Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мах идэх шүд аманд, хүн идэх шүд сэтгэлд бий

“Амьдрал богинохон учир шүдтэй байгаа дээрээ инээ” гэсэн үг олж уншив. Үнэн л үг юм. Өвгөд маань ч “Ертөнцийн гурав”-таа “Өсөхөд шүд нэг цагаан” гэсэн байдаг. Гучин хоёр цагаанаа яралзуулаад инээж байгаа хүн нүдэнд дулаахан харагддаг. Инээж байгаа, сэтгэлдээ жаргалтай хүн шүдтэй, шүдгүй нь эцсийн эцэст хэнд ч хамаагүй л дээ. За тэгж байтал “Мах идэх шүд аманд бий. Хүн идэх шүд сэтгэл дотор бий” гэсэн сүрхий үг байна. Шүд тэгэхээр янз бүр байдаг байх нь. Хөгжилтэй орнуудын хүмүүсийн байр байдлыг харахад бүгд л яралзтал инээж, хажуугаар зөрөөд өнгөрсөн ч толгой дохин мишээж байдаг. Харин бид бол угтаа тийм биш. Хэн нэгэн инээгээд, шүдээ яралзуулан мишээвэл “Энэ муу одоо яагаад хүн доромжлоод байгаа юм” гэж бодох жишээний. Манайд харин шүдтэй байгаа дээрээ инээх, аз жаргалтай байх логик утга бүр эсрэгээрээ гэхэд болно.

Төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж, ёстой л идэр залуу чонын яралзсан араа шүдийг гаргаж, “аррр” гэх нь энүүхэнд. Нийтийн унаанд суухад автобусны жолооч, мөнгө хураагчаас эхлээд урт урт цагаан соёо яралзуулах нь сэтгэл дэх шүдээ гайхуулж байгаа нэг хэлбэр. Төр түшдэг хүмүүст ч бас эцэг эхээс заяасан сайхан муухай, шарласан, хорхойтсон янз бүрийн л шүд бий. Хэн нэгэн хүн төрийн өндөр албанд очлоо гэхэд “Овоохон идэж, дориухан шингээнэ дээ” гэж араа юугаан билүүдэж, ар юугаан үл бодон сувдаглана. Хорхойтсон шүд ходоодны дайсан болдгийн үлгэрээр “аавынх” руу ачигдахын цагтаа хуулийг гууль болгон хэмлэж, гадаад хийцийн гав дөнгийг ч тас мэрэх гэж оролдоно. Инээ гэж шүд заяасан атал идэх хивэх гэж буруу ойлгосны гор ингэж гарна. Шунал, атаа жөтөө хүний сэтгэлийн шүдийг хорхойтуулж иднэ. Тэгэхээр аз жаргалын цагаан хэрэм болсон шүднийхээ шидийг нэг үзүүлж нээх сайхан инээцгээе дээ, хүмүүс ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилдаад юм уу, бахиралдаад баян амьдардаг бол сайхан л юм

Телевизийн суваг солиход дуулдаг хуурддаг тэмцээн л гарах болж. “My voice”, “Universe best songs”, “Авьяаслаг монголчууд”, “Гэгээн алсын одод”, “Камертон II” зэрэг олон шоу, тэмцээн уралдаан дуулж хуурддаг бүхэл бүтэн үе бэлдэж байна. Эхлээд соньхон байсан. Одоо хэтрээд утгаа алдсан. Энэ олон шоунаас түрүүлсэн нь олонд танигдан од болж, эдийн засгийн хувьд ч сайжраад өнгө зүс ч ороод явчихдаг. Үлдсэн нь мөрөөдлөөс цаашгүй хоцорно. Нэг хэсэг нь загвар өмсөгч болно л гэнэ. Мөн л ирээдүйтэй загвар өмсөгч болгох элдэв нэртэй шоу, загвар өмсөгчийг сургадаг дамжаа, курс тоогоо алдав. Өөр нэг хэсэг нь жүжигчин болохыг мөрөөдөж, сэдэв нь мохсон ижил продакшн, хамтлагууд олноороо төрлөө. Эсвэл дунд болон дундаас доош орлоготой, амьдралтай айлын хүүхдүүд, биеийн хүчний спорт ялангуяа үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо, самбо, сумо, боксыг сонгон хоолонд хүрэх зам гэж бодон олноороо тийш хошуурах болов.

