэгдүүлэх, мэргэжлийн дагуу
үйл ажиллагаа явуулс­ных нь төлөө
буруутгах гэж байгаа бол олон хуульч зүгээр суухгүй. Бид байр сууриа
илэрхийлнэ. Тодорхой зүйл­сийг хийнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хуульч нартаа
хандаж хэлэхэд Ц.Баасандорж гэх хувь хүн, Л.Гансүх гэдэг хүний өмгөөлөгч
гэдгээр нь биш мэргэжил нэгтэй, эгнээнд чинь яваа хуульч
гэдэг утгаар нь хүлээн авч, цаашид юу болохыг анхаарч байгаасай гэж хүсч
байна.

-Өмгөөлөгч нар
ажлаа сайн хийдэггүй. Хууль хянал­тын бай­гууллага хууль зөрчиж байгааг
чимээгүй хараад л сууж байдаг гэх яриа олны дунд байдаг. Гэвч Ц.Баасандоржийн
үйлчлүүлэгчээ өмгөөлж байгааг хараад олон хүний сэтгэл эргэх шиг боллоо?

-Бүх хуульчид
сайн гэж хэлэхгүй. Ёс зүйгээ уландаа гишгээд даргынхаа хий гэснийг үг дуугүй
хийдэг хуульчид байна. Эсвэл хүний мөнгийг авдаг. Тэгсэн мөртлөө ажлаа огт
хийдэггүй. Аливаа зүйлийн учрыг олохгүй олны анхаарлыг өөртөө татаж, нэр хүнд
олох гэж оролддог. Өөрийн эрх ашиг мөнгөний төлөө явж байгаа хуульч олон бий.
Үүнийг үгүйсгэхгүй. Мөн хүний төлөө явдаг хуульч ч олон байгаа. Хүнийг яллахаас
татгалзаад ажлаасаа халагдсан прокурор
бий. Хөнгөн ял өгсөн гээд Улсын дээд шүүх дээр загнуулж байсан залуу шүүгч
байгаа. Хүнээ өмгөөлөөд Ц.Баасандорж шиг буруутаж байсан өмгөөлөгч байна. Бид
энэ зөв үлгэр дуурайллыг дэмжих ёстой. Гэхдээ ингэчих юм бол тэр намайг яах бол
гэж айж байна. Айхаар ч цаг үе ирчихсэн. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж,
зоригтой дуугарсных нь төлөө шахаж хавчиж байна. Энэ болгоноос айгаад дуугүй
суугаад байх юм бол өчигдөр хөршийг чинь бариад аваад явах үед чи юу ч
дуугараагүй. Өнөөдөр чамайг бариад явах үед хэн ч дуугарахгүй, өмөөрөхгүй гэсэн
үлгэрээр явна. Бүгд энэ системд орно. Хуульчид энэ хайрцагт орж болохгүй. Эрх
чөлөөний хамгийн өндөр мэдрэмжтэй байх ёстой. Өөрсдийнх нь мөн чанарт суучихсан
байх ёстой зүйлийн нэг нь энэ.

-Өмгөөлөгч нар
бусдын дарамт шахалтад орох тохиол­дол байдаг биз дээ?

-Өмгөөлөгч нарт
дарамт шахалт зөндөө ирдэг. Надад ч цөөнгүй ирж л байсан. Гараажид нь хүлээж
байгаад төмрөөр гарыг нь хуга цохи­сон байсан. Энэ бол юу ч биш. Биед нь
халдсан, хадга­ламж зээлийн хоршооны хэргийн үеэр өмгөөлөгчийн хувцсыг урж
тасдаж хаясан, өмгөөлөгч нарыг хорьсон, шүүхээр үндэслэлтэй болон үндэслэлгүй
торгосон гээд өмгөөлөгчийн эсрэг хандсан зүйл маш их гарч байгаа. Энэ болгон
дээр хуульчдын болон өмгөөлөгчдийн байгууллага эрс шийдэмгий арга хэмжээ авах
ёстой. Саяхан Хуульчдын холбооны ерөнхийлөгч солигд­сон байна лээ.
Цаашид хуульч, өмгөөлөгчдийн эрх нь зөрчигдөж байгаа асуудал дээр тодорхой байр
суурь барих болов уу гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Э.Бат-Үүлд албан бичиг хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгажээ. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн талаарх мэдэгдэл, тайлбарыг дээд шатны албан тушаалтандаа гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд албан бичиг хүргүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн алдагдал 867.3 тэрбумд хүрчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний есөн сард 4045.9 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4913.2 тэрбум төгрөг болж, тэнцэл 867.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Төсвийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 674.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 15.3 пунктээр илүү байгаа нь үүнд нөлөөлсөн аж.
Сангийн яамнаас энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Энэ дагуу ирэх арванхоёрдугаар сарын төгсгөл гэхэд төсвийн алдагдал 900 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарсан байна. Тиймээс алдагдлыг нөхөхийн тулд зарлагаа бууруулах шаардлагатай байгааг Сангийн яамнаас мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Айлчлалын үеэр зам хаана

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад ирнэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөн автозамуудыг тодорхой хугацаанд хаана. Тиймээс энэ хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын генсек мэдээлэл хийнэ

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр болон намын удирдах албан тушаалтнууд өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал 11 цагаас, АН-ын төв байран дээр болох юм байна. Энэ үеэр “Монгол хүн 2020” хөтөлбөрийн талаар мөн мэдээлэл өгөх аж.

Categories
мэдээ цаг-үе

Балетаас бусдыг найруулсан Б.БААТАРЫНХ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарынд өнжлөө. Өнгөрсөн баасан гаригт бага үдийн хэрд утсаар холбогдтол УДЭТ-т хүрээд ирээ л гэж байна. Театрынхаа гуравдугаар давхарт Ч.Найдандорж найруулагчтай нэг өрөөнд суудаг аж. Өрөөнөөс нь “Аав” киноны зохиолыг бичсэн М.Энхдалай гарч таарлаа. Б.Баатар найруулагчийн шавь гэнэ. Тэд хамтран гавьяат жүжигчин С.Дамдин гуайн намтраар уран сайхны кино хийх гэж байгаа юм байна. Б.Баатар найруулагч “Хөх чоно Дамдины амьдралаар уран сайхны кино хийнэ гэсэн мэдээлэл л өгье дөө. Бусад нь одоохондоо нууц байг” гэв. С.Дамдин гуай ч өрөөнд нь ороод ирлээ. Тэгээд “Энэ Баатар бид хоёр жаахан насны зөрүүтэй найзууд. Бас сөрөг хүчин” гээд нүд ирмэж байна. Б.Баатар найруулагч бодсон санаснаа ил шууд хэлчихдэг, бас нэлээд хөгжөөнтэй, шооч хүн юм.

Зургаан найруулагчийн ганц туслах байжээ

Б.Баатар найруулагч “Би чинь Улаанбаатарын нэгдүгээр төрөхөд төрсөн хүн. Нутаг ус гээд ярихад дуртай биш. Бүгдээрээ л монголчууд биз дээ.

Аав ээжийн нутгаар хөөвөл Увсын улс юм. Аав инженер, ээж эмч хүн. Ээж намайг оюутан байхдаа төрүүлсэн байдаг. Тэгээд л эмээ, өвөө хоёрынхоо гар дээр очсон. Одоо энэ 17 дугаар цэцэрлэгт ажилладаг хүмүүс байлаа. Цэцэрлэгийн түлээ хөрөөднө. Зуурчихсан байхад нь ус хийх үү, ямар үед дээр нь сүх хавчуулах вэ. Далий хөрөөдвөл яах вэ гээд мэргэшиж байгаа юм. Ямар түлээний гадна талд бохь байна гэдгийг ч мэднэ шүү дээ” хэмээв. Харин кино урлагтай холбогдсон талаараа “Ер нь найруулагч, жүжигчин болъё гэж боддоггүй байсан юм. Харин аравдугаар ангиа төгссөний дараа Телекино үйлдвэрт ажилд орлоо. Дандаа пилонкоор баримтат кино хийдэг. Тухайн үеийн камерууд чинь их том бас ард талд нь бүдүүн том утас татдаг байхгүй юу. Тэр холбооснуудыг чирж явсаар байгаад туслах найруулагч болж байгаа юм. Бүр доод шатнаас эхэлсэн хэрэг” хэмээлээ.

