Categories
мэдээ нийгэм

Увс аймагт дэгдсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Билүүт багийн “Могойтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 103 иргэн, 10 автомашин, нийт 115 хүн 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 17:17 цагт унтраасан. Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт цурамд оруулсан. Ажиллаж байгаа: Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 25 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр; Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Хулстайн гурван даваа” гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын Филармонийн 44 дэх үзвэрийн жилийн нээлтийн тоглолтууд болно

Ард түмний урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож уран бүтээлийн гараагаа эхэлсэн Монгол улсын филармони 44 дэх намар цагийн үзвэрийн аялгуун хөшгөө нээх гэж байна.

Улсын филармони нь 2015 оноос олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол уран бүтээл” төслийг энэ оны нэгдүгээр улиралд үзэгчдийн хүртээл болгож хөгжмийн зүтгэлтнүүд, олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ.

Дэлхийн өнцөг булан бүрт театр, урлагийн байгууллагууд шинэ улирлын нээлтээ хийж шинээр бүтээн туурвисан уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож хамтдаа баярлаж буй энэ цаг мөчид манай байгууллага үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “СОНГОДОГ ХӨГЖИМ” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах сонгодог концертуудыг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтдаа ороод байна.

Морин хуурын чуулга

  • 10 – р сарын 15 –нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис”
  • 11 – р сарын 13 –нд 19.00 цагт “Кармен сюит ”

Баян монгол жазз найрал хөгжим

  • 10 – р сарын 16 – нд 19.00 цагт “Cocоnuts baby”
  • 11 – р сарын 20 – нд 19.00 цагт “City swing”

Симфони найрал хөгжим

  • 10 – р сарын 17 – нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис
  • 11 – р сарын 27 – нд 19.00 цагт “В.А. Моцартын бүтээлүүд”

Хамтарсан тоглолт

12 – р сарын 24 “Snow melody” Шинэ жилийн баярт зориулсан тоглолт

Сонгодог хөгжим” төслийг UNITEL групп дэмжин ажиллаж буй бөгөөд Юнителийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авах боломжтой ба Юнивишний IPTV- ийн 88 – р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжтой юм.

Тоглолтын дэлгэрэнгүйг: Mongolian State Philharmonic/facebook.com www.mgl-philharmonic.com 7011-8012, 7014-8012, 9992-5074, 8800-4849, 9904-5517 дугаараас тодруулна уу.

Categories
мэдээ нийгэм

Ус дулаан дамжуулах 6 төвийг ашиглалтад оруулна

Шинэ бүтээн байгуулалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 7-р хороололд төлөвлөсөн ус, дулаан дамжуулах 6 төвийг байгуулах ажил үргэлжилж байна. Эдгээр ажлыг БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. 6 төвийг байгуулах нийт төсөв 1.6 тэрбум төгрөг бөгөөд одоогоор нийт ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа гэдгийг төслийн дулааны инженер Н.Болор-Эрдэнэ мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 7-р хороололд хэрэгжиж буй орон сууцны хорооллуудыг ус, дулаанаар хангах эдгээр төв нь 11-р сарын 15-нд хүлээлгэж өгөх аж.

Төслийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хариуцсан бөгөөд гүйцэтгэгчээр “AGZ”, “BECIGN” болон “Жаргал констракшн” компаниуд түншлэлийн нөхцөлтэйгөөр ажиллаж байгаа юм.

Төслийн хүрээнд “Асар Өргөө” компанийн хашаанд гүйцэтгэсэн ЦТП нь 500 айлын орон сууцыг ус, дулаанаар хангах хүчин чадалтай бөгөөд угсралтын ажил 90 хувьтай байгаа аж. 7-р хорооллын нутаг дэвсгэрт шинэ бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулсан дээрхтэй адил боловч хүчин чадлын хувьд ялгаатай 5 төв ашиглалтанд орох юм.

Categories
гадаад мэдээ

Ядуурлын судлаач Нобелийн шагнал хүртсэн байна

Дэлхийн ядуурлыг судалдаг мэргэжилтнүүдийн нэг болох Принстон их сургуулийн профессор Ангус Детон 2015 онд эдийн засгийн Нобелийн шагнал хүртлээ. Түүнийг хэрэглээ, ядуурал, тэтгэмж зэрэг асуудлаар хийсэн cудалгааг үндэслэн энэхүү шагналыг хүртээсэн гэж Шведийн Стокольм хот дахь шинжлэх ухааны академиас мэдэгджээ.