Арга ч үгүй биз. Амьдрал нь нүдэн дээр дэвжиж, хоёр, хэдэн өрөө байрыг хоёр гурваар нь бэлгэнд авч, үнэтэй машин, гулуузаар нь алт, сар бүр улсаас өндөр цалинтай болж, дууны тэмцээнд түрүүлсэн нь зуун саяыг аваад байхад хэн дургүй байхав.

Нийгэмд ийм үзэгдэл давамгайлж дуучин, бөх, загвар өмсөгч, цаашлаад улстөрч болох мөрөөдөлтэй жаалууд Монголоор нэг болов. Барилдаад, бахираад Монгол хөгждөг бол, бүгдээрээ баян болдог бол сайхан л юм. Тэгдэггүйд л учир байна. Бразилийн ядуусын хороололд өссөн хүүхэд хөлбөмбөгчин эсвэл хар тамхины наймаачин дээрэмчин л болдог гэлцдэг. Үнэн хэрэгтээ тэдний хэд нь хөлбөмбөгчин болох билээ дээ. Хэдэн саяас зуу ч хүрэхгүй нь хөлбөмбөгчин болно. Ядарсан орон ингэдэг. Бүх юм тоотой, хэмжээтэй. Дуу дууллаа гэхэд тоотойхон нь од болдог. Монголоор нэг дуучин байна. Хониныхоо захад, адууныхаа дэлэн дээр дуулж яваа нь Монголын талаар нэг бий. Учиргүй солгой хоолойтой л биш бол бүх хүн л дуулдаг. Дуу хоолой бол хөдөлмөр гэхээс байгалийн өгөгдөл. Сүүлийн үеийн техникүүд дуулж чаддаггүйг ч дуучин шиг дуулуулж дөнгөдөг болсон доо. Хүсвэл би ч, та ч дуучин болчихно. Гэхдээ үнэхээр онцгой авьяас, сайн маркетингтай нь л цойлж гарна уу гэхээс тоо нь хэтэрчихээд, тоож үзэх үзэгчгүй болсон дуучдаас их юм Монголд алга. Хаа сайгүй хандив нэхсэн, тасалбар нь борлогдохгүй, танил нэгнээ тамлан байж тоглолтоо шахаагаар үзүүлдэг болсон нь зөндөө.

Үнэхээр сайн дуучдынх нь тасалбар нь олдохгүй, дамын үнээр авъя гэчихсэн хайж байх. Ингэж хайлгаж, эрэл сурал болж тоглолтыг нь үзмээр, жинхэнэ од нь тоотойхон. Тамирчид ч гэлээ олимпийн медаль авах хэмжээнд нэг жинд нэг л хүн өрсөлддөг шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ хошуурах зүйл мөн үү.

Бидний яваад байгаа, явах гээд байгаа зам буруу байна. Үүний оронд техник засдаг, сантехник, барилга, уул уурхайн инженерүүд, мөнгө хийдэг бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл явуулдаг, гутал хувцас, хоол хүнс хийдэг, шинэ бүтээлүүд санаачлагчид, баялаг бүтээгчид энэ улсад тамирчид, дуучид, загвар өмсөгч, бүжигчдээс илүү хэрэгтэй байна. Дамын наймаачид 25 жил дороо хий эргэлээ. Гэхдээ дуулж, барилдсанаас хамаагүй дээр. Ядаж тэд хуримтлал үүсгэдэг. Тэр хуримтлалаараа дараагийн бизнес, үйлдвэрлэлээ эхэлчихсэн, эхлүүлээд явж байдаг. Тэгээд ч худалдаа бол хүн төрөлхтний үндсэн мэргэжил. 1989 оны Улаанбаатар, 2015 оны Улаанбаатарыг хар. 1989 онд гадаадад гарсан хүн өнөөдөр ирвэл Монголынхоо нийслэлийг таних ч үгүй. Өнөөх худалдаа, дамын наймаагаар эхэлсэн хүмүүс өнөөдөр ийм хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн.

Энэ их хөнгөн хийсвэр дуу бүжгийн шоу, тэмцээн, загварын шоунууд дээр нь бөө удган, лам, мэргэч төлгөч, зөнч гэсэн огтхон ч баялаг бүтээдэггүй хэсэг, бүлэг бас гараад ирлээ.