Арван жилд байхдаа шүлэг зохиол уран уншдаг хүү байж. Үндэсний телевизэд “Болжмор” сэтгүүл уншдаг байснаа сонирхуулав. Мөн радиогийн хөгжмийн редакцад “Хөгжмийн оньс тайлагч” нэвтрүүлгийг хөтөлдөг байж. Сургуульд байхын л телевизийн талаар жаахан мэдлэгтэй болчихсон гэнэ. Ингээд сургуулиа төгссөнийхөө дараа өөрийнх нь хэлснээр бол сахилгагүйгээсээ болоод сургуульд яваагүй аж. Телекино үйлдвэрт туслах найруулагч болсон нь ийм учиртай аж. Тэнд ажиллах хугацаандаа 15 баримтат кинонд туслах найруулагч, зургийн дарга зэргийг хийсэн байна. Содном, Жамьян, Долгор, Юндэндорж, Хишигт зэрэг зургаан найруулагчийн ганц туслах байсан гэнэ. Хаана зураг авахыг шийдэх, жүжигчид олж ирэх, зохиолыг Уран сайхны зөвлөлд тараах, хар монтаж хийх, найруулагчийн шил юманд нь гүйх гээд гүйхгүй ажил байхгүй байсан аж.

Тэр үед тохиолдсон хөгтэй явдлуудаа баахан ярив. Б.Баатар найруулагч “Нэг удаа Дожоодорж гуайн “Туулсан замын эхэнд” гээд олон цуврал баримтат киног Филатова ирж үзнэ гээд Кино үйлдвэр тэр чигээрээ оволзлоо. Одоо “ХИД-2” байна шүү дээ. Тэр дөнгөж нээгдсэн. Монголд хамгийн анх бараагаа аваад бичүүлдэг болсон хэрэг. Өмнө нь эхэлж бичүүлчихээд дараа нь бараагаа авдаг байсан юм. Ажлаас нэлээд зайтай газар л даа. Тэр лүү “Ундаа аваад ир” гээд явууллаа. Зөвхөн дарга нар ганц нэг машин унадаг байсан үе. Би дэлгүүрт очоод авдар ундаа үүрээд ирсэн чинь “Үгүй ээ. Филатова ирэх гэж байгаа учраас та заавал Тэрэлж ундаа авчир” гэв. Шинээр гараад байсан газтай ундаа. Буцаад ундаагаа үүрч очоод худалдагчийг панаалдаж байгаад ундаагаа буцааж оронд нь Тэрэлж ундаанаас 20 шилийг авлаа. Тэгээд ширээн дээр өрөөд тавьчихлаа. Кино гараад дууссан чинь Филатова гуай нэг ч ундаа уугаагүй явчихсан байна. Задалсан хоёр ундааг нь тэнд байсан дарга нар ууна. Би бол амсах ч үгүй шүү дээ. Тэгээд үлдсэнийг нь буцаагаад аваачаад өг гэж байна. Ундааг хамаагүй уувал шалгалтад алуулна гэж дарга нар айсан байгаа юм. Би буцаад нөгөө ундаагаа үүрээд аваачаад өгч байгаа юм. Дахиад худалдагчтай учраа олох болно. Одоо инээдтэй юм шиг боловч тэр үедээ гурван удаа явган туучихна гэдэг дэглүүлсэн хэрэг. Тэгж ядрахгүй үнэнч гүйсний хүчинд энэ Баатар чинь юм хийж чадах нь, нэг гүрийчихвэл дажгүй эр байх нь гэсэн үнэлэлт ирж байгаа юм” хэмээв.

Мөн тэрээр “Соёл-Эрдэнэ хамтлагийн Б.Наранбаатар нарын “Учралын уянга”, “Цэнхэр залаа” зэргийг өнөө циркийн тэнд тоглодог доо. Түүнд туслах найруулагчаар явж байсан юм. Монгол телевизийн гэрэлтүүлэгч Пэрэнлэй гээд сахалтай өвгөн байлаа. Тэр үед Дружба гээд 70 кг аппарат хэрэглэдэг байсан. Томчууд өдрийн хоол идэхээр Туяа ресторан явлаа. Тэгэхдээ намайг асфальтан дээр дөрвөн хөллүүлж байгаад Дружба аппаратаа нуруун дээр тавьчихлаа. Шөрмөстэй байсан даа. Унагах юм бол насаараа төлөхгүй өрөнд орно. Тэгээд шоронд явна шүү гэчихээд яваад өгч байгаа юм. Хоол идээд иртэл нь гүрийхээс аргагүй. Доороос асфальт халаад гар түлэгдчих гээд байдаг. Тэгсэн нэг хүн хүрч ирээд хоёр уранхай даавуу алган дор тавьж өгсөн. Гэхдээ дэглүүлсэн нь сүүлд хэрэгтэй л байдаг юм даа” хэмээн хуучиллаа.

Хоёр жил орчим ажиллаж байтал нь Телекино студи, телевизэд ажиллаж байсан туслах найруулагчдын дунд конкурс зарлажээ. Түүнд нь орж шалгарсан байна. Соёлын яам, Багшийн дээд хоёр дээр шалгалт өгч байж Киевийн театр урлагийн дээд сургуульд явах эрхтэй болжээ. Б.Баатар найруулагч “Дизайнер Соёлмаа, найруулагч Биндэр, оператор Лхагвадорж бид нэг жилийнх. Тэр жил хамгийн сонин нь урлагийн улсуудаас математикийн шалгалт авсан юм. Яг тэр жил нь таараад би гайгүй үнэлгээ авчихсан. Миний тоондоо сайн гэж юу байхав. Гэхдээ тэдэн дотроо сарнай” гэв. Тухайн үед жүжигчин, судлаачдын ангид шууд элсэлт авдаг боловч найруулагчийн ангид заавал хоёроос гурван жил ажилласан хүмүүсийг авдаг байжээ.

Нүдэнд дулаахан сайхан охин харснаа марталгүй явсаар гэргийгээ болгожээ

Ийн хэсэг хөөрөлдсөний дараа гэрт нь очлоо. Тэднийх Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоох 37 дугаар байранд амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй Н.Баярсайхан хаалга тайлж өгөөд “Манай хүний ажил нь ямар барагдах биш, та нарт ер нь яаж баригдсан юм дээ” хэмээн инээвхийлсээр угтав. Тэд 1983 онд Киевт танилцжээ. Б.Баатар найруулагч Киевийн Театр урлагийн дээд сургууль, харин Н.Баярсайхан Киевийн Хөнгөн Үйлдвэрийн Дээд Сургуулийн оюутан байж. Хоёул гуравдугаар анги. Гэхдээ Баатар найруулагч гэргийтэйгээ нүүр учирч танилцахаас өмнө эгчийгээ гаргаж өгч явсан нүдэнд дулаахан сайхан охиныг анх харснаа сүүлд нь хэлж байжээ. Б.Баатар найруулагч сургуульдаа нэр хүндтэй, тэр бүү хэл хэд хэдэн жүжиг найруулан тавьчихсан сүрхий сэргэлэн хархүү байжээ. Киевт жүжиг, кино үзэж явсаар дотнос­сон тухай гэргий Н.Баяр­сайхан нь дурсан ярилаа. Тэд 1985 онд нутагтаа ирсэн хойноо хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Ууган охин Б.Маралгоо нь 1987 онд төрж, дараа нь хүү Б.Энхжин мэндэлжээ. Б.Баатар найруулагч “Урлагийн хүний ар гэр түшиг нөмөртэй байж л сайн явдаг юм даа” хэмээн ярив.

