Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ 11.1 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани сар бүр хараат бусаар орон сууцын үнийн индексийн судалгааг гаргадаг. Өнөөдөр “Тэнхлэг зууч” компанийн зүгээс орон сууцны үнийн есдүгээр сарын индексийг олон нийтэд танилцууллаа. Судалгаагаар ОСҮИ есдүгээр сард 9.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.1 хувиар буурчээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувь болж, өмнөх сараас 3.3 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс 3.7 хувьтай гарч, өмнөх сараас 1.6 хувь, оны эхэн үеэс 10.7 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ улс-төр

Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын
Засгийн газраас санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуулийн
төслийг өнөөдөр /2015.10.14/ өргөн барилаа.

Тус хуулийг тариалангийн салбарт төрийн болон нутгийн өөрөө удирдах
байгууллагын бүрэн эрх гэсэн Хоёр дугаар бүлэг 4 зүйл, 5 хэсэг, 33 заалт
байсныг Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хасч
өмнөх хууль, хуульчдын хэллэгээр байгууллагын бүрэн эрхийг зохицуулсан
хууль байсныг өөрчилж тариалангийн үйлдвэрлэлийн “процессын хууль”
болгон боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд ээлтэй газар тариалангийн
үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, улмаар хүн амыг эрүүл, аюулгүй
хүнсээр, дотоодын үйлдвэрийг түүхий эдээр хангах эрх зүйн орчин бүрдэнэ
хэмээн үзжээ.

Хуулийн төсөлд яамдаас санал авч тусгасан бөгөөд уг төслийн талаар
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос
2015 оны 6 дугаар сард зохион байгуулсан ярилцлагын үеэр Улсын Их Хурлын
гишүүд, орон нутгаас оролцсон хөдөө аж ахуйн удирдах ажилтнуудын
гаргасан саналыг судалж тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ТӨХ Төрийн банкийг чадавхжуулах чиглэл өгч эхэллээ

Төрийн өмчийн хороо өчигдрөөс эхлэн Төрийн банкийг чадавхжуулах талаар
идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор, өчигдөр “МИАТ” ТӨХК,
өнөөдөр ИНЕГ-ын дарга нарыг санхүү эрхэлсэн дарга нартай нь дуудаж,
Төрийн банк, ТӨХ, МИАТ болон ИНЕГ гэхчлэн тус бүр гурвалсан уулзалтуудыг
зохион байгуулсан байна.

Уулзалтын үеэр Төрийн банкийг хувьчлах болсонтой холбогдуулан оны
эцэст тус банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байх
ёстой учраас навигацийн хураамж болон бусад орлогыг төвлөрүүлэх нь
чухал болох талаар ярилцсан аж.

Хамгийн гол нь сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн “Голомт” банк руу
шилжсэн 11сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татаж төвлөрүүлэх ёстой
гэдэг чиглэлийг өгсөн байна. Үүнтэй холбогдуулан “Голомт” банк руу
дээрх 11 сая ам.долларыг хэрхэн шилжсэнийг тухайн байгууллагын шилэн
данснаас харж болно.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр
/2015.10.14/ Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг Засгийн газрын
гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өргөн барив.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг
1993 онд баталж, 1998, 2012 онуудад тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг.
Энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх
зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад
хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх,
орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам
бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг, Олон улсын гэрээний эрх
зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах
аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон
батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын
гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын
зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн
орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг, гарын
үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын
үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх
харилцааны зохицуулалт хангалтгүй учраас гэрээнүүд хэвлэн нийтлэгдэггүй,
ингэснээр шүүх хэрэглэх бололцоогүй болдог, олон нийт гэрээний талаар
төдийлөн ойлголтгүй байдаг зэрэг олон хүндрэл байгаа болохыг Улсын Их
Хурлын дэд даргад танилцуулсан юм.

Эдгээр нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох
үүднээс 8 бүлэг, 37 зүйлтэй Олон улсын гэрээний тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сайншандад 150 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

Сайншанд сумын 6-р багт 150 хүүхдийн 10-р цэцэрлэг нээлтээ хийжээ.