Зарим нэг улстөрч “Би алт ухдаггүй, би наймаа хийдэггүй, миний гар хуруу цэвэр” гэсэн буруу үзлээр хойч үеэ, Монголын нийгмээ хордуулсаар байна. Залуу үеийнхэн энэ ах шиг цэв цэвэрхэн гартай байвал улстөрч, олны танил болох нь гэж ойлгоно. Тэр үгийг нь шууд өлгөөд авах хөрс нь бэлэн байна. Гараа хар, хир болгохгүй хөнгөн хийсвэр зовлон багатай амьдрахыг залуус илүүд үзэх боллоо.

Уйлах, дуулах хоёр адилхан. Мөхөж байгаа ард түмэн дуулалддаг, уйлалддаг. Бид ийм тийм байсан, агуу ард түмэн байсан гэж цээжээ балбадаг. Өнгөрсөн цагийн мундаг байснаар ирээдүй цагийг бүтээдэггүй. Тэр тусмаа дуулж хуурдаж, барилдсанаар бий болохгүй. Ирээдүй цагийн сайн сайхныг өнөөдөр хөдөлмөрлөж бүтээснээр л бий болгодог. Шоу бизнес хөгжсөн дэлхийн орнууд бий. Тэд бүтээхийн хажуугаар цэнгэж байгаа юм. Бидэн шиг зугаа цэнгэл таашаалаа өмнөө тавьж, үйлдвэрлэж, бүтээхээ ардаа орхичихоод, баялаг бүтээгчдээ, баян хүмүүсээ улс орноороо адалдаггүй. Бид өмнөд монголчуудыг мэднэ. Тэд дуулж хуурдаж тэрүүгээрээ бахархаж л суудаг. Их, дээд сургууль төгсөгчид нь бүгд дуучин, бүжигчин, их сайндаа соёл судалдаг хүмүүс л болдог. Египетийг хар. Эртний түүхээрээ бахархаад өнөөдөр ямар байна. Бид яг л ийм замаар яваад байна. Үүнийг сэтгэгчид, хэвлэл мэдээллийнхэн, телевизүүд тунгаах биз ээ. Бид саятнуудаа магтаж, баячуудаа хүндэлж, баялаг бүтээгчдээ дэмжиж, олигархи, баян тарганаараа дуудахаа болимоор байна. Тэднийг хүндэлж, дэмжиж, сайшааж хэлж, ярьж, бичдэг болмоор байна. Хөгжилтэй орны иргэд яаж амьдардаг вэ. Дунд сургуулиа дүүргээд коллежоо төгсөөд аав, ээжийн байгуулсан удам дамжсан жижиг цехийг, дэлгүүр, жижиг машин засварын газар, хувийн эмнэлгийг хөгжүүлсээр үргэлжлүүлэн авч явдаг. Хэдэн үе дамжсан тэр бизнесд нь хэдэн үе дамжсан хэрэглэгч байж байдаг. Манайд бол эсрэгээрээ. Дориухан хоолтой замын нэг гуанзандаа арван жилийн дараа очиход сураг ч үгүй болчихдог. Эсвэл өөдөлж дэвжээгүй, өнөө мөдгүй үгүй болоход бэлэн сарампай юм байдаг. Хааяахан ганц нэг нь өргөжин тэлж өөдөлсөн нь бий. Нэг эхэлсэн ажлынхаа үр дүнг үр удмаараа үзэж, түүнийх нь үр шимийг нийтээрээ хүртдэг тийм тогтвортой бизнес бараг эрхэлдэггүй. Төр нь ч тийм боломжийг олгодоггүй. Хүмүүс нь эхний шуурганд эхний давалгаанд л бууж өгч, босгосноо үгүй хийж орхидог. Бизнесээ тогтвортой эрхэлдэггүй. Нэг нь хоолны газар эхлүүлээд овоо дориухан байвал дараагийнх нь дэлгүүр байгуулах гээд аль ч үгүй болгочихдог. Японы Чибагийн хөдөөх сууринд уралдааны морьдыг тэжээж, сургадаг бизнес эрхэлдэг танил өвгөн үүнийгээ удам дамжин эрхэлж өргөжүүлсээр саятан болсноо ярьж байсан. Хэдэн үе дамжин ирсэн энэ бизнесээ үр хүүхдэдээ мөн өвлүүлнэ. Тэднээр морио тэжээлгэж, сургадаг баячууд олон. Тэдний үр хүүхдүүд нь удам дамжин эднийхээр л морьдоо сургадаг. Гэхдээ тэр танил өвгөн маань морьд нь дориухан давхивал ажилчдаа дайлан суухдаа аятайхан дуу аялчихдаг л юм. Украин найз минь жижиг машин засварын газар ажиллуулж байсан аавынхаа бизнесийг үргэлжлүүлж байгаа. Тэр миний хийх ёстой ажил энэ гэдгийг бүр эрт л мэддэг болсон. Хааяахан тэр гитар даран сайхан дуулчихдгийг бас санаж байна. Дуу дуулах бол тэдний хувьд ажил нь биш. Алжаал тайлан, сэтгэл гэгэлзэх үедээ тэд дуулж л байдаг. Гэхдээ тэд бахираад, юм уу барилдаад амжилт олно гэж боддоггүй юм.