Детон Энэтхэг, Өмнөд Африк болон дэлхийн бусад хөгжиж буй хэсэгт өргөн хүрээний судалгаа хийжээ. Ангус Детон “Би ядуурлын бууралтыг урьдчилан хардаг. Өнгөрсөн 20 жилд гайхалтай үр дүнг харсан. Энэ цаашид ч үргэлжилнэ” гэж даваа гарагт шагналаа гардаж авахдаа ярьжээ.

Энэ жил дэлхий даяар нэн ядуу амьдралтай хүмүүсийн тоо 10 хувиар буурна гэж Дэлхийн Банкнаас мэдэгдсэн билээ. Мэдээж хэрэг энэхүү тооцоог Ангус Детон тэргүүтэй эрдэмтдийн судалгаанд суурилан гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Улаан: Бүтцийн өөрчлөлт хийсний ашиг 2016 онд мэдрэгдэхгүй

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2015 оны Төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Энэ талаар тус байнгын хорооны дарга Ч.Улаан ярихдаа “Өнөөдөр 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх оны төсвийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх нөхцөл бүрдэж байна. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд төсөвтэй холбогдуулж ажлын хэсэг гаргаж ажилласан. Засгийн газрын зүгээс хямралын нөхцөлд ажиллах бодлогод нийцсэн зардлын томоохон өөрчлөлттэй төслийн төслийг оруулж ирсэн. Байнгын хороогоор дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдээд ажлынхаа зохион байгуулалтыг хийлээ. УИХ дээр төсвийн бодлогыг тодорхойлох үр, дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Энэ ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Байнгын хороо бүр ажлын хэсэг байгуулж төсвийг хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт гаргахаар шийдсэн. Тус хурлаар УИХ-ын гишүүд төсөв өөрөө тодорхой эзэнтэй, хариуцлага тооцох хүнтэй байхад анхаараач гэсэн саналыг их гаргасан. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх ёстой. Мөн хөрөнгө оруулалт, Засгийн газрын өр, зээлийн үйлчилгээний зардал, ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, шатахууны үнэтэй холбоотой асуудлуудад гишүүд ихэвчлэн анхаарал хандууллаа” гэв

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын виз мэдүүлэхэд хавсарган өгдөг зургийн хэмжээ өөрчлөгдлөө

2015 оны 9 сарын байдлаар БНСУ-д гадаадын 1,801,410 иргэн оршин сууж байна. Үүний 30,297 Монгол иргэн байгаа юм. Эдгээрээс хууль ёсоор ажиллаж буй хөдөлмөрийн гэрээний ажилчин – 7,437, оюутан – 3,996, Солонгос иргэдтэй гэрлэсэн – 1,730, бизнес эрхлэгч – 72, хөрөнгө оруулалтын визтэй – 61 иргэн тус тус байгаа бол түр хугацаагаар оршин суугч буюу аялалын визээр орж ирсэн 11,515 иргэн байна. БНСУ-д зорчих визийн мэдүүлэг өгч байгаа иргэд бүрдүүлэх материалд 3,5см х 4,5 см фото зураг зургаан хувь шаардлагатай гэж заасан байдаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улс визийн зурагт стандарт тогтоосон байна. Энэ сарын 11-нд тогтоосон шинэ стандартын дагуу зургийн өргөн: 3.5 см. урт- 4.5 см, зурган доторх нүүрний хэмжээний өргөн-2.5 см, нүүрний хэмжээний урт 3.5 см, цагаан фонтой, хоёр чих, дух ил гарсан зураг байх юм. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын зурагны хэмжээтэй адилхан зураг байхаар тогтоожээ.

Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн тамирчид улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ

Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ДАШТ-нд зургаан тамирчин албаны гурван хүний хамт амжилттай оролцоод ирснээ онцлолоо. ДАШТ-ийн ААШТ-нээс 74 кг жинд С.Энхбат мастер ангиллаас суултаар хүрэл медаль, таталтаар мөнгө медаль хүртсэн бол шахалтаар IV байр эзэлж, нийлбэр оноогоор III байрт шалгарчээ.

