Categories
мэдээ нийгэм

“Ганга нуурыг хамгаалах захирамж гаргажээ

Ганга нуурыг хамгаалахаар болжээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Ганга нуурыг хамгаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан байна.

Дарьганга нутгийн бахархал болсон үзэмж төгс Ганга нуур байгаль цаг уурын болон гадны элдэв нөлөөллөөс болж ус нь татарч ширгэх аюул нүүрлээд байгаа аж. Тиймээс энэ үед олон нийтийн хүч анхаарлыг хандуулан, Ганга нуурын орчмыг малын бэлчээрээс чөлөөлж, том бут, бургас суулгаж ойн зурвас байгуулах, байнгын харуул хамгаалалттай болгох зэргээр аймаг орон нутгаас бүхий л боломжит арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг уг захирамжаар холбогдох сум, байгууллагын удирдлагад даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ны өдрүүдэд болох юм. Цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгааг ажлын хэсгийнхэн хэлсэн юм. Одоогоор комиссын дарга нар зарлан дуудах хуудсыг тарааж дуусаад буй аж. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байна.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу энэ сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтан, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Автобус” ХХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг газарт ажилладаг эрсдэлт бүлгийн хүмүүсийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэллээ.

Дараа долоо хоногоос эмзэг бүлгийн 2-5 насны 5000 орчим хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхлэх юм. Мөн 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дээрх вакциныг төлбөртэй хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх боломжтой бөгөөд хөхүүл эх эмчийн зааврын дагуу хийлгэж болно.

Улирлын томуугийн эсрэг вакцины эсрэг заалт:

  • Өндөг, тахианы махны харшилтай
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Урьд нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүндрэл өгсөн
  • Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тарихгүй

Анхаарах зүйлс:

  • Тарьсан хэсгийг цэвэр байлгах,
  • Даарч хөрөхгүй байх,
  • Томуугийн өвчлөл тархахаас өмнө томуугийн эсрэг вакцин тариулах
Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцоно

Ардчилсан намын дарга З.Энхболд Бээжин хотод болох “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцохоор өнөөдөр тус орныг зорилоо. Түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга Г.Батхүү, АЭХ-ны УЗ-ийн бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын хүмүүс явах юм байна. Ардчилсан намын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэх бөгөөд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах уулзалтад оролцоно.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал нь Ази, Номхон далайн улсуудын улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бүс нутгийн улс орон, ард түмэн хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий яриа хэлэлцээний механизм юм. Уг механизм нь 2000 онд Филиппиний Манилла хотноо үүсгэн байгуулагджээ. Одоогийн байдлаар тус механизмд 53 улсын 370 улс төрийн нам гишүүнээр элсээд байна. Азийн улс төрийн намуудын бага хурлын Ерөнхий Ассамблей хоёр жилд нэг удаа хуралддаг бол Бага хурал нь Ерөнхий ассамблейн завсар хооронд хуралддаг.

Энэ удаагийн Бага хурал “Торгоны замыг шинээр байгуулж, хамтын хөгжлийг урагшлуулах” сэдвийн дор явагдана. Бага хурлын зорилгыг “Хятадын Нэг зам, нэг бүс санаачилгын талаар торгоны зам дагуух улс орнуудын улс төрийн намууд хамтдаа хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх явдал” юм гэж зохион байгуулагчид тодорхойлжээ. Энэ хүрээнд “Улс төрийн манлайлал: Торгоны замын дагуух улс орнуудын улс төрийн намуудын нэгдсэн ойлголт”, “Ард түмний хэлхээ холбоо: Торгоны замын дагуух соёл иргэншлийн шинэ яриа хэлэлцээ”, “Эдийн засгийн интеграци: Торгоны замын дагуух улс орнуудын хөгжлийн шинэ хөдөлгүүр” гэсэн тодорхой сэдвүүд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар салбар хурлууд зохион байгуулах аж.

БНХАУ-ын шинэ удирдлага 2013 онд “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэвшүүлсэн байдаг. Үүнийгээ тус бүс, замын дагуух орнуудын хөгжлийн стратегийг уялдуулах, хамтдаа хэлэлцэн, хамтдаа бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх зорилготой үйл явц гэж тодохойлдог. “Нэг бүс, нэг зам” нь эдийн засгийн эрч хүч ихтэй Зүүн Азийн тойрог, Европын хөгжингүй эдийн засгийн тойрог болон эдийн засгийн хөгжлийн асар их боломжтой Төв Ази, Ойрхи Дорнодын улс орнуудыг хамарна.