Нээлтийн ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, АЗДТГ-ын дарга С.Бөххүү, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилчидад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Дорноговь аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрийн “сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд ургац хураалтын ажилд оролцож байна

Энэ оны урьдчилсан блансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөөд байгаа аж. Энэ сарын 13-ний байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байгаа. Харин маргаашнаас эхлэн 17-ныг хүртэл тариалангийн бүс нутгаар салхи ширүүсч хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, 15-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 15,16-нд ихэнх нутгаар, 17,18-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шаардлага хүргүүлжээ

Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн
Н.Алтанхуяг өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар АТГ-ын дэргэдэх Мөрдөн
байцаах албыг Прокурорын дэргэд шилжүүлэх тухай асуудлыг тусгасан
хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн билээ. Үүнээс үүдэн
АТГ Н.Алтанхуяг нарын хооронд багагүй асуудал үүссэн юм. УИХ-ын гишүүн
Н.Алтанхуяг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудлыг
тусгах ёстой гэсэн шаардлагыг өчигдөр УИХ-ын даргад хүргүүлсэн байна.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
“Би өөрийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын
байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн
байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын
байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны
тавдугаар сарын 8-нд санаачлан зургаадугаар сарын 4-нд УИХ-д өргөн
барьсан.

Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд
дэмжиж, зургадугаар сарын 6-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар
хэлэлцэгдэж дэмжигдсэн. Харин мөн сарынхаа 17-нд Авлигатай Тэмцэх
Газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан албан бичиг ирүүлж,
улмаар тэр өдрөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад хандан
бичиг ирүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын
жагсаалтад явж байсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон.

Хаврын ээлжит чуулганы үеэр энэ хууль
бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс шаардсан боловч
хэлэлцүүлэлгүй хаврын ээлжит чуулган болон зуны хоёр ээлжит бус чуулганы
дөрвөн сарын хугацааг өнгөрөөлөө. Иймд дөрвөн сарын өмнө хэлэлцэгдэж
эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
төслийг үргэлжлүүлэн энэ чуулганаар яаралтай хэлэлцүүлнэ үү гэж УИХ-ын
даргад шаардлага хүргүүллээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 67 жолоочийг журамлажээ

2015 оны 10
дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын
ЖШУХ дээр нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн
ослын 228 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10
бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-4, явган зорчигч-
11, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн
өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан
сэргийлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн бяцхан мисс М.ГЭРЭЛТЭХ: Том болоод Содтуяа багш шигээ мисс болно

Турк улсын Анатолий хотноо 2015 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны өдрүүдэд зохиогдсон дэлхийн 55 улс орон оролцсон Олон улсын “Little miss world-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн М.Гэрэлтэх, Б.Одмаа нар оролцсон билээ. Бага насны төрөлд оролцсон зургаан настай М.Гэрэлтэх охин Дэлхийн бяцхан мисс болж, алмаазан шигтгээтэй алтан эрдэнийн титмийн эзэн болсон юм. Тэрээр “Үйцай” ЕБС-ийн 1а ангид суралцдаг аж. Сургууль нь тарсан байсан учир түүний гэрт очлоо. Бяцхан мисс маань ээж Ө.Оюунцэцэгийн хамт байсан юм.

Дэлхийн мисс болсон баяр хүргэе. Ямар санагдаж байв?

-Баярлалаа. Гоё байсан.

Бяцхан миссийн тэмцээнд ямар үзүүлбэрүүд үзүүлсэн бэ?

-Ганцаарчилсан Англи дууны төрөлд “Дэгдээхэй” дууг англиар орчуулж дуулсан юм. Монгол дээлтэй загвар өмсөж алхсан. “Байгаль орчин эх дэлхийгээ хайрлах” сэдэвтэй англи хэлээр илтгэл тавьсан.

Илтгэлээ ямар сэдвээр тавьсан бэ?