Өдгөө хүүхдүүд нь хоёул гадаадад суралцаж байгаа юм байна. Хүү Б.Энхжин нь Солонгосын Сөүл хотын Урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж байгаа бол, охин Б.Маралгоо нь МУИС-ийн Герман хэлний ангийг төгсөөд АНУ-ын Вашингтон хотод олон улсын харилцааны чиглэлээр мөн магистр хамгаалан суралцаж байгаа юм байна. Гэргий Н.Баярсайхан гурван хүү, нэг охинтой айлын отгон охин бол Б.Баатар найруулагч дөрвөн хүүхэдтэй айлын том хүү гэнэ. Гэрийн эзэгтэйн аав Ш.Нямаа гэж БХЯ-ны арын албыг хариуцсан цэргийн хүн байжээ. Харин ээж нь Цэргийн Госпитальд сувилагч байсан гэнэ. Гэрийн эзэгтэйн бага нас 14 дүгээр сургууль, Кино үйлдвэр, Офицеруудын ордон хавиар өнгөрсөн бол Б.Баатар найруулагч Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Монгол гуравдугаар сургууль, “100 айл” орчимд өсөж торнижээ.

Гэрийн хойморт өлгөөтэй нэгэн зураг нүд булаана. Тэр бол Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Атга нөж” жүжгийг найруулан тавьсных нь дараа театрын хамт олноос нь Б.Баатар найруулагчид өгсөн бэлэг гэнэ. “Атга нөж” жүжигт оролцон тоглосон бүх уран бүтээлчид театрынхаа тайзан дээр цугласан тэр гэрэл зураг гэрт үзэмж нэмэх ажээ. Мөн зочны өрөөнийх нь зүүн хоймрын авдар дээр “Гоо марал”, “Мөнгөн мод”, дөрвөн ч “Гэгээн муза” шагналын цом үзэгдэнэ. 1996 онд Б.Баатар найруулагч телевизийн нэвтрүүлэгт анх удаа “Хүннү” хэмээх теле дуурь найруулан тавьж, “Хүннү” дууриараа тухайн жилийн шилдэг бүтээлийн эзэнд олгодог “Гоо марал” шагналыг хүртэж байжээ. Харин “Мөнгөн мод” цомыг нэлээд хожуу буюу 2013 онд “Кихот ноён” жүжгийг найруулан тавьсныхаа дараа авчээ.

Энэ зуур гэргий Н.Баярсайхан “Найруулагчийн мэргэжлийг төгс эзэмшсэн хүн гэвэл Баатарыг гэж би боддог. Ажилдаа бүхий л сэтгэл зүрхээ зориулна. Би нөхрийгөө нүүрэн дээр нь магтаж байгаа ч юм биш. Баатар Киевт байхаасаа л энэ мэргэжлээр өвчилсөн, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээсээр ирсэн. Тийм ч болохоор найруулан тавьсан бүтээл бүр нь амжилт дагуулдаг. Харин зан чанарын хувьд хурц, шулуун шударга, нууж хаах юмгүй шууд хэлчихдэг зантай хүн. Маш их сэтгэлийн хаттай. Баатарыг би ер нь гутарч гуньж байхыг нь мэдэхгүй юм. Эрүүл мэнд нь хүндхэн байдалтай байхад ч нэг өдөр гутарч гуньж суухыг нь хараагүй” хэмээн ярьж байлаа. Харин хөлийнх нь гэмтлийн талаар “2013 онд Солонгост эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байхад УДЭТ хамаг хүчээрээ бидэнд тусалсан. Цэрэнсамбуу даргад талархаж явдаг даа. Театрын уран бүтээлчид ч хандивын тоглолт хийж бидэнд тусалсанд баярлаж талархаж явдаг юм” гэв. Тэднийх Б.Мөнхдорж найруулагч, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, мөн С.Дамдин гуайтай гэр бүлийн найзууд гэнэ. Харин Цагаан сараар театрынхны хөлд дарагдсан их золгуут хийдэг тухайгаа гэргий Н.Баярсайхан хуучиллаа. Гэрийн эзэгтэй өдгөө Кино урлагийн дээд сургуульд багшилдаг юм байна.

Араб оюутанд гар хүрсэн хэмээн нэг жил слесарь хийжээ

Украинд оюутан болоод очиход нь найруулагч Б.Жаргал, Г.Доржсамбуу хоёр төгсөх курст байж. Доржсамбуу агсныг гадаад оюутны нийтийн байр руу ороход гадаадын оюутнууд айгаад хана налаад зогсдог байсан гэнэ. Тэр талаараа “Элдвийн юм болно. Гадны оюутнуудтай Доржсамбуу зодолдож байхад гадаа үүдийг нь дарж зогсоно. Өөрсдөө Доржсамбуудаа шанаадуулна. Хойд дэлгүүр рүү нь гүйж өгнө. Оюутнуудын үздэг бүх л юмыг үзнэ шүү дээ. Хөрөнгөтөн орнуудаас ч манай сургуульд сурдаг байлаа. Латин америкчууд, германчууд, арабууд гээд байх­гүй юм байхгүй дээ” хэмээв.

Г.Доржсамбуу агсны талаар “Оюутны нийтийн байр 00:00 цагт хаалгаа бариад хүн оруулдаггүй байсан. Манай хүн хаагуур тэнэж явсан юм бүү мэд. Шөнө хоёр цагт ирэхгүй юу. Үүдний жижүүр Шура гээд еврей авгай байсан юм. Тэр цонхоор “Самбуу чамайг оруулахгүй” гээд орилж байна. Тэгсэн өвлийн хүйтэнд манай хүн пальтогоо дэвсээд бүх хувцсаа тайлаад захиа бичиж байгаа юм. Хэрвээ би үхэх юм бол энэ Шуратай миний амийг тооцоорой гэсэн утгатай. Нээх том хар бандааштайгаа хэвтээд өглөө. Тэгсэн нөгөө авгай чинь цонхоо онгойлгоод “Боль оо, Доржсамбуу” гэж орилоод л. Бараг Доржсамбуу найруулагчаас ч бүдүүн эмэгтэй байсан. Гараад пальтоных нь захнаас чирээд, настайвтар хүн болохоор даахгүй байгаа юм чинь. Нөгөөх нь босохгүй үхлээ гээд хэвтээд байдаг. Сүүлдээ Шура эгч оруулахгүй гэж байсан хүнээ үнсэж аргадаж байж оруулж байгаа юм. Тийм л улсуудтай цуг сурлаа шүү дээ” хэмээн ярив.

Мөн “Тэр үед жинс бүр бохь хүртэл ховор байлаа. Түүнийг авчирна. Анх очиход Доржсамбуу найруулагч биднийг хүлээж аваад сургууль, нийтийн байраа хэрхэн олох зэргийг заав. Бид бас чемодандаа юмтай. Түүнийгээ ууцгаах болтол стакан байдаггүй. Гэтэл Доржсамбуу яваад стакан аваад ир л гэж байна. Гурван копек хийгээд уудаг автомат ус байдаг. Би ч хүн харж байгаад копек хийгээд уугаад л байлаа. Хүн хараад болдоггүй дээ. Цэрийтлээ хэдэн стакан ус уугаад нэг боломж гарахаар нь стакан авчихаж байсан юм. Эрдэм сурахаасаа өмнө Доржсамбуу найруулагчийн зараалаар хулгай хийгээд үзчихэж байгаа нь тэр. Тухайн үед бас Вьетнамаас дандаа дайнд оролцсон баатрууд сургуульд явдаг байлаа. Бид өрөөндөө дөрвүүлээ байдаг бол тэд баатар болохоор нэг нэгээрээ. 33-аас дээш настай л хүмүүс байх. Нэг удаа Вьетнамын баатар “Танай Чингис хаан дэлхийг эзэлсэн мөртлөө манайхтай байлдалгүй хил дээрээс буцчихсан юм” гэтэл манай шар Хүрэлбаатар гэж нөхөр “Манайхан байлдах гээд очтол та нар модноос нэг гараараа зуураад нөгөө гар нь газар унжаад байж байсан гэсэн. Хүнтэй байлдах гэж очсон болохоор буцаад явчихсан хэрэг” гээд мад тавьчихаж. Гэтэл өнөө баатар нь Элчин сайдынхаа яаманд матаад манай хүн сургуулиас хөөгдөж ажил төрөлд ч орж чадахгүй насаараа хохирсон юм даа” хэмээн ярилаа.