Хуурай газрын хувьд, “Нэг бүс, нэг зам” нь олон улсын тээврийн коридоруудад түшиглэх, “Нэг бүс, нэг зам”-ын дагуух хотуудыг тулгуур болгох, эдийн засаг, аж үйлдвэрийн гол паркуудыг хамтын ажиллагааны тавцан болгох замаар Евразийн эх газрын шинэ гүүр болон “Хятад-Монгол-Орос”, “Хятад-Төв Ази-Баруун Ази”, “Хятад – Энэтхэг-Хятадын хойг”-ийн эдийн засгийн коридоруудыг хамтран байгуулна.

Нэг бүс буюу Торгоны замын эдийн засгийн бүсийн гол чиглэлүүд нь Хятадыг Төв Ази, Оросоор дамжин Европтой (Балтийн тэнгис)-т холбох; Хятадыг Төв Ази, Баруун Азиар дамжин Персийн булан, Газар дундын тэнгистэй холбох; Хятадыг Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Энэтхэгийн далайтай холбох юм. Нэг зам буюу 21 дүгээр зууны далайн торгоны замын гол чиглэлүүд нь Хятадын далайн эргийн боомтуудаас Өмнөд Хятадын тэнгисээр дайран Энэтхэгийн далай, цаашлаад Европ хүрэх, Хятадын далайн эргийн боомтуудаас Өмнөд Хятадын тэнгисээр дайран Номхон далайн өмнөд хэсэгт хүрнэ гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр төв замуудыг хэсэгчлэн хаана

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук өнөөдөр 18:00 цагт Монгол Улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирэх гэж байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөний автозамуудыг тодорхой хугацаанд хаах тул өнөөдөр орой болон айлчлалын хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Транс өөх түрүү булчирхай, хөхний хавдар үүсгэж үргүйдэлд хүргэдэг

Хүнсэнд хэрэглэж буй өөх тосыг биед үзүүлэх нөлөөллөөр нь ашигтай, муу, аюултай тос гэж ангилдаг. Эдгээрээс ямар ч сайн үр нөлөөгүй, хамгийн хортой нь транс өөх юм. Транс өөхний хор хөнөөлийн талаар эрүүл хооллолтын эмч мэргэжилтнүүд сүүлийн үед анхааруулах болсон. Энэ талаар “Wikipedia” цахим хуудас болон Эрүүл мэнд, спортын яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос дараахь мэдээллийг авсан юм.

Транс өөх гэж юу вэ, түүний үүсэл гарал

“Trans fat” гэдэг нэрийг хэл шинжлэлийн үүднээс задлан орчуулбал “Transfer-шилжүүлэх, хөрвүүлэх, хувиргах Fat-тос” буюу “хувиргасан тос” гэж хар ухаанаар буулгаж болно. Нэрнээс нь харахад л энэ төрлийн тос буюу өөхийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш гэдгийг шууд ойлгож болно. Транс тос гаргах аргыг анх 1890 онд Францын Нобелийн шагналт эрдэмтэн, химич Пол Сабатьер гэгч хүн нээжээ. Улмаар 1901 онд Германы химич Вилгелм Норманн хүнсэнд хэрэглэхүйц болгон сайжруулан гаргаж, патентжуулсан байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээнээс давжээ.

Шингэн ургамлын тос нь зөөвөрлөхөд төвөгтэй, амархан мууддаг, өртөг ихтэй байсан тул хөнгөвчлөх үүднээс үйлдвэрийн аргаар устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулан хэрэглэх болсон байна. Өөрөөр хэлбэл транс өөх гэдэг нь ургамлын тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмж хатууруулсан масло, маргарин зэрэг ханасан тос юм. Цөцгийн тосны орлуулагч гэж ойлгож болох аж.

Эдгээр нь тасалгааны хэмд хайлахгүй, үнэ хямд, удаан хугацаагаар хадгалж болох давуу талтай байсан тул ийн хэрэглээ нь нэмэгдсэн байна. 1950 оны үеэс хүнсний судлаачид ханасан өөх тос муу, ханаагүй өөх тос сайн гэж ярих болсон бөгөөд транс тос нь ханаагүй тосноос гаралтай учраас биед сайн гэж ойлгож байсан аж. Дээр нь өртөг бага, мууддаггүй, үнэ хямд байсан тул түлхүү хэрэглэх болжээ. Гэвч лаборатори, техник төхөөрөмж сайжрахын хэрээр транс тосыг хүний биед хортой болохыг тогтоосон юм.

Биед ямар хор нөлөөтэй вэ?

Транс өөх хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг баталсан маш олон судалгаа бий. Зүрхний титэм судасны өвчлөл үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан болдгийг АНУ-ын Шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна. Энэхүү ханасан өөх тосны хор нөлөөллийг 1990 оны үеэс эхлэн таньж мэдэх болжээ.