Categories
мэдээ нийгэм

Салхины эх одтой, харагчин гахай өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 14. Буд гариг, Билгийн тооллын 2. Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 07:33 цагт мандан, 19:19 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Гөлгөө яалаа?!” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва
гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. “Өдрийн
сонин”-д хотын дарга Э.Бат-Үүлийн “Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг
байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна” ярилцлага
хэвлэгдлээ. Та энэ ярилцлагын дэлгэрэнгүйг II нүүрнээс уншаарай. Харин “Улс
төр” нүүрт Л.Эрхэмбаярын “АН улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын
тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллана”, “ХБНГ-ын Ерөнхийлөгч И.Гаук өнөөдөр
Улаанбаатарт хүрэлцэн ирнэ”, “УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ” болон Засгийн
газрын хуралдаан, байнгын хорооны хуралдааны мэдээллийг уншаарай. Баримт, үйл
явдал нүүрт “Автобусны жолоочоос болж дахин нэг зорчигч амиа алдав”, “Хөгжлийн
банкны хуулиас гадуурх үйлдлүүд” зэрэг нийтлэл, мэдээллийг сонирхоорой. “Өдрийн
сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж
байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Гөлгөө
яалаа?!” нийтлэл хэвлэгдлээ. “Уран бүтээлч” буландаа жүжигчин
Н.Батцэцэгийн “Би юу эсийг үзэж, юу эсийг эдэлсэн билээ” гэсэн сонирхолтой
ярилцлага нийтлэгдэв. Та энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-ы XIII дугаар нүүрээс
тольдоорой. Харин “Эх орон сумаас эхэлнэ” буланд Төмөрбулагчуудыг
нийтэлжээ. XVII нүүрнээс уншаарай. Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын
өдрийг тохиолдуулан ОБЕГ-аас сонин гэрт байвал гамшгийн үед хэрэг болох талаар
мэдээлэл хийсэн байна. Та энэ талаарх сонирхолтой нийтлэл XVIII нүүрт
хэвлэгдлээ. Мөн энэ өдөр болсон үйл явдлын мэдээ, мэдээллийг хүргэж байна.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ
УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга Э.Бат-Үүл “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-д Хотын дарга Э.Бат-Үүлийн
“Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг,
араатнуудыг үйлдвэрлэж байна” хэмээх ярилцлага хэвлэгдэн гарч байна. Тэрбээр
“Дахин төлөвлөлтийн зөвшөөрлийг би биш иргэд гаргадаг”, “МАН-ынхны шээс нь
гоожих дөхсөн учраас сөрөг зүйлс явуулж байна”, “Манай нийгэмд дарга нарт л
асуудал бий, аав нь хотын дарга байхад хүү нь бизнес хийж болохгүйг ойлгосон”
хэмээн олон сэдвээр ний нуугүй хуучилжээ. Маргааш хамгийн их уншигдах энэ
ярилцлагыг “Өдрийн сонин”-ы дугаараас бүрэн эхээр нь хүлээн аваарай.

Categories
мэдээ спорт

“Breeders cup 2015” дэлхийн аваргад монгол морь уралдана

Америкийн Кентакки мужийн Лэксинтон хотод энэ сарын 30, 31-нд морин уралдааны “Breeders cup 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. 1984 онд гараагаа эхэлсэн “Breeders cup” тэмцээнд зөвхөн урьдчилсан шатны уралдаанаас шалгарсан морьд оролцох эрхээ авдаг. Тэгвэл Монгол Улсын алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, тод манлай уяач “Макс”-ын Д.Ганбаатарын “Mongolian Saturday” морь анх удаа “Breeders сир”-т оролцох эрхээ авч дэлхийн хэмжээнд уралдах болсон нь олны сонирхолыг татаад байгаа юм.