Б.Баатар найруулагч ч нэлээд хөдөлгөөнтэй байсан аж. Нэг араб оюутанд гар хүрсэн хэрэгтэй бүтэн жил сургуулиас хөөгдөж байжээ. Энэ тухайгаа “Улаанбаатарт ирчихээд эмээ дээрээ очиж байгаа юм. Тэр хаалганы гадаа зогсчихоод хаалга тогших хэцүү л байгаа байхгүй юу. Яаж орохоо мэдэхгүй, хөөгдөөд ирсэн гэвэл харваад уначихна шүү дээ. Намайг хараад л хошуу дэвсээд миний хүү гээд л явчихна гэдгийг мэдэж байсан. Орцон дотор хэдэн ч цаг зогссон юм бүү мэд. Хамгийн хэцүү нь тэр. Тэгээд л амралтаараа ирсэн гээд л худлаа яриад орж байгаа юм” хэмээнэ. Тухайн үед нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх шийтгэл авч нэг жил Кино үйлдвэрт сантехникийн слесарь хийжээ. Нэг удаа жорлонгийн суултуур бөглөрөхөд нь гал командын шаланкийг дэлгэж байгаад хүчтэй даралттай ус тавьчихсан гэнэ. Тэгтэл олон жил хэрэглээгүй хоолой нугалаасаараа ус цацруулаад хамаг юмыг нь норгочихож. Ингээд бангадуулна гэж айж байтал нь сантехникийн бөглөөс гаргасан гээд шинэ жилээр баярын бичиг 10 төгрөгөөр шагнаж байжээ.

“Б.Баатар аймаар гэсэн цуу үг тарчихсан байна лээ”

Сургуулиа төгсөж ирээд Радиод 12 жил уран сайхны удирдагч хийжээ. Дараа нь МҮОНРТ-д программын ерөнхий найруулагч, ерөнхий найруулагчаар зургаан жил ажилласан аж. Тэр үед нь УДЭТ-ын дарга Зориг, найруулагч Ч.Найдандорж хоёр ажил дээр нь очоод УДЭТ-т ажиллах санал тавьжээ. Ингээд мэргэжлийнхээ ажлыг хийхээр УДЭТ-т иржээ. Гэхдээ радио, телевизэд ажиллаж байсан ч драмын театраас хөндийрөөгүй явсан гэнэ. “Гургалдайн дуут шөнө” жүжгээр дипломынхоо ажлыг хийж байжээ. Дараа нь “Гарваа” жүжгээ тавьж байснаа хуучлав. Мөн Цэргийн театрыг байгуулалцан манаргаж явжээ. Цэргийн театрт тав зургаан ч жүжиг тавьж байсан гэнэ. Жил бүр хоёр жүжиг найруулж байсан гэнэ.

“Харшийн ёлка”-ийг найруулж, “Хүннү” теле дуурь хийж байж. Мөн наадмын нээлтийг гурван удаа найруулсан. “Халтар царайт” киноны гол дүрийн жүжигчид ирэхэд тоглолтыг нь найруулсан аж. Жүжигчнээ хэрхэн сонгодог талаар нь сонирхоход “Яг тэгнэ гэсэн найруулагчийн жор байхгүй. Баатар юм хийлээ гэхэд зохиол бүхэн өөр. Түүхэн, орчин үеийн, эмгэнэлт, сэтгэхүйн драм, детектив ч гэдэг юм уу. Түүнээс шалтгаалж жүжигчдээ сонгоно шүү дээ. Тэгэхгүй инээдмийн дүрд байсан улсууд гэнэт серьёзный дүрд орвол болохгүй болчихно. Театр гаднаас хүн авч болдоггүй. Дотоод бүрэлдэхүүн бол янз бүрийн жүжигчид байх ёстой. Жишээ нь эр зоригийн дуультай жүжигт С.Дамдин гэж хүн байхгүй бол дуусаа. Дон Кихот дээр Жаргалсайхан байгаа учраас болчихно. Өөр хүн тоглуулаад яаж ч хичээгээд үзэгчдэд хүрэхгүй. Авьяасгүйдээ биш. Жүжигчний онцлогоос болж байгаа юм. “Адууны түүх” гээд Толстойн зохиол дээр адууны дүрд тоглох хүн манай театрт байхгүй бол энэ жүжиг юу ч биш болно. Миний хувьд нэг жүжгийг сонгож авахдаа энэ намайг өвтгөж байна уу, надад харагдаж байна уу гэж өөрийгөө тольдоно. Олон зохиол уншина шүү дээ. Тэгээд үүнийг би тавьж чадах юм байна гэвэл яг үүнд тоглож чадах жүжигчин байна уу гээд эрэх нь байна. Эхний нэг хоёр нь байхад болчихно шүү дээ” хэмээн ярилаа.

Б.Баатар гэхээр айхтар, хүн загнадаг гэсэн яриа бий. Яагаад ийм яриа гараад байдгийг сонирхоход “Тийм цуу л тарчихаад байгаа юм. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Зарим хүмүүс найруулагчийн роль гэхээр л ааштай, өвчтэй гэж ойлгодог. Тийм юм байдаггүй байхгүй юу. Зарим жүжигчний шарыг малтаж уурыг нь хүргэж, гозойлгож байж юм гаргадаг. Тэгэхээр хөндлөнгийн хүн бол мөн аймаар загнадаг хүн байна гэж боддог байх. Найруулагч зүгээр гөлийгөөд усны тогтсон мандал шиг яваад байж болдоггүй. Заримыг нь аргадна. Заримыг нь “Чи мундаг шүү. Чамаас өөр хүн тоглохгүй дээ” гээд магтана. Түүнээс харьцахын хувьд том жижиг, гавьяатай, гавьяагүй, ардын энэ тэр гэж ялгаж болохгүй. Дүр бүтээж байгаа үед чарлаж орилох бол наагуур зүйл шүү. Манай урлаг өөр шүү дээ. Тайзан дээр гарч байгаа хүний нэг нь байхгүй бол нөгөөдүүл нь таг зогсдог. Тэр хүнийг хоцроод ирэхээр нь “Их баярлалаа. Таны зөв өө” гэх үү. Болохгүй шүү дээ. Цагийн хувьд хатуу ажил байдаг. Түүнийг нь мэргэжлийн юмтай холиод буруу ойлгоод байж болохгүй. Нэг жүжигчин оёдолчинд “Би ийм хувцас өмсөхгүй” гэж томорч байхад нь орчихлоо. Тэр хүн өөрийнхөө хувцсыг бодоод жүжгийг яагаад томоор нь харахгүй байгаа юм. Тэгэхээр нь хал, хөөж явуул гээд эхэлдэг. Энэ л намайг аймаар хүн гэсэн цуу тарахад нөлөөлсөн байх” хэмээж байв.

“Төрөл төрлөөрөө том байх ёстой л доо”

Жүжгийн зохиолч ховордож байгаа талаар “Би 1996 онд олон улсын фестивальд шүүгчээр явсан. Тэнд зөвхөн Радио жүжгийн зохиол бичдэг мэргэшсэн зохиолч байсан. Кино зохиолч гэж байна. Би бүдүүн тоймоор яриад байна. Дахиад ч нарийсна. Ингэж мэргэшсэн нь манайд алга. Яаж байна гэхээр Монголын зохиолчдын хорооны гишүүн зохиолч, Чөлөөт зохиолчдын хорооны гишүүн зохиолч гээд яваад байх юм. Нэг ч юм чадахгүй. Энэ чинь мэргэжлээ олохгүй байна гэсэн үг. Л.Ванган, Д.Намдаг гэж хүмүүс байлаа. Уул нь төрөл төрлөөрөө том байх ёстой л доо. Манайд одоо мэргэжлийн жүжгийн зохиолч байхгүй гэж хэлээд байгаа юм. Сүүлдээ “Танай театрт жүжгийн зохиол өгвөл хэдэн төгрөг өгөх вэ” гэж байна. Ийм зохиолчидтой ажиллана гэдэг хэцүүеэ” хэмээн ярих аж.