-Би аав, ээжтэйгээ Богд хан ууланд гардаг юм. Богд уулаар илтгэл тавивал яах вэ гэж аав, ээжтэй ярилцсан чинь их дэмжсэн. Аав, ээжтэйгээ ууланд гарч хэрэм тэжээдэг. Уулнаас буухдаа хогоо түүж буудаг талаар англи хэлээр хоёр минутын илтгэл тавьсан.

Англи хэл хэзээнээс сурсан юм бэ. Бас сургуульдаа хятад хэл сурч байгаа юм байна?

-Англи хэл сураад 20 хоног л болж байна. Хятад хэлийг бэлтгэл ангид байхдаа сурсан.

Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв?

-2014 оны Монголын бяцхан мисс болж байсан. Тэгээд энэ жил Туркт болох олон улсын бяцхан мисс тэмцээнд оролцооч гэсэн.

Хэнтэй хамт Турк явсан бэ?

-Аавтайгаа. Аав намайг их дэмждэг л дээ. Манай аавыг Д.Мандах гэдэг. МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал.

Бага насны ангилалд орсон уу?

-Монголд 6-8 насны ангилалд оролцсон. Харин Туркт 4-6 насны ангилалд оролцсон.

Бүжиг дуунд дуртай байх нь ээ?

-Өнгөрсөн хавар 12 дуутай “Цэцэрлэг минь сайн байна уу” цомог гаргасан. Бүжиглэх дуртай. Цэцэрлэгтээ чача бүжгээр хичээллэдэг байсан юм. Маргааш (өнөөдөр) манай сургуулийн урлагийн үзлэг болно. Би монгол бүжиг бүжиглэх гэж байгаа.

Бас загвар өмсөх дуртай юу. Дээл өмсөж загварын алхаагаар алхсан юм байна?

-Тийм. Ч.Содтуяа багшийн “Азийн модель” агентлагт очиж тайзан дээр биеэ зөв авч явах, зөв алхах зэргийг сурсан. Том болоод багш шигээ загвар өмсөгч болно гэж боддог.

Олон улсын тэмцээнд очоод охидтой уулзаад ойлголцож байв уу. Ямар байсан бэ?

-Гоё байсан. Жаахан л ойлголцож байсан. Тайландаар Сайн байна уу, Баярлалаа гэж хэлж сурсан.

Ямар орны найзуудтай болсон?

-Тайланд, Хятад, Казахстан.

Ямар хувцас өмссөн бэ?

-Гал, ус, агаар салхи, дэлхий гэсэн дөрвөн төрөлд хувцсыг насны ангилалд хувааж өгсөн. Миний насныхан усыг төлөөлсөн цэнхэр даашинз өмссөн. Бас үндэсний хувцас гээд дээлээр гангарсан.

Олон даашинзтай юу?

-Олон байгаа. Зарим нь багадаад хураачихсан. Миний шүүгээгээр дүүрэн байгаа. Бас би өсгийтэй гуталд дуртай.

Хэрэм тэжээсэн гэсэн. Амьтанд хайртай юм уу?

-Тийм. Туркт зоопаркад очиж туулай, чоно, янзага тэжээж үзсэн.

Олон улсын тэмцээний сүүлийн өдөр өөрийнх нь нэрийг дуудаад титэм гардуулахад ямар санагдав?

-Үнэхээр гоё санагдсан.

Тэр үед аавыгаа олж харсан уу?

-Харсан. Аав миний зургийг авч байсан.

Дараа дахиж тэмцээнд оролцох уу?

-Орно. Дараа явахдаа аав, ээжтэйгээ гурвуулаа явна.

ЭЭЖ Ө.ОЮУНЦЭЦЭГ: МИНИЙ ОХИН ОЙ ТОГТООЛТ САЙТАЙ

Охиноо явуулахад хэр бэлдэж өгөв дөө?

-Хэрдээ л сайн бэлдсэн. Ерөнхийлөгчийн хувцсыг оёдог оёдолчин дээр очиж дээлийг нь тусгайлан оёулсан юм. Оёдолчин маань холоос олон хүүхдийн дундаас тодорч харагдах тод, ягаан, хөх өнгийг оруулж хийсэн. Олон улсын тэмцээн чинь хүүхдийг хүүхдээр нь харагдуулж илүү өхөөрдөм дүр төрхийг гаргах зорилготой байсан гэсэн. Охиндоо найман даашинз бэлдэж явуулсан.