АНУ-д 1994 он гэхэд транс тосны хэрэглээнээс үүдэлтэй зүрхний өвчнөөр 20,000 гаруй хүн нас барсан нь судалгаагаар батлагджээ. Харин 2006 он гэхэд 100,000 болтлоо өссөн байна.

Мөн АНУ-ын Зүрхний холбооноос транс өөхний хэрэглээ хүний бие дэх ашигтай холестеринийг бууруулж, муу холестериний түвшинг нэмэгдүүлдгийг онцолж байв.

Эмч нар бүх төрлийн ургамлын гаралтай шингэн тос буюу ханаагүй өөх тосыг биед сайн, амьтны гаралтай өөхөн тос буюу ханасан өөх тосыг муу гэж зөвлөдөг. Ханасан өөх тос нь хүний бие махбодид маш бага нягтшилтай липопротеин, их нягтшилтай липопротейныг хоёуланг үүсгэдэг аж. Липопротеин нь уургийн нэгдэл юм. Маш бага нягтшилтай липопротеин нь судасны хананд өнгөр болон тогтож, бөглөрөл үүсгэн судасны ханыг нарийсгадаг хор нөлөөтэй. Харин өндөр нягтшилтай липопротеин нь тэрхүү наалдамхай өнгөрийг арилгаж байдаг. Ингэхээр амьтны гаралтай өөх тос буюу бидний хэрэглэдэг дотор гэдэсний өөх, өөхөн тос зэрэг нь сул болон давуу талтай. Харин транс тосонд судасны ханыг бөглөх үйлчилгээтэй бага нягтшилтай липопротеин л дангаараа агууллагддаг бөгөөд биед хайлж шингэлгүй судасны хананд очиж наалдана. Ингэснээрээ зүрх судасны бүхий л өвчин, титэм судасны нарийсал бий болгож, хэт өөхлөлт, альцгеймрийн өвчин, түрүү булчирхайн үрэвсэл, хөхний хавдар, тархины үйл ажиллагаа алдагдуулж, чихрийн шижний хоёрдугаар хэлбэр, элэгний гажуудал, үргүйдэл үүсгэдэг байна.

Транс өөхтэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Транс өөх нь ханасан өөх тостой адил химийн элементтэй тул лабораторийн шинжилгээгээр ч ялган танихад бэрх байдаг гэнэ. Иймд транс тос тухайн бүтээгдэхүүнд байгаа гэдгийг мэдэхийн тулд үйлдвэрлэгчээс тодруулах буюу бүтээгдэхүүний шошгын стандартыг маш сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартыг илүү сайжруулах үүднээс үндэсний стандарчлал хэмжил зүйн газар болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж байгаа аж. Манай улс 2001 оны хүнсний шошгоны стандартыг барьж байгаа. “Монголд үйлдвэрлэсэн ихэнх хүнсний бүтээгдэхүүнд транс өөх байтугай нийт өөхний хэмжээг ч тодорхой тавиагүй байдаг” гэдгийг мэргэжилтэн Д.Ганзориг онцолж байв.

Харин шошгоны шаардлагыг маш өндөр тавьдаг орнуудын хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Trans fat” юм уу, “Hydrogenated Oil” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Хэрвээ таны авах бүтээгдэхүүн дээр “Trans fat” юм уу “Hydrogenated Oil” тэгээс дээш хувь зааж өгсөн байвал худалдан авахаас татгалзах нь зүйтэй.

Ямар бүтээгдэхүүнд агуулагдах вэ?

Транс тос нь бүх төрлийн боловсруулсан хүнс буюу бэлэн бүтээгдэхүүнүүдэд орно. Үүнд: Чихэр, шоколад, бүх төрлийн жигнэмэг, бялуу, кекс, нарийн боов, чипс, шарсан төмс, масло, маргарин орсон бүх төрлийн бүтээгдэхүүн, шарсан, хуурсан хоол, гамбургер, хотдог, бэлэн гоймон зэрэг түргэн хоолонд агуулагдана. Харин малын сүүнээс гаралтай монгол цөцгийн тос, зөөхийнд агуулагдахгүй.

Биед хэр удаан шингэх вэ?

Энэхүү хиймэл ханасан тос нь биеэс хоёр жилийн дараа гадагшилна гэж буй. Гэвч судасны хананд очиж өнгөр үүсгэн наалддаг учраас хэрэглэх тусам улам бэхжиж хэдэн жилдээ судасны хананд ойр орчны нян бактерыг хуримтлуулан байдаг аж.