Түүхэн жүжиг олноор гардаг болсон талаар асуухад “2002 оноос эхэлсэн л дээ. Энэ нийгмийн захиалга юм. Гэнэт үндэсний үзэл, түүх сэргэсэн шүү дээ. Гэхдээ одоо анзаарвал түүхийн тухай бичнэ гэхэд дургүй хүрмээр санагдаж байгаа биз. Хүмүүс ичиж эхэлж байна. Ил дол болж эхэлсэн гэсэн үг. Хүмүүс уйдчихсан. Энэ хоолыг түмэнд түгээ гээд л. “Always”-аас бусад дээр түүхээ ашиглачихлаа даа хө. Гэхдээ сэдэв дахиад л хуучирна. Анх би түүхэн жүжиг тавих гээд хөхөл үлдээгээд үсээ хусахыг жүжигчдээсээ шаардсан юм. Яг энэ зургаар үсээ хусаарай гэсэн өнөөдүүл чинь үгэнд ордоггүй дээ. Сосорбарам энэ тэр жүжигт тоглож байсан. Тэгсэн Сосорбарам хусаад хаячихлаа. Нэг өдөр ирсэн бүгдээрээ л хусуулчихсан байна. Хүн тийм сонин. Тийм үс моодонд орж байх жишээтэй. Тэгж түүхэндээ дурлаж байсан байхгүй юу. Одоо тийм үстэй гудамжаар явбал өвчтэй хог вэ л гэнэ шүү дээ” гэлээ.

“Хөгшин чоно ульсан нь” зохиолоор хийсэн киногоо гаргаагүй

Б.Баатар найруулагч таван кино хийжээ. Тэдгээр киноны нэг нь гараагүй нь Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоор хийсэн кино аж. “Хөгшин чоно ульсан нь” нь кинондоо нэлээд хэдэн чоно тоглуулж байжээ. Тэрээр “Бид арваад чоно оруулж ирсэн. Одоо энэ Зохиомж сургуулийн захирал Цогтбаяр тэр үед санхүүжилт хийх компани олж байсан юм. Ингээд Д.Намдаг гуайн шавь Дарамын Батбаяраар кино зохиолыг бичүүллээ. Цэдэн-Иш гэж кино үйлдвэрийн бүхий л чонотой кинонд чоныг нь бэлдэж байсан өвгөн байсан. Түүнийг аваад Угтаалын сангийн аж ахуйн цаашаа гарлаа. Таван бэлтрэгэн чоно, хоёр гичий, азарган чонотой явж байгаа юм. Чоныг машин дээрээ торонд хийчихнэ. Тэр хавийн нохойнууд ачсан машиныг дагаад хуцаад давхина. Зургийг нь аваад иртэл ивээн тэтгэнэ гэсэн компанийн захирал нь солигдож ажил нь зогсчихсон байсан. Одоо киноны хальс лабораторид байгаа. Уг нь зураг нэмж авахгүй болохоор жаахан юм хийхэд л болчих кино бий” хэмээн ярилаа.

Тэрээр “Хадагтай ембүү”, “Соёо”, “Икар” зэрэг кино бүтээжээ. “Икар” киноны хувьд өөрөө зохиолоо захиалж Ш.Гүрбазараар бичүүлж байсан байна. 1960-аад онд дэлхийг Икар гэх солир мөргөж сөнөөх гэж байна гэсэн цуу тарсан үе гэнэ. Б.Баатар найруулагчийн нэг мөрдөгч найз нь гурван гэр бүл амарч байгаад Икар дэлхийг мөргөх сургаар авдар архи авч уугаад сүүлдээ үхэхийн хооронд яадаг юм гээд бие биенийхээ эхнэртэй самуурсан талаар ярьжээ. Харин дараа нь дэлхий сөнөхөө больчихлоор “Чи манай авгайг эргүүлсэн. Би танай авгайг эргүүлсэн” гэж хоорондоо муудалцаж хавтаст хэрэг хүртэл үүсгэсэн ажээ. Тэгэхээр нь кино хийхээр шийдсэн байна.

1996 онд хийсэн энэ кино­ных нь гол дүрд Л.Жамсранжав, П.Цэрэндагва, Гэлэгбаатарт тоглодог Ганболд гээд том том жүжигчид тогложээ. Тэр киногоороо олон улсын фестивальд ч оролцож байж. Мөн “Соёо” киногоороо Японд болсон фестивальд орж байсан гэнэ. Тэрээр “Тиймэрхүү кинонууд гаргаж намирч явлаа нэг хэсэг. Балетаас бусдыг хийсэн дээ” хэмээн ярив. Ингээд өдөржин хөөрөлдсөний эцэст гэрээс нь гарахад гадаа од түгсэн байв.

Ж.Баярсайхан

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: “Бондын мөнгө хаачив” гэж худлаа эрэл сурал болох хэрэггүй. Ганцхан алхмын цаана харагдаж байгаа

УИХ-ын
гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн дарга Б.Гарамгай­баатартай цаг үеийн
асуудлуудаар ярилцлаа.

-Сүүлийн үед
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоорон­­доо толхилцоод эхэл­сэн талаарх мэдээлэл
гарч байна. Бүлгийн хурал дээрээ ч нэлээд ширүү­хэн үгс унагаж байгаа сураг­­тай.
Д.Ганбат гишүүн гэхэд Хуульзүйн байнгын хороо­ны даргад бүлэг дээрээ дэмжлэг
авсан ч байнгын хорооны хурал дээр Ш.Түвдэн­дорж гишүүн нэрээ дэвшүүлэн
бүлгийнхээ саналын эсрэг явсан гээд янз бүрийн л зүйл яригдаж байна. Үнэхээр
бүлэг дот­роо таарамжгүй зүйлс байгаа юм уу?

-Манайхан бүлэг
дотроо таарамжгүй, хоорондоо толхилцоод байгаа зүйл байхгүй. Бүлгийн хуралдааны
үеэр ёс зүй, сахилга, хариуцлагын талаарх асуудал сөхөгдсөн үү гэвэл тийм.
Ардчилсан нам бол бүлгийн зохион байгуулалттай. Ухаан­даа багийн тоглолт хийж
бай­гаа гэж ойлгох хэрэгтэй. Олонхийг бүрдүүлж байгаа хариуцлагатай нам гэдэг
утгаараа бүлэг доторх ёс зүйгүй асуудлуудыг цэгцлэх талаар бид ярилцаж шийд­вэр
гаргасан. Тэр утгаараа тодорхой гишүүдэд хариуцлага тооцсон. Зарим гишүүдэд нь
сануулга өгөх зэрэг ажил хийгдсэн.

-Ш.Түвдэндорж
гишүүнд бүлгийн зүгээс хариуцлага тооцож бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн
байна лээ. Тэгэхээр Ш.Түвдэндорж гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга болоод
явна гэсэн үг үү?

-Ардчилсан намын
бүлгийн дүрмийн хүрээнд асуудал шийдэгдэнэ. Тэр утгаараа бүлэг хуралдаад
Д.Ганбат гишүүнийг Хуульзүйн байнгын хорооны даргаар улираан сонгох нь зөв
гэдэг шийдвэр гаргасан. Нэгэнт бүлгээс гарсан шийдвэрийг бүлгийн гишүүд дэмжиж
ажиллах үүрэгтэй. Гишүүд бүлгийн шийдвэрээ биелүүлэх ухамсраас болоод АН-ын
бүлгээс гаргасан шийдвэр Хуульзүйн байнгын хороон дээр унасан. Тиймээс АН-ын
бүлэг дахин хуралдаж энэ асуудлыг бүлгийн хурлын шийдвэрийн дагуу явуулахаар
шийдвэрлэсэн. Нэг ёсондоо бүлгийн шийдвэрийг зөрчиж, бүлгээс гарсан шийдвэрээс
өөр байр суурь хадгалсан гишүүн Байнгын хороон дээр дэмжигдсэн ч гэсэн саналаа
татаж авах ёстой. Тэр утгаараа Ш.Түвдэндорж гишүүн саналаа татаж авах
шаардлагатай.

-Ш.Түвдэндорж гишүүн бүлгийнхээ хурал дээр саналаа татаж авахгүй гэдгээ
мэдэгдчихсэн юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Даваа гаригт Ш.Түвдэндорж гишүүн эцсийн шийдвэрээ
гаргана.