Ямар шалгуураар тэнцсэн юм бол?

-Тэндхийн зоопаркад амьтад тэжээсэн гэсэн. Бас хүүхдийн паркад, усан санд очиж тоглуулсан юм билээ. Хүүхдүүдийг баг болгочихоод биеэ хэрхэн авч явж байгааг нь алхам тутамд нь харж байсан гэсэн.

Охин чинь нэлээд сэргэлэн нүдтэй юм аа?

-Тийм шүү. Манай охин ой тогтоолт сайтай. Юм цээжлэхдээ хурдан. Англи хэлийг 20 гаруйхан хоногт сурсан ч дуудлага сайн байна гэж магтаж байна лээ. Бас Үйцай сургуулийн бэлтгэлд явж байхад хятад хэлээ их хурдан сурсан. Олон улсын тэмцээнд оролцож байхдаа хятад охинтой мэндлээд ойр зуурын юм ярьчихаж байна гэсэн шүү. Бас хавар гаргасан цомгийнхоо зарим дууг дорхноо цээжилчихээд “Би нэг дуулна шүү” гэж студид ороод нэгхэн дуулаад л бичүүлчихсэн. Ер нь юманд их хурдан дасдаг. Тэр тэмцээнд очих үед насны ангиллаар бүжгийн хөдөлгөөн заасан юм байна. Охин маань нэг бүжиглээд л сурчихсан гэсэн.

Та хэр догдолж хүлээж байв?

-Байнга л нөхөртэйгөө утсаар ярьж байсан. Манай нөхөр одоо охин нь тэгж байна гээд яриад байсан юм. Тэмцээний сүүлийн өдөр цагийн зөрүүтэй учраас охиноо яах бол гээд шөнийн 01.00 цаг хүртэл нойр хүрэхгүй хүлээсэн. Тэгсэн нөхөр маань “Амарч бай. Би хэлье” гэхээр нь унтчихаад үүрээр 06.00 цагт сэрээд харсан “Охин чинь Дэлхийн мисс тэмцээнд өөрийнхөө төрөлд бяцхан мисс болчихлоо” гэсэн. Үнэхээр сайхан санагдсан. Бүх номинаци дээр тэргүүн байр эзлээд Дэлхийн бяцхан мисс болж, 5000 еврогийн алмаазан титэм, цом өгсөн байна лээ.

Багаас нь дэмждэг байв уу?

-Тэгэлгүй яахав. Цэцэрлэгт байхдаа олон төрлийн дугуйланд явдаг байсан. Хүүхдийн ордонд Хулан багш дээр бүжгэнд явдаг байсан. Ганчимэг багш дээр бас дуулж сурсан. Дуулж, бүжиглэх дуртай шүү.

Аль цэцэрлэгт явдаг байсан бэ?

-Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгт явдаг байсан. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн шилдэг хүүхэд болсон. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шилдэг хүүхэд болсон.

Охиндоо дандаа даашинз авч өгдөг үү?

-Энд тэнд явахдаа өөрийн эрхгүй даашинз авчихдаг. Бага байхдаа миний өсгийтэй гутлыг өмсөнө гээд байдаг байсан. Одоо даашинзныхаа өнгөнд таарсан олон өсгийттэй болсон. Бас надаас их цүнх, зүүлт гээд гоёлтой шүү. Өрөөгөөр нь дүүрэн чихмэл тоглоом, барбинууд бий.

Охиныг чинь ирснээс хойш хүмүүс их ирж байна уу?

-Ч.Содтуяа багш, цэцэрлэг, сургуулийн ангийнхан нь онгоцны буудалд тоссон юм. Ер нь ирснээс нь хойш манайд цэцэг тасрахгүй байна. Бас охиныг маань Naran lifestyle, Naran cosmetics, Kinder брэндийн рекламанд тоглох нэг сарын эрхийн бичиг хүртэл өгсөн шүү.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