Харин 83 кг-ын жинд М.Анхбаатар шахалтаар мөнгөн медаль, нийт дүнгээрээ III байр эзэлжээ. АНУ-ын Денвер хотод болсон 93 кг-ын жинд Ю.Сүх-Очир таталтаар хүрэл медаль хүртсэн байна. Азийн аваргаас ийнхүү манай улсын гурван тамирчин медальтай ирлээ. Уг тэмцээн үзүүлэлт өндөртэй том хэмжээний тэмцээн болсныг Пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга хэлсэн юм. Тэрбээр “ДАШТ-д нийт 20 гаруй орны 220 орчим тамирчин өрсөлдсөн. Манай тамричид маш амжилттай оролцсон. Монголын баг тамирчид ретингээрээ VI байрт орлоо. Энэ бол Монголчуудын өмнө нь гаргаж байгаагүй амжилт шүү. Цаг агаарын хувьд +47 градус байсан хэдий ч манай тамирчид үүнд дасан зохицож, жингээ тааруулахын тулд хоолоо сойж бэлтгэлээ хийж байлаа. Бидэнд туслаж байсан бүх Монголчууддаа баярлалаа. Мөн дасгалжуулагч гэж байхгүй өөрсдөө бэлтгэлээ хийсэн. Их хичээж, чармайсны хүчинд амжилт гаргаж ирсэндээ бид баяртай байна” хэмээлээ.

Мөн “Ази тивийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн” Амон улсын Маскат хотод болсон бөгөөд манай улсын тамирчин Д.Анхбаяр 120 кг-ыг 260 кг-аар шахаж алтан медаль, Л.Бархасбаатар 105 кг-ыг 230 кг-аар шахаж хүрэл медаль хүртсэн бол М.Батбаяр 93 кг-ыг 220 кг-аар шахаж IV байр эзэлсэн байна.

Цаашид албан ёсны бэлтгэл хийж, улам их дэмжиж ажиллавал 2020 оны олимпид оролцож амжилт гаргах магадлал өндөр байгааг тэд энэ үеэр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Гялгар уут биедаа авч явахыг санууллаа

Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийн хүрээнд гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ, Улаанзагалмайн нийгэмлэг ард иргэдэд мэдээлэл өглөө.

Хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх багийн дарга Б.Ууганбаяр газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах анхан шатны аргыг заасан юм. Газар хөдөлбөл эхний ээлжид байшин барилгаас гарах эсвэл ширээн доогуур орох шаардлагатайг сануулав. Урьдчилан сэргийлж гэрийн тавилгануудаа ханандаа бэхлэх, бичиг баримтаа нэг дор хадгалахыг ч дурдав. Мөн гамшиг учирсан үед гялгар уут чухал хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Талхны болон 100 төгрөгийн гялгар уут нь учирч болох аюулаас өөрийгөө хамгаалахад тустай аж.

ОБЕГ-аас тус өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. www.ontsgoi.cov.mn сайтад, иргэдийн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл байршуулж эхэлжээ. Мөн газар хөдлөлтийн үеийн сургалтыг явуулж байгаа аж. Улаанзагалмайн нийгэмлэгийн зүгээс “Өвөлд бэлэн үү” сарын аяныг зохион байгуулж байгаа юм байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 49,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Categories
мэдээ улс-төр

МАК-тай Тогтворжуулалтын гэрээ байгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МАК-ын эзэмшлийн Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суваргын үйлдвэртэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор жилд 100 мянган тонн цемент, 900 мянган тонн чулуунцар, 100 тонн шохой үйлдвэрлэнэ, 410 монгол хүн ажлын байраар хангагдана.

Мөн МАК Дорноговь аймгийн Даланжаргал сумд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, жилд дунджаар 32 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.

Харин Цагаан суврагын орд ашиглалтад орсноор жилд 310 мянган тонн зэсийн баяжмал, 400 мянган тонн молебдин үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол бий аж. Мөн 1120 ажлын байр шинээр бий болж, жилд 180 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулж Засгийн газар нь тус компанид тогтвортой байдлыг бий болгож өгч буй гэнэ. Хөв цавын цементийн үйлдвэрт 24 жилийн, Цагаан суваргын орд дээр 27 жилийн тогтвортой байдал бий болгож өгчээ.

Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ

Засгийн газрын хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ-аас 1999 онд Авто тээврийн хуулийг баталснаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь тус хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж, цаашид хэвийн мөрдөгдөхөд хүндрэлтэй болсон хэмээн Засгийн газар үзжээ.

2014 онд зорчигч тээврийн 98 хувь, ачаа тээврийн 68 хувийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн байна. Авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд тав дахин өссөн, 2014 онд Монгол Улсад 740 мянган тээврийн хэрэгсэл тоологджээ. Үүнээс 430 мянган тээврийн хэрэгсэл нь хувийн автомашин аж.

Аймгуудыг Улаанбаатар хоттой авто замаар холбож өгснөөр орон нутгийн авто тээврийн хэрэгслийн тоо огцом өссөн. Шатахуун хангамж зэрэг авто тээвэртэй холбоотой олон асуудал үүсч байгаа тул Авто тээврийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэн, уг хуулийн төслийг нэн даруй боловсруулахыг Зам тээврийн сайдад үүрэг болгосон байна.

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Эрхэмбаяр: Ардчилсан нам хоёр сарын хугацаанд ажлаа тайлагнах аян эхлүүллээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө.

Ардчилсан намын генсек Л.Эрхэмбаяр,

“Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх явцад гишүүдийн зүгээс “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс Ардчилсан нам аравдугаар сарын 10-аас аравхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэв.

Бүсийн чуулганыг зохион байгуулахад явцад чуулганд оролцсон Ардчилсан намын 5000 гаруй гишүүд дэмжигчид, иргэдийн хэлсэн санал санаачлагуудыг нэгтгэж дүгнэжээ. “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн таван сайн ажлыг нэрлэсэн байна. Нэгдүгээрт, Бүтээн байгуулалт-Чингис бондийг сайн ажлаар нэрлэжээ. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилт, шинэ сумын төв, Улаанбаатар хотын замын шинэчлэл зэрэг ажлуудыг иргэд онцлон нэрлэсэн байна.

Хоёрдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдийн амьдралд тус болсон сайн ажлын нэг гэдгийг нэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд Монгол банкнаас 4 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгсөнөөс эргэн төлөлт хэвийн байгааг Монголбанкнаас мэдэгджээ.

Гуравдугаарт, боловсролын салбарт хийгдэж байгаа ажил буюу Зөв Монгол хүн хөтөлбөрийг сайн хэрэгжсэн ажлын нэгээд тодруулжээ. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд болгон өөрт байгаа авъяасаа хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна.

Харин дараагийн сайн хэрэгжсэн ажлаар 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль батлагдсанаар 586 мянган хүн ажилласан жилээ нөхөн бүртгүүлсэн нь Ардчилсан намын гол ажлын нэг гэж дүгнэсэн байна. Улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн багц гэж тус бүр нэг тэрбум төгрөг өгдөг байсныг зогсоож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болгосон нь 273 тэрбум төгрөгийг орон нутаг өөрсдөө мэдэж зарцуулдаг болсон нь сайн хэрэгжиж байгаа ажлын нэг гэж дүгнэжээ.

Ийнхүү Ардчилсан нам энэ удаа “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш…” чуулганыг Монгол Улсын 330 сум, 157 хороонд хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа ард иргэддээ тайлагнах юм. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг ард иргэдээрээ хэлэлцүүлж боловсруулсан. Ингэхдээ “Ажилтай орлоготой-Монгол хүн”, “Аюулгүй орчинтой-Монгол хүн”, “Эрүүл чийрэг-Монгол хүн”, “Эрдэм боловсролтой-Монгол хүн”, “Эрх чөлөөтэй-Монгол хүн” гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан юм.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дээрх таван дэд хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж, өнөөдөр ард иргэд үр шимийг нь хүртэж байгаа билээ. Тэгвэл 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд эхлүүлсэн ажлаа гүйцээхийн тулд ард иргэдийнхээ дуу хоолойг дахин сонсож, тэдний санал бодлыг тусгахаар энэхүү ажлыг эхлүүлээд байгаа аж. Ард иргэдэд ажлаа тайлагнах энэ ажлыг 2015 оны аравдугаар сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар зохион байгуулахаа мэдэгдлээ.