-УИХ 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байна.
Танаж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танасан гэдгийг Сангийн сайд
мэдэгдсэн. Эдийн засагч гишүүний хувьд төсвийн төслийг хэрхэн харж байгаа вэ?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Чуулганы уур амьсгалыг ажиглаад байхад гишүүд олон жил алдсан алдаагаа
залруулах хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн өнгө аяс харагдаж байна л даа. Зарим
нэг гишүүн өөр өнцөг, байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Бид
өнөөдрийг хүртэл хөөсөрсөн төсөв баталж ирсэн. Дахин УИХ-ын гишүүн болохын тулд
сонгогчдодоо тал зассан байдлаар улс орноо бодолгүй хувийн болон намын эрх
ашгийн үүднээс хөөсөрсөн төсөв баталдаг. Шийдлийн Засгийн газрын зүгээс оруулж
ирсэн төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөл тэр бүхнээс зайлсхийсэн,
салах оролдлого хийж байна. Өмнө нь УИХ дээр ийм оролдлого хийж байсан боловч
харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдийн дураар авирладаг байдлаас болж төсөв
буруу явж ирсэн. Одоо харин гишүүд хичнээн
дураараа авирлах гэж оролдсон ч нөхцөл байдал нь тийм байж болохгүй
хэмжээнд хүрчихсэн байна. Гишүүд үнэнд гүйцэгдсэн гэсэн үг. Тэр утгаараа гишүүд
төсөв хэлэлцэх үед аль болох аядуу тайван байдалтай хэлэлцэж байна гэж хувьдаа
харж байгаа. Төсвийн тодотгол, улсын төсөв тооцоо судалгааны үндсэн дээрээс
хийгдэж байна. Түүнээс биш 2012 оноос шууд өөр төсөв хийж эхэлсэн юм биш. Үе
үеийн Засгийн газрын бодлого, тэр бодлогын хүрээнд хийж байсан ажлын үргэлжлэл
явагдаж байгаагаас биш шинэ зүйл гарч ирээд байгаа юм байхгүй. Үүн дээр зарим
нэг шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийг гайхах хэрэгтэй.

-Юуг нь гайхна гэж?

-Тэр хүмүүс хуучнаараа сэтгэж байна. Мөн намуудын үзэл бодол өөр байдаг.
Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлал хоорондоо тэс өөр. Энэ утгаар нь авч үзвэл
тухайн намуудын үзэл баримтлалын хүрээнд тооцоолдог аргачлалууд нь өөр байхгүй
юу. Тиймээс энэ намууд эсрэг тэсрэг байр суурьтай, янз бүрийн өнцгөөс
тайлбарладаг. Мэдээж энэ нь эрүүл үзэгдэл. Энэ мэтгэлцээний дүнд 2015 оны
төсвийн тодотгол, 2016 оны төсөв хамгийн бодитойгоор гарах байх гэж бодож
байна. Гишүүдийн байр суурийг хараад байхад тэр чиглэл рүү явж байгаа нь
анзаарагдаж байна шүү. Хаа очиж 2016 оны сонгуулийг харж улсын төсвөө ярихгүй
байгааг анзаарч байгаа байх.

-Ирэх онд Монгол Улс 4.4 их наядын өр төлнө гэдгийг чуулган дээр
Ч.Хүрэлбаатар гишүүн хэлж байна лээ. Ирэх онд улам л их бүсээ чангалах нь дээ.
Ирэх оны улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Гадна, дотнын эдийн зас­гийн судалгаа хийдэг байгууллагуудын дүн гарч
байна. Тэндээс харахад 2016 оны эдийн засгийн өсөлт гурав орчим хувьтай байх
болов уу гэдэг ерөнхий төлөв гарчихлаа. Гишүүдийн ярианаас харахад тийм зүйлийг
хэлж байна. Миний хувьд ч гэсэн мөн адил тийм бодолтой яваа.

Нэг зүйлийг тодруулан хэлэхэд өнгөрөгч гурван жилийн хугацаанд бид маш
олон тооны дэд бүтэц, үйлдвэрийн асуудлыг шийдсэн. Үүн дээр маргах аргагүй үнэн
шүү. Хичнээн ч булах гээд нэмэр байхгүй. Өнөөдөр тэдгээр үйлдвэрүүд нь
ашиглалтад ороод үйл ажиллагаа нь эхэлчихлээ. Үүнийгээ дагаад дотоод эдийн засгийн
нөхцөл байдал сайжрах байх. Ганцхан гадна талд л асуудал үүснэ гэсэн үг.
Дотоодын эдийн засгийн нөхцөл сайжрахын хэрээр сахилга батын асуудал яригдах
ёстой. Гишүүдийн ярианы өнгийг харж байхад яамдыг цөөлье, хэрэгжүүлэгч,
тохируулагч агентлагуудыг тодорхой түвшинд зохион байгуулъя гэсэн асуудлууд
яригдаж байна.

-Зарим яамдыг нэгтгэх, зарим агентлагуудыг татан буулгахыг та дэмжиж
байгаа юм уу…

-Бүлгийн даргын хувьд хэлэхэд Засгийн газрын зүгээс оруулж ирсэн төсвийн
тодотгол, 2016 оны төсвийн төслийг дэмжих ёстой. Үүнийг гишүүд болон бүлгийн
саналаар өнөөдөртөө өөрчлөх шаардлагагүй. Манайхан бүгд нөхцөл байдлыг мэдэрч
байгаа тул улстөржүүлж, ард түмний дунд тайван бус байдал үүсгэх шаардлага огт
байхгүй. Тиймээс бид төсвөө шуурхай батлаад хариуцлагыг нь Засгийн газарт нь
өгөх ёстой. УИХ-ын гишүүд төсөв мэддэг, нэмдэг, танадаг, хасдаг байдлаас болж
энэ хүндрэлүүд үүсдэг. Энэ хүрээнд ч гэдэг юм уу Үндсэн хуулийг өөрчлөх асуудал
яригдаж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуультай
холбоотой асуудлуудыг иргэдээс сайн асууж байж түүнтэйгээ уялдсан бүтцийн
өөрчлөлт хийх нь зайлшгүй асуудал. Ямартай ч Шийдлийн Засгийн газар эхний
алхмуудаа оруулж ирж байна. Үүн дээр 2016 оны УИХ, Засгийн газар бүтэц
бүрэлдэхүүнээ шийднэ гэдэг нь нэг талаараа зөв боловч, нөгөө талдаа энэ
алхмуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг. Одоо бол оруулж ирсэн
төсвийг дэмжээд явах нь аль аль талдаа ашигтай.

-Чингис, Самурай бондын мөнгө хаачив гэдэг эрэл сурал болж байх шиг
байна. Бондоос санхүүжсэн компаниуд нээлтээ хийгээд эхэлчихсэн мэдээлэл гарч
байгаа. Бондын эргэн төлөлт ямархуу байгаа бол. Эдийн засагт нөлөөлөл үзүүлэх
цаг хугацааны хувьд хэзээ вэ?

-Ганцхан жишээ хэлье. Оюу толгой, Таван толгойгоос 600 орчим сая
ам.долларыг урьдчилж аваад иргэдэд тараасан. Одоо үлдсэн байна. Үүн дээр
хариулт байгаа юм уу. Энэ бол энгийн жишээ.

Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад
үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой
харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын
мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л
чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа
эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхамын цаана харагдаж байгаа
шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.

-Таныг ам.долларын ханшийн талаар ярих дургүйг мэднэ. Гэхдээ ирэх оны
төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан байна. Энэ тал дээр
саналаа хуваалцаач?

-Үүнийг бид мэдэж ярьдаг зүйл биш. Монгол бол тусгаар тогтносон улс. Тэр
утгаараа Сангийн яам, Монголбанктай. Валютын ханшийг санхүүгийн байгууллагууд
олон жилийн дунджаар тооцож байж гаргадаг. Тэр дагуу л гарч ирж байгаа дүн.
Үүнийг хэн нэгэн гишүүн өөрчлөхгүй. Хэн нэгэн хүн таамаглах нь утгагүй асуудал.
Энэ нь хэн нэгнийхээ амыг баалсан асуудал болохоос өөр зүйл биш. Зах зээл
өөрийнхөө дэг жамаар явж байгаа нь үнэн л юм бол зах зээл нь өөрөө зохицуулж
таарна.