Алдарт “Keenland’’-ын дуудлага худалдаанаас “Mongolian Saturday”-г дааган насанд нь тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар шинжиж авч байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын театрын түүх” ном нээлтээ хийнэ

Мэргэжлийн театр судлаачдын хамтын бүтээл “Монголын театрын түүх” ном уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Хэдийгээр Монгол Улсад театрын урлаг үүсч хөгжөөд цөөнгүй жилийг үдсэн боловч театр урлагийн түүхээ цогцоор нь хамран судалсан бүтээл хараахан хэвлэгдэж гараагүй байсан юм. Нөгөө талдаа театрын урлагийн түүхээ он цагийн үечлэлд оруулж, театрын найруулга, жүжгийн зохиол, жүжгийн зохиолчдын түүх, тайзны зураг, засал, жүжгийн хөгжим, төвийн болоод орон нутгийн театруудын түүх, урын сан зэрэг олон талаас нь сурвалжлан судалсан байна.

“Монголын театрын түүх” номын гол онцлог нь Монголчуудын театрын сэтгэлгээний уламжлалт ойлголтууд, нүүдэлчдийн театр, Ноён хутагтын “Саран хөхөө” жүжгээс эхлээд ХХI зууны эхэн үе хүртэлх он цагийг хамран орчин үеийн театрын судлалын онол арга зүйд суурилан бүтээсэнд оршиж байна. Түүнчлин хожмын театр судлаач, мэргэжлийн театрын жүжигчид, найруулагч, театрын урлагийг сонирохогч хэн бүхний сонирхол хэрэгцээнд нийцэхүйц жинтэй бүтээл болсон гэж үзэж болно. Номын нээлт энэ сарын 16-ны 16:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болно.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөн атлетикийн зам, талбайтай болно

Монгол Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбайтай болно

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 49 дүгээр Конгресс 2013 онд Москва хотноо хуралдсан билээ. Тус Конгрессоор Монгол улсад олон улсын стагдартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбайг барьж байгуулах шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл манай улсад 450-500 мянган америк долларын өртөг бүхий тартан зам, талбайг үнэ төлбөргүй өгөх асуудлыг шийдсэн.

Энэхүү зам, талбайг авч барихын тулд манай улс тодорхой нөхцөлүүдийг биелүүлэх ёстой юм. Үүнд, тартан замын суурийг цутгаж бэлэн болгох, нааж байрлуулахад шаардлагатай цавуу болон бусад бодисыг худалдаж авах, ажлын хүч гаргаж наан байрлуулах, тэмдэглэгээ хийх болон ажил удирдах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авах, шаардлагатай тохиолдолд горимын дагуу хадгалах зэрэг арга хэмжээнүүд орж байна. Одоогийн байдлаар тартан зам, талбай тавигдах бүх нөхцөл боломж бүрдээд байна.

Монгол улсад анх удаа тавигдаж буй энэхүү зам талбайг шийдвэрлүүлэхэд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Болдын гүйцэтгэсэн үүрэг онцгой үнэлэмжтэй юм. Өнөөдрийн байдлаар тартан зам ачсан 4 чингэлэг Улаанбаатар хотод ирээд байна. Цаг агаарын эрсдэлтэй нөхцөлөөс хамаарч тартан замыг 2016 оны 4-р сард Налайх хотод баригдаж буй спорт хотхоны талбайд наан байрлуулахаар болж байна.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран тус тартан замыг 4-р сар хүртэл хадгалах агуулах байрыг горимын дагуу бэлтгэх ажлыг хамтран хийж байна.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тэргүүтэй албаны хүмүүс Хөнгөн атлетикийн спортын хөгжлийг цоо шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлж буй тартан зам талбайтай танилцлаа.

Налайхад бий болж байгаа тус зам талбай нь Монгол улсын Биеийн тамир, спортын салбарын түүхэнд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

Зургаан настай хүүг гэмтээжээ

Замын цагдаагийн газарт хүүхэд зам тээврйин осолд өртсөн зургаан дуудлага өнгөрөгч хоногт бүртгэгджээ.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлхийн замд Субару маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 6 настай эрэгэй Т-г мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Зам тээврийн осолд өртсөн зургаан хүүхэд бүгд сургуулийн өмнөх насны хүүхдүүд байжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай зааж өгсөн. Гэвч энэ эцэг, эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн байгууллагын албан тушаалтнууд хуулиа биелүүлэхгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал арилахгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд байгаа гадаад иргэдийг тоолж байна

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг өчигдрөөс нэгдсэн тооллогод хамруулж эхэллээ. Энэхүү тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжрах юм. Тооллого ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өндөрлөнө.