Транс тосноос хэрхэн сэргийлэх вэ?

Худалдаж авах бүтээгдэхүүнийхээ шошгыг маш сайн шалгаж авах. Транс тос 0 гр агуулсан байх шаардлагатай. Хоол худалдан авч буй газраасаа транс тостой эсэхийг нь лавлаж асуудаг байх шаардлагатай. Хүүхдүүддээ ийм тос агуулсан бүтээгдэхүүн, гурилан боов, чихэр, шоколад авч өгөхөөс татгалзах хэрэгтэй.

Олон улс дахь транс тосны хэрэглээ

Өндөр хөгжилтэй орнуудад 2006 оноос эхлэн хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартад транс өөхний хэмжээг заавал тавихыг хуульчилсан байдаг.

Дани: 2003 оны гуравдугаар сараас эхлэн транс өөхний хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчилсан хамгийн анхны орон. Ингэснээр тус улсын Засгийн газар зүрхний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг 50 хувь хүртэл багасгана гэсэн зорилго тавьжээ.

Исланд: 2010 оноос транс тосны хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчлан баталсан.

Европын холбоо: Тус холбооны Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэлтсээс 2004 оноос транс тос хэрэглэхийг хориглосон уриалгыг гаргасан.

Швейцарь: 2008 оны дөрөвдүгээр сараас транс тосны хэрэглээнээс татгалзах бодлого барих болсон. Мөн Бразил, Канад, Швед, Их Британид транс тосны агууламжийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолд заавал тэмдэглэсэн байхыг шаарддаг.

Израил: 2014 оноос хойш найрлагандаа 0.2 хувиас илүү транс тос агуулсан бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр заавал тэмдэглэгээ хийх шаардлагатай гэсэн хууль, журамтай болжээ.

АНУ: АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын газраас 2018 он хүртэлх гурван жилийн хугацаанд транс өөхний хэрэглээг үгүй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ингэснээр ирэх 20 жилд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний зардал 140 орчим тэрбум доллараар буурах тооцоо гарчээ.Одоогийн байдлаар тус улсын томоохон мужууд транс өөхний хэрэглээг хуульчилсан бөгөөд Калифорниа мужийн хувьд бүх ресторануудад транс өөх хэрэглэхгүй байх шаардлагыг 2010 онд анх тавьж байжээ.

Бэлтгэсэн Э.Номин-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн цагдаагийн алба хаагчийг өнөөдөр нутаглууллаа

Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Горхи-Тэрэлж” амралтын газарт очсон билээ. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х харамсалтайгаар хорвоог орхисон юм. Харин Х-гийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Талийгаачийг өнөөдөр нутаглууллаа. Талийгаач нь эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байна.

Categories
мэдээ нийгэм

Өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Мөн хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук манай улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук манай улсад айлчиллаа. Тэрбээр 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нь 1940 онд Росток хотод төрсөн. Дунд сургууль төгссний дараа шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. 1965 – 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан. 1989 онд “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан ба тус хөдөлгөөний Росток хот дахь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр мөн Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэх чиглэлээр тэмцэн ажиллаж байсан.

“Alliance 90” хөдөлгөөнөөс 1990 онд Зүүн Германы парламентад сонгогдсон. Засгийн газрын саналыг үндэслэн Холбооны Ерөнхийлөгчийн томилсноор 1990 оны 10 дугаар сарын 3-нд БНАГУ-ын Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар томилогдсон. 2000 он хүртэл тус албайг хашсан.

2001 – 2004 онд Вена хотноо төвтэй “Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төв (European Monitoring Centre on Racism and Xenophobia)”-ийн Удирдах зөвлөлд Герман Улсыг төлөөлсөн гишүүн байв.
2003 онд “Мартахын эсрэг, ардчиллын төлөө (Against Oblivion – For Democracy)” нийгэмлэгийн даргаар сонгогдсон. 2012 оны 3 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэрээр Теодор Хойссын нэрэмжит одон (Theodor Heuss Medal), Ах дүү Шоллийн шагнал (Geschwister Scholl Prize), Европын хүний эрхийн шагнал, Людвиг Бёрнэгийн нэрэмжит шагнал (уран зохиолын салбарын шагнал)-тай. Мөн Росток, Йена, Аугсбургийн их сургуулиудын Хүндэт доктор.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн индекс зарлана

Он гарсаар орон сууцны үнэ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ хэвээр бууралттай байвал эдийн засагт сөрөг нөлөөтэй талаар эдийн засагчид ярьж буй. Тэгвэл өнөөдөр Монголбанкнаас есдүгээр сарын орон сууцны үнийн индексийг өнөөдөр зарлах юм байна.