Төсөв хаанаас бүрддэг вэ гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй. Төсвийг
бүрдүүлдэг гол хүч нь хувийн хэвшил. Хувийн хэвшлийнхний нуруун дээр өнөөдрийг
хүртэл үүнээс өмнөх үе үеийн Засгийн газар ачааг нь үүрүүлж явсан. Энэ ачааг
хөнгөлөх гэж төсвийн тодотгол, төсвийн хэмнэлтүүдийг хийх гээд оролдоод байгаа
юм. Тэдгээр бизнесийнхнийхээ нурууг амраачихвал дараа нь тэр хүмүүс чинь хариу
үйлдэл хийхдээ дутагдаад, хүрэлцэхгүй байгаа төсвийн бүрдүүлэлт улам сайжирна
гэсэн үг. Энэ утгаар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон
бусад олон гарцыг бид хайж байгаа юм. Нэг талаараа эсэргүүцэлтэй тулж байгаа
боловч зайлшгүй хийх ёстой зүйлсээ хийгээд явж байна. Ийм зүйлийг бид ойлгох
цаг болсон.

-Зарим гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулна гээд гарын үсэг зурж
байна. ҮХЦ-ээс Засгийн газрын гишүүдийг шүд сугалах маягаар огцруулах нь буруу
гэдэг шийдвэр гаргасан. Гэвч Их хурал хүлээж авсангүй. Цэцийн их суудлын
хуралдаанаар асуудал орох байх. Цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр
гэдгийг хуульчид хэлж байна. Эцсийн шийдвэр гартал Цэцийн гаргасан шийдвэр
түдгэлзсэн хэлбэртэй байдаг. Энэ утгаараа ямар нэгэн Засгийн газрын гишүүнийг
огцруулах асуудал яригдах ёсгүй. Үүнийг гишүүд өөр өөрсдийнхөө сонирхлоор
тайлбарлаад байна.

Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулахаар Г.Уянга гишүүн
гарын үсэг зуруулаад яваад байгаа л даа. Г.Уянга гишүүний хийж байгаа энэ
үйлдлийг харахаар нэг бол их шударга ажил хийгээд байгаа юм шиг боловч улс
орноороо өөрсдөө тоглоод байгаа юм шүү дээ. УИХ-ын 76 гишүүн дотор Засгийн
газраараа тоглодог нэг хэсэг гишүүн бий болчихлоо. Нөгөө нэг хэсэг нь улс
орныхоо төлөө ажил явуулах хүсэлтэй байна. Өөр нэг хэсэг нь аль аль талыг нь
харж байгаад ялах магадлалтайд нь ордог бүлэг бий болчихсон. Өнөөдрийн УИХ-аас
ийм л дүр төрхийг харж болно. УИХ, Засгийн газраар нь тоглож хэн нэгэн хүнийг
нь унагааж бах таваа хангах юмсан гэсэн хэсэг бүлэг хүмүүс аль аль намд бий.

-Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа тогтвортой байх ёстой гэдэг
дээр санал нэгдсэн гэдгийг дээр хэлж байсан. Энэ зарчмаасаа ухраагүй биз дээ?

-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраа унагаахгүйн төлөө ажиллана. Тухайн
Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын нэрээр сонгуульд орсон, Ардчилсан намын
бүлэгт харьяалагддаг гишүүд олонхийн буюу бүлгийн шийдвэрийг дагах үүрэгтэй.
Энэ үүргээ умартаж байгаагаасаа болж арга хэмжээ авахуулж байгаа учраас дараа
дараагийн арга хэмжээг бүлэг цаг алдахгүйгээр авна. Үүн дээр гишүүд нэг
ойлголттой болж байгаа гэж бодож байна. Мэдээж хувь хүмүүст таалагдахгүй
асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч улс төр гэдэг бол багийн тоглолт. Олонхийн
шийдвэрээ дагаж явах ёстой. Хэрвээ дагах хүсэлгүй бол сонголтоо хийх эрх нь
бий.

-Сүүлийн үед ҮХЦ-ийг “Лексус 570” машинаар авлигадсан гэдэг
зүйлийг ярих боллоо. Төсвийн мөнгөөр аваагүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн…

-УИХ хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа оноог нь
засч залруулдаг газар. Түүнээс хэн нэгнийг шүүдэг, ялгадаг газар биш. Өнөөдрийн
дүр төрх Ц.Нямдорж, Г.Уянга, О.Баасанхүү гишүүний ч бай өөрсдийнх нь хүсэл
сонирхлын үүднээс хийж байгаа ажил болохоос тэдний хийж байгаа үйлдэл улс эх
оронд хэрэгтэй зүйл гэж байхгүй. Нэг талаасаа УИХ-ын гишүүнийхээ эрх үүргээс
давсан ажил хийж байгаа юм.

-Хоёр толгойн асуудал ёстой л улс төрийн мөнхийн сэдэв болчихлоо. Оюу
толгой нь оны төгсгөлөөр шийдэгдэх сурагтай. Таван толгойн асуудал харин
гацаанд орчихлоо. Хэтэрхий их улстөржилтөөсөө яаж салах вэ?

-Тухайн салбараа мэддэг, тухайн салбартаа үйл ажиллагаа явуулдаг
хүмүүсийн шийдвэр голлох учиртай. Гэтэл энэ шийдвэрийг нь улстөрчид татаж авч ирээд
нэг танхимд өөд өөдөөсөө харж суугаад мэддэг юм шиг яриад суучихдаг. Үүнээс
болоод дээшилсэн зүйл ч байхгүй, иргэдийн ухамсарт өөрчлөлт хийгээд байна. Энэ
асуудлыг засах цаг болсон. Одоогийн Их хуралд уул уурхайгаар мэргэшсэн хүн
цөөхөн байгаа.

УИХ-ын гишүүн болчихсон юм чинь би бүхнийг мэддэг гэж ойлгодог хүмүүс
дэндүү олон болчихсон. Харин УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө мэргэшсэн салбараа л
мэддэг байх ёстой. Түүнээс бусад салбарууд дээр мэргэжлийн хүмүүсийн үгийг
сонсоод явах хэрэгтэй. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд бүхнийг мэддэг гэж
эндүүрдэг. Их хурлын гишүүн болчихоороо тэнгэрийн дээгүүр нисдэг гэж өөрсдийгөө
төсөөлдөг байдал бодитоор харагдаж байна.

-АН олонхи болсон үед Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн нь нэлээд
баалуулах шалтгаан болж байх шиг байна. Шилэн дансны хуулийн тал дээр ямар
бодолтой явна вэ?

-Шилэн дансны тухай хууль нь л
АН олонхи болсон үед гарсан.
Шилэн дансны хууль гарсан нь ихээхэн ач холбогдолтой. Энэ хууль гарахаас өмнө
байсан булхайтай болгон өнөөдөр илэрч байгаа юм. Тэр булхай болгоноо Ардчилсан
нам руу чихнэ гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Энэ булхай чинь 2012 оноос
хойш АН Засаг барьж байгаа үед гарч байгаа юм биш. Шилэн дансны хуультай
болсноор өнөөдөр хүмүүсийг шүүмжилж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь булхайг ил
болгож байгаа.

Бид өнөөдөр загасны л ой санамжтай байна. Мөнгөний төлөө явдаг хэдэн
залууг ашиглан янз бүрийн юм хийлгээд, түүнийгээ жигтэйхэн том юм хийж байна
гэж хүмүүсийн тархи толгойг угаадаг тийм л зам руу явж байгаа л даа. Өөр юу
хэлэх вэ дээ. Мөнгөтэй холбоотой бүхэн өмнө нь байсан. Өнөөдөр харин засарч
байгаа юм. Шилэн дансны хууль гарснаар тэр нь тод болсныг нь гаргаж ирчихээд
“Бид хийлээ” гэж ярих хэрэггүй. Толгой дээрх бухлаа харахгүй байж хүний толгой
дээрх өвсийг хараад байх шаардлага ч байхгүй.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйл асуухад сүүлийн хэд хоног цахим орчинд
“Б.Гарамгайбаатар даргын Монроуд компани Хөгжлийн банкнаас зээлсэн 4.4 тэрбум
төгрөгөө өгөхгүй байна” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар
хийхгүй юу?

-Өмнө нь би хангалттай тайлбар хийсэн дээ. Одоо би УИХ-ын гишүүн.
“Монроуд” компани тусдаа удирдлагатай тул тэндээс очиж асуусан нь
дээр. Өнөөдрийн нөхцөлд шударга, зарчмаар нь ажиллаж байгаа. Түүнээс биш хэн
нэгний үгийн олз болж явмааргүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Нобелийн шагнал хүртсэн 14 дэх эмэгтэй

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг Беларусийн зохиолч Светлана Алексиевичид олгохоор болов. Беларусийн иргэн анх удаагаа энэ хүндтэй шагналыг хүртсэн юм. Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Өөрийн уран бүтээлийн ер бусын аргаар хүний дотоод дуу хоолойг гаргасан. Светлана Алексиевич нь энэ цаг үеийг маш гүнзгий мэдрэн харуулсан” хэмээн дурдсан байна. Нобелийн хорооноос мэдэгдэл хийсний маргааш нь буюу энэ сарын 10-ны өдөр Светлана Алексиевич Берлинд очиж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сэтгүүлчид түүнд ихэвчлэн улс төрийн өнгө аястай асуултууд тавьжээ. Энэ шагналыг өөрт нь олгосноор Нобелийн шагналын нэр хүнд өсөх үү, Беларусь, Европын Холбоо хоёрын харилцааг хэрхэн сайжруулах вэ, В.Путины эсрэг байр суурь баримталдаг тул энэ шагналыг олгосон хэмээн оросууд бичиж байгаа гээд л асуултаар бөмбөгдсөн байна.

Түүний бичсэн “Дайн эмэгтэй бус төрхтэй” ном аль хэдийнэ сонгодог бүтээлд тооцогдох болсон бөгөөд түүний зохиолуудаас хамгийн их нэрд гарсан нь. Светлана Алексиевич энэ номоо бүр 1983 онд бичсэн боловч тухайн үед хэвлэхээс татгалзсан байна. Зөвлөлтийн утга зохиол шүүмжлэгчид энэ бүтээлийг пацифизм буюу хүчирхийллийг эсэргүүцсэн үзэлд автсан, юмыг хэтэрхий бодитоор харуулж Зөвлөлтийн баатарлаг эмэгтэйн дүрийг саармагжуулсан хэмээн буруутгасан. Гэвч удалгүй “Дайн эмэгтэй бус төрхтэй” ном уншигчдын хүртээл болж 1985 онд хоёр сая хувиар хэвлэгджээ. Светлана Алексиевичийн 1989 онд хэвлүүлсэн “Цайрын хүүхдүүд” хэмээх Афганистаны дайны тухай өгүүллэгүүдийн эмхэтгэл мөн л нэлээд шуугиан тарьсан. Дашрамд дурдахад түүний бүх ном герман зэрэг нэлээд хэдэн хэл дээр орчуулагдсан. Беларусийн зохиолчын бичдэг гол сэдэв нь хүний зовлон шаналал, дайн. Зохиолч эмэгтэй маань 1948 онд төрсөн, өөрөөр хэлбэл өөрөө дайныг үзээгүй. Гэхдээ судалгааны ажил хийх, тэр дундаа баримт цуглуулахдаа гарамгай гэдэг. Түүн дээр тулгуурууласан нэлээд хэдэн бүтээл туурвисан байна. “Чернобылийн залбирал” бүтээлийг нь ч дурдахгүй байхын аргагүй юм.

Светлана Алексиевич нь Украины баруун хэсэгт орших Станислав хотод төрсөн. Аав нь беларусь, ээж нь украин үндэстэн байсан бөгөөд хожим нь гэр бүлээрээ аавынх нь төрсөн нутагт шилжин суурьшжээ. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, түүх, герман хэлний багш, хожим нь “Прыпяцгая прауда” сонинд сурвалжлагч гээд янз бүрийн ажил эрхэлж байсан. 1972 онд Беларусь Улсын их сургуулийн сэтгүүлчийн факультетийг дүүргэснийхээ дараа сонины газар ажиллаж байхдаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Амьдарч байсан нийгмийнхээ үзэл суртлыг хүлээн зөвшөөрч чадаагүй тул 2000 оны эхээр тэрээр баруун Европыг зорьсон. Ингэхдээ Герман, Франц, Итали, Швед зэрэг орнуудад өөрийн үзэл бодол нэгт уран бүтээлч нөхдүүдээ олж авсан гэдэг.

Одоогоос хоёр жилийн өмнө Минскт буцаж ирэх­дээ “Дарангуйлагч А.Лукашен­когийн үеийг өнгөрөхөөр ирнэ хэмээн тооцоолж байсан боловч бүтсэнгүй” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл хүлээж дийлсэнгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч А.Лукашенко түүнд нэр хүндтэй шагналд хүртсэнд нь баяр хүргэсэн юм.

Нутагтаа ирснийхээ дараа “Секонд хэндийн үе” номоо уншигчдын хүртээл болгосон. Энэ бүтээлдээ Зөвлөлтийн болон түүний дараахь үеийн хүмүүсийн ялгааны онцлогийг харуулахыг хичээжээ. Ингэхдээ нийгэмд гарсан өөрчлөлтийн улмаас өөрөө ч маш ихээр өөрчлөгдсөн гэдгээ харуулсан хэмээн шүүмжлэгчид бичсэн байдаг.

Светлана Алексиевич нь өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвихдаа олон улсын нэр хүндтэй шагналуудыг нэг бус удаа хүртсэн. 2001 онд Ремаркийн шагнал, 2006 онд АНУ-ын үндэсний шүүмжлэгчдийн шагнал, 2013 од Лайпцигийн номын яармагаас “Европын харилцан ойлголцолд хувь нэмэр оруулсны төлөө” шагнал, Германы “Улс төрийн шилдэг ном” шагналуудын эзэн болсон. Түүний бүтээлээр кино, жүжиг хийсэн гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Зарим хэвлэлд Светлана Алексиевичийг Нобелийн шагналыг хүртэхэд хамгийн тохиромжтой хүн гээд дэлхийн иргэн хэмээн тодорхойлжээ. Беларусь-украины гэр бүл Украинд төрсөн тэрээр Беларусьт өсөж том болсон. Хожим нь Итали, Герман, Францад нэлээд удаан амьдарсан. Светлана өөрийгөө чих шиг соргог хэмээн тодорхойлсон байдаг. Тэр бусдын ярихыг анхааралтай сонсож, тэмдэглэж, боловсруулж, тунгаан бодно, дараа нь уншигчдад хүргэнэ. 1990-ээд оны үеийн амьдралыг харуулсан “Секонд хэндийн үе” зохиолын агуулгыг товч өгүүлье. Нэгэн эмгэн нас барахад охин, ач хоёр нь талийгаачийг оршуулах мөнгөгүйгээс долоо хоног шарилыг гэртээ байлгана. Ингэхдээ өмхийрүүлэхгүйн тулд янз бүрийн арга хэмжээ авна. Эцэстээ дээрэмчид тэдэнд мөнгө өгч оронд нь байрыг нь авна. Ингээд ээж, охин хоёр гудамжинд гарна. Беларусийн зохиолч бүсгүй энэ бүтээлээрээ нэлээд хэдэн шагнал хүртсэн юм.

2015 оны Нобелийн утга зохиолын шагналтан маань дахин хоёр ном бичих хүсэлтэй гэдгээ сэтгүүлчдэд ярьсан байна. Нэг нь хайр дурлал, нөгөө нь хөгшрөлтийн тухай аж. Гэхдээ уншихад тийм ч сайхан санагдахгүй болов уу гэжээ:.

Светлана Алексиевичийг хүний зовлонг судлаач ч гэдэг. Авторитар дэглэм, дайны золиос болсон хүмүүсийн талаар өгүүлдэг. Түүнийг зовлонгоос зугтагч бус харин ч түүнтэй халз тулж, түүнд нэрвэгдсэн хүмүүстэй ярилцаж сэтгэлийг нь ойлгохыг хичээдэг. Түүний бичдэг жанрыг вербатим хэмээн нэрлэдэг. Энэ нэр томъёог утга зохиолд сүүлийн үед хэрэглэх болсон. Харин Светлана Алексиевич энэ томъёолол гарахаас өмнө уг жанраар бичиж, түүнийг хөгжүүлсэн гэж